Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Олонбаяр: Иргэдийн усны талаарх боловсрол тааруухан нь осол эндэгдэл гарахад нөлөөлдөг DNN.mn

Аялал зугаалгын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Далайн захиргааны Усан замын тээврийн Бүртгэл хяналтын хэлтсийн дарга Т.Олонбаяраас дараахь тодруулгыг авлаа.


-Далайн захиргааны Усан замын тээвэр ямар ажлыг голчлон хийдэг юм бэ?

-Усан замын тээврийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Хоёрдугаарт, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл тооллого, техникийн хяналтын үзлэгийг хийдэг. Мөн иргэд, олон нийтэд салбарынхаа талаарх мэдлэг мэдээллийг олгох сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаг. Хөвсгөл, Өгий нуурт хяналтын пост байгуулж, эргүүл хяналтын ажил хийж байна.

-Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэчнээн завь байдаг вэ?

-Одоогийн байдлаар улсын бүртгэлд 228 тээврийн хэрэгсэл байна. Эдгээрийн хамгийн их нь буюу 139 нь Хөвсгөл нуур дээр үйл ажиллагаа явуулдаг бол Архангай аймагт 43 завь байна. Бусад нь Увс, Сэлэнгэ, Баян-Өлгий зэрэг томоохон гол, нууртай аймгуудад бүртгэлтэй байна.

-Олон завь байдаг юм байна. Тэдгээрийн аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манайд усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн сан гэж бий. Энэ санд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээ жил бүр үзлэг, тооллогод хамруулдаг. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрөл авсан иргэддээ урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг ЗТХЯ-ны Салбарын хяналтын газартай хамтран хийдэг. Ноднин жилээс эхлэн бид завьнуудад байршил тогтоогч төхөөрөмж суурилуулсан. Ингэснээр Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан тэдний тээврийн хяналтын системийг ашиглан хяналт тавьж байна.

-Аялал зугаалгын улирал болж байна. Иргэд маань завиар аялахдаа юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Манайд бүртгэлтэй завинууддаа бид дээр хэлсэнчлэн байнга хяналт тавьж ажилладаг. Гэтэл манайд бүртгэлд хамрагддаггүй завь гэж бий. Яагаад гэхээр манай улсын хуулинд гурван метрээс илүүгүй урттай болон ахуйн зориулалтай завийг орон нутаг хариуцаж явдаг. Мөн иргэд хамгийн их осолддог зүйл нь хийлдэг завь. Дотроо стандартын шаардлага хангасан, хангаагүй гээд олон янз байдаг. Усан сан, эргийн хамгаалалттай газарт ашиглах ёстой завийг хүмүүс худалдаж аваад л хэрэглэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Тийм болохоор “Хийлдэг завь тоглоом биш” гэсэн аяныг холбогдох газруудтай хамтран сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж, заавар мэдээлэл өгч байгаа. Дээрээс нь манай иргэдийн усны талаарх боловсрол тааруухан нь осол эндэгдэл гарахад нөлөөлдөг. Аврах хантааз хэрэглэдэггүй. Үр хүүхдүүдээ хийлдэг гудсан дээр суулгаад хүртэл явуулчихдаг.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн далбааны өдөр тохиож байна DNN.mn

“Монгол Улсын Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдрийг 2008 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж байна.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.

Өнөөдөр 10.00 цагт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал, 11.40 цагт Төрийн далбааг байнга мандуулах ёслол, 14.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно. Эдгээр үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно.

Categories
мэдээ цаг-үе

Багахангайн наадамд Швейцар, Тувагийн бөхчүүд барилдана DNN.mn

Хоёр жилийн өмнө буюу 2022 оноос нийслэлийн алслагдсан дүүргүүд баяр наадмаа тусдаа хийдэг болсон билээ. Энэ жил ч мөн Багануур, Багахангай, Налайх дүүргүүд тус бүрдээ баяр наадам зохион байгуулна.

Багахангай дүүргийн наадам энэ сарын 9-10-нд болох хуваарьтай. Тус дүүргийн наадамд маргааш 08:00 цагт хүчит 128 бөхийн барилдаанаар эхлэх юм.

Тэгвэл тус барилдаанд Швейцар, Тувагийн бөхчүүд зодоглохоор болсныг Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ) мэдэгдсэн. Швейцар, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жил, тус улсаас Монгол Улсад Ерөнхий Консулын газар нээсний 20 жилийн ой энэ онд тохиож буй.

Энэ хүрээнд спортоор дамжуулан хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх чухал хэрэгсэл хөшүүрэг болохыг тэмдэглэж, Швейцар бөхчүүд манай улсад ирсэн аж.

Швейцарт 70,000 гаруй эрчүүд тус улсын үндэсний бөх болох швинген бөхөөр хичээллэдэг бөгөөд тус бөхийн дүрэм нь манай үндэсний бөхийн дүрэмтэй төстэй юм. Швинген бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван жилд нэг удаа зохиогддог ба 2,700 бөх өрсөлдөж, түрүүлсэн бөхөд насан турш хадгалах “Бөхийн хаан” цол олгодог уламжлалтай.

Мөн Тувагийн бөхчүүд Увс нуур галд наадмын бэлтгэлээ базаасан билээ. Тэд мөн Багахангайн наадамд зодоглохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: “Бодисадва-Хязгааргүй хязгаар” DNN.mn

Өнгөрсөн сард болсон номын баярын үеэр нэгэн сонирхол татахуйц ном олны хүртээл болсон нь “Бодисадва-Хязгааргүй хязгаар” гэх бүтээл байсан юм. Номын зохиогчид нь Б.Батбаяр, Б.Наранбаатар нар. Харин номын найруулгын зөвлөхөөр Д.Урианхай, утга зүйн зөвлөхөөр гавж С.Гантөмөр нар ажилласан нь уг номын чансааг эхнээсээ илтгэх мэт. Энэхүү бүтээл нь аль ч насныхан уншихад тохиромжтой. Бүх л насныханд яг л таарсан гэмээр. Амьдралын утга учир гэж чухамдаа юу билээ, аливаа бүхний учир шалтгаан, гүн ухаан, тогтлын талаар маш энгийн хэллэгээр тоймлосон нь олзуурхууштай байлаа. Уг бүтээл нь “Зүй тогтол, Үйлийн үр, Төв үзэл, Гэгээрэл, Бодь оршихуй” гэх таван бүлэгтэй.

Хүн гэдэг бодьгал хүмүүний ертөнцөд ирээд аливааг эргэцүүлэн бодохуйц насанд ирмэгцээ амьдралын утга учир юу вэ, бид мөн чанартаа юуны төлөө амьдардаг вэ, бурхан хийгээд чөтгөр байдаг уу, урд хойд нас гээд түмэн зүйлийн тухай эргэцүүлэн боддог. Бусдаас ч лавлаж, өөрөө ч дотроо бясалгадаг. Нарт дэлхийн найман тэрбум хүн бүгд л энэ талаар өөрөө ч мэдэлгүй бодож үзсэн байдаг байх.

Харин ахуйд баригдан, аливаагаас алсрахын хэрээр дээрх асуултдаа хариулт олохыг хичээх нь үгүй болж эхэлдэг нь хүмүүний алдаа мэт. Хүн төрөлхтний соёл иргэншлийн үүрийн гэгээ манхайн цайсан тэр цагаас хойш тоолж баршгүй олон эрдэмт мэргэд төрсөн ч гэлээ Будда шиг учир шалтгаан, зүй тогтлын талаас цэгцтэй цогц хариулт өгсөн нь тун цөөн аж. Бурхан багш өөрөө “Та бүхэн миний сургаалыг сайтар нягтлан эргэцүүлж, мөнхүү утга санааг нь онож танихыг хичээгээрэй. Мэргэдийн сургаалыг авахдаа ч маш сайн шүүн эргэцүүлэх хэрэгтэй” гэж сургасан нь бий.

Аливаа ном бүтээлийг уншихад яалтгүй сэтгэлд хоногшоод үлдчихдэг янз бүрийн эшлэлүүд олон байдаг. “Бодисадва-Хязгааргүй хязгаар” номонд байх олон, олон эшлэлээс онцлон бичих нь зүйтэй.

“Төмрөөс үүссэн зэв эргээд төмрөө иддэгийн адил хүнээс үүдсэн нүгэл эргээд хүнээ хэмлэнэ. “Энэ ертөнцийн бүхий л зүйлсийг үгүйсгэхэд гурван буруу үзэл байдаг тухай Бурхан багш сургасан нь:

-Аливаа бүхэн зөвхөн заяа төөргийн дагуу болдог,

-Бүх зүйл бурхнаас шалтгаалдаг,

-Аливаа зүйлс учир шалтгааны ямар ч холбогдолгүй…

Хүний зан чанарыг таних хялбар биш. Хүн бүхэн өөрсдийн өгөгдсөн араншинтай. Хэдий тийм боловчиг хүмүүсийг доорх дөрвөн төрөлд ангилж болох аж.

-Зөвхөн өөрөө зовж шаналж буй хүмүүс,

-Зөвхөн бусдыг зовоож буй хүмүүс,

-Өөрөө ч зовж бусдыг ч зовоодог хүмүүс,

-Өөрөө үл зовж, бусдыг үл зовоодог хүмүүс.

Хүн зөвхөн өөрийн төсөөлж чадах зүйлсийг л бүтээдэг. Төөрөгдөх, гэгээрэхийн аль аль нь санаа сэтгэлээс урган үйлдлээс үүднэ.Тиймийн учир сэтгэл санаа нь хязгааргүй бололцоо, тааварлахын эцэсгүй хүчийг агуулж байдаг. Хүн аль болох л аятай таатайг хүсэмжилдэг. Тиймээс бидний сэтгэл санаа таатай аятай бүхэнд дасаж хүлэгдэхэд ямагт бэлэн байдаг аж.

…Үүлс нарыг хаавч өөрөө сарнин замхардгийн адил уур ухааныг дийлэвч удалгүй намжин замхарна.

Ухааны сохор зуун жилийн амьдралаас утгыг таньсан нэг өдрийн амьдрал эрхэм. Гэгээрнэ гэдэг хамгийн энгийндээ алив бүхний зүй тогтол, учир шалтгаан, үр дагаврыг танин мэдэхэд сэтгэл санаа, оюун ухаанаа бүрэн дайчлах чадвартай болохыг л хэлж буй хэрэг ажээ.

Эрхэм уншигч таны ширээн дээр байнга байж болох уг цомхон хэрнээ агуулга агуу бүтээлийг сонирхож уншихыг хүсч байна. Урмыг эс хугалах ном ажгуу.

 

Categories
мэдээ цаг-үе

Наадмаар ажиллах эмнэлгүүдийн утасны дугаар DNN.mn

Наадмын өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. Бусад эмнэлгээс иргэд доорх утсаар эмчээс яаралтай тусламж авах боломжтой. Үүнд:

  • Эрүүл мэндийн яам 323002 (24 цагаар)
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг 99463372
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг 99082426
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг 88095848
  • Гэмтэл, согог судлалын үндэсний төв 70180136
  • Хавдар судлалын үндэсний төв 70162529
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв 450491
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв 93086486
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 98983630
  • Цус сэлбэлт судлалын үндэсний төв 70136504
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70282853
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981
  • Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг 11-454004 (24 цагаар)
  • Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 11-631108
  • Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг 11-350790
  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг 11-379258
  • Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг 11-314587
  • Нийслэлийн түргэн тусламжийн төв 103
    • Хүүхэд 70110103 (24 цагаар)
  • Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв 325731
Categories
мэдээ цаг-үе

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй DNN.mn

Улсын арслан Э.Оюунболдын зүгээс Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрт нэхэмжлэлийн шаардлага хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Түүний шаардлагыг давж заалдах комисс хүлээн авснаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) болон эрх бүхий комисс шийдвэрлэхийг даалгасан юм.

МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс энэ асуудлаар хоёр өдрийн турш Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-нд хуралдлаа.

Тус хурлаар Э.Оюунболдод оноосон найман жилээр барилдах эрхийг нь хассаныг 2.4 жил болгож өөрчилжээ. Тухайлбал Э.Оюунболдод шийтгэл оноохдоо Монголын Допингийн Эсрэг Дүрмийн 2.4, 8.7 болон 8.10 дугаар заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэлийн хугацааг өөрчилсөн болохыг тус комиссын гишүүн О.Амгаланхүү мэдэгдлээ.

Э.Оюунболдоос өнгөрсөн оны хоёрдугаар сард допинг давтан илэрсэн. Ингээд тооцвол 2025 оны зургаадугаар сард барилдах эрх нь сэргэх боломжтой болох нь.

Ямартай ч энэ жилийн баяр наадмаар барилдах эрх нь сэргэхгүй гэв.

МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комиссын даргаар П.Мөнхжаргал (хуульч), гишүүнээр нь О.Амгаланхүү (эмч), Ж.Эрдэнэбаяр (хуульч, өмгөөлөгч), Д.Золбаяр (тамирчин), Д.Нямдорж (эмч) нар ажилладаг билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гайхамшигт Монгол наадам эхэллээ DNN.mn

“Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ”. Орчин үед энийг сонсоод ихэнх нь инээд хөөр болж шоолж байна гэж ойлгодог. Энэнд шоолох юм байхгүй. Энэ бол бичиг номын хүмүүст бол ив ил зүйрлэл юм. Ингэхэд домгийн шувуу гэж юуг хэлнэ вэ. Анх энэ үгийг хэн хэлэв, хэн бичив гэж.Тэгвэл энэхүү “Домгийн шувуу” хэмээх нь одооны хүмүүсийн үл ойлгох бичгийн хэлний л зүйрлэлээс өөр юу ч биш. Энэ үгийг анх сонин, телевиз, радиогийн үе, үеийн нэрт сэтгүүлчид хэлж, бичсээр өдгөө монголчуудын сэтгэл, зүрхэнд наадам гэх үгтэй дүйцэхүйц хоногшин үлджээ. Үлгэр домогт өгүүлэх шувуудын хаан буюу гайхамшигт хүч чадалтай, маш том биетэй шувууг Хангарьд хэмээн нэрлэдгийг бид мэднэ. Үүнийг санскрит хэлэнд “домгийн шувуу” гэж тайлдаг аж.Хэрвээ энэхүү аварга том домгийн шувууг хунгийн чуулган мэт олуулаа чуулж байхад нь үргээвэл яах вэ. Том шувуу учраас хөөрөх гэж аварга далавчаа хэдэнтээ дэвэхийн хажуугаар багагүй зайнд газарт гүйж, хурдаа авч таараа.Маш их сүр хүч, тод үзэсгэлэнт агшин төсөөлөгдөж байгаа биз.Тэгвэл энэхүү домгийн шувуудын дэвж байгааг эрийн гурван наадмын нэг хүчит бөхчүүдийн гараа, дэвэлттэй адилтган зүйрлэж. Наадмын хүчит бөхчүүд Хангарьдын дэвэлтээр дэвэн дэвсээр гарч ирлээ гэж ярьдаг.Улсын цолонд “гарьд” хэмээх цол бий.Тиймээс л Монголын сэтгүүл зүй энэхүү үгийг анх олон түмэндээ таниулснаар эдүгээ хүртэл монголчууд бид домгийн шувуу үргээж, Монгол наадам эхэллээ хэмээн ярьдаг болжээ.Гэхдээ шоолж доош нь хийж гутаах маягаар.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам.Өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон нар, сар, галыг бэлгэдэн, эв нэгдэл, төрт ёс, бахархлыг зөгнөдөг монгол наадам нь эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга учиртай. Энэхүү баярын талаар түүхийн хуудаснаас сөхөн үзвэл, эртний Хүннүгийн үед очих аж.Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй. Тухайн үеийн сурвалж, бичгүүдэд наадмын талаар дурдсан байдаг нь үүнийг гэрчлэх төдийгүй морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байв. Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийн байлдааны ур чадварыг сайжруулах зорилгоор наадам зохион байгуулж ирсэн нь өдгөө монгол угсаатнуудын эрийн гурван наадмын төрхийг олжээ гэж үздэг. Түүнчлэн Монголын нууц товчоонд эрийн гурван наадмыг “Хуран сар” буюу долдугаар сард тэмдэглэдэг байсан тухай тэмдэглэсэн нь бий. Энэ мэт Үндэсний их баяр наадмын үүх түүх, ёс заншил, бэлгэдэл, бэлгэшээлийг яривал асар их зүйлийг бичнэ.Юутай ч энэ жилийн наадам хатуу цагийн дараа бас шинэ сонголтын дараа болж байгаагаараа онцлогтой.

Өнгөрсөн өвөл, хавар ямаршуухан болж өнгөрснийг малчид, иргэд мартаагүй.Өвөл хүндхэн болсон ч энэ зун нийт нутгаар зуншлага сайхан болж байгааг олон хүн хэлж байгаа.Цаг сайханд наадам, найр тэмдэглэх шиг жаргал хаана байх вэ гэж ярих хүн ч олон байна.Төрт ёсны их баяр наадмаа шинэ төр, шинэ засагтай угтаж байгаа нь ч энэ жилийн наадмын нэгэн онцлог.Тиймээс монголчууд бүгд Үндэсний их баяр, цэнгэл наадмаа тэмдэглэхдээ ам сайтай, сэтгэл уужуу золгон баярлаж байна.Ард түмэн баярлах, цэнгэх эрхтэй.Харин ардын засаг, “алаг” засаг баярлах арай эрт байна.Баярлахаасаа өмнө овоорсон баахан асуудлаа шийдэх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа байлгүй.Баяр болж байна гээд ард түмэнтэйгээ зэрэгцээд хөөрцөглөөд байх цаг үе биш. Зуны сар зургаа биш.Урин дулааны цагт шийдэх асуудал олон байгаа.Даруйхан хамтарсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж салбар бүрийнхээ овоорсон ажлаа цэгцлэх хэрэгтэй байна.Наадмын дараа намар.Намрын эхэнд л цахилгаан, эрчим хүчний асуудал чинь яригдаж эхэлнэ. Өнгөрсөн өвөл арай ч гал алдалгүй давсан. Энэ жил шинэ шийдэл, нэмэлт станцгүй л бол ёстой найраагүй, бүгдээрээ хөлдөцгөөнө гэдгээ мэдэж байгаа юу. Наадмаас хойш энэ асуудлаа шийдэхэд та нарт гуравхан сарын хугацаа л байгаа. Энэ хугацаанд шинэ том станц барина гэж хоосон хийрхэж байгаад асуудал үүсэх вий. Том станцаа ч барих ажлаа хаялгүйгээр хажуугаар нь батерей станцуудаа байгуулчих. Энэ богинохон хугацаанд та нарын хийж чадах гол ажил чинь л энэ болж таарах байх.

Харин энэ ажлаа түргэн хийх шаардлагатай. Тэгж чадвал намар, өвөл эрчим хүчний асуудалд хэсэгтээ санаа зовохгүй давчихна гэж эрдэмтэд, судлаачид хэлсэн. Наадам, найр гэлтгүй намрын асуудлуудаа өнөөдрөөс яаралтай шийдэх хэрэгтэй.Нийслэл хотын хувьд наадмын дараа хэсэгхэн аниргүй орших байх.Энэ хугацаандаа бид утаа, түгжрэлээ түр мартдаг муу зуршилтай. Ард түмэн хэсэг хугацаанд мартаж болох ч шинэ төр, засаг мартаж болохгүй. Та нарт мартах ч эрх байхгүй.

Энэ жилийн өвөл нийслэлчүүд нөгөө л сайжруулсан түлшээ түлэх байх. Угтаа хагас коксжсон нүүрс түлдэг болъё гэдэг нь зөв гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.Гэхдээ энэ жилдээ манай төр, засаг энэ чигийн үйлдвэрээ барьж амжихгүй болсон нь тодорхой.Ирэх жил Хятадын утаагүй түлшийг оруулж ирэх асуудлаа эртнээс ярьж, санхүүжилт, тендер юу хэрэгтэй байна тэр бүхнийг нь одооноос шийдэхийн төлөө Төрийн бодлого, шийдвэрээ яаралтай гаргацгаа. Тэгж байж нийслэлчүүд утаанаасаа ойрмогхон салж чадна.Сургууль орохоор түгжрэл жинхэнэ утгаараа тэг зогсолт үзүүлнэ.Тиймээс одооноос тендер юмнуудаа явуулж, давхар зам, тойруу зам, гүүрэн байгууламжуудынхаа зураг төслийг яг таг бэлэн болгочих хэрэгтэй байна.Энэ жилдээ багтаад дээрх бүтээн байгуулалтын ажлуудынхаа зураг төслийг гаргаад, санхүүжилтийг нь шийдчихэж чадвал ирэх жилийн хавар гэхэд ажлууд нь эхнээсээ хэрэгжээд явах боломж үүснэ.Энэ жилийн есөн сарын 1-ийг түгжрэлтэйгээ өнгөрөөдөг юм аа гэхэд ирэх жил бид түгжирмээргүй байна шүү, Ерөнхий сайд аа, Хотын дарга аа. Угтаа хамгийн амархан, богинохон хугацаанд асуудлыг нь шийдэх боломжтой зүйл бол Улаанбаатар хотын автозамын түгжрэл гэж гадна, дотны мэргэжилтнүүд ярьдаг. Үнэн бол энэ асуудлаа даруй шийдэцгээ.Та бүхний хамтарсан засгийн гол уриа бол том асуудлаа шийдье, хурдан хөгжье гэж байгаа.

Яг энэ уриа шигээ ажлаа гялалзуулмаар байна.Наадам найр гэж хавтайгаар явбал энэ сонгуулийн үр дүн, иргэдийн саналаар та нар тоглолоо л гэж ойлгох хэрэгтэй.Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гэх зүйлийг дэвшүүлээд багагүй хугацаа өнгөрсөн.Энэ бодлогод тусгагдсан боомтын боймыг тайлна гэх хөтөлбөр чинь юу болсон бэ.Одоо хүртэл боомтууд боймлогдсон хэвээрээ байна. Тиймээс боомтынхоо боймыг бодитой тайлцгаа.Хамтарсан Засгийн газрын шийдэх гол ажлуудын нэг нь энэ байх. Сонгуулийн дараахь эдийн засгийн нөхцөл байдал таагүй болно гэж эдийн засагчид анхааруулж хэлж байсан. Тэгвэл эдийн засгийн өнөөгийн өсөлтөө хадгалах, төгрөгийн ханшаа алдахгүй байх чиглэлд одооноос л анхаарч ажиллах шаардлагатай. Наадам, найр гээд явчих л юм бол энэ олон ажлууд та нарын шийдвэрийг хүлээгээд байж байхгүй л байх.Валютын нөөц таван тэрбум ам.доллар давсан. Энэ зун, энэ наадмаар нөөц улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Гэвч наадмын дараа гаднаас барилга, хүнс, түлш, шатахуун, хувцас, автомашин, эрчим хүч гээд авах бараа, бүтээгдэхүүн асар их бий. Тиймээс экспорт, импортынхоо асуудлыг одооноос л анхаар.

Асуудлыг товчхон хэлэхэд ийм олон зүйл байна. Шийдэл, шийдвэр, санхүүжилтээ хүлээж байгаа олон асуудал Монгол Улсад байна. Бараг энэ олон асуудлыг харж, мэдрээд, яаж шийдэх вэ гэж толгойгоо гашилгаж суугаа хүнд юун наадам, юун зугаалга, амралт бодох манатай баймаар. Гэтэл шинээр байгуулагдсан парламентын гишүүд, хамтарсан Засагт орох тохироогоо хийсэн улстөрчид та бүхэн чихэр долоосон хүүхэд шиг баярлан бахдаж, инээж цовхчиж байгаа чинь ард түмэнд таалагдахгүй шүү.Нэг л их инээцгээсэн, нэг л их ард түмнийхээ төлөө гэж ирээд шударга дүр эсгэн хүмүүс яваад л байна даа. Та нарыг ард түмэн, улс орныхоо төлөө ажиллах уу, эс ажиллах уу гэдгийг иргэд андашгүй мэднэ.

Төрийн ордны торгон хивсэн дээгүүр толгойндоо шинэ ширээ сандлаа бодон маасайн явахыг чинь ч ард түмэн алхаа гишгээнээс чинь шууд л танина.Ард түмэн баярлаж, цэнгэж, зугаалж болно. Ардын засаг, алаг засаг, анхын 126-д энэ жилдээ наадах эрх байхгүй.Ирэх жилийн ажлаа энэ жилдээ багтаан хийчихээд дараа жил даврахгүй сайхан наадацгаагаарай. Эцэст нь, гайхамшигт Монгол наадам эхэллээ. Монгол түмэн маань хотол олноороо сайхан наадаарай.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 10, Буд гариг. Билгийн тооллын 4, Бага морь одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 05:04 цагт мандаж, 20:51 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18…+23 градус, говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ .Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дээлтэй Монгол наадам 18 дахь жилтэйгээ золголоо DNN.mn

Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан 18 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам-2024”-ыгзохион байгууллаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучуудад зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлсэн юм.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөллөөс гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн “Хөрөнгө оруулагчдын холбоо”, Баруун үзэмчин хошуу, Ордос аймгийн Монголчууд, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээ аялгуу” нэгдсэн холбоо, Шинжаан уйгурын өөртөө засах орны Торгууд, Өөлд, Цахар, Хошуут, Захчин, Урианхай, Халх үндэстэн ястнуудын төлөөлөл бүхий Ойрад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Буриад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын Элстэйн холбоо гэх мэт гадаадын 200 гаруй оролцогч оролцлоо.

Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, шилдэг аж ахуйн нэгж байгууллага, шилдэг дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг номинаци шалгаруулах юм.

Нээлтийн үеэр Хөлөнбуйраас оролцож буй оролцогчийн сэтгэгдлийг сонссон юм.

-Дээлтэй Монгол наадамд хэд дэх жилдээ, хаанаас оролцож байгаа вэ?

-Хөлөнбуйрын Барга Монголоос эхний жилдээ оролцож байна.

-Өөрийн өмсөж буй үндэсний хувцасныхаа талаар тайлбарлавал…?

-Барга монголчууд уужаар гоёдог байсан. Дээр үед бид энгийн цамцан дээр ууж өмсдөг байсан, одоо бол Монгол дээлний гадуур ууж өмсдөг болсон.

-Энэхүү наадамд оролцож буй сэтгэгдэл?

-Маш сайхан байна. Сэтгэл их догдолж байна. Монголчууд үргэлж баян тансаг байгаасай, бүх монголчууд нэг цул болж нэгдээсэй гэж хүсдэг.

Та өөрийгөө болон өмссөн хувцсаа танилцуулбал?

Намайг Т.Ариунаа гэдэг, үзэмчин судлаач хүн. Үзэмчин судлал сангийн тэргүүн, “Үзэмчин өв брэнд”-ийн үүсгэн байгуулагч. Аман найраг, дуу, ерөөл магтаал гэх мэт үзэмчиний өв соёлыг дэлгэрүүлэхийг хичээж судлаж яваа, ном бүтээлүүд, идээ ундаа, хувцас хэрэглэлүүд маань гарсан, заримыг нь брэнд болгоод хөгжүүлээд явж байгаа. Энэ удаад 13 коллекц загвараар дан үзэмчин хувцасны бүх төрлөөр оролцлоо. Би энэ наадамд оролцох гэж дөрвөн жил бэлдсэн, энэ хувцас хэрэглэлийг хийж бүтээхэд маш их хугацаа шаарддаг. Үзэмчин хувцас бол дотроо эхнэр, төрийн хар хүн,бага насны болон өсвөр насны охид хөвгүүдийн хувцас гэх мэт төрлүүдтэй байдаг. Нэг жилийн өмнөөс”Үзэмчин өв брэнд”-ийг байгуулаад, хүмүүст түгээгээд явж байна. Үзэмчин долоон төрлийн цай хэрэглэдэг, цайны брэндийг бас гаргасан.

Тухайн үндэстэн ястны онцлогийг хувцсандаа шингээнэ гэдэг бол их ур чадвар шүү дээ, та энэ тал дээр ер нь юу гэж бодож байна. Харахад эдгээр хувцаснууд нь бас гайхалтай харагдаж байгааг дурдах нь зүйтэй байх?

-Баярлалаа. Манай үзэмчин бусад үндэстний хувцастай харьцуулахад нийтлэг боловч ялгагдах онцлог ихтэй. Жишээлбэл, дээлний зах гэхэд өндөр босоо байдаг, догол энгэртэй, хоёр талдаа өндөр оноотой, нарийн ширмэл хаваастай, малгайн саравч нь дэлгэмэл, өндөр. Малгай нь гэхэд л маш олон бэлгэдэлтэй, хажуу талаас нь харвал ембүү хэлбэртэй энэ нь эд баялгийг бэлгэддэг. Хүрээ саравч нь хүч чадлыг бэлгэдсэн өндөр омогтой, оройн гучин гурван ширээс нь нарны цацрагийг бэлгэдсэн, орой дээрх товч нь бол ертөнцийн төвийг бэлгэдсэн байдаг. Дээлний ерөнхий хэлбэр бол уулыг бэлгэддэг, манай үзэмчид бүр эртнээс нутаглаж ирсэн үзмийн цагаан уулаа бэлгэдсэн байдаг юм.

Яг судлаад явж байхад таны хувьд юу нь хамгийн сонирхолтой байв?Яагаад судалъя гэж бодсон шалтгаанаасаа хуваалцаач?

– Би өөрөө хувцас дизайнер мэргэжилтэй.Тийм учраас мэргэжлийн талаасаа, нөгөө талаараа би үзэмчин хүн учраас үзэмчний өв соёлыг судлах, өөрсдийн түүхийг судлахыг хүссэн юм. Тэгээд өөрийн мэргэжлийн дагуу хамгийн түрүүнд хувцсаа судлаж эхэлсэн, хувцсаа судлангуут цаашаа бэлгэдлүүд нь, ерөөл магтаал нь, дуу нь, аман найрагт нь татагдсан хэрэг.

“Дээлтэй монгол” наадамд оролцохын тулд маш удаан хугацаанд бэлтгэсэн гэж хэлж байна. Нэг дээлийг бэлэн болгохын тулд хичнээн хоног шаардлагатай байдаг юм бэ?

– Чимэглэлээсээ шалтгаалаад янз бүр, дундажаар бол дээлийг нэг сар оёдог. Манайд нэг эр дарах оёдол гэж оёдол байдаг л даа, 13 наснаас эхлээд энэ оёдлоор хувцсыг нь чимэглэж өгдөг. Тэгэхээр зөвхөн эр дарах оёдлыг л гэхэд хамгийн хурдан оёдог хүн долоон хоног оёдог. Хаваас гэхэд 14-30 хоног оёдог. Удаан хугацаа шаарддаг маш нарийн оёдлуудтай, байгаль дэлхийгээ бэлгэдсэн хээ угалзуудыг зүү ороож хийдэг. Хамгийн үнэтэй 5-8 саяын дээл л гэхэд хоёр сарын хугацаа шаарддаг.

 

 

 Э.Одончимэг

 М.Уранбилэг