Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайдыг сайн шүүмжилье, тэгж байж л Л.Оюун-Эрдэнэ өөрийн цаг үеийг бүтээнэ DNN.mn

Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сайн шүүмжлэх хэрэгтэй. Гэхдээ энд тэндээс, эрээвэр хураавар байдлаар зүхэх, шүүмжлэх нь үр дүнгүй байна. Партизаны отрядынхан гэдэг шиг хэдэн хүн л сошиал орчинд байр сууриа илэрхийлдэг, ойшоож байгаа амьтан ч алга. Тэгэхээр Сүүдрийн Засгийн газар байгуулж байгаад шүүмжилье. Хатуу байр сууриа илэрхийлцгээе. Л.Оюун-Эрдэнийн бодлого шийдвэр, гадаад айлчлал, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санал санаачилга бүгд дээр Сүүдрийн Засгийн газар өөрийн байр сууриа нийгэмд илэрхийлж, ард түмний өмнө нээлттэй мэтгэлцээн өрнүүлж байя. Түүнд нь ард түмэн үнэлэлт дүгнэлтээ өгцгөөе. Тэгэхгүйгээр нийгмийн сүлжээнд, өөр өөрсдийн хаяг, зохион байгуулалттай сэвэлтүүд үнэ цэнээ улам алдаж байна. Улс орны амин чухал асуудлаас эхлээд яах аргагүй анхаарах ёстой сэдэв бүгдийг юу ч биш, хэрүүлийн алим болгож байна. Олон зүйл дээр шүү.

Ганц хувь хүний байр суурь, шүүмжлэл бол үр дүн нь нэг нэгжээр л хэмжигдэнэ. Яагаад гэвэл Трамп, Си Жиньпин биш. Тэдний нэг үг дэлхийн биржийн үнэд тэр дороо нөлөөлж байдаг. Монголд бол Ерөнхий сайдын байр суурь Монголдоо нөлөөтэй тусах нь үнэн. Түүний өөдөөс дуугарч байгаа хүн сошиалын нэг хийрхэгч байж болохгүй. Улс орны төлөө зүрх сэтгэлээсээ санаа зовдог, мэдлэг чадвартай, туршлагатай хүн бүхэн сошиалд шүлсээ үсчүүлэгч болон хувирч болохгүй. Ингэж үнэ цэнээ алдмааргүй байна, шүүмжлэгчид ээ.

Өнгөрсөн долоо хоногт нийгмийн анхааралд байсан сэдэв бол Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал байлаа. Шанхайн Олон улсын Импортын экспод том бүрэлдэхүүнтэй оролцсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар үр дүнтэй явав. Энэ улсын төлөө санаа зовдог хэн бүхэнд “Энэхүү айлчлалаар хийгдсэн гэрээ хэлцэл, баримт бичгүүд, эдийн засгийн үр өгөөж, улс төрийн онцлог” ямар байсныг бодитой мэдмээр байгаа. Яаж мэдэх вэ гэхээр Монголын нийгэмд байр сууриа илэрхийлж байгаа хоёр талын үгийг харьцуулж харах. Тэгж байж айхавтар хүмүүс өөрийн дүгнэлтээ хийдэг. Нэг талын байр суурь, хандлага ардчилсан нийгэмд байдаггүй.

Шанхайн айлчлал дээр гэхэд дорвитой байр суурь илэрхийлэгч нэгэн нийгэмд өнөөдөр лав алга. “Улсын төсөв хэлэлцэж байх хариуцлагатай цагаар гадагшаа бүгдээрээ явчихдаг нь ямар учиртай юм бэ” гэсэн үгс шүүмжлэлийн цөм нь байв.

Бид бүх зүйлд аль болох бодитой, үнэн хандаж байж л хөгжил ярина. Монголын хамгийн том дайсан бол ӨВӨЛ. Маш их өртөг зардалтай чилийсэн хагас жил эхэлж байна. Маш их эрсдэл дагуулдаг цаг хугацаа. Энэтхэгт бол нэг хувцастайгаа хэдэн жил ч амьдраад явж болно. Монголд бүх хүн өвлийн хувцас авч өмсөх л болно. Дулаан газарт амьдрах л болно. Монголын том бүтээн байгуулалтууд зогсоно. Эдийн засгийн эргэлт 50 хувьтай царцдаг. Эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэнэ. Шатахууны хэрэгцээ өснө. Бүгд суурь үнэ. Суурь үнэ бүхэн маань хоёр хөршөөс хараат. Үндэсний аюулгүй байдал талаасаа нийгэмд мэдээлж, нээлттэй байх боломжгүй олон асуудал бий. Бүх улс орон л тийм байгаа. Жижиг Монголд ҮАЗөөс хамааралтай асуудал бүрийг иргэд маань хамгийн ихээр сонирхдог. Шуугиан болгодог. Ингээд үл ойлголцол, эрх баригчид нууцаар “юм” хийгээд байгаа юм шиг ойлголт хүчтэй явагддаг. Түүнийг нь өдөөгч хэсэг нийгэмд бий. Энэ бүгдийн ая данг олж, учир зүйг нь гаргаж улс орны хувь заяаг хөтөлж явах нь асар их нерв. Том эрх ашгийн төлөө ярьж байгаа залуус өнөөдрийн УИХд харагдаж байгаа ч яг өнгийгөөд харвал ард нь жижигхэн муу эрх ашиг нь нуугдаж байгааг учир мэдэх хүмүүс мэдэж байгаа. Ийм л оршилдоонтой үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ, БНХАУын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян нар Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжин хөгжүүлэх тохиролцоонд хүрлээ. Шанхай хотод Хятадын удирдагчидтай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Итгэлцлийн шатыг ахиуллаа.

Итгэлцлийн шат ахиулсан дүр зураг нь УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөллүүдийг багтаасан айлчлал юм. Тэр бүү хэл уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг үеийн үед эсэргүүцэж ирсэн хүмүүсийг ч айлчлалын бүрэлдэхүүндээ багтаасныг ард түмэн харсан байх. Энэ ямар учиртай вэ гэхээр “Монгол Улсын төр засаг нэгдмэл, тогтвортой, урт настай байна” гэдгийг л урд айлын удирдагчдад харуулахыг, итгүүлэхийг хүссэн айлчлал байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр талдаа АН-ын Лу.Гантөмөрийг, ХҮН-ын Т.Доржхандыг дагуулж, араас нь ИЗНН-ын Б.Батбаатар, Үндэсний эвслийн Д.Пүрэвдаваа, “босоо” Ганбаа… гээд бүгдийг багтаасан нь Олон улсдаа бол Монгол төрийн нэгдэл нягтралыг илэрхийлсэн хэрэг. Гадаад ертөнцдөө бол бид ингэж харагдах, ер нь яг ийм байхаас өөр арга алга. Хоёр хөршийн гео улс төр ямар байгаа билээ. Бид өөрсдийгөө мэддэг, хааяа нэгэндээ хэлж сануулдаг байх хэрэгтэй. Бид жижиг улс шүү.

Одоо гол сэдэв рүүгээ оръё. Монголын эдийн засгийн чадамж нүүрс гэж ганцхан зүйлээс хамаатай байна. Дараагийн эдийн засаг болох зэс ч гэсэн урд хөршийн зах зээлээс хамаатай. Ер нь төмрийн хүдэр, цайр ч урд айл мэднэ. Энэ үнэнтэй эвлэрэхгүй гээд яах юм. Ийм болохоор Засгийн газрын тэргүүн урд хөрштэйгөө л учраа сайн ололцож, эдийн засгаа авч явахаас өөр арга алга. Сая эрчим хүчний үнийн өсөлт яригдлаа. Шийдвэр гаргаж л таарна. Үүнд хамгийн нөлөөтэй нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Баруун таван аймгийнхаа эрчим хүчний асуудлыг дотооддоо ногоон эрчим хүчээр 100 хувь шийднэ, Төвийн эрчим хүчний системдээ дэмжлэг үзүүлнэ. Улмаар ОХУ руу жил бүр гардаг тэрбум ам.доллар ч эрс багасна. Валютын нөөц, ханшийн тогтвортой байдал, үнийн өсөлт… гээд логикоор Эрдэнэбүрэнийн станцын эдийн засгийн гинжин урвалын нөлөө асар их. Үүнийг Ерөнхий сайд нэн даруй шийдэхгүй бахь байдгаараа өдөр хоногийг өнгөрөөж болохгүй нь тодорхой байна. Тэгээд ойрын гарц нь хаана байгаа юм. Ардчилсан нийгэмтэй байгаа Монгол Улсын нэг зовлон нь зах хязгаарын нэг сумын багийн Засаг даргын захидал их гүрэн Хятадын удирдагчид хүрчихэж байгаад юм шүү дээ. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ард түмэн эсэргүүцэж байна” гэсэн багийн Засаг даргын захидал ажлыг зогсоож чадсан. Дээр нь шашны асуудал. Цаг хугацаа алдсан шалтгаан энэ мэт олон. Эдгээрийг нэг талд нь гаргаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг шийдэх гэж Хятадад айлчиллаа. Шууд очоод Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурчихсан ч юм биш. Оршил ихтэй. Урьдчилсан бөөн яриа хэлцэл хийж байж, эцэст нь Пакистаны айлчлалаас буцахдаа урд хөршөөр дайрч, нэг сарын дараа би Хамтарсан Засгийн газрынхаа бүрэн бүрэлдэхүүнтэй ирнэ. Тэр үед асуудлуудыг нэг мөр шийдье гэсэн ойлголцолтойгоор Шанхайд очсон хэрэг. Ингэж байж сая үр дүнд хүрлээ. Ямар ч байсан Хятадын тал Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцад санхүүжилт хийхээр боллоо. 2015 онд ажил нь эхэлж байсан бол ийнхүү есөн жилийн дараа гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.

Хоёрдугаарт гэвэл Монгол Улсын ганц мөнгө олж байгаа Нүүрсний худалдаа маань Гашуунсухайт-Ганцмод боомт дээр гацаатай байна. Монголын талаас бөөн бөөнөөрөө нүүрс ачаад хил дээр очдог, лонхны хүзүү шиг нарийнхан хоолой дээр хэдэн мянган нүүрс тээврийн машин оочерлодог. Дагаад хүнд суртал, дарааллын өмнүүр орох, авлига, албан тушаал, танил талын хүрээ гээд Монголын зовлон үргэлжилж байна. Үүнийг нэг мөр шийдэж, өргөн гарц хоолой, тээвэр логистик, төмөр замын гүүрийг хамтран барих ажлыг цаг алдалгүй шийдэх ёстой. Шийдэхийн төлөө Л.ОюунЭрдэнийн Засгийн газар ажилласан ч Хятадын талын бидэнд итгэх итгэл сул. Аль 10 жилийн өмнө танай талд итгээд бид төмөр замаа хил дээр аваачсан, гэтэл танайх яадаг билээ. Өмнөх сайдын ажил надад хамаагүй ээ, би одоо сайд болсон гээд нэг нөхөр ирээд, огт өөрийг ярьж эхэлдэг. Танайд итгэл алга гэсэн утгатай зүйлийг ярьж өнөөдөрт ирсэн. Үүнийх нь өөдөөс Л.ОюунЭрдэнэ “Одоо бид нэгдмэл байна” гэдгээ л харуулж очлоо. Ингээд “ГашуунсухайтГанцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”ийг батлах дотоодын порцедур дууссан тухай талууд мэдэгдлээ. Энэхүү хэлэлцээр энэ сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр боллоо. Асуудал үндсэндээ шийдэгдлээ. Одоо гүүрийн барилгын ажил эхэлнэ. Монголын эдийн засгийн цусны гол эргэлт болсон Нүүрс тээвэрлэлт, хил нэвтрэлт, худалдаа өргөжинө. Одоо бүх шатанд хяналтыг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, чанарыг эрхэмлэх, санхүүжилтээ хүргэх, хугацаанд нь дуусгах ажил л үлдлээ.

Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал ажил бол үнэндээ Үндэсний хиймэл дагуул шүү дээ. Үүн дээр эдийн засгийн агуулгаар нь янз бүрийн байр суурь нийгэмд байна. Судлаачдын ярьж байгаагаар эдийн засгийн үр дагавар, Үндэсний аюулгүй байдал хоёр бол тусдаа асуудал. Ялгаж салгаж үнэ цэнийг мэдэрсэн хүнд бол Үндэсний хиймэл дагуултай болохыг л дэмжинэ гэж. Тэгэхээр энэ талаас нь харахыг хичээхийн буруу байхгүй юм. Хятадын өндөр технологийн компаниудаар Л.ОюунЭрдэнэ айлчилсанд тодорхой эрх ашигтай хүмүүс байр сууриа илэрхийлж, шүүмжилж байх шиг байна. Хятадад айлчилсан улс орны удирдагч бүхэн “Хуавэй”, “Алибаба” компаниудаар орохыг хүсдэг, хамтрахыг хүсдэг нь бүгдэд харагддаг шүү дээ. Түүний л нэг хэсэг. Ялангуяа гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монголын бүх шатны засаглалд, төрийн бүх ажилд AI технологи, хиймэл оюун ухааныг ашиглахын төлөө байгаа. Үүнийгээ яаж томьёолж байна гэхээр “Гурван шилжилт” гэж. Үүнийг “Huawei” групптэй хамтарч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа. Ер нь бол энэ чиглэлд дэлхийд гайхагдаж байгаа нь хамгийн ойрхон урд хөрш шүү дээ. Бид бүгдээр урд хөршийнхөө хотуудаар явахдаа “Хятад тасарчээ” гэсэн үгтэй л ирж байгаа. Ядаж зургаан сарын өмнө очоод харснаас өнөөдөр очоод харахад гудамжинд явж байгаа цахилгаан машиных нь тоо эрс нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь их утаандаа 10 жилийн өмнө төөрч, хахаж үхэхдээ тулж байсан Бээжингийн тэнгэр тунгалаг болсон дүр зураг. Бид 10 жилийн өмнө ч утаатайгаа байсан, өнөөдөр ч мөн адил. Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө асар их амбицтай байгаа Хятад улсын хүлээсэн үүрэг хариуцлага, нэр хүнд гэж юм бий. Хажууд нь байгаа жижиг улсаа утаагүй болоход нь тусалчихгүй байж гэх ярианд орохыг хүсэхгүй. Улаанбаатарын утааг шийдье гэвэл тэдний нэг жижиг хотын, багахан дүүргийн хэмжээний асуудал. Гэтэл яагаад тэгдэггүй юм. Яг үнэндээ манай талд учир их бий. Сайжруулсан түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Хятадаас манайхан авахдаа үйлдвэрлэгдэхээ байчихсан, хоцрогдсоныг хамгийн хямд үнээр авчрах жишээтэй. Тэгээд монголчилж нэг жил ашиглан сонгууль давдаг. Монголын дунд, доод шатны дарга нарын, тэдэнтэй хамтардаг аж ахуйн нэгжийнхний үйлдэл шүү дээ. Тэр ажилд Хятадын төрийн бодлого хамаагүй. Монголын Засгийн газрын тэргүүн анхаарал тавих боломжгүй бүтэц. Ингээд л дампуурдаг. Одоо аймгуудад баригдах дулааны станцуудын ажил ч ийм л төрийн дунд, доод шатны дампууралтай холбоотой. Наад зах нь энэ бүгдийг том зургаар нь эмхэлж цэгцлэх Ерөнхий сайдын бодлого бол AI технологи, цахим засаглал… гэхчлэн хүний оролцоог багасгасан технолгийн засаглал, ногоон шилжилт юм. Энэ бүх зорилго, зорилтуудын хамтрагч нь хаяа залгаа урд хөршийн технологийн компаниуд. Гээд логикоор нь хөөвөл их ажлууд эхэлж байна.

Ингэхээр энэ удаагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал бүхэлдээ логиктой, урьдчилсан бэлтгэл ажлууд хангагдсан, алсын зорилготой айлчлал болсон. Дахиад ч олон удаа урд хөршид очих байх. Ингэж байж л үр дүн нь төгс гарна. Гэхдээ энэ бол миний л бодол.

Албан мэдээллүүд дунд жаахан бүрхэгдүү харагдаад байгаа нэг арга хэмжээний талаар сэтгүүлчийнхээ хувьд бодсоноо хэлээд Шанхайн тэмдэглэлээ өндөрлөе. Хятадын сэргээгдэх эрчим хүчний акул “Envision En­ergy” компанийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ танилцсан. Эрчим хүчний хуримтлуур буюу батерей үйлдвэрлэгч, салхин трубин… гээд дэлхийд тэргүүлэгч компани юм. Багануур дүүрэг дэх батерей хуримтлуурын 50 МВТ-ын станцад хөрөнгө оруулсныг хүмүүс мэднэ. Энэхүү аварга группийн захирал нь 1976 оны залуу. Хятадын хамгийн залуу тэрбумтандаа орно. Хоёр дахь үеийн өв залгамжлагч энэхүү олигархын эцэг нь бараг дэлхийн цутгалтын үйлдвэрлэл, технологийн “хаан” гэж яригддаг хүн. Монголын авто зам, гүүрэн байгууламж, метро… ер нь бүтээн байгуулалтын бүх шатанд цутгалтын технологи, үйлдвэрлэл ирээдүйд маш чухал. Өв залгамжлагчтай нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч болсон юм. Аавтай нь цутгалтын технологи дээр яагаад хамтарч болохгүй гэж. Л.Оюун-Эрдэнийн гадаад томилолт иймэрхүү л логиктой харагдаж байна лээ.

Энэ мэтчилэн Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийн “Шанхайн экспо”-н айлчлалын үеийн уулзалт нэг бүр, МонголХятадын хооронд байгуулсан баримт бичиг нэг бүр дээр аналитик байдлаар хандвал хүмүүс төдийлөн анзаарахгүй зүйлс их бий.

Монголын дотоодод болж байгаа улс төр, маргаан мэтгэлцээн, нохой шуугиулалт бол яах вэ. Савнаасаа хальж болохгүйгээ хаа хаанаа мэдэхтэйгээ болсон биз. Харин хилийн цаана бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон улс төр болоод том шийдвэрүүд бол улс орны хувь заяа юм. Аж ахуйн нэгж, иргэн бүрд хамаатай, дүгнэх нь хүн бүрд нээлттэй айлчлал. Гэхдээ ийм хэмжээний айлчлалыг сошиал орчин дахь ганц нэг хүний дагагчдын үзэл бодол, байр сууриар биш, ганц хоёр улстөрчийн хэвлэлийн бага хурлаар бүр ч биш, институтийн хэмжээнд, ядаж мэргэжлийн редакцуудын түвшинд үнэлж дүгнэх нь улс орны ирээдүйд хэрэгтэй. Судалгаатай, харьцуулсан байдлаар, өмнөх хойдох түүхийг сөхөж, өмнөх хойдох хөрштэй холбож бичье гэвэл цаг хугацаа хэрэгтэй. Мэдээллийн хурд тийм боломжийг сэтгүүлчид олгохгүй байна. Гэхдээ энэ тэмдэглэлийг уншсан хүн өөрийн гэсэн дүгнэлтээ хийнэ. Шүүмжлэх ёстой. Үйл явдал цааш мэдээж өрнөнө. Харж байгаад нийтлэлээ үргэлжлүүлэх болно.

 

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 19 аймгийн 37 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 72 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1124 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1124 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ манай улс хамтран зохион байгуулах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт зарим улсын төрийн тэргүүний хамт оролцоно.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хандгай агнахаар явсан “анчид” туулай хөөгөөд төөрчих юм даа DNN.mn

Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед Соёлын сайдын багцад оногдсон 18 тэрбумыг нийгмээрээ шуугьж, “паа пүү” болцгоож байна. Цаана нь төсвийн илүү зардал 3.6 их наяд төгрөг гэж яригдаж байгаа. Энэ бол асар том тоо. Хэл ам дагуулж, шуугиан болсон 18 тэрбумаас чинь 200 дахин их мөнгө гээд бод доо. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум ам.доллар гэсэн үг. Гэтэл нийгмийн анхаарал ерөөсөө ийшээ тусахгүй байгаа нь хачирхалтай. 18 тэрбумаа тойроод л мөлжөөд байх юм.

Ч.Номинг “Энэ их мөнгөөр ард түмнийг хир буртагнаас нь салгаж, социализмын үеийн соёлын довтолгоог үргэлжлүүлэх юм гэнэ” гээд л элдвээр зүхсэн пост хаа сайгүй хөвөрч байна. Нийгмийн сүлжээнд инфлүүнсэрүүд ам ангайх болгондоо 18 их наядыг өлгөж авч, Соёлын сайд руу сүрэглэн дайрч байгаагийн цаад шалтгаан юу юм бол. Хар массыг удирдан улс төр хийж байгаа юм биш биз? Энэ бүхний цаана төсвийн 3.6 их наядын тэлэлтийг Соёлын яамны 18 тэрбумаар халхавчлаад авч үлдэх найруулга яваа юм биш үү.

Шуудхан хэлэхэд, нийгмийн анхаарал тэр чигтээ 3.6 их наяд гэсэн аварга тоон дээр биш Ч.Номин гэдэг хүн рүү л фокуслагдаж байна. Фокуслагдаж байна ч гэж мөнгөний эрх ашгаараа нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс нийгмийг, массыг зөвхөн энэ зүгт фокуслах үүргийг сошиал нөлөөлөгч, инфлүүнсэр, сэтгүүлч гэж өөрийгөө дөвийлгөсөн лайвчин, постчингуудад өгсөн хэрэг л дээ. Эрх мэдэлтэй, хөрөнгөлөг нөхдөөс мөнгө авсан лайвчин, постчингууд ч ажлаа маш сайн хийж байна. Үр дүнд нь захын таксины жолооч “Төсвийн зарлага Номингоос болж өслөө. Баян айлын бандгар охин л төсвөөс мөнгө идэж байна” хэмээн толгой сэгсэрч явна. Харин нөгөө талд, тээр дээр суудаг эрх мэдэлтэй нөхдүүд төсөв нэрээр завшиж буй их мөнгийг нь анзаараагүйд баясаастай, даалгавраа амжилттай гүйцэтгэсэн сошиал инфлүүнсэрүүд дансан дахь мөнгөндөө дүүрэн жаргалтай сууцгааж байгаа байх.

Ердөө ирэх долоо хоногийн сүүлчээр 2025 оны улсын төсөв батлагдах хуулийн хугацаа дуусна. Нийт 60 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараа үрэлгэн зардлыг танах асуудлыг гэнэтхэн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүд гаргаж ирсэн. Одоо тэдэн дээр Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Ш.Бямбасүрэн, Г.Уянгахишиг, Н.Номтойбаяр, А.Ундраа, М.Сарнай, Д.Пүрэвдаваа, М.Нарантуяа нарын нийт 16 гишүүн нэгджээ. Уг нь эд нар анх хандгай агнах гээд явсан “анчид”. Гэтэл туулай харангуутаа тэрийгээ хөөгөөд төөрчихлөө. Зүгээр ч үгүй өнөөх туулайн дээрээ улаан хэрүүл босгож байна. 3.6 их наядыг ярихгүйгээр 18 тэрбумын тухай бичдэг болгон нь сэвж, амтай бүхэн нь зоргоороо солиорцгоох болов.

Зарим хэвлэл мэдээллийнхэн хүртэл зориуд өдөөж байна. Нийгмийн анхаарлыг тэр чигт нь 3.6 их наяд дээр биш 18 тэрбум руу авчирч чадлаа. Эндээс харахад ард түмэн чинь ямар мунхаг болчихсон юм бэ.

Ингэхэд та нар 18 тэрбум 3.6 их наяд гэдэг хоёр тооны ялгааг мэдэж байна уу. Энэ 3.6 их наяд төгрөгийг ард түмний төлөө юунд зарцуулах нь тодорхойгүй сул мөнгө маягтай зүйлийг УИХ-ын гишүүд чинь яриад байна шүү дээ. Сүүлдээ гишүүддээ тав,таван тэрбумаар нь өгнө гэсэн асуудал ч ил цагаандаа туллаа. Үүн рүүгээ анхаараач ээ, ард түмээн. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгө гэдгийг ухаарах хэрэгтэй. Та нарыг “анчдын” хөөж байгаа туулай руу шуурч байх хойгуур 3.6 их наяд сул хэвтээд байгаа юм биш үү. Энэ их сул мөнгө хүмүүсийн анхааралд орчих вий гэхээс Сангийн сайдаасаа авахуулаад навталзаж байна. Тийм ч учраас л мартагдах гэхээр нь л 18 тэрбумыг асаан гаргаж ирж байна.

Сайд нь “сэтгэл сэргэтэл шүүмжлүүллээ” гэж мунхаг ард түмнийг улаан даавуу харсан бух шиг л улангасуулж чадаж байна. Энэ хүүхдэд өгөх өчүүхэн мөнгө л төслийг алдагдалд оруулсан мэт ард түмэн нь орилолдож тэдний бах тавыг хангана. Театр клубийн эрхлэгч нар жагсаалаараа гарч ирээд л хоёр тоо нийлүүлж бодно гэхээс л үстэй толгой нь арзайдаг ард түмнээ улангасуулж байна. 18 тэрбум 3.6 их наядаас 200 дахин бага мөнгө шүү гэдгийг дахин хэлье. Наадахаа болиод тэр нэг тэрбум доллар эзэнгүй хэвтэж байгааг хасах талаар ярилцаач ээ. Аливаа асуудлын голыг олж дуугарч баймаар байна. Хэн нэгнийг дагаж хөөрцөглөн намирдгаа л больчих хэрэгтэй. Сэтгэлээ барьж, аливаа зүйлд хэрсүү хандаж юмны учрыг тунгааж дуугардаг болъё.

Ерөнхийдөө парламент 126 гишүүнтэй болсон нь оносон байна. Гэнэтхэн тойргоос сонгогдсон хуучин гишүүдэд 600 тэрбумыг хувааж өгөх асуудал гарч ирсэн талаар Сангийн сайд ярьсан байна лээ. Өмнөх шиг 76 гишүүнтэй байсан бол энэ мөнгөнөөс хүн тус бүрд найман тэрбум хавьцаа төгрөг оногдоно. Сул мөнгө гэдэг чинь энэ. Ийм их хэмжээний мөнгө авсан гишүүд төсвийг шүүмжилнэ гэж үү. Тэрэн шиг үлгэр байхгүй. Тэгвэл одоогийн 126 гишүүндээ тус бүр найман тэрбумыг хуваарилбал нэг их наяд төгрөг давна. Ийм их хэмжээний мөнгийг бүгдэд нь ард түмнээс нууж өгөх арга байхгүй. Тийм болохоор энэ гишүүд төсвийг шүүмжлээд бужигнаад байгаа байх. Гол нь тэд байгаа онохгүй, өөрсдөдөө оноо авах гэсэн попрол юм шиг харагдаж байгаа юм. Үнэхээр л ард түмний энэ их хөрөнгийг хамгаалж байгаа юм бол аажуу уужуухан ул суурьтай хөдлөх хэрэгтэй шүү гишүүд ээ. Тэртэй тэргүй төсөв баталж чадахгүй бол УИХ тардаг хуулийн заалтыг аваад хаячихсан юм байна. Одоо та нар юундаа яарах билээ. Дахиад нэг нэгээр нь ухаж гаргаж ирээд ард түмэндээ үзүүлж харуулаад баталбал батлаад үгүй бол хасаад аажуу уужуу үзээд байхад шинэ он гартал зай байна шүү дээ. Ийм хөгийн, ард түмнээ шулах төсөл оруулж ирсэн Сангийн сайдтай бол хатуухан хариуцлага тооцонгоо ажлаа явуулж байхад болох юм байна. Үүн дээр Ардчилсан намынхан бол илүү сайн ажиллана биз.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр хагарна, нэг нь сунгагдана нөгөө нь үгүй гээд байгаа” DNN.mn

“Хааны ордонд сонссон  бүхэн чиний дотор бөглөөтэй үлдвэл зохино” гэж Эртний Грекийн ёгт үлгэрийн зохиолч, философич Эзоп хэлжээ. Энийг дагавал чихээ бөглөөд амаа хамхиад дуугай л сууж баймаар. Гэвч болдоггүй ээ. Бөглөөтэй үлдээж болохгүй нь. Хэлэхээс аргагүй хоёр том шалтаг байна.

Нэгдүгээрт: Ордон ойрд хэрүүл уруул дуулиан шуугиан хөл хөдөлгөөн ихтэй байна. Ноцтой гэхээр олон олон огцом явдал боллоо. Одоо ч үргэлжилсээр.

Хоёрдугаарт: Элэг нэгтнүүд минь хэн нэгний хаа нэгтээгээс шидсэн чулууг хамхуул мэт даган хуйларчих юм. Салхи хаанаас үлээгээд байгааг биш, салхинд юу хийсээд байгааг л харах юм. Бид шинж тэмдгийг бус уг гарвалыг нь анзаардаг хэрсүү ард түмэн болох хараахан болоогүй нь бололтой.

Энэ хоёр шалтгийн улмаас Ордон хавиар ойрд болсон явдлуудыг жаал жуулхан ч болов ойлгуулахыг оролдъё.

Олон талын ашиг сонирхол оролцсон. Эвлэх аргагүй хүмүүс, үйл явдлууд энд нэгдсэн. Улс төрд учир утгагүй юм гэж байдаггүй.

УИХ-аар 2025 оны төсвийг, Нийслэлийн шүүхээр сэтгүүлч Өнөрөөгийн хэргийг хэлэлцэх хоёр давхцав. Өнгөн талаасаа огт хамааралгүй хоёр сэдэв.

Тэгтэл нэг талаас нэгээр нь шуугиулж нөгөөг нь сарниулах арга хэмжээг зохион байгуулав.

Сэтгүүлч Өнөрөөгийн асуудал дээр сэтгүүлчид нэгдэж олон нийт анхаарвал аюул болно. Дэлхийн шившиг болно. Арай гэж тал засаж намдаасан НҮБ-ын муухай зан хөдөлнө. Ер нь энэ сэтгүүлчийн асуудал бол улс төр. Яагаад шүүх дээр бүх дуулиант хэрэг гацаад ганцхан сэтгүүлч Өнөрөөгийн хэрэг маш шуурхай яваад байна вэ. Авлигын бүх том хэрэг шүүх дээр дарагдсан. Хуулийн хувьд шийдвэрлэх боломжгүй гэдэг тайлбартай. Гэтэл Өнөрөө дээр боломжтой болдог. Бусдыг нь бариад байна. Тэгэхээр шүүх байхгүй. Дарга бол шүүх. Ийм дүгнэлт гарна. Сэтгүүлч Өнөрөө нэгэн бүлэг найзуудын эвгүй сүлжээний үзүүрээс атгаад авчихсан байдаг. Төмөр зам, төрийн өмчүүд, ашигт малтмал, Эрдэнэтийн сүлжээ, БХЯ-ны мод тарих нэртэй нууц гэрээ рүү орчихжээ. Ингээд гаргаж тавихаар төлөвлөж, энэ ажиллагаагаа эхлүүлсэн өдрөө “Төрийн нууц задруулсан” үндэслэлээр баригдсан. Тэр үед нь Энхбаяртай ч муудалцуулж харагдуулахыг чадварлаг хийсэн. Баривчилгаа нүүрсний сонсголтой давхацсан. Дарга шүүгч нар руу утасддаг. Одоо ч утасдсаар байна. Ингэж хууль биш хувь хүн засаглаж байгаагаа улайран нотолсоор байна. Одоо сэтгүүлч Өнөрөөд хоёр гарц байна. Нэг бол өршөөл гуйх. Тэгээд бүх насаараа дуугүй явах. Эсхүл тэр “Би найзуудынх нь ийм схемийг илчилсэн. Намайг тэр, тэр, тэр гэдэг хүмүүсээр дуудуулж уулзсан. Өрөөнд нь орж уулзсан. Энэ асуудлыг ярьж болохгүй шүү дээ. Тэгвэл чамайг хийнэ шүү гэсэн. Хоригдож байхад энэ асуудлаар оролдохгүй бол түр гаргая даа гээд баярын өдөр гаргасан” гэдгээ яриад тэмцэх. Аль замаар явах нь Өнөрөөгийн шийдэх асуудал. Ард нь ийм л шалтгаан байгаа. Үүнийг улс төрийн хүрээнийхэн, мэдээлэлтэй хүмүүс мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс даргыг тэр шүүх хурлыг сарниулах тактик хэрэгжүүлэхэд нөгөө талаас бас нэг сонирхол нэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Төсвийн хэлэлцүүлэг хоёр дахь шат руугаа орчихсон буцаж задрах хийгээд өөрчлөгдөх боломж нь хаагдсан үе. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ айлчлал гээд хамаг том сайдаа дагуулаад төсвөө хаяад явчихсан. Тэр үеэр УИХ-ын гишүүн голдуу нам намын гишүүн хүмүүс уулзаж хуралджээ.

Хэн хэн гарч ирж төсөв ярьсан бэ гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Баялгийн санд 34 хувиа хандивлах болчихоод байгаа хоёр том компани, Оюу толгойн авлига нь дахин сөхөгдсөн сайд асан, бас цагийн сайханд Монголын эзэн гэгдэж явсан, нам дамнасан том фракцын тэргүүн зэрэг хүмүүсийн төлөөллүүд байв. Тэд хурлаараа “Акци хийе. Ерөнхийлөгчөөр хориг тавиулъя. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр хагарах гээд байгаа. Наад хоёр чинь нэг нь сунгагдах гээд нөгөө нь үгүй гээд байгаа. Энхтүвшин Танхимаа Баатарсайханд өгч болохгүй. Баатарсайханыг Ерөнхий сайд дэмжээд байна. Уур амьсгалыг өөрчилье” гэж ярьж. Ер нь Хэнтийн ах дүү хоёр хэрэлдээд байна гэдэг Ордны бор шувуу нисээд удаж байгаа. Энэ сайхан өгөөш. Тэд энийгээ хэрэгжүүлэхээр зарим том намын генсек рүү ч ярьж тэр нь дэмжихээ хэлсэн байна. Сайд асан нь Монголын бас нэг монополь компанийн захирлын эгч УИХ-ын гишүүнийг дуудаж уулзжээ. Дэмжлэг хүссэн байна. Эгч гишүүн гараад дүүдээ ярьсанд “За эгч минь их л сайн бодоорой доо. Наадуул чинь тэгж байгаад нийлчихдэг юм шүү” гэжээ.

Тэгээд төсвийн булхайг ухав. Урьд жилүүдийн төсвүүдийг энэ жилийнх шиг ухсан блл ийм дэл сул зардал байсаар л ирсэн. Байдаг зардлууд гэсэн үг. Гэхдээ артай сайд нар нь аймаар дүнтэй зардал тусгасан нь тохиолдол цөөнгүй байна. Энэ нь төсвийг шүүх барьц болсон хэрэг.

Ийм найруулгатай үйл ажиллагаанууд явагдаж эрх ашгуудын хоршсон хөдөлгөөн ажилласан гэсэн үг. Үр дүнд нь парламент хауст орж Ерөнхийлөгчийн засаглал зөв юм байна гэдэг нотлолгоо руу гулслаа. Ерөнхийлөгчийн дараагийн бүрэн эрхээ сунгаж Монголд авторитар дэглэм тогтоох суурь тавигдаж байна. Ийм арчаагүй парламенттай байхаар тэр нь ч дээр байж болох юм. Тунгаацгаана биз.

Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин туулай өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 11, Сумъяа гариг. Билгийн тооллын 10, Шувуун хошуут одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 07:53 цагт мандаж 17:20 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -10…-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ерөнхий сайдыг бөгс өндийхийн зуурт ар хударгаар нь өрнөсөн улс төр” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа. Тэрбээр “Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэгтэй” дээр цөөвөр чонос мэт цугларч, иргэдийг турхирч байна” Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхий сайдыг сайн шүүмжилье, тэгж байж л Л.Оюун-Эрдэнэ өөрийн цаг үеийг бүтээнэ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ерөнхий сайдыг бөгс өндийхийн зуурт ар хударгаар нь өрнөсөн улс төр” хэмээн өгүүллээ.

Б.Жавхлан: хуулиар Монгол Улсыг өрийн хязгааргүй болгочихсон байсан хүн бол г.Тэмүүлэн гишүүн шү

“Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр хагарна, нэг нь сунгагдана
нөгөө нь үгүй гээд байгаа”

“Цаг ашиглалтын судалгаа-2023”- ы н үр дүнгийн талаар Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэгтэй ярилцлаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Гаагийн шүүхийн өмнө ардчилсан улс гэдгээ нотлоход 30 хоног үлдлээ

Арын нүүр: Хэт чихэрлэг ундаа, амттанууд хүүхдийн элгийг
гэмтээдэг


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Ерөнхий сайдыг бөгс өндийхийн зуурт ар хударгаар нь өрнөсөн улс төр” хэмээн өгүүллээ