Categories
гадаад мэдээ

Марк Рютте: Путин юу гэж бодох нь хамаагүй зүйл DNN.mn

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте энэ сарын 14-ний даваа гаригт Германы Висбаден хотод байрлах НАТО-гийн Украины аюулгүй байдлын тусламж, сургалтын байгууллага болох NSATU(NATO Secu­rity Assistance and Training for Ukraine)-н төв байранд анх удаа зочилж “НАТО Оросын заналхийллээс айхгүй байгаа бөгөөд Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж байгаа Украиныг дэмжсээр байх болно” гэж мэдэгдсэн байна. Рютте энэ үеэр Ройтерс агентлаг болон Германы олон нийтийн хэвлэл, мэдээллийн Hes­sischer Rundfunk(HR) компанид ярилцлага өгч “Бидний энэ удаагийн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд өгч буй мессэж бол Украины тусламжаа бид үргэлжлүүлэх болно. Түүнийг зорилгодоо хүргэхгүй байхад шаардагдах бүх зүйлийг хийх болно. Украин баталгаатай ялах болно гэдгийг ойлгуулах явдал” гэж хэлжээ. Мөн Ройтерс агентлаг “Хойд Атлантын холбоог шүүмжилдгээрээ алдартай, төрийн тэргүүн асан Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд очих магадлалтай байгаа үед НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Украиныг гуйвшгүй дэмжинэ гэдгээ олон нийтэд хүргэж байна” гэж тэмдэглэсэн байна. Марк Рюттег Висбаден дахь Украиныг дэмжих төлөөлөгчийн газрын төв байранд айлчлах үед Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мөн түүнтэй хамт байлцсан бөгөөд түүнийг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргатай хаалттай хаалганы цаана хэлэлцээ хийсэн гэж HR өөрийн цахим хуудастаа бичээд “NSATU-ийн шинэ төв байранд 330 цэргийн албан хаагч ажиллах бөгөөд 200 нь энд аль хэдийнэ ирж байрласан байна. NSATU-ийн төв байр яг хэзээ бүрэн хүчээр ажиллаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ шинэ байгууллагын зорилго нь Украинд зэвсэг нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Украины армийн цэргийг сургах зэрэг асуудал юм” гэжээ. Харин Ройтерс агентлаг “АНУ-ын цэргийн баазын нутаг дэвсгэрт байрлаж буй NSATU нь Бельги дэх эвслийн төв байранд байрладаг НАТО-гийн төлөөлөгчид болон Польш, Румын дахь ложистикийн төвүүдийн ажилтнууд зэрэг нийт 700 орчим албан хаагчдыг хамран ажиллах төлөвтэй байна” гэж мэдээлжээ.

Германд 2026 оноос Вашингтон түр байрлуулахаар төлөвлөж буй алсын тусгалын пуужингуудын ажиллагааг хангах үүрэгтэй АНУ-ын цэргийн анги мөн энэхүү Висбаден хотод байрлаж байгаа аж. НАТО энэхүү арга хэмжээг Берлинээс 500 км-ийн зайд орших Калининградад байрлаж буй Оросын пуужингийн аюул заналхийллийн хариу арга хэмжээ гэж байгаа бол ОХУ Германд алсын тусгалын пуужин байрлуулах шийдвэрийг өдөөн хатгалга гэж байгаа билээ. Тэгвэл НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Висбаден хотод айлчлах үеэрээ энд АНУ-ын пуужин байрлуулах төлөвлөгөөг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ тухай Германы олон нийтийн хэвлэл мэдээллийн HR компани “Рютте АНУ-ын алсын тусгалын пуужингууд энд байрласнаар Висбаден хот Оросын цэргийн боломжит бай болж хувирна гэдэгт бид санаа зовохгүй байна. Учир нь хэн ч байсан бидний эсрэг хуруугаа хөдөлгөхөд л НАТО өөрийгөө хамгаалах болно” гэж хэлснийг онцлон дурджээ. Мөн Нидерландын ерөнхий сайд асан “ Хэлсэн хийсэн нь байнга зөрж байдаг Путиныг юу бодож байгаа бол гэж бодохоо би олон жилийн өмнөөс больсон. Иймээс Путин юу гэж бодох нь хамаагүй зүйл” гэж хэлснийг онцолжээ. Үнэхээр ч дарангуйллын дэглэмд хуулийн заалтууд бус зөвхөн дарангуйлагчийн үг хуулийн үүрэг гүйцэтгэдэг. Иймээс удирдагч нь юу дуртайгаа ярьж, хэлсэн хийсэн нь байнга зөрж байдаг. Харин ардчилсан улсад худлаа ярьсан улстөрч хуулийн хариуцлага хүлээх учир тэд дарангуйлагч шиг санасан зоргоороо, хамаа намаагүй бураад байж болдоггүй билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгээр хэвлий тус газарт нь буудаж нэгнийгээ гэмтээжээ DNN.mn

Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага аравдугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 34 настай эрэгтэй Э нь 50 настай эрэгтэй Э-гийн хамт архидан согтуурсан үедээ маргалдаж галт зэвсгээр нэг удаа хэвлийн тус газарт буудаж, гэмтээсэн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, уур бухимдлаа тэвчиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

РЕДАКЦЫН БУУХИА: “Өдрийн сонин”-ы үйл ажиллагааг танилцуулж байна

“Өдрийн сонин”-ы хамт олон уншигчдын гарт 7560 дахь дугаараа хүргэхээр ажиллаж байна. NTV телевизийн  сурвалжлах баг хариуцлагатай эх сурвалжуудын нэг болох “Өдрийн сонин”-ы редакцаар зочиллоо.

 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзав DNN.mn

Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй  уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд Халхын голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ойн мэнд дэвшүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон талаар дурдав.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдаа, банк санхүү, зам, тээвэр, эрчим хүч  зэрэг салбарын хамтын ажиллаганы тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар ярилцлаа.

ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн хэрэгжилтийг  эрчимжүүлэх талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын төв коридорын дагуу Монгол, Орос, Хятад гурван тал хамтран шинэ төмөр зам барих төслийг санал болгон дэвшүүлэв. Ингэснээр ачаа тээвэрлэлтийн нийт хэмжээг жилд 60 сая тонн-д хүргэх боломжтой гэв.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан  байгуулах нь чухал бөгөөд энэ нь хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд тэмдэглэв. Мөн Эгийн голын УЦС төсөлтэй холбогдуулан  байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр болсныг дэмжиж байгааг Монголын тал илэрхийллээ.

Ирэх арванхоёрдугаар сард Москва хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 26 дугаар хуралдааны бэлтгэлийг сайтар ханган хуралдуулж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа харилцан илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

40 саяын машин бэлгэнд авсан жолооч Г.Болдбаатар: Сэтгэлийн дэм, урам хайрласан хүмүүст талархаж байна DNN.mn

Автомашин нь галд өртсөний улмаас их хэмжээний төлбөрт орсон Г.Болдбаатарт хамт ажилладаг жолооч нар нь нийлж 40 сая төгрөгийн автомашин бэлэглэсэн эерэг мэдээлэл цахим сүлжээнд тархаад байгаа билээ. Түүний баярт мөчийг хуваалцаж, цөөн хором ярилцлаа.


-Юуны түрүүнд хамт олондоо хандаж юу гэж хэлмээр байна?

-Хамт олондоо маш их баярлалаа гэж дахин, дахин хэлье. Манай хамт олон бол их мундаг сэтгэлтэй, хөдөлмөрч залуус байдаг. Сэтгэл гаргаж энэ бүхнийг санаачилсан жолооч нартаа талархаж, алтан шар зам нь өлзийтэй байхыг хүсье. Мөн хандивын аянд нэгдсэн ах дүү, найз нөхдөдөө бүгдэд нь баярлаж байгаагаа хэлье. Цахим орчинд хүмүүс их эергээр хүлээж авч байгаа нь сайхан байсан. Хамт олон маань сэтгэлийн дэм, урам хайрлаад, хамгийн сайхан бахархам зүйл болсон доо. Цаашид энэ их итгэлийг нь алдахгүйн төлөө хичээж ажиллана.

-Тухайн харамсалтай зүйл хэзээ, хаана болсон юм бэ?

-Улаанбаатар хотоос Дорнод чиглэлд есдүгээр сарын 27-ны өдөр карго ачаа ачиж гарсан. Жаргалтхаанаас Хэнтий орох замд буюу Чандганы тал дээр явж байхад машины маань дээд хэсгээс гэнэт утаа гараад л шатчтхсан.

-Та ам бүл хэдүүлээ амьдардаг вэ. Хэдэн жил жолоо барьж байгаа вэ?

-Би Дорнод аймгийн Булган сумын харьяат. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 2001 онд жолооч болоод ЗИЛ-130 машиныг тав, зургаан жил бариад 2013 оноос хойш том тэрэгний жолоочоор ажиллаж байна. Хүүхдүүд маань бага байгаа учраас аль болох зөв хүн байгаасай гэж ярьж, зөвлөдөг.

-Хот хооронд том тэрэг жолоодоход ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгардаг уу?

-Манай Дорнодын зам эвдрэл гэмтэл ихтэй учраас холын тээвэрт явахад хүндрэлтэй тал бий. Мөн тээврийн хөлс, зардал дээр нэлээд асуудалтай байдаг. Өөр ч тулгамдаад байгаа зүйл алга даа.

 

Г.Балгармаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчийг сайд зоджээ DNN.mn

Дарханд томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагч тэнд ажиллаж байсан төрийн сайдтай уушийн газар санаандгүй тааралджээ. Сайд уг албан хаагчийг мэдсэн даруйдаа золбин нохой харсан мэт хөөсөн гэнэ. Албан хаагч ч сайдын хөөсөн даруйд гараад ухасхийсэнгүй. Бас ч гэж нэр нөлөө, нас цолоо бодсон ч тэгэх хэмжээний хүн биш гэнэ. Ингэж алгуурласан нь уг албан хаагчийг “бүдүүн хүзүү” гарган гарч яваагүй гэсэн хэрэгт унагажээ. Унагаад зогссонгүй бүүр сайдад хоёр ч удаа алгадуулж байж нэг юм салсан гэнэ. Салах ч юу байх вэ, сайдыг дагаж явсан хүмүүс салгажээ. Сайд тэнд хүмүүстэй уулзаж байсан юм байх. Түүнчлэн сайд уг албан хаагчийг ингэж зодчихоод сэтгэл нь ханаагүйгээр барахгүй “тэр сайдын” гэж уг зодуулсан төрийн албан хаагчийн харьяалах яамны сайдын нэрийг хэлээд “золбингууд энүүгээр дахиж үзэгдвэл ална” гэж уушийн газраар нэг орилон заналхийлжээ. Уг сайд МАН-ын нөлөө бүхий гишүүн сайд байсан нь ийм бардам, ихэрхүү байхад нөлөөлсөн аж. Нэг намын сайдууд байж ийм араншин гаргаж байгаа нь тэд хоорондоо дайсан мэт болжээ. тэр сайдын попрол нь ихдээд, энэ сайдынхаа дургүйг хүргэжээ гэж эх сурвалжууд таамаглаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1126 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1126 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг шинэчилж, төлөвлөсөн хугацаанаас өмнө хөдөлгөөнийг нээлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Отгонжаргал: Такси үйлчилгээ явуулах зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгоно DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалтай таксины зөвшөөрлийн талаар ярилцлаа.


-Өнөөдрийн байдлаар такси үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хэдэн иргэн, аж ахуйн нэгж /ААН/ авсан бэ. Таксины зөвшөөрөл олгох хугацаа нь үргэлжилж байгаа юу?

-Албан ёсоор такси үйлчилгээ эрхэлж байгаа таван ААН-ийн 251 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Зөвшөөрлийг шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлээд ирсэн тохиолдолд олгож байгаа. Манай улсад 1990 оноос хойш такси үйлчилгээ эрхэлдэг компаниуд бий болсон. Албан ёсны такси 2002 онд 3400 хүрч байсан гэсэн статистик мэдээлэл бий. Такси үйлчилгээ явуулдаг ААН-үүд албан ёсны шаардлагаа хангаагүйн улмаас хасагдсаар байгаад одоо 251 такси явдаг болсон байна. Иргэдэд хүртээмжтэй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан такси л шаардлагатай байгаа юм.

-Орон нутгийн ААН-үүд зөвшөөрөл авсан уу. Ямар таван ААН энэ зөвшөөрлийг авсан юм бэ?

-Одоогоор орон нутгаас ААН бүртгүүлээгүй. “Вип такси” ХХК, “Стар авто трэйд” ХХК, “ТБ сервис”, “Мөнх такси” ХХК, “Юбикаб бригада хоршоо” ХХК гэсэн таван компани бүртгүүлсэн.

-Ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Такси үйлчилгээ эрхлэхэд тавигдах ерөнхий шаардлагуудыг тусгасан 2013 онд баталсан стандарт бий. Тус стандартад зааснаар такси үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь техникийн болон хүний нөөцийн чадавхтай байх ёстой. Дэлгэрүүлбэл, тухайн ААН мэргэшсэн боловсон хүчинтэй, татварын өргүй, засвар үйлчилгээ, угаалга хийх газартай, жолооч нь дүрэмт хувцастай, машин нь таних тэмдэгтэй, техникийн оношилгоонд хамрагдсан байх ёстой.

-Зөвшөөрөлтэй таксиг яаж таньж үйлчлүүлэх вэ?

-Зөвшөөрөлтэй такси нь өөрийн ААН-ийнхээ нэр хаягтай, такси гэсэн бичиглэлтэй байх ёстой.

-Километр тутмын үнийг нэгдсэн журмаар тогтоож өгсөн үү. Эсвэл ААН-үүд өөрсдөө тогтоох уу?

-Авто тээврийн тухай хуульд зааснаар тээвэрлэгч буюу ААН Нийтийн тээврийн бодлогын газартай харилцан тохиролцож үнийг нь тогтоодог. Одоо албан ёсны үнэ нь нэг километрийг 1500 төгрөгөөр тооцож бодогдоно.

-Зөвшөөрөлгүй таксиг яаж ирлүүлэх вэ. Хэрэв би хоёр найзыгаа ажлаас нь очиж аваад гэрт нь хүргэж өгвөл намайг торгох уу?

-Зөвшөөрөлгүй таксиг иргэд мэдээлж болно. Мөн хяналт шалгалтаар энэ зөрчлийг илрүүлнэ. Ноднин жилийн арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-аас тогтоол гаргасан байдаг. Тус тогтоолоор такси үйлчилгээ явуулах зөвшөөрлийг ААН-д олгож, иргэнд олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Хоёр найзыгаа хүргэж өгсөн тохиолдолд таныг торгох үндэс-лэл байхгүй. Яагаад гэвэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхлээгүй шүү дээ.

-Зөвшөөрөл авахын тулд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө гэсэн шүү дээ. Яагаад ийм хэмжээний хураамж төлж байгаа юм бэ?

-Хот доторх, хот орчим гэх мэтээр зорчих чиглэлээсээ хамаарч хураамж нь өөр, өөр байх юм. Хэдэн төгрөгийн хураамж төлөхийг НИТХ-аас тогтоодог.

-Улс орнууд такси үйлчилгээгээ хэрхэн зохицуулж байна вэ. Олон улсын стандарт ямар байдаг вэ?

-Манай улс олон улсын жишгийг дагаж байгаа шүү дээ. Тусгай зөвшөөрөлтэй, төлбөр тооцооны хэрэгсэлтэй, таних тэмдэгтэй, зүүн талдаа жолооны хүрдтэй, зорчигч баруун талаар нь буух нөхцөлийг хангах зэрэг стандартын шаардлага байдаг. Японд жолооны хүрд нь баруун талдаа байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Хууль дүрмийг бид мөрдөж, хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Яагаад буруу талдаа жолооны хүрдтэй таксигаар үйлчлээд, зорчигчийг замын зорчих хэсэг дээр буулгахыг хүмүүс зөвшөөрөөд байгаа юм бэ. Тиймээс зөв талдаа жолооны хүрдтэй такси үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ.

Ө.АНХЗАЯА