Нью-Йорк хотноо “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 25-27-нд болж байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалтад дэлхийн 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байгаа юм.
Нэг дор хамгийн олон төр, засгийн тэргүүн нар цуглаж байгаагаараа онцлог болж буй энэхүү дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Өнөөдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын 193 гишүүн орнууд хуралдаж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталлаа.
Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм.
Бразил Улсын Рио де Жанеро хотноо 2012 онд чуулсан Рио+20 НҮБ-ын бага хурлаас баталсан “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичиг, шийдвэрийн дагуу даян дэлхийн тогтвортой хөгжлийг тодорхойлж боловсруулах үүрэг бүхий Нээлттэй ажлын хэсэг байгуулсан.
Дээрх ажлын хэсэг 2013-2014 оны хооронд өргөн хүрээг хамруулан 13 удаа албан хуралдаа зохион байгуулахын хамт яриа, хэлэлцээ хийж иржээ.
Үүний мөрөөр 17 үндсэн зорилтыг хамрах 169 зорилгод хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулсан юм.