Categories
мэдээ нийгэм

4952 хүүхдийг “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамруулна

Өчигдөр цэцэрлэгт шинээр элсэн орох хүүхдүүдийн бүртгэл эхэлсэнэ. 2018-2019 оны хичээлийн жилд 2-5 насны 312611 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах учиртай. Гэхдээ өнөөдрийн байгаа хүртээмжээс шалтгаалаад 257 мянган хүүхэд л цэцэрлэгт хамрагдана. Энэ бол нийт 2-5 насны хүүхдийн 82 хувь. Харин үлдсэн 18 хувь нь хэрхэх вэ асуудлын хүрээнд бид хүүхэд харах үйлчилгээнд хэчнээн хүүхэд хамрагдах эсэхийг салбарын яамнаас тодрууллаа.

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Г.Дуламжав “Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдсэн хүүхдээ бид тодорхой түвшинд төрийн бус ашиглагдахгүй сул байгаа орон тоог ашиглах ямар боломж байна гэдгийг судалж байна. Түүнээс гадна сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүүхэд харах үйлчилгээ ХНХЯ-наас манай яаманд шилжиж ирсэн байгаа. 2018 онд буюу өнгөрсөн хичээлийн жилд хүүхэд харах үйлчилгээнд нийт 4952 хүүхэд хамрагдсан. Эдгээр хүүхдүүд тодорхой түвшинд хамрагдаад явна. 2018 оны хувьд хүүхэд харах үйлчилгээ батлагдсан төсвийнхөө хүрээнд тэрхүү төсвөөрөө явах учраас хүүхдийн тоо нэмэгдэхгүй. Эдгээр хүүхдийн тоог нэмэгдүүлэх нь санхүүгийн асуудалтай холбоотой Сангийн яамнаас хамааралтай байгаа. Санхүүжилтээсээ хамаараад энэ удаад хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж хэлэхэд одоогоор хүндрэлтэй байна” гэв.

Хүүхэд харах үйлчилгээнд 2016 онд улсын төсвөөс 3,8 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2017 онд 4,3 тэрбум , 2018 онд 6,5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2018 онд төсөвт тусгагдсан 6,5 тэрбум төгрөгөөс одоогоор 3,3 тэрбум төгрөгийг зарцуулсан. Он дуустал үлдсэн санхүүжилтээрээ хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлнэ. Үүнд 4952 хүүхэд хамрагдана.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд “Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. Гурван иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах багш 14-30 хоногийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж, сертификат авна” гэж заасан. Нийслэлийн бүх дүүрэг, хороонд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байдаг учраас Хүүхэд харах үйлчилгээний хүртээмж чухал гэдгийг эцэг, эхчүүд ярьж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *