Categories
мэдээ нийгэм

Жаргалантын амны 2 байршилд үерийн хамгаалалтын далан барьж байна DNN.mn

Өнгөрсөн жилүүдэд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсэж байсан.

Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж буй юм. Тус байгууламжийг хоёр сувагтайгаар хийж байгаа бөгөөд хоёрдугаар сувгийн 800 метр далан бүрэн дуусаж ашиглалтад орлоо.

Геодези, Усны барилга, байгууламжийн газрын шугамын техникч Д.Идэрсайхан “Жаргалантын амны үерийн далангийн ажил 2020 онд эхэлсэн. Олон жил гацсан уг ажил ийнхүү энэ жил төсөв бүрэн шийдэгдсэнээр эхний 800 метр даланг ашиглалтад орууллаа. Үлдсэн 1000 метр далангийн ухалтын ажлыг эхлүүлэн, ул хавтан тавьж буй. Хүйтний улирлаас өмнө дуусгах төлөвлөгөөтэйгөөр амралтгүй ажлаа үргэлжлүүлж байна” гэв.

Энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар шинэчлэлтийн хүрээнд Энхтайваны гүүрэн доор далавч хана, Хайлаастын үерийн хамгаалалтын далан, 25 дугаар эмийн сангийн хойно, “Сүнжин гранд” зочид буудал болон “Бөмбөгөр” худалдааны төв орчмын босоо ханыг засварлаж байна.

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өргөө кино театраас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг түр хаана DNN.mn

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг түр хааж, шинэчилнэ.

Тодруулбал наймдугаар сарын 30-ны 23:00 цагаас есдүгээр сарын 2-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хаана. Энэ хугацаанд тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас үүссэн гэнэтийн эвдрэлийг сэргээн засварлахад шаардагдах 4,9 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулж, улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болголоо.
Цаашид улсын чанартай авто зам, замын байгууламжид байгалийн гэнэтийн хүчин зүйлсээс шалтгаалан үүссэн саадыг арилгах, эвдрэлийг сэргээн засварлах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зардлыг “Улсын авто замын сан”-гаас бүрэн санхүүжүүлж байх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгав.

 Товч мэдээ
·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцлээ.
·      Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулах “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төсөл боловсруулах тухай” хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.
·      Улаанбаатар хотноо 2024 оны зургадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
·      ОХУ-ын Пермь хотод зохиогдсон Арабеск олон улсын сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Үенгийн Анарт 65 сая, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ган-Эрдэнийн Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
·      Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус баталлаа.
·      Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр тус тус томиллоо.

Categories
мэдээ улс-төр

БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, энэхүү түүхэн ойн жил Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Тэрбээр манай хоёр улсын “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, иргэд харилцан визгүй зорчих давуу талаа ашиглан иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайдыг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Элчин сайд Нгуен Дуан Тань Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буйдаа баяртай байгаагаа онцлоод, Монголын ард түмэн хүнд бэрх цаг үед Вьетнамын ард түмнийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах, худалдаа, эдийн засаг, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа Элчин сайд онцлов.

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Венецийн кино наадам эхэллээ DNN.mn

Венецийн олон улсын кино наадам уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр өнөөдөр эхэлж байна.

Энэ онд 81 дэх удаагаа зохиогдож буй кино наадмын дээд шагнал болох “Алтан арслан”-д нийт 21 кино өрсөлдөж байна.

Энэ удаагийн кино наадмыг 1988 онд гарсан аймшгийн инээдмийн киноны үргэлжлэл болох Тим Бертоны “Beetlejuice, Beetlejuice” хэмээх шинэ киногоор нээх ажээ.  Нээлтийн ёслолын үеэр Америкийн жүжигчин Сигурни Уиверт кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн наадмын хүндэт шагналыг гардуулна. Кино наадам ирэх сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна DNN.mn

Нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр дэд төвийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, 12 мянган айлын орон сууц, нийгмийн барилга байгууламж, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг байгуулахдаа гадаад зах зээлээс хөрөнгө босгож гүйцэтгэхээр төлөвлөөд буй. Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээр хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг барилгажуулах ажлыг төлөвлөөд буй. Энэ ажилтай холбогдуулан бид өнгөрсөн хавраас гадаадын хөрөнгө оруулагчидтай шат дараатай уулзалтыг зохион байгуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид аливаа төслийн байгаль, нийгэмд үзүүлэх ач холбогдолд анхаарал хандуулах болсон. Сэлбэ дэд төвийн хүрээнд гэр хорооллын 12 мянган өрх орон сууцанд хамрагдана. Тэр хэрээр яндангийн тоо цөөрч, агаар орчны бохирдол, хөрсний бохирдол буурах боломжтой. Зөвхөн төсөл хэрэгжих газарт байгаа айл өрхүүд бус төсөл хэрэгжих талбайн ойр орчмын суурьшлын бүсэд амьдарч буй айл өрхүүд ч уг төсөлд хамрагдах боломжтой. Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх ажлууд нь нийгэмд үзүүлэх ач холбогдол өндөр. Тиймээс хөрөнгө оруулагчид манай төслийг сонирхож, дэмжиж байна” гэв.

БНХАУ-ын “Инвестмент Банкны захирал Бэн Ван “Бид өнөөдөр нийслэлийн засаг даргын орлогчтой уулзаж, Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил болоод хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр бид Сэлбэ дэд төвийн төсөлтэй танилцлаа. Улаанбаатар хотод дэд төвүүдийг барьж байгуулснаар авто замын түгжрэл буурч, агаар орчны бохирдлыг бууруулах боломжтой учраас бид үүнийг ногоон төсөл гэж харж байна. Тиймээс бидний хувьд ногоон төсөлд хөрөнгө оруулалтыг хийхдээ таатай байх болно” гэв.

 

Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн аюултай түвшинг 5-60 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна DNN.mn

Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хэрлэн /Мөнгөнморьт, Баянмөнх/, Улз /Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-60 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Паралимпийн наадмын нээлт 02:00 цагт болно DNN.mn

Францын Парис хотноо Паралимпийн наадмын нээлт өнөө шөнө 02:00 цагаас болно.

“Парис-2024” зуны Паралимпын XVII наадамд 168 орны 4400 тамирчин оролцож байгаагаас манай улсаас 12 тамирчин өрсөлдөнө.

Манай баг тамирчдын тэмцээн наймдугаар сарын 29-нд пара таeквондо,  усанд сэлэлт, байт харваагаар эхэлнэ. Тодруулбал, Монголын тамирчдын салхийг

Пара таeквондо: Эмэгтэй 52 кг-У.Сүрэнжав

Пара усанд сэлэлт: Эмэгтэй 50 м-Э.Номуун

Пара байт харваа: Рeкурв 70 м-Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар хагална.

Нээлтийн ёслолд Монголын багийн тугийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ барих юм.

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх товчоодоор ирэх аравдугаар сарын 15-ыг хүртэл хяналт шалгалт хийнэ DNN.mn

Авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замуудад үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хяналт шалгалт ирэх аравдугаар сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Энэ оны долоон сарын байдлаар Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн нийт 524 зөрчлийг илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй, 30 гаруй хувьд хэтэрчээ DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолов.

Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлэгдсэн байна (weather.gov.mn).

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

47% – Бэлчээрийн нөөцтэй

20% – Бэлчээр хүрэлцээтэй

21% – Даац 1-3 дахин хэтэрсэн

 4% – Даац 3-5 дахин хэтэрсэн

 8% – Даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байна. Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 21 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.

Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсч, мал бэлчээрлэх боломжгүй болдог. Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд бэлтгэх шаардлагатай байна.