Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын гишүүнээс А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг хаслаа DNN.mn

Ардчилсан намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг намын гишүүний бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргажээ. Ардчилсан намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар нь Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед санаатайгаар олон нийтийг турхиран намын нэр хүнд, эв нэгдэл, намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл удаа дараа үйлдсэн тул Ардчилсан намын гишүүний бүртгэлээс хасах шийдвэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр гаргасан байна.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.9.1.15, 3.9.3.4, 5.17.1, 5.17.5.2, 5.21.19 дэх заалт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн эрхийг зөрчсөн 79 иргэнд 23.7 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.24-өөс 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд) 38.080 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 726 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 17, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 252, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 21, Өмчлөх эрхийн эсрэг 292, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 116, бусад 12 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 53.314 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 52.008 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 51.095 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 913 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2756, Танхайрах 144, Хүний биед халдах 303, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 145, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 47.304, бусад 1356 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 79 иргэнд 23.700.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 145 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 25, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 49, сураггүй алга болсон хүн 80, шүүхээс даалгасан хүн 29, зөрчил үйлдсэн этгээд 11 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоолоо.

Categories
мэдээ нийгэм

Морин хөтөч хийж явсан 15 настай хүүхэд усанд живж амиа алджээ DNN.mn

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хэрхлүүр нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ зургаадугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр” нуурын эрэг дээр амраад аяллаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан нэг хүүхэд сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 22:30 цаг Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:53 цагт сумаас гарч, 100 км замыг туулан 19:53 цагт очиж, А/15 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-д сонгогдсон 126 гишүүний үнэмлэх гардуулах үйл ажиллагаа 14:00 цаг хүртэл хойшиллоо DNN.mn

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан 126 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх гардуулахаар болсон.

Үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр 12:00 цагт Төрийн ордны Их танхимд болохоор байв. Тэгвэл тодорхойгүй шалтгааны улмаас 14:00 цаг хүртэл хойшилсон гэдгийг СЕХ-ноос мэдэгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал энэ сарын 18 хүртэл хойшиллоо DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулж, долдугаар сарын 18-ны 13:30 цагт товложээ.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч ийнхүү хойшлогджээ.

Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Шүүх хуралдааныг хойшлуулалгүй нээлттэй хийлгэх хүсэлтээ тавьсан. Гэвч шүүхийн зүгээс миний хүсэлтийг хангасангүй.

Хэрвээ шүүх хурал дахин хойшлогдвол гэрийн хориог цуцлаад өгөөч гэх хүсэлтийг мөн хүргүүлсэн. Шүүх хурлыг наадмын дараа буюу долдугаар сарын 18-ны 13:30 цагт товлолоо” гэв.

Сануулахад Нийслэлийн Прокурорын Газраас түүнийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүй долоон худаг орчмын авто замыг засварлах, шинэчлэх ажил 65 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцэв.

Хүй долоо худагт нийтийн бие засах 46 байгууламжийн сан техникийн холболт, сэлбэг засвар үйлчилгээг хийж дууссан байна. Мөн үзэгчдийн 5,000 сандлыг угсарч бэлэн болсон гэдгийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр хэллээ.

Харин Хүй долоон худаг орчмын авто замын эвдрэл гэмтлийг засварлах шинэчлэх, нүхэн эвдрэлийг нөхөх ажил 65 хувьтай бөгөөд энэ долоо хоногт дуусах юм байна.

Наадамчдад үйлчлэх цахилгаан экобусны ажиллагааг шалгах, эвдрэл гэмтлийг засварлах, хаяг лого байршуулах  ажил 40 гаруй хувьтай байна.

Нэмэлтээр авто зогсоолуудыг төлөвлөх шаардлагатай тул нийт найман байршилд 45,780  авто зогсоолыг төлөвлөжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Судлаач Х.Номингэрэл: Тогтолцоо нь шахсан ч гэсэн иргэд ухамсартайгаар олон намын төлөөллүүдийг УИХ-д гаргалаа

Эрх зүйч, судлаач Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-Энэ удаагийн сонгуулийн онцлог, үр дүнг та яаж харж байна вэ?

-Энэ удаагийн сонгууль Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад, холимог тогтолцоогоор явж байгаа. Парламентаа томруулсны дараахь шинэ эрх зүйн орчинд болж буйгаараа онцлогтой. Түүний үр дүнд намын жагсаалтаар хүмүүс сонгогдлоо. Хажуугаар нь сонгуулийн хуульд гарсан нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хуулиас гадна чухал нөлөө үзүүллээ. Тухайлбал, жендерийн асуудал дээр квотоо нэмж, нэр дэвшигчдийн жагсаалтад 50/50 хувийг барьсны үндсэн дээр 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. Энэ нь нийт гишүүдийн 25 орчим хувь буюу дэлхийн дундаж дээр ирсэн нь эрх зүйн зохицуулалтын эерэг үр дагавар юм. Олон нийтийн ойлголт хандлага ч хувь нэмэр орууллаа.

Тойрог дээр 2023 оны зургадугаар сард сонгуулийн хуулийг баталж, 12 дугаар сарын сүүлээр тойргийнхоо хэмжээг УИХ-ын тогтоолоор баталсан. Тэгэхдээ хэт том тойрог үүсгэснээс болоод олон эрсдлүүд үүссэн. Тэрний үр дагавар нь эмэгтэйчүүд тойргоор сонгууль хийж байхад өмнө нь 13 эмэгтэй гарч байсан бол сая найман эмэгтэй тойргоос орж ирлээ. Тойрог томорсноос үүдсэн цагийн болоод зардлын хангалттгүй байдал, засагт юмуу, УИХ-д ажиллаж амжаагүйгээс олон нийтэд танигдаж чадаагүй шинэ залуу эмэгтэй хүмүүсийн хувьд эрсдэл өндөртэй сонгууль боллоо.

Таван намтай болж, УИХ солонгорлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөлөл жагсаалтаар орж ирлээ. Үндэсний цөөнх казах эмэгтэйн төлөөлөл жагсаалтаар мөн орж ирлээ. Гэх мэтчилэн харвал төлөөллүүдийг хангахын тулд иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудаас хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудын үр дүн харагдаж байна.

-Сонгогчдын ирц 69 хувь байлаа. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Энэ удаагийн сонгуулийн ирц сайн байлаа. Насны бүлэгтээ ахмадуудын ирц өндөр ч залуус тоогоороо олон оролцлоо. Олон улсын судалгаанууд дээр ард иргэдийн эрх ашиг, улс төрийн идэвх нэмэгдсэн үед ирц нэмэгддэг гэж үздэг. Ямар нэгэн байдлаар үнэхээр өөрчилье, эсвэл хадгалъя гэдэг байдлаар улс төрийн шийдвэр амьдралд нь ач холбогдолтой гэж үзсэн учраас. Ардчилсан оронд сонгогчдын ирц 69, 70 хувь гэдэг өндөрт тооцогддог. Энэ удаа манай иргэдийн улс төрийн эрмэлзэл, оролцоо, сонирхол өндөр байлаа. Тийм ч учраас таван намтай сонгуулийн дүн гарч байна.

-Санал хураалт дуусах дөхөхөд буюу 21 цагийн үед сонгогчдын идэвх нэмэгдлээ гээд СЕХ-ны самбар дээр тоолуур шиг л эргэлдэж байсан даа. Зарим хүмүүс үүнийг зориудаар бэлдсэн саналын хуудас уншууллаа гэж хардаж байсан. Энэ боломжтой юу?

-Бүх санал авах хэсэгт намуудын ажиглагчид байгаа. Иргэний нийгэм болоод олон улсын ажиглагчид байсан. Яг тэр үед олон улсын ажиглагчид байсан эсэхийг мэдэхгүй байна. Тийм амархан зориудын саналын хуудас уншуулна гэж бодохгүй байна. Тэгэх боломжтой гэж хэлэхэд эргэлзээтэй юм.

-Гадаадад байгаа монголчууд ерөнхийдөө гуравдагч хүчинд түлхүү санал өгсөн байсан. Үүнийг та судлаачийн хувьд юу гэж харж байна вэ?

-Миний харсан тоогоор ХҮН намд арай өндөр. Дараа нь Ардчилсан намд саналаа өгсөн байсан. ХҮН намынхныг гадаадад байгаа монголчууд руугаа мэдээллээ сайн хүргэжээ гэж харж байна. Нөгөө талаар сошиал медиагаар Монголынхоо талаар судалж байгаа. Тодорхой хэмжээнд дүгнэлт хийгээд парламентад олон намын төлөөлөл бүхий гуравдагч хүчний дуу хоолой байх нь зүйтэй гэж үзсэний улмаас сонгуульд саналаа өгсөн болов уу.

Мөн гадаадад байгаа монголчуудын ирц маш бага байлаа. Бүртгэлийнх нь талаар мэдээлэл аваагүй сонгуулийн өдөр нь шууд Консулын газар очсон хүмүүс ч байсан. Үүнээс цаашид гадаадад байгаа монголчуудынхаа саналыг илүү сайн авахын тулд зохион байгуулалт дээрээ түлхүү анхаарах шаардлага ажиглагдсан.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН өнгөллөө. Сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцээ зарласан. Тэр бүтцээрээ ажиллах уу. Эсвэл бусад нам эвслүүд Засгийн газарт орж, ажиллах болов уу?

-Ойрын хоёр, гурав хоногийн үйл харуулах болов уу. Олон л янзын мэдээлэл байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдана. МАН, АН, бусад намууд дээр ч өргөн хүрээний эвслийн Засгийн газар байгуулагдах болов уу гэсэн хүлээлт ч байна. Нөгөө талаасаа олон нам сонгож байгаа чинь эрх баригчдыг хяна гэсэн үг ш дээ. Бүгдээрээ нэг тогоон дотор ороод нэг нэгнийгээ хянахаа больчих вий гэсэн иргэдийн айдаст ч бий. Ардчилсан намын хувьд иргэд хангалттай хэмжээнд итгэл хүлээлгэлээ. Эвслийн Засгийн газар байгуулан сөрөг хүчнүүд маань нэлээд хүчтэй сөрөг хүчин болох давуу эрхүүд бий.

-Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс гарсан гишүүдэд зарим иргэд шүүмжлэлтэй хандсан байсан. Эдгээр дүүргүүдийн иргэд сайхан амьдраад байгаа юм байх даа гэдэг ч юм уу?

-МАН давамгайлсан, сөрөг хүчний төлөөллийг бага буюу нэг, нэг хүн сонгосон харагдсан. Сонгино, Баянзүрх, Хан-Уул дүүрэг зэрэг хотын тойргуудыг сонгогчийн өнцгөөс харахад маш тэгш бус байдалтай байна. Мажоратор хэсгийн 78 суудлын нэлээд хэсэг хөдөөд байгаа юм. Баянзүрх дүүргийн 200 гаруй мянган сонгогч таван мандаттай. Хан-Уул дүүрэг гэхэд 170 гаруй мянган сонгогчтой ч гурав байхад баруун бүсэд 10 мандаттай байх жишээний. Сонгох эрх дээр тэгш бус байдлыг сонгуулийн тогтолцоо өөрөө үүсгээд, хэвээрээ үргэлжлээд байгаа юм. Монгол Улсын иргэдийн хувьд сонгох, сонгогдох эрх нь эн тэнцүү байх ёстой. Энэ удаад бүсчилнэ гээд дэлхий дээр байхгүй л том, том бүсүүд үүсгэсэн. Баруун бүсийн тойрог Германы нутаг дэвсгэрээс том гэж буй юм. 18-хан хоногт сонгуулийн сурталчилгаа хийх энэ нөхцөл байдал нь сонгогчдод маш ойлгомжгүй, хэтэрхий олон мандаттай хүмүүсээ танихад хэцүү, сонгогчийнхоо эрхийн үүднээс харсан ч тэгш бус л байгаа юм. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын ажиглалтын тайланд энэ талаар дурдсан байдаг. Улс төрийн намууд болон нэр дэвшигчид сонгуульд яаж оролцож, ямар тактик баримтлах вэ гэдэг үндсэн дүрэм нь хуульд тусгагдсан байдаг. Энэ хүрээндээ явж байгаа. Энэ нь эхнээсээ тэгш бус байдлыг үүсгэчихжээ. Хугацааны хувьд хэт богино хэвээрээ. Тойргоо улам томруулахад хугацаа нь дагаж өсөх ёстой ч тийм биш. Мажоратор нь иргэдийн юу хүсч байгааг мэдрээд, уулзаад ирээ гэж нэр дэвшигчдээ явуулж байгаа. Сонгогчид ч хүнээ таниад, хүнийг нь сонгоосой гэсэн утгатай сонгуулийн тогтолцоо. Гэтэл тэгэхгүйгээр намын нүдээр харж буй юм. Зургаан мандаттай тойрог дээр гурав, дөрвийг нь сонгочихсон ч нэг намд давамгай өгөхгүй гэж буй иргэдийн хувьд олны танил хүмүүсийг сонгосон байгаа юм. Энэ мэтчилэн олны танил хүмүүст давамгай байдлыг үүсгэх хандлага ажиглагдсан. Тогтолцоо нь шахсан ч гэсэн ухамсартайгаар иргэд олон намын төлөөллүүдийг УИХ-д гаргалаа гэж харж байна.

-Энэ удаагийн Их хуралд гарч ирсэн шинэ дүрүүдийг юу гэж харж байна вэ?

-Маш сонирхолтой бүрэлдэхүүн бүрдлээ.Энэ удаа өмнөхөөсөө арай өөр байна байх. Олон нийтийн дуу хоолой болохуйц хүмүүс байна. Шинэ залуу болон туршлагатай хүмүүс ч орж ирлээ. Эмэгтэйчүүд маань нам дамжсан бүлэг байгуулах замаар нийгмийн олон орхигдсон асуудлууд дээр хүчтэй дуугарах болов уу гэсэн хүлээлт байна. Олон намын хамтын ажиллагаагаар хууль тогтоомжоо яс бариасай. Ганцаараа дээрээс нь үг хэлэх төдийгөөр ажил явахгүй учир бүлэг үүсгэн хамтарч ажиллаасай гэж хүсч байна.

Л.МИНЖМАА

.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 1, Сумщъя а гариг . Билгийн тооллын 25, Гоё хүүхэн одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 04:57 цагт мандаж, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
story-news

ТОЙМ: “Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө ихэнх нутгаар халж Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +21…+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй . Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.