Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 0.0-30.0 мм дуу цахилгаантай аадар бороо оржээ DNN.mn

Өнгөрсөн хоногт /2024.08.14/ баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 0.0-30.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Говь-Алтайн Есөнбулаг 30.0 мм, Ховдын Чандмань 22.0 мм бусад нутгаар 0.0-14.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

May be a graphic of map and text

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 17.6 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.6 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.7 (36.5%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 16.8 их наяд төгрөгт хүрч, 4.4 (35.3%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

May be an image of text

Categories
story-news

Эдийн засагч А.Мөнхболд: Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа учраас нүүрсний үнэ ханш унаж эхэлсэн

Эдийн засагч А.Мөнхболд: Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа учраас нүүрсний үнэ ханш унаж эхэлсэн

Categories
мэдээ нийгэм

2024-2025 оны хичээлийн жилд 1.8 сая ширхэг сурах бичиг хэвлүүлжээ DNN.mn

2024-2025 оны хичээлийн жилд нэг болон 3-11 дүгээр ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая ширхэг сурах бичгийг хэвлүүлжээ.

Уг сурах бичгүүдийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны зургадугаар сарын 10-28-ны хооронд хүргэсэн байна.

Бага ангийн сурах бичгийн хангалт 95-100, дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62 хувьтай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг тэмдэглэв. Үргэлжлүүлэн энэ удаагийн парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлийг танилцууллаа.

Энэ удаагийн Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ гэв. Түүнчлэн хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох; нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргана хэмээн Д.Амарбаясгалан дарга онцолж, үндсэн чиглэл бүрийг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн одоо хэрэгжиж байгаа зарим хуулийг эргэж харах, хэд хэдэн асуудлаар шинэ хууль боловсруулах шаардлагатайг ээлжит бус чуулганы нээлтийн үгэндээ тэмдэглээд “Иймд, шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна. Та бүхэн Улсын Их Хурлын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” (бүрэн эхээр эндээс) хэмээлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 107 гишүүний олонх дэмжсэн юм. Иймд төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулах” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төслийн талаар танилцуулав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэг, У.Отгонбаяр нарыг; Ёс зүй, дэгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийг; Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Б.Уянга нарыг; Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг тус тус чөлөөлөхөөр төсөл тусгажээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, С.Лүндэг, Б.Уянга нарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр; Улсын Их Хурлын гишүүн Б.Жавханг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээр; Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр; Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэг, Ж.Ганбаатар нарыг Төсвийн байнгын хорооны гишүүнээр; Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, У.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр; Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгасан байна. Ийнхүү төслийг танилцуулаад, батлахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 109 гишүүний 85.3 хувь нь дэмжиж, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Иймд Д.Амарбаясгалан дарга тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав.

Дараа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохоор чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зах худалдааны төвүүдийн чиглэлд 105 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулна DNN.mn

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 чиглэлд 1069 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дээрх 126 чиглэлд 110 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулна. Ингэснээр өдөрт 1200 автобус иргэдэд үйлчилнэ.

Мөн томоохон зах худалдааны төвүүд рүү зорчих урсгал нэмэгдэж байна. Тиймээс зах худалдааны төвүүдийн чиглэлд наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 105 автобусыг нэмэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна. Тодруулбал,  зах, худалдааны төвүүдийн 72 чиглэлд 806 тээврийн хэрэгсэл үйлчлэх юм.

Categories
story-news

Ч.Лодойсамбуу: Ардчилсан нийгэмд сайн сэтгүүлч муу нэртэй байдаг

Ч.Лодойсамбуу: Ардчилсан нийгэмд сайн сэтгүүлч муу нэртэй байдаг

Categories
гадаад мэдээ

Украины арми Оросын 74 сууринг эзлэн авчээ DNN.mn

Украины Зэвсэгт хүчний “BRAVO Team” тусгай хүчний отряд Курск мужийн Суджа хотыг эзэлсэн гэдгээ мэдэгдэж, өөрийн Tele­gram суваг дээр “Суджа хот Украины Зэвсэгт хүчний хяналтад байна” гэсэн хоёр видео бичлэг нийтэлжээ. Уг бичлэгт Украины нэгэн цэргийн албан хаагч “Энэ хотод Оросын цэргийнхэн байхгүй болсон” хэмээн мэдэгдэж, амиа алдсан Оросын цэргийн цогцсыг харуулсан байна. “Meduza” болон “Important Stories”-ийн сэтгүүлчид уг бичлэгийг “Суджа хотын захиргааны байрнаас 500 метрийн зайд, Карл Маркс гудамжинд байрлах “Галерея окон” дэлгүүрийн ойролцоо авсан болохыг олж тогтоожээ. Хоёр дахь бичлэгт Украины хуягт тээврийн хэрэгслүүд хоосон хот дундуур явж буйг харуулжээ. Харин эдгээр бичлэгүүдийг хэзээ авсан нь тодорхойгүй байгаа аж. Энэ үеэр ОХУ-ын Белгород мужийн Краснояружскийн дүүргийн дарга Андрей Мисков “Манай бүс нутагт нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Иймээс өнөөдрөөс эхлэн манай дүүрэгт орж ирэхийг бүрэн хориглосон шийдвэр гаргасан” гэж өөрийн цахим хуудсандаа бичсэн байна. Мөн Курск мужийн оршин суугчид хил дээрх суурин газруудад амьдардаг хамаатан садан, найз нөхөдтэйгөө холбоо тасарсан тухай мэдээлж байна. Сураггүй болсон хүмүүсийн дийлэнх нь өндөр настан байгаа ажээ. Хил дээр алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн ч тэдэнтэй холбоо тасраад байгаа гэнэ. Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн эхээр Оросын Курс мужаас эхэлсэн байлдааны ажиллагаа Кремлийн нэр хүндийг шороотой хутгаж, харин украинчуудын сэтгэлд ялалтын гэрэл, гэгээ бэлэглэн, оросууд Донбассаас зарим нэг цэргийн хүчээ өмнөд зүг рүү шилжүүлэхээс өөр аргагүй болох шинж тэмдэг илэрч эхлэв. Ямар ч байсан Украин байлдааны санаачилгыг гартаа авч чадав. Мөн дайны гамшиг Оросын өөрийнх нь нутагт шилжин орж, цөмийн зэвсэгтэй том гүрэн ийм зэвсэггүй жижиг улсын халдлагад цөмийн цохилт өгч чадахгүй гэдэг нь дэлхий нийтэд ойлгомжтой болов. Украины ерөнхийлөгч үүнийг баталж, анх удаа “Курск” гэсэн нэрийг дурдан “Бид Курск мужид довтолгооны ажиллагаа явуулсаар байна. Одоогийн байдлаар бид ОХУ-ын нутаг дэвсгэрийн 1040 хавтгай дөрвөлжин километр талбайг хянаж байна.

Хил орчмын бүс нутагт Оросын цэргийг хэр зэрэг устгана, тэр хэрээр манай улсын хувьд амар амгалан, аюулгүй байдал бодитоор ойртох болно. Оросын төр хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж хэлжээ. Энэ нь Оросын армийн жилийн турш довтолж байж эзлэн авсан нутгаас 240 ам.км нутгаар их газар, нутгийг Украины арми эзлэн авсан гэсэн үг юм байна. Мөн Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский “Украины арми Оросын 74 сууринд хяналт тавьж байна” гэж мэдэгдэв. Харин Путин болж буй явдлыг “дайсан хэлэлцээрийн байр сууриа сайжруулахыг хичээж байна” гэж тайлбарлав. Тэгвэл нэр хүнд бүхий цэргийн зарим шинжээчид барууны хэвлэлүүдэд Украин Оростой хэлэлцээр хийх мэдээ тарж эхэлснийг “Оросын арми ялагдах нь тодорхой тул Путиныг амьд байгаа дээр нь ерөнхийлөгчийн тушаал гаргуулж, Оросын талаас хэлэлцээ хийх эрхтэй комиссын бүрэлдэхүүнийг батлуулж авах гэж буй явдал” хэмээн тайлбарлаж байсан билээ. Путин мөн Оросын армийн өмнө хилийн албатайгаа хамтарч өөрийн нутаг дэвсгэрээс дайсныг шахаж, улсын хилийн найдвартай хамгаалалтыг хангах зорилт тавьж “Киев манай улсын дотоод улс төрийн байдлыг доргиохын тулд хилийн бүсийн байдлыг цаашид тогтворгүй болгох бодолтой байна” гэж мэдэгджээ.

Кремль Украины фронтоос тодорхой хэмжээгээр цэрэг татахаас өөр аргагүй болж байгаа бөгөөд тэд замдаа Украины зэвсэглэлд байгаа Их Британи, Францын дундын зайн болон АНУ-ын “НIMARS” пуужин төдийгүй хамгийн гол нь “F-16” онгоцны цохилтод өртөх магадлал өндөр байна. Учир нь Америкийн сенатч Линдси Грэхэм, Ричард Блументал нар энэ үеэр Киевт айлчилж, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа “Украин улс өөрт нь шилжүүлсэн “F-16” онгоцонд барууны тэтгэвэртээ гарсан нисгэгчдийг урих гэж байна” гэж онцлон мэдэгдсэн байна. Ардчилсан намаас сонгогдсон сенатор Ричард Блументал өөрийн цахим хуудсанд “Ерөнхийлөгч Зеленский НАТО-гийн орнуудаас тэтгэвэрт гарсан “F-16” онгоцны нисгэгчдийг “ажилд авах” хөтөлбөрийг бий болгосноор агаарын хүчнээ нэмэлт нисгэгчдээр хангах гэж байгаагаа бидэнд хэлсэн. Бид энэ алхмыг дэмжиж байна” гэж бичжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ч.Лодойсамбуу: Ардчилсан нийгэмд сайн сэтгүүлч муу нэртэй байдаг DNN.mn

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүж, ял оноосон нь нийгэмд талцал үүсгэсэн. Саяхан тэрбээр Давж заалдах шатны шүүхэд хандсан тухай мэдээлэл гарсан байсан. Та хоригдсонооос нь хойш биечилж уулзсан уу. Энэ асуудал дээр ер нь ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь хоёр асуудал байгаа юм. Нэг нь хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой. Нөгөө нь хувь сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудал. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал дээр нь би олон жилийн турш сайн муу, ил далд, өөрт нь гээд байр сууриудаа хэлж байсан. Харин энэ удаагийн холбогдсон хэрэг нь өнгөрсөн саруудад эхлээд таслан сэргийлсэн. Дараа нь гэрийн хорионд байлгасан гээд нийтдээ найман сарын туршид эрүүдэн шүүлээ гэж үзэж байгаагаа ч хэлсэн. Хэрэг нь огт шийдэгддэггүй. Тэгсэн хэрнээ гэрт нь хориод мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарласан.

Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг чинь тусгай чиг үүргийн шахуу үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Үүн дээр нь ч гэсэн би эсэргүүцэж байсан. Сэжигтэн, яллагдагч нь байна уу, байна. Хэрэг нь байна. Гэтэл найман сарын туршид хэргийг нь шийдээгүй.

-Залхаан цээрлүүлж байна гэж байсан?

-Залхаан цээрлүүлж байна. Үүнийг бусдад нь харуулах гээд байгаа юм уу гээд би эсэргүүцэж байсан. Ингэж байгаад шүүх хурал болсон. Харин үүний дараа хэргийн материалтай танилцаагүй учраас би илүү үг хэлж чадахгүй болсон. Хэргийн материалтай танилцахын тулд би нууцын баталгаанд гарын үсэг зурах шаардлагатай болно. Хэрэв ингэсэн тохиолдолд би хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлаар “Аа” ч гэж дуугарч чадахгүй болно. Тийм болохоор надад хэргийн материалтай танилцах эрх нь байгаа ч танилцахгүй байгаа юм.

Нөгөө талдаа өмгөөлөгчгүй шүүсэн гэдэг дээр шүүхийн гаргасан тайлбар, мэдээллийг харсан. Н.Өнөрцэцэгтэй бол би байнгын л холбоотой байж ирсэн. Сонгуулийн өмнө ч гэсэн өөртэй нь уулзаад зөвлөгөө өгч, саналаа хэлж байсан.

Одоо нэгэнт шүүхээр явж байгаа л бол шүүхийн процессыг харна. Ямар нэгэн байдлаар шүүхийн гадаа очдог ч юм уу, тийм үйлдэл хийхийн эсрэг байгаа.

-Шалтгаан нь юу вэ?

-Одоо би чинь сэтгүүлч гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүн буюу хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүн. Тийм болохоор хүнээс шаардах, биш өөрөө хийх ёстой субьект. Тэгэхээр би одоо асуудлыг Н.Өнөрцэцэг гэж харахаа больж эхэлж байгаа. Энэ чинь хувь сэтгүүлч гэхээсээ хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой юм байна. Мэдээлэл цуглуулах, олж авах, түүнийгээ хадгалах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой тогтмол үүсч байгаа асуудал юм байна. Нөгөө талдаа сэтгүүлчдэд хариуцлагын асуудал бий. Эдгээрийг цогцоор нь авч үзээд Эрүүгийн хуулиас эхлээд маш олон хуульд өөрчлөлт орох шаардлагатай. Тийм болохоор УИХ дээр ажлын хэсэг байгуулж, өөрөө ахлаад үндсэн ажлаа хийнэ. Намрын чуулганаар хэвлэлийн эрх чөлөөг эрүүгийн болон бусад хуулиудын дөнгөнөөс салгах ажлын хэсэг байгуулна. Ингээд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж, оношоо тогтоож байж хуулийн өөрчлөлтүүдийг хийнэ.

-Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүд үе, үеийн парламентаар хэлэлцэгдэж, яригдаж байсан ч батлагдаж чадаагүй. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Манай сэтгүүлчид өөрсдөө унагаад байдаг юм шүү дээ. Эвлэл нь өөрсдөө унагаадаг.

-Яагаад?

-Нарийн түүхчилж санахгүй байгаа ч манай сэтгүүлчид заалт заалтаар нь эсэргүүцэж байгаад л унагаачихдаг. Эрүүгийн хуульд 2002 онд гүтгэн доромжлох гэж байсан. Үүнийг илт худал мэдээлэл гэж хэвлэл мэдээллийн байгууллагатай холбож эхэлсэн нь 2017 он. Тэр үед сэтгүүлчид бидэнд өндөр торгууль ирээд байна. Тийм болохоор Эрүүгийн хуульд оруулаад хатуу шийддэг болъё гэсэн саналыг сэтгүүлчид гаргаж байсан. Тиймээс бид одоо хариуцлагаа их тодорхой болгомоор байгаа юм. Эрх чөлөөтэй ажиллана, гэхдээ дур зоргоороо биш. Нэг талдаа ёс зүй, хариуцлагатай, нөгөө талдаа эрх чөлөөтэй ажиллах юм байна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Миний хувийн байр суурь бол Ажлын хэсэг байгуулаад Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг барьж явахгүй. Харин одоо хэвлэлийн эрх чөлөөнд халтай байгаа хуулиудад өөрчлөлт оруулж, дөнгөнөөс нь салгая л гэж байгаа юм. Мөн сэтгүүлчийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Эцсийн дүндээ хүний нэр төр, алдар хүнд л яригддаг шүү дээ. Энэ нь иргэний хуулиар яваад хэрэв гүтгүүлсэн, хохирсон бол хохирлыг нь тогтоогоод үүнийг нь барагдуулдаг нөхцөл рүү явж орохоос аргагүй. Харамсалтай нь үүнээс сэтгүүлчид айдаг. Өндөр төлбөр төлөх нь, тиймээс Эрүүгийн хуулиар явъя гэдэг. Гэтэл Эрүүгийн хуулиар явахаар бага торгуулдаг байж болох ч эрүүгийн ялтай. Энэ нь нийгмийн харилцааны наад захын босго давахааргүй болгочихдог. Бидэнд одоо ганц нүүр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байгаадаа баярлах хэрэгтэй. Манайхан болохоор маш олон эрх өгсөн заалтыг л хуульд оруулахыг хүсээд байдаг. Гэтэл эрх өгсөн заалт нэмэгдэх болгонд үүрэг хүлээсэн заалт нэмэгдэнэ л гэж ойлгох хэрэгтэй.

-Ажлын хэсэгтээ ямар, ямар хүмүүсийг оруулах вэ?

-Хууль зүйн байнгын хорооны гишүүд, манай намын бүлгийн гишүүд орно. МАН-ын бүлэгт сэтгүүлч гишүүд байвал урилга өгнө. Аль болох л тал талын санаа бодлыг тусгахыг хичээнэ. Нэгэнт л хамтарч байгаа бол хамтраад ажлаа урагшлуулахын тулд ажиллана.

-Та сэтгүүлчийн хариуцлагыг хөндөж байна. Тэгэхээр хариуцлага сул байгаа учраас нийгэмд сэтгүүлч мэргэжлийн, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд унаад байна гэж ойлгох уу?

-Хаалттай нийгэмд, ялангуяа мэдээллийн технологи хөгжөөгүй, хэвлэмэл материал, нэг дэлгэцээр мэдээллээ авдаг байхад сэтгүүлчийн нэр хүнд өндөр байсан. Одоо ч хаалттай нийгэмд тийм байгаа. Гэтэл ардчилсан нийгэмд сайн сэтгүүлч муу нэртэй байдаг. Үргэлж нуусан зүйлийг нь дэлгэж тавьдаг. Эрх баригчдын дургүй хүн байдаг учраас муу нэртэй болгох бүхий л арга хэмжээг авдаг. Сүүлдээ эх орноосоо зугтдаг байдал чинь ардчилсан нийгэмд л харагддаг зүйл шүү дээ. Тиймээс сэтгүүлчийн нэр хүнд гэдэг өөрөө их харьцангуй ойлголт. Дээрээс нь сайн сэтгүүлч угаасаа л сайн нэртэй байдаг. Зарчмаа мөрддөг, хуулиа барьдаг, яах гэж ажиллаж байгаагаа мэддэг сэтгүүлчийн нэр хүнд сайн л байдаг шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Реппер Гинжин: “Энэ мөч” тоглолт кино шиг дөрвөн хэсэгтэй DNN.mn

Реппер Гинжин, Mrs.M нарын хамтарсан “Энэ мөч” тоглолт хоёр хоногийн дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолтын талаар Реппер Гинжин буюу Г.Гарьдтай ярилцлаа.


-Mrs.M-тэй хамтарсан “Энэ мөч” тоглолтыг тань үзэгч, фенүүд нь догдлол дүүрэн хүлээж байгаа болов уу. Тоглолтын бэлтгэл хэр хангагдав?

-Тоглолтын бэлтгэл ажил ийм хүнд байдгийг мэдээгүй. Төсөөлж байснаас илүү их бэлтгэл хийж байгаа. Үүний үр дүнд гоё тоглолт болно гэж найдаж байгаа учир ядарсан ч эрч хүчтэй байхыг хичээж байна.

-Сонсогчдодоо зориулсан шинэ уран бүтээл дуулагдах уу?

-Тоглолтод өмнө нь сонсож байсан, олны дунд хит болсон дуунуудаа толилуулна. Хэзээ ч тайзан дээр дуулж байгаагүй хуучны дуунуудаа амьдаар дуулна.

-Энэ тоглолтын найруулга бусад тоглолтоос юугаараа ялгарч чадах вэ?

-Манай тоглолт яг л кино шиг дөрвөн хэсэгтэй. Хэсэг болгон дээрээ өөр өөр өнгө аясыг илэрхийлж байгаа. Киноны концепцитэй гэдгээрээ давуу талтай. Тайзаа ч гэсэн кино театр шиг зассан. Тоглолтоо “Энэ мөч” гэж нэрлэсэн нь ч цаагуураа сувгаа соль гэсэн утгатай. Суваг сольж байгаа мэт мэдрэмжийг өгөх байх гэж бодсон юм.

-Таны урлагт хайртай болсноос хойш хамгийн их дурлаж, сонсдог байсан ямар хамтлаг, дуучид байдаг вэ?

-Өөрийгөө л дурлаж, хайрлаж сонсдог(инээв). Надад таалагддаг, сонсдог дуучид маш их байгаа. Гэхдээ тэгж их шүтээд миний шүтээн гэж боддог хүн байхгүй ээ.

Уран бүтээлийг нь хэсэг сонсож байгаад л хувьсаж, өөрчлөгдөнө. Зарим хүнээс асуувал тэр дуучин гээд хэлэх л байх. Надад одоогоор онцолж хэлэх уран бүтээлч байхгүй.

-Хамгийн дурсамжтай бүтсэн бүтээлийнхээ талаар яривал?

-Бүх л дуунууд маань миний хувьд дурсамжтай. Хамгийн сүүлийн дуу маань тод дурсамж үлдээсэн байдаг даа. Шинэ дуу гарахад өмнөхөөсөө илүү дурсамжтай ч юм шиг. Байнга л шинэчлэгддэг.

Миний дуунуудад хөгтэй явдал нэг их гардаггүй. Студи дээрээ очоод хийх зүйлээ хийчихээд л явдаг. Тийм болохоор дурсамжтай зүйл болж байгаагүй юм байна.

-Уран бүтээлч хүн бүр дуугаараа, контентоороо нийгэмд ямар нэгэн санаа дэвшүүлдэг. Таны хувьд юуг хүргэхийг зорьдог вэ?

-Миний ихэнх дуунууд хөдөлмөрлөхийг уриалсан мессэж өгдөг. Хөдөлмөрлөе, мөнгөтэй болъё, юм суръя, хөгжье, чихээ нээе гэх мэт зүйлсийг илүү тодотгож, уриалдаг.

Ginjin & Mrs.M Энэ Мөч тоглолт 8 сарын 17нд төв цэнгэлдэх хүрээлэнд!

-Таныг реппер гэдгээр хүмүүс сайн мэддэг. Та ямар мэргэжилтэй, юу сонирхдог вэ?

-Үндсэн мэргэжил маань зочид буудал, аялал жуулчлалын менежмент. Хоол хийх, бялуу хийж сурахыг сонирхдог. Ирээдүйд пиццаны юм уу, эсвэл хоолны газар нээнэ гэж боддог.

-Цаашид ямар уран бүтээл гаргахаар төлөвлөөд байна вэ?

-”Энэ мөч” тоглолтоо дуусгаад Mrs.M бид хоёрын цомог гарна. Арваннэгдүгээр сард өөрийнхөө соло хоёр дахь цомгоо гарахаар төлөвлөж байгаа. Цаашдаа монгол уран бүтээлчдээс гадна гадаадын дуучидтай хамтарч гадны зах зээл рүү орох гэж үзнэ дээ.

-Үзэгч фенүүддээ хандаж юу хэлмээр байна?

-Та нар минь мундаг шүү. Намайг ойлгоод, мэдрээд сонсож байгаад баярлалаа.

 

Т.УНДРАХБАЯР