Сэтгүүлч Ж.Баттуултай ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн 13.14 дэх буюу гүтгэх доромжлохтой холбоотой заалтын талаар гомдол гаргасан байна. Гомдолдоо юуг онцлосныг тодруулж өгөөч?
-Би сүүлийн хэдэн жил эрэн сурвалжлах чиглэлээр дагнаж, хуулийн хулгай, төсвийн хулгай, тендер гэх мэт татвар төлөгчдийн мөнгийг төрийн өндөр албан тушаалтнууд хэрхэн яаж зувчуулж байгаа талаар маш олон удаа сурвалжилга, мэдээлэл бэлтгэсэн. Мэдээж энэ бол сэтгүүлчийн үүрэг. Иргэдийг мэдэх эрхээр хангаж байгаа явдал. Бидний төлсөн татварын мөнгө ийм буруу замаар ороод байна гэдгийг мэдээлсэн. Нэг ёсондоо би Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн
Дээрээс нь би үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэний эрхээ эдэлсэн. Гэтэл ажлаа хийсэн сэтгүүлч, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн нэг иргэн өнөөдөр Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйл заалтаар дөрвөн хэрэгт яллагдагчаар татагдаад, дээрээс нь нэмээд 3-4 хэрэгт шалгагдаж байна.
Ажлаа хийсэн сэтгүүлчийг яагаад цагдаа шүүхээр дарамталдаг болов гээд бодохоор нэг талд төрийн өндөр албан тушаалтан буюу Эрүүгийн хуульд томъёолсноор улс төрд нөлөө бүхий этгээд, нөгөө талд Монгол Улсын жирийн нэг иргэн, жирийн нэг сэтгүүлч л байгаа юм. Харамсалтай нь өөрийнх нь хулгай луйврыг ил гаргаж ирж тавьсан хүнийг өндөр албан тушаалтан “Миний нэр төрд халдлаа, энэ худал мэдээлэл тараалаа” гээд цагдаад гомдол гаргачихсан. Цагдаа нь шалгасан болоод яллагдагчаар татчихсан.
-Цагдаа нар үүнийг тодорхой тайлбарладаг уу?
-Би асуусан. Би яагаад эрхээ эдэлснийхөө төлөө яллагдагчаар татагдаж байгаа юм бэ гэж. Тодорхой тайлбарладаггүй. Сүүлийн гурван хэрэгт надаас мэдүүлэг ч авахгүйгээр Улсын мөрдөн байцаах газар дээр дуудаад танилцуулаад нууцын баталгаан дээр гарын үсэг зуруулаад, яллагдагчаар татчихаж байна. Энэ бол процессын маш том алдаа болсон. Нэг ёсондоо Үндсэн хуулийг маш ноцтойгоор зөрчиж байгааг ойлгосон. Тиймээс мэргэжлийн том хуульчидтай зөвлөлдөж Үндсэн хуулийн цэцэд өнгөрсөн хавар гомдол гаргасан. Та санаж байгаа бол, Цэцийн гадна бага хэмжээний акц зохион байгуулж, гомдлоо өгсөн. Өнөөдөр нийгэмд ганцхан би биш, үнэнийг хэлэхэд хэвлэлийн бүх редакцид 1-2 надтай адилхан кейс бий шүү. Бүгд Эрүүгийн хуулийн 13.14-тэй. Ер нь энэ зүйл ангиар шалгагдаагүй сэтгүүлч, шүгэл үлээгч иргэн байхгүй боллоо. За, шалгуулж болно. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Харамсалтай нь, цагдаа байнга дуудна, залхаана. Заримдаа шантрах маягтай. “За, түвэгтэй юм бэ” гэж бодоход хүрнэ. Ингэж хүсэл зоригийг мохоодог юм байна.
-Цэцээс ямар хариу өгөв?
-Өнгөрсөн наймдугаар сарын 1-нд маргаан үүсгэх тогтоол гарсан байна. УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, одоо Цэцийн гишүүн Өлзийсайхан маргаан үүсгэсэн байна. Хуулиараа 30 хоногийн хугацаанд дунд суудлын хуралдаан зарлах ёстой. УИХ руу “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилооч, тайлбар өгөөч” гэсэн бичиг явуулсан юм байна. УИХ-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр гишүүнийг томилсон байна. Миний дуулснаар Б.Энхбаяр гишүүн нэмэлт 30 хоногийн хугацаагаар сунгаж өгөөч гэж хүссэн бололтой. Тиймээс энэ сарын сүүлчээр юм уу, аравдугаар сарын эхээр Цэц дээр дунд суудлын хуралдаан болох нь.
Гол агуулга нь иргэд өөрийнхөө сошиал сувагт төрийн өндөр албан тушаалтай нөхдийг “хулгай хийчихсэн байна, татвар төлөгчдийн мөнгөнөөс авчихсан байна ш дээ” гэж бичиж болохоо больчихсон. Бичвэл нөгөө дарга нь гомдоод цагдаад өгдөг, ингээд яллагдагчаар татагдчихдаг. Олон улсад хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг яаж авч үздэг юм бэ гэдэгт нэлээн судалгаа хийлээ. Маш сонирхолтой жишээ оллоо. “Салливаны хэрэг” гэж 1964 онд АНУ-ын дээд шүүхээр шийдэгдсэн дуулиантай хэрэг байдаг юм байна. Тэрхүү шийдвэр нь дэлхийн олон улс орны хууль эрхзүйн салбарт жишиг болж явдаг. Тэр дээд шүүхийн дүгнэлтэд “Үндсэн хуульд зааснаар иргэд болон хэвлэл нь төрийн үйл ажиллагааг ямар ч болзолгүйгээр шүүмжлэх эрхтэй. Иргэн бүр өөрийн үзэл санаа бодлыг, сонин хэвлэл нь олон нийтийн анхаарал татсан асуудлаар байр сууриа илэрхийлэх эрхтэй. Засгийн газар иргэн болон хэвлэлийн бичсэн, илэрхийлсэн зүйлийг ухаалаг бус, шударга бус, худал хуурамч, хор хохиролтой гэсэн үндэслэлээр хэвлэн нийтлэхийг хориглож огт болохгүй. Ардчилсан нийгэмд гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд иргэд өөрсдийн шүүмжлэл санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийг гүтгэлэг худал мэдээлэл гэж хаан, таслан зогсоох ёсгүй” гэсэн байгаа юм. Энэ шийдвэрийг дэлхийн маш олон улс Үндсэн хууль мэтээр дагаж мөрддөг юм байна.
-Гүтгэх доромжлохтой холбоотой заалт Эрүүгийн хуульд тусгагдах нь сэтгүүлчийг цагдах, залхаан цээрлүүлэх гол үндэслэл болдог. Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтанд том хаалт болдгийг шүүмжилж ярьж байсан ч 2020 онд Эрүүгийн хуульд тусгачихсан шүү дээ?
-Өнөөдөр Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн Үндсэн хуультай. Энэ хуулийн хамгийн гол амин сүнс нь иргэд үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэн эрхтэй гэж заасан. Харамсалтай нь шууд хэлье, МАН-ынхан 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад одоогийн үгээ хэлсэн иргэд, ажлаа хийсэн сэтгүүлчдийг янаглан хорлоод байгаа заалтыг оруулсан. Би үүнийг зохион байгуулалттайгаар, бодлогоор оруулсан гэж хардаг. Эд нар цаанаа “Өөрсдийнхөө хулгайг энэ зүйл заалтаар дарж авъя, дуугарсны амыг үүгээр барья” гэдэг маш том бодлого хэрэгжүүлсэн. Нэг олзуурхууштай нь, Б.Энхбаяр сайд энэ өөрчлөлт орж байхад 13.14-ийг эсэргүүцэж байсан. “Олон улсын практикт, эрхзүйт төртэй улсад ингэж хэрхэвч болохгүй” гэдгийг хэлж байсныг санаж байна.
Нөгөө талаар улс төрийн өндөр албан тушаалтнууд, нэмээд төрийн байгууллагууд хэзээ ч иргэндээ гомдож болдоггүй. Жишээ нь, цагдаа иргэний эсрэг гомдол гаргахдаа цагдаад л өгнө. Цагдаа цагдаагаа яаж шалгах вэ. Системийн том алдаа нь энэ. Тиймээс олон нийтэд хандаж хэлэхэд энэ зөвхөн хэвлэлийнхний асуудал биш. Энэ бол үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа бүх иргэдийн асуудал. Улаанбаатар хотод бродюрын асуудал дэгдээд байгаа. Хотын дарга Х.Нямбаатар өөрийг нь шүүмжилсэн иргэдийг цагдаад өгч шалгуулж байна гэсэн. МАН-ынхан ингэж галзуурч байна. Ер нь нэг нам дангаараа олон жил засаглахаар бяртай болдог юм байна, эсрэгээрээ хэт их эмзэг болдог юм байна. Шүүмжлүүлж чаддаггүй, хулгайг нь ярихаар цагдаагаар дарамтуулдаг зүйл тогтол бий болоод байна.
Ямартаа ч Б.Энхбаяр гишүүнийг үүн дээр наанатай цаанатай хандах байх гэж итгэж байна. УИХ-ын чуулганы индэр дээрээс “Үндсэн хуулийн зарчим” гэж их ярьдаг. Тиймээс Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалаад гараарай. Энэ УИХ чинь Үндсэн хуулийг улаан цайм зөрччихсөн хуулийг 2020 онд баталчихсан. Хэрэв Цэц энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг шийдвэр гаргах юм бол цаашдаа Монгол Улс Үндсэн хуулин дээрх хүний эрхийн том бүлгийг авч хаях хэрэгтэй.