Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ хүссэн 30 жилээ эхлүүллээ DNN.mn

УИХ-ын сонгууль өндөрлөж, шинэ УИХ ажилдаа орлоо. Таван субьектын 126 гишүүн энэ УИХ-ыг бүрдүүлж байна. МАН 68, АН 42, ХҮН найм, ИЗНН дөрөв, Үндэсний эвсэл дөрвөн суудалтай болов.Шинэ гишүүдийн 80 орчим хувь нь УИХ-д, тэр байтугай улс төрд шинээр орж ирж байгаа хүмүүс байна. Өөрөөр хэлбэл УИХ ийм хэмжээгээр шинэчлэгдсэн байна.Дээрээс нь нийгмийн сегментүүдийн төлөөлөл чэнэ УИХ-д багтсан.Энэ агуулгаар нь хөөвөл өнгөрсөн жилүүдэд Л.Оюун-Эрдэнийн санаачилж батлуулсан Үндсэн хуулийн өөрчлөлт “ажиллаад” эхэлсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жилийн бүрэн эрхийн гурван жил хагаст нь Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Уг нь тэр бүрэн эрх одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх. Лавсүүлийн 12 жилд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын “насжилт” жил хагасаас хэтрэхээ болиод байснаа У.Хүрэлсүхийн оронд Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнийнх 3.5 жил үргэлжилж бүрэн эрхийг нь дуусгасан юм.

2012 оны сонгуулийн дараа АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар ажиллаж эхлээд хугацааныхаа дунд огцорч Ч.Сайханбилэг тэр бүрэн эрхийг дуусгасан. 2016 оны сонгуульд М.Энхболдын удирдсан МАН ялж, Ерөнхий сайдаараа Ж.Эрдэнэбатыг томилсон. Жил гаруй ажиллаад огцорсон. Оронд нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. Тэрээр уг бүрэн эрхийг дуусгасан. Ингээд 2020 оны сонгуульд намаа удирдаж ороод ялсан. Гэвч 2021 онд цар тахлын үеэр гэнэт огцорч, Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалыг шилжүүлсэн. Үндсэндээ дээр дурдсан хугацаанд нам удирдаж легитим үүсгээд ялсан сонгуулийнхаа бүрэн эрхийн хугацааг хэн ч дуусгаж байгаагүй юм.

Тэр утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч одоо л өөрийнхөө легитимд суурилсан сонгуулийн дүнг үзэж байна. Тэрээр Засгийн газрын насжилтыг “Өмч хувьчлал, байгалийн баялаг, газрын эздийн өмнө Монгол төр хүчгүйдэн сааралтаж, Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан нь энэхүү авлигын системтэй шууд холбоотой.Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм” гэж дүгнэдэг. Олон удаа үүнийг хэлж байв.Үүнийг засах гарц нь буюу шинэ 30 жилийг эхлүүлэх зам нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэсээр байсан. Тэр тухайд “Харахад сонгууль явагдаад байгаа мөртлөө нөгөө л мөнгөтэй, нүүрс, зэсийнхэн, хэдэн тоглогчид байж байдаг. Төлөөллийнхөө хүнийг томилоод л төрийг алсаас удирддаг. Гэхдээ энэ байдлыг 30 жилийн дараа нийгэм ойлгочхоод байна. Одоо засахаас өөр ийм арга байхгүй.УИХ баталж чадвал цаашдаа улстөрчид ЖДҮ, Хөгжлийн банкнаас зээл авдаг нь хязгаарлагдана. Зарим гишүүн “Яагаад бидний эрхийг хязгаарлаад байгаа юм бэ. Бид чинь адилхан л иргэн шүү дээ” гээд байгаа юм.Би “Үгүй ээ, УИХ-ын гишүүн бол иргэний төлөөлөл юм. Иргэдээсээ хамаагүй давуу эрхтэй. Нэг давуу эрх нь ч одоо яриад байгаа халдашгүй байдал мөн. Хамаагүй илүү мэдээлэл авах хэрэгтэй. Тийм учраас хэрэв та Үндсэн хуулийн тэгш байдлыг ярих гэж байгаа юм бол иргэнтэйгээ адилхан болчих. Иргэнээсээ илүү үүрэг хариуцлага хүлээж байж энэ тухай ярих эрх зүй болон ёс зүйн одоо ийм өндөрлөг дээрээ байх боломжтой” гэж байгаа юм.Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад одоо 30 жил болчихлоо. Ер нь 30 жилийг бүхэлд нь дүгнэх ёстой” гэсэн.

Мөн “Биднийг “Та нар л ялаад байдаг” гэдэг. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, ялаад байгаа тогтолцооноосоо одоо болих ёстой гэж байгаа юм. Парламентад байх ёстой төлөөллийг өсгөх ёстой. Аль ч тохиолдолд Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний хувьд “Холимог тогтолцоо зөв” гэж хэлнэ” гэсэн. Өнгөрсөн жил УИХ-аар хэлэлцэх үед “Авлига, албан тушаалын ашиг сонирхлоос ангид байж, УИХ бол зөвхөн иргэдийн төлөөлөх эрхийн мандат юм гэдэг сонгодог агуулга руу орох алхам хийж байгаа нь үнэн. Парламентын гишүүд энэ агуулгыг дэмжиж байгааг талархаж байна. 76 дарга, 76 төсвийн захирагч иргэдийн хувьд бодлогын мэтгэлцээн гэхээс илүүтэй тойрог дээрээ ямар хөрөнгө оруулалт татав, ямар төсөв тусгуулав, тойргоос хэнийг томилж байна гэдэг уралдаанд 30 жил боллоо.  76 даргаас 126 иргэний төлөөлөгч рүү шилжих, эрх мэдлийн задрал, тогтолцооны реформ гэж ойлгож байна”, бас “ Зоригтой шийдэл гарган, эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гаргах гэж буй гишүүддээ баярлаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байх нь сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар зөвшилцлийн ардчилал руу орно” гэсээр байв. Ингэсээр Үндсэн хуулийг өөрчилж, Монгол Улс сонгуулийн шинэ тогтолцоотой, 126 гишүүнтэй УИХ-тай болсон.

Харин энэ 126-г бүрдүүлэхдээ МАН-ын дарга өөрөө жагсаалтаа “чөлөөлж” тойрогт өрсөлдсөн. Мөн нэг ч сайд, гишүүн оруулаагүй. Үүнийгээ бараг жилийн өмнө зарласан. Тэгээд хийсэн. Ингэж жагсаалтаа дан нийгмийн сегментүүдээс бүрдүүлсэн нь УИХ-ыг ингэж шинэчлэгдэх том түлхэц болсон.

Өнөөдөр ингэж явагдсан сонгуулийн үр дүнгээр УИХ-ын бүтцийг томилж сонгоод явж байна. УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонголоо. “Ерөнхийлөгчөөс Ж.Энхбаяр, Ерөнхий сайдаас Д.Амарбаясгалангийн нэр гарч ирж өрсөлдөөд Д.Амарбаясгалан УИХ-ын дарга боллоо” гэсэн яриа анхдугаараа чуулганы дараа Төрийн ордноор яригдсан. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас нь салгалгүй байлгаж байгаад хууль тогтоох байгууллагын удирдлага руу гаргалаа гэсэн тайлбар явж байна. Улс төрийн хүрээнийхэн үүний учрыг маш сайн ойлгоно.

Одоо Засгийн газрын асуудал яригдаж байна. Тэр тусмаа хамтарсан Засгийн газар байгуулах талаар намууд санал солилцоод эхэллээ. Энэ долоо хоногтоо багтаж шийдэлд хүрэх мэдээлэл байна. МАН нэр, тоо бүхий том төслүүд, авлигын эсрэг асуудал, баялгийн сангийн хуулийн хэрэгжилт дээр нэгдмэл байхыг хүссэн байна. Хэрэв үгүй бол дангаараа Засгийн газраа байгуулна гэжээ.Хамтарсан Засгийн газрын сурагтай зэрэгцээд Шинэ Зеланд маягийн парламент гэдэг үг их дуулдаж байна. Тэр учиртай аж. Тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим буюу хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимаас бүрддэг. Нутаг дэвсгэр нь 16 муж, сонгуулийн 72 тойрогт хуваагддаг. Парламент нь гурван жилийн хугацаагаар холимог тогтолцоогоор сонгогддог. Нийт 120 гишүүнтэй. Парламентын ээлжит сонгууль 2023 оны аравдугаар сарын 14-нд болж, сонгуулийн дүнд Үндэсний нам, Анхдагч нам, Акт Шинэ Зеланд намаас бүрдсэн эвслийн Засгийн газар эмхлэн байгуулагдсан. Сонгуульд 48 суудал авч ялалт байгуулсан бизнесмэн КристоферЛаксоноор удирдуулсан Үндэсний нам нь Акт Шинэ Зеланд нам болон Шинэ Зеланд Анхдагч намтай хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээг сонгуулийн дүн гарснаас хойш сар хагас гаруй хугацаанд хийсэн. Үүний үр дүнд Засгийн газрын танхимын 20 сайдын 14-ийг нь Үндэсний нам, харин Акт Шинэ Зеланд нам, Шинэ Зеланд Анхдагч нам тус бүр гурван сайдын албан тушаалыг авахаар тохиролцсон. Түүнчлэн танхимын бус найман сайдын таван суудлыг Үндэсний нам, Акт Шинэ Зеланд нам хоёр, Шинэ Зеланд Анхдагч нам нэг сайдын албан тушаалыг авч, Акт Шинэ Зеланд нам, Шинэ Зеланд Анхдагч нам тус бүр нэг Парламентын нарийн бичгийн дэд даргатайбайхаар тохиролцжээ. Энэ талаар шинжээчид “Олон намын эвслийн Засгийн газар байгуулснаар илүү тогтвортой Засгийн газар бүрдэж, шийдвэр гаргалтын хувьд илүү олон талын оролцоотой, олон нийтийн санал бодлыг өргөн хүрээнд тусгах боломжийг олгож байна” хэмээн үздэг. Ер нь л олон намын бодлого, мөрийн хөтөлбөрийг уялдуулснаар илүү оновчтой бодлого гаргах, үйл ажиллагаа явуулах боломжтой аж. Хамгийн гол нь Шинэ Зеланд улс нь Монгол Улстай геополитикийн зэрэг асуудлаараа ихээхэн төстэй. Үүнийг зовлон нэгтэй гээд хэлчихэд болно. Энэ талаар ч Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө хэвлэлд ярихдаа бараг хэлчихсэн үг нь байна. “Ингээд 50:50 болчихоор 50 хувь нь тойрогждог, 50 хувь нь үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай. Нэг нам дангаараа одоо үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихдог. Парламентад МАН, АН-аас гадна 4-5 одоо намтай болно гэсэн үг. Тэгэхээр үүнийг “Нэг хаалгаар хөөгөөд гаргачихсан чинь тооноор ороод ирлээ” гэж харж болохгүй. Бид явж ирсэн 30 жилдээ одоо л зөв дүгнэлт хийх ёстой. Дахиад хэлэхэд энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг” гэж байжээ. Түүгээр нь л болж байна.

Энэ бүхнийг Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хэдэн жил ярьсантай дүйцүүлсэн нь учиртай. Түүний хүссэн шинэ 30 жил эхэллээ. Тэр нь биеллээ олжээ. Гэхдээ маш ойрын үед хэд хэдэн том даваа давах хэрэгтэй. Ийм олон, дотроо ч олон салангид улс төрийн хүчнүүдтэй хэрхэн зөвшилцөх вэ гэдэг хэцүү. Гэхдээ галт тэрэг хөдөлсөн. Хэрхэхийг нь харах үлдсэн. Нөгөө талаас нь харвал үүгээр шинэ 30 жил яахын аргагүй эхэлж байна. Хамгийн гол нь ингэж байгуулсан шинэ үе бүтээлч байх уу, зүгээр л шоудаад дуусах уу гэдэг байгаа юм. Гэвч аль нь болохыг ганцхан жилийн дараа л дүгнэчих боломжтой. За даа, эд нар бүтэхгүй юм байна, эсвэл Шинэ үе зөв байна гэсэн дүгнэлт гарчихна.

Эцэст нь хэлэхэд энэ сонгуулийн дараах үе 30 гаруй жилийн өмнөхтэй яг ижил байна. Тэр үеийн улстөрчид, нийгмийн сэхээтнүүд, иргэд гээд олон хүний дурсамжид байдаг даа. Олон дурсамжид “1990 оны үүр хаяарах мэдрэмж…” гэсэн нь бий. Энэ бол “Тэд, шинэ үе хааш нь хөтлөх вэ” л гэсэн үг.

Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ нийгэм

Хүмүүнлэгийн тусламж түгээх ажил үргэлжилж байна DNN.mn

НҮБ-ын Хүн амын сангаас хүмүүнлэгийн тусламж шаардлагатай, онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нэн хэрэгцээт хэрэгцээг хангахад тусалж, эрүүл ахуй-ариун цэврийн багцыг олгодог.

Энэ хүрээнд өвөлжилт, хаваржилтын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зудад өртсөн малчин эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх тус багцыг түгээх ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа юм.Сүхбаатар аймагт ажиллаж байгаа ажлын хэсэг тус аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран сумдын нийт 96 иргэнд хүмүүнлэгийн тусламжийг олгоод байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

ХЭҮК: Он гарснаас хойш хурдан мориноос 7 хүүхэд унаж нас барсан DNN.mn

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө. 

Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр холбогдох албан байгууллагууд, эцэг эх, уяач нарт шаардлага хүргүүлсэн. Хурдан морины уралдаан нь үндэсний өв соёл боловч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгалаалах нь зүй ёсных. Унаач хүүхдүүдийн хамгаалах хувцас хэрэгсэл, даатгалд хамруулж байгаа эсэхэд холбогдох байгууллага хяналт тавьж байгаа. ХЭҮК 21 аймгийн Засаг дарга нарт Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд 11 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Унаач хүүхдэд тавигдах стандартын шаардлагыг тусгасан.

Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр он гарснаас хойш хурдан мориноос унаж амиа алдсан 7 хүүхэд байна. Тэрний 4 нь хурдан морины үсэргээ зохион байгуулснаас үүдэлтэйгээр, 3 нь бусад шалтгааны улмаас мориноос унаж амиа алдсан. Өмнөговь аймагт 2, Төв аймагт 2, Увс аймагт 1, Өвөрхангай аймагт 1, Хэнтий аймагт 1 хүүхэд нас баржээ.

Хамгийн сүүлийн тохиолдол нь Хэнтий аймгийн Дархан суманд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулах явцад хүүхэд мориноос унаж нас барсан. Ахуйн хүрээнд буюу Төв аймагт жуулчдын хөтөчөөр ажиллаж байсан хүүхэд мориноос унаж усанд живж нас барсан.

Хүний амь нас эрсдсэнтэй холбоотой уг хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Гэхдээ хүүхэд ямар нэгэн байдлаар амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохироод байгааг таслан зогсоох ёстой. Хурдан морины уралдааны бэлтгэл ажилд оролцож байгаа бүхий л үйл явцад хүүхдийг бүрэн хамгаалах хувцсаар хангах ёстой.

Categories
мэдээ нийгэм

Л.Ганбат: ЭЕШ-ийн дүн мэдээллийг E-Mongolia болон ТҮЦ машинд байршуулна DNN.mn

 Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар өнөөдөр 10:00 цагт Түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн. Нийт 10 хичээлээр шалгалт өгнө.  Хамгийн багадаа 2 хичээлээр шалгалт өгөх юм.  Шалгалтыг улсын хэмжээнд нийт 46 байршилд авч байна. 2019 оноос эхлэн шалгалтын дараа дүнг шалгуулагдагчдад шууд танилцуулдаг болсон.  Нэгдсэн жагсаалтыг тус өдрийн орой 00:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн сайтад байршуулна. Элсэлтийн ерөнхий шалгалт 4 өдөр үргэлжлэнэ. Шалгуулагчид тухайн өдөртөө багтан дүнгээ харах боломжтой. Шалгалтын дараа дүн мэдээллийг E-Mongolia болон ТҮЦ машинд байрлуулах тул лавлагаа авч болно” гэлээ.

Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлсэн байна.

– 14,812 нь Улаанбаатар хотынх

– 17,541 нь орон нутгийн

– 3,586 нь өмнөх оны шалгуулагчид юм.

Шалгалтын дүнтэй холбоотой гомдол саналыг ЭЕШ дууссаны дараа БҮТ хүлээн авахыг мэдээллээ.

Э.Бадамгарав

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэгш ойтой 102 сумын наадмын хуваарь DNN.mn

Энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн тэгш ой тохиож байна. Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр гэсэн дөрвөн аймгаас бусад аймгуудад сумын 100 жилийн ой тохиож байгаа аж.

Сумдын наадмын хуваарийг  нэгтгэн хүргэж байна.

Завхан аймаг:

  • Баянтэс: 7-р сарын 19-20
  • Баянхайрхан: 7-р сарын 20-21
  • Сонгино: 7-р сарын 21-22
  • Дөрвөлжин: 7-р сарын 20-21
  • Ургамал: 7-р сарын 19-20
  • Отгон: 7-р сарын 18-19
  • Цагаанхайрхан: 7-р сарын 19-20
  • Шилүүстэй: 7-р сарын 17-18
  • Яруу: 7-р сарын 26-27

Архангай аймаг:

  • Батцэнгэл7-р сарын 20-21
  • Хайрхан: 7-р сарын 19-21
  • Чулуут: 7-р сарын 15-17
  • Өлзийт: 7-р сарын 17-18
  • Жаргалант: 7-р сарын 17- 19

Сүхбаатар аймаг:

  • Уулбаян: 7-р сарын 27-28
  • Эрдэнэцагаан: 7-р сарын 27-28
  • Сүхбаатар: 7-р сарын 27-28

Баянхонгор аймаг:

  • Баацагаан: 7-р сарын 17-19
  • Баянбулаг: 7-р сарын 17-19
  • Бууцагаан: 7-р сарын 18-20
  • Гурванбулаг: 7-р сарын 18- 20
  • Заг сум: 7-р сарын 18-20
  • Өлзийт: 7-р сарын 19-21
  • Жинст: 7-р сарын 19-21

Ховд аймаг:

  • Алтай: 8-р сарын 18-20
  • Дарви: 7-р сарын 22-24
  • Мянгад: 8-р сарын 19-20
  • Зэрэг: 8-р сарын 22-24
  • Цэцэг: 8-р сарын 7-9 Өвөрхангай аймаг:
  • Богд: 7-р сарын 26-27
  • Баян-Өндөр: 7-р сарын 27-28
  • Бат-Өлзий: 7-р сарын 26-27
  • Баянгол: 7-р сарын 25-26
  • Баруунбаян Улаан: 7-р сарын 26-27
  • Тарагт: 7-р сарын 26-27
  • Гучин-Ус: 7-р сарын 26-26
  • Төгрөг: 7-р сарын 25-26
  • Хужирт: 7-р сарын 25-26

Хэнтий аймаг:

  • Норовлин: 7-р сарын 17-19

Хөвсгөл аймаг:

  • Шинэ-Идэр: 7-р сарын 17-19
  • Галт: 7-р сарын 17-19
  • Тосонцэнгэл: 7-р сарын 16-18 Дундговь аймаг:
  • Эрдэнэдалай: 7-р сарын 19-20,
  • Дэлгэрцогт: 7-р сарын 20-21,
  • Хулд: 7-р сарын 22-23,
  • Дэлгэрхангай: 7-р сарын 24-25,
  • Сайхан-Овоо: 7 дугаар 26-27

Дорнод аймаг: • Булган: 7-р сарын 19-20

  • Баян-Уул: 7-р сарын 20-21
  • Халхгол: 7-р сарын 21-22
  • Матад: 7-р сарын 22-23

Дорноговь аймаг:

  • Алтанширээ: 7-р сарын 17-18
  • Айраг: 7-р сарын 19-21
  • Даланжаргалан: 7-р сарын 5-7
  • Дэлгэрэх: 7-р сарын 15-16
  • Иххэт: 7-р сарын 7-8
  • Сайхандулаан: 7-р сарын 9-11
  • Хөвсгөл: 7-р сарын 15-16
  • Мандах: 7-р сарын 18-20
  • Хатанбулаг: 7-р сарын 19-21
  • Өргөн: 7-р сарын 24-26
  • Эрдэнэ: 7-р сарын 24-26

Увс аймгийн аймаг:

  • Бөхмөрөн: 8-р сарын 14-15
  • Өндөрхангай: 7-р сарын 17-18
  • Тэс: 8-р сарын 8-9
  • Зүүн Хангай: 7-р сарын 21-22
  • Өмнөговь: 7-р сарын 27-28
  • Ховд: 8-р сарын 20-21

Булган аймаг:

  • Бугат: 7-р сарын 17-19
  • Дашинчилэн: 8-р сарын 01-203
  • Сайхан: 7-р сарын 20-22
  • Хангал: 7-р сарын 20-22
  • Хутаг-Өндөр: 7-р сарын 17-19
  • Рашаант: 8-р сарын 02-04

Говь Алтай аймаг:

  • Алтай: 7-р сарын 21-22
  • Баян-Уул: 7-р сарын 21-22
  • Бигэр: 7-р сарын 25-26
  • Бугат: 7-р сарын 21-22
  • Дарви: 7-р сарын 21-22
  • Дэлгэр: 7-р сарын 25-26
  • Жаргалан: 7-р сарын 21-22
  • Тайшир: 7-р сарын 21-22
  • Тонхил: 7-р сарын 21-22
  • Төгрөг: 7-р сарын 21-22
  • Хөхморьт: 7-р сарын 21-22
  • Цогт : 7-р сарын 25-26
  • Цээл: 7-р сарын 21-22
  • Чандмань: 7-р сарын 25-26
  • Шарга: 7-р сарын 21-22
  • Эрдэнэ сумын: 7-р сарын 25-26

Төв аймаг:

  • Батсүмбэр: 7-р сарын 09-12
  • Баян: 7-р сарын 18-20
  • Баян Цагаан: 7-р сарын 22-24
  • Бүрэн: 7-р сарын 17-19
  • Лүн: 7-р сарын 12-14
  • Өндөр ширээт: 7-р сарын 17-19
  • Сэргэлэн: 7-р сарын 17-19
  • Угтаал цайдам: 7-р сарын 13-15
  • Эрдэнэ: 7-р сарын 10-12 Сэлэнгэ аймаг:
  • Алтанбулаг: 7-р сарын 04-05
  • Баянгол: 7-р сарын 05-06
  • Баруунбүрэн: 7-р сарын 25-27
  • Зүүнбүрэн: 7-р сарын 27-28
  • Цагааннуур: 7-р сарын 17-19
  • Хушаат: 7-р сарын 06-07
  • Хүдэр: 7-р сарын 10-11
  • Сайхан: 7-р сарын 26-27
  • Сант: 7-р сарын 08-09
  • Орхон: 7-р сарын 07-08
  • Орхонтуул: 7-р сарын 10-11
  • Мандал: 7-р сарын 19-21
  • Шаамар: 7-р сарын 17-19
  • Жавхлант: 7-р сарын 19-21
  • Цагаан нуур: 7-р сарын 17-19
  • Eрөө: 7-р сарын 15-18 •

Түшиг: 7-р сарын 13-15

Categories
мэдээ нийгэм

Амралт, аялал зугаалгын үеэр гол, усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2024 оны эхний хагас жилийн байдлаар голын салаанд боогдсон, автомашинтай усанд суусан, гол, тогтоол усанд живсэн нийт 48 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 416 том хүн, 68 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоор 2 хүүхэд, 3 том хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Мөн Аврах ангийн алба хаагчид голын уснаас 7 том хүний цогцсыг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллав.

Амралт, аяллын үед гол, усны ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байдаг.

Иймд аялал, зугаалгаар зорчихдоо хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарч, зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх, гэнэтийн аадар борооны үед болзошгүй үерийн аюул, ослоос сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Судлаач Б.Эрдэнэбулган: Гурван хувийн босгоо хадгалсан бол дахиад ч нам эвслийн төлөөлөл энэ парламентад орж ирэх боломж байсан DNN.mn

Улс төр судлаач Б.Эрдэнэбулгантай олны анхаарлыг татсан сэдэв болох хамтарсан Засгийн газар байгуулагдах асуудлаар ярилцлаа.


-126 гишүүнтэй парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Энэхүү парламентын хувьд олон намын төлөөлөл орж ирсэн. Энэ утгаараа төлөөлөл хангагдсан парламент болж чадсан гэж судлаач хүнийхээ хувьд харж байгаа юу?

-76-г 126 болгосон гол зорилго бол аль болох олон намын төлөөлөл, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах, парламентаа илүү төгөлдөржүүлэх чиглэлдээ хийгдсэн. Судлаач хүний хувьд харахад олонхтой, сөрөг хүчинтэй, өнгө нэмэх нам, эвслүүдийн төлөөлөлтэй парламент болж чадлаа гэж харж байна. Иргэдийн хувьд энэ удаагийн сонгуулиар маш торгон мэдрэмжтэй санал өглөө гэж ойлгож байгаа. Ямартай ч өөрчлөлт оруулсан тогтолцооныхоо үр ашгийг бид харлаа. Иргэдийн ашиг сонирхлыг төлөөлөх боломж, нөхцөл бүрэн дүүрэн хангагдсан болов уу. Гэтэл Засгийн газар байгуулах асуудал дээр арай өөр дүр зураг харагдахаар яриа хөөрөө явагдаж байгааг судлаач хүнийхээ хувьд анзаарч байна л даа.

-Засгийн газар байгуулагдах асуудлаар танаас асууна. Үүнээс өмнө тойрогт АН, МАН илүүрхсэн. Гэхдээ жагсаалтаар энэ хоёр намаас гадна бусад улс төрийн хүчнээс парламентад орж ирлээ. Энэ утгаараа иргэдийн хувьд улс төрийн намд итгэх итгэл харьцангуй сайн байсан гэж ойлгож болох уу?

-Суудал авсан улс төрийн намууд сонгуулийн үеэр кампанит ажлуудыг маш сайн явуулж чадлаа. Тэр дундаа энэ парламентад дөрөв, дөрвөн суудал авсан Үндэсний эвсэл, ИЗНН. ХҮН намын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тодорхой асуудлуудыг хөндөж, ялгарч чадсан. Тэдний хувьд 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөр дээрээ хамгийн сайн татаж чадсан гэж ойлгодог. Үүгээрээ маш сайн улс төрийг хийсэн. Энэ кампанит ажил нь энэ удаагийн сонгуульд ХҮН намд асар том боломжийг бий болгож чадсан. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр иргэдийн улс төрийн намд итгэх итгэл сайн байлаа гэхээс илүү эдгээр намууд маань хувь хувьдаа кампанит ажлуудыг маш сайн хийлээ л гэж харж байгаа.

-Сонгуульд өрсөлдсөн бусад намуудын хувьд парламентад суудал авч чадаагүй ч зарим нь улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авах боломжтой боллоо. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сонгуульд өрсөлдсөн нам нэг хувийн босго давсан бол санхүүжилт авах эрхтэй гэж заасан байгаа. Үүгээрээ л зохицуулагдаж байна. Дараагийн сонгууль хүртэлх дөрвөн жилийн хугацаанд эдгээр намууд санхүүгийн хувьд чадамжтайгаар улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжтой болгосон нь сайн. Санхүүжилтээс гадна нэг харамсалтай асуудлыг ярихгүй байна. Сонгуулийн тухай хуулийг анх хэлэлцэж байхад жагсаалтаар орж ирэх босго гурван хувь байсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад үүнийг дөрвөн хувь босгож өсгөсөн. Угтаа гурван хувийн босготой байсан бол энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс харахад энэ парламентад дахиад ч нам, эвслүүдийн төлөөлөл орж ирэх боломжтой байсан. Үүнийгээ улс төрийн намууд тухайн үед нь анхаарч хараагүй. Өөрөөр хэлбэл, босго бага байх ёстой шүү гэдгээ анхнаасаа анхаарч хэлж явах ёстой байсан. Ер нь саяны сонгуулиар улс төрийн намуудад орон зай хангалттай байгаа гэдгээ харлаа шүү дээ.

-Энэ бүрэлдсэн парламентыг насны хувьд харахад өмнөх парламентаас хамаагүй залуужсан байна. Ер нь хууль тогтоогчдын нас залуужих нь ямар ач холбогдолтой бол?

-Улс төрд насны хувьд биш орж ирж байгаа үе гэж байдаг. Нас бол тийм ч чухал биш. Улс төрийн үе гэдэг чухал. Судлаач хүний хувьд нэг зүйлийг анзаардаг. 2008-2016 он хүртэл найман жилийн хугацаан дахь парламентад МАН, АН-аас тогтмол суудал авдаг улстөрчид байлаа. Гарч ирсэн хүмүүс нь дараагийн сонгуулиар дахиад л гараад ирдэг. Энэ үе 2016 онд байхгүй болсон. Одоо тэрхүү хуучны төлөөллөөс гэвэл Н.Алтанхуяг байна уу. Маш цөөхөн байгаа. Ардын намын хувьд сөрөг хүчин байхдаа 26 гишүүнтэй байсан. Тэр 26 хүн л дараа дараагийн сонгуульд байнга гарч ирдэг. Тухайн үед өнөөгийн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын хүмүүс залуу гишүүд байсан. Харин одоо туршлагатай хэд хэдэн удаа сонгогдсон улстөрчид ороод явж байх жишээтэй. Энэ сонгуулиар мэдээж залуу хүмүүс олон орж ирсэн. Бас л тухайн үеийн залуу гишүүдтэй адилхан нэг үе шинээр орж ирж байна гэсэн. Хэрэв эдгээр хүмүүс зөв бодлого бариад зөв ажиллаж чадвал 3-4 удаагийн сонгуулиар парламентын зонхилох нүүр царай болоод явах боломжтой. Тэр цагт өнөөгийн залуу гишүүд маань олон сонгогдсон туршлагатай улстөрч гээд явна. Тэгэхээр парламентад нас тийм ч чухал зүйл биш. Үе үеэрээ солигддог институци гэж хэлж болох юм.

-Улс төр, нийгмийн хүрээнд анхаарал татаж байгаа асуудал гэвэл шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн. Энэхүү бүрэлдэхүүн нэг намын бүтцээр байгуулагдах уу, эсвэл улс төрийн бусад хүчин эвсэж орсон бүрэлдэхүүнтэй байх уу гэдэг нь улс төрийн түвшинд яригдаж байна. Судлаач хүний хувьд нам, эвслүүд энэхүү Засагт хамтарснаараа ямар нөхцөлийг бий болгоно гэж харж байгаа вэ?

-Засгийн газрыг тойрсон гурван том асуудал бий. Эхнийх нь Ерөнхий сайд. Өөрөөр хэлбэл, танхимыг хэн толгойлох вэ гэдэг асуудал. Сүүлийн үеийн болж байгаа томилгооноос харахад Ерөнхий сайд нь гарцаа байхгүй Л.Оюун-Эрдэнэ болох нь тодорхой байна. Энэ хүн нам дотроо өөртэй нь өрсөлдөх хэмжээний лидер болох Д.Амарбаясгаланг УИХ-ын даргад томилуулчихлаа. Я.Содбаатарыг намын генсек болгочихлоо. Хуучин УИХ-ын дарга ЕТГ-ын дарга боллоо. Ж.Энхбаярыг МАН-ын бүлгийн дарга болгочихлоо. Үүнээс юу харагдаж байна гэхээр өөртэй нь өрсөлдөж болохуйц лидерүүдийг тодорхой хөдлөхөөргүй байршлуудад суулгачихаж байгаа юм.

-Тэгэхээр эхлээд Ерөнхий сайдын суудал дээрээ өөрөө баттай болъё гэдэг байдлаар улс төрийн нүүдлээ хийсэн гэсэн үг үү?

-Олон нийтийн хувьд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албандаа улирна гэдэг нь тодорхой байсан л даа. Гэхдээ улс төр гэдэг бол үргэлж эрх мэдлийн төлөө явдаг. Тэр утгаараа улс төрийн хувьд энэ суудлаа бэхжүүлэх шаардлага Л.Оюун-Эрдэнэд үүссэн. Тэр ажлаа сайн хийлээ. Бүтцийн хувьд өнгөрсөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас энэ удаагийнх тийм ч өөр байхгүй болов уу. Ганц нэг л өөрчлөлт орж ирнэ байх. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд нь өөрчлөгдөхгүй учраас 20 гаруй сайдтай л байх болов уу.

-Яагаад Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах гээд яваад байна вэ. Үүнийг та судлаач хүнийхээ хувьд тодорхой хэлэхгүй юу?

-Мөн яагаад Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа АН, ХҮН намыг оруулах гээд байна вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Энэ утгаараа яагаад ийм засаг байгуулах гээд байгаа шалтгааныг нь иргэд хэрсүү хараасай гэж бодож байна. Миний харж байгаагаар нэгдүгээрт, эвслийн Засгийн газар байгуулах асуудал зөвхөн МАН-ын удирдах зөвлөл дээр л яригдаж байна. Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийн уриад байгаа, гуйгаад байгаа АН-ын шийдвэр гаргах түвшинд энэ асуудал огт яригдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хамтарсан засагт орох асуудал АН дээр огт шийдэгдэхгүй байна гэсэн үг. Үүнээс зарчмын хувьд юу харагдаж байна вэ гэхээр АН, ХҮН намын хувьд МАН-тай эвсэж Засгийн газар байгуулах гэхээс илүү Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн байгуулсан Засгийн газартаа эдгээр намын удирдлагуудыг элсүүлж оруулах ажлыг хийгээд байна гэсэн үг. Энэ утгаараа эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байна гэж ярих нь нэр томьёоны хувьд буруу, тохирохгүй байгаа юм. Эвслийн Засгийн газар хэзээ байгуулагддаг гэхээр УИХ-д олонх бүрдээгүй тохиолдолд энэ асуудал яригддаг. 2012 онд эвслийн Засгийн газар байгуулагдаж байсан. Тухайн үед Ардчилсан нам олуулаа байснаас биш олонх болж чадаагүй. Тиймээс л эвслийн Засгийн газар буюу хамтарсан Засгийн газар байгуулж ажилласан. Харин одоо МАН-ын хувьд олонх. Дангаараа Засгийн газар байгуулах боломж хангалттай байна. Хуулийн хувьд ч улс төрийн хувьд ч эвслийн Засгийн газар байгуулагдах нөхцөл огт үүсээгүй.

-Тэгэхээр нэг үгээр хэлбэл, байгуулчихсан Засгийн газартаа АН, ХҮН намын удирдлагыг урьж байгаагаас биш эвсэж, хамтраад Засгийн газраа байгуулъя гэдэг зүйлийг МАН-аас огт дэвшүүлээгүй гэсэн үг үү?

-Яг тийм. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн энэ хоёр намын тодорхой удирдлагуудыг өөрийнхөө Засгийн газарт зүгээр л элсүүлж оруулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Л.Гантөмөр, Т.Доржханд хоёрыг ажилд авч байна гэж ойлгогдох улс төрийн бодлого явагдсан байна.

-Яагаад өөрийнхөө намын хүмүүсийг бус өөр намын удирдлагуудыг сайд болгох гээд байгаа юм бэ. Улс төрийн цаад шалтгаан нь юу бол?

-Хамгийн том шалтгаан бол Л.Оюун-Эрдэнэ энэ УИХ дахь 68 дотроо өөрөө олонх биш байна гэсэн үг. Иргэдийн хувьд гадна талаас нь МАН-ын 68 гишүүн буюу олонх гэж хараад байгаа. Гэтэл энэ 68 дотроо Л.Оюун-Эрдэнийн талын хүмүүсээс гадна Ерөнхийлөгч, УИХ-ын даргын фракцын хүмүүс олон бий.

-Тэр утгаараа Ерөнхий сайдад айдас байна гэсэн үг үү?

-Ойлгомжтой шүү дээ. Одоохондоо биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт эдгээр 68 гишүүнээс түүнийг дэмжихгүй байх хүмүүс гарч ирнэ гэсэн айдас өөрт нь асар их байгаа. Улс төрийн хувьд ч ийм эрсдэл бий. Нөгөөтэйгүүр 2016 онд МАН-ын бүлэг 32, 33-аараа хоёр хуваагдсан. Үүн шиг хоёр биш гурав хуваагдах магадлал энэ 68-д өндөр байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газраа тогтвортой байлгахын тулд өөрөөс нь хэзээ нэгэн цагт салж байгаа кнопоо өөр намаас нөхөж авах хэрэгцээ энэ цаг үед бий болсон. Энэ бол МАН-ын дотоод хүчин зүйл. Харин гадаад хүчин зүйл юу байна гэхээр сүүлийн найман жил МАН дангаараа Засаг барьсан. Хэрэв гурав дахь удаагаа дангаараа Засаглаад явбал бодлогын хувьд ямар ч өөрчлөлт гарахгүй. Бодлогын хувьд өөрчлөлт гарахгүй болохоор олон нийт дургүйцэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нэг нам дангаараа 12 жил засаглачихаар гарцаа байхгүй 2028 онд МАН байр сууриа тавьж өгөхөөс өөр аргагүй байдалд орно. Олонх болох боломж багасна гэсэн үг. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн хувьд нэг талдаа Засгийн газраа тогтвортой байлгахын тулд АН, ХҮН намын удирдлагуудыг танхимдаа элсүүлж байгаа бол нөгөө талдаа 2028 оны сонгуулийн нөхцөл байдлаа намын даргын хувьд харчихсан байна.

-Өөр хамтрах ямар улс төрийн эрх ашиг байна гэж та харж байна вэ?

-Улс төрийн эрх ашиг талаасаа энэ гурван намд бүгдэд нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах сонирхол, нөхцөл байдал бий болсон. ХҮН намын хувьд сонгуульд ялсныхаа дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Сонгуулийн тогтолцоог 100 хувь пропорционал болгоно гэж мэдэгдсэн. Энэ чиглэлдээ Үндсэн хуулийг өөрчлөх зорилго ХҮН намд байна. Тэгвэл АН-ын хувьд Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог болъё гэж байгаа. Тэр утгаараа мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах сонирхол байна.

-Харин МАН-ын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар сонирхол, эрх ашиг байгаа юм бэ?

-Сая батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Энэ хууль өөрөө сууриараа Үндсэн хууль зөрччихсөн. Өөрөөр хэлбэл МАН, Үндсэн хууль зөрчиж хууль гаргасан гэсэн үг. Энэ алдаагаа тэд засахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах сонирхолтой байгаа юм. Мөн МАН-ын хувьд орон нутгийн тогтолцоо болон шүүхийн асуудлыг Үндсэн хуулиараа өөрчлөх гээд чадаагүй. Тэгвэл эдгээр өөрчлөлтүүдээ энэ парламентын үед хийх сонирхол их байгаа. Энэ утгаараа гурван нам нэгдсэнээрээ Үндсэн хуулийг өөрчлөх олонхыг бүрдүүлж чадна гэж Л.Оюун-Эрдэнэ үзээд засагтаа АН, ХҮН-ыг оруулах гээд байгаа нь улс төрийн үйл явдлаас харагдаж байна.

-Тэгвэл эсрэгээрээ АН, ХҮН намын удирдлагууд Засгийн газарт орох шаардлага юу байгаа юм бэ. Ирсэн саналыг нь эрс татгалзаад явах боломж бий шүү дээ…?

-АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд 2028 оны сонгуулиар ялалт байгуулахын тулд дан ганц УИХ-ын гишүүний албан тушаал улс төрийн бодлого явуулахад хангалтгүй. Саяны сонгуулиар анзаарсан бол МАН-ын хувьд бүх дэд сайд, агентлаг, газрын даргуудаа нэр дэвшүүлсэн. Үүнээс харвал эрх баригчид сонгуульд оролцохдоо төрийн нөөцийг ашиглаж улс төр хийдэг болчихсон гэсэн үг. Үүнийг нь бусад улс төрийн хүчин анзаарчихсан байна. Тиймээс төр гэх том нөөцөөс ашиглахын тулд сайд болох шаардлага үүснэ. Төрийн нөөцийг ашигласан тод жишээ бол саяны сонгуулиар яам, тамгын газар, агентлаг гээд бүх төрийн байгууллагууд хүнгүйдлээ шүү дээ. Бүгд сонгууль гээд хаалгаа цоожилсон. Энэ бол өөрөө асар том хүч. Энэ том эрх мэдлээс авахын тулд улс төрийн намын удирдлагуудад дан ганц УИХ-ын гишүүний албан тушаал хүрэхгүй байна. Тиймээс давхар дээлтэй буюу сайд болох сонирхол асар их байгаа. Төрд хүний нөөц байна, мөнгө байна. Энэ эрх мэдэл рүү л явж байгаа гэсэн үг. Үүнийг улс төрийн хэллэгээр улс төрийн нам капиталчих буюу төрийг ашиглаж, сонгуульд ялах боломжоо бүрдүүлдэг гэж ойлгож болно. Капитал улс төрийн намуудын онцлог бол дандаа эвслийн Засгийн газар байгуулдаг. Яг энэ үйл явц руугаа Монголын улс төр орчихлоо.

-Намын удирдлагууд нь Засгийн газарт орж ажиллалаа гэхэд намын даргын албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй байдалд орох юм биш үү?

-Яагаад АН, ХҮН намын удирдлагуудыг нь Л.Оюун-Эрдэнэ засагтаа уриад байна вэ гэхээр давхар нэг улс төрийн бодлого явуулж байгаа юм болов уу гэж хардаж байна. Тэр нь юу гэхээр Засагт орсон намын удирдлагуудаа дагаад зарим гишүүд нь Засагт ажилтай болно. Ажилгүй болж хоцорсон нь гомдогсод болж хувирна. Мэдээж АН-ын болон ХҮН намын бүх хүмүүс Засгийн газарт орох боломжгүй. Үүнээс болоод тухайн хоёр нам дотор дахиад маргаан, талцал, нэгнийгээ шүүмжлэх нөхцөл байдал хурцадна гэсэн үг. Энэ байдал нь эрх баригч намд улс төрийн хувьд ашигтай байдлыг бий болгоно. Гол асуудал нь энэ маргаан тухайн АН, ХҮН намын зодоон болж хувирахаас биш Засгийн газрын зодоон болохгүй. Үүнээс юу харагдаж байна гэхээр Л.Оюун-Эрдэнэ улс төрийн давхар нүүдэл хийж байна. Засгаа ч тогтвортой болгоно. Сөрөг хүчнүүдээ ч нам дотор нь зодолдуулах нөхцөлийг нь үүсгэж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг сулруулж дээд хязгаар 55 хувь боллоо DNN.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр өр, орлогын харьцааг сулрууллаа. Тодруулбал, тус хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа /ӨОХ/-ны дээд хязгаарыг 55 хувь болголоо.

2019 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс хойш саяхныг хүртэл өр орлогын харьцааны дээд хязгаар 60:40 байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын 60 хувиас давж болохгүй. Тэгвэл энэ нөхцөл 5 хувиар суларч байна.

Сануулахад, 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш иргэдэд шинээр олгох зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын хэмжээний 70 хувиас давж болохгүй байх шийдвэрийг гаргаж байсан удаатай.

Өр, орлогын харьцаа гэж юу вэ?

  • Монголбанкны “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-ыг удирдлага болгон гаргасан лавлагаа юм. Тухайн иргэний татварын дараах цэвэр орлогын сарын дундаж дүн болон нээлттэй зээлүүдийн сарын төлөлтийн хэмжээг орлогод эзлэх хувиар нь дэлгэрэнгүй харуулдаг лавлагаа юм.
Categories
мэдээ цаг-үе

Чингис хааны хөшөө рүү зааж, танхайрсан гадаадын иргэнийг ЦЕГ-аас шалгаж байна DNN.mn

Өчигдөр буюу долоодугаар сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх бичлэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш өдөртөө баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Харин долоодугаар сарын 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.