Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ болон Хошой аваргатай өсвөр үе залуучуудын 2024 оны УАШТ өндөрлөлөө DNN.mn

Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр ба Залуучуудын 2024 оны Улсын аварга шалгаруулах барилдаан гурван өдрийн турш Монгол бөхийн өргөөнд амжилттай үргэлжилж , энэ цаг мөчид дүнгээ гаргаж байна.

Өсвөрийн шигшээ барилдаанд 10 бөх шалгарч тойргоор барилдсанаас бага буюу 16 насанд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Отгонбаатарын Сумъяабазар 9 даваа, нэг ч унаагүй түрүүлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Орхон аймгийн харьяат, Орхон БТСГ-ын бөх Төмөрбаатарын Ган-Эрдэнэ 7 даваа, 2 унаатайгаар дэд байрт шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Улаанбаатар хот БЗД-ийн харьяат, Баянзүрх БТСГ-ын бөх Цэвээндоржийн Өсөхбаяр 7 даваа, 2 унаатайгаар гутгаар байрт шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хөвсгөл БТСГ-ын бөх Баярмагнайн Бадмаанямбуу 5 даваа, 4 унаатайгаар дөрөвдүгээр байр, Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, Хэнтий БТСГ-ын бөх, Амгалангийн Тайванбат 5 даваа, 4 унаатайгаар тавдугаар байр, Архангай аймгийн харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх Бямбадоржийн Буянтогтох 4 даваа, 5 унаатайгаар зургаадугаар байр, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх Эрдэнэбатын Мөнхбаатар 3 даваа, 6 унаатайгаар долоодугаар байр, Архангай аймгийн, Батцэнгэл сумын харьяат, Архангай БТСГ-ын бөх, Эрдэнэбатын Батмагнай 2 даваа, 7 унаатайгаар наймдугаар байр, Ховд аймгийн Булган сумын харьяат, Хан-Уул БТСГ-ын бөх, Болдбаатарын Азжаргал 2 даваа, 7 унаатайгаар есдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, “Тастулек” дэвжээний бөх Бахытжаны Нурайдын 1 даваа 8 унаатайгаар аравдугаар байрт тус тус шалгарлаа.

Энэ насны Уран барилдааны шагналыг Аваргууд академийн О.Мөнхбаатар, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Хутагтын хүчтэн дэвжээний Бат-Эрдэнэд гардуулав.

Дунд нас буюу 17 насны шигшээ барилдаанд 10 бөх шалгарч тойргоор барилдсанаас Тува улсын бөх Ооржак Максем 8 даваа, 1 унаатайгаар тэргүүлж, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, Дархан БТСГ-ын бөх, сумын заан Батсүхийн Мөнхжин 7 даваа, 2 унаатайгаар удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Бат-Өлзийн Ганбаатар 7 даваа, 2 унаатайгаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн бөх Болдсайханы Энхтөгөлдөр 6 даваа, 3 унаатайгаар дөрөвдүгээр байр, Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Хурд” дэвжээний бөх, сумын заан Дашнямын Мөнх-Отгон 5 даваа, 4 унаатайгаар тавдугаар байр, Баян-Өгий аймгийн Сагсай сумын харьяат, Баянгол БТСГ-ын бөх Еркиний Ховланды 5 даваа, 4 унаатайгаар зургаадугаар байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Эв Монгол” клубын бөх Амартүвшиний Буянжаргал 3 даваа, 6 унаатайгаар долоодугаар байр, Улаанбаатар хот, СБД-ийн харьяат, Сүхбаатар БТСГ-ын бөх, сумын заан Жавхланхүүгийн Далайцэрэн 2 даваа, 7 унаатайгаар наймдугаар байр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Сэлэнгэ БТСГ-ын бөх, сумын заан Батсайханы Занданбат 2 даваа, 7 унаатайгаар есдүгээр байр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Баянзүрх БТСГ-ын бөх Мөнхбатын Өсөхжаргал аравдугаар байрт тус тус шалгарав.

Энэ насны Уран барилдааны шагналыг БЗД БТСГ-ын М.Өсөхжаргал, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Сэлэнгэ БТСГ-ын Б.Занданбат нар гардав.

Том буюу 18 насны шигшээ барилдаанд 10 бөх шалгарч тойргоор барилдсанаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Завхан БТСГ-ын бөх, сумын заан Дармаабазарын Нарантулга 8 даваа, 1 унаатайгаар тэргүүлж, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол Төв аймгийн Жаргалант сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, Баянмөнхийн Батжаргал 7 даваа, 2 унаатайгаар удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Өмнөговь БТСГ-ын бөх Санжаасүрэнгийн Баярбаатар 6 даваа, 3 унаатайгаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Орхон БТСГ-ын бөх Цолмонбаярын Цогт-Эрдэнэ 6 даваа, 3 унаатайгаар дөрөвдүгээр байр, Тува улсын бөх Намчаа Сугдер 6 даваа, 3 унаатайгаар тавдугаар байр, Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат, Аварга клубын бөх Ариунтуяагийн Дэмүүл 3 даваа, 6 унаатайгаар зургаадугаар байр, Увс аймгийн харьяат, Увс БТСГ-ын бөх Буянжаргалын Данзанравжаа 3 даваа, 6 унаатайгаар долоодугаар байр, Хөвсгөл аймгийн, Рашаант сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, Гансүхийн Лхагвадорж 2 даваа, 7 унаатайгаар наймдугаар байр, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Эв Монгол клубын бөх Батхишигийн Бумбацогт 2 даваа, 7 унаатайгаар есдүгээр байр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Аварга дээд сургуулийн бөх , сумын начин Тогоогийн Ням-Очир аравдугаар байрт тус тус шалгарлаа.

Энэ насны Уран барилдааны шагналыг БТСУХ-ны Б.Данзанравжаа, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Их богд дэвжээний Х.Жамбалдорж нарт гардуулав.

Харин Залуучуудын 19-20 насны ангилалд шигшээд мөн 10 бөх шалгарч тойрсноос Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Завхан БТСГ-ын бөх, аймгийн начин Батбаярын Сундуйжав 7 даваа, 2 унаатайгаар тэргүүлж, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, Эв монгол клуб, Радиатор Сервис ХХК-ий бөх, Довдоны Сумъяабазар 6 даваа, 3 унаатайгаар удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Увс аймгийн Тэс сумын харьяат, Алдартан клубын бөх сумын заан Галдандагвын Цэрэнтогтох 6 даваа, 3 унаатайгаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх Мөнхбаатарын Баяржавхлан 6 даваа, 3 унаатайгаар дөрөвдүгээр байр, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Бадрах өглөө Нэгдэл клубын бөх сумын начин Зоригтын Анхбаяр 4 даваа, 5 унаатайгаар тавдугаар байр, Баян-Өлгий аймгийн харьяат, “Алдар” спорт хороо, Тастүлек бөхийн дэвжээний бөх Серикбайн Нуртилек 4 даваа, 5 унаатайгаар зургаадугаар байр, Булган аймгийн Хангал сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Сайнбаярын Жавхлан 4 даваа, 5 унаатайгаар долоодугаар байр, Архангай аймгийн, Хайрхан сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, Содномжамцын Бат-Эрдэнэ 3 даваа, 6 унаатайгаар наймдугаар байр, Увс аймгийн Давст сумын харьяат, Увс, Давст сумын бөх сумын заан Цэвэгмэдийн Бямбацогт 3 даваа, 6 унаатайгаар есдүгээр байр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аварга дээд сургуулийн бөх , сумын начин Баярдэлгэрийн Баасанчулуун 2 дава, 7 унаатайгаар аравдугаар байрт тус тус шалгарав.

Энэ ангиллын Уран барилдааны шагналыг Нэгдэд клубын З.Анхбаяр, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Их богд дэвжээний Э.Ганбаяр нарт гардуулав.

Багийн дүнгээр тэргүүн байрт “Алдар” спорт хороо, дэд байрт Орхон аймгийн БТСГ, гутгаар байрт Тува улсын баг тус тус шалгарч шалгарч, Алта, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Хоёр удаагийн цахим арилжаагаар 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа DNN.mn

Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны аравдугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн цахим арилжаа хийж 20 багц буюу 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 40 багц буюу 256.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс нийт 60 багц 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа.

Арилжаанд нийт 12 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 90.2 ам.доллароос эхлэн дуудаж 93.7 болон 96.2 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 106 удаагийн арилжаагаар 2.68 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 22.7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.6 сая тонн, сул коксжих нүүрс 10.8 сая тонн, эрчим хүчний нүүрс 3.3 сая тонн тус тус биржээр арилжааллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арваннэгдүгээр сарын 1-нээс Зайсангийн гүүрний бохирын шугамыг шилжүүлнэ DNN.mn

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. Ашиглалтын хугацаа дуусч, стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр 4 эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Уг гүүрийн зураг төсөл 2014 онд хийгдэхээс өмнө техник ашиглалтын үнэлгээ 2013 онд хийгдэхэд хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Хүчитгэх засвар хийх боломжгүй. 1968 оны зураг төслийн ямар ч мэдээлэл байхгүй. Тухайн үед барилгын явцын үед хүчтэй үер болсон зэрэг асуудал их үүссэн байсан. Гүүрийн анхны төлөвлөлт 40-50 жил байдаг. Хэзээ ч нурах эрсдэлтэй учраас шинээр гүүр барих шаардлагатай. Гүүр ямар нэг байдлаар нурлаа гэхэд иргэдийн амь настай холбогддог. Тиймээс учраас Зайсангийн гүүрийг буулгаж, богино хугацаанд буюу 8-9 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна” хэмээлээ.

Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад 7 метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил 6 метрийн дор явагдана. Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулна. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ажил хүлээгдлийн зүйл гарахгүй. Тийм болохоор 60 орчим жил болсон хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүртэй болох ажилд иргэд маань хүлээцтэй хандаж, бидний ажлыг ойлгоорой. Шинэ гүүрийн ажлыг маш шахуу хуваарийн дагуу яаравчлан явуулах болно” гэдгийг мөн онцолж хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-аар дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 21-НЭЭС 25-НЫ ӨДРИЙНХ УРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ….

ДАВАА ГАРАГ /2024.10.21/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар байгуулагдсан

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

УИХ-ын дэд даргын уулзалтын танхим

2

УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан

Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

5

УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

УИХ-ын даргын уулзалтын танхим

МЯГМАР ГАРАГ /2024.10.22/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·       Байнгын  хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Хууль зүйн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай/

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

13.00

“Их засаг”

4

Ёс зүй, дэгийн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·         Байнгын хорооны тогтоолын төсөл

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Эдийн засгийн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай/

16.30

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· Хүнсний аюулгүй байдал ба Пестицид-2024

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2024.10.23/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

14.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

16.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·  “Соёл, спортын салбарын үйл ажиллагаа” сэдэвт уулзалт

11.00

“Монгол Улсын Үндэсний номын сангийн байранд”

ПҮРЭВ ГАРАГ /2024.10.24/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

·      Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц байдлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

·  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, салбарын үйл ажиллагааны талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төсвийн байнгын хороо

·    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд   /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.00

“Их засаг”

4

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

·   Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

15.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Тусгай хяналтын дэд хороо

·        Бусад /хаалттай/

16.00

“Их засаг”

БААСАН ГАРАГ /2024.10.25/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн үзлэгт тэнцвэл шууд цэргийн ангид нь хүргэнэ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хугацаанд цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна.

Цэрэг татлага энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өмнө нь цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан бол энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байна.

Цэргийн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор энэ удаагийн хугацаат цэргийн  хөтөлбөрт  англи хэл, компьютер, “B” ангиллын жолооны дамжаанд хамруулах хичээлийг хөтөлбөрт нэмж тусгаад байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байна.

Цэрэг татлагын үеэр дүүргийн насан туршын суралцахуйн төвөөс залууст зориулж хорт зуршил, зөв хооллолт, гэр бүл төлөвлөлт, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр богино хэмжээний сургалтыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлж, төслийн талаарх Засгийн газрын танилцуулга, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцсан.

Иймд хуралдаан хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналаар үргэлжлэв.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг Олон улсын валютын сан 6.5 хувь гэж тооцсон байхад төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 8 хувь гэсэн нь бодитой эсэх, 14 мега төслөө эрх ашгийнх нь үүднээс эрэмбэлж чадах уу хэмээн тодруулсан.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү  хариултдаа, Яамны зүгээс эдийн засгийн өсөлтийг 8 хувиар тооцсон. Энэ өсөлтөөр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 95 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолсон. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ОУВС өмнө нь 6.5 хувь гэж тооцсон ч, 2025 онд  7 хувь болж өснө гэдгийг саяхан зарласан гэлээ. Мөн тэрбээр, Бид ирэх оны эдийн засгийн голлох өсөлтийг уул уурхайн салбарын экспортын хэмжээтэй уялдуулсан. Мөн уул уурхайг дэмжсэн төрийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг үргэлжлүүлнэ. Эрчим хүч, тээврийн салбарт эдийн засгийн бодит өсөлт өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл ирэх оны эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлогыг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд нийцүүлж, төсвийн төслийг боловсруулсан. Иймд 14 мега төслийг жил жилийнхээ төлөвлөгөө, төсвийн боломж, төлөвлөлтийн хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын арга хэмжээнээс алийг нь, хэзээ хэрэгжүүлэхийг  Улсын Их Хурал эцэслэн батална. Ирэх жил 3-4 төслийг хэрэгжүүлнэ. Бусад төслүүдийн тухайд зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулах, бэлтгэл хангах хүрээнд байна. Ер нь Засгийн газар ямар чиглэлд илүү үүрэг хүлээх вэ гэдгийг эрэмбэлнэ. Гэхдээ төр, хувийн хэвшилтэйгээ аль болох өрсөлдөхгүй байх зарчмыг баримтална гэсэн хариултыг өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, орон нутгийг хөгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдыг орон сууцжуулахад баримталж буй бодлого, тэдгээрийн цалин, хөлс болон ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг төсөвт тусгасан эсэхийг лавлав.

Ирэх жил хөдөө орон нутаг руу чиглэсэн бодлогыг тэлнэ. Бид орон нутагт орон сууц барих дэд бүтцийг нь эрэмбэлж, шаардлагатай асуудалд төрийн зохицуулалт хийнэ. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр ямар асуудлыг нь шийдэж болохыг болон хувийн хэвшлийнхэн орон нутгийн засаг захиргаа, Засгийн газартай хамтран төрийн албан хаагчдад чиглэсэн үнийн бодлоготой, хэрэгжүүлж болох төслүүдийг дэмжинэ. Төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийн тухайд  холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж Сангийн сайд хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд төсөв, хөрөнгө тусгасан талаар болон олон улсын стандартад нийцсэн хүнсний лабораторийг шинээр байгуулах боломж бий эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг татварын ачаалал, зээлийн хүүг бууруулах, татварын бааз суурийг тэлэхэд бодлогын ямар арга хэмжээ авахыг лавлав.

Сангийн сайд Б.Жавхлан, 2021 онд төсвийн орлого 14-17 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 33.6 их наяд төгрөг буюу 2.5 дахин нэмэгджээ. Энэ хугацаанд татварын хувь, хэмжээг нэг удаа ч өөрчлөөгүй. Харин татварыг либеральчлах, ил тод байлгах, татварын тайлагналтыг хялбаршуулах, далд эдийн засгийг бүртгэлтэй болгох зэрэг арга хэмжээнүүдийн үр дүнд татварын суурь тэлж, орлого нэмэгдсэн гэлээ.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн  хариултдаа, Сүүлийн жилүүдэд татварын бодлогын хувь хэмжээг нэмэхээс илүүтэй “Шинэ сэргэлт”-ийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тодорхой чиглэлд татварын дэмжлэгүүдийг нэмэгдүүлж байгааг дурдаад, цаашид төрд байгаа мэдээллийн уялдаа холбоог сайжруулж, татварын үйл ажиллагааг цахимжуулснаар татварын бааз суурийг нэмэгдүүлэх, үр дүнд нь бүх нийтээрээ бага татвартай болох бодлогыг баримтална хэмээв.

Мөн ажлын хэсгээс Стандарт, хэмжил зүйн газраас нийслэлд байгаа хүнсний нэгдсэн лабораторийг шинэчлэх, шинээр барих төсвийн төлөвлөлтийг хийж байгаа. 2025 оны төсвийн төсөлд лабораториудад нэн шаардлагатай сантехник болон үндсэн засварын төсөвт 10 гаруй тэрбум, шаардлагатай тоног, төхөөрөмжийн төсөлд 15 тэрбум төгрөг тусгаад байна. Түүнчлэн шинэ лабораторийн барилгын газар болон зураг төслийн төлөвлөлтийн төсвийг тусгасан бөгөөд 2026 оноос барилгын ажлыг эхлүүлнэ гэсэн тайлбарыг өгөв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан ирэх жил гадаад зээлийн хүүд 1.3 их наяд, үндсэн зээлийн төлбөрт 1.7 их наяд төгрөгийг зарцуулахаар тусгасныг дурдаад цаашид төлбөрийн дарамтууд хэр хэмжээтэй болохыг тодруулсан.

1990 оноос хойш хуримтлагдсан Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөр Сангийн сайдын багцад ордог. Ирэх жилийн  хуримтлагдсан төлбөр, зээлийн хүү 1.3 их наяд, үндсэн зээлийн төлбөр 1.4 их наяд төгрөг байна. Мөн үндсэн зээлийн төлбөрт гаргаж буй эх үүсвэр 1.9 их наяд төгрөг болно. Эдгээр нь 500 тэрбум төгрөгөөр давж байгаа бөгөөд үүнийг зээл, бондын төлбөрт урьдчилан төлөх боломжтойг Сангийн сайд тодотгоод 2026-2028 онуудад энэ хэмжээ нэмэгдэхгүй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Монгол Улс эрчим хүчний салбарын эх үүсвэрийн дутагдалд орсныг дурдаад, 2025 оны төсвийн төсөлд есөн төсөл тусгагдсаны найм нь дулааны шугам сүлжээ, нэг нь Налайхын дулааны цахилгаан станцыг 180 МВт-аар өргөтгөх төсөл л тусгагджээ. Гэтэл цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэг МВт-аар ч нэмэгдүүлэх төсөл тусгагдаагүйд анхаарах шаардлагатай гэж байлаа.

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Бие даалтын 7 хоног” энэ сарын 28-ны өдрөөс эхэлнэ DNN.mn

Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус тус хичээллэнэ.
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцэд I улирлын 9 дэх долоо хоног буюу X/28-XI/01 өдрүүдэд “Бие даалтын 7 хоног” байхаар тусгасан.
Хичээлийн жилийн бие даалтын 7 хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ.
Хичээлийн жилийн I, II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжтэй ЭНД дарж танилцах боломжтойг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Залуус” хорооллоос Номин агуулах худалдааны төв хүртэлх авто замыг хаана DNN.mn

Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос Номин агуулах худалдааны төв хүртэлх авто замыг ирэх даваа гараг буюу 2024 оны 10-р сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн 22:00 цаг хүртэл хааж, засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрээс гурван хүүхдийг аварлаа DNN.mn

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороололд гал гарч байна гэсэн дуудлага /2024.10.19/ шөнө 01:05 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гал тогооны хэсэгт эд хогшил шатаж байсныг унтраасан. Гал түймрээс 3-17 насны гурван хүүхдийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 60 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тулгаа: Улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрд бий DNN.mn

Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаатай ярилцлаа.


-Дэлхийн стандартын өдрийн мэнд хүргэе. Манай улсын хамгийн анхны стандартыг хэзээ баталж байсан бэ. Ямар стандарт байдаг юм бол?

-1929 онд Сайд нарын зөвлөлөөс Ардын засгийн газарт арьс ширийг судалж, стандартыг боловсруулах чиглэл өгсөн. Ингээд 1930 онд Ардын засгийн газар тухайн үеийн Худалдааны яаманд үүрэг өгсөн. Улмаар 1931 оны есдүгээр сарын 6-нд анхны стандарт болох тарваганы арьсны стандарт батлагдсан. Энэхүү стандартаар тарваганы арьсыг хэмжээ болон сор, чанар гэсэн хоёр үзүүлэлтээр нэгээс дөрөв хүртэл ангилсан байдаг.

-Өнөөгийн байдлаар Монгол Улсад нийт хэдэн стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 6688 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Нэг жилд 150-200 стандартыг Стандартчиллын техникийн болон дэд хороогоор хэлэлцүүлэн баталж, олон нийтийн хэрэглээнд гаргаж байна.

-Дэлхийн хэмжээнд нийт хэдэн стандарт байдаг юм бол?

-Олон улсын стандартыг боловсруулан баталдаг Олон улсын стандартчиллын байгууллага (ОУСБ) гэж бий

Энэ байгууллагын баталсан 25613 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. ОУСБ 172 гишүүн оронтой. Гишүүн орнууд нь тухайн стандартыг харах, 1х1-ээр үндэсний стандарт болгох боломж бололцоог бий болгож байна. Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд холбогдох олон улсын стандартыг мөрдөх, үндэсний хэмжээний баримт бичигт ашиглах үүрэг хүлээдэг.

-Манай улс дээрх байгууллагад нэгдсэн үү. Нэгдсэн бол хэдэн онд вэ?

-Монгол Улс ОУСБ-д 1979 онд 86 дахь гишүүнээр элсэн орсон. Жил бүрийн аравдугаар сарын 14-ний өдрийг ОУСБ-ын ерөнхийлөгч Парук Сунтэр анх 1970 онд санаачлан тэмдэглэж эхэлсэн. Энэ жил тэмдэглэж эхэлсний 54 жилийн ой тохиож байна.Монгол Улс 1997 оноос эхлэн Дэлхийн стандартын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна.

-Стандарт амьдралд ямар хэрэгцээтэй байдаг вэ?

-Стандарт бол таны хоол гэсэн үг. Таны идэж байгаа хоол хүнс аюулгүй байдлын үзүүлэлтийн шаардлагуудыг хангасан эсэх, таны өмсөж байгаа хувцсыг биед тань харшил өгөхгүй материалаар хийсэн эсэх, ажил руугаа орохдоо баталгаатай цахилгаан шатанд сууж байгаа эсэх стандартын дагуу барьсан орон сууцанд ажиллаж амьдарч байгаа юу, таны алхаж байгаа явган хүний зам хоёр хүн зөрөх хэмжээний зай талбайтай юу гэх мэт бидний өдөр тутмын хэрэглээнд байгаа бүх зүйл стандарттай. Энэ стандартыг Монгол Улсын нийт иргэд ашигладаг. Бид амьд явах эрхтэй. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа бол стандарт. Энэ баталгаагаа хүмүүс мэддэг байх ёстой. Иргэд стандартыг төрөөс нэхдэг. Стандартыг сонирхогч талууд зөвшилцсөний үндсэн дээр боловсруулдаг юм. Иргэн, ААН стандартыг боловсруулж бид тэрхүү стандартыг техникийн хороогоор хэлэлцэж, батлах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгэхээр улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, боловсруулагдсан стандартад санал өгөх, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрд бий. Үүнийг бид хамтдаа л хийх ёстой. Тиймээс хэн нэгнээс хариуцлага нэхэх шаардлагагүй.

-Стандарт, хэмжил зүйн газрын чиг үүргийн тухайд та юуг хэлэх вэ?

-Стандарт, хэмжилзүйн газар 21 аймагт салбартай, нийт 700 гаруй албан хаагчтай байгууллага. Бид зөвхөн чанарыг түгээдэг, чанартай гэдгийг тодорхойлдог байгууллага биш, дараахь чиглэлийн үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага юм. Үүнд, нэгдүгээрт, стандартыг хэлэлцүүлэх, батлах, мэргэжлийн арга зүйгээр хангах, олон улсын стандартын байгууллагатай хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хоёрдугаарт, хэмжил зүй буюу хэмжих зориулалттай нэг сая дөрвөн зуун хэмжих хэрэгслийг баталгаажуулах үйл ажиллагааг хийж байна. Гуравдугаарт, хүмүүсийн эдэлж хэрэглэдэг алт мөнгөн эдлэлийг шинжилж сорьцын тэмдэг тавьж баталгаажуулж байна. Дөрөвдүгээрт, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах үйл ажиллагааг хийж ажиллаж байна. Тавдугаарт, дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүн стандартын шаардлага хангасан эсэхийг шинжлэх лабораторийн үйл ажиллагааг эрхэлж байна.

-Манай улсад олон улсын стандартыг нэвтрүүлсэн хэдэн байгууллага байдаг юм бол?

-Олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага гэдэг асуулт нь өөрөө хоёрдмол утгатай. Дийлэнх олонхын ойлголтоор энэ нь менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийн талаарх асуулт байдаг. Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг судалж өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсний дараа үнэлгээ хийлгэдэг. Тохирлын үнэлгээг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн тохирлын үнэлгээний байгууллагууд хийдэг. Нэг жилд 100 гаруй ААН тохирлын гэрчилгээ авдаг гэсэн баримжаа тоо байдаг.

-ААН-үүд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тухайн бараа нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой юу?

-Олон улсын худалдаанд техникийн саад үүсгэхгүй байхын тулд стандарт техник зохицуулалт, тохирлын гэрчилгээ гэдэг зүйл зайлшгүй шаардлагатай. Дээр хэлсэнчлэн стандартыг баримталдаг аль болох олон улсын стандартыг мөрдөхийг зөвлөдөг. Аливаа бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаснаар тохирлын гэрчилгээ авдаг тухай ярьсан шүү дээ. Тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг л хүлээн авагч улс орон худалдаж авдаг. Экспортолсон бүтээгдэхүүнийг худалдан авагч орон нь тухайн бүтээгдэхүүн ямар стандарт шаардлага хангасан, мөн үүнийг нь нотлох тохирлын гэрчилгээг шалгаж байж хүлээн авдаг.

-Стандартад нийцсэн эсэх талаар хяналт шалгалтыг ямар байгууллага хариуцдаг юм бол?

-2022 оноос өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэдэг байгууллага байлаа шүү дээ. Энэ байгууллага бүхий л салбарт хяналт тавин ажилладаг байсан. Одоо яамдууд салбарынхаа стандартын хяналтыг хийж ажилладаг болсон. Яамдад Салбарын хяналтын газар гэж бий. Тухайн газарт улсын байцаагч нар ажиллаж байгаа. Мөн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Монополийн эсрэг газар энэ тал дээр ажилладаг.

-Ямар стандартыг хамгийн сайн стандарт гэж үздэг вэ?

-Бүх стандарт сайн. Хүн бүдэрч унахаараа явж байсан замаа буруутгах хандлагатай байдаг. Гол нь иргэн, ААН-үүд стандартын талаар мэдлэг ойлголтоо сайжруулж хэрэглэдэг болох, хариуцлага нэхдэг болох хэрэгтэй.

-Стандартыг ямар тохиолдолд шинэчилдэг вэ?

-Стандарт бол нэг баталчихаад хэрэглээд л байдаг баримт бичиг биш. Стандарт, хэмжил зүйн газар, хоёроос дээш байгууллага санал гаргасан тохиолдолд стандартыг шинэчлэх ажлыг хийдэг. Мөн тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамааран шинэчлэх шаардлагатай бол шинжлэх ухаан техникийн түвшний үзлэг (systematic review) хийдэг. Энэ үзлэгийг тогтмол хийж байх ёстой. Үзлэгийн дүнгээр салбарууд Стандарт, хэмжил зүйн газартай хамтраад шинэчлэх шаардлагатай стандартын тоог гаргадаг. Сүүлийн жилүүдэд Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу уул уурхай, эрүүл мэнд, хүнс, зам тээвэр, барилгын салбарын нийт 2031 стандарт орчин үеийн шинжлэх ухаан техникийн түвшинд үзлэг зохион байгуулсан. 2031 стандарт гэдэг бол Монгол Улсын нийт стандартын гуравны нэг нь. Үзлэг хийгээд 150 орчим стандартыг хүчингүй болгож, дахин энэ тооны стандартыг шинээр болон шинэчлэн баталсан. Мөн шинэчлэх шаардлагатай стандартуудыг шинэчлээд тухайн жилийн төлөвлөгөөндөө тусгаад ажиллаж байгаа. Бид амьдралд нийцэхгүй стандарт гаргаад байгаа хэрэг огт биш. Гол нь хэрэглэж байгаа ААН-үүд маань ашиг тусыг нь ойлгохгүй, хэрэглэх аргаа олохгүй байна. Хэрэв аргаа олчихвол таны амьдралын баталгааг хангадаг баримт бичиг. Тиймээс стандартчиллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг иргэдээсээ хүсмээр байна.

Ө.АНХЗАЯА