Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

5000 приус машины нүүрсэн янданг хилээр хууль бусаар гаргажээ DNN.mn

-Ийм тооны машин нүүрсэн яндангүй хотын хөдөлгөөнд оролцож, хар тугалга тэргүүтэй 200 төрлийн хорт бодис агаарт ялгаруулсаар байна –


Хүний сэтгэцэд өөрчлөлт оруулахаас эхлээд бүхий л эд эрхтэнд нөлөөлдөг хар тугалга тэргүүтэй 200 гаруй төрлийн хорт бодис ялгаруулахаас сэргийлдэг нүүрсэн яндан буюу катализаторыг приус машинаас нь салган авч худалдаалах, цаашлаад БНХАУ руу гаргах явдал тасрахгүй байна. Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа “Prius” маркийн автомашины нүүрсэн яндан үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байна.

Цагдаагийн байгууллагад “Нүүрсэн яндангаа хулгайд алдлаа” гэсэн 829 дуудлага иржээ. Түүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар нүүрсэн яндантай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой ажлын хэсэг байгуулагдан, шалгалт хийхэд 2446 “Приус” машин катализатор буюу нүүрсэн яндангүй байсан нь тогтоогдсон байгаа юм.

Тэгвэл гаалийн байгууллагын мэдээллээр хилээр өнөөдрийг хүртэл 27.5 тонн катализаторыг экспортолсон тоон мэдээлэл гарчээ. Нэг машины нүүрсэн яндан дунджаар таван кг гэж үзвэл 27.5 тонн нь 5000 машины нүүрсэн яндан гэсэн үг. Энэ бол өндөр тоо. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 5000 машины утаа шүүгчгүйгээр замын хөдөлгөөнд оролцож нийтийн эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж байна.

Нүүрсэн янданд хяналт тавих гол газар нь авто оношилгооны төвүүд байдаг. Гэвч жолооч нар оношилгоонд машинаа оруулахдаа бусдын янданг түр тавих, эсвэл хятад яндан суурилуулах маягаар оношилгоог давчихдаг. Оношилгооны төвүүд ч тодорхой эрх мэдэл, нарийн шалгах стандарт байхгүйгээс нүүрсэн яндан дээр баттай сайн хяналт тавьж чаддаггүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм билээ. Агаарын бохирдолд онц ноцтой хохирол учруулж байгаа нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглосон хууль эрх зүйн орчин байхгүй байгаа нь өнөөдрийн хамгийн ноцтой үр дагавар болсоор байгаа юм. Ченжүүд энэ цоорхойг овжин ашиглаж, хилээр гаргахыг хориглосон гаалийн байгууллагыг шүүхэд өгөөд ялж байсан тохиолдол хүртэл байдаг.

Тиймээс цаашид хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад нүүрсэн янданг оруулах шаардлагатайг бид удаа дараа хөндөн бичсээр байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хамтарсан ажлын хэсгийнхэн энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд яаралтай ажил хэрэг болгох нь чухал байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *