Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлбэл эдийн засаг тэлдэг гэдгийг ховдчууд маш сайн ойлгож байгаа DNN.mn

Хамтарсан Засгийн газар Монгол Улсын эдийн засгийг нэмэгдүүлэх, тэлэх зорилгоор 14 мега төслийг зарласан. Үүнийг нь УИХ-аар хэлэлцэж баталсан. Том төслүүдээ хөдөлгөх нь Монгол Улсын хувьд нийтийн эрх ашигт нийцэж байгаа. Тиймээс л өнгөрсөн УИХ, Орон нутгийн сонгуульд том төслүүдээ хөдөлгөх боломжтой улстөрчдөд иргэд олонхоороо итгэж сонгосон. Гэтэл нийтийн эрх ашиг нэг хэсэгхэн бүлгийн эрх ашгаас доогуур тавигддаг асуудал их. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлгийн эрх ашиг нийтийн эрх ашгаас хүчтэй байгаа нь Монгол Улсад нэг талдаа улстөржилт их байгааг, нөгөө талдаа мэдлэг, мэдээлэл, хариуцлагын тогтолцоо сул байгааг тодорхой харуулдаг. Үүний нэг бодит жишээ бол газрын ховор элементийн нөөцтэй “Халзан бүрэгтэй”-н төсөл юм. Тиймээс бид Ховд аймагт очиж, энэхүү төсөлтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагуудын байр суурийг сонслоо. Тухайлбал, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаатай “Халзан бүрэгтэй”-н төсөл болон орон нутгийн иргэдийн санал, шаардлагын хүрээнд ярилцлаа.


-Засгийн газраас том төслүүдээ танилцуулж, УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд хэрэгжиж байгаа “Халзан бүрэгтэй”-н төслийн үйл ажиллагаа орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулгарсан. Тэгэхээр орон нутгийн удирдлагын хувьд уг асуудалд ямар байр суурьтай байна. Цаашид ер нь Засгийн газрынхаа бодлоготой орон нутгийн бодлогоо хэрхэн уялдаа холбоотой явуулах вэ?

-Орон нутгийн сонгуулийн үр дүнд Ардчилсан нам Ховд аймагт олонх болсон. Улмаар бид бүхэн ажлаа хүлээн аваад сар гаруй хугацаа л өнгөрч байна. Аймгийн Засаг даргын хувьд Ерөнхий сайдаар албан үүргээ батламжлуулдаг. Ингэж батламжлуулсныхаа яг дөрөв дэх хоног дээрээ нэлээд том асуудал дээр шийдвэр гаргаж, зохицуулалт хийх шаардлага үүссэн

Энэ шаардлага юунаас үүссэн бэ гэхээр мэдээж “Халзан бүрэгтэй”-н төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж болон орон нутгийн иргэдийн дунд асуудал бий болсноос эхлэлтэй. Тиймээс орон нутгийн иргэдийнхээ төлөөлөл учир ямар нэгэн асуудал илүү хүндрэх вий гэхээс болгоомжилж шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Нөгөөтэйгүүр Засгийн газрын бодлогод орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний аюулгүй байдлын асуудалд багтсан, мөн Монгол Улсын нийгэм, эдийн засагт огцом өөрчлөлт оруулах хэмжээний гурван том ордыг ашиглах асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн.

Эдгээр гурван орд нь цацраг идэвхт бодис, газрын тос, газрын ховор элемент байна гэдэг мэдээллийг авсан. Миний хувьд Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэх албан үүрэгтэй хүн. Энэ утгаараа Засгийн газрын барьж байгаа бодлогыг дагаж ажиллана.

-Орон нутгийн бодлого, Засгийн газрын бодлоготойгоо нийцэж явна гэж байна. Тэгэхээр цаашид уг төслийн ажил үргэлжлээд явахад ямар асуудал байна вэ?

-Мэдээж асуудал бий. Цаашид салбар хариуцсан яам уг асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр төсөл хариуцагч аж ахуйн нэгж нь орон нутгийн ард иргэдэд ямар технологиор, хаанахын хөрөнгө оруулалтаар, ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаараа бодитой, тодорхой мэдээллүүдийг өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийн мэдэх эрхийг нь маш сайн хангаж ажиллах шаардлагатай гэсэн үг. Товчхондоо ард иргэд маань ойлголт, мэдээллээ хангалттай хүлээн аваад тухайн аж ахуйн нэгжтэйгээ ойлголцсон нөхцөлд аймаг орон нутгийн зүгээс “Халзан бүрэгтэй”-н төслийг эсэргүүцэх шалтгаан огт байхгүй.

-Таны гаргасан захирамж хүчингүй болсон. Нөгөөтэйгүүр нутгийн иргэдийн хувьд мэдээлэл тун бага байгаа учраас уг төслийг ингэж хүчтэй эсэргүүцэж байна гэж ойлгох уу?

-Яг миний түрүүн ярьсан зүйл л дээ. Үнэхээр мэдээлэл бага байгаа. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд цэвэр ураны төсөл хэрэгжиж байгаа. Гэтэл манай аймгийн Мянгад суманд байгаа Халзан бүрэгтэй ууланд илэрсэн нөөц бол уран биш, газрын ховор элемент. Тэгэхээр газрын ховор элемент гэж юу вэ гэдэг талаарх наад захын мэдээлэл нутгийн иргэдэд алга байна. Цөөхөн хэд нь энэхүү нөөцийг цахилгаан автомашин болон бүх төрлийн цахим технологийн хэрэгсэлд ашигладаг гэдгийг мэдэж байна. Түүнээс биш газрын ховор элементийг олборлосноороо байгаль орчинд ямар сөрөг нөлөө учрах вэ, ингэж уул уурхай явуулснаараа эдийн засгийн ямар үр өгөөж хүртэх вэ гэдэг мэдээлэл бүр ч алга байна. Улсад ашигтай гэдэг ганцхан ойлголт л явдаг. Гэвч орон нутагт, тэр дундаа Мянгад сумын иргэдийн хувьд энэ төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн ганцхан л ойлголт байна. Тиймээс энэ талын мэдээллийг тухайн аж ахуйн нэгж болон салбар хариуцсан яамдын зүгээс Мянгад сумын иргэдэд тодорхой мэдээллийг өгөх хэрэгтэй байгаа.

-Орон нутгийн хувьд уул уурхай, тэр дундаа хими, физикийн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчний нөөц ямар байдаг вэ. Ер нь мэргэжлийн хүмүүсийн тайлбарыг сонсох боломж орон нутгийн иргэдэд ямар байдаг бол?

-Энэ чигийн мэргэжлийн боловсон хүчин, мэргэжилтэн үнэхээр дутагдалтай байгаа нь үнэн. Тэр дундаа газрын ховор элементийн талаарх мэргэжлийн хүмүүс ховор. Тиймээс баруун бүсэд энэ чигийн эрдэмтэд, судлаачдыг ажиллуулах шаардлага, хэрэгцээ их байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгдөг мэргэжилтнүүд баруун бүсэд, тэр дундаа Ховд аймагт байнга ажиллаж байх нь чухал байна. Яг энэ хэрэгцээ шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж олж харж Монгол Улсын шинжлэх ухааны академийн Физик, Технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачтай хамтран Ховд аймагт хүрэлцэн ирж, төслийн танилцуулгаа хийж байгаа нь зөв үйлдэл боллоо гэж харж байгаа. Энэ утгаараа цаашид бидэнд шинжлэх ухааны зөв мэдээлэл өгөх мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байгаа юм.

-Нэг талдаа иргэд мэдээлэлгүй, нөгөө талдаа үйл ажиллагаа явуулах компани танилцуулгаа сайн өгөх хэрэгтэй гэдэг зүйлийг хэлж байна. Эсрэгээрээ энэхүү асуудал дээр улстөржилт явагдах нь их байна. Ер нь аливаа том төсөл хэрэгжих, хөдлөх эсэх нь улстөржилтөө дааж чадахаас л хамаардаг. Тэгвэл яг энэ төсөл дээр улс төржилтийг яаж багасгах, хэрхэн давж гарах ёстой юм бэ?

-Монгол Улсын Засгийн газрын бодлогод орсон, “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичигт багтсан том төслүүд бол улстөржих талбар огт биш гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Засгийн газрын хамтарсан гол шалтгаан бол том төслүүдээ хөдөлгөх. Үүнийгээ дагасан эдийн засгийн огцом өсөлтийг бий болгохын тулд л хамтарсан гэж ойлгодог. Энэ утгаараа орон нутагт ч ялгаа байхгүй уул уурхайн салбар бол улстөржих талбар огт биш. Ер нь уул уурхайтай холбоотой туршлага ч бидэнд бий. Юу гэхээр 2014 онд бид Хөшөөтийн уурхай дээр “Мон Эн Ко”-той хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байсан. Өнөөдөр энэ уурхай 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулчихсан. Эдийн засгийн үр өгөөжийг нь Ховдын ард түмэн бид хүртээд явж л байна. Тэгэхээр хариуцлагатай уул уурхайг хөгжлүүлбэл Ховд аймгийн эдийн засаг тэлдэг гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Энэ жилийн төсвийн тухайд Хөшөөтийн уурхайгаас Ховд аймагт найман тэрбум төгрөгийг төсөв дээр тавиад явж байгаа. Энэ мэт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлээд явбал Ховд аймгийн эдийн засаг эрс нэмэгдэх боломж бидэнд байгаа. Манай аймгийн хувьд биднийг ажил авах үед 900 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлттэй байсан. Хэрэв томоохон төслүүд хөдөлж эхэлбэл энэ бүрэн эрхийнхээ хугацаанд бид Ховд аймгийн эдийн засгийн өсөлтийг хоёр их наяд төгрөгт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА З.ЭРХБАЯР: БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮН АРДАД ЯМАР Ч СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ УЧРУУЛАХГҮЙ ГЭДЭГ МЭДЭЭЛЛЭЭ ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД Л ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяртай “Халзан бүрэгтэй”-н төсөл болон, орон нутгийн иргэдийн ойлголтын зөрүүтэй байдлын талаар ярилцлаа.


-Засгийн газраас шинэ эрдэс баялгийн нөөцөө ашиглах бодлогоо олон нийтэд танилцуулсан. Дан ганц нүүрс, зэс гэлтгүй газрын ховор элемент болон ураны нөөцөө ашиглах асуудлаар тодорхой эрх зүйн өөрчлөлтүүдийг хийлээ. Цаашид эдгээр шинэ эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхээр байгаа. Тэгвэл төрийн бодлого энэ чиглэл рүү явж байгааг орон нутгийн иргэд ямар байдлаар хүлээн авч, ойлгож байгаа бол?

-Нуулгүй хэлэхэд, газрын ховор элемент болон уран гэх агуулгаар өмнө нь тэр дундаа баруун бүсэд ямар нэгэн томоохон төсөл хэрэгжиж байгаагүй учраас орон нутгийн иргэдийн хувьд энэ талаар ойлголт, мэдээлэл тун бага байна. Эсрэгээрээ болгоомжлол маш өндөр байгаа юм. Мэдээж мэдээлэл дутмаг байгаа учраас болгоомжлох, ямар эрсдэлтэй вэ гэдгийг хүн бүр өөрийн өнцгөөрөө ойлгодог. Яг л энэ зарчмаар иргэд маань хувь хувьдаа өөрийн гэсэн дүгнэлттэй байна. Зарим иргэдийн хувьд том төсөл гэдгээ дан ганц эдийн засгийн үр өгөөж талаас нь их ярьж байгааг ч шүүмжилж байгаа. Юу гэхээр яг иргэдэд, тэр дундаа орон нутгийн иргэдэд учрах аюул, эрсдэл юу байгаа талаар тодорхой ярихгүй байна гэдгийг хэлдэг.

-Иргэдийн мэдээлэлгүй байгаа байдал болон хэн нэгнийхээ үндэслэлгүй таамаглалд итгэдэг байдлыг яаж зөв чиг рүү нь хандуулах ёстой вэ?

-Засгийн газрын хувьд том төслүүдийнхээ нэгт энэхүү төслийг багтаагаад цаашдаа үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаад явуулъя гэж бодоход хэд хэдэн зүйлд анхаарах шаардлага байна. Хамгийн түрүүнд орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах чиглэлд анхаарах. Дараа нь тухайн орон нутагт хэрэгжүүлэх том төслөө ямар технологиор, хэдий хугацаанд, хэрхэн хэрэгжүүлэх талаараа нутгийн иргэдэд маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Хамгийн гол асуудал бол орон нутгийн иргэдийн мэдээлэл дутмаг байгаа нь маш олон эргэлзээг бий болгож байна. Тиймээс төслийн хүрээнд ямар нэгэн үйл ажиллагаа тухайн орон нутагт хийгдэх гэхээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Товчхондоо бодит байдал ийм л байна.

-Мэдээж таны хэлдгээр мэдээлэл дутмаг байгаа үед олон талын эргэлзээ иргэдийн хувьд байх нь тодорхой л доо. Ихэвчлэн байгаль орчны асуудалд санаа нь зовж байгаа. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх учраас бид нутагтаа амьдрах аргагүйд хүрнэ гэсэн бодолтой хүмүүс олон байна. Тэгэхээр иргэдийг мэдээллээр хангах чиг үүрэг бодлогын яамдуудаас гадна аймаг, орон нутгийн удирдлагуудад байдаг. Энэ утгаараа та бүхэн төсөл хэрэгжүүлэгч багийнхантай ямар хэмжээнд уялдаа холбоотой ажиллаж чадаж байгаа вэ?

-Мэдээж төсөл хариуцагч компанийн хүмүүс албан бичгээр хандах болон дэлгэрэнгүй танилцуулга маягаар мэдээлэл өгч байгаа зүйлүүд байна. Тэгэхээр орон нутгийн удирдлагуудын түвшинд гэхээс илүү эсэргүүцэж байгаа тухайн орон нутгийн иргэдэд нь хүрч очоод төсөл хөтөлбөрөө тодорхой тайлбарлах нь чухал байгаа. Уг асуудал дээр бол аймгийн ИТХ бодлогоо тодорхой зарласан. Ховд аймгийн газар нутаг дээр байгаль орчин, ан амьтан, зон олонд сөрөг нөлөөлөл учруулах асуудал нь тодорхой харагдаж буй ямар нэгэн үйл ажиллагааг бид дэмжихгүй. Харин байгаль орчин, ан амьтан, хүн ардад ямар нэгэн сөрөг нөлөөлөл учрахгүй гэдэг нь шинжлэх ухааны тооцоо, судалгаа, туршилтаар батлагдсан, үүнийгээ тухайн орон нутгийн иргэдэд танилцуулж, ойлголцсон үед бид хуулийнхаа хүрээнд тухайн үйл ажиллагааг бодлогоор дэмжээд явахад ямар ч асуудалгүй. Яг одоогийн байдлаар “Халзан бүрэгтэй”-тэй холбоотой асуудлаар аймгийн ИТХ-ын бодлого ийм байна.

-Байгаль орчин, хүн ардад сөрөг нөлөөлөл учрахгүй гэдгийг шинжлэх ухаан талаас нь эрдэмтэд тогтоочихоод байгаа асуудал гэж ойлгож байгаа. Тэгвэл цаашид энэхүү төсөл хэрэгжиж эхлээд явлаа гэж бодоход орон нутагт дахь эдийн засгийн үр өгөөж нь ямар байгаасай гэж та харж байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараасаа хамаардаг гэдгийг ойлгож байгаа. Манай аймгийн хувьд 10-аад жилийн өмнө Хөшөөтийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай холбоотой зөрчилдөөн их байсан. Гэвч өнөөгийн байдлаар баруун таван аймаг дундаас Ховд аймгийг эдийн засгийн бие даасан байдалтай болгож байгаа ганц том төсөл бол Хөшөөтийн уурхай. Энэ утгаараа уул уурхайн сайн төслүүд орон нутагт хөгжил, дэвшлийг авчирдаг. Тиймээс “Халзан бүрэгтэй”-н төслийн хувьд эдийн засаг болон байгаль орчинд нөлөөлөх талаасаа яг ямар байх вэ гэдэг асуудлаар мэдээлэл сонсох түвшинд асуудал яригдаж байгаа. Цаашид орон нутгийн удирдлагууд болон иргэд энэхүү төслийн талаар илүү тодорхой, нарийн мэдээллүүдийг авах шаардлага бий. Эхний ээлжинд энэхүү төслийн нарийвчилсан тооцоо судалгаа гарна байх. Түүний дараа ямар технологиор, ямар бүтэцтэй үйлдвэр баригдах вэ гэдэг асуудал нь тодорхой болох болов уу. Үүний дараа борлуулалтын орлого, татвар зэрэг зүйлүүдээр орон нутагт ирэх үр өгөөж нь тооцогдоод явах байх. Юутай ч үйлдвэрлэл эхлээгүй байгаа. Зөвхөн мэдээлэл, судалгааны түвшинд л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Засгийн газрын бодлого болон салбар яамдуудаас гаргаж байгаа шийдвэрүүдтэй холбоотой мэдээ, мэдээллийг орон нутгийн удирдлагууд ямар хэмжээнд хүлээн авч байгаа вэ?

-Мэдээж сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн өдөр тутмын мэдээллийг хүлээн авч байгаа. Түүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг мэдээж харж байна. Мөн салбарын сайдуудын хэвлэлд өгч байгаа байр сууриудыг анхааралтай сонсож байгаа. Гэхдээ иргэдтэйгээ ойролцоо мэдээлэлтэй байна. Тиймээс бидний хувьд цаашид хаа хаанаа мэдээлэлтэй болох шаардлагатай.

-“Халзан бүрэгтэй”-н төслийн хэрэгцээ шаардлага орон нутагт ямар хэмжээнд байх бол. Мэдээж уул уурхайн сайн төслүүд олон байгаа шүү дээ…?

-Хөшөөтийн хувьд Ховд аймгийн эдийн засагт асар том дэм болж яваа уул уурхайн сайн төсөл. Энэ мэт уул уурхайн том төслүүдийг дагаад эдийн засгийн өргөн боломжууд орон нутагт орж ирдэг л дээ. Энэ төслийн тухайд хаа хаанаа мэдээлэлжих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр газрын ховор элементийн хувьд дэлхий нийтээрээ уг баялагт анхаарлаа хандуулж байгаа энэ үед Монгол Улсын төрийн өндөрлөгүүд уг төслийг явуулах байр суурьтай байгаа юм билээ. Харин орон нутгийн түвшинд тулгарч байгаа хамгийн гол асуудал бол нутгийн иргэдтэй ойлголцох асуудал. Хамгийн түрүүнд орон нутгийн иргэдийг зөв мэдээллээр хангах, буруу зөрүү ойлгосноос үүдсэн эргэлзээг арилгах ажил чухал байна.

Э.МӨНХТҮВШИН

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *