Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын байгууллага иргэдийн хүсэлтийг өнгөрсөн оны арвандугаар сарын нэгэн хүртэл хүлээж авч, хуулийн хугацаанд өргөдөл гаргасан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцож эхэлсэн билээ.
Энэхүү хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь татан буугдсанаас шимтгэл төлсөн хугацаа нь тасарсан зэрэг хүмүүст ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлэхээр заасан юм.
Гэвч энэхүү хуулийн хугацаанд нөхөн даатгалд хамрагдаж чадаагүй үлдсэн иргэдэд ажилласан жилээ нөхөн даатгуулах боломжийг олгох зорилгоор иргэдийн хүсэлт гаргах хугацааг ирэх сарын нэгэн хүртэл сунгажээ.
Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаанаар хуулийн хугацаанд ажилласан жилээ нөхөн тооцуулж амжаагүй иргэд ирэх сарын 01-нээс өмнө харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандах боломжтой талаар Нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
Ингэхдээ ажил хөдөлмөр эрхэлж байсан бол иргэний үнэмлэх түүний хуулбар,хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрээ гээж үрэгдүүлсэн бол ажилд орсон гарсан тушаалын хуулбараа авч ирэх ёстой юм байна.