Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Авто замын хуучин хашлагыг хаядаггүй, иргэн, аж ахуй нэгжид өгч ашиглуулдаг DNN.mn

СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж буй. Ингэхдээ тус авто замд шинээр ус зайлуулах шугам хоолой угсарч, хуучин хашлагыг чулуун хашлагаар сольж байгаа. Олон нийтийн сүлжээнд эвдрэл, гэмтэлгүй авто замын хашлагыг сольж, хуучин хашлагыг хаясан талаар иргэд шүүмжилсэн. Тэгвэл хуучин хашлагыг иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг болохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан  “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчилж байгаа дээрх замын авто хашлага 14 жил болсон. Бид бетон хашлагыг, байгалийн чулуун хашлагаар сольж байгаа. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанар сайн учраас бид энэ жил хэд хэдэн байршилд байгалийн чулуун хашлагыг байршуулж байна. Хуучин бетон хашлагыг бид хуулаад хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхтайваны өргөн чөлөөнөөс Элчингийн гудамж хүртэл авто зам хаана DNN.mn

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Г.Чагдаржавын гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс Элчингийн гудамж хүртэл авто замыг наймдугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас  26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Энхтайваны өргөн чөлөөнөөс Элчингийн гудамж хүртэл авто зам хаана

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ дахь МАН-ын бүлэг даваа гариг хүртэл завсарлага авлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы (2024.08.23) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураасны дараа Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцлаа. Улсын Дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа нэр дэвшигчийн томвч намтар, хуульд заасан шалгуур хангасан байдлын талаар дэлгэрэнгүй дурдав.

Нэр дэвшигч Э.Золзаяа 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 1978-1988 онд Нийслэлийн 18 дугаар дунд сургууль, 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо Нийтийн ахуй үйлчилгээний улсын академид суралцан инженер мэргэжил эзэмшиж, 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжил, бакалавр зэрэг, 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн тамгын газарт Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шаатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн шүүгчээр ажиллажээ. Төрийн албанд 24 жил, долоон сар, шүүгчээр 19 жил, есөн сар, үүнээс давж заалдах шатын шүүхийн шүүгчээр 10 жил, зургаан сар ажилласан тэрбээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 54.54 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 22.17 оноо авч хяналтын шатын шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, сүүлийн зургаан жил улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг зохих шаардлагыг хангасан байна.

Өнөөдрийн байдлаар, Улсын дээд шүүхэд 24 шүүгч ажиллаж байгаагаас 18 шүүгч, зургаа нь прокурор, өмгөөлөгч, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их дээд сургуулийн багш буюу бусад хуульчдын төлөөлөл байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг дурдаж, энэ харьцаа нь хуулиар тогтоосон нөцөл шаардлагыг хангаж буйг тэмдэглэсэн юм.

Нэр дэвшигчийг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчтэй танилцах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад авбал зохих оноо, анхан болон давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч дангаар шийдвэрлэдэг эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин шинжлэх ухааны академик маргааны асуудлаар ямар зарчим барьж ажиллах, Улсын Дээд шүүхээс хууль, хууль хэрэглээний тайлбар гаргахтай холбоотой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн шүүгч, шүүгчдийн нөөцийн талаар, мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд шалгалт өгч орох сонирхолтой шүүгч хангалттай байгаа, эсэх талаар, Шүүхийн тухай болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль, тогтоомжийн талаарх нэр дэвшигчийн байр суурийг, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Хуульчдын холбооны талаар болон үндсэн эрхийн маргааны талаарх нэр дэвшигчийн байр суурийг асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нэр дэвшигчээс Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хувьд олон нийтэд хандан шударга ёсны талаарх байр сууриа илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүхийн жендерийн харьцаа тэнцвэртэй, эсэх талаар асууж хариулт авчээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин нар нэр дэвшигчид хандан үг хэлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулга болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нараас асуулт асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан олон нийтийн дунд шүүхийн нэр хүнд ихээхэн унаад байгааг хэрхэн сэргээх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хөдөлмөрийн хэрэг маргааны талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүн таслах үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, бизнесийн маргааныг шийдвэрлэх арилжааны хуулийн асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шударга, хараат бус шүүх тогтолцооны талаар, О.Цогтгэрэл шүүхийн тогтолцоо, хуулийн засаглалд иргэдийн итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан шүүхийн шинэчлэлд шүүгчдийн өөрсдийн хандлага, ёс зүй, зарчим, арга барил, мэргэжлийн ур чадвар ихээхэн нөлөөлөх тухай зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөн асуусан юм. Улсын Их Хурлын гишүүдийн асуудлтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Э.Золзаяа нар дэлгэрэнгүй хариужч, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх тоо баримт, хууль, эрх зүйн орчин, төсөв санхүү, ажиллах нөхцөл, ил тод, нэлттэй байдлын талаар мэдээлэл өгөв.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар зүйл бүрээр нь хэлэлцсэн талаар онцлов. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан төсвийн тусгай шаардлагын зохицуулалт болон хуулийг дагаж мөрдөх хэрэгжүүлэхтэй холбоотой заалттай хэрхэн уялдаж байгаа талаар болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх шаардлагатай нийцэж байгаа, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг бууруулах замаар тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2025-2026 онд 2.0 хувь хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэн холбогдох тооцооллуудыг хийж, эдийн засгийн зарим үзүүлэлтэд өөрчлөлт оруулан, зарчмын зөрүүтэй нийт зургаан саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан нарын гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-д заасан тусгай шаардлагыг өөрчлөхгүй хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Төсвийн байнгын хорооноос хүсэлт гаргасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас эдгээр хуулийн төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргасантай мөн Байнгын хорооны хуралдааны үед танилцсан байна. Улсын Их Хурлын Тамгийн газар дүгнэлтдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт нэмсэн, өөрчлөн найруулахаар заасан нь тухайн хуулийн зарим заалтад нэр томьёоны зөрчил үүсгэхээр байгааг тэмдэглэжээ. Тус дүгнэлтийн дагуу нэр томъёо, зүйл заалтыг нийцүүлэх засварыг оруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулгадаа дурдлаа.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, М.Нарантуяа-Нара, Д.Энхтуяа, Б.Жаргалан, Х.Баасанжаргал, Б.Мөнхсоёл, Б.Батбаатар, Б.Пунсалмаа, Б.Түвшин, Д.Пүрэвдаваа нар асуулт асуулаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслүүдийн боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эдийн засгийн тооцоо, суурь үзүүлэлтэд тулгуурласан эсэх, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх хөрөнгийн дүнгийн талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц улсын төсвийн дүрмүүдийн шинэчлэлийг олон улсн жишигт хэрхэн нийцүүлж байгаа болон төсвийн сахилга бат сул байгаа эсхийг асуув. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чадавх зохих түвшинд хүртэл гадаадад эмчлүүлэх хүүхдүүдийн эмчилгээний зардлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ДНБ-ий хэмжээ, өсөлтийн хувь, эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлийн эзлэх хувь болон төсвийн зарлагын өсөлтийн тухай асууж тодорхой хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан мөн төсвийн зарлага тэлснээс үүсэж болзошгүй эрсдлийн талаар хөндөж асуулаа. Энэ асуултын мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл тавьж, төсвийн тэлэлтээс шалтгаалах эдийн засгийн халалт ямар хэмжээнд байх, энэ тэлэлтийг манай улсын эдийн засгийн хэрхэн шингээх, үнийг хэрхэн тооцоолж буйг тодруулж, хариулт авсан юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлсэн үйл явц холбогдох хууль тогтоомж, тэр дундаа хууль тогтоомжийн тухай хуульд хэр нийцэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал тодруулж, холбогдох тайлбарыг авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар том төслүүдийн суурь эрсдлийн талаарх үнэлгээ тооцоо ямар гарсан талаар асууж тодруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, гадаад зах зээл дээрх эрэлт суларч буйг дурдан, энэ талаарх эрсдлийг хэрхэн тооцсон болон том төслүүдийн хэрэгилтэд учирч болошгүй эрсдлүүд, мөн төсвийн урсгал зардал ДНБ-ий 30.0 хувийн таазанд хүрэх магадлал ямар байгааг асуусан юм.

Хэлэлцэж байгаа асуудлуудыг Засгийн газар богино хугацаанд, тооцоо судалгаа муутайгаар, мэргэжлийн бус байдлаар боловсруулсан гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин илэрхийлж, манай улсын нийт зэлийн хүү төсвийн орлогын хэдэн хувьтай тэнцэх, эрдэс баялгийн салбараасаа олж буй төсвийн орлогод ямар эрсдэл үүсэх эсэх зэргийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдгээр төслүүд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг сануулж, энэ эрсдэл аж ахуйн нэгжүүд, иргэдэд хэрхэн нөлөөлөх, хуулийн төслүүдийн хэлэлцэж байгаа улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж буй талаар асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн улсын төсвийн тэнцвэржүүлсэн болон суурь тэнцлийн шалгуурт өөрчлөлт оруулж буй талаар дурдаад, урсгал зардал ДНБ-ий 30.0 хувиас, өрийн дүн 60.0 хувиас хэтрэхгүй байх хязгаар тавьж буйг болон зээлээр санхүүжиж байгаа зардлыг төсвийн зарлагад тусгахгүй байхаар тооцсон талаар тайлбарласан юм. Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн суурь тэнцлийг жил бүр +2.0 хувь байхаар тооцсон нь 1.6 их наяд төгрөг болно гэдгийг онцолж, 2025 онд Монгол Улс 1.0 их наядын төгрөгийн өр төлөхөөр байгааг мэдээлж, үүнээс 0.6 их наядаар илүү боломжийг суллаж гаргаж ирж байгаа гэсэн. Тэрбээр, улсын төсөв байнгын ашигтай байна гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын гишүүдэд өгч, төсвийн тусгай шаардлагуудыг сулруулсныг харин сайжруулж байна гэсэн юм. Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлд оруулж буй өөрчлөлтүүд зарлагыг ихээхэн тэлснээр хэтдээ орлогын тасалдал үүсэх, валютын ханш, инфляцийн эрсдэл дагуулж болзошгүй гэж дүгнэсэн тус зөвлөлийн байр суурийг илэрхийлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлыг талаар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Г.Тэмүүлэн нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Засгийн газарт хамтарч буй намууд олон жил ужгирч гацсан асуудлуудаа шийдье, эдийн засгаа урагшлуулъя гэсэн хамтын шийдвэр гаргаж байгааг дэмжиж байна гээд, төсвийн дүрмүүд, тогтвортой байдлын асуудал дээр Улсын Их Хурлын гишүүд нэгдсэн байр суурьт хүрээүй байгаад санаа зов байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, төсвийн тодотголтой хамтруулаад урт хугацаанд үйлчлэх ёстой төсвийн дүрэм, цаглаварыг өөрчлөх асуудлыг богино хугацаанд яаруу түргэн оруулж ирж байгаа нь зарчмын хувьд буруу гэж үзэж буйгаа онцолж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын гишүүд энэ өөрчлөлтөөс ямар эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэж байна гэв. Монгол Улс төсвөө эрт хэлэлцэж, олон нийтэд нээлттэй, сайн хэлэлцүүлэг өрнүүлдэг, сайн баталдаг байх ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр онцолж, ХҮН нам хэдийгээр Засгийн газарт хамтарч байгаа ч буруу, мэргэжлийн бус, маргаантай зүйлийг хэлж шүүмжилж, шаардлагатай бол зогсоож явна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Г. Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,  төсвийн хүрээний мэдэгдэл бол Улсын Их Хурлаас Засгийн газарт төсөв санхүү, эдийн засгийнх талаас нь хяналт тавьж, аюулгүй байдлыг хангах үндсэн суурь бодлогын баримт бичиг, “Төсвийн үндсэн хууль” юм гээд, эдгээрийг мөрдөхгүй байгаа явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад хэлэлцэж буй Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон тул тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар хүсэлт гаргаж, ирэх даваа гариг хүртэл буюу 2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл завсарлага авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар хур бороо багатай, дулаахан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур бороо багатай, дулаахан байна.

2024 оны наймдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаан тай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 25-наас 2024 оны наймдугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25, 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Богд ууланд төөрсөн иргэнийг хоёр өдөр эрэн хайж, эсэн мэнд оллоо DNN.mn

Хан-уул дүүрэг 11 дүгээр хороо, Богд-Уулын Кувейтын аманд амарч зугаалж, эмийн ургамал түүж байсан 62 настай эрэгтэй алга болсон гэсэн дуудлага 2024 оны наймдугаар сарын 21-ний өдрийн шөнийн 23:46 цагт ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Аврах ангийн алба хаагчид 2024 оны наймдугаар сарын 22-ны өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаанд Аврах ангийн 8 алба хаагч, эрэлч нохой, ХУДОБХ-ийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, ХУД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн 5 алба хаагч, ар гэрийн бүрэлдэхүүнтэйгээр 12 га талбайд 34 км замыг туулан эрэн хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул шөнийн 00:30 цагт эрлийн ажиллагааг зогсоосон.

Өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 23-ны өдөр эрлийн ажиллагааг 07:00 цагт эхлүүлж, Богд-Уулын Манзуширын хийд, Өвгөний ам, Макын ам, Хүрхрээ, Хүрэл тогоо, Жаргалантын ам, Нүхтийн амуудаар 46 га талбай, 81 км замыг туулан эрэн хайж 16 цагийн орчимд Улаан хавцал гэх газраас алга болсон 62 настай эрэгтэйг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Эрлийн ажиллагааг ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ-ын Аврах анги, ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, ХУД-ийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран зохион байгууллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдүүдээ агаарлуулдаг хөдөөтэй байх сайхан DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн амралт дуусах тийшээ хандаж, хөдөө эмээ өвөө дээрээ очсон жаалууд эхнээсээ ирж байна. Ишиг хурганы араас хөөцөлдөж, малын толгой эргүүлж, цагаан идээгээр дархлаагаа тордсон бүжин бор нөхдүүдийг харахаар өөрийн эрхгүй хайр төрнө. Улаанбаатарын утаа униар, тоос тортог, нүргээн чимээнээс хэсэгхэн ч гэсэн холдуулж, үр хүүхдэдээ санаа зоволгүйгээр агаарт байлгачихдаг хөдөөтэй байх сайхан шүү. Хэдэн биенээ санасан хөгшин, залуу нөхөд зуны сарыг уйдах завгүй өнгөрөөж, элэг сэтгэлээ хэсэг дэвтээдэг. Ингэж хөдөө амраад ирсэн хүүхдүүд өвлийн ид хүйтнээр ханиад томуу тусах нь ч бага байх шиг санагддаг юм.

Харин зориод очих эмээ, хөдөөгүй болсон хүүхдүүдээ харахаар өр өвдмөөр. Хоёр жилийн өмнө эмээ нь бурхан болсноос хойш өвөөг нь хотод өөрсдийнхөө дэргэд авчихсан болохоор ийн хөдөөгүй болчихсон хэрэг л дээ. Тиймээс зориод очих эмээ, өвөө, хөдөө сайхан нутагтай байгаа дээр нь хүүхдүүдээ явуулж л байгаарай.

Эрүүл мэндэд нь тустайгаас гадна хүүхэд биеэ дааж сурдаг юм. Өвөө, эмээ нар ач, зээгээ эрхлүүлдэг ч гэсэн хэзээ ч буруу хүн болгохгүй. Сэтгэл сайтай, хүнд тустай хүн болгож өсгөдөг юм билээ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Батшугар: Засгийн газар, Монголбанк хамтраад улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах хэрэгтэй байна DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Батшугартай төсвийн тодотголын талаар ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Таны хувьд төсөлтэй танилцсан байх. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж зарлага нь гурван их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Нэмэгдсэн үндсэн шалтгаануудыг нь харж байхад маш олон бүтээн байгуулалтын төсөв байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг улам сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийг саармагжуулах том, том төслүүд орсон байсан. Жишээлбэл, хотын тойрог зам. Ийм тойрог зам бол ямар ч метрополис хотод байдаг зүйл. Бидний сайн мэдэх Бээжин хотод л гэхэд зургаан тойрог зам байдаг. Харин нийслэлдээ ямар ч байсан нэгийг хийе гэж байгаа юм. Хан-Уул дүүргээс Баянзүрх дүүрэг орохын тулд хотын төвийн түгжрэлд оролгүйгээр энэ тойрог замаараа л явчихна. Дээрээс нь нэмээд дүүргүүдийн олон салаа замуудыг тойрог зам нэгтгэж өгнө. Олон жил яригдаж байгаа Туул голыг дагасан хурдны зам байна. Энэ чинь зүүн, баруун чиглэлийг холбосон маш том судас болно. Үүнээс гадна тунель гэдэг их сонин зүйл. Миний хувьд үүнийг үнэхээр дэмждэг. Ямар ч том улсад томоохон тунелүүд байдаг. Улаанбаатар хот маань дөрвөн уулын дунд байрладаг.

Тэлье гэхээр чадахгүй байгаа. Тийм болохоор тунель барьснаар хотоо урагш нь тэлэх бололцоог нээж өгнө. Мөн Солонго-1, 2 хороололд улсын төсвөөс 150 тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Улсаас хэрэгжүүлж байгаа 20 мянган иргэнээ орон сууцжуулах том хөтөлбөрийн нэг хэсэг нь энэ. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Шинээр эмнэлэг барих, одоо байгаагаа шинэчлэх, тоног төхөөрөмж шинээр нэмж авах гээд зайлшгүй хийх ёстой зүйлүүдийн нэг. Өнөөдөр монголчууд жил бүр 300 орчим сая ам.долларын эмчилгээг гаднын улсад очиж хийлгэж байна. Энэ урсгалыг дотооддоо авч үлдэх, монголчуудаа эрүүл болгох тал дээр Засгийн г азраас маш том ач холбогдол өгч байна гэж харж байгаа. Мөн бараг 400 орчим тэрбум төгрөгөөр шинээр сургууль, цэцэрлэг барихаар төсөвлөсөн. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна. Нөгөө талдаа эрчим хүчний салбарт ч гэсэн анхаарал хандуулж байгаа. Эрчим хүчний тусгаар тогтнол бол аж үйлдвэрийн үндсэн суурь байдаг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах, чанар нь муудсан агаарын шугамуудыг солих гээд олон ажил байна. Үндсэн парометрүүдийг аваад үзвэл харьцангуй эрүүл гэж харж байна. Улс орны эдийн засаг тэлж байхад төсөв дагаж тэлэх ёстой. Ингэж байж том том суурь эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөнө. Тэгснээр Монгол Улс хөгжинө. Мөн Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан үндсэн үзүүлэлт нь 34 хувь арай хүрэхгүй байгаа юм. Манайхтай ижил төстэй улсууд буюу Киргизстан 60 хувь, Укбейкстан 38 хувь гэх мэтчилэн байна. Төсвийн алдагдлаа бид яг хоёр хувьдаа барьж байгаа. Цар тахлын дараа хоёр хувьд барьсан улс орон цөөхөн. Ингэхээр манайх эрүүл макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ авч хадгалж чадаж байна гэж ойлгож болж байгаа юм. Харин санаа зовж байгаа хоёр зүйл бий.

-Тэр нь юу вэ?

-Төсвийн тэлэлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцэл дээр яалт ч үгүй тодорхой хэмжээний дарамт ирнэ. Ингэснээр нэгдүгээрт, ханш болон Монголбанкны валютын нөөцөд сөргөөр нөлөөлөх үзүүлэлт. Урсгал данс оны эхнээс өнөөдрийг хүртэл 500-гаад сая ам.долларын алдагдалтай байна. Төлбөрийн тэнцэл нийтдээ 50 сая ам.долларын алдагдалтай байгаа. Энэ нь шууд манай гадаад валютын албан нөөц дээр ирэх дарамт. Үүгээр дамжаад ханшид дарамт ирнэ. Хэрэв ханш суларвал импортоор орж ирж байгаа инфляц нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар манай инфляц таван хувь, үүний 1.8 хувь нь импортын инфляц байна. Ковидын дараа манай инфляц 15, үүний 50 хувь нь импортын гаралтай инфляц байсан. Харин тээвэр ложистикийн нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор импортын инфляц буурсан. Мөн шатахуун, түлшний асуудлаар Засгийн газар ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийсний үр дүнд өнөөдөр өсөхгүй байгаа.

-Тэгвэл төлбөрийн тэнцэл дээр ирж байгаа дарамтаа яаж арилгах юм бэ?

-Нэгдүгээрт, бид гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Нийтдээ 14 мега төсөл, хөтөлбөр байгаа. Эдгээр нь нийтдээ 120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг ямар ч улс орон өөрсдийн төсвөөрөө хэрэгжүүлж чадахгүй. Заавал гаднын хөрөнгө оруулалт буюу инженерийн, хөрөнгө оруулалтын компаниуд оруулж ирэх шаардлагатай. Улсын төсвөөр 10 орчим хувь буюу суурь дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгөөд үлдсэн дээр нь гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Ингэж чадвал төлбөрийн тэнцлийн урсгал дансаа сайжруулна. Заавал мега төслүүд гэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулчихвал бусад салбарт ч хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал одоогоор ямар байгаа вэ?

-Маш тааруу байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах гадаадын хөрөнгө оруулалтын коэффициентийг нь харахад манайх ердөө 12-15 хувьтай л байгаад байгаа юм. Үүний 10-аад хувийг нь Оюутолгой дангаараа эзэлж байна. Ингэхээр харамсалтай нь бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт орохгүй байгаа нь харагдаж байгаа юм. Азийн бар гэгддэг орнуудыг харахад маш олон жил гадаадын хөрөнгө оруулалт нь 40-60 хувь байсан. Тиймээс бид дор хаяж 40 хувьд хүргэх шаардлагатай. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх, өмч хөрөнгийг нь хамгаалсан хууль эрх зүйн байдлыг бий болгох ёстой. Хоёрдугаарт, бид зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Гуравдугаарт, мега төслүүдээ гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарт сурталчилах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж л хөрөнгө оруулалт татаж чадна.

-Энэ намар, болоод ирэх жилийн эдийн засгийг та хэрхэн харж байна вэ?

-Ирэх оны төлбөрийн тэнцэл болон төгрөг дээр ирж байгаа харьцангуй сайжирна гэж харж байгаа. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Оюутолгойн уурхайн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Хоёрдугаарт, төмөр замын холболт хийснээр нүүрсний экспорт энэ оноосоо илүү нэмэгдэх учиртай.

-Энэ жилийн хувьд 78 сая тонн нүүрс экспортолно гэсэн байсан. Энэ боломжтой юу?

-Миний хувьд үүнийг бүрэн бололцоотой гэж харж байгаа. Яагаад гэвэл бид одоогийн байдлаар 42 сая орчим тонн нүүрс экспортолсон байна. Мөн ноднин жилийн долдугаар сараас энэ жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд бид 78 сая тонн нүүрс гаргачихсан байгаа юм.

-Урд хөрш маань нүүрсийг одоогийнх шигээ тогтмол авах юм уу?

-Авах үндсэн нөхцөл нь байна. Учир нь Хятад улс жилдээ 480 сая тонн нүүрс импортоор авдаг. Тэгвэл Австрали, Индонезиос далайн тээврээр авах уу. Эсвэл хөрш орон болох Монгол, Оросоос авах уу гэдгээ мэдээж тооцож байгаа. Тээврийн зардлын хувьд манайхаас авах нь хамаагүй хямд тусна. Мөн цаг агаарын өөрчлөлтөөс болж хятадуудын барьсан усан цахилгаан станцуудын гол, ус нь ширгэсэн. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэл нь багассан. Үүнтэй холбоотойгоор нүүрсний болон атомын цахилгаан станцын маш олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн.  Дээрээс нь Хятад улс жилд 1-1,2 тэрбум тонн ган хайлуулдаг. Нэг тонн ган хайлуулахад 700 кг коксжих нүүрс ашигладаг. Тэгэхээр тэнд нүүрсний хэрэглээ өндөр байна. Хэрэв бид төмөр замын хил холболтуудаа хийчихвэл 100 сая хүртэл тонн нүүрс экспортлох боломж байгаа.

-Манай улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг нь зэс шүү дээ. Энэ тал дээр ямар байдал ажиглагдаж байна вэ?

-Зэсийн макро үзүүлэлтүүд маш сайн байгаа. Нэг тонн нь одоогоор 9500 ам.доллар байна. Мөн хэрэглээний хувьд огцом нэмэгдэж, нийлүүлэлт нь багасах юм уу, тогтвортой байх үзүүлэлттэй байгаа. Яагаад гэхээр Оюутолгойтой харьцуулах хэмжээний зэсийн орд илрээгүй, ашиглалтад орох төсөөлөл ч алга. Зэсийн хэрэглээ яагаад өсөөд байна гэхээр одоогийн байдлаар дэлхийд 79 сая шинэ машин зарагддаг. Үүний 13 хувь нь электрон машин. Харин Хятад улсад 40 хувийг нь электрон машин эзэлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар электрон машины хэрэглээ огцом нэмэгдээд, 2026 он гэхэд дэлхийн хэмжээнд 40 хувь хүрнэ гэж байгаа юм. Тэгэхээр үүнийгээ дагаад зэсийн хэрэглээ нэмэгдэнэ. Нэг электрон машин үйлдвэрлэхэд 140 кг зэс ашигладаг юм. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь ч нөлөөлнө. Нэг мегаватт сэргээгдэх эрчим хүчний станц барихад ойролцоогоор 4.2 тонн зэс ордог. Өнөөдөр зарим улс орнууд дотоодын хэрэгцээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар хичээж байна. Португал гэхэд л сая хэд хоног 100 хувь хангаж чадсан.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан зургадугаар сарын 5-ны өдрийн хуралдаан маргаан дагуулж байна. Энэ яг юу болсон юм бэ?

-Сангийн сайдын хэлж байгаагаар өрийн тааз болон Засгийн газрын төсвийн алдагдлаа аваад хаячихсан. Харин одоо эргүүлэн оруулж байгаа гэж байсан. Энэ нь зөв л дөө. Гэхдээ хэчнээн аваад хаячихсан ч гэсэн бид үндсэн парометрүүдээ барьж чадсан. Орж ирж байгаа төсвийн тодотгол ч гэсэн үүнийгээ маш сайн барьж байгаа. Мөн 2025 оны төсвийг ч гэсэн оруулж ирэхдээ үүнийгээ барих ёстой.

-Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр орж ирсэн. Гэтэл хэтэрхий олонд том төслүүд зэрэг эхлүүлж байна. Үүний орон эрэмбэлээд нэг, нэгээр нь ашиглалтад оруулаад явах нь зүйтэй гэсэн шүүмжийг зарим нь хэлж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж нэг талдаа зөв л дөө. Нийт 14 мега төсөл байгаа. Миний харж байгаагаар бэлэн, бүтээн байгуулалт нь эхэлсэн зэргээсээ шалтгаалан зарим нь илүү хурдан хэрэгжинэ гэж харж байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын хил холболтууд гээд хурдан хэрэгжих боломжтой төслүүд бий. Харин зарим нь ТЭЗҮийн шатанд ч явж байгаа. Ер нь эцсийн үр дүндээ бид төсвийн тэлэлттэй бодлого явуулж байж эдийн засгаа өсгөнө. Үүнийгээ дагаад ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчинг сайжруулна. Эцсийн үр дүн нь Монгол Улсын Засгийн газрын зорилго бол Төв Азидаа нэг хүнд ногдох ДНБ-ээрээ хамгийн чинээлэг улс орон болохыг л хүсээд байгаа шүү дээ. Тиймээс ч зоригтой алхамуудыг хийх нь зүйтэй гэж бодож байна.

-Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.доллар болгоно гэсэн. Энэ зорилгодоо хүрэх боломж бидэнд байна уу?

-Дотооддоо бол бүрэн боломж бий. Гэхдээ бид дэлхийн санхүүгийн зах зээлээс шууд хамаардаг. Нүүрс болон зэсийн үнэ. Харин үндсэн макро парометрүүд, эрэлт нийлүүлэлтийн прогноз эерэг байгаа болохоор хүрэх бололцоо нь өндөр байгаа гэж харж байна. Мөн Засгийн газар, Монголбанк хамтран хүчээ нэгтгээд хийх ёстой нэг ажил нь зээлжих зэрэглэлээ сайжруулах юм. Хөрөнгө оруулагч нар биднийг зээлжих зэрэглэлээр л дүгнэдэг. Үүнийг сайжруулснаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Олон улсад зээлжих зэрэглэлийг тодорхойлдог Эс энд Пи (S&P), Фитч (Fitch), Мүүдис (Moodys) гэсэн гурван том байгууллага байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудтай тулж ажиллаад, Монгол Улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлуудыг тайлбарлаад явбал зээлжих зэрэглэл сайжрах боломжтой гэж харж байгаа юм. Ер нь зээлжих зэрэглэлийг тодорхойлдог 23 үндсэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүний 22 нь шууд дотоодын эдийн засагтай хамааралтай. Үлдсэн нэг нь гадаад орчин байдаг юм. Тэгэхээр 22 дээр нь бид өөрсдөө зөв тохируулга хийгээд сайн тайлбарлаж чадвал зээлжих зэрэглэлээ сайжруулах боломжтой. Манай улс саяхан л саарал жагсаалтад байсан. Харин Засгийн газар, УИХ, Монголбанк хамтран ажилласны үндсэн дээр амжилттай гарсан. Яг үүн шиг бид өөрсдийгөө илүү сайн ойлгуулаад, тайлбарлаж чадвал бүрэн боломжтой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмч Б.Бямбабаяр: Хүүхдүүд давсагны үрэвслээр өвдөх нь ихэсч байна DNN.mn

Хүүхдийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяртай ярилцлаа.


-Бөөр, давсагны үрэвсэл буюу циститийг эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог гэдэг. Цистит хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа нь юутай холбоотой вэ?

-Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр, шээсний замын өвчин юм. Давсагны үрэвсэл дан ганц эмэгтэй хүнд ч тохиолддог юм биш. Эрэгтэйчүүд ч гэсэн давсагны үрэвслээр өвддөг. Өгсөх замын халдвар, доороосоо даарах зэрэг нь давсагны үрэвсэл үүсэх үндсэн шалтгаануудын нэг юм. Хүүхдийн давсагны үрэвсэлд гол нөлөө үзүүлж байгаа нь шингэний дутуу хэрэглээтэй шууд холбоотой. Хүмүүс шингэн гэдгийг ундаа, цай, бүх төрлийн уух юмнуудыг ойлгодог. Шингэнийг зөвхөн ус л нөхдөг. Хүүхдүүд усны хэрэглээ багатай. Мөн сүүлийн үеийн хүүхдүүдэд шээсээ тэвчих гэдэг зүйл ажиглагдах болсон. Ялангуяа хүлээн авахаар хандаж, үзүүлж байгаа хүүхдүүдийн дунд хоол боловсруулах, бөөр шээсний замын эмгэгүүд түгээмэл зонхилж байгаа. Хүүхдийн өвчлөл дундаа давсагны үрэвсэл ихэсч байна.

-Бөөр шээсний замын өвчлөлөөр хүүхдүүд өвчилж байгаагийн цаад шалтгааныг тодруулбал?

-Хүүхэд шээсээ тэвчих, шингэн юм уухгүй, бодисын солилцоо явагдахгүй байгаагаас үүдэлтэй. Бодисын солилцоо гэдэг нь бие махбодид хэрэгцээт бодисыг үүсгэн шингээх, хэрэггүйг задлан зайлуулах эсрэг, тэсрэг хоёр үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх бөгөөд тэдгээрийн нэгдлийг хэлдэг. Хүн биеэсээ хороо гадагшлуулах ёстой. Шээс бол эцсийн бүтээгдэхүүн. Түүнийг биеэс гаргах ёстой байтал барина гэдэг дараагийн хүндрэлийг үүсгэх эрсдэлтэй.

-Хүүхдүүд шээсээ тэвчих болсон шалтгааныг та сургуулийн завсарлагааны цаг хангалттгүй, ариун цэврийн өрөө бохир байдаг зэрэгтэй холбон тайлбарласан байсан. Энэ талаар тодруулбал?

-Биднийг хүүхэд байхад хичээлийн их завсарлагаа 10 минут, бусад нь тав, таван минут байлаа. Тэр таван минутад ангийн бүх хүүхэд ариун цэврийн өрөө орж амждаггүй байсан. Эрэгтэй хүүхдүүд харьцангуй гайгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдүүдэд шээсээ тэвчих асуудал илүү үүснэ. Хэдий цэвэрлэдэг ч гэсэн олон хүүхэд нэг дор бие засахаар үнэр танар, ариун цэвэр талаасаа горим алдагддаг. Их завсарлагаанаар ариун цэврийн өрөө  орж чадахгүй бол хичээл тартлаа шээсээ тэвчиж байх жишээний. Ихэнх хүүхдүүд ялангуяа өсвөр насны охид шээсээ маш их тэвчдэг юм билээ. Шээсээ тэвчээд байгаагийн шалтгааныг асуухаар багш гаргадаггүй, уурладаг, завсарлагаа хүрэлцдэггүй, ариун цэврийн өрөө заваан байдаг гэх шалтгаануудыг хэлдэг. Зарим үед ариун цэврийн өрөө нь цоожтой байх нь бий. Үйлчлэгч нарын зарим нь ааштай, ялангуяа бага насны хүүхдийг ариун цэврийн өрөө оруулахгүй уурладаг. Энэ мэтчилэн ариун цэврийн өрөөний хүрэлцээ муу, завсарлагааны цаг богино зэрэг нь сургуулиас хамааралтай асуудал юм. Хүүхдүүдийн хувьд өөрсдөөс, эцэг эхээс нь хамаарах зүйл мэдээж маш их. Өглөө бослоо. Өглөөний цай битгий хэл бүр балга ус ч уухгүй гэрээсээ гарч байгаа хүүхдүүд их байна. Эцэг, эх нь өөрсдөө өглөөний цай ууж хэвшиж, дадаагүй бол хүүхдүүддээ өглөөний цай уулгана гэж байхгүй. Өглөө бүр тойрч суугаад цайгаа уугаад, хүүхдэдээ ус уухыг зөвлөж байвал тэр эрүүл гэр бүл юм. Өөрсдөөс болон сургуулиас шалтгаалах зүйлүүдээ шийдээд явахгүй бол алсдаа бөөр шээсний замын эмгэгүүд үүсэх нөхцөл нь амьдралын хэвшлээс үүдэж байна.

-Бөөр, шээсний замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах вэ?

-Шингэний хэрэглээ маш чухал. Хэдэн зуун мянган хүүхэд дотроос уух усаа бариад явдаг нь ховор. Ээж аав нь ч уугаарай гээд ус өгөөд явуулах нь ч тийм их биш. Сургуулийн орчинд хүүхдүүдэд ус уух боломжоор хангах, бодисын солилцоо явагдаад шингэн гадагшлах нөхцөлийг мөн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хүүхдээс эхлээд эцэг, эх, багш, сургуулийн захиргаа, Боловсролын яам гээд бүхий л хүмүүс энэ асуудалд анхаарал хандуулах нь зөв юм. Эхний ээлжинд нэг ангийн түвшинд ярилцаад эмч, багш эцэг, эхчүүд хамтран туршилт хийж үзэж болно. Хүүхдүүдийн шингэний хэрэгцээ бүрэн хангагдсанаар анхаарал төвлөрөх, хичээлдээ оролцох байдалд нь ямар өөрчлөлт, үр дүн гарч байгааг судалж үзэх хэрэгтэй.

Хэрвээ та хүүхдийнхээ бөөрийг өвтгөхгүй байя гэвэл бодисын солилцоог нь сайжруул, доороос нь дааруулахгүй байх. Бөөр бол ялгаруулдаг эрхтэн. Шингэний хэрэгцээ бага байх тусам өвчлөх магадлал өндөртэй. Бусад эрхтнүүдээс бөөр рүү дамждаг өвчнүүд ч бий. Усаа л сайн уух хэрэгтэй. Шүд өвдсөнөөс болоод шууд бөөр өвдлөө гэж үзэхгүй. Гэхдээ хүний биеийн эрүүл байх тогтолцооны хамгийн гол чухал зүйл нь амны хөндий эрүүл байх явдал юм.

-Давсагны үрэвслээр өвдсөн хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хамгийн эхэнд дутуу шээнэ. Шээсний дараа дутуу шээсэн мэдрэмж төрнө. Ойр, ойрхон дүлж шээнэ, давсаг руу шархирч, шээхэд хорсож өвдөнө. Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөнө. Бага насны хүүхдүүдийн хувьд шээж чадахгүй уйлдаг. Энэ үед нь шээсний шинжилгээ өгч, давсгандаа дүүрэн шээстэй эход үзүүлэх хэрэгтэй. Эхогоор юу үзэх вэ гэхээр давсагны бүтцийг хардаг. Давсагны доторх хана, шээс нь шингэн эсвэл өтгөн байна уу гэж үздэг. Шээсний шинжилгээгээр бактер, үрэвсэл зэрэг нь илэрдэг. Ер нь бактерын шалтгаант үрэвсэл их бий. Шээсний сүвээр бактер ороод л өгсөх замын халдвар үүсч байгаа юм. Хүүхдийн эмчдээ үзүүлж, шинжилгээний хариунд үндэслэн эмчилгээ хийлгэнэ. Шээсээ хүрэхээр л шээх хэрэгтэй. Бид ч гэсэн ажлаасаа болоод шээсээ хүрч байсныг мартчихдаг. Хүүхдүүд тоглож байгаад л шээхээ мартчихдаг. Тиймээс бага насны хүүхдийн шээс хүрэх бүрд нь эцэг, эхчүүд шээлгэж сургамаар байна. Хувийн ариун цэврийн асуудал ч яригдана.

-Цэцэрлэгийн нэг багш “Эмэгтэй хүүхдийг бие засаад, арчиж байхыг харснаас эрэгтэй хүүхдийг арчихыг харж байгаагүй ч энэ удаа харлаа” гэж ярьж байсан. Ер нь яах ёстой вэ?

-Эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэй хүмүүсийг хараад гайхах хандлага гаргадаг л даа. Яагаад энэ нь зөв бэ гэхээр умайн хүзүүн хорт хавдар үүсгэгч папиллома вирусыг тээгч нь эрэгтэй хүн. Тэр вирус нь эрэгтэй хүний бэлэг эрхтний шодойны малгайн ар талд байж байдаг. Эрэгтэй хүүхдүүдэд сууж бие засахыг зөвлөх хэрэгтэй. Зогсож, суух нь ялгаагүй ч гэлээ сууж байгаад шээх нь түрүү булчирхайд илүү үр дүнтэй. Ариун цэврийн хувьд ч сайн талтай. Тиймээс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдүүдийг багаас нь шээснийхээ дараа бэлэг эрхтнээ угааж, арчиж байхыг зааж, зөвлөх нь зүйтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 24, Санчир гариг. Билгийн тооллын 20, Шийдэм одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 06:00 цагт мандаж 19:49 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Алтайн өвөр говиор +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.