Categories
арын-нүүр нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Шилдэг сэтгүүлч төгсөгчдийн бүтээлийн чуулган DNN.mn

 Шилдэгүүдийг нэг дороос уншаарай

Энэ цагийн шилдэг сэтгүүлчдийн бүтээлийг нэгтгэсэн нэгэн сайхан номыг энэ удаа танилцуулъя. МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн танхимаас эрхлэн гаргасан номын өмнөтгөлийг профессор Ж.Батбаатар бичжээ. Тэрбээр “Энэ удаа бид МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн төгсөгч 1000 сэтгүүлчтэй “арми”-ийнхаа төлөөлөл болгож, түүхэн хөгжлийнхөө 30 жилийн ойг бэлгэдэн, 30 шилдэг төгсөгч-сэтгүүлчийнхээ энэхүү 30 жилийн хугацааны нийгэм, амьдрал, үйл явцын хэлхээс, дүр зургаас илэрхийлэх бүтээлүүдийг нэгэн дор баринтаглан уншигч олондоо хүргэж байна” хэмээн тодотгожээ.

Номын эхэнд МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Балдорж”-ийн шагналт Б.Ганчимэгийн Асашёорюү аваргатай хийсэн ярилцлага дурайж байна. Аса аваргын ид барилдаж байх үеийн гал цогтой хэрнээ, ухаан зааж ярьсан яриа одоо ч амт шимттэй халуун хэвээрээ. Тэрбээр бэртэл гэмтэлээ эдгээхээр эх орондоо ирээд байх үеэрээ Б.Ганчимэг сэтгүүлчтэй уулзаж, сэтгэлээ онгойтол ярьсныг энэ цаг үеэс уншихад сонин бөгөөд содон. Сэтгүүлчийн эрэн сурвалжлах чигийн хоёр ч нийтлэл мөн номд оржээ.

МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридын яруу найрагч Ш.Уянгадаа зориулж бичсэн “Авьяас билиг нь халгисан гал морьтон анд минь” нийтлэл, Бидэрийн Баярсайханы “Морьдын гэрэлт нүд, бурхадын чимэгтэй нутаг” хөрөг нийтлэлүүд амттай бөгөөд уран. Бусдаараа тод ялгаран гэрэлтэнэ. Нэгэн хүний талаар бичих мөртлөө нийт тэр цаг үеийг тусган харуулжээ, тэд.

Баатар ван хэмээн олноо хүндлэгдэн алдаршсан МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагчийн “Энэ 60 жил миний амьдралын ялалтын эхлэл ба төгсгөл” ярилцлага тунчиг содон харагдана. Сэтгүүлч Д.Оюунтуяа уг яриаг хийжээ. Сэтгүүлч Д.Гансаруулын “Жаран жил дуулсан Зангад гуай жаргаах зүрхийг минь уяраасаар явна” нийтлэл алгасахын аргагүй амттай. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн анхдагчдын нэг Р.Ганпүрэвийн дуулиан тарьж байсан “Гурван удаа цааз сонссон ч Ч.Эрдэнэ-Очирыг суллажээ” нийтлэлийг та энэ номоос уншиж болох нь. Гэрэл зургийн мастер Г.Эрдэнэтуяагийн түүхэн, содон, ховор зургуудыг эндээс сонирхоорой.

Сэтгүүлч Ж.Соёл-Эрдэнэ, Ч.Үл-Олдох, С.Гантогоо, Б.Занданхүү, Г.Отгонжаргал, Д.Гансаруул, Г.Сонинбаяр, Х.Ган-Ялалт, Б.Долзодмаа Г.Улсболд, С.Гандөл, тоймч агсан Г.Отгонбаяр нарын гээд шилдэг 30 сэтгүүлчийн даацтай бүтээлүүдийг нэг дор багтааснаараа энэ ном үнэ цэнэтэй билээ.

МУБИС-ийн Сэтгүүл зүйн танхим 30 жилийн ойгоороо 30 сэтгүүлч-төгсөгчөөрөө гангарч гаргасан энэ ном сэтгүүлчийн бүтээл талаасаа ч, өнгөрсөн 30 жилийн түүхийг өгүүлсэн гэдгээрээ ч хэн хүний хайдаг эрэлттэй номын нэг болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *