Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийнх нь “нүд нээгдсэн” шинэ цагийн Хорезм буюу Узбекистан орноор DNN.mn

Энэ улсыг газрын зурагнаас ажвал Монгол Улсын баруун хилээс баруун урагш даруй дөрвөн мянган километрт орших аж. Монголоос Узбекистан улс руу автомашинаар явбал нэг ийм зайтай байх нь. Гэхдээ бид энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан газрын холыг агаарын цэнхэр хөлгөөр товчлон хүрлээ. Газраар явсан бол багадаа тав хоногийн зайг тавхан цагийн дотор туулан зорьсон газраа хүрнэ гэдэг тэнгэрийн хөлгийн гайхамшиг гэлтэй. Эх орноосоо өдрийн 15 цагт ниссэн ч эх газрын Узбекистаны нийслэл Ташкент хотод өдрийн 17 цагт газардлаа. Тэндхийн 17 цаг нь Монголын оройн 20 цаг буюу манайхаас гурван цагийн зөрүүтэй аж. Очлоо, онгоцноосоо буулаа. Халуун орон гэдгийг нь мэдсэн ч манайхны хэлдгээр ёстой нохой гаслам халуун орон юм санж. Онгоцноос түрүүлж хэвлэлийн баг хойд хаалгаар нь бууж байрлалаа эзэлсний дараа урд хаалгаар ёслолын улаан хивстэй шатаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт угтан золгох Узбекистаны албаны хүмүүстэй гар даллан мэндчилэн буулаа.

Тэртээ 1992 оны эхээр Монгол, Узбекистан хоёр улс дипломат харилцаа тогтоосон байна. Түүнээс хойш төрийн тэргүүний түвшинд болж буй анхны айлчлал нь энэ ажээ. Энэ утгаараа айлын орон манайхныг гүн хүндэтгэлтэйгээр угтан авав. Очсон даруйдаа манайхаар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маягтай газартаа дагуулан очлоо. Энэ газраа тэд Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэдэг байна.

Тэнд нь тусгаар тогтнолын түүхийг илтгэх хөшөө байх. Манай Зайсан толгойн орой дээр Халхын голд эрлэгээр тулалдаж явсан Орос, Монголын дайчдын дурсгалд зориулсан хөшөө байдаг шиг Узбекистан улсын эрт эдүгээ бүх цаг үеийн тусгаар тогтнолын цагалбарт хөшөө тэнд байв. Тэртээ XIII зууны үеийн Хорезм хэмээх улс нь өнөөгийн Узбекистан аж. Нэг мянга хоёр зуун арван есөн онд Чингис хааны их цэрэг энэхүү Сартуул иргэнийг дайлаар мордоод улмаар нутаг орныг гүрэндээ нэгтгэснээс Мавереннахр Цагаадайн улсынх болсон түүхтэй. Тиймээс узбекчүүд Цагаадай хэмээх нэршлийг хүндэтгэн, хэн хүнгүй мэддэг байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарт айлын хүмүүс ийнхүү түүхэн дурсгалаа танилцуулан явахад манай төрийн тэргүүн нэгэн хоржоонтой үг хэлжээ. Түүхэн цагалбар хөшөөн дээр нэгэн хаан зарлиг буулгаж байгаа мэт гараа дээш өргөн зогсоно. Харин доор нь хэсэг албатууд зарлигийг нь даган бөхөлзөнө. Энэ хөшөөний үйл явдлыг түүхч “Энэ бол тэртээ XIII зууны үеийн Хорезм улсын тусгаар тогтнолын түүхийг харуулсан дурсгал” хэмээн тайлбарлах зуур манай төрийн тэргүүн “Энэ бол Цагаадай. Манай Чингис хааны хүү. Хорезмыг байлдан дагуулчихаад амарч байгаа агшин бололтой” хэмээн хэлж инээмсэглэв.

Сэтгүүлч би хувьдаа Ерөнхийлөгчийн энэхүү үйлдлийг монгол хүн хаана ч очсон эх түүхээрээ бахархан, эх гүрэн улс явсныг бусад улс оронд сануулсан бахдам сэтгэлийн илэрхийлэл гэж бодлоо. Яг энэ агуулгаар узбекчүүд Монгол Улс, монголчуудыг мэддэг, хүндэлдэг бололтой байсан. Учир энэ улсын иргэд өнөөгийн Монгол Улсыг тэртээ XIII зууны их гүрэн шигээ агуу том газар нутагтай, иргэд нь эр зоригтой улс орон мэтээр төсөөлөн боддог ажээ. Ямартаа ч тэндхийнхэнд би монгол хүн байна гэхээр “Аан Чингис хаан. Цагаадай хаан, Төмөр хаан” гэх зэргээр мэддэгээ хэлж, Монголын түүхийг бахархан хүндэтгэж байгаагаа царайндаа нууж чаддаггүй санагдсан юм. Доголон Төмөр хаан гэхээс илүү Цагаадайг илүү сайн мэддэг аж. Цагаадай гэх нэршилтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүхэн газрууд Узбекистанд олон байдаг гэнэ. Ерөнхийлөгчийн айлчлалын эхний өдөр Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөх ёслол, түүхийн музей үзэх байдлаар өндөрлөлөө.

АЛБАНЫ БУС ЦАГААР ТАШКЕНТ ХОТООР…

Нийслэл Ташкент хотод нийт найм орчим сая хүн ам амьдардаг ч дотроо хуучин, шинэ гэж хоёр хуваагддаг. Үүнээс шинэ Ташкентад 3.8 сая хүн амьдардаг байна. Анх онгоцноос буугаад шинэ Ташкентын төвд байрлах “Холидэй” зочид буудал хүрэхэд манайхаар Хөшигийн хөндийгөөс “Улаанбаатар” зочид буудал орох зайтай санагдсан. Ташкент хот газар нутгаараа Улаанбаатараас ялимгүй том. Гэхдээ л манай хотоос гурав дахин илүү хүн амтай. Ийм олон хүн ийм бага газар нутагт байна гэхээр Улаанбаатар хотын хөгжлөөр бол аль хэдийнэ авто зам нь тэг зогсолтод орж, хүн хөл гишгэх зайгүй болчихсон байна биз. Гэвч тэнд эсрэгээрээ авто замын түгжрэл гэж алга. Төв зам нь найман эгнээ хоёр урсгалтай. Хажуугаар нь явган хүний болон дугуйн замтай. Манайх шиг 100 метр яваад нэг уулзвар, олон чиг заасан гэрлэн дохио тэнд алга. Хэдэн мянган метр явж байж нэг уулзвар таарна. Зарим уулзвар нь давхар зам, гүүртэй. Тиймээс уулзвар нэвтрэх гэдэг тэнд ямар ч гацах, зогсох, түгжрэх гэх зовлон алга. Гудамж, талбайгаар нь хүн зогсоо зайгүй нааш цаашаа холхих дүр зураг харагдсангүй. Их сийрэг гудамжтай аж.

Өнөөгийн улаанбаатарчуудын мөрөөдөл болоод байгаа метро гэдэг зүйл тэнд тэртээ 1977 онд анхны шугам нь ашиглалтад орж байж. Одоо Ташкент хотын газар доор гурван том метроны шугам явдаг байна. Тиймээс газар дээрх хөл хөдөлгөөнөөсөө газар доорх нь илүү байх шинжтэй. Метроны шугам гэдэг нэг талдаа авто замын түгжрэлийг бууруулах ч нөгөө талдаа их хотыг эмх цэгцэнд нь оруулдаг ач холбогдолтой болов уу гэж бодогдох шиг. Энэ хотын үйлчилгээний газар, дэлгүүр хоршооны хаяг, реклам нэлэнхүйдээ латинаар тэмдэглэгдэх аж. Зарим хүмүүс станы орон гэхээр хуучин ОХУ-ын социалист улс мэтээр ойлгодог байх. Гэтэл энд үнэндээ барууны соёл илүү дэлгэрсэн гэлтэй. Барууны том том брэнд сүлжээ их дэлгүүрүүд хаа сайгүй. Хүнсний дэлгүүрт нь орсон ч манайхны “супермаркт”-тай адилхан л бараа, бүтээгдэхүүн байх. Мөнгөний хэрэглээ нь Узбек Сум. Манай нэг төгрөг тэндхийн 3.5 орчим сумтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, тэндхийн нэг килограмм помидор 1000 сум гэвэл манайхаар ойролцоогоор 280 гаруй төгрөг гэсэн үг. Үүгээрээ өртөг харьцангуй багатай хот гэж ойлгож болох. Сарын дундаж цалин нь 1.5 сая сум. Манайхаар бол таван зуун мянга орчим төгрөг юм уу даа. Албан ажил дууссаны орой 21 цагийн үед хэвлэлийнхэн бид Ташкентын төвд байрлах цэцэрлэгт хүрээлэнгээр зугааллаа. Тэнд 21 цаг гэдэг маань Монголд хэдийнэ 00 цаг өнгөрсөн гэсэн үг.

Дараа нь оройн хоол идэхээр буудлынхаа ойролцоо байх нэгэн зоогийн газарт орлоо. Хэдий орой болсон ч гэсэн сэрүүн болно гэж байдаггүй газар аж. Агаарын хэм 32-ыг заана. Энэ халуунд үйлчилгээний гудам, хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад усыг тоосруулан цацаж орчноо сэрүүцүүлдэг байна. Халуун орон учраас иргэдийнх нь өмссөн, зүүсэн нь их энгийн. Дээгүүрээ цагаан майк, зарим нь футволкатай. Доогуураа дандаа шорттой, эсвэл нимгэн бэлтгэлийн өмд өмсөж, сандал эсвэл тавчик углажээ. Үнэндээ үүнээс илүүг биедээ тогтоох боломж ч алга. Гудмаар нь явахад эрчүүд голцуу холхино. Эмэгтэйчүүд нь ийм цөөхөн юм уу эсвэл шашин, ёсоо дагаад шөнө орой гардаггүй байж мэдэхээр. Цөөн харагдах эмэгтэйчүүдийнх нь ихэнх нь гэвлүүртэй явах аж. Үлдсэн нь богино өмд, ахар цамцтай явах ч тэд нь голцуу залуу, жоохон охидууд бололтой. Бид олуулаа ширээ нийлүүлэн сууж, хоолой захиаллаа. Үндсэн хоол ирэхээс өмнө помидор, огурцыны салат, мөн давстай талх, хүйтэн интоорын шүүс өгдөг байна. Энэ нь үнэгүй. Учир нь Узбекистан жимс, ногооны эх орон гэнэ. Тэр дундаа Ташкент хот помидор, ногоон огурцыгээрээ их алдартай ажээ. Тиймээс энэ хоёр хүнсээрээ салат, хөнгөн зууш гээд хэлбэр, амтыг нь өөрчлөөд янз бүрийн зүйл хийдэг байна. Манайхаар бол мах, гурил хоёр юмдаг уу даа. Манайх чинь мах, гурил хоёроор бууз, хуушуур, шөлтэй, шөлгүй гээд янз бүрийн хоол хийдэг дээ. Үүнтэй адилхан помидор, ногоон огурцыгээрээ янз бүрийн хачирууд хийдэг бололтой. Халуунд бүгчим газар ороод хүйтэн интоорын шүүс уулаа. Ёстой нэг амны цангаа тайлж, дотроос сэрүүцүүлэх ид шидтэй ундаа гэмээр. Амт, хүйтэн нь янзтай, орчинтойгоо үнэхээр зохицжээ. Ингээд үндсэн хоолоо идэхээр Узбекийн алдарт плов, шорлогийг нь захиалах гэлээ.

Гэтэл үдээс хойшоогоо үндэсний хоол болох плов нь хийгддэггүй гэнэ. Хэрэв хийж өглөө гэхэд хуучирсан хоол өгч, зочноо хүндэтгэхгүй байхын илэрхийлэл хэмээн үздэг байна. Пловыг голцуу өглөө иддэг бололтой. Харин янз бүрийн шорлог ирлээ. Амт нь нэгнээсээ гоц гойд өөр биш ч хэлбэр, орц нь ялгаатай байх юм. Элгийг сэмжтэй нь эсвэл сүүлтэй холиод шорлочихож. Махыг үхэр, хонь зэргээр нь ялгаад тус тусын амтлагчаар амтлаад өгч байна. Харин адууны махаар төрөл бүрийн каз бэлтгэж зүсээд, нөгөө л нэг помидор, огурцытэйгээ хамт таваглачихдаг байна. Хоол болгон нь ямар нэгэн байдлаар махны орц ихтэй аж. Үүгээрээ монголчуудтай адилхан гэлтэй. Цагаан сараар бид буузнаас уйддаг шиг энд бол шорлог, махнаас уйдахаар шинжтэй.

МАНАЙД Ч, ТЭДНИЙД Ч АШИГТАЙ БАЙХ ХЭЛЭЛЦЭЭРҮҮД

Узбекистанд мал аж ахуй бий. Гэхдээ Монголоос адуу, үхэр, хонины мах багагүй хэмжээгээр импортоор авдаг. Хоёр улсын худалдааны эргэлт жилд 10 гаруй тэрбум ам.доллар. Үүнээс манай улс 4.6 сая ам.долларын хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах, полиацетал, поликарбонат зэрэг бараа экспортолж, Узбекистанаас нийт 5.4 сая ам.долларын усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмжүүд, ачааны автомашин зэрэг бараа импортоор авсан гэх тооцоолол бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Узбекистанд хийсэн анхны айлчлалаараа Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг дагуулан явсан нь хоёр улсын хоорон дахь худалдаа, эдийн засгийн харилцааг илүү шинэ түвшинд, тэр дундаа хувийн аж ахуйн нэгжүүдийн хоорондох харилцааг түлхүү анхаарсан айлчлал болсон гэж хэлж болно. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол суурь бол тээвэр, ложистик. Энэ утгаараа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт багтсан шууд нислэгтэй болох асуудал Ерөнхийлөгчийн айлчлалаар албажиж, гарын үсэг зурагдсан. Өөрөөр хэлбэл, тун удахгүй Монголоос Узбекистан руу шууд нислэгтэй болно гэсэн үг. Энэ нь хоёр улсын харилцааг илүү бодитой болгох хамгийн чухал хөшүүрэг гэдгийг тэдний тал ч, манай тал ч хэлж байсан юм. Мөн автотээврийн хэлэлцээр ч байгуулаад амжсан нь ирэх жилүүдэд хоёр улсын эдийн засгийн харилцааг эрс дээшлүүлэх боломж харагдаж байгаа юм. Магадгүй хоёр улсын худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар байсан бол ирэх жилүүдээс 20-30 цаашлаад 200-300 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байх нөхцөлийг Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцээрийн түвшинд бодитой болголоо. Узбекистан улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах шийдэмгий алхам авч байгааг судлаачид хэлдэг. Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсч, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсчээ. Үнэхээр хөгжлийнх нь “нүд” нээгдсэн мэт түүхэн амжилт гэж хэлж болох юм. 2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2.510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байдаг аж. Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2.700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долдугаарт ордог орон. Тиймээс тус улсын хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбар цаашдаа дэлхийн түвшинд хүртэл хөгжих нь тодорхой байгаа юм. Манай улсын хувьд малын мах, малын гаралтай бүтээгдэхүүнээ бусад улсад экспортлох сонирхол их байдаг. Гэвч малын эрүүл мэндийн асуудал энэхүү сонирхолд том нөлөөлөл учруулдаг. Тиймээс узбекчүүд монгол малын эрүүл мэнд, элдэв халдварт өвчнийг хянах, судалгаа хийх зэрэгт хамтран ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийг чанартай, эрүүл хүнсээр хангах зөв бодлого гэдгийг нь сайшаагаад Монгол Улс эрүүл хүнс экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа. Ерөнхийдөө Узбекистан улсын хувьд хөгжлийн гараанаасаа хэдийнэ гарчээ. Салбар бүр нь эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. Төв Азийн энэ улсад барилгажилт, бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэржилт нь эрс нэмэгдэж буй нь бусад орны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Узбекистан улс нэгэнт хөгжлийн замдаа орсон гэсэн үг.

Тиймээс тэдний хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаараа дэмжиж, хамтран ажиллах ямар л боломж байна түүгээрээ нэгдье, нийлье гэдгээ үг, үйлдэл болгондоо илэрхийлж байлаа. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус улсын нийслэл Ташкентад Монгол Улсын Элчин сайдын яамыг шинээр байгуулсан. Узбекистанд Монгол Улсын 30 орчим иргэн сурч, ажиллаж амьдардаг байна. Эдгээр иргэд маань хүний газар өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах яамтай болж байгаадаа талархалтай хүлээн авч байв. Зөвхөн тэнд суугаа монголчуудын эрх ашгийг хамгаалахаас гадна хоёр улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам илүү өргөжүүлэх бодит институци бий болж байгаад Ерөнхийлөгчийн хувьд таатай байгаагаа илэрхийлж байлаа. Узбекистан улсын 90 орчим хувь нь хуурай цөл газар. Үлдсэн 10 хувь нь үржил шимтэй хөндийг бүрдүүлдэг гэж байгаа. Тэгвэл энэ улсын хөгжил, цэцэглэлт, эдийн засаг нь бордоотой ургамал шиг л өдөр ирэх тусам өргөжин тэлж, өссөөр. Дунайртсан халуун орон ч гэлээ нозоорч суулгүй салбар болгоныхоо хөгжлийг усалж, тэтгэж яваа төрийн бодлого нь хөгжлийн баянбүрдийг бий болгосоор байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэх шийдвэрийг өнөөдөр 17:00 цагт танилцуулна DNN.mn

Улсын арслан Э.Оюунболдоос допингийн төрлийн хориотой бодис давтан илэрсэн тул түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хассан байдаг.

Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд “Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү” гэх утга бүхий шаардлага хүргүүлсэн байна.

Энэ дагуу МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс өнөөдөр /2024.07.08/ хуралдлаа. Гэвч ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй бөгөөд  17:00 цагт шийдвэрийг танилцуулах талаар МҮБХ-ны Хараат бус зөвлөлөөс мэдэгдлээ.

Түүнчлэн цахим орчинд гараад байгаа “Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн” гэх мэдээлэл нь худлаа гэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Засаг хамтрах нь Үндсэн хуулийн заалтыг зөрчих үү DNN.mn

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж, холимог тогтолцоогоор парламентад анх удаа 126 гишүүн сонгогдсон. Сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтайгаар шинэ парламентыг бүрдүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа шуурхай томиллоо. Одоо үргэлжлүүлэн Засгийн газрыг бүрдүүлэх тохироо яригдаж байна. Албажиж алх цохиогүй байгаа ч хамтарсан Засгийн газар байгуулагдахаар болж байх шиг байна. Өнгөрсөн баасан гаригт болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг тус намын дарга Л.Гантөмөр танилцуулахдаа Засагт хамтрах шийдвэрийг гаргаснаа дуулгасан. Нэг ёсондоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хамтрах санал ирсэн, түүнийг дэмжсэн гэдэг мэдэгдлийг хийгээд байна. Сөрөг хүчний хамгийн олон суудал авсан намын энэ шийдвэрээр бол Засгийг хамтарч барихаар болж байна гэсэн үг.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг,аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлийн 10.1-д Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх гэж заасан.

Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАН 68 суудал буюу Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар олонх болсон. Төр засаг хуульд юу гэж тусгасныг ёсчлон дагах үүрэгтэй. Хуулийг мөрдөх нь хууль тогтоох дээд байгууллагын үндсэн үүргийн нэг ч гэж болно. Тэд хуулиа сахиулах нь нийт ард иргэд, төрийн болон хувийн хэвшил зэрэг бүхий л субьектэд үлгэрлэл болж байдаг. Гэтэл олонх болсон МАН хамтарсан Засгийн газар байгуулахаар бусад намуудад хүсэлт хүргүүлсэн, түүнийг хүлээж авч байгаа сөрөг хүчний үйлдлүүд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Аль ч нам улс төрийн сонгуульд төр засгийн эрх барих эрхийг авахаар оролцдог. Энэ утгаараа АН-ын үйлдлийг зөв гэж үзэх талууд байгаа. Харин нөгөө талд эрх баригч нам сүүлийн найман жил улс орны бүхий л чухал салбаруудыг уналтад хүргэсэн, үүнийг шүүмжилж байсан сөрөг хүчин тэдэнтэй хамтрахаар болсон нь буруу гэх байр суурь ч хүчтэй хэвээр байна. Ямартаа ч олонх болсон

нам сөрөг хүчинтэй хамтрах санаачилгыг гаргаж байгаа үйлдэл нь хуулиа зөрчсөн явдал болчихоод байна. Үндсэн хууль болон бусад  хуулийг зөрчиж байгаа энэ үйлдэлд Үндсэн хуулийн Цэц ямар тайлбар хэлэх бол? Үүнээс гадна сонгууль хэмээн сар орчим шууруулж

ард түмнийг талцуулсан. Ялсан, ялагдсан шок бүрэн арилаагүй байхад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг нэг амьсгаагаар сонгочихож  байгаа үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Манайх улс орны хөгжлийн хувь заяаг шийдэх улс төрийн гол үйл ажиллагааг үндэсний баяр наадамтай.

давхцуулчихдаг сонин тогтолцоотой. Сонгууль дуусаад л баяр наадмын уур амьсгал орчихсон байхад улс төрийн том томилгоонуудыг шууруулдаг. Өмнө нь ч ингэж ирсэн.

Маш өндөр ач холбогдол өгч, хамгийн ажил хэрэгчээр хандах улс орны амин чухал асуудлыг түмний анхаарлаас холуур зохион байгуулдаг нь нэг талдаа санаатай үйлдэл. Үнэндээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн УИХ-ын гишүүдийн тангараг өргөхөөс эхлээд анхны нэгдсэн чуулган, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын томилгоо олон нийтийн анхаарлаас холуур, чимээгүйхэн болоод өнгөрчихлөө. Шинэхэн гишүүдээс цөөнх нь ажил хэрэгчээр хандсанаас бусдаар Монгол Улсын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хувь заяа нэг намын урьдчилан бичсэнээр өрнөж байна. Ийм үзэгдэл улс төрийн соёлдоо ч, улс орны хувь заяанд ч хэрэгтэй юм биш. Тиймээс улс төрийн сонгуулийг үндэсний баяр наадамтай давхцуулж зохион байгуулдгийг больё.

Хавар гурав, дөрөвдүгээр сард, эсвэл намар наймдугаар сард явуулаад есдүгээр сараас шинэ сонгуулиа хийе. Ингээд шинэ парламент, шинэ Засгийн газар бүрэлдээд ажилдаа ороод явчихдаг болоход болохгүй зүйлгүй. Угаас цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах ангийн хүүхэд багачууд, төрийн албадаа есдүгээр сараас хичээллүүлж, ажиллуулдаг. Энэ цаг хугацаанаас төрийн бүхий л үйл ажиллагаанууд ажил хэрэгч өрнөдөг байхад сонгууль, парламент, Засгийн газар ч хамт ажиллаад эхлэхэд болох биш үү.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 9, Ангараг гариг. Билгийн тооллын давхарласан 3, Их морь одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 05:03 цагт мандаж, 20:52 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Тэрсүүд өдөр.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гайхамшигт Монгол наадам эхэллээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Монгол ардын намын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамцтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Гадаадад олон жил ажиллаж амьдарсан болохоор наадмаа үзэхийг тэсэн ядан хүлээж байна” гэснийг  II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Эвслийн Засгийн газар 16 яам, 23 сайдтайгаар ажиллана

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гайхамшигт Монгол наадам эхэллээ” хэмээн өгүүллээ.

Богд хааны ордон музейн захирал, “Болор цом”-ын эзэн Ц.ЭРДЭНЭБААТАР “Өндөр Гэгээний бүтээлүүдийн нэг өвөрмөц онцлог нь амьд мэт бүтээхээс гадна “алхимич” хүн л бүтээж дээ гэмээр нууцлаг…” гэлээ.

МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал, доктор, профессор Б.Ганбат “Хэмжээст оноо нь хүмүүсийг маш их төөрөгдүүлж, системийн гажуудлыг ил болгож харуулахгүй байна” хэмээв.

Аялал зугаалгын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Далайн захиргааны Усан замын тээврийн Бүртгэл хяналтын хэлтсийн дарга Т.Олонбаяраас дараахь тодруулгыг авлаа

Дэлхийн мэдээ: Францын сонгууль өндөрлөв

АРЫН НҮҮР: Баяр наадмаар аялж зугаалахдаа бага насны хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаарай


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы м гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ж. Энхжаргал: Бид өөрсдөө хичээж, зүтгэж, оролдож чадвал бидэнд чадахгүй зүйл нэг ч байхгүй

МҮИС-ийн АЖГХС-ийн Аялал жуулчлалын II курсын оюутан Ж.Энхжаргалтай ярилцлаа


-Сайн байна уу? Уншигчдад өөрийгөө танилцуулаач  

– Намайг Жамсрангийн Энхжаргал гэдэг. Ховд аймгийн Мөнххайрхан суманд арван жилээ төгссөн. Улаанбаатар хотод Монголын Үндэсний Их Сургуульд аялал жуулчлалын мэргэжил эзэмшиж байгаа. Одоо Япон улсын YuKai resort сүлжээ амралтын газар дадлага ажил хийж байна.

-Яагаад аялал жуулчлалын мэргэжлийг сонгосон бэ?

– Бага насанд минь гадаадын жуулчдыг дагуулсан машин төрсөн нутгаар минь аялахад хэзээ нэгэн цагт ийм л мундаг “Аялал жуулчлалын мэргэжилтэн болно доо” гэж мөрөөддөг байлаа. Их сургуульд энэхүү мэргэжлээрээ суралцах амархан, харин өөрт хэрэгтэй мэргэжлийн ур чадвар, үнэ цэнд суралцах л чухал. Манай аялал жуулчлалын салбар удахгүй зорьсон зорилгуудаа биелүүлж, улам ахисан зорилгууд дэвшүүлэн ажиллаж, салбарт ажиллаж байгаа бүх хүний урам зоригийг дэмжиж, эх орон даяараа, ард түмэн бүгдээрээ жуулчдыг хүлээн авч чанартай, сайн үйлчилгээгээр үйлчлэхийн төлөө ажиллахыг хүсэж байгаа. Энэ мөрөөдөл маань ч удахгүй биелж, миний зорьсон, тэмүүлсэн зүйлс удахгүй биеллээ олно гэж боддог доо.

-Танай мэргэжлийн давуу тал болон хүнд хэцүү зүйл юу вэ?

– Оюутан залуус, энэ мэргэжлийг сонгох гэж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд ямар нийгэмд эрэлт, хэрэгцээ ихтэй мэргэжлийг сонгон суралцаарай гэж хэлмээр байна. Монгол улсын “Эрэлттэй мэргэжлүүд”-ийн жагсаалтад аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлүүд орсон байгаа. Энэ салбарт суралцаж, сайн мэргэжилтэн болоход давуу талууд маш олон гарч ирсэн. Багаасаа дуулж бүжиглэдэг, биелгээ хийдэг, хөөмийлдөг ардын авьяас маань хүртэл давуу тал болж байна. Хүн бүрд авьяас бий. Гагцхүү хичээл давтлага, хүмүүжил, хөдөлмөрч зүтгэлтэй байдал маань давуу тал юм. Ямар ч сул талыг давуу талаараа нөхөж болно гэж боддог.

-Тэтгэлэгт шалгарсан тухайгаа сонсоод төрсөн сэтгэгдэл ямар байв?

-Аялал жуулчлалын салбарын сайн мэргэжилтэн болохын тулд нэг даваагаа амжилттай давлаа, гуравхан сар хичээгээд ийм амжилтад хүрчихлээ гэж үү? Гээд л анх сонсоод баярласандаа уйлсан. Өөрт байгаа бүх зүйлдээ, өөрийг маань дэмждэг, дэмжсэн хүн бүхэнд талархсан.

-400.000.000 төгрөгийн тэтгэлэгт дадлагын тухайд?

– Аялал Жуулчлалын Боловсрол, Хөгжлийн Нийгэмлэг (АЖБХН)-ийн санаачилгаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны дэмжлэгтэйгээр өнгөрсөн 2023 онд аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулсан 400.000.000 төгрөгийн тэтгэлэгт дадлага Улсын Уралдаанд 130 орчим оюутан оролцсон. 10 оюутанд БОАЖЯ-ны Сайдын нэрэмжит тэтгэлэг олгосон. “Шилдгийн шилдэг” 2 оюутанг шалгаруулсан. Дадлага ажлын тайлангаа илтгэсний дараа намайг “Шилдгийн шилдэг оюутан”-аар шалгаруулж, тус улсын уралдааны ивээн тэтгэгч “Шинэ соёл тэлмэн” ХХК-иас Хайнаньд аялах “Эрхийн бичиг”-ээр шагнасан. 3 сарын туршид аялал жуулчлалын байгууллагад үр дүнтэй, чин сэтгэлээсээ ажилласан миний хувьд Хустайн БЦГ-ын Хустайн жуулчны бааз дээр хувиарлагдаж очсон. Менежер Б.Батзаяа, ерөнхий менежер Э.Жаргалтуяа эгчдээ болон баазын нийт ажилчдад талархсанаа илэрхийлэх гэсэн юм аа. Улсын уралдаанд шилдгийн шилдгээр шалгарахад түлхэц болсон уралдааныг зохион байгуулагч нарт болон нийт аялал жуулчлалын салбарын багш нартаа талархсанаа илэрхийлмээр байна.

-Хайнаньд аялаад ирсэн шүү дээ. Ганцаараа аялахад хүндрэл тулгарсан уу?

– “Шинэ Тэлмэн Соёл” ХХК-иас Хайнаньд аялуулсан. Өмнө нь гадаад улсад гарч үзээгүй байсан болохоор паспортоо захиалаад, үлдсэн ажлыг тус компани хариуцсан. Маш их баярлаж байгаа шүү та бүхэндээ. – Хамтдаа аялж байсан гэр бүлүүд, хосуудаараа аялж таарсан. Бид бүгдээрээ нэг групп байсан. Гэхдээ өрөөндөө, зарим зүйлс дээр ганцаардаад л байсан. Үнэндээ би багаасаа 2 эгчтэйгээ, сурагч, оюутнуудын дунд, найз нөхдийн дунд “Олуулаа” байсаар байгаад аяллын үед ганцаардсан байх. Гэхдээ энэ жил тус уралдаан 1.000.000.000 төгрөгийн тэтгэлэгт дадлага болон өргөжиж байна. Зохион байгуулагч багш нараа “Хэрэв энэ жилийн шилдэг оюутнуудаа гадаад руу аялуулбал хамтад нь аялуулаасай” гэсэн хүсэлт байгааг уламжилж байна.

Аялал жуулчлалын мэргэжлийг сонгох суралцах гурван шалтгаан нэрлэвэл?

Гуравхан шалтгаан гэж үү? Үнэндээ маш олон боломжууд бий. Бид өөрсдөө л хичээж, зүтгэж, оролдож чадвал “Бидэнд чадахгүй зүйл нэг ч байхгүй” гэж боддог. Гурван шалтгаан хэл гэвэл.

“Эрэлттэй мэргэжил” болсон. Улсын болон ТББ-ууд, их, дээд сургуулиуд бүгд л дэмждэг. Харилцаа, хандлага зөвтэй, гадаад хэлтэй сайн мэргэжилтнүүдийг бэлтгэж чадвал Улс орны хөгжил урагшилна. Аялал жуулчлалаар суралцаж буй оюутан залуучуудын дунд зохион байгуулагддаг GRAND TOUR гэж Улсын олимпиад жил бүр болдог. Хавар, намар тус бүр 3, 3 тэмцээн болдог. Үнэндээ сайн оролцвол мэдлэг, ур чадвар дагаж өсдөг, сайхан тэмцээн. Энэ тэмцээн энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. МҮИС нь 9 удаа тэргүүлсэн амжилтаар тэргүүлдэг. Сайхан олимпиад. Салбарын оюутнуудын ихэнх нь оролцдог. Хүнийг хөгжсөн байдлыг хардаг зүйл бол хүмүүжил, төлөвшил. Гадаад хэлний мэдлэг, сурах орчин хамгаас чухал. Аялал жуулчлалын салбарын боловсон хүчний дутагдал их байгаа өнөө үед энэхүү мэргэжлээр сайн мэргэшвэл ажил олдох нь элбэг гэж харж байгаа.

-Гэр бүл, эрхэм хүмүүстээ хандаж юу хэлмээр байна?

Талархал илэрхийлэх хүмүүс маш олон байгаа. Хайрт аав, ээж, эгч нартаа баярлаж явдаг. Хайртай шүү та нартаа. Мөн МҮИС-ийн АЖГХС-ийн багш нар, тэр дундаа үргэлж, урам хайрлаж, заримдаа үнэн байдлыг маань хэлж, чиглүүлдэг Н.Энхмагнай багшдаа болон АЖБНХ-ийн нийт багш нартаа, дадлага ажлыг маань хийлгэсэн Хустайн жуулчны баазын хамт олонд, өө нээрээ одоо арлын Япон оронд INTERNSHIP хөтөлбөрөөр дадлага ажил хийлгэж байгаа Yukai Resort компаний хамт олонд: Бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Монгол орны аялал жуулчлал мандан бадраг.

 

Б.Ану

Categories
мэдээ нийгэм

Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хүрэлцэн ирлээ DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук энэ сарын 08-15-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочноор оролцоно.

Энэ айлчлал нь хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал  юм.

Categories
story-news

Д.Сүнжид: УИХ-ын гишүүд хүний эрхийн асуудлыг шийдэхийн төлөө системтэйгээр ажиллана гэдэгт найдаж байна

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Хүүхдээ гэртээ цоожилсон эцэг эхийг 300 мянгаар торгов DNN.mn

Гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээсэн эцэг эхийг цагдаагийн байгууллагаас торгожээ. Тодруулбал, зургадугаар сарын 26-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг “Academy-2” хотхонд “Цонхоор хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид очиход гурван настай хүүхэд гэртээ цоожлогдсон байдалтай, дөрвөн давхрын тагтны цонхоор унах гэж байсныг нь эсэн мэнд аварч ээжид нь хүлээлгэн өгсөн.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургадугаар сарын 26-ны өдөр “Орон сууцны цонхоор бага насны хүүхэд унах гэж байна” гэх дуудлага мэдээлэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Иргэн Х-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрхийг зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Б.Ану