Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурт живсэн ЯГ-6 загварын 5 тонны даацтай ачааны автомашиныг татан гаргалаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Тургийн шанаа орчимд үргэлжилж байна.

Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нар удирдан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид болон Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Ажлын хэсэг гуравдахь техник хэрэгслийг наймдугаар сарын 09-нд амжилттай татан гаргалаа. Татан гаргасан автомашин нь живсэн огноо, улсын дугаар тодорхойгүй ЯГ-6 загварын ачааны автомашин бөгөөд 1936 онд хуучнаар ЗСБНХУ-ын Ярославскийн автомашины үйлдвэрт 5 тонны даацтай цэргийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн. Тус автомашиныг 50 метрийн гүнээс 62 цаг ажиллаж, татан гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын цөмийн физикийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртлээ DNN.mn

Олон улсын цөмийн физикийн анхдугаар олимпиад Филиппин улсын Нью-Кларк хотноо зохион байгуулагдав.

Тус олимпиадаас Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн

  • 11 дүгээр ангийн сурагч Н.Түвшин
  • 10 дугаар ангийн сурагч Г.Хүслэн нар хүрэл медаль хүртжээ.

Мөн 11 дүгээр ангийн сурагч Н.Анударь​, 10 дугаар ангийн сурагч М.Анхбаяр нар цөмийн физикийн олимпиадад амжилттай оролцлоо.

Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар МУИС-ийн ИТС-ийн дэд профессор М.Одсүрэн, МУИС-ийн ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Өсөхбаяр нар ажиллав.

Олон улсын цөмийн физикийн олимпиад нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (International Atomic Energy Agency)-ийн ивээл дор зохион байгуулагдсан байна.

Монгол Улс 1965 онд хуучнаар ЗХУ-д бэлтгэгдэн ирсэн мэргэжилтнүүдээр МУИС-д Цөмийн физикийн шинжилгээний группийг анхлан байгуулж, 1970 онд Цөмийн физикээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргасан.

Өдгөө МУИС-ийн Инженер, технологийн сургуульд “Цөмийн инженерчлэл” бакалавр, “Цөмийн технологи”, “Цөмийн эрчим хүч” хөтөлбөрөөр магистр, “Цөмийн технологи” хөтөлбөрөөр доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутан цэргүүд тангарагаа өргөлөө DNN.mn

“Монгол Улсын Үндсэн хууль”, “Цэргийн албаны тухай” хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн Оюутан цэргүүд өнөөдөр эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон “Монгол Улсын Цэргийн тангараг”-аа эх орон, ард түмэн, эрдэмтэн багш нар, хайрт эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдийнхөө өмнө өргөлөө.

“Оюутан-цэрэг” сургалт нь анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж эхэлснээс өдгөө 10 жилийн хугацаа өнгөрч, нийт 8200 орчим оюутан залуус хамрагдаад байна.

Энэ жил нийслэлд 791, хөдөө орон нутгийн 19 аймгийн 297, 51 их дээд сургуулийн нийт 1088 оюутан залуус оюутан цэргийн онолын болон мэргэжлийн бэлтгэл сургуулилтад хамрагдсанаас оюутан цэргийн сургалтаа амжилттай давж 1013 оюутан хөдөө хотын Зэвсэгт хүчний анги салбаруудыг түшиглэн Зэвсэгт хүчний 6 анги байгууллагуудад цэргийн тангараг өргөж байна.

Цаашид Оюутан цэргийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг өргөтгөх зэрэг ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг өнөөдөр болсон “ОЮУТАН ЦЭРЭГ-2024” тангараг өргөх ёслолын арга хэмжээний нээлтийн үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт онцлон тэмдэглэлээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: МУГТ П.Орхон дагах барилдаан хийнэ DNN.mn

“Парис-2024” олимпийн наадам чөлөөт бөхөөр үргэлжилж байна. Өнөөдөр МУГТ П.Орхон дагах барилдаан хийнэ.

Украины бөх, “Токио 2020” зуны Олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Ирина Колиаденко их шөвгийн дөрөвт Киргизийн бөх Тыныбекова Айсулууг ялснаар манай тамирчин дагаж барилдахаар боллоо.

Дагах барилдааны эхний учраанд П.Орхон наймдугаар сарын 10-ны 17:00 цагаас Болгарын бөх Дудова Биляна Живковатай барилдах бөгөөд хэрэв ялбал хүрэл медалийн төлөө Киргизийн бөх Тыныбекова Айсулуутай барилдах юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Одбаяр: Цагдаа нар “Чи үзэл бодлоо илэрхийлж, суулт хийж болохгүй” гэж эелдэг замаар дарангуйлдаг болсон DNN.mn

“No war” буюу эрх чөлөөний хөдөлгөөн оросуудын түрэмгийллийн эсрэг 115 дахь удаагийн жагсаалыг өнгөрсөн лхагва гаригт хийсэн юм. Эдгээр монгол залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг нийгэмд шаарддаг гэдгээрээ олон нийтэд танигдсан. Энэ тухай тус хөдөлгөөнийг санаачлагч, үүсгэн байгуулагч Э.Одбаяртай ярилцлаа.


-Эрх чөлөөний хөдөлгөөнийг үүсгэн байгуулах болсон тухай тодруулж ярихгүй юу?

-2020 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин улсад эрчимтэй эзлэн түрэмлгийллийг хийж эхэлсэн. Энэ түрэмгийлэл яг үнэндээ 2014 оноос үргэлжилж байна. “NoWar” буюу Эрх чөлөөний хөдөлгөөн анх 2022 оны хоёрдугаар сарын 25-нд ОХУ-ын ЭСЯ-ны гадна болон Баянгол зочид буудлын өмнө жагсаалаа эхлүүлж, дуу хоолойгоо илэрхийлж байв. Нийт 115 удаагийн жагсаалын үеэр маш олон эсэргүүцэл, хууль хүчний байгууллагын хаалт хоригтой нүүр тулсан.

-Тухайлбал, ямар эсэргүүцэлтэй тулж байсан бэ?

-“NOWAR” эрх чөлөөний хөдөлгөөний олон залуус үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийснийхээ хариуд хилс хэргүүдэд ял шийтгэл авсан. Миний хувьд “Дабль стандарт” болон дайныг эсэргүүцсэх явцдаа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдсон. Хилс хэрэгт ял авч цахим гав зүүсэн. Хэд хэдэн шийтгэл хүлээсэн. Шоронгоос өлсгөлөн ч зарлаж байсан. Зөвхөн надаар ч зогсохгүй олон залуус энэ мэт саад бэрхшээлтэй тулгарч байна. 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн тайван жагсаал цуглаанаас эхлээд бидний тугийг булааж авч, цагдаа хүчний байгууллагын олон эсэргүүцэлтэй тулгарсан. Ганц хоёроороо ч, хэдэн зуугаараа ч жагсаал цуглаан хийжээ. Ийнхүү давтагдсан тоогоор олон мянган залуус бидэнтэй хамтдаа дуу хоолойгоо хүргэсэн шүү.

-Монгол залуус дайны эсрэг байгаа нь олон улсад хэрхэн харагдаж байна вэ?

-Украин бол бие даасан байдал, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа улс. Монгол Улс төвийг сахиж байна уу, үгүй юү гэдгийг маш олон зүйлээс харах боломжтой. Сүүлийн жилүүдэд гуравдагч хөрш буюу бусад дипломат харилцаатай улс орнуудтай гадаад харилцаагаа жигд хөгжүүлэх, өргөжүүлэх үйл ажиллагаа явагдаагүй. Орос улсын түрэмгийлэлд төвийг сахисан байр сууринаас ч хандаагүй. Шууд үйлдэл болон эс үйлдлээр түрэмгийллийг хүлээн зөвшөөрч, сурталчилж, зөвтгөх чиглэлийн үйл ажиллагаа Монгол Улсад тасралтгүй явагдсаар байсан.

Хэрвээ манай улс төвийг сахиж байгаа, эсвэл дайны эсрэг байр суурьтай байсан бол NoWar эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн энэ хүртэл үргэлжлэхгүй. Энэхүү хөдөлгөөн тууштай үргэлжилж байгаа нь Монгол Улсыг түрэмгийлэгч талыг баримтлаагүй шүү гэх монгол иргэдийн байр суурийг олон улсад тэнцвэртэй харагдуулж, Монголын олон мянган залуус түрэмгийллийн эсрэг байгаагаа дэлхий нийтэд харуулж байгаа хэлбэр гэж хэлж болно.

-Орос улсын түрэмгийллийн эсрэг барууны олон орон яагаад нэгдэж байна вэ?

-ОХУ хөрш зэргэлдээ жижиг тодотголтой улс оронд эдийн засаг, нийгэм, соёл, улс төр, эрчим хүч зэрэг салбарт нөлөөллөө тогтоож, эсрэг нөлөөлөл үзүүлдэг гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд монголчууд нийтээрээ илүү тодоор олж харсан гэж итгэж байна. Зөвхөн Украин гэлтгүй өөр олон хөрш зэргэлдээ улсад оросууд түрэмгийлдэг. “NOWAR” хөдөлгөөн нь Украины эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг дэмжиж байгаагаараа Монгол Улс өөрөө бие даасан, тусгаар тогтносон, эрх чөлөөт улс гэдгийг олон улсад харуулж буй юм. “NOWAR” хөдөлгөөн бол Монгол Улс бие даасан, тусгаар тогтносон, эрх чөлөөт улс гэдгийг нотлон харуулах эцсийн зорилготой юм.

-Та бүхэн дайны эсрэг байр сууриа тууштай илэрхийлж байгаа гол үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-Өнөө үед хөшигний цаана бүх асуудлаа нуух боломжтой улс орон байхгүй болжээ. Тухайн улс оронд эдийн засгийн нөхцөл байдал ямар байна, хувь хүний эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө иргэд нь эдэлж байгаа эсэх нь бүх улс орнуудын нүдэн дээр нээлттэй. Дабль стандарт, дайн түрэмгийллийг эсэргүүцэж байгаа залуусыг дарангуйлж, баривчилж байгаа нь Монгол Улсад бие даасан, хараат бус, эрх чөлөөт улс биш болжээ гэдгийг харуулж байгаа юм. Ямар нэгэн байдлаар хойд хөршөөсөө хараат байна гэдэг сэрдлэг төрүүлж байгаа юм. Тиймээс бид тасралтгүй дуу хоолойгоо хүргэсээр байх хэрэгтэй.

-Иргэд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй ч үзэл бодлоо илэрхийлэх зориггүй болжээ. Цагдан хорих вий, ял шийтгэл оногдох вий гэж айдаг болсон байна. Та нарт тийм айдас бий юү?

-Нийгэмд иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх, хувь хүний эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломж үгүй болсон. 2019 оноос хойш зөвхөн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө манай хөдөлгөөний хэд хэдэн залуус ял шийтгэл сонссон. Бидний нийгэмд хүргэх гэсэн мессэж бол “Бид хувь хүний эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр байх ёстой юм”. Өнөөдөр бидний нүдэн дээр өдөр бүр үзэл бодлоо илэрхийлсэн, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн хүмүүст ямар хатуу гэсгээл оногдож байгаа жишээнүүд харагдах болсон байна шүү дээ. Үнэндээ монголчууд нийтээрээ айдаст автчихсан байна. Үгээ хэлэхээс айдаг болж. Хэвлэлийн эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр эрх баригчид хэвлэл мэдээллийг худалдан авдаг болсон байна.

-Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад III дугаар төв эмнэлэгт нас барьсан залуугийн асуудлын тухай та ямар байр суурьтай байна?

-Талийгаач залуу цагдаагийн байгууллагын хууль бүс үйл ажиллагаа явуулаад байгаа учир АТГ-т гомдол гаргасан. Гэтэл тэр гомдол гаргасан үйлдэлд нь хонзогнож тэр залууг эрүүдсээр байгаад амь насанд нь хүрсэн байж болзошгүй хэмжээний бэртэл гэмтэл учруулсан байгаа юм. Цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа ч би өөрөө нүдээр олон тийм өрөвдөлтэй залуустай хамт байсан. Олон сараар цагдан хоригдчихсон. Ялихгүй асуудлаар цагдан хорьчихсон. Тэнд тэдгээр залуусыг хийчихээд мартчихсан. Хуурай, нойтон өлсгөлөн зарлаж л байж прокурор, мөрдөгч нь ирдэг. Асуудлыг нь шүүх рүү нь шилжүүлэхгүй гацаадаг. Ямар ч хүн байлаа гэсэн тэр хүн эрхээ эдлэх эрхтэй.

-“Mongolia Youtuber Sanchir” гэдэг залуу төв талбай дээр тайван жагсаал хийж байгаад цагдаагйин хэлтэст хүргэгдсэн талаар та сонссон уу?

-Тэр залуу цагдан хорих 461 дүгээр ангиас III дугаар эмнэлэгт хүргэгдэж амиа алдсан залуугийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэх гэж төв талбай дээр очсон гэсэн. Би буруу ойлгоогүй бол хөнжил, чемодантайгаа суулт хийхээр очсон байгаа юм. Гэтэл түүнийг цагдаагийн тэргэнд суулгаж, цагдаагийн хэсэг дээр аваачиж цаг гаруй лекц уншаад, эргүүлээд гэрийнх нь үүдэнд хүргэж өгсөн юм билээ. Энэ бол шууд дарангуйлал. “Чи ингэж үзэл бодлоо илэрхийлж, суулт хийж болохгүй” гэж эелдэг замаар дарангуйлсан хэрэг.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар ч нэг хүн суулт хийхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Үндсэн хуулиараа ч бидний тайван замаар жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх хамгаалагдаж байгаа. Тийм байтал цагдаагийн байгууллага дур зоргоороо хүнийг хаана очих, хаашаа явахыг нь зааж, хязгаарлаж байгаа нь дарангуйлал хэрхэн бий болчихсон байгааг харуулж байна. Ямар ч ичих нүүргүйгээр эелдгээр ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвийн цахим хуудсаар мэдэгдэл хийж, тухайн иргэний хувийн орон зайд халдсан байдлаа харуулсан. Мөн Э.Санчирдамбыг баривчилж, саатуулаагүй гэдгээ баталж байгаа юм гээд тэр хүний зураг хөргийг нь дарж цацсан байсан.

-Монгол хэт зүүнтний үзэл баримтлалтай улс болсон байна уу?

-Үзэл баримтлал гэдэг зүйл яагаад чухал вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн өнгө, хэлбэрт автагдаад сонгуулиа өгөх үед юу болдог вэ гэдгийг бид харж байна. АН, ХҮН намууд бол зүүний үзэл баримтлалтай намууд шүү дээ. Эдгээр намууд бол МАН-ыг оршин тогтнуулах зорилготой халаасны намууд. Дээрх гурван нам нэгдэж байгаад бид ерөөсөө гайхах хэрэггүй. Бид дураараа дургих эрхийг нь олгосон өөрсдийн сонголтондоо л дүгнэлт тавих хэрэгтэй. Бид нэр дэвшигч, эсвэл намыг бус үзэл баримтлалыг нь үндэслэж сонголтоо хийх ёстой байсан. МАН-д хяналт тавих ёстой байсан АН, ХҮН хоёр нь бялуугаа хувааж идэх гээд зэхэж байна.Монгол Улсад бүрэн утгаараа дайрангуйлал тогтсон улс болж хувирсан.

-Та яагаад Монголд дарангуйлал тогтсон гэж үзэж байна вэ?

-Нэг өдрийн дотор ийм зүйл болоогүй. Бүгд ус залгичихсан мэт хүлцэнгүй, дуугүй суусаар байгаад өөрсдийн толгой дээр дарангуйллыг гаргачихлаа. Одоо л дарангуйллыг зогсоохгүй бол бид хэзээ ч үүний доороос өндийж гарч ирэхгүй. Эсвэл маш өндөр өртөг төлнө. Иргэд ирээдүй, цаг хугацаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, сайн сайхан зүйлээрээ хохирохоос өөр зам үлдэхгүй. Гэвч бид нэг гарт эрх мэдэл төвлөрч дарангуйлалд автчихсан улс болсоор байна. Дарангуйллын халуун тогоон дотор бид бага багаар дасаж, чанагдсаар байна. Нэг гарт төвлөрсөн эрх мэдлээр бүх зүйлийг шийдэж, удирдана, хувь хүний эрх чөлөө үгүй болж байна. Хоёр том гүрний дунд байгаа манайх шиг улс илүү эрх чөлөөт үзэл баримтлалтай байж илүү олон улс оронтой харилцаж, хоёр хөршөөсөө хараат байдлаас салах юм.

XXI зуунд дарангуйлал дундад зууных шиг, Зөвлөлтийн үеийнх шиг илт тод илрэх албагүй. Далд замаар, үл үзэгдэх байдлаар таны бүх орлого эрх баригчдын халаас руу орж байна. Цалингаас чинь хамаг хувь нь татварт суутгагдаж байна. Энэ талаар шүүмжлэх юм бол эрүүгийн цагдаад мэдэгдэнэ гэж айлгадаг болсон. Үзэл бодлоо илэрхийлэх юм бол цагдан хоригдох вий гэж айдаг боллоо. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бол бүр мартагдсан. Дангаараа засаг бүрдүүлэх боломжтой эрх баригч намыг “хянана” гэдэг амлалт өгч гарч ирсэн намууд нь эрх баригч намынхаа халуун хөнжилд орчихлоо. Тиймээс Монголд эрх чөлөөний үзэл санаа бүхий баруун жигүүрийн улс төрийн сөрөг хүчнийг бэхжүүлэх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бусадтай хуваалцах нь сайхан мэдрэмж өгдөг DNN.mn

Гэрийнхэн маань энэ жил баруун аймгуудаар аялаад ирэхдээ авсан зураг, бичлэгээ надад харуулангаа байгалийн сайхныг биширч сүсэглэж явснаа, яаж хөгжилдсөнөө ярьсан юм.

Эндээс би газрын нэр тогтоож, өөрөө очоогүй ч байгалийн тэр үзэсгэлэнг оюундаа тольдов. Нэг ёсондоо төсөөлөлдөө зураглаж тэнд очсон юм. Тэд замдаа өргөн гол гаталж, машин нь элсэнд суужээ. Элсэнд суух нь дүү нарт хачин сонирхолтой байж. Машинаа түрээд элсэнд ойчиж байгаа хүмүүсийг хараад сэтгэлээсээ хөөрөн инээх, голын эрэг дагуу майхнаа босгоод машинуудаа эгнүүлэн тавьж буудаллах, түүдэг гал асаан, хорхогны чулуу халаах гээд бүгд л сэтгэлийг минь баясгаж догдлуулж байлаа. Дүү нар тэр хавиар хөөцөлдөж гүйгээд л… Нэг л тайван, жаргалтай.

Ээж маань усны хоржигнох чимээ сонсон, нар мандахыг тольдож буй мэт голын наана суух аж. Аялалд хамт яваагүй ч явсан мэт сэтгэгдлийг төрүүлэх энэхүү агшин надад ийм сайхан мэдрэмж төрүүлсэн юм. Аялал бидэнд мэдлэг, сайхан мэдрэмж өгдөг юм байна. Тэрхүү сайхныг хүүрнэх гэр бүлийнхнээсээ сайхан зүйлсийг хуваалцах нь бусдыг жаргалтай болгодгийг ойлгосон юм.
Өөрийн олж авсан мэдлэг, туршлага, сайхан мэдрэмжээ бусадтай хуваалцахад мэдлэг, чадвар улам батаждаг гэдэг.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол сонгуулийн үр дүнгээр зайлшгүй хийхээр болсон зүйл DNN.mn

Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийхээр болж, төслийг боловсруулж байгаа. Мөн хамтарсан намуудын гэрээ болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Харин УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногт зарлан хуралдуулахаар болсон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас дараахь тодруулгыг авлаа.


-Ээлжит бус чуулган хуралдуулж, улсын төсөвт тодотгол хийхээр болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Улсын төсөвт зайлшгүй тодотгол оруулж, шинэчлэх шаардлагатай болсон. Энэ бол бодит сонгуулийн үр дүнгээр гарч ирж байгаа ажлын шаардлага.

-Түүнээс тодотгох гээд байгаадаа биш гэсэн үг үү?

-Үнэхээр тийм. Улсын төсвийг нэг их тодотгох гээд байгаадаа биш юм. Нэг ёсондоо тэр төсвөөр энэ засаг явах ямар ч боломжгүй болчихсон байхгүй юу. Тийм учраас төсвийн тодотгол хийж өгч, яамдуудынхаа төсөв, зардлыг гаргаж өгөхгүй бол болохгүй. Хоёрдугаарт, тэр төсвийг баталж байх үед өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт явж байсан. Одоо болохоор өөр Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Огт өөр яамдууд ороод ирсэн, өөр улс төрийн хүчнүүдээс мөрийн хөтөлбөр нь хүртэл өөрчлөгдчихсөн шүү дээ. Тийм болохоор Үндсэн хуульдаа ч нийцэхгүй. Үндсэн хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулаад, тэдний итгэлийг хүлээгээд ороод ирсэн намууд. Мөн хамтарсан засаг байгуулагдаж байгаа учраас эдгээр намууд мөрийн хөтөлбөрүүдийнхээ нэгтгэж болохыг нь нэгтгээд дундаасаа нэг мөрийн хөтөлбөр оруулж ирж байна. Үүнийг нь хэрэгжүүлэх гэхээр өмнөх нэг намын мөрийн хөтөлбөрт зориулж баталсан төсөв чинь болохгүй. Тэгэхээр энэ төсвийн тодотгол гэдэг чинь сонгуулийн үр дүнгээр зайлшгүй хийхээс өөр аргагүй болсон зүйл. Мэдээж үүн дээрээ нэмээд макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд ямар байна, ажлын байр хэр нэмэгдсэн, худалдааны тэнцэл хэр байна, гадны хөрөнгө оруулалт ямар болсон гээд энэ бүхнээ тооцсон өөрчлөлтүүдийг Сангийн яам санал болгох байлгүй дээ.

-Хамтарсан Засгийн газрын бүтцийг нэлээд өргөн боллоо гэсэн шүүмжлэлийг хэлэх хүмүүс байна. Та юу гэж харж байна вэ?

-Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлтийн таг эсрэг байсан хүн шүү дээ. Ийм том Их хуралтай болохоор дагаад засаг чинь томорно гэдгийг хэлж байсан.

Гэтэл үгүй улам цомхон болно л гээд байсан. Би УИХ-ын чуулган дээр 40 гаруй сая хүн амтай Аргентин улс 21 сайдтай байснаа багасгаж есөн сайдтай болгосон. Гэтэл манайх гурван сая хүнтэй хэрнээ 22 сайдтай байхаар боллоо. Ер нь бол төрийн өмчит аж ахуйн нэгж нэгийг ч шинээр байгуулахгүй. Хувийн салбараа дэмжье гэсэн байр суурийг би хамгийн их илэрхийлж байлаа. Нэг ёсондоо суурь том өөрчлөлтүүдийг л хэлж байсан.

-Засгийн газрыг ийм том болгохгүйгээр танай нам дангаараа засаглаад явах боломж байсан уу?

-Би бас энэ талаар хэлж л байсан. Засаг чинь ийм сонгуулийн үед тогтвор их муутай болно гэж хэлээд байсан бодит үнэн чинь одоо гарч ирж байна. Ялсан ч гэсэн хамтрахгүй л бол засгийн чинь тогтох хугацаа богиносчихож байгаа юм. Тэгэхээр тогтвортой байлгах ганц боломж нь л хамтрах шүү дээ. Энэ бол сонголтгүй. Үндсэн хуулийг өөрчилж байхад л энэ чинь тодорхой байсан.

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар өөр ямар асуудал хэлэлцэгдэх вэ?

-Надад одоогоор шууд мэдэгдэж байгаа зүйл алга. Нэгдүгээрт, төсвийн тодотгол. Энэ засаг, төрийг чинь ажиллах боломжоор нь хангаж өгөх ёстой. Хоёрдугаарт, хамтарсан засаг байгуулах гэрээгээ байгуулаад дундаасаа намуудын хамтарсан хөтөлбөрөө гаргаад явах байх.

-Таны хувьд өмнөх парламентын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Одоо мөн улирч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ намрын чуулганаар танай Байнгын хорооноос хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа гол хуулиуд юу вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд нь шинээр томилогдсон. Тэр хүн маань шинэ засгийн зүгээс хууль зүйн салбартаа ямар бодлого барих вэ гэдгээ тодорхойлно. Ямар, ямар хууль дээр илүү ач холбогдол өгөх вэ гээд асуудал байна. Тэгэхээр надад хүний эрхийн чиглэлээр, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг илүү нээлттэй болгох асуудал зэргээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодсон санасан зүйлүүд маш тодорхой байгаа. Ялангуяа сая 461 дүгээр хорих ангид гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулаад нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулах санал байгаа. Энэ дагуу Байнгын хорооныхоо түвшинд ажлууд эхлүүлж, зарим хуульчидтай ярьж, санал боловсруулаад эхэлчихсэн.

-Хорих ангид гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзсан. Гэтэл нэр бүхий хүмүүс тэр уулзалтад ирээгүй. Үүнээс болж шинэ сайдыг үл тоож байна гэсэн яриа гарсан. Үүн дээр юу хэлэх вэ?

-Би бол тэгээгүй байх гэж бодож байна. Төрийн тусгай албадыг улстөржүүлж, аливаа асуудлыг нь дүгнээд хэрэггүй. Яагаад гэвэл тэд чинь төрд тангараг өргөсөн.

Удирдах, удирдуулах ёс бол хатуу зарчим нь болсон хүмүүс байгаа. Тийм болохоор аль намаас сайд ирэх тэр хүмүүст ямар ч хамаагүй. Ялангуяа хууль хэрэгжүүлэх байгууллагуудад ийм байдаг. Учир нь тэр хүн чинь өөр хууль авч ирээд хэрэгжүүлэх гээгүй. Монгол Улсын хуулийг, УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлнэ. Тиймээс яг хэрэгжүүлэх түвшинд нь аль намын сайд байх ямар ч хамаагүй зүйл. Үндсэн хуульд тэр нам, энэ нам гэж байхгүй. Түүнчлэн улстөржсөн зүйл байхгүй болов уу гэж бодож байгаа. Гэнэтийн цаг тулгамдсан. Дээрээс нь зун цаг байна. Ажил, амралт давхацсан л зүйл байгаа байх. Яарч дүгнэлт хийх хэрэггүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 10, Санчир гариг. Билгийн тооллын 6, Тэргүүн дагуул одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5:41 цагт мандаж 20:14 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +14…+19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Гепатитын вирусийн халдвараас урьдчилан сэргийлж эрт илрүүлэг, шинжилгээндээ хамрагдаарай DNN.mn

Иргэд олон нийт та бүхэн гепатитын вирусийн халдвараас урьдчилан сэргийлж эрт илрүүлэг, шинжилгээндээ хамрагдаарай