Categories
мэдээ нийгэм

12 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, хилийн хоригийг нь цуцлуулжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэдийн улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Тодруулбал, шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ял болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан хугацаа нь дуусгавар болсон 12 иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээгээгүй байсан зөрчлийг илрүүлжээ.

Тиймээс Хил хамгаалах ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, дээрх иргэдийн хилийн хоригийг цуцлуулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 12 хувиар буурчээ DNN.mn

Нийт зээлийн өрийн үлдэгдэл долдугаар сарын эцэст 33.5 их наяд болж, өмнөх жилийн мөн үеэс 32 хувиар өссөн байна.

Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 5.8 их наяд, хувийн байгууллагынх 2.1 их наядаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 90.3 хувь нь хэвийн
  • 3.9 хувь нь анхаарал хандуулах
  • 5.9 хувь нь чанаргүй зээл байна.

Чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөг нь хувийн салбарын аж ахуйн нэгжийнх байгаа юм.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 39 хувиар өссөн бол анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 хувиар, чанаргүй зээл хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Урт богинодоо биш, ухаан санаандаа байгаа юм DNN.mn

Монголчууд бидэнд утаа, түгжрэл, цас, үер гээд тогтсон хэдэн сэдэв байдаг.

Энэ удаад бол сурагчдын дүрэмт хувцасны сэдвийн цаг үе нь яах аргагүй мөн. Цахим орчинд сурагчдын дүрэмт хувцасны сайн муу, сайхан муухайг ид ярилцаж байна. Үүнтэй зэрэгцээд Боловсролын сайд П.Наранбаяр дүрэмт хувцсанд поло цамцыг оруулах тухай ярьсан нь сэдвийн цар хүрээг улам ч нэмлээ.

Мөн ил, далдаар байнга яригдаж, маргаан дагуулдаг нэг зүйл бол сурагч охидын юбканы урт. Зарим нэг нь хэт богино байна. Энэ нь элдэв гаж нөхдүүдэд сэдэл болдог. Тиймээс урт болгох ёстой гэдэг. Тэднийхээр бол бид охидоо хамгаалж байгаа нь энэ гээд бараг л гивлүүр зүүлгэх хэрэгтэй гэж үздэг. Үүнийгээ ч олон нийтийн сүлжээнд ил тодоор хэлэх нь бий.

Тэгвэл уучлаарай. Энэ бол хүний эрхийн маш бүдүүлэг зүйл. Бид чинь ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулж, тэр замаар замнахаар шийдсэн улс. Ийм улсад охид, эмэгтэйчүүд ямар хувцас өмсөх нь тэдний эрх байдаг.

Дээрээс нь охидын юбка богино байхаар дур хүсэл чинь оволзоод, эсвэл бусдынхыг хөдөлнө гэж бодоод байгаа бол та өөрөө яаралтай эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй болжээ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

22-ын товчоо чиглэлийн замыг түр хааж, шинэчилнэ DNN.mn

Нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил үе шаттайгаар хийгдэж байна.

Энэ удаад Сонгинохайрхан дүүрэг 20, 32 дугаар хороо, Номин худалдааны төвийн уулзвараас Тахилтын уулзвар хүртэлх авто замыг наймдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хааж, шинэчлэх гэж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нүүдэлчин” фестиваль руу нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна DNN.mn

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зорин ирэх иргэдэд зориулсан нийтийн тээврийн хэрэгсэл Д.Сүхбаатарын талбайн өмнөх талын автобусны буудал буюу хуучнаар Санкт Петербург төвийн зогсоолоос наймдугаар сарын 16-наас эхлэн фестивалийг дуустал өдөр бүр 08.00-22.00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж байна.

Лавлах утас: 7716-7777

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Дэндэвийн Амгаа: “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан хэлдэг байсан DNN.mn

Холоос харахад жанжин асар

Хондлой зоо нь уулын цар

Хэзээ ч гүндүүгүй монгол эр

Хэрж зогссон орооны буур хэмээн Тангадын Галсан нэгэнтээ Монгол Улсын заан, Самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Өрлүүд овгийн Дэндэвийн Амгаад зориулж шүлэглэсэн байдаг. Дэндэвийн Амгаа нь Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул бөгөөд 1980 оны Москвагийн олимпод жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан юм. Улсын Цогт-Идэр, хичээнгүй нягт, үнэн хүчит, өрнөн дэлгэрэх, өсөн нэмэх, улам нэмэх, үлэмж бадрах, бат нягт заан Дэндэвийн Амгаатай ярилцсанаа хүргэе.


-Таны төрсөн нутаг Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ой саяхан тохиолоо. Та сайхан наадсан уу?

-Сайхаан, сайхан наадлаа. Энэ жил манай сумын түүхт 100 жилийн ой боллоо. Нар хур тэгширсэн, газрын гарц сайтай цагт наадам их сайхан болж, ард түмний сэтгэл их өндөр байна.

-Их ойн наадамдаа хэчнээн хурдан хүлгээ сойсон бэ. Та хэд дэх жилдээ морь уяж байна вэ?

-Хоёр насны морь уясан. Азарга найм, есөөр давхилаа. Сумаасаа уралдсан азарганууд дотроо эхний гуравт нь орсон. Хязаалан үрээ нь дундуур давхилаа. Миний хувьд багадаа хурдан морь унаж байсан. Сүүлдээ сургуульд сурах болон хот руу барилдах гэж яваад морь уялгүй хэсэг завсарласан. Би 2000 оноос хойш морь уяж байна. Нэлээд хэдэн бүсийн болон янз янзын том, жижиг наадмуудаас олон айраг түрүү авч байсан. Би аймгийн алдарт уяач цолтой.

-Та ажлынхаа гарааг тээврийн жолоочоор эхэлжээ. Бөхийн спортод хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хүний амьдрал дэндүү богинохон юм. Би одоо 70 гаруй настай болж байна. Амьдралынхаа чамгүй хугацааг буюу 60-аад жилийг хөдөлмөрлөж өнгөрүүлжээ гэж боддог. Би арваа төгсөөд анх тээврийн жолооч болсон. 18 насандаа цэрэгт явах ёстой байсан ч намайг нэгдэлд жолоочоор үлдээж байсан л даа. Хэрэв би 18 насандаа цэрэгт яваад “Алдар” нийгэмлэгт очсон бол нэгдэлд тэрэг барихын оронд арай эрт бөхийн бэлтгэлээ хийж эхлэх байсан байх. Би таван жил нэгдлийн жолооч хийсэн. Тиймдээ ч би үеийнхнээсээ арай хожуу бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Ид юм сурдаг насаа тээврийн жолооч хийж өнгөрөөсөндөө жаахан харамсдаг. Энэ хугацаанд спортоо хөөсөн бол илүү амжилт гаргах байсан болов уу гэж бодогддог.

Намайг бөхийн спортод оруулсан хүн тухайн үед Соёлын яамны орлогчоор ажиллаж байсан П.Даваасамбуу гэж бөхөд их элэгтэй хүн байлаа. Намайг аймаг дээр барилдаж байхад дуудаж уулзаж байсан. “Чи хотод очиж бэлтгэл сургууль хийсэн нь дээр байх аа” гэж надад зөвлөсөн. Мөн “Үнэн” сонинд “Булган аймгийн Дашинчилэн суманд бөх болох сайн хүү байна”, Улсын шигшээ багт хот руу татъя гэдэг санаагаар П.Даваасамбуу гуай миний тухай бичсэн байдаг. Тэр үеийн “Үнэн” сонинд бичигдэнэ гэдэг ховор зүйл төдийгүй нэр хүндийн хэрэг байлаа. Манай сумын Намын дарга тэр үед н.Лувсанчоймбол гуай байсан. “Улсын шигшээ багийн тамирчнаар чамайг хот руу явуулах боллоо” гээд миний бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр би хотод ирж, энэ их бөхийн спортоор хичээллэх зам мөр маань нээгдсэн.

-Та Улсын баяр наадамд хоёрхон удаа зодоглоод начин цол хүртсэн бөх. Монгол улсын заан цолыг хүртэж байсан үеэ дурсвал?

-Би 1972, 1973 онд сумандаа хоёр түрүүлсэн юм. Дараа жил нь Улсын наадамд барилдаж, гурав давснаар том цолтой бөхчүүдтэй барилдаж болох юм гэсэн урам орсон л доо. Би 1975 онд улсын баяр наадамд 23 настайдаа улсын арслан У.Мижиддоржоор тав давж, начин цолны болзол хангасан. Миний хувьд хоёр жил улсад барилдаад улсын цолонд хүрсэн бөхчүүдийн нэг. 1981 онд Улсын аварга шалгаруулах барилдаан гэж болсон. Тэр барилдаанд би түрүүлж, улсын заан цол авсан. Тэр жил нь Ардын хувьсгалын 60 жилийн ой тохиож байв. Зун нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нарын олон бөхтэй бэлтгэлд гарсан юм. Бэлтгэл ч сайн хангагдсан. УАШТ-ээс заан цол хүртсэн болохоор улсын баяр наадмаар амжилтаа ахиулах, цолоо ядаж батлах зорилготой байлаа. Гэвч Ч.Гочоосүрэн намайг зургаагийн даваанд өвдөг шороодуулж, улсын заан цол хүртсэн. Би дараа жил нь улсын наадамд шөвгийн дөрөвт үлдэж, заан цолоо баталсан.

-Мөн тань шиг улсын баяр наадамд 10 удаа шөвгөрсөн бөх хэр олон бэ?

-Би самбо, жүдогийн улсын 10 удаагийн аварга, үндэсний бөхөөр 10 удаа улсад шөвгөрсөн заан. Манай бөх дотор улсад 10 удаа шөвгөрсөн заан Д.Долгорсүрэн, Ц.Мягмарсүрэн, З.Дүвчин, би гээд дөрөв, тавхан хүн бий. Үндэсний бөхөөр барилдсан баярын бичгүүдээ харахад 60-аад түрүүлсэн, үзүүрлэсэн 50 гаруй гэхээр 120-иод шахуу улсын болоод том, жижиг наадамд үзүүр, түрүүнд барилджээ.

Би Улсын шигшээ багт байхдаа ХААИС-д эчнээгээр суралцсан. Дараа нь МУБИС-ийг дасгалжуулагч багшаар төгссөн. Улсын шигшээ багт 1975 оноос 1990 он хүртэл 15 жил тасралтгүй хичээллэсэн. Дараа нь ХААИС-даа дасгалжуулагч багшаар арваад жил ажилласан юм. Энэ бүхнийг минь төр засгаас үнэлж, гавьяат тамирчин гэх эрхэм цолыг надад өгсөнд баярладаг.

-Таны нутгаас улсын цолтой бөх хэр олон төрсөн байдаг вэ?

-Манай нутгаас төрсөн улсын цолтой бөх цөөхөн бий. Б.Товуу заан, Д.Раднаабазар, Д.Галдандагва, С.Ганхуяг гэсэн гурван начин гээд бид тав байна. Аймгийн цолтой бөх гэвэл Очиржав, Чөөдөг, Лхагвасүрэн арслан гээд зөндөө бий.

-Та 1980 оны олимпод улсаа төлөөлөн жүдо бөхөөр оролцож байсан түүхтэй. Энэ жилийн “Парис-2024” зуны XXXIII олимпод жүдо бөхөөр Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ. Тамирчин хүн бүр олимпод эх орноо төлөөлөн оролцох их хүсэл өвөртөлж явдаг болов уу?

-Ядаж олимпод оролцож үзэх юмсан гэж мөрөөдөлгүй яахав. Олимпийн медаль гэдэг маш том зүйл. Олимп бол дэлхийн том тэмцээн юм. Би олон улсын том тэмцээнд оролцож, түрүүлдэг л байсан. Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин УГТ З.Ойдов, Монгол Улсын Ардын багш, дасгалжуулагч З.Дүвчин, Зууны манлай бөх, дархан аварга Х.Баянмөнх, Ц.Сэрээтэр, Д.Цэнд-Аюуш заан, МУГТ Цэндийн Дамдин, миний бие гээд бүрэн бүрэлдэхүүнтэй баг олимпод явж байлаа. Олимп ойрхон, Москвад болсон болоод ч тэр үү бокс, чөлөөт, хөнгөн гээд бүх л төрөлд нэлээд олуулаа оролцсон.Тухайн үедээ би олимпод өөдтэй барилдаж чадаагүй.Тус олимпоос чөлөөт болон жүдо бөхийн тамирчид болох Ж.Даваажав, Ц.Дамдин нар мөнгө, Д.Оюунболд, Р.Даваадалай хоёр хүрэл медаль хүртэж байсан.

Энэ жилийн Парист болж буй олимпоос Б.Баасанхүү гэж тэр жаахан годгор охин мөнгөн медаль аваад монголчуудыг хэчнээн их огшоож, баярлуулав. Б.Баасанхүүг хараад миний нүдний нулимс гарч байлаа. Эрэмгий байна. Олимпийн аварга болох дөхлөө.

-Сүүлийн үед бөхийн жудаг гэж хүмүүс их ярих боллоо. Энэ жилийн баяр наадмаар дархан аварга төрлөө. Иргэд дархан аваргадаа их шүүмжлэлтэй хандах шиг болсон. Таны М.Мөнгөн арслантай барилдаж байсан үетэй адил төстэй ч юм шиг.

-Би улсын наадамд 1982 онд шөвгийн дөрөвт үлдээд байсан юм. Х.Баянмөнх аварга Долгорсүрэн зааныг амлаад, би М.Мөнгөн арслантай тунасан юм. Бид хоёр өмнө нь их л барилддаг, гэмгүй л байсан. Тэр үед удаан ч барилдлаа. Баруун золгоод шуудагдаад, засуул барилд гээд яг би барьцаа аваад хаях гэсэн чинь М.Мөнгөн барьцаа тавьчихсан юм. Тэгэхээр нь би хүн барьцаа тавьж байхад дайралтай биш гэж бодоод мөн барьцаа задалсан. Намайг засч байсан н.Пүрэвсүрэн гэж хүн байлаа. “Намайг тэр чигтээ яваад хаяна биз дээ. Яах гэж барьцаа тавьж байгаа юм, хүний барьц тавих ямар хамаа байна. Бид барьцаа тавь гэж хэлээгүй байхад” гээд намайг загнаж байсан. Ахиж бид барилдаад би унасан юм. Би дараа нь М.Мөнгөнд хэлсэн л дээ. “Засуул барьцаа тавь гээгүй байхад яагаад барьцаа тавьсан юм. Би чамайг хаячихаад явчихвал яах юм” гэхэд М.Мөнгөн “Би хаашдаа унах юм байна. Барьцаа тавиад үзье гэж бодсон. Намайг барьцаа тавихад Д.Амгаа арай ч хаячихгүй байлгүй гээд хүн чанарт чинь найдсан юм. Эр хүний замын хүзүү урт, найздаа баярладаг шүү” гэж хэлж байсан.

Энэ жилийн улсын баяр наадмын үзүүр, түрүүний барилдаан арай өөр л дөө. Н.Батсуурь аваргын хувьд Б.Орхонбаяр арсланг барьцаа тавихад л хавирч байгаа юм. Эцсийн эцэст хүнд юу үлдэхэв гэхээр хэн байсан бэ, ямар чанартай хүн байв гэдэг л үлдэнэ. Бусад нь юу ч үлдэхгүй. Манай дээхнэ үеийн бөхчүүд чинь их сайхан чанартай. Хоёулаа зэрэг уналаа гэхэд чи давсан, чи дэв гэж бие биендээ хэлдэг байлаа. Одоо бол хоёулаа дэвж давхиад л байна. Хүн амжилт, нэр алдрын төлөө явж болно. Гэхдээ хүн чанарыг түүний дараа тавьж болохгүй гэж санадаг. Дархан аварга гэдэг үндэсний бөхийн хамгийн том цол. Үүнийг авахын тулд тэр хүн хамаг л юмаа гаргаж байгаа юм. Зуун хувь буруутгах аргагүй юм. Гэхдээ л жудаг гэдэг юмыг бодох л ёстой.

Монгол бөхийн хөгжил сайхан явагдаж байна. Бөхчүүд бие биенээ хүндэлж, хоорондоо маргадаггүй, үнэнч шударгаар барилддаг байх ёстой. Даваа, унаан дээр маргадаггүй сайхан бөхчүүд зөндөө бий. Манай И.Доржсамбуу гарьд мундаг сайхан жудагтай бөх. “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан ч хэлдэг байсан. Зориудаар юмыг яаж мэдэхэв гэж маргаан үүсгээд байгаа болохоос биш. Ер нь хүн унасан, хаяснаа мэддэг юм шүү дээ.

-“Гарьд магнай” кинонд та дүр бүтээхээс гадна өөр кинонд ч тоглосон байдаг. Кинонд дүр бүтээх болсон түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар агсан л “Чи энэ дүрд тогловол тохирох хүн” гээд намайг сонгосон. “Гарьд магнай” киноны Дэлэг зааны дүрд тоглосон. Туслах дүр л дээ. Мөн үзэгчид гайгүй мэдэх нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх, олон түмэндээ “хулгар” хэмээн алдаршсан Нацагийн дүр юм. Түүнчлэн“Морин хуурын домог” киноны Хөхөө намжилын дүр байна. Тэр үед “Хөхөө Намжил”-д тоглох нэг хүн хэрэгтэй байна гээд л бөхчүүдийг жагсааж байгаад л энэ хүнийг тоглуулъя гэж намайг сонгож байсан. Би 20 гаруй настай ч байсан. Энэ гурван дүрээс хамгийн хэцүү нь “хулгар” Нацагийн дүр. Тус кинонд “хулгар” Нацаг нь гол дүр бөгөөд бяр чадал ихтэй бөх байсан.

-Ээж тань таныг бүх зүйлд сургасан гэдэг. Зодог, шуудгаа хүртэл өөрөө оёод өмсчихдөг байсан гэж сонссон?

-Жилдээ л нэг далбаа урагддаг тул би улсын наадмын бэлтгэлд гарахдаа нэг далбаа эсгээд гардаг байсан. Миний ээж яасан ч ухаантай хүн байсан юм бэ дээ гэж би одоо боддог. Ээж минь “Би хүүгээ миний отгон хүү гээд эрхлүүлээд байвал бололгүй яахав. Ээж нь дандаа цуг байх биш дээ. Сайн яваасай гэсэндээ жаахан чангахан хандаж ирсэн. Хайртай морио хазаартай нь усалж сурга гэдэг юм” гэж хэлж байсан. Намайг жаахан байхад өглөө эрт босгоно, үнээ ивэлгүүлж, саалгадаг байлаа. Ээжтэйгээ хоёулаа хөдөө байхад дээл оёулж, ширдэг ширүүлэх зэргээр юм бүхнийг хийлгэдэг. “Ажил хүнийг голно гэхээс хүн ажлыг голохгүй” гэж ээж минь их захидаг байсан.

“Мал ядрахаараа усаа, хүн ядрахаараа нутгаа” гэдэг шиг нутгаа бараадаж, гэхдээ зүгээр суусангүй. Нутагтаа ирээд “Үржил” станц гээд балгас болсон газрыг би өөд нь татаж, “Заан” цогцолбор гэж газар байгуулаад ажиллуулаад явж байна.

-Таны хүү А.Өнөболд сумод барилдаж байгаад зодог тайлсан. Таны ач, зээ нараас бөхийн спортоор хичээллэж байгаа хүн бий юу?

-Хүү маань сумодоо барилдаж байхдаа гэмтэл аваад барилдахаа больсон. Миний хүү 10 гаруй жил сумогоор барилдсан. Миний охин МУГЖ Д.Ширмэнтуяагийн нэг хүү мэргэжлийн сумод барилдахаар бэлтгэл хийж байгаа.

-Бөхийн спортоор хичээллэж буй залуустаа та юу гэж захих вэ?

-Дээхнэ үед самбо, жүдогоор барилддаг хүн үндэсний бөхөөрөө ч бэлтгэл хийдэг байлаа. Чөлөөт, жүдо хоёр л холилдож бэлтгэл хийж болдоггүй талтай. Чөлөөт нүцгэн, жүдо нь хувцастай барилддаг гээд барьцтай, барьцгүй барилдахад стиль нь өөр юм. Сургалт нь ч өөр болж ирнэ. Үндэсний бөх бусад барилдаануудын суурь нь болж өгдөг. Барилдах гэдэг залуу насных юм.

Тамирчин хүн нэг удаа бэлтгэл хийхэд доод тал нь хоёр килограмм хөлс гардаг. Тамирчдыг бэлтгэл хийхийн өмнө, хойно жинлэдэг. Олон жилийн хөлс хөдөлмөр хэдэн тонн болох бол доо гэж би боддог.

Бэлтгэлээ сайн хий. Бяр чадал гэдэг чинь хүний юмыг хэрэглэж байгаад өгсөн юм шиг гэнэт л алга болдог. Чадалтай байх үедээ хүнд бууж өгөлгүй, шударгаар цолоо авахын төлөө тууштай барилдаарай гэж захья.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хуульч Л.Галбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хаалттай болсон нь өөрөө асуудал дагуулж байна DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өчигдөр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дурджээ. Тэрбээр өмнө нь Анхан шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх талаар хүсэлт гаргаж байсан ч хүсэлтийг нь шүүх хүлээн авч байгаагүй юм. Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтийг тэрээр дахин гаргасан байна. Мөн шүүх хурлыг ил тод нээлттэй явуулахыг дэмжиж өгөхийг олон нийтээсээ хүсчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа аж.

Энэ талаар “Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар буруутгаж 4.9 жилийн ял оногдуулан 461 дүгээр хорих ангид хориод байгаа. Буруутгагдсан зүйл ангиуд нь хэр үндэслэлтэй вэ?

-Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн Анхан шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, бүрэн дүгнэлт хийхэд төвөгтэй байгаа.

Хурал нь хаалттай явсан учраас зөвхөн Шүүхийн товч мэдээллээр баримжаа авах боломжгүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн үүх хурал нь хаалттай болсон нь өөрөө асуудал болж байна. Буруутгаж байгаа зүйл заалтуудаас харахад хоёр нь асуудалтай гэж үзэж болно. “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” энэ нь Эрүүгийн хуульд байх ёсгүй заалт гэж олон улсын байгууллага болон манайхаас ч тайлан мэдээндээ дурдсан. Яагаад гэвэл албан ёсоор төрийн нууц хариуцдаггүй хүнийг нууцад хамаарах баримт бичиг олж авсан, задруулсан гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн зүйл заалтаар буруутгах нь буруу гэж хүний эрхийн олон улсын байгууллагаас зөвлөмж гаргасан байдаг. Дараагийнх нь Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Худал мэдээлэл тараах” зүйл заалтыг мөн байх ёсгүй гэж үзэж байгаа. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс ч 2015, 2020 онд хоёр ч удаа “хүний нэр төрд хамаарсан өргөн хүрээтэй урвуулан ашиглах боломжтой ийм зүйл заалтыг эрүүгийн хуулиас халах ёстой” гэсэн зөвлөмжийг Монгол Улсад өгсөн байдаг. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор энэ нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутгах нэг зүйл заалт болж хувираад байна. Энэхүү зүйл заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй учраас шүүх энэ хоёр заалтыг хэрэглэхгүйгээр, бүр түдгэлзүүлэх ёстой байсан. Хууль тогтоогчид энэ хоёр зүйл заалтыг хүчингүй болгох ёстой. Н.Өнөрцэцэгт хамааруулсан Эрүүгийн хуулийн зүйл заалтууд болон шүүхийн шийдвэр нь сэтгүүлчид өөрсдийгөө цензурдэх, чөлөөтэй зоригтойгоор мэдээлэл бэлтгэхээс айдаг болох сөрөг үр дагаврыг дагуулж байна.

-Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчийнх нь гаргасан шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Түүнийг хаалттай бөгөөд өмгөөлөгчгүйгээр шүүсэн асуудал хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэх хүмүүс олон байна.

-Шүүхийн товч мэдээллийг харахад манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заавал өмгөөлөгчтэй оролцох хэргүүдийг жагсаасан байдаг. Н.Өнөрцэцэгийнх заавал өмгөөлөгчтэй оролцох хэргийн жагсаалтад байхгүй буюу өмгөөлөгчгүйгээр оролцож болох зүйл заалтуудаар зохицуулаад өгсөн. Үндсэн хуульд өмгөөлөгч авахаас гадна өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж заасан байдаг. Хүний эрхийг хамгаалахад өмгөөлөгчид чухал үүрэгтэй. Өмгөөлөгчөөсөө татгалзчихаад огт өмгөөлөгчгүй болсон ч гэсэн шүүх хурал цааш үргэлжилж болохыг хуульд мөн заагаад өгчихсөн. Тэгэхээр хууль муу, дутуу байгаа нь өөрөө шүүхийг буруутгахад хэцүү болж байгаа юм. Энэ асуудал дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай.

Олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажилладаг сэтгүүлчийг хаалттай хуралдаанаар яллаж байгаа нь буруу жишиг. Шүүх хуралдааныг хэсэгчлэн нээлттэй явуулах боломжийг хуульчилсан байдаг. Төрийн нууцад хамаарахаас бусад хэсэг дээр хэсэгчлэн нээх боломж байсан.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурлыг нь нээлттэй явуулах боломж хэр байгаа вэ?

-Түүнийг шүүх бүрэлдэхүүн дүгнэнэ. Өмнөх шүүх хурал нь хаалттай болсон. Шийдвэр нь нууцын заалттай тэр хэсгийг судлах мэтгэлцэх учраас Давж заалдах шатны шүүх хурал нь нээлттэй болох боломж хязгаарлагдмал байгаа. Энэ удаа ялын хэмжээ хүндрэхгүй болов уу. Хууль зүйн хувьд ялын хэмжээ нь хүндэрч болно. Энэ тал дээр өмгөөлөгчид нь хэр сайн мэтгэлцэх, онцлогийг нь хэрхэн гаргаж чадах вэ гэдгээс хамаарна.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмнө нь хэсэг хугацаанд цагдан хорьсны дараа гэрийн хорионд байлган, хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан байдаг.

-Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг зүйлийг лицензийн хуульд заасан байдаг. 2017 онд шинээр орсон зүйл заалтаар тодорхой үйлдэл хийхийг хязгаарлах гэж байгаа. Энэ нь агуулгын хувьд эмч, хуульчид хамаатай. Эдгээр нь тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлах юм. Тиймээс олон хүнийг хохироох эрсдэлтэй гэж үзээд ажил үүргийг нь болиулах агуулгатай. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл гэж байдаггүй. Үндсэн хуулийн олон улсын гэрээнд зааснаар сэтгүүлчийн хувьд мэдээлэл хайх, түгээх, хүлээж авах нь мэргэжлийн ажлынх нь онцлог юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох тохиолдлууд байдаг. Гэхдээ “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” гэсэн заалт бол байхгүй. Манай эрүүгийн процесс олон улсын гэрээнд нийцэхгүй байгааг харуулж байна.

Шүүх Үндсэн хууль, олон улсын гэрээний хууль тогтоомждоо нийцүүлэх шаардлага байна. Гэмт хэрэгтэн болохоосоо өмнө буруутгагдаж байгаа гэмт хэргийн төрөл зүйлтэйгээ хамаарал багатайгаар эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа нь олон улсын гэрээний ноцтой зөрчил юм.

-Хуульд ямар өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх шаардлагатай байна вэ?

-Шинээр бүрдсэн УИХ-ын гишүүдэд хийх ажил нь маш тодорхой байгаа. Ямар зүйл заалт ямар үр дагавартай байна, ямар хууль батлах вэ гэдгийг “Глоб интернэшнл” сүүлд гаргасан хэвлэлийн эрх чөлөөний тайландаа оруулсан байдаг.

Буруутгагдсан хэргээс нь хамаарч таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байх. Нөгөө талаар сургалтын хүрээнд ч гэсэн мөрдөгч, прокурор, шүүгчийг хууль тогтоомжийг хүний эрх талаас нь зөв оновчтой хэрэглэдэг болгох тал дээр хариуцсан байгууллагууд нь анхааралдаа авах шаардлагатай. Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй, хаалттай явуулахыг Шүүхийн удирдах зөвлөл, шүүгчдэд зориулсан сургалтандаа тусгаж, анхаарах нь зүйтэй.

Сэтгүүл зүйн хувьд мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зэргээр хууль боловсронгуй биш байгаад тэр хуулийг хэрэглэж байгаа хүмүүсийг шууд буруутгахад хэцүү.

Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө Эрүүгийн хуулийн зүйл заалтуудаар буруутгагдаж байна. Тиймд энэхүү хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн асуудлаар дуусахгүй. Эрүүгийн хуульд яллагдагчаар татагдан шалгагдаж, Шүүхээс ял сонсоход ойрхон сэтгүүлчид олон бий. Энэ нь зөвхөн тоогоор хэмжигдэхгүй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Г.Батзориг: Монгол Улс худалдаанд суурилсан эдийн засагтай орон. Иймд худалдааны бие даасан хууль гаргах зайлшгүй шаардлагатай DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Манай улс худалдааны хуультай болох шаардлагатай гэж эртнээс хөндөж, ярьсаар ирсэн. Гэвч өнөөг хүртэл энэ хууль гараагүй л байна. Худалдааны хуультай болвол эдийн засагт ямар, ямар боломжууд нээгдэх вэ?

-Худалдааны хууль нь тухайн улс орны бараа, үйлчилгээг авах зарахтай холбоотой үйл явц, стандарт, дэд бүтэц, дотоод болон гадаад худалдааг хэрхэн зохион байгуулах талаар ерөнхий харилцааг зохицуулдаг. Монгол орон маань худалдааны суурьтай эдийн засагтай орон. Тийм болохоор түүнийг зохицуулах эрх зүйн орчин үүнтэй холбоотой тодорхой стандарт мөрдөх хэрэгцээ шаардлага их байгаа. Тэгэхгүй бол чанаргүй вакцин, урдаас орж ирж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүний асуудал байнга сөхөгддөг.

Иймэрхүү дүрэмгүй яваад байгааг цэгцлэх учраас Худалдааны тухай хууль зайлшгүй хэрэгтэй гэж харж байна.

Гол нь худалдаа хийхтэй холбоотой үүсч байгаа харилцаануудыг энэ хууль зохицуулна. Тэр утгаараа олон хуулиудыг нэгтгэж хамрах байх гэж бодож байна. Наад зах нь хүнсний аюулгүй байдал, гаалийн асуудал, зам дэд бүтэц, мэргэжлийн хяналт зэрэг асуудлууд сөхөгдөж гарч ирнэ. Хамарч байгаа хүрээний хувьд олон хуулиудтай холбогдох болохоор тэдгээрийг базах хууль болно байх.

-Ер нь Худалдааны хуультай болох нөхцөл суурь бүрдсэн гэж үзэж байна уу?

-Хүмүүс тодорхой давтамжтайгаар байнга эдийн засгийн харилцаанд ордог. Тэр нь ямар нэгэн хэмжээгээр эрсдэл үүсгэж, хор уршиг үзүүлэх зэрэг тодорхой бус байдлуудаас болж янз бүрийн ашиг хонжоо хайсан нөхцөл байдалд хүргэдэг. Иймэрхүү хууль эрх зүйн орчны тодохой бус байдлаас үүдэлтэй асуудал амьдрал дээр ургадаг. Тэр нь хууль гаргах гол эрх зүйн суурь болж байна гэсэн үг. Ялангуяа Монгол Улс шиг цэвэр худалдаан дээр тогтсон эдийн засагтай орчинд юу хамгийн чухал вэ гэхээр бараа бүтээгдэхүүнийг авчирч буй хүмүүс тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Дээрээс нь бараа бүтээгдэхүүн болгоны гарал үүсэл нь тодорхой, эргээд тухайн хэрэгдэгчид хор хөнөөл багатай, эрүүл, аюулгүй байдлын чанар стандартыг мөрддөг байх ёстой л доо. Манайд хүнсний аюулгүй байдал ялангуяа хадгалалтын хувьд асуудалтай. Тэр ч байтугай бараа, бүтээгдэхүүний үнэ дэндүү өндөр байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үнэ зохицуулдаг гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр харъя л даа. Хичээлийн шинэ жил дөхөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ гурав дахин өсдөг. Иргэдийн эдийн засагт том хүндрэл учруулж байна. Ийм асуудлууд байнга гардаг учраас тодорхой дүрмийн дагуу Худалдааны тухай хуулиа мөрдөөд явчихвал хэрэглэгч талдаа хожоотой. Мөн тодорхой чанар, стандартын шаардлага хангаад дүрмийн дагуу бараа, бүтээгдэхүүн оруулж байгаа худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ч ашигтай. Яагаад гэвэл, хариуцлагатай, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн хажуугаар үүргийн худалдаа гээд хяналтгүй бараа ороод ирдэг. Тэдгээртэй үнийн хувьд өрсөлдөх шаардлага үүсдэг. Энэ талаас нь бодох юм бол Худалдааны тухай хуулийн хэрэгцээ шаардлага аль, аль талдаа байгаа л даа.

-Худалдааны хуультай болсноор экспортод яаж нөлөөлөх вэ?

-Худалдааны тухай хууль экспортод тийм ч сүртэй нөлөөлнө гэж харахгүй байна. Яагаад гэвэл манай эдийн засгийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс байдаг. Нүүрс бол Худалдааны тухай хуультай хуульгүй Хятадын нөхцөл байдлаас хамаарч экспортлогддог. Дээрээс нь уул уурхайн бүтээгдэхүүн талдаа нүүрсийг хэдэн янзаар ангилаад сорьцыг нь тодорхойлуулж байгаад Хятад руу гаргаж байгаа. Энэ талаас нь харвал экспортын хувьд нөлөөлөх нөлөө өндөр биш. Гол нөлөөллийн хувьд импорт байна. Импортын бараа бүтээгдэхүүн стандарттай, тухайн бүтээгдэхүүн аюулгүй байдал хангасан, худалдаа эрхлэгч нь зөвшөөрөлтэй, тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл болон хугацаа нь асуудалгүй, аль боомтоор яаж орж ирсэн зэрэг нь тодорхой байх ёстой. Худалдааны хуультай болбол эдгээр асуудал цэгцэрнэ. Энэ агуулгаараа импортын бараа бүтээгдэхүүнд илүү нөлөө орж ирэх болов уу гэж харж байна.

-Дотоодын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах гол хөшүүрэг нь энэ хууль болж чадах уу?

-Дотоодын бүтээгдэхүүний хувьд боломжтой. Гадагшаа гарах боломжийг энэ хуулиар олгож өгөх түлхэц, нөхцөл болно. Яагаад гэвэл дотоодод үйлдвэрлэгдэж буй үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний стандарт нь нийтлэгээрээ олон улсын стандартаа дагаж явах ёстой. Тэгвэл энэ хуулийг бичихдээ олон улсын стандартуудаас тодорхой хэмжээгээр оруулах ёстой. Нэгэнт хууль батлагдвал мөрдөх шаардлага үүсэхээр дотоодын үйлдвэрлэгчид маань стандартыг баримтлаад, бараа бүтээгдэхүүнээ цаашид тодорхой хяналт дор хийх боломж нэг талдаа бүрдэнэ. Мэдээж богино хугацаанд аж ахуйн нэгжүүд дээр зардал үүсэх ч урт хугацаандаа олон улсын зах зээл дээр чадлынхаа хэрээр өрсөлдөх боломжийг энэ хуулиар олгох боломжтой. Гол логик нь ямар нэгэн бараа зарлаа гэхэд тэр бүтээгдэхүүн нь чанарын шаардлага, стандарт хангасан байхыг олон улсад нэхэж байгаа. Тэгэхээр энэ талдаа илүүтэйгээр хуулийн ач холбогдлыг харж байна.

-Ингэхэд худалдааны эдийн засаг суурьтай орон хэрнээ яагаад өнөөдрийг хүртэл бие даасан хуультай болохгүй байна вэ?

-Өдийг хүртэл тухайн чиглэл чиглэлийн хуулиудаараа илүүтэй зохицуулагдаад яваад байсан. Наад зах нь гааль, хүнсний аюулгүй байдал, зам дэд бүтэц, хүнс үйлдвэрлэгчийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой зэрэг асуудлууд салбар салбарынаа хуулиар зохицуулагдаад явж ирсэн. Тийм болохоор нэгтгээд нэг өргөн хүрээнд нь базаад стандартаа мөрдөөд явна гэдэг юм алга байсан. Одоо цаг нь болж хуулийн хэрэгцээ шаардлага үүссэн гэж ойлгож байна.

-Худалдааны хууль гаргахын тулд Засгийн газрын зүгээс юу хийх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд олон улсын Худалдааны хуулийн туршлага судлах асуудал байна. Ямархуу нөхцөл байдал байгааг нь тодорхойлох ёстой. Улс орон болгонд энэ хуулийг яаж мөрддөг зэргийг харьцуулах нь чухал . Өндөр хөгжилтэй орнууд олон зуун жил хэрэгжүүлчихсэн болохоор алдаа дутагдлыг түүхэн хугацаанд нөхөөд ирсэн байгаа. Энэ зүйлийг тодорхой хэмжээгээр судлах нь магадгүй эхний ажил юм болов уу. Олон улсад ямар, ямар нөхцөл байдалтай байна вэ гээд харахаар тухайн улс орны өөрийнх нь онцлогт тохирсон Худалдааны хууль гэж байна. Мөн бүс нутгийн худалдааны хууль илүү хүчтэй байдаг. Жишээлбэл, Европын холбоонд чөлөөт худалдааны хэлэлцээр дээр үндэслэгдсэн татварын болоод таксын үнийн хөнгөлөлттэй нэг стандартаар явдаг иймэрхүү зүйлсийг бүс нутгийн хэмжээнд маш сайн шийдсэн. Тэгэхээр зөвхөн Худалдааны хууль гэлтгүй үүнтэй холбоотой бүс нутгийн хэмжээнд стандарт, татварын асуудал, үнэ тогтоох процесс бодит байна уу зэрэг дээр бүс нутгийн хэмжээнд сайн ажилласан. Бид ихэвчлэн чөлөөт худалдааны хэлэлцээр гэж ярьж байгаа. Нэг хэсэг манайх Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, энэ хүрээнд тус улсын дэлгүүрүүд манайд нэлээд орж ирсэн. Тэгэхээр энэ хүрээний асуудлыг хамарч байгаа гэж харж байна. Засгийн газрын зүгээс нэгдүгээрт, суурь судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, тус тусдаа мөрдөж байгаа хуулиуддаа яаж Худалдааны хуулиа нийцүүлэх вэ гэдгийг маш сайн судалж байж гаргах ёстой. Тэгэхгүй бол Худалдааны хууль гээд ерөнхий биччихдэг. Эргээд дагаж мөрдөх хуулиудтай зөрчилдөх, эсвэл алийг нь дагахаа мэдэхгүй болох зэрэг хуулийн цоорхойнууд үүсээд эхлэх эрсдэлтэй. Яг одоо байгаа бизнесийнхэн, худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдлыг ойлгосон байдлаар бичээсэй гэж бодож байна. Бодит байдалд хуулиа мөрдөөд явах ёстой бизнес эрхлэгч хэрэглэгчдийг хараагүй гадны хуулийг хуулаад биччихдэг, нөгөөх нь буцаад манай хөрсөн дээр буухгүй байвал асуудал үүсгэх эрсдэлтэй. Ийм учраас тэр талын оролцоог хангаж өгөх ёстой юм болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 17, Санчир гариг. Билгийн тооллын 13, Элдэв тэнгэртэн одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 05:50 цагт мандаж 20:02 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Уланаабаатарт өдөртөө бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо,Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2…+7 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус,  өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Хэрлэн, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16…+21 градус, Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25…+30 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор +30…+35 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.