Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Тэд шударга ёсны сахиул уу, сахиус уу DNN.mn

Аливаа улсын нийгмийн харилцаанд оролцогчдыг тэгш байдлаар үнэлэхийг шударга ёс хэмээн ойлгоно. Энэ утгаараа тухайн нийгмийн субьектүүд хоорондын эдийн засаг, нийгэм, улс төр, эрх зүй, ёс суртахууны бодит, эрх тэгш, бие даасан харилцааг шударга ёс гэдэг. Гэхдээ үүнийг аль улс ямар нийгэмтэй байхаас хамаарч өөр өөрөөр томьёолно. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцагчдын тэгш бус байдал хаана гажуудна, тэнд шударга ёс яригддаг. Монголд бол “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх” буюу “Шударгаар шүүлгэх” хэмээх шударга ёсны эхний шаардлага яригдана. Ийм шударга ёсоор ангаж цангасаар өнөөг хүрэв. Ямар сайндаа сая хамтарсан Засгийн газар байгуулагдах үеэр ХЗДХЯ-ны нэршлийг “Шударга ёс” гэдэг үгтэй болох шахах вэ дээ.

Гэхдээ манай улс шударга ёсны хэмжүүр давагсдад тооцдог хариуцлагын тогтолцоо, хуулийн бололцоо сайтай. Гагцхүү түүний хэрэгжилт л муу. Үүнтэй бүгд санал нийлдэг. Тэгэхээр хуулийн хэрэгжилт нь шударга ёсыг хуулийн, төрийн нэрийн өмнөөс хамгаалдаг, сахиулдаг, хэрэгжүүлдэг хэдэн байгууллагаас шалтгаалах болчихож байгаа юм. Үүнд Үндсэн хуулийн Цэц, Шүүх байгууллага, Прокурорын байгууллага, АТГ, ЦЕГ, ШШГЕГ-ыг нэрлэж болно. Тамгыг нь атгаж буй даргаас тухайн байгууллагын үйл ажиллагаа шууд шалтгаална. Тэгвэл тэдгээрийг хэн хэн удирддаг вэ. Тэд шударга ёсны сахиулууд уу, сахиусууд уу?

Үндсэн хуулийн Цэц. Өнгөрсөн бүх хугацаанд улс төрийн байгууллага шиг ажилласан. Үндсэн хуульд бус эрх баригчид, албан тушаалтанд захирагдаж, үйлчилж ирсэн. Зарчмын хувьд төрд бус шүүхэд ажилласан туршлага л энэ байгууллагыг “Дээрээ Үндсэн хуулиас өөр даргагүй” ажиллах цор ганц гарц болсон. Гэтэл саяхан төрд олон жил ажилласан Г.Баясгалан Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилогдсон. Баянхонгор аймагт төрсөн тэрээр 1986-1999 оныг хүртэл прокурорт, 1999-2019 оны хооронд Ерөнхийлөгчийн зөвлөх, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, дийлэнхэд нь ХЗДХЯ-нд газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажилласан. Түүний үйл ажиллагааг сайтар анзаарч, ажиглаж байх ёстой.

Шүүх байгууллага. Авлига, албан тушаалын хэрэг дээр голдуу “дабл стандарт” хэрэгжүүлдэг гэж шүүмжлэгддэг. Гэвч шүүгч энэ төрлийн, ер нь бүхий л хэрэг дээр шүүхэд ирүүлсэн хэрэг материалын хүрээнд л шийдвэр гаргах үүрэгтэй. Нэмэлт шаардах боломжгүй. Хууль нь ийм. Хэдий тийм ч сүүлийн үед шүүхийн хууль, зарчим, бодлогоос ангид зарим шийдвэр гарах болсон. Шүүмжлэл гэх үү, эсвэл шүүхэд ирж буй тэр галыг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг авдаг.

Тэр Өвөрхангайнх. Угаасаа шүүхийн хүн. 1998 онд МУИС-ийн ХЗС төгссөн. Төгсөөд шүүхэд ажилласан. 2013 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2020 онд тус шүүхийн ерөнхий шүүгч болсон. Гэхдээ дээр дурдсан “шүүхийн бус шийдвэр”-үүд түүнээс хамааралгүйгээр, хөндлөнгийн нөлөөгөөр гараад байж болзошгүй талаар сүүлийн үед яриад эхэллээ. “Ганзориг уу, Бямбажаргал уу” гэсэн ярианы тухай уншигчид мэдсэн л байх. Тэнд дурдагдаад байгаа Бямбажаргал нь шүүхийн анхан, дунд шатны нэр бүхий шүүгч нартай шууд холбогдож хэрэг маргааныг хүссэнээрээ шийдүүлдэг гээд байгаа юм. Ер нь тэгээд шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх итгэлийг хиртүүлж, сэвтүүлж явдаг хэдхэн л шүүгч байдаг. Үеийн үед л тийм байсан. Тэгэхээр шүүхийнхэн дотроо “шүгэл” үлээж, цэвэрлэгээ чангалгаа хийх цаг нь тулсан бололтой.

Прокурор. Хууль хяналтын хамгийн том эрх мэдэл энэ байгууллагад бий. Мөрдөгчдийн ажилд хяналт тавьж, тухайн хэргийг ямар байдлаар шүүхэд шилжүүлэхийг шийддэг. Шүүхэд шилжүүлэх эсэх, мөрдөн шалгах явцад хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх зэрэг бүх эрх мэдэл прокурорынх. Прокурорыг Өвөрхангайн Б.Жаргалсайхан толгойлдог. Тэрээр 1988 оноос Өвөрхангай аймгийн Прокурорын газар, Тээврийн прокурорын газар, УЕПГ-т ажилласан. 2019 оны дөрөвдүгээр сард Улсын ерөнхий прокуророор томилогдсон. Авлига, албан тушаалын асуудал ид хөндөгдөж, бараг буцалж байсан үе. Тиймээс М.Энх-Амгаланг Б.Жаргалсайханаар солих үед нийгэм “Авлигын хэргүүдийг машиндах нь дээ” гэж харж байсан. Энэ хүн ийм л хүлээлт дунд Улсын ерөнхий прокурор болсон. Гэвч томилогдоод таг. Сүүлийн үед бүр сураг тасрав. Дагаад байгууллага нь ч унтаж орхилоо.

Мэдээжийн хэрэг хуулийн дагуух үүргээ гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой. Харин авлигын дуулиант хэргүүд ар араасаа унтарч орхив. Хамгийн гол нь энэ бүхний бурууг мөрдөх байгууллагууд нь үүрдэг.

УИХ-ын сонгуулиас сарын өмнө Дорноговийн О.Машбат гэдэг залууг Ерөнхийлөгчийн саналаар Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилсон. О.Машбат нь 2003 оноос УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан, ХЗДХЯ-ны мэргэжилтнээр, НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, 2015 оноос УЕПГ-т хяналтын прокурор, 2017 оноос НПГ-т хэлтсийн дарга, ахлах прокурор, 2019 оноос УЕПГ-ын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор, 2020-2024 онд ЗГХЭГ-т Шадар сайдын зөвлөх, ЕТГ-т Хуулийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг удахгүй Ерөнхий прокурор болж магад гэсэн мэдээлэл бий.

АТГ. Авлигачдын айдас, ард түмний шүүмж дунд ажилладаг. Хамгийн сүүлд “Авлигын индексээр ухарлаа” гэж шүүмжилсэн. Угтаа энэ бол авлига, албан тушаалын хэргийн илрүүлэлт өссөнтэй холбоотой. “5Ш” ажиллагаа зэрэг нөлөөлсөн. Авлигын хэргийн илрүүлэлт урагшлахад авлигын төсөөллийн индекс ухардаг. “Авлига бага байна” гэвэл авлигын индекс сайжирна. Урвуу хамааралтай гэсэн үг. АТГ-ын даргаар З.Дашдаваа ажиллаж байна. Хэнтийнх. Цагдаагийн хүн. ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан тэрээр 2019 онд энэ албанд томилогдсон. Монголчууд нэрийг нь сонсож, барааг нь харахаас хэтэрдэггүй байсан “дээдсүүд”-ийн холбогдсон олон том хэргийг мөрдөн шалгаж шүүхэд, прокурорт шилжүүлсэн. Мэдээж зарим хэрэгт улс төрийн шинжтэй гацаа саад ажиглагддаг. Хэд хоногийн өмнө “З.Дашдаваа өргөдлөө өглөө” гэдэг мэдээлэл цахим сүлжээнд сэвэгдлээ. АТГ-аас “Үгүй” гэсэн тайлбар өгсөн. Энэ нэг талаас АТГ-ын дарга болох хүсэлтэй хууль хяналтын нэр бүхий хүмүүс, нөгөө талаас З.Дашдавааг явбал хэргээ аргалж магадгүй хэмээн горьдлого тээсэн этгээдүүд гэсэн хоёр талын ашиг сонирхол дээр сэвэгдсэн мэдээ болж таарсан.

ЦЕГ. Шүүмжлэлд байнга өртөж байдаг энэ байгууллагад шинэчлэх зүйлүүд бий. Сүүлд гарсан хүний амь хохирсон тухай мэдээлэл бол хүний эрхийн ноцтой факт мөн. Уг нь мөрдөгчид хуулийн дагуу хохирогч залууг саатуулж, прокурорын хяналт дор, шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-т хүлээлгэж өгсөн. Тийм хуультай. Гэвч ЦЕГ-аас харамсалтай явдлын дараа зориудаар уу гэж хардмаар мэдээлэл хийж олны бухимдлыг төрүүлсэн. ХЗДХ-ийн сайд “Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажилла” гэсэн чиглэлийг өгөв.

Гэхдээ өдөр өнгөрөх тусам 21-тэй залуу амиа алдсан явдлыг албан тушаалын төлөөх ажиллагаа болгож хувиргах оролдлого хийж байсан нь тодорч байна. Цагдааг Бригадын генерал Т.Сүхболд удирддаг. Улаанбаатарт төрсөн. Нутаг ус яривал аав нь Сүхбаатар, ээж нь Дорноговийнх. ЭЦА-нд олон жил ажилласан. Өнгөрсөн жил ЦЕГ-ын даргаар томилогдсон. Сонгууль өнгөрсөн, солио холио явагдаж магадгүй гэсэн үүднээс үү, хэрэг явдлыг Т.Сүхболд руу чиглүүлж буй нь тодорхой ажиглагдав. Оронд нь суух гэсэн хүмүүсийн хүсэл, хэрэг түвэгийг нь ухаад орчихсон учраас салж санаагаа амраах гэсэн хэсэг бүлгийн сонирхол нийлж харагдлаа. Түүнийг ЦЕГ-ын дарга байхад яагаад ч замхрахгүй С.Зоригийн хэрэг, 49 хувь, нүүрсний хэрэг, бусад нийтэд ил зарлаагүй эдийн засгийн том гэмт хэргүүд бий.

ШШГЕГ. Энэ газар угаасаа эрсдэл ихтэй. Хоригдож буй этгээдийн хүн ёсны эрхийг хөдөлшгүй харгалзаж саатуулах үүрэгтэй. Гэвч энэ сарын 23-нд ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу Улсын төв гуравдугаар эмнэлэгт гартаа гавтай нас барсан хэрэг гарлаа. Хаанаас нь ч харсан маш ноцтой асуудал. ХЗДХ-ийн сайд ч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуул” гэсэн үүрэг, чиглэл өгөөд байна. ШШГЕГ-ын даргаар Хэнтийн Б.Нандинболор хурандаа хэдхэн сарын өмнө томилогдсон.

Тэрээр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа, тус Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, ЦЕГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар, ШШГЕГ-ын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга, ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж иржээ.

Ажиглагч

А.БАТБОлд

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүгийн аав А.Бавуудорж: Охиныхоо олимпийн аваргын төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Охиноороо бахархаж, баярын нулимстай огшиж хонолоо DNN.mn

2024 оны Ази тивийн болон Душанбе Их дуулга тэмцээний аварга, “Абудаби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ баг, “Импери” группийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү “Парис-2024” зуны XXXIII олимпийн наадмын мөнгөн медальтан боллоо.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 48 кг-д С зоонд Мальтийн Е.Катринтатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габрилатай барилдаж ялснаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялалт байгуулсан. Улмаар Олимпийн наадмын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Японы бөх Цунода Нацүмитай өрсөлдөж ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртлээ. Б.Баасанхүүгийн хувьд олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн Монголын жүдо бөхийн тав дахь тамирчин, жүдочдын олимпийн мөнгөн медальтай хоёр дахь эмэгтэй бөх болж буй аж.

Б.Баасанхүүгийн аав А.Бавуудоржтой ярилцлаа.


-Танд юуны өмнө нийт монголчуудынхаа өмнөөс дахин баяр хүргэе. Анхныхаа “Парис-2024”зуны XXXIII олимпоос таны охин Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Юуны өмнө охиндоо баяр хүргэе. Аав, ээж нь охиноороо маш их бахархаж байна. Улам их охиноо хайрлаж, үгээр хэлэхийн аргагүй баяр цэнгэлийг эдэлж байна. Энэ жил охин минь дөрөв дараалан түрүүлсэн амжилт үзүүлснээс гадна олимпийн мөнгөн медаль хүртсэнд үнэхээр их сэтгэл хөдөлж, маш их баяртай байна.

Улсын шигшээ баг, “Сүлд” спорт хороо,“Импери” групп зэрэг тусалж дэмжсэн бүх хүмүүст бүгдэд нь баяр хүргэе. Охиныг минь гардаж бэлтгэл сургуулилт хийлгэсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа багшид нь тусгайлан баяр хүргэе.

Мөн анх охиныг минь бөхийн спортод чиглүүлж, дурлуулсан эрхэм хүмүүс болох Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биеийн тамирын багш, Алтан гадас одонт, Монгол Улсын шилдэг багш А.Даваадорж, Биеийн тамир спорт хорооны багш Б.Очирбат нартаа баярлалаа. Бидэнд баяр хүргэж буй хүн бүрд танай сониноор дамжуулан талархлаа илэрхийлье.

Охиныхоо олимпийн алтан медалийн төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Олимпийн мөнгөн медаль хүртсэний дараа нь бид нутаг усаараа Мөрөнгийнхөө төв Чингүнжавынхаа талбай дээр цугласан. Манай Хөвсгөлийнхөн бүгд тэнд очсон байсан. Бид хамтдаа шөнөжингөө олимпийн мөнгөн медаль хүртсэн охиныхоо баярыг тэмдэглэж, баярын нулимстай огшиж хонолоо. Өөрийн сонирхол, дуртай зүйлээрээ хичээллэж энэ их амжилтад хүрсэн охиноороо бахархаж, сэтгэл огшин баярлаад л сууна. Охин минь энэ жил бэлтгэл сургуулилт сайтай, олимпийн бэлтгэлээ ч сайн хийсэн болохоор энэ удаа олимпдоо амжилттай оролцох байх гэж бодож байсан.Би охиндоо итгэж байсан.

Монголын ард түмэн их сайхан юм. Бүгд л манай гэр бүлд баяр хүргэж, утсаар залгах нь залгаж байна. Монгол оронд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс хүн бүр охинд минь баяр хүргэж байгааг цахим ертөнцөөс харах үнэхээр сайхан байна. Аав хүний хувьд хүн болж төрснийх охиноо олимпийн дэвжээнд гарч барилдаад медаль хүртэхийг харна гэдэг их хувь заяа. Үүнээс илүү жаргалтай сайхан зүйл гэж хаа байхав.

-Б.Баасанхүү Монголын тамирчдын медалийн салхийг хагалж, дахиад олон медалийг манай тамирчид “Парис-2024” зуны XXXIII олимпоос авах болов уу гэсэн хүлээлтийг бий болголоо.

-Энэ олимпийн анхны медалийг эх орондоо авчирч, анхны олимпоосоо мөнгөн медаль хүртсэн охиндоо дахин баяр хүргэе.Бүх боломжоо дайчилсан, миний охин мундаг байлаа. Охин минь Хөвсгөлийн Мөрөнгөөс төрсөн олимпийн анхны медальтан боллоо. Миний охин маш том амжилтыг үзүүллээ. Монгол түмнээ баясгалаа. Булган сүүлтэй байгаасай гэж хүсч байна. Тамирчид бүхэн олимпод амжилт үзүүлнэ гэсэн бодолтой бэлтгэл, сургуулилтаа хийж ирсэн. Тиймээс Монголын баг тамирчид бүгдээрээ олимпдоо амжилт гаргах болтугай гэж ерөөе.

-“Парис-2024” зуны XXXIII олимпийн наадмын нээлтийг монголчууд сэтгэл догдлон үзлээ. Зарим Монголын тамирчид нээлтийн ёслолд оролцож харагдахгүй байсан.

-Олимпийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд барилдах цаг нь давчуу болсноос Монголын жүдогийнхон оролцоогүй юм билээ.

-Охинтойгоо олимпийн мөнгөн медаль авснаас нь хойш холбогдож чадсан уу. Сүүлд хэзээ холбоо барьсан бэ?

-Охинтойгоо медаль авснаас нь хойш холбогдож чадаагүй байна. Өнөөдөр (өчигдөр) холбоо барих болов уу гээд хүлээж байна. Парист очсоноос нь хойш жин хасах үед нь л охинтойгоо холбогдсон. Охинд минь айж, сандарч буй зүйл ажиглагдаагүй. Тухайн үед бид охиндоо амжилт хүссэн.

-Б.Баасанхүү тамирчин энэ удаагийн зуны XXXIII олимпод оролцохдоо хэдэн кг жин хассан бол?

-Ямар ч байсан тэмцээнд оролцохдоо дөрвөөс таван килограмм жин хасдаг. Түүнийгээ л хасаж оролцсон байх. Энэ удаа нэг их юм яриагүй.

-Охин тань олимпод оролцохоосоо өмнө гэртээ очсон уу. Сүүлд хэзээ охинтойгоо уулзсан бэ?

-Энэ зун охин минь гэртээ ерөөсөө ирээгүй. Дэлхийн аварга болоод ирэхэд нь очиж уулзсанаас хойш охинтойгоо уулзаагүй байна. Хятадын Хөх хотод 20 гаруй хоног олимпын бэлтгэл хийж ирээд, үргэлжлүүлэн Монголдоо бэлтгэлээ хийж байгаад л сая олимпдоо оролцохоор Парис явсан.

-Хэзээ эх орондоо ирэх вэ?

-Монголын тамирчид хоёр хуваагдаж ирэх болов уу. Эхний ээлжээр буюу ирэх наймдугаар сарын тавны хавьцаа Б.Баасанхүү эх орондоо ирэх байх гэж таамаглаж байна гэв.

“Парис-2024” зуны XXXIII олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга, Ази тивийн аварга Б.Баасанхүү “Анхны олимпдоо ороод мөнгөн медаль авсандаа маш их баяртай байна. Хэсгийн аварга хүртэлх барилдаануудаа бэлтгэл дээрээ багш нартайгаа хийж үзэж, давтаж, ярилцаж байсан мэхнүүдийг хийж хожсон. Сэтгэл их хангалуун байна. Чадах хүртлээ л барилдана гээд би өдөр бүр хичээж бэлтгэл сургуулилтаа хийж ирсэн. Хүн бүрд боломж байгаа шүү гэж хэлье. Улсын аваргаас хойш сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа. Хоол зүйч, сэтгэл зүйч бол тамирчин хүнд хамгийн хэрэгтэй байдаг.

Би эхний тойргоос эхлээд нэг л давчихвал, үүнийг л хожчихвол гэж барилдсаар байгаад финалийн шатанд үлдэж, их баярлаж, сэтгэл их хөдөлсөн. Тэр үедээ надад дахиад нэг барилдаан байгаа учир сэтгэл хөдлөлөө их дарсан. Би характергүй барилддаг. Финалийнхаа барилдаан дээр хэзээ ч өөрөөсөө гарч байгаагүй характер гаргаж, ширүүн барилдаж үзлээ. Үргэлж ард минь бат зогсож тусалж дэмждэг ард түмэндээ, гэр бүлдээ, баг хамт олондоо маш их баярлалаа” хэмээсэн юм.

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

2024 оны долдугаар сарын 29-ний 01:22:50 цагт Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

2024 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 12-ны өдрөөс зогсооно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 19 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр байхаар товлосон.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан. Хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/  цахим санд байршуулсан.

Сонгогч Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч шалгана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ DNN.mn

2024 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2024 оны долоодугаар сарын 29-ний өдөр 09:00 цагт эхэлж, 2024 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.

Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр Б.Эрдэнэбаяр, Л.Энхрийлэн нар барилдана DNN.mn

“Парис-2024” олимп үргэлжилж байна.

Олимпын наадамд монголчууд 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд өнөөдөр жүдо бөхийн төрөлд хоёр нь өрсөлдөнө.

Тодруулбал,

Эмэгтэйчүүдийн 57 кгд, дэлхийн хошой хүрэл медальт, Л. Энхрийлэн өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдийн 73 кгд ОУХМ Б.Эрдэнэбаяр өрсөлдөнө. Тэрээр эхний даваанд Дэлхийн аварга Нилс Штамптай барилдах юм.

Цагийн хуваарь:

16:00 цаг. Жүдо. Эрэгтэй -73 кг жин. Батзаяагийн Эрдэнэбаяр.

16:00 цаг. Жүдо. Эмэгтэй -57 кг жин. Лхагватогоогийн Энхрийлэн.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өв соёлоо эсэргүүцсэн нэгнийг Иран шиг ёс зүйн цагдаа нь шийтгэдэг мунхарсан улс болох вий дээ DNN.mn

Монголын нийгэм хоёр нийгэмд хуваагддаг болоод, Монгол Улс хоёр нийгэмд амьдардаг болоод удаж байна. Зуны улирал ирэхээр найр наадам, уяа морьд, бөх тэх, өв соёл, ёс заншил гээд үндсэндээ дундад зууны гэж хэлж болохоор тийм нийгэмд амьдраад явчихна. Харин есдүгээр сарын 1-нээс дарга цэрэггүй бүгдээрээ хот хүрээ бараадаж гэрэл цахилгаан, аж үйлдвэр, газрын ховор элемент гээд шинжлэх ухаанчаар амьдрах гэж оролдоно. Товчоор хэлбэл, зундаа дундад зууны маягтай, өвөлдөө орчин цагийн маягтай ийм хоёр нийгэмд бид сүүлийн 10 гаруй жил амьдарч байна. Зуны амьдралын муу муухайг хэлэх гэхээр нийтээрээ барьж идчих гээд хэцүү. Ёс заншил руугаа нулимлаа, өв соёлоо гутаан доромжиллоо, монгол монголоороо байх ёстой гээд эхэлнэ.

Тиймээс монголчуудын хавтгайрсан энэ найр наадам, морь бөх, дээл хувцас, том том хөөрөгнөөс өөрийг бодохоо байсан, өв соёл нэрээр мунхарч гүйцэж байгааг нь шүүмжлэх хүмүүс бусдын хэл амнаас халгаад холоос хий л толгой сэгсэрч дув дуугүй ажихаас өөр аргагүйд хүрч байна. “Найрлаж наадаад байтал энэ улс орон чинь дампуурч гүйцэх нь. Наад хэдэн үстэй адгуусаа уралдуулах чинь улс орны хөгжилд ямар хамаатай юм бэ. Наад хэдэн хөлстэй нүцгэн бөхчүүд чинь улс орныг удирдах уу, Монголын хөгжилд ямар гавьяа байгуулсан юм бэ” гээд хэлчихвэл монгол соёлын үнэт зүйлийг гутаалаа гээд нийтээрээ барьж иднэ. Бүгд л бөх морь, монгол наадам, нутаг нутгийн түүхт 100 жил хөөрцөглөж улайрсан, “илд бамбай”-гаа агссан хүмүүс байна.

Ингэж нийтээрээ хөөрцөглөн, дундад зууны нийгмээ санагалзаж байгаа мэт хэлхгэр дээлтэй, нум сумаа агсчихсан уухай хашгирч, цээжээ дэлдэж яваа монголчуудын тархи толгойд бензин шатахуун, тог цахилгаан гэдэг ойлголт огтоос төрдөггүй, стратегийн эдгээр амин чухал асуудал бүхнээрээ гадны улсын хараат болохыг хэнбугай нь ч мэддэггүй нь харамсалтай. Ер нь биднийг хөгжлийн тухай бодуулахгүй энэ чигтээ наадам найр нэрээр улам л хий хооосон хөөргөж, үйлдвэрлэл бий болгоод баярлах биш үстэй адгуусаа уралдуулж аархсан ийм л зэрлэг омгийнхон шиг байлгахыг далдаас бодлогоор бий болгоод байх шиг. Улам л мунхраад байх шиг.

Аливаа юм хэм хэмжээтэй. Баярлахад, наадаж наргихад ч, гомдож, өширхөхөд ч хэм хэмжээ бий. Зуны амьдрал маань хэт их хөгжөөд ёс заншил гээч зүйл рүүгээ улам хошуураад, нийтээрээ дээл хувцас монгол гутал, хөөрөг гаанс болчихвол яах вэ. Наадмаар нимгэн цамц, подволк шорттой явж байвал ёс заншил өв соёлоо уландаа гишгэлээ монгол дээл, монгол гутлаа өмссөнгүй гээд тухайн хүн хэрэгтэн болох, нийгмийн шаар шавхруу мэт нүд үзүүрлэгдэх тийм харалган цаг ирэх вий дээ. Иранд Исламын шашны дэг ёсыг сахиулах үүрэгтэй ёс зүйн цагдаагийн алба гэж байдаг. Хүүхнүүд нь олон нийтийн газарт гараа ил гаргах юм уу, эсвэл толгойн өмсгөлөө өмсөөгүйг, алчуураа бүрэн халхлаагүй зэргээр шоронд хоригддог. Яг үүн шиг Монголд дээл хувцсаа өмссөнгүй, өөрийн дур мэдэж подволк, костюм, жинсэн хослол өмслөө гээд Ираны ёс зүйн цагдаа шиг гавлаад явах, барьж хорих асуудал үүсэх юм биш биз дээ.

Энэ байдлаараа бол үгүй гэх газаргүй л харагдаад байна. Монголчууд болсон хойно цагдаа гэхгүйгээр уянгалаг нэр өгчихнө л дөө. Өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх ёс зүйн алба гэдэг ч юм уу. Ийм сүрхий нэртэй, тэрхүү албаны нөхдүүд нь нэг л мэдэхэд монголчуудын орчин үеийн сэтгэлгээг нухчин дарж айдас хүйтэст автуулснаар нийтээрээ дээл өмсөж, монгол гутал эгэлдэргэлсэн үзээрийн хүмүүс гарч ирэх вий. Тиймээс дундад зууныг ихээхэн санагалзаж байгаа зуны амьдралаа хэмжээ хязгаартай болгоё. Найр наадмаараа баярлалаа ч бүтээн байгуулалтынх нь ажил давхар явдаг хөгжлийн тийм тогтолцоонд шилжих хэрэгтэй.

Зуун жилийн баяр наадмаа хийгээд л улс орны амьдрал зогсчих юм шиг сэтгэлгээгээр хандах юм. 100 жилээ тэмдэглэхэд дараагийн 50, 100 жилийн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө давхар батлагдаж цахилгаан станц, төмөр зам, аж үйлдвэрийн парк, хурдны гал тэрэг гээд бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байх учиртай. Дэлхийн улс орнуудын хөгжил яаж явдаг тэр зарчмаар бид хөгжих ёстой. Гэтэл өнөөдөр нэг л их өв соёл, ёс заншил ярьсан хүмүүс. Улс орны хөгжлийн гол концепцийг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлдог. Манай нэг хүнд ногдох ДНБ ердөө 5 мянган ам.доллар. Польш улс гэхэд 30 мянган ам.доллар байх жишээний. Ингэж монголчууд бид дэлхийн улс орнуудын “ул”-ны улс болчихоод байна. Нөгөө Азийн хүлэг биш, Азийн гөлөг улс гэдэг үнэн болчихоод байна.

Аль юм болгон ингэж ядуу дорой амьдрах юм бэ. Монгол Улсын гал голомтыг сахиж байгаа бид монголоороо байх ёстой гэх мунхаглалаас даруй салах хэрэгтэй. Монголоороо байна гэдэг бол дээл өмсөж, морь унаж, үс гэзгээ ургуулж, сахал самбаандаа баригдаж явахын нэр биш. Харин туурга тусгаар улс орны голомтын эзний хувьд хүчтэй улс орон байх ёстой. Тиймийн тулд баян чинээлэг хөрөнгөтэй, ард иргэд нь эрдэм боловсролтой хүчирхэг гүрнийг тунхаглан босгох ёстой. Хүчирхэг улс гүрэн байхын үндэс суурь нь эдийн засаг. Иймээс найр наадам, өв соёл, зуны амьдралынхаа хугацааг богиносгож, хөгжил дэвшлээ ярьдаг өвлийн амьдралынхаа цагийг уртасгаж ДНБ-ээ дор хаяж 10 мянган долларт, цаашлаад 20, 30 мянган долларт хүргэхийн төлөө хүн бүхэн чармайн зүтгэх цаг нь ирсэн.Морь уяж наадсан, бөх барилдаж баяжсан хэдхэн хүний эрх ашигт амьдармааргүй байна.

Уяачдын болон бөхчүүдийн мөнгөний давхарга гэж бүхэл бүтэн давхарга Монголын нийгэмд бий болсон. Эдгээр давхаргынхан ард түмнийг өөрсдийнхөө тойрог хүрээлэлд оруулж, эдийн засгийн эргэлтээ сайжруулахыг гол зорилгоо болгодог. Энэхүү давхарга нь улс орны эдийн засагт ямар ч хамаагүй. Харин ч улс орны хөгжлийн эдийн засгийн эргэлтийг сааруулна. Дээрээс нь төр засаг ард түмнийг захирахад гарын аясаар хэмээн ядуу хоосон гуйлгачин байлгахыг боддог. Энэ бүхнийг ард нийтээрээ санаж сэрж хэрсүү, ухаалаг байх хэрэгтэй байна.Тиймээс зуны амьдралаа богиносгож, өвлийн амьдралаа уртасгая гэж хэлээд байгаа минь ийм учиртай. Сүүлд нь хэлэхэд, өв соёл гэх зүйл хэрээс хэтэрвэл бид Иран шиг ёс зүйн цагдаатай болж, тэдэндээ гавлуулж хоригддог тийм нийгэмд амьдрах цаг ойрхон буйг дахин сануулъя.

Д.Батболд

Categories
story-news

Олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүгийн аав А.Бавуудорж “Олимпийн аваргын төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Охиноороо бахархаж, баярын нулимстай огшиж хонолоо

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүгийн аав А.Бавуудорж “Олимпийн аваргын төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Охиноороо бахархаж, баярын нулимстай огшиж хонолоо” хэмээлээ. Энэ талаар III нүүрээс уншаарай.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 29, Сумъяа гариг. Билгийн тооллын 24, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 5:25 цагт мандаж 20:32 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, Их нууруудын хотгор болон, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.