Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна.

Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ГЕГ: Он гарсаар 10.6 сая ширхэг сурагчийн дэвтэр импортолжээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний 8 сард 2.8 сая ам долларын үнийн дүнтэй 10.6 сая ширхэг сурагчийн дэвтэр импортолжээ.

Үүний 50.3 хувийг БНХАУ, 34.3 хувийг Малайз улсаас импортолсон байна.

May be a graphic of studying, children's toy and text

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

П.Болормаа: Сошиал орчинд бусдын талаар зүй бус агуулга тавьсан хүүхдийн эцэг, эх хуулиар хариуцлага хүлээнэ DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаатай ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Цэцэрлэгийн насныхан, сургуулийнхан эрсдэлд орох тохиолдол нэмэгддэг гэж үздэг. Цагдаагийн байгууллага үүн дээр хэрхэн анхаардаг юм бол?

-Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг зөрчлийн тоо хэмжээ тодорхой хувиар өсдөг.

Өнгөрсөн жил гэхэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 1.8 хувиар, с ургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 30 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ төрлийн гэмт хэрэг голдуу сургуулийн орчинд болон нийтийн гудамж талбай, олон нийтийн газар, гэр орон сууцад гэх мэт орчинд үйлдэгддэг.

Хүний хөдөлгөөн ихсэх тусам зам, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн мөн адил нэмэгддэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд зам тээврийн осолд явганаар болон авто тээврээр зорчиж байх үедээ хохирох тохиолдол дагаад өсчихдөг.

Мөн тоглоомын талбай, спорт заал, номын сан, хичээлийн танхимд эд зүйлсээ алддаг явдал гарна. Дийлэнх нь халаасны хулгай, тэр дундаа гар утсаа халаас, цүнхнээсээ алддаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ үнэтэй, ухаалаг гар утас авч өгдөг болсон. Ялангуяа оюутан залуус, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид үнэтэй утсаа хулгайд алдах тохиолдол их. Цагдаагийн байгууллага хүн ам ихээр төвлөрсөн газруудад хяналтын камер болон цагдаагийн алба хаагчид эргүүлээр хяналт тавьж ажиллаж байгаа. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Хариуцлагын хувьд гар утас хулгайлсан нь нотолгоогүй бол цагдан хорих, саатуулах үндэслэлгүй. Олон удаагийн давтамжтай үйлдэлд прокурор, шүүгчийн шийдвэрээр баривчлах тохиолдол бий.

-Сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тухай та дурдлаа. Үе тэнгийнхний дээрэлхэлт, ахлах дунд ангийнхан бусдад уруу татагдах, хорт зуршилтай болох эрсдэл байдаг. Энэ эрсдэлийг бууруулах гол зүйл юу байдаг вэ?

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж байдаг. Сургууль орохоор сурагчид бөөнөөрөө бүлэг үүсгэж, хорт зуршил буюу тамхи, архи согтууруулах ундаа гэх мэтийг хэрэглэдэг. Энэ нь хүүхдийн бие махбодын онцлог, нас, сэтгэхүйн хувьд хэрхэвч болохгүй зүйл. Архидан согтуурсны улмаас гэмт хэргийн хохирогч, холбогдогч болдог. Зан аашид ихээхэн хурц өөрчлөлт орж бусад хүүхдүүдтэй зодолддог, маргалддаг үл ойлголцол гаргадаг. Өнгөрсөн жилүүдэд зодолдоод нэгнийгээ хутгалсан, зааланд тоглож байхдаа нэгнийгээ хутгалж хүнд гэмтэл учруулсан, гудамжинд явж байгаад … дугаар сургуулийн хүүхдүүд цүнхэндээ байсан цаасны хутга, хайчаар бусдын биеийг гэмтээсэн зэрэг ноцтой гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Иймд эцэг эхчүүд, сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч нар маш сайн хүүхэдтэйгээ ярилцах, зөвлөх, анхаарал хандуулах хэрэгтэй. Хараа хяналт тавь гэдэг нь хичээл хэдэн цагт орсон, хэдэн цагт тарсан, хаана хэнтэй нөхөрлөж байна, ер нь зүй бус харилцаа гэж юу вэ, үүнээс учрах хор хохирол, эрсдэл нь ямар байдаг талаар, тухайлбал, хүүхдийг хохироолоо гэхэд тухайн хүүхэд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг хүртэл дагуулдаг гэдгийг ойлгуулах л чухал.

-Бас ээж аав нь зэрэг ажиллаад эхлэхээр хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ үлдэх болдог. Үүнээс болж маш аюултай эрсдэлүүд бий болдог байх аа?

-Анхаарах ёстой бас нэг эрсдэл бол яалт ч үгүй энэ асуудал. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ цоожтой орхидог. Хаалт хамгаалалтгүй цонхоор хүүхэд унаж бэртэх эсвэл ухсан нүх шуудуу, жорлон, муу усны нүхэнд унаад живсэн тохиолдлууд гардаг. Томчуудаас шалтгаалах зүйлс нь нэгдүгээрт, бага насны хүүхдүүдэд гэр бүлийн орчин, гадна орчны аюулгүй байдлыг бүрдүүлж өгсөн байх шаардлагатай. Хоёрдугаарт, өсвөр насны хүүхдүүдийг зан харилцаа, хаана явж байгаа, хэнтэй нөхөрлөж байгаа, гарах хор хохирлыг сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдвэл насан туршид нь ямар хар толбо үлдэх вэ, зөрчлөөс шалтгаалаад ял оногдуулах асуудал хүртэл яригдана.

Монгол Улсын Эрүүгийн хуульд 14 наснаас гэмт хэргийн субьект болох заалт байдаг. Хүүхдүүд 18 нас хүрээгүй юм чинь ял оногдуулахгүй гэж буруу ойлгодог. Мэдээж захиргааны зөрчил хүртэл оногдуулна. Олон нийтийн газар танхайрах, бусадтай зүй бус харьцах гэх мэт асуудлуудад хуулийн хариуцлага заавал бий.

-Хүүхдийн эрхийн тухай хууль ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн сэдэвтэй холбоотойгоор хуулийн гол өөрчлөлт юу байгааг тодруулж өгөхгүй юү?

-Хүүхдийн эрхийн тухай хуульд үе тэнгийн дээрэлхэлт, бусдыг ялгаварлан гадуурхсан, үл тоомсорлосон, яс үндэс, царай зүс, бие хаагаар ялгаварласан бол хариуцлага оногдуулахаар заасан. Тухайн хүүхдийг эцэг эхтэй нь хамт ёс зүйн сургалтад хамруулж байгаа. Тэгэхээр эцэг, эх хүртэл хариуцлага хүлээнэ. Нийгэмд яригддаг зүйл бол цахим орчны гадуурхал, сөрөг нөлөөлөл, бусдыг доромжлох гэх мэт асуудал байна. Цахим орчинд бусдын талаар зүй бус агуулга тавьсан хүүхдийн эцэг, эх хуулиар хариуцлага хүлээнэ. Үе тэнгийн дээрэлхэлт сүүлийн үед өргөнөөр яригдаж байна. Хүн бүр өөрийн гэсэн ялгаатай, онцлогтой байдаг гэдгийг эцэг, эх нь ойлгуулж өгөөгүйгээс болоод хүүхэд мэдэхгүйгээр бусдыг доромжилж, дээрэлхэж байна. Үе тэнгийн дээрэлхэлтээс болоод хүүхэд сэтгэл зүйн дарамтад орох, амиа хорлох тохиолдлууд хүртэл байдаг. Дарамтад өртсөнөөсөө болоод нөгөө хүүхдээ зодож цохиод эргээд гэмт хэргийн холбогдогчоор татагдаж болдог.

Цагдаагийн байгууллага жил бүр, улирал, тухайн цаг үеийн онцлогт тохируулаад арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Одоо хичээл эхэлж байгаа арга хэмжээнд наймдугаар сарын 26-наас эхлээд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүд насанд хүрээгүй хүнд худалдан борлуулахад нь хяналт тавьж, шалгалт зохион байгуулна.

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ. Сургууль цэцэрлэг орчихоор буурах уу?

-Энэ оны эхний долоон сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 117 хүүхэд хохирсон байна. Үүнээс 48 хүүхэд гэмтсэн. Энэ гэмт хэрэг нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл тухайн хүний зан үйлтэй холбоотой. Тэгэхдээ нөлөөлөх шалтгаан хүчин зүйлс нь архидан согтуурах, нийгэм эдийн засгийн нөлөөлж байгаа хүчин зүйлүүдээс болоод нэмэгдэх хандлагатай. Эцэг, эх, асран хамгаалагч хүүхдийг хичээл хийлгэхдээ загнаж, зоддог асуудлууд гардаг. Энэ тал дээр ухамсартай байж хүүхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүй байхад иргэд өөрсдөө өргөн мэдлэгтэй байх шаардлагатай.

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг регистрийн дугаараар бүртгэдэг болсон. Жолооч зөрчил гаргах болгонд бүртгэж жагсаалт гардаг шиг хүчирхийлэл үйлдсэн бол он сар, хаяг, хэний эсрэг хүчирхийлэл үйлдсэн, ямар хэлбэрээр үйлдсэн байна гээд бүгдийг бүртгэдэг. Тэгэхээр давтамж нэмэгдэх тусам тухайн хүнд хүлээлгэх хуулийн хариуцлага хүндэрнэ гэсэн үг. Давтамжтай үйлдэх юм бол Зөрчлийн тухай хуулиар баривчлах хариуцлага оногдуулж байсан бол давтан үйлдвэл Эрүүгийн хуулиар хоёр жил хүртэл хорих гээд хүндрээд явдаг. Өмнө нь хаягаар эсвэл утсаар бүртгэдэг ч хаяг утсаа солиод ял завшдаг байсан бол одоо боломжгүй. Тиймээс ийм хүмүүс зан үйл, ёс зүйгээ засах хэрэгтэй. Архи уусан үедээ хүчирхийлэл үйлдчихээд “уучлаарай” гэдэг. Архи нөлөөлөх хүчин зүйл болохоос биш шалтгаан нөхцөл биш. Гол шалтгаан нь хүний зан үйл, хүмүүжил төлөвшилтэй холбоотой.

Нөгөө талаар сургууль цэцэрлэгийн орчинд багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийг зодож, цохих, ялгаварлан гадуурхах гэх мэт хандлага гаргадаг. Тухайн сургуулийн нийгмийн ажилтан, захирал нь ёс зүйн хорооны бүртгэлд бүртгээд явдаг. Боловсролын ерөнхий газарт хүүхдийн эрхийн улсын байцаагч, гэр бүл залуучуудын хөгжлийн газар байцаагч ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хариуцлага оногдуулаад хариу арга хэмжээ аваад явна. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Байгууллага, аж ахуй нэгж бүрийн оролцоог хуулиар заасан байдаг. Аж ахуй нэгж нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, оролцоогоор хангасан байх ёстой. Энэ бүхэнд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалж байна.

Categories
мэдээ спорт

Паралимпийн наадамд 12 тамирчин оролцоно DNN.mn

“Парис-2024” зуны XVII паралимпийн наадам энэ сарын 28 буюу лхагва гаригт Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийх гэж байна. Тус наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцох юм. Тэдгээрийг танилцуулбал,

Пара хөнгөн атлетик. F-40 ангилал. Бөөрөнцөг түлхэлт. Ц.Баттулга.

Пара хөнгөн атлетик. T-53 ангилал. 100 метрийн тэргэнцэртэй гүйлт. П.Энхманлай.

Пара жүдо. J1 ангилал. +90 кг жин. Д.Ганбат

Пара жүдо. J1 ангилал. -90 кг жин. Т.Сувд-Эрдэнэ

Пара жүдо. J1 ангилал. -70 кг жин. Л.Туруунаа

Пара жүдо. J1 ангилал. -48 кг жин. Б.Баттөгс

Пара пауэрлифтинг. PO ангилал. Э.Содномпилжээ

Пара усанд сэлэлт. S6 ангилал. 50 метрийн чөлөөт сэлэлт. Х.Номуун

Пара байт харваа. ST ангилал. Д.Сэлэнгээ

Пара байт харваа. ST ангилал. Б.Оюун-Эрдэнэ

Пара тэеквондо. К44 ангилал. -63 кг жин. Г.Болор-Эрдэнэ

Пара тэеквондо. К44 ангилал. -52 кг жин. У.Сүрэнжав

Монголын шигшээ багийн тамирчид энэ сарын 29-нөөс есдүгээр сарын 8-ныг дуустал тэмцээн уралдаандаа өрсөлдөх юм.

Монгол Улс зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртээд байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо DNN.mn

БНЭУ-ын Банглор хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах арав дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртжээ.

Тэрээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан байжээ. Харин энэ удаад хатуу биет хугалах төрөлд алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аварга болсон байна.

Наймдугаар сарын 20-25-нд болсон тус тэмцээнд манай улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, 25 алт, 7 мөнгө, 15 хүрэл буюу нийт 47 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байр эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-оос эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжлэх товтой. Энэ дагуу өнөөдрөөс нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлж байна.

Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчид баримт бичгээ есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халхын голын байлдааны ахмад дайчин Ц.Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо DNN.mn

Энэ өдрүүдэд Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой тохиож байна.

“Суман дундуур гүйж явлаа” хэмээн дурсах Ц.Чимэдцэрэн гуай өдгөө 100 гаруй нас зооглож байна. Ялалтын ойн баярын хамгийн хүндтэй зочин тэр бээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг. Чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин юм.

Ц.Чимэдцэрэн гуай 1939 онд Халхын голын байлдаан эхлэхэд 15 настай, Баяндунгийн охидын түр сургуульд сурч байсан. “Гэнэтийн дайралт боллоо гэхийг сонсоод, дайн болж байгаа газарт очиж туслая. Юу хий гэснийг хийнэ” хэмээн бусдыгаа уриалан тэргүүн фронтод очиж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Тэрбээр түүхт ялалтын баярын хуралд оролцож, Монгол, Оросын ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, зочид, иргэдийн төлөөлөлд баяр хүргэлээ.

Энэ ялалт монголчууд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн түүхэн үйл явдал гэдгийг онцоллоо.

Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн сургамжийг ирээдүй хойч үедээ өвлүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх ёстойг тэмдэглэв.

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Чойбалсан хотод ЗХУ, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг нээж, Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө.

Монгол, Оросын Зэвсэгт хүчний анги, салбаруудын цэргийн ёслолын жагсаалын өмнө Халхын голын байлдаанд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны тугийг залж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ өдрүүдэд Монгол-Оросын хамтарсан байлдааны буудлагатай “Сэлэнгэ-2024” цэргийн сургууль боллоо. Сургуульд хоёр улсын хуурай зам, агаарын цэрэг, тусгай ажиллагааны 700 гаруй цэрэг, 200 орчим техник, хэрэгсэл оролцлоо. Энэ сургуулийг  2008 онд “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэйгээр хоёр улсын нутагт жил бүр зохион байгуулж байна.

Энэ нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, алба хаагчдын мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, зэвсэглэл-техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Халхын голын түүхт ялалтын 85 жилийн ойн арга хэмжээ Халх гол суманд үргэлжинэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Золжаргал: Эрчим хүчний салбар хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай эрчим хүчний томоохон төсөл, тус салбарын цаашдын бодлогын талаар ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Таны хувьд төсвийн тодотгол дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинээр Засгийн газар байгуулагдаад төсвийг тодотгох нь угаасаа зүй ёсны хэрэг. Тодотголыг хийх ёстой. Харин хийхдээ 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хууль хамт орж ирж байгаа. Мэдээж энэ хуулийг дагасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч гэсэн орж ирж байгаа юм. Цэвэр хуулийнхаа үүднээс аваад үзэхээр төсвийн мэдэгдлээ хүчинтэй хуулийн заалтад тулгуурлаж хийх ёстой. Тэр нь төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагууд. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа биш өөрчлөлт орсны дараа гарч ирэх заалтад тулгуурлаж хийсэн. Улмаар тэр нь нийцтэй байна гэсэн дүгнэлттэй орж ирсэн нь УИХ дээр нэлээд маргаан үүсгээд буцаалаа. Энэ мэтийн алдаа дутагдлыг засах нь зүйтэй. Хоёрдугаарт, улс орны хэмжээний том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд төсвийн тогтвортой байдлынхаа тусгай шаардлагад өөрчлөлт оруулж, арай сулруулж байгаад явуулна гэсэн зүйл ярьж байгаа. Том төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага байна гэдэг дээр бүрэн дүүрэн санал нийлж байна. Гэхдээ аль болохоор төсвийн оролцоо бага, эрх зүйн орчныг өөрчлөх замаар буюу татварын, бодлогын дэмжлэгийг үзүүлж, хувийн хэвшил, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалтыг татаж хийхийг зорих нь зөв.

Тэгэхгүйгээр төсөв ашигтай байна гээд л Засгийн газар хийгээд байх юм бол нэгдүгээрт их үрэлгэн, хоёрдугаар эрсдэл их байгаа.

-Тухайлбал ямар эрсдлүүд байна вэ?

-Өнөөдөр бид олон улсын улс төрийн байдал, эдийн засаг хаашаа яаж эргэхийг урьдчилан харж чадахгүй байна шүү дээ. Тийм болохоор ийм үед бүгдийг нь өөр дээрээ аваад явах нь эрсдэлтэй. Тиймээс хамгийн чухал төслүүд нь яг юу юм бэ гэдгээ барьж авмаар байгаа юм. Гоё, гоё романтик төслүүдийн заримыг нь хойшлуулж болно. Ийм шаардлага ч гарч магадгүй.

-Таныхаар яг аль төслүүд нь нэн шаардлагатай юм бэ?

-Эрчим хүчний төслүүд зайлшгүй хийгдэх шаардлага байна. Тавантолгойн цахилгаан станц гэж их олон жил яригдсан. Жил бүр бараг цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр БНХАУ-аас эрчим хүч худалдан авч, Оюутолгойг ажиллуулж байна. Энэ бол мэдээж Монголын эдийн засгийн хамгийн том мотор. Мөн Улаанбаатар хотод шинэ эх үүсвэр барина гээд бас л олон жил боллоо.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, нийслэлийн хэрэгцээг хангана гээд байгаа?

-Тийм. Дээрээс нь манайх чинь Оросоос сүлжээнийхээ дутагдлыг нөхөж, хэлбэлзлээ хаадаг шүү дээ. Үүнийгээ аль болох бие даасан байдалтай болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрыг зайлшгүй хийх ёстой. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц чухал. Баруун бүсийн эрчим хүч хэтэрхий импортын хамааралтай. Найдвартай бус байсаар ирсэн. Тиймээс энэ том төслүүдээс нүүрсний болон усан цахилгаан станцуудаа яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байгаа.

-Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бас л олон жил ярьж байна. Уг нь анх ярьж байснаараа бол хэдийнэ ашиглалтад орох болчихсон. Тэгэхээр ер нь хэлж, ярьж байгаа том төслүүдээ товлосон цаг хугацаандаа ашиглалтад оруулаад дараагийн төслөө эхлүүлдэг байхын тулд яах ёстой бэ?

-Эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд төрөөс шийдвэр гаргаад, хөрөнгө оруулагч нь эдийн засгийн хувьд ашигтай ажиллах нөхцөлтэй болгоод өгмөөр байгаа юм. Төр сонгон шалгаруулаад, өөр дээрээ хариуцлага авч хийнэ гэхээр л улс төрөөсөө хамаараад их олон жилийн хугацаа алдаж байна. Би ингэж л боддог. Тийм болохоор аль болохоор л зах зээлийн систем рүү нь оруулах ёстой.

-Эрчим хүчний суурь үнийг нэмэх, либералчлах асуудал сүүлийн үед нэлээн яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Монголд үйлдвэрлэл, барилга, бизнес хөгжүүлье гэхээр эрчим хүч хүрдэггүй. Олон төсөл, үйлдвэр эрчим хүч, цахилгааны техникийн нөхцөлөө авах гээд чаддаггүй байдалтай байгаа. Хэрвээ хангалттай эрчим хүч байсан бол улам их орлого нэмэгдэж, эдийн засаг тэлнэ. Тэгэхээр манай эрчим хүчний салбар маань хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байгаа юм.

Нэмэгдүүлээд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт татах гэхээр цахилгааны тарифын асуудал гарч ирдэг. Дотоодынхоо цахилгаан станцын үнээс хоёр дахин өндөр үнээр Орос, Хятадаас импортоор авч байгаа. Ийм болохоор энэ салбарт хөрөнгө оруулалт ордоггүй. Үүнээсээ болоод эдийн засаг өсөхгүй, монголчуудын орлого нэмэгдэхгүй болчихоод байгаа юм. Тийм болохоор эрчим хүчний үйлдвэрлэл хөрөнгө оруулалт татахуйц хэмжээний тариф хэрэгтэй. Хоёрдугаарт, одоо ажиллаж байгаа төрийн өмчит цахилгаан станцууд үйл ажиллагааныхаа зардлаас хямдаар бүтээгдэхүүнээ зарж байгаа. Ингээд технологийн шинэчлэл хийж чадахгүй. Өрийн сүлжээнд орчихсон. Цахилгаан станц нь ингэж хямдаар бүтээгдэхүүнээ зараад байгаа болохоор тэдэнд нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол зэрэг уурхайнууд ч нэг тонн нүүрсээ олборлосон өртгөөсөө хямдаар зардаг. Ингэж хаа, хаанаа алдагдалтай ажиллаж байгаагаа Засгийн газрын өрийг нэмж аргалдаг. Эргээд түүнийх нь хүү, төлбөрийг бид бүгдээрээ хувааж төлдөг байдалтай явсаар ирсэн. Ийм байдалтай байсаар нэг л өдөр Монголын эрчим хүч тэр чигээрээ савлах юм бол юун хөгжил манатай л болно. Тэгэхээр тарифыг бодит байдал руу нь оруулах хэрэгтэй байна. Ядаж алдагдлаа нөхөх хэрэгтэй. Ингэхээр тариф мэдэгдэхүйц хэмжээгээр өснө. Гэвч өслөө гээд Орос, Хятадаас хямд, Европын улсуудтай харьцуулахад бүр хэд дахин хямд байна. Алдагдал нь буураад эрчим хүчний салбар доголдолгүй ажиллаад ирэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, өрсөлдөх боломж үүснэ. Мөн тарифаас гадна өртөгөө нөхөх гэсэн асуудал байна. Хэтэрхий үрэлгэн байдлаас болоод өртөг нь хэтэрхий өндөр гарч байгаа зүйл бий.

-Үрэлгэн гэдгээ тодруулахгүй юу?

-Төрийн өмчийн компаниудад өнөөдөр шаардлагатайгаасаа хэд дахин их хүн ажиллаж байна. Мөн янз бүрийн шахаанууд яригддаг. Цахилгаан дамжуулах сүлжээний алдагдал гэж маш том зүйл байна. Энэ бүхнийг сайжруулбал өртөг буурна. Түүнээс биш зөвхөн механикаар тариф нэмээд алдагдалгүй болгоод байж болохгүй. Зэрэгцээд өртөгөө бууруулах ёстой. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын засаглал өнөөдөр өөрчлөгдөх хэрэгтэй. Улс төрөөс хамааралтай, Засгийн газраас томилгоо хийдэг байх юм бол өртөг буурахгүй. Нээлттэй компанийн журмаар, мэргэжлийн хүмүүс гэрээгээр үйл ажиллагааг нь удирддаг. Улс төрийн нөлөө байхгүй. Улстөрчийн найзууд нь тэнд мөнгө эргэлдүүлж, элдэв зүйл шахаа хийдэггүй л болох хэрэгтэй. Өртөг буурвал үнээ хэт өндөр болгоод байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, өртгөө нөхөхүйц үнэ тариф тогтоолоо гэхэд менежментийг нь давхар заавал хийж явах нь чухал. Тэгэхгүйгээр ганцхан үнэ нэмээд байвал жилийн дараа дахиад л өртөг нь өндөр болчихно. Түүнийгээ нөхөхийн тулд үнээ нэмэх хэрэгтэй гэдэг зүйл мөнхөд яригдах болно.

-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох асуудлыг өмнөх Засгийн газар ч ярьж л байсан. Харамсалтай нь дорвитой ажил хийгдэхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгэхээр засагт хамтарсан ХҮН энэ асуудал дээр цаашид хэрхэн анхаарч, засаж залруулах тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

-Ерөөсөө төрийн өмч нийтийн өмчлөлтэй хувьцаат компани л болох хэрэгтэй. Том алдагдалтай байгаа цахилгаан станц, уурхайнуудыг хувьчиллаа гэхэд хувьцаа нь үнэ хүрэхгүй. Дотооддоо олигтой авч чадахгүй. Гаднын ганц, хоёрхон компани аваад дарчихвал яах вэ. Дараагаар нь дуртай үнээ хэлээд монопол болчихвол яана гэсэн айдас байдаг шүү дээ. Үүнээс болоод эрчим хүчний салбарын хувьчлал хойшоо шидэгдэж ирсэн. Тэгэхээр юуны өмнө бие даасан, алдагдлаа нөхдөг хэмжээнд ажиллуулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, өмчийн дийлэнхийг нь биржээр зардаггүй юм гэхэд Засгийн газраас хамаагүй, гэрээт байдлаар мэргэжлийн удирдлагатай болгох хэрэгтэй. Гуравдугаарт, эрт, орой хэзээ нэгэн цагт хувьчлах л ёстой. Хувьчлахдаа зах зээл дээр олон талхны үйлдвэр байх юм бол талхны үнийг чөлөөтэй орхиж болно. Харин хоёр, гуравхан байхад нь үнийг чөлөөтэй орхиж болохгүй.

-Үгсэн тохирох зэргээр асуудал үүснэ гэж үү?

-Тийм. Одоо гэтэл Монголын эрчим хүчний 60-70 орчим хувь нь ганцхан том станц байна. Хувийн өмчийн үйлдвэрлэж байгаа эрчим хүч гэж маш бага шүү дээ. Тийм болохоор яг одоогийн байдлаар чөлөөлнө гэдэг үг утгагүй болчихоод байгаа юм. Эрчим хүчний тухай хуульд эрчим хүч үйлдвэрлэхэд үнэ тариф нь бизнесийн хувьд үр ашигтай байх, хөрөнгө оруулалтаа нөхөхүйц байх ёстой гэсэн заалт бий. Үүнийгээ л эхний ээлжинд хэрэгжүүлэх асуудал байна. Харин үүний дараа үйлдвэрлэл нь ашигтай ажиллаад, хөрөнгө оруулалт нь нэмэгдээд, олон үйлдвэрлэгч бий болсны дараа бид чөлөөлөх асуудал ярьж болж байгаа юм. Ер нь эрчим хүчний хөгжлийн загварын хувьд Монгол Улс том, том станц биш, жижиг, дунд оврын олон тархмал эх үүсвэр байх хэрэгтэй. Тэр нь нүүрс, сэргээгдэх буюу нар, салхи, усных байна. Сүүлийн үед хүмүүс атомын цахилгаан станц ярьдаг болж байгаа. Жижиг атомын станцууд байдаг л даа. Жишээлбэл, хойд туйл дээр усан онгоц очоод зогсчихсон, 20 гаруй жил ажиллаж л байна. Энэ мэтээр олон жижиг станцууд байх ёстой. Монгол чинь том газар нутагтай. Төвлөрсөн цэгээс эрчим хүч үйлдвэрлээд түгээхээр алдагдал өндөр. Алдагдлаа багасгахын тулд тархмал байх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Хоёрдугаарт, аюулгүй байдал талаасаа ч чухал.

-Аймаг бүр л цахилгаан станцтай байна гэсэн үг үү?

-Аймаг бүр л станцтай. Гэхдээ бие даасан биш. Хоорондоо сүлжээгээр холбогддог байх хэрэгтэй. Өнөөдөр чинь дөрөвдүгээр цахилгаан станц зогсоход л улс орон даяараа зогсчих гээд байгаа. Ийм байж болохгүй. Мөн эх үүсвэрийг нь ганцхан сэргээгдэх эрчим хүч гэж туйлширч ерөөсөө болохгүй. Манайх хүйтэн газар. Нүүрсний станцууд зайлшгүй хэрэгтэй. Дорнод аймагт ноднин жил 50 Мвт-ын станц ашиглалтад орсон. Завхан аймгийн Тосонцэнгэлд жижиг станцын, Сэлэнгэ аймагт дунд оврын төсөл эхлэхээр болсон.

Миний мэдэхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Нарийнсухайтын уурхай орчимд жижиг төсөл яригдаж байгаа. Иймэрхүү 20-50 МВт-ын нүүрсний станцууд хэрэгтэй байна. Ингээд олноороо баригдаад эхлэхээр хоорондоо өрсөлдөөн үүснэ. Ашигтай ажилладаг болохоор улсын эдийн засаг нэмэгдэж, эрчим хүчний хангалт сайжирна. Тэр цагт үнийг бүрэн чөлөөлөх асуудал ярьж болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

13 настай хүүхэд гал түймэрт өртөж амиа алджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн 2 дуудлага бүртгэгдэж, гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барлаа.Тодруулбал шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу БЗДОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр бүрэн, 4х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Иймд, иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Гишүүд ээ, тендерийн маргаан гарахад 14 хоногт шийддэг хуультай болоход л асуудал дуусах биш үү DNN.mn

Засгийн газраас 2024 оны улсын төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгох хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барихдаа хоёр гол хуулийн өөрчлөлтийг дагалдуулсан нь нэлээд том шүүмжлэлд өртлөө. Үүнээс үүдэж төсвийн тодотголыг хэлэлцэх хугацааг ч сунгахад хүрлээ.

Өөрчлөлтөөр оруулж ирсэн гол хууль бол тендерийн гэгддэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль юм. Энэ хуулийн гол өөрчлөлт нь 40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг нээлттэй тендергүйгээр шууд сонгохоор заалт оруулж ирсэн нь УИХ-ын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг нээлттэй тендергүйгээр УИХ-ын хяналтаас гадуур шийдвэрлэх гэж байна. Тендерийн хуулийн өөрчлөлтийг төсөв дагуулж хулгайн арга замаар бус тусдаа бие даасан байдлаар УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх ёстой” гэж тайлбарлаж буй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлж УИХ-ын чуулган дээрээс ширүүн шүүмжлэлийг өрнүүлсэн.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тусгайлан хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу гадаад өр, үнэт цаас, хүүгийн зардал гэхчлэн бүгдийг нэг дор хянадаг бол өөрчлөлтөөр үүнийг байхгүй болгох гэж байна. Цаашлаад өнгөлөн далдлалтаар өөрсдийгөө хуурсан, гадаад өр зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналтгүй болгохоор байгаад нухацтай хандах ёстой” гэж байв. МАН-ын гишүүд дотроос ийнхүү эрх баригчдаа, Засгийн газрыг шүүмжилсэн нь гайхмаар зүйлийн нэг байлаа.

Нэг ёсондоо шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол нэрийн дор энэ улсын төсвийн зарцуулалтын хамгийн чухал хэсэг болсон Тендерийн хуулийг өөрчилж, бүр дордуулж орж ирсэн явдал ил болов. Тендергүйгээр ажил үйлчилгээ явуулна гэдэг авлигын үүр уурхай болно, эрх баригчид шинэ 30 жилийн мөрийн хөтөлбөрөө авлигыг өдөөсөн өөрчлөлтөөр эхлүүлж байна гэсэн шүүмжлэл ч парламент дотроос дуулдлаа.

Нэг талаасаа Тендерийн хуулийг өөрчилж буй санаа нь нэг тендерийг зарладаг. Одоо мөрдөгдөж байгаа хуулиараа нэг компани шалгардаг. Гэтэл ялагдсан өөр нэг компани нь гомдол гаргаад шүүхэд өгчихдөг. Ингээд л тухайн төсөл гацдаг, жил дамнадаг. Бүр ажил хэрэг болдоггүй нь ч олон. Үүний тод жишээ гэхэд Тавантолгойн цахилгаан станцын төсөл шүү дээ. Төсөл анх 2013 онд эхэлсэн. Төслийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлагдсан. Энэ тендер бараг 10 удаа зарлагдсан гэж яригддаг. Хугацааг нь хөөвөл ч тэгж л харагддаг. Аргаа барсан Засгийн газар тендерийн нөхцөлийг бууруулж, 300МВт+150МВт гэсэн хоёр үе шаттай болгон шийдвэрлэж 2023 оны зургадугаар сард дахин тендерээ зарласан. Тендерт Камбожийн “Mitime Int er­national” компани, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл саналаа ирүүлснээс “Mitime Inter­national” нь шалгарсан. Гэтэл өрсөлдөгч нь гомдол гаргаснаар шүүхийн маргаан нь жил тойрон үргэлжилж эцэст нь тендерийг хүчингүй болгоод буй. 11 жилийн өмнө эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл өнөөдөр хүртэл ажил хэрэг болоогүй байна. Ийм жишгээр цаг хугацаа эдийн засгийн боломжоо алдсан улс орны амин чухал олон тендерүүд шүүх хуулийн шатанд, яам тамгын газрынхны сейфэнд дараастай бий.

Гэхдээ энэ гажуудлыг засах шийдэл нь нээлттэй тендергүйгээр явуулах өөрчлөлт огтоосоо биш. Төрийн, төсөвтэй холбоотой ажил үйлчилгээ хаалттай явна гэдэг манайх шиг оронд авлигын нэг том уурхай шууд босоод ирнэ гэсэн үг. Тэгээд ч ардчилсан, парламентын засаглалтай, хөгжсөн улс оронд төрийн үйлчилгээ ил тод, ард түмний хяналтан дор явдаг тухай ойлголт манайдаа л шинэ, тогтож өгдөггүй систем.

Ерөөсөө энэ тендер гэгчид УИХ, Засгийн газрынхан хоёр талаасаа муйхарлаад дайраад байх огт шаардлагагүй. Тендерийн хуулийг л өөрчлөөд биччихэд болох асуудал. Асуудал үүсгээд байгаа сар, жилээр дамнаж шийдвэрлэгддэггүй гомдлын тухай тодорхой болгоод л биччихэд болно. Тендерийг нээлттэй явуулна. Шийдвэрийн талаарх маргаан гарвал 14 хоногт шийдвэрлэнэ. Гомдол гаргагч тал нь хууль бус явагдлаа гэсэн баримтаа өөрсдөө бүрдүүлж өгнө. Шүүх түүнийг нь хянаад баримт хангалттай гэж үзвэл хүлээж авна. Хуулийн 14 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Мэдээж шүүх тогтоолоо ажлын 24 цагт гаргаж өгөхгүй бол шүүхийн шийдвэр хүчингүй болж, тендерт шалгарсан компани ажлаа хийнэ. Хэрэв шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл долоо хоногийн дотор давж заалдана. Давах хурал мөн адил долоо хоногоос хэтрэхгүй хуралдана. Хэтэрвэл мөн л уг ажиллагаа хүчингүй болж шалгарсан компани ажлаа хийнэ. Процес дахиж явагдахгүй. Ингээд явахад сар ч хүрэхгүй хугацаанд тендерийн маргаан шийдвэрлэгдэх боломжтой.

Үүнийг энэ олон жил бодож, бясалгаад шийдвэрлэж чадахгүй яваад байх асуудал огтоосоо биш юм. Ерөөс эрх баригчид шийдвэрлэхийг хүсдэггүй л юм шүү дээ. Жишээ нь, хавдрыг эмчлэх боломж хангалттай бий. Гэвч тийм эмчилгээг нэвтрүүлчихвэл дэлхийн эм, эмнэлгийн томоохон бизнесүүдэд ашиггүй гэж үздэгтэй холбоотой гэдэг шиг л манай улсын эрх баригчид ингэж л улс төр хийж ирсэн. Өнөөдөр ч тэр улс төрөө хийж байна.

Одоо ядуурсан зовсон ард түмнээ бодож амьдралд ойр шийдвэр гаргадаг болмоор байна. Энэ улсын ард түмний дундаас гарч ирсэн мөртлөө эрх баригчид амьдралаас тасарсан, үнэмшмээргүй шийдвэрүүд гаргадаг болсоор Монгол Улс үгүйрэн хоосорч, гадны өр зээлэнд баригдаж дуусч байгаа. Тиймээс эрх баригчид, МАН-ынхан ард түмнээ шулах, төсвөө тонодог концепцио одоо өөрчил өө. Улсаа боддог, ядуурал ажилгүйдэл, энэ үндэстэний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг үзэл баримтлалыг шинээр бич. Үүний тулд өнөөдөр аминд тулаад байгаа Тендерийн хуулийн өөрчлөлтийг зөв бичихээс эхлэх ёстой. Яг л нөгөө хөшиг татаж байгаад хуваадаг арга барилаараа Засгийн газар хуулийн төслийг бариад ороод ирж байгаа нь харамсалтай. Эрх биш шинэ парламентын гишүүдээс зарим нь эсэргүүцэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зөв шийдэлгүй эсэргүүцэл шантааж юм шиг сонсогдож байгааг нуух юун. Тендерийн маргааныг 14 хоногт шийддэг хувилбарыг л шинээр биччихэд шийдэгдэх боломжтой байна шүү дээ. Энэ бүх эрх мэдэл УИХ-ын гишүүдийн бүрэн мэдэлд байна.

Б.ЭНХЗАЯА