Categories
мэдээ цаг-үе

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн байна DNN.mn

Бэлчээрийн ургамлын ургалт долоодугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Завхан, Хөвсгөл Өвөрхангай аймгуудын цөөн сумдын нутгаар муу байна.

Тавь гаруй хувьд буюу Дархан-Уул болон Төвийн нийт, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 18-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлд тариалан бүхий нутгаар усалгаа хийх, хор цацах, ажил хийгдэж байгаа бол МАА-н үйлдвэрлэлд хонины ноос хяргах, сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байна.

Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудайд бутлалтаас цэцэглэлтийн үе шатанд Дархан-Уулын Алтангадас болон 6 дугаар бригадын талбайнууд, Төвийн Эрдэнэсантад ишний доод үе хөрсний гадарга дээр ил гарах үе шатанд байгаа бол төмс ихэнх нутгаар хажуугийн нахиа үүсэх үе шатанд байна.

Улаанбуудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 32-77 см байна.

Categories
мэдээ цаг-үе

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна DNN.mn

2024 оны долоодугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, баруун хажуугаас эхтэй Туул /Босгийн гүүр- Заамар/, Сэлбэ, Тэрэлж, Хангай нуруунаас эхтэй Идэр, Онги, Чигэстэй, Богд, Хөвсгөлийн уулсаас усжих Шишхэд, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см, Үүр гол Цагаан-Үүр сум орчимд 65 см тус тус нэмэгдсэн байна.

Хэрлэн /Чойбалсан/, Буянт, Хархираа, Туул /Лүн/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см,  Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай байна.

Маргааш буюу долоодугаар сарын 14-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см, Эг гол Хантай баг орчимд 15 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр төвийн аймгуудын баруун болон төв хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлал өндөр тул хот, суурин газрын ард иргэд болон зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Ж.Пүрэв: Өвгөн ах нь бүх л насаараа Аж богдоо бичиж, Ажийн нурууныхаа алтан сүлдэнд залбирч явна DNN.mn

МЗЭийн Утга зохиолын төлөө шагналт ахмад зохиолч Жамбалын Пүрэвтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр “Амин хайртай нутаг”, “Зүүдэнд ирсэн нутаг”, “Харьд бичсэн шүлгүүд” яруу найргийн номтой. Сүүлийн жилүүдэд Америкт амьдарч бүтээлээ туурвиж буй юм.


-Та бол Говь-Алтай аймгийн Алтай сум, алдарт Аж богдын хүн. Танай сум 100 жилийн их ойтойгоо золгож байна?

-Манай Алтай сум чинь Монгол Алтайн нуруунаас доошоо сунаж тогтсон уул нуруудын бараг төгсгөл хэсэг. Аж богд маань Атас Чингис их уулстай бараа бараандаа сүндэрлэдэг. Монгол Алтайн нурууны салбар уулсаас хамгийн өндөр нь. Далайн түвшнээс дээш 3 мянга 803 метр гээд бодохгүй юу. Захуй Зарман, Хонин ус, Найман мянганы говь гээд алдарт говиудын дунд оршдог. Эргэн тойрны говиуд ноцсон гал шиг халуу шатаж байхад Аж богдын нуруун дээр зундаа хөвөнтэй дээлтэй явна. Аж богдынхоо Хүрэн овооны ихэр гэдэг сүрлэг уулын бэлд би төрсөн. Аав ээж минь малчин хүмүүс. Манай нутгийнхан гучаад оны бослого, их хэлмэгдүүлэлтийн шуурганд Шинжаан руу дүрвэж гарсан. Зарим нь хил дөнгөж даваад Дамбийжаагийн орогнож байсан Маазан сан уулын тэнд нутаглаж үлдсэн байдаг. 1992 онд Бургастайн урд талаар хил нээгдэх үед Өмнөд Монголын Алшаа баруун хошуунд ах дүүстэйгээ очиж уулзаж байсан. Нутгаа л яриад, элэг эмтэрмээр. Монголоос, Ажаас хүн ирж гэнэ гээд л тал бүрээсээ цуглаж байсан. Шөнө дүл болтол уйлаад яриад байсан. Өөрийн нутаггүй байх шиг зовлон үгүй юм байна гэж уулзсан бүхэн хэлж байж билээ.

-Таныг Говь-Алтайд сурагч байхад Түдэв гуай багшилж байсан гэдэг. Чимидийн Алагсай гуай таны анхны номыг гаргасан байдаг. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, намайг тавдугаар ангийн сурагч байхад Түдэв гуай багш байсан. Түдэв багш дээр багш нар хэзээний л шаваатай харагддаг сан. Ухаантай хүн мөн ч сайхан юм гэж Түдэв багшийн залуу насыг эргэн дурсахад бодогддог. Багш нар, ер нь хүмүүс сонирхсон, дуулсан бүхнээ Түдэв багшаас асууна. Цэнхэр тод өнгийн костюмтай толигор сайхан залуу байлаа. Би гэдэг хүн Архангайн багшийн сургуульд сураад дундуур нь Дорнодод цэргийн алба хаагаад, Дорнодын “Дөл” сонинд анхны шүлгүүдээ хэвлүүлээд, буцаж багшийнхаа сургуульдаа ирж төгсөөд алс хол Алтайдаа багшаар очсон, ийм л намтартай. Сумандаа багшилж ахуйдаа Алагсай гэж тэр сайхан хүн надад нөмөр болсон. “Хүү минь би чиний зарим шүлгийг уншаад нүдээ арчдаг юм” гэж хэлж билээ. Алагсай гуай бол Ломоносовын сургуулийг төгссөн анхны сэхээтнүүдийн нэг. Ер нь тэднийхэн үе удмаараа олноор хүрээлүүлсэн сайхан хүмүүс. Бигэрийн алдарт баатар Чулуун гуай тэр хэд ах дүү хүмүүс. “Майхан ууланд аялсан нь”, “Говь дахь учрал”, “Ирвэст уул”, “Тахийн ус”, “Суман зээрд” гээд мөн ч гоё номуудтай. Нутгийн минь энэ мундаг зохиолч анхны номыг минь (“Амин хайртай нутаг”) минь эх барьж авсанд билгэшээдэг. Нутгаасаа би “Буурал аав” дууны эзэн Түндэвийн Юмсүрэнтэй сүрхий дотно байсан. Бусдаар бол алс хол Алтай сумандаа багшилж, зах хязгаарт залуу насаа үрсэн хүн. Манай сумын хүү Шаравын Батжаргал шавдуулж байж Зохиолчдын хорооныхоо босгыг алхсан. Арлааны Эрдэнэ-Очир гэж ёстой нэг сайхан хүүтэй ах дүүгийн барилдлагатай явлаа. Тангадын Галсан, Шагдарын Дулмаа гуай гээд сайхан буурлуудтай уулзаж үг сургаалыг нь сонсож явсан минь хувь заяа юм. Зохиолчдын чуулганд хоёр удаа оролцсондоо өвгөн ах нь баярладаг.

Говь-Алтайн ТМС-ын захирал Рагчаа надад зориулж

“Ажийн ууландаа агт морь шиг аялж

Архангайд атмандаж даналзсан

Ардын армид ахлах түрүүчээр ханхалзаж

Ардын сургуульд багшаар ханхалзаж

Аж нутгаа засаглан данхалзаж

Ай даа ах минь та аатай явлаа даа” гэж элэглэл бичсэн. Эл хэдэн мөрөөс миний залуу нас харагддаг. “Зүүдэнд ирсэн нутаг”-ийн минь өмнөтгөлийг манай Ж.Батсайхан бичсэн, бас л салхитай онгодтой найрагч даа. Нас хэвийгээд ирэхээр нутгаа их санах юм. Нутгийнхаа хөгшдийг санах юм. Ямар үнэн үгтэй, хүний төлөө хүмүүс байгаа вэ. Төрбат, Хоролсүрэн гэж манайтай айл аймаг явсан хөгшид байна. Аж богдын хойгуур нутагладаг Ядамсүрэн, Боролзой гээд хөгшид байна. Дандаа хүний сайн сайхны төлөө явдаг хүмүүс байжээ. “Өндөр сүрлэг Аж богдоо сүсэглэж өглөө бүр цайныхаа дээжийг өргөөрэй, өнхөрсөн чулууг нь хүртэл анзаарч өөрийн байранд нь буцааж тавиарай” гээд бүхий л насаараа Аж богдоо бичиж, Ажийн нурууныхаа алтан сүлдэнд залбирч явна даа.

Бусдын нутагт явахад

Буурал Аж-аал санана

Буцаад яаран ирэхэд

Бодол сэтгэл тайвширна

Алсын барааг нь харахад

Аньсага аяндаа чийгтэнэ

Амьсгаа хүртэл уужраад

Аавдаа ирсэн мэт бодогдоно

Үлгэрийн юм шиг гайхмаар

Үзэсгэлэнгийн юм шиг бахархмаар

Үнэхээр онгон тансаг

Өндөр сүрлэг богдынхоо

Өвөр дээр нь гараад

Өөрийн энгээр тэвэрмээр

Өвс шороогийн хүртэл

Өмссөн хувцсандаа наалдуулмаар

Буян заяаны нутаг

Буурал Аж-даа мөргөе

Буцаад төрөх тавилангаа

Бурхан таньдаа даатгая.

Бид хоёрын яриа ийм товчхон хийгээд дулаахан өрнөсөн юм. Пүрвээ гуайнхаа

“Харьд бичсэн шүлгүүд” номынх нь өмнөтгөлийг миний бие бичсэн юм. “Харьд бичсэн шүлгүүдээс нь халуун сэтгэл ханхалж, Алтайнх нь салхи амтагдана гэж бичсэн.

“Үзүүр мянганы булгаа

Үгүйлээд байгаа юм уу би

Үүр шөнийн зүүдэнд минь

Үзэгдээд байдаг болчихлоо

Уул толгод нь хүртэл

Уран зураг шиг харагдаад

Урсах усны чимээнд нь

Уртын дуу шиг сонсогдоод”,

“Талын онгон хөрсөн дээр

Тэрлэгээ дэвсээд хэвтэх сэн

Таана хүмүүлийн үнэрт

Тавхан хором саатах сан

Дүүрэн одтой тэнгэрээ

Дөрөөн дээрээсээ хараад

Долоон бурхандаа хандаж

Доторх хүслээ шивнэх сэн

Айзам дууны түрлэгэн дор

Айргийн хул түшээд

Аялгуу сайхан хэлээрээ

Айлын өвөөтэйгээ хуучлах сан

Унаач хүүхдийн гийнгоонд

Уяран уяран баясаад

Уралдааны морьдын бариан дээр

Уйлан уйлан баярлах сан”,

“Хангай говь нь солонгороод

Хонь мал нь сувдраад

Хулан зээр нь хонгортоод

Хулс, зэгс нь шаргалтаад

Харанхуй шөнө байвч

Харагдаад байх шиг санагдана

Хайртай Монгол орон минь

Харах нүдэнд илхэн

Хуурын уяхан аялгуу

Хурдан морьдын төвөргөөн

Уулын бугын урамдах нь

Урсгал усны харгиатах нь

Холын холд байвч

Сонсогдоод байх шиг санагдана

Хосгүй сайхан Монгол минь

Хоёр чихэнд уяатай

Арцат Богдын салхи

Атар хөрсний чийг

Агь таанын үнэр

Аргалын цэнхэр утаа

Өөр холын оронд ч

Үнэртээд байх шиг санагдана

Өлгий болсон Монгол минь

Өөрийн биед минь нэвчжээ

Уулын сонгинын ааг

Уруул чимчигнэх айраг

Онгон хөрсний шим

Шинэ жимсний амт

Алс холд байвч

Амтагдаад байх шиг санагдана

Амин хайртай Монгол минь

Алд биед минь шингэжээ” гэх буурал найрагчийн Лос Анжелост бичсэн шүлгийнх нь мөр бадгуудаас дандаа нутаг нь үзэгдэж Монгол нь ханхалж хүний нутгийн тэнгэр дор нарлаг Монгол руугаа хараад манхайсан хөх тэнгэрийг нь, манан будан татсан уул хангайг нь, гэрэлт туяанд булхагдсан намрын цагаан шөнийг нь, гэгээн дууны айзам ангирын нургисан ганганаатай урин хаврыг нь тэсэхүйеэ бэрхээр санаж суугаа нь нулимстай мэдрэгддэг юм..

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ганбат: Хэмжээст оноо нь хүмүүсийг маш их төөрөгдүүлж, системийн гажуудлыг ил болгож харуулахгүй байна DNN.mn

МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал, доктор, профессор Б.Ганбаттай ярилцлаа.


-Энэ жилийн элсэлтийн шалгалтад математик, физик, химийн хичээл дээр хүүхдүүд ихэвчлэн хангалтгүй дүн авчээ. Энэ юутай холбоотой вэ?

-Энэ нь тогтолцооны буруугаас үүдэлтэй. Хэмжээст оноо биш анхны оноогоор нь ярих ёстой. Анхны оноо хэд байна түүгээрээ явах ёстой байсан. Жишээ нь, математик дээр 400 буюу коллежийн босго гэдэг нь зуугаас 14 оноо юм. Хими дээр 15 оноо. Үүнийг яаж авах ёстой вэ гэхээр зөвхөн сонгох таван хариултын нэг баганы дандаа А юмуу B -г нь дугуйлчихад л авчих оноо юм. Яах аргагүй боловсролын тогтолцооны асуудал.

Тогтолцооны хувьд яривал олон асуудал бий. Сурах бичгийг жил бүр тендер зарлан шинэчилж хэвлэдэг. Сургуулийн багш нартаа сурах бичгээ шинэчлэх бүртээ сургалт явуулдаггүй. Шалгалтын асуулт зохиох асуудлыг дурдаж болно. Шалгалтын асуултуудад багш нар маш их эргэлзэж байна. Багш нар шалгалтын асуултуудыг үзэж болдоггүй мөртлөө хувийн компаниуд түүнийг нь аваад олон хэлбэрээр бизнес хийж байгаа юм. Энэ нь боловсролын тогтолцооны том гажуудал. Хэмжээст оноог больчих хэрэгтэй. 800, 400 оноо гээд л яриад байдаг. Энэ нь өөрөө хүмүүсийг маш их төөрөгдөлд оруулаад, системийн гажуудалд орчихсон байгааг ил болгож харуулахгүй байна.

-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд маань сургалт дамжаанд их л хамрагдсан байтал яагаад ийм тааруухан дүн авав гээд гомдолтой байх шиг байсан.

-Элсэлтийн шалгалтандаа бэлдэж сургалт, дамжаанд хамрагдаж байгаа хүүхдүүдийн хувь нь өөрөө маш бага юм. Хүмүүс ойр тойрныхоо хүүхдээр төсөөлөөд байна. Хотын төвийн сургуулиудын хүүхдийн хэмжээнд ярих юм. Сумын төвийн хүүхдэд сургалт, дамжаанд хамрагдах ямар боломж бий гэж. Хотын захын хорооллын хүүхдүүд хүнд нөхцөлд хичээллэж байна.

Хотын төв болон захын хорооллын сургуулиудын хүүхдүүдийн ялгаа эрс гарч байгаа. Хотын төвд сурч буй хүүхэд дээр дүгнэлт хийгээд түүнийгээ яриад байгаа нь боловсролын системийн гажуудлын нэг хэлбэр юм. Таны эргэн тойрны хүүхдүүд сургалтад хамрагдаж байгаа ч гэр хорооллын болон сумын төвийн хүүхдүүд сургалтад хамрагдаж чадаж байгаа юу гэдэг нь өөрөө том асуудал.

-Багш нар хүүхдийн шалгалтын дүнд хэр нөлөө үзүүлдэг вэ. Багш нарын ур чадвар, чадамж манайд хэр байгаа вэ?

-Багш нар элсэлтийн шалгалтын үнэлгээн дээр ч маргаантай байдаг. Багшийн ур чадвар хүүхдүүдийн элсэлтийн шалгалтын дүнд маш сайн нөлөөлнө. Сайн багштай сургуулийн хүүхдүүд өндөр оноо авч байгаа. Олонх массаараа хотын захын дүүргийн сургуулиудын хүүхдүүд элсэлтийн шалгалтад тааруу дүн авч байна. Багшийн ур чадварын асуудал мэдээж яригдана. Гэхдээ Монгол Улс багш нараа гаргуунд гаргаад хаячихсан. Энэ нь 20 жилийн өмнө ажлаа авч байсан багштайгаа цаг үе, хэрэглээтэй нь холбогдуулан ажилладаггүй.Багш нараа чадавхжуулах ажлыг бодитоор хийж ирээгүй. Чадавхжуулна гэхээр өвөл, зуны амралтаар нь хотод авчирч, эсвэл хоёр, гурван багш хөдөө очиж, семинар шиг юм хийдэг. Энэ нь ямар ч үр дүнгүй. Үр дүнтэй болгох арга хэмжээг авах нь зүй юм.

Багшийн чадавхыг ярихын өмнө цалингийн асуудлыг ярих ёстой. Элсэлтийн шалгалтад муу дүн авч байгаагийн 20 хувьд нь л багшийн чадварын асуудал яригдах болов уу. Нийгэм маш их өөрчлөгдөж байгаа. Хүүхэд нь муу сурвал багшийн буруу болдог цаг үе ирсэн. Өмнө нь муу сурвал хүүхдүүд бидний буруу болдог байлаа. Солонгос улсад багшаа хамгаалах хууль гаргасан. Эцэг эхчүүд шууд багштай харьцдаггүй. Сургуулиар дамжуулж харьцана. Тухайн багш амарч буй тул оройн цагаар залгаж болохгүй байх жишээний. Манайд бол шөнийн хэдэн цагт ч хамаагүй цахим хуудсаар нь дамжуулан хүүхдийнхээ асуудлыг ярьж, амрах ёстой цагт нь маш их шахалт, дарамт үзүүлдэг. Яамны шалгалт гээд энэ их дарамт бүхэн багш нарыг ажиллах сонирхолгүй болгож байна. Муу юм болгоныг хойд талын овоохой гэдэг шиг багш руугаа чихээд байж болохгүй. Багшаа хамгаалсан тогтолцоо, журам гаргах хэрэгтэй байна.

-Энэ жилийн элсэлтийн шалгалтын материал нь ерөнхий сургалтын агуулгаас хүнддээд хүүхдүүд ийм тааруу оноо авчихав уу гэж ч ярих хүмүүс байна л даа.

-Багш нарын хувьд ерөнхий сургалтын агуулгаас хүндэдлээ гэж үзэл бодлоо илэрхийлж байгаа. Гэхдээ миний хувьд хүндэдсэн зүйлгүй байх гэж таамаглаж байна. Яагаад таамаглаж байна гэхээр өмнөх долоо, найман жилийн үр дүнтэй адилхан байгаа юм. Математикийн зуугаас 13 гэдэг чинь өмнөх жилийнхээ жишигт л байгаа гэсэн үг. Байгалийн ухаан болох суурь шинжлэх ухааны боловсролын түвшин уначихсан байгаа.

Элсэлтийн шалгалтад алдаатай асуулт байж болно. Түүнийг багш нартайгаа үзээд ил болгох хэрэгтэй. Багш нартаа шалгалтын материалыг харуулахгүй, хувийн компанид нээлттэй байдал бий болгож, бизнес хийгээд байж болохгүй л гэж үзэж байна. Элсэлтийн шалгалтыг хүн бүр төдийгүй улсын ирээдүй, боловсролын түвшин ямар байгаа вэ гэдэг асуудлыг харуулж буй үзүүлэлт гэж үзэн улсаараа анхаарах нь зүй юм. Асуудал байна гэхээр манайхан буруутан хайгаад явчихдаг. Ихэвчлэн багш нарын буруу болгож, ханддаг. Буруутан хайхаас илүү яавал хүүхдүүд маань элсэлтийн шалгалтад өндөр оноо авч болох гарцаа л хайх хэрэгтэй.

-Хотын төв болон захын дүүргүүдийн хүүхдүүдийн мэдлэгийн ялгааг яаж ойртуулж болох вэ. Энэ тал дээр таны санал?

-Цахим болон танхимын хосолсон сургалтын системийг оруулж өгөх шаардлага бий. Хотын төвийн сайн багшийн хичээлийг тухайн танхимд зааж буй багш, сурагчид хамтдаа хичээлийн цагийн тал хувьд нь үзэж болно. Цахимаар зааж буй багш сурагчдын асуусан асуултад хариулж чадахгүй. Ангид буй багш асуултад хариулж, хүүхдүүдтэй ярилцана. Хүүхэд, багш хоёр хоёулаа сайжрах сайн талтай. Коронагийн үеийн сөрөг зүйлсийг ярилгүйгээр цахим системийг зөв ашигламаар байна.

Л.МИНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

2024.07.14 / НЯМ ГАРИГ

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Нас уртасна.
Наран ургах, шингэх: 05.08-20.48
Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 7 сарын 14, Адьяа гараг. Билгийн тооллын 8, Тугчин одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:08-20:48. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар,  говийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг голын хөндийгөөр +4…+9 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас гаргажээ.

Барс-2, Бүрд худалдааны төвөөс бусад зах маргааш ажиллаад долдугаар сарын 11-нээс амрах хуваарьтай байна.

Нарантуул худалдааны төв хамгийн олон хоног буюу долдугаар сарын 11-20-ныг хүртэл амрах нь.

 

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө усны ослоор гурван хүн амь насаа алджээ DNN.mn

Өнгөрсөн шөнө Дорнод аймагт хоёр, Сэлэнгэ аймагт нэг хүн, энэ сарын 8-нд голын эрэг дээр тоглож байсан хоёр хүүхэд усанд живж, амь насаа алдсан харамсалтай явдал болсныг ОБЕГ-аас мэдээллээ. Иймд аялал, амралтаар явж буй иргэдэд гол усны аюулаас сэргийлж болгоомжтой байхыг онцгойлон анхааруулав.

Долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Өнөөдрийн/2024.07.12/ байдлаар Эг, Дэлгэрмөрөн, Шишхэд, Идэр, Хануй, хойд Тамир, урд Тамир, Сэлэнгэ, Орхон, Өврийн Богд, Чигэстэй, Завхан, Хожуул, Хүнгүй, Баруунтуруун, Хангилцаг зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөсөө 5-30 сантиметрээр нэмэгджээ.

Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшнийг 5-25 см, Ховд гол Мянгад, Туул гол Лүн орчимд үерийн аюултай түвшнийг 5-10 см-ээр давсан байна.

Өнөөдөр Орхон аймгийн нутаг, Булганы хойд болон зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Эг, Тарвагатай, Зүүнгүрүү, Ачуут, Зэлтэр, Хараа, Хангал зэрэг гол, мөрний сав дагуух хот, суурин газрын иргэд, зусаж, суурьшиж буй малчид аялж, амарч яваа иргэдийг дээрх голуудын эрэг дагуу бууж, суурьшихгүй байхыг зөвлөв.

  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
  • Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
  • Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
  • Аж ахуйн нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхрыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаална уу.

 

Эх сурвалж:  ЦУОШГ, ОБЕГ 

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Улаанбаатараас баруун, зүүн тийш гарах замын хөдөлгөөний ачаалал их байна DNN.mn

Орон нутгийг зорих автомашины хөдөлгөөний ачаалал өнөөдөр их хэвээр байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

  • Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Баянчандмань, Лүн, Баянхангай сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал их
  • Улаанбаатар-Хэнтий, Дорнод чиглэлийн авто зам буюу Налайх дүүргийн Цонжинболдог, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалалтай
  • Эмээлт, Баруунтуруун, Налайхын шалган нэвтрэх цэгүүдэд хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их, цуваа үүссэн байдалтай байна гэв.

Аян замд яваа иргэд, наадамчин олон цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөлөө.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөв гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Холимог тулаанч Б.Алтанчимэг Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ DNN.mn

Камбож улсын нийслэл Пномпень хотноо долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд Холимог тулааны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээний -60 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Б.Алтанчимэг өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ.

Сануулахад, Б.Алтанчимэг Холимог тулаанаар улсдаа аваргалж, Азийн тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрхээ авсан. Гэвч тэмцээндээ явах зардалгүйн улмаас блокны үйлдвэрт ажиллаж байсан билээ. Улмаар түүнд иргэн Б.Цэцэг долоон сая төгрөг хандивлаж байв.