Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгджээ DNN.mn

Ажиллах хүчний судалгааны  2024 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 63.0 (1.4 сая) хувь нь ажиллах хүч, 37.0 (849.6 мянга) хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин 2024  оны гуравдугаар улиралд 63.0 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.8 нэгж хувиар өссөн байна. Хүйсээр авч үзэхэд, эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 72.0 хувь, эмэгтэйчүүдийнх  54.8 хувь байгаа бол 25-29 насны бүлэгт оролцооны түвшин хамгийн өндөр зөрүүтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59.2 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.6 нэгж хувиар өссөн. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 67.3 хувь, харин эмэгтэйчүүдийн хувьд 51.8 хувь байгаа ба эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн зөрүү 15.5 нэгж хувь байна.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


2024 оны арваннэгдүгээр сарын 23-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хонжоо, хохирол дагуулсан Хоригийн ард… DNN.mn

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавилаа. УИХ ч хүлээж авлаа. Одоо Засгийн газар төсвөө танана.

За ингэх нь ч сүүлийн өдрүүдэд бараг тодорхой болсон доо.

Хоригийг хоёр талаас нь харах ёстой юм. Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт улс төр. Гэхдээ энэ хориг улс төр нь нэгдүгээрт, эдийн засгаа хоёрдугаарт бодсон. Улс төрийн хонжоотой, эдийн засгийн хохиролтой хориг боллоо. Нэг үгээр нэг хоёр хүнд улс төрийн хонжоо, нийт олонд эдийн засгийн хохирол авчирна.

Улс төр талаасаа Ерөнхийлөгч шууд оноо авчихаж байна. Гоё улс төр. Олон нийт шуугьж шүүмжлээд түүнд хандаад байсан учраас арга ч үгүй байсан байх. Бас 9 дүгээр сард Путины айлчлалаас хойш савлагаатай, байнга доошилж байсан рейтинг нь үүгээр дээшлэх нөхцөл үүсэв. Нөгөө талд нь мега төслүүдээс өөрийг ярихаа больж энэ төсвийг зохиож өргөн барьсан Ерөнхий сайдын рейтинг буурна. Ерөнхийлөгч хориг тавихыг Ерөнхий сайд мэдэж байсан байх талтай. Ерөнхийлөгчийн шийдвэрийг Тамгын дарга нь танилцуулсны дараахан Сангийн сайд төсвийг хэрхэн танах талаар бэлдсэн мэдээллээ олон нийтэд өгөв.

Ингээд Засгийн газар хэт сагасан төсөв өргөн барьсан гэх шалтгаанаар эсэргүүцэл бий болсон. Шүгэлдсэн гишүүд шал өөр шалтгаанаар ингэсэн нь анхнаасаа л тодорхой харагдсан. Монголчууд, ялангуяа сошиалд шүүлтүүр байх биш, популизм цэцэглэх тааламжтай хөрс юм чинь. Энэ дээр бас УИХ-ын алдаа байгаа. Хэдэн гишүүн төсвөөр шүгэлдээд, сошиалиар шуугиад ирэнгүүт айчихсан. Айсандаа 2025 оны төсвийг 2024 оны 12 дугаар сард тодотгоно гэдэг тогтоол баталчихсан. Гэрлийн хурдаар унаж явсан УИХ-ын рейтинг улам хурдтай доошлох үндэс энэ болов. УИХ өөрөө хаана ч байхгүй практик туршихын зэрэгцээ 2025 оны алдаатай төсвийг бид баталчихлаа гэдгээ илтгэчихсэн. Энэ нь бас Цэцэд очвол найдвартай унана. ЕТГ-ын дарга ч Ерөнхийлөгчийн хоригийг үүнтэй холбосон байна, тэр зөв. Төрийн институтүүд ийм рейтинг хуваарилалт хийчихсэн. Судалгаанууд ч дээшилж доошлоод эхнээсээ гарсан байна.

Гэхдээ улс төрд учир шалтгаангүй үйл явдал гэж байдаггүй. Цаана нь юу байна гэдэг хамгийн чухал.

Төсвийг өөрчлөх боломжит хугацаа өнгөрч батлах нь нэгэнт тодорхой болсны дараа гишүүд яагаад гэнэт шүгэлдэв? Сошиал сэвэлт яагаад тийм хүчтэй байв? Хэн хаанаас чулуу шидэв?

Өнөөдөр энэ бүхний учрыг хэн ч сонсохыг хүсэхгүй. Харахыг ч, ойлгохыг ч хүсэхгүй. Хэсэг хугацааны дараа бол бүлтрээд гарч ирнэ. Мега төслүүдэд олон жил зуучлагч хийж ирсэн ч Гашуунсухайтын төслөөс эхлээд мултарч байгаа, эзэмшсэн ордынхоо 34 хувийг Үндэсний баялгийн санд алдах гээд сандарсан бизнесүүдийн л ажил гэдэг нь илэрнэ. Тэд гал тавьж улс төр шатсан л явдал юм.

Зэрэгцээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын харилцаа тааламжгүй болоод удаж байгаа тухай их эртнээс яригдсан. Ерөнхийлөгч 2027 онд бүрэн эрхээ дахин сунгана гээд Ерөнхий сайд Үгүй гэж гүрийгээд байгаа гэдэг. Түүнд шаралхсан Ерөнхийлөгч хориг тавьж бяраа үзүүлэв үү? Зангилаа нь бас л өнөөдөртөө нууц хэвээр үлдэнэ.

Зарим нь Наад хоёр чинь жүжиж байгаа юм, салъя гэсэн ч салж болохооргүй холбоотой гэдэг. Тэгэхээр энэ хориг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зодоон уу, зөвшилцөл үү? Ийм л үндэслэлүүд ард нь бий.

Эдийн засаг талаас гарах үр дагаврыг одоохондоо олон нийт, зарим улстөрчид хүлээн зөвшөөрөхгүй. Харамсалтай нь ирэх 2025 он өнгийгөөд л үүнийг хүчтэй мэдрэх болно. Хориг маш зөв гээд нийтээрээ давлагаалчихсан ийм үед улстөрчид Ерөнхийлөгчийн хориг эдийн засгийн хохирол авчрах үр дагавартай гэж бодохоос айж байгаа нь ойлгомжтой.

Засгийн газар уул нь өнгөрсөн гурван жилийнхээ ололтод дулдуйдаж 2025 оны төсвийг зохиосон. Маш сайн төсөв болсон. Одоо байхгүй болно. Төсвийг эсэргүүцсэн популизм гаарах үеэр зарим бизнесүүд Татвар төлөхгүй байсан ч яадаг юм гэж мэдэгдсэн. Уучлаарай, Төр буй дор татвар байдаг. Татвар төлөхгүй гэж хэлсэн, уриалсан этгээд нэн даруй хуулийн өмнө зогсох ёстой. Сошиалаар голдуу сэвэгдсэн дүнгүүд бол төсөвт байх л ёстой, байгаад ч ирсэн зардлууд. Хурал уулзалт, гадаад томилолт ч төрийн ажил. Бүх жилийн төсөвт суудаг л зардал. Монголын төр шүү дээ. Гэвч УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа.

Энэ хориг тавигдсанаар юу болох вэ?

-Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн төсөөллөө бууруулна. IMF л гэхэд 7 хувь гэж төсөөлөөд байсан юм.

-Монгол Улс сүүлийн гурван жилд өсөн нэмэгдсэн эдийн засгаа буурууллаа гэдэг дохиог олон улсад өгнө.

-Хөрөнгө оруулалт хумигдана.

-Төсвийн хөрөнгө оруулалт саарна.

-Төсвөөр хийж болох байсан бүтээн байгуулалтуудыг заавал гаднын зээлээр гүйцэтгэх шаардлага үүснэ.

-Хувийн хэвшил, бизнесүүд өөрсдөдөө оногдох төсвийн 2 их наяд гаруй төгрөгөөс сална.

-Засгийн газар бол жаргана. Орлого дайчлах шаардлагагүй. Тендер зарлахгүй.

-УИХ-ын гишүүд 2028 онд хийсэн бүтээсэн гэж хэлэхэд хэцүү, хуулиа л сайн санаачилж, үндсэн ажлаа л хийх орон зайтай үлдэнэ.

Яг одоо Ерөнхийлөгчийн хоригийн араас ийм үр дүнгүүд залгахаар харагдаж байна. Яах нь вэ, харж л байя.

Ажиглагч А.Батболд

Categories
нүүр-хуудасны-онцлох

Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой DNN.mn

Улсын Их хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай Гашуунсухайт-Ганц модны боомтын хил холболтын талаар ярилцлаа.


-Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын хил холболтын цэгийг саяхан эцэслэн шийдвэрлэсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Монгол Улс төмөр зам барьчихаад хил дээр очоод холбогдохгүй гацчихлаа гэж их олон жил ярьсан. Үндсэн санаа нь бол энэ төмөр замыг барьснаар нүүрснээс орж ирэх орлого нэмэгдэнэ. Байгаль орчинд ээлтэй, зардал буурна. Илүү тодорхой, ил тод болно гэж тооцож л хийсэн шүү дээ. Тиймээс үүнийхээ үр дүнг хүртвэл мэдээж сайн л байна. Мөн “Нүүрсний хулгай” гэдэг шуугианы дараа манай улс нүүрсийг ил тод зардаг болъё гээд Биржийн тухай хууль баталсан. Одоо биржээр нүүрсээ арилжаалж байна. Гэвч биржийн ажиллах зарчим, тохиргооноос гадна хатуу дэд бүтэц маш сайн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энд юмаа зарчихаад худалдан авагч нь хүлээж авах гэж сар хүлээдэг. Энэ хооронд нь үнэ өөрчлөгдөж, алдагдалд орчихдог байж болохгүй.

Энэ биржийн зохицуулалт, төмөр зам, авто зам, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил чинь хамтдаа нэг цогц байх ёстой. ийм утгаараа хил холболт маш чухал. Нөгөө талаас хил холбох бол цэвэр барилгын ажил. Ер нь энэ ажлыг суурь дэд бүтэцтэй компаниар бариулж болно. энэ үедээ нүүрсийг биржээс гадна шууд гэрээлж болно гэсэн агуулгатай хуулийн өөрчлөлтийг Уих ноднин жилийн долдугаар сарын 23-нд хийсэн байдаг. үүний үр дүнд “чайна энержи” компани төмөр зам барих нь тодорхой болж байна. Гэтэл энэ компани зөвхөн төмөр зам барихгүй. Бид нүүрсний худалдаа хийнэ гэсэн санал тавьсан. үндсэндээ нөхцөл гэсэн үг. үүнийг нь манай тал хүлээж авбал нүүрсний худалдааныхаа гэрээг байгуулна. Төмөр замынхаа холболтын барилга угсралтыг хийнэ. Тэгээд нүүрсээ авч эхэлнэ гэсэн үг. Одоо бидний бодох ёстой нэг асуудал бол хоёр талдаа харилцан ашигтай л байх ёстой. ингэхийн тулд хэд, хэдэн гол зүйлийг анхаармаар байна.

-Анхаарвал зохих зүйлс нь юу, юу вэ?

-Урт хугацаандаа тогтвортой, нөгөө талдаа хэлсэн амандаа хүрч чадахуйц, харилцан ашигтай л байх ёстой. Тавантолгойн бүлэг ордны нүүрс чинь шинж чанараараа гурван өөр төрөл байдаг. Бүрэн болон сул коксжих нүүрс, огт коксжиддоггүй буюу эрчим хүчний нүүрс гэж байгаа. эндээс зөвхөн бүрэн коксжих нүүрсийг нь олборлоод байх юм бол бусад хэсэг нь ирээдүйд ч авч болохгүй. Болсон ч ашиггүй болчихдог. Ингэсэн тохиолдолд нөөц баялаг хаягдахад хүрнэ. Тийм учраас бид том хэмжээний гэрээ байгуулж, худалдаа хийх гэж байгаа бол энэ гурван нүүрсээ гурвууланг нь нийлүүлэх хэрэгтэй. “чайна энержи”-гийн тавьж байгаа санал бол урт хугацаанд жилд 20 сая тонн. Нийтдээ 16 жилийн хугацаанд ийм хэмжээний нүүрс авна гэсэн үг.

-Гурван төрлийн нүүрсээ холиод л жилд 20 саяыг өгөх хэрэгтэй гэж үү?

-Энэ 20 сая тоннын хэдэн хувь нь дараагийн асуудал. Ямар ч байсан их, бага хэмжээгээр энэ гурван нүүрсээ гурвууланг нь л нийлүүлээд 20 сая тонн болгох хэрэгтэй. эрдэнэс Таван толгой ирэх онд 35 сая тонн нүүрс олборлоно гэж төсөөлье. ингэвэл тал нь бүрэн коксжих, 30 гаруй хувь нь сул коксжих, 10 гаруй хувь нь эрчим хүчний нүүрс байх нь. хэрэв 40 сая тонныг олборлоод ирвэл бүрэн коксжих нь багасаад эрчим хүчний нүүрсний хэмжээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд явбал 30 хүрэхгүй хувь нь бүрэн коксжих болно гэсэн баримжаатай явах хэрэгтэй. Тийм болохоор хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ зөвхөн худалдааны нөхцөлөөр биш, уурхайн техникийн горим, нөөцийн байдлаа харж байж тодорхой шийдэх ёстой. Одоогоос 10-аад хоногийн өмнө хятадын талаас Аж үйлдэвр, эрдэс баялгийн сайдад хаяглан ирүүлсэн албан бичгийн талаар нийтлэл гарсан байсан. Тэр дээр дурдсанаар бол ганцхан коксжих нүүрс л гэсэн зүйл байна лээ. Тийм болохоор дотроо харьцаа нь ямар байх гэдгээ маш нарийн бодож, төлөвлөх хэрэгтэй.

-“Чайна Энержи” компани Тавантолгойн бүлэг ордын тодорхой хэсэг дээр нь өөрсдөө олборлолт явуулж, тээвэрлэлт хийх санал тавьсан гэдэг яриа гарч байна. Энэ саналыг манай тал хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Уурхай дээр нүүрсийг хил давуулах хүртэлх тээврийг Монголын тал хийх нь манайд гэлтгүй хятадын талдаа ч хэрэгтэй. Тээвэрлэлт өөрөө их олон эрсдэлтэй. Энэ эрсдлийг худалдан авагч талдаа үүрүүлэх нь зохисгүй. Манайх хариуцлагаа өөрсдөө хүлээгээд хугацаанд нь хүлээлгэж өгөх ёстой. Ялангуяа төмөр зам тавьчихсан үед бол төмөр замынхаа ашиглалтыг бүрэн явуулах хэрэгтэй. Тавантолгой төмөр зам компани тээврээ хийгээд нүүрсээ хил дээр хүргэж өгөх нь зохимжтой. Ингэхдээ тарифыг утгагүй өндөр тавих боломж байхгүй. Монгол, хятад улсууд нэгдэн орсон Олон улсын төмөр замын хэлэлцээр гэж бий. Энэ хэлэлцээрээр тээврийн тарифын таазыг зохицуулаад өгчихсөн. үүнийг ашиглаад тээврээ хийж болно. Авто тээврээр хийсэн ч гэсэн тарифын зохицуулалт байж болно. Таван толгойгоос улсын хил хүртэлх төмөр замыг 30 сая тонн хүчин чадалтайгаар бариад ашиглалтад оруулчихсан. Гэтэл хил холболтын байгууламжийнх нь ТЭЗҮ нь 20 сая тонноор хийгдсэн. Тэгэхээр “чайна энержи” энэ төмөр замаар манайхтай гэрээ хийсэн 20 сая тонноо л тээвэрлэх гэж буй юм шиг харагдаж байгаа юм. Нэгэнт хоёр тал хамтарч ажиллаж байгаа бол ганцхан тэр компанийн нүүрсийг тээвэрлэх нь зохисгүй. Цаана нь үлдэж байгаа 10 сая тонн нүүрсийг хамтын ажиллагааныхаа хүрээнд тээвэрлэх үүргийг чайна энержи хүлээх нь зөв. Тарифаа төлөөд арилжааны зарчмаараа л явна. ийм хэлэлцээрийг хийж манайх төмөр замаа бүрэн ашиглах хэрэгтэй.

-Олборлолтын тухайд юу хэлэх вэ?

-Техникийн хувьд ил уурхайг монголчууд өөрсдөө 100 хувь олборлож чадна. Далд уурхай дээр туршлага хомс. Олон давхаргатай, төвөгтэй ил уурхай, далд уурхай дээр гадны туршлага хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Одоо ажиллаж буй зарчим байгаа. эрдэнэс Таван толгой бодлогын хувьд оператор, гүйцэтгэгч нарыг оруулахдаа нөөцийнхөө олборлолтыг жигдхэн байх бодлогоороо зангидах ёстой. Тэгэхгүй бол өм цөм яваад байж болохгүй. Одоо ажиллаж байгаа зарчмын дагуу оператор сонгон шалгаруулаад түүн дээр нь Монголын юм уу, хятадын компаниуд орж ирэхийг үгүйсгэхгүй. Чадамжийн хувьд манайх хангалттай чадна л гэж бодож байна.

-Ерөнхий сайдын БНХАУ-д сая хийсэн айлчлалд та багтсан. Энэ үеэр хил холболтын асуудал яригдаж, шийдэгдсэн. Тэгэхээр Хятадын талаас алдагдсан боломжоо манайхаас нэхэмжлэхгүй гэж хэлсэн юм уу?

-Хэлэлцээрийг засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд л хийсэн. харин Уихын гишүүд бол Монголын парламент олон намын төлөөлөлтэй, тогтвортой улс төртэй болсон гэдэг үүднээс л оролцсон. Түүнээс хэлэлцээрт оролцоогүй. Алдагдсан боломжийн хувьд хэлэхэд, 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгчийг Монголд айлчлах үеэр хоёр тал төмөр зам бариад ажиллана гэдэг хэлэлцээрт гарын үсэг зураад тэрнийхээ дагуу хятадын тал төмөр замаа барьсан. үүнээс хойш манайх барихгүй удаж байснаа царигаа өөрчлөөд барьсан. Одоо холбогдоогүй байгаа. Гэхдээ энэ хэлэлцээр бизнесийн хэлэлцээр биш. хятад улс төмөр замынхаа бодлогын хүрээнд төмөр замаа барьсан. Монгол Улс өөрийнхөө бодлогын хүрээнд төмөр замаа барьсан. харин бодлого нь зөв, буруу байсан гэдэг нь тусдаа асуудал. Тухайн улс өөрийнхөө бодлогоор төмөр зам барьж байхад ямар нэгэн алдагдсан боломж ярих үндэслэл байхгүй. хоёр байгууллага бизнес хийгээд алданги тооцно гэсэн гэрээ байхгүй шүү дээ.

-Цаашдаа оффтейк гэрээгээр нүүрсээ гаргах нь зөв үү. Эсвэл дан ганц биржээр арилжаалах хэрэгтэй юм уу?

-Одоо бол нийтдээ дөрвөн оффтейк гэрээ байгаа юм билээ. эдгээр гэрээний хугацаа ингээд дуусна. Тиймээс цаашдаа Монгол Улс бирж нь ч ажилладаг, том тогтвортой нийлүүлэлт нь ч байдаг холимог тогтолцоогоо хадгалахын тулд төрийн өмчийн компанийн нийт зарж байгаа нүүрсний хэчнээн хувиас шууд гэрээ нь илүү гарахгүй вэ гэдгийг тогтоож баримтлах шаардлагатай байна. Саяхан манайх биржээр 50 хувьд хүргэсэн. Ганцхан худалдан авагчтай юм чинь биржээр арилжаалж яах юм гэсэн зүйл яригддаг. Гэхдээ хятад бол ганцхан худалдан авагч биш. Дотор нь маш олон бий. Тийм ч учраас хятад дотор нүүрсний онлайн худалдааны платформууд ажилладаг. харин том гэрээнүүд нь нийт төрийн өмчийн компанийн гаргаж байгаа нүүрсний талд нь хүрчихвэл бирждээ сөргөөр нөлөөлнө. Жижиг худалдан авагчид орж ирэх сонирхолгүй болно. Гэвч дан ганц бирж эрсдэлтэй. Нүүрс авахаа больчихвол яах вэ. Тиймээс аль аль нь байх шаардлагатай.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ цаг-үе

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -26…-31 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -21…-26 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

 

 

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан бар өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 22, Сугар гариг. Билгийн тооллын 22, Үнэг одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 08:09 цагт мандаж 17:08 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. с шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Таван толгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ярилцлаа.  Тэрбээр “ДОХ-той иргэн
нас барж, диализын аппаратад орсон үйлчлүүлэгчид халдвар
авсан эсэхийг шалгаж байна”
  гэснийг Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг баталлаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Таван толгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийн их эмч Н.Золбаяр “Хамуу өвчин гэрийн нөхцөлд эмчлэгдэхгүй” гэлээ.

Хонжоо, хохирол дагуулсан Хоригийн ард…

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Кремлийг барьц алдуулах бодлого

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Тэнгисийн дундах гэрэлт цамхаг”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, СХД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна талбай болон тоглоомын талбайн тохижилтын ажил дууслаа. Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0м x 22.5м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, зоорьтой 2 давхар юм.

Хувцас солих өрөө, гал тогоо, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, бассейн, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хүрэл ордон” ХХК болон “И Пи Эс групп” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсчээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Автозамын шалган нэвтрүүлэх хилийн боомт болон Сүхбаатар төмөр замын боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсчээ.

Оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор 616.0 мянган зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 109.2 мянган хүнээр буюу 21.6 хувиар өссөн байна. Дээрх нийт зорчигчдын 66.8 хувь буюу 411.7 мянга нь Монгол иргэд, 204.3 мянга буюу 33.2 хувь нь гадаад иргэд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилээр нэвтэрсэн Монгол иргэдийн тоо 91.1 хүнээр буюу 28.4 хувиар, гадаад иргэдийн тоо 18.1 мянган хүнээр буюу 9.7 хувиар тус тус өсчээ.

Categories
мэдээ спорт

Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Канад Улсад пара гүйлтийн цанын Америк тивийн Цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцсон Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ.

Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж, хүрэл медаль хүртжээ.