Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгууллагаас 330 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны долдугаар сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 372 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 912 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар гаргасан нэг, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох гурван гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 330 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 582 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 23 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 26 иргэнд өгч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

“Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын эмч нартай хамтран тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүссэн нөхцөл байдалд Хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн дараах арга хэмжээг авлаа.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, тус эмнэлэгт Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэв.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн арга хэмжээ тооцож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн.
Түүнчлэн тус сумын иргэдийн шүдний тусламж, үйлчилгээнд ашигласан багаж, материалаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж байна.
Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан 52 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, гепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүр амны эмчийн хяналтад авах, шүдний тусламжтай холбоотой үрэвсэл, буглаа зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл эмчлэн эрүүлжүүлэх, мөн тэдгээр иргэдэд давтан шинжилгээг наймдугаар сарын сүүлийн 7 хоногт дахин хийхээр шийдвэрлэлээ.
“Агапе” христийн эмнэлэг нь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 43 иргэнд гемодиалезийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэдийг өөр эмнэлгээр хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлүүлэх арга хэмжээг авч байгаа юм.

Одоогийн байдлаар хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аймаг, сум, багт явуулын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, гаднын байгууллага, сайн дурын ажилтнуудыг зөвшөөрөлтэй эсэх, үйл ажиллагаа явуулахдаа чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж заавар, журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж, явуулын тусламж үзүүлж буй байгууллага, эмч, мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байгаа тохиолдолд албан ёсны гэрээ байгуулах үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг 21 байршилд зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг найдугаар сарын 1-ний өдрөөс есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голын салаанд нутаглаж байсан долоон өрх усанд боогджээ DNN.mn

Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т орших Дунд гол гэдэг газарт Хэрлэн голын салаанд нутаглаж байсан долоон өрхийн гэр голын усанд боогджээ. Энэ тухай дуудлагыг долоодугаар сарын 29-ний 06:53 цагт хүлээн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 200 км зам  туулан 13:37 цагт очиход гурван өрхийн 13 хүн /5 том хүн, 8 хүүхэд/ Хэрлэн голын усанд боогдсон байсан тул аврах завь ашиглан 9.30 цаг ажиллан иргэдийг аюулгүй газарт гаргасан байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Г.Мөнхбаяр: Бага хугацаанд бэлтгэл хийж, Олон улсын физикийн олимпиадаас багаараа медаль хүртсэндээ баяртай байна DNN.mn

МУИС, ШУС-ийн багш Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу. Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадаас багаараа медаль хүртсэнд баяр хүргэе. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бэ?

-Сайн байна уу. Олон улсын физикийн 54 дүгээр олимпиад Иран улсын Исфахан хотод долдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадад Г.Мөнхбаяр миний бие ахалж нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.

Нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, бүх сурагчид медальт байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Мөнхбаяр гэдэг. МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын Физикийн тэнхимд доктор, дэд профессороор ажилладаг. 2019 оноос хойш буюу сүүлийн таван жил тасралтгүй Олон улсын физикийн олимпиадад Монголын багийг ахлан оролцож байна.

-Өмнө жил Олон улсын физикийн 53 дугаар олимпиадад амжилттай оролцож медаль хүртэж байсан шүү дээ. Энэ жилийн олимпиадын даалгавар хэр байсан бол?

-Энэ жилийн хувьд бодлого болон туршилтын ажлууд хүүхдүүдээс их ур чадвар шаардсан байлаа. Олон улсын физикийн олимпиад хоёр өдрийн турш үргэлжилдэг. Эхний өдөр 5 цагийн хугацаанд хоёр туршилтын ажил хийж үр дүнг гаргадаг. Харин дараагийн өдөр онолын гурван бодлого бодож үр дүнг гаргана. Туршилтын ажлын хувьд эхний даалгавар нь Дулааны болон Оптикийн гэсэн хоёр багц даалгавар ирсэн. Өмнө жилүүдтэй харьцуулахад нэлээд олон хэмжилт, боловсруулалт хийж үр дүнг гаргах даалгавар байлаа.

Гэхдээ Иран улсын эрдэмтэд өөрсдөө загварыг нь гаргаж боловсруулалт хийж Ираны компаниар багажаа хийлгэсэн нь нэлээн нарийвчлал сайтай сайн багаж байсан. Хүүхдүүдэд хэмжилт боловсруулалт хийхэд нь тус дэм болсон болов уу гэж харж суулаа.

-Ер нь Олон улсын физикийн олимпиадад ямар бодлогууд орж ирдэг вэ?

-Ер нь Олон улсын физикийн олимпиадын бодлого, туршилтууд нь физикийн салбарт нээлт болж Нобелийн шагнал хүртсэн бүтээлүүд, сүүлийн үеийн дэлхий нийтийн анхаарлын сэдэв болж буй физикийн салбарын шинэ судалгааны ажлуудыг бодлого болгон дэвшүүлж түүний үр дүнг сурагчид өөрсдөө гаргаж загварыг нь боловсруулж уралдадгаараа бусад шинжлэх ухаанаас эрс ялгаатай байдаг.

-Сурагчдын хувьд хэдий хэр хугацааны өмнөөс бэлтгэлээ хийсэн бэ?

-Манай сурагчдын хувьд 2024 оны тавдугаар сарын 12-нд Хөвсгөл аймагт болсон Улсын физикийн олимпиадын өдөр тодорч, бэлтгэлээ МУИС-д хийсэн.

Бид зургадугаар сарын 2-ноос 11-ний хооронд Малайз улсад болсон Азийн физикийн 24 дүгээр олимпиадад оролцоод үргэлжлүүлэн бэлтгэлээ хийн энэхүү олимпиадад оролцлоо. Сүүлийн хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн.

Азийн физикийн олимпиадад манай баг хоёр хүрэл, хоёр шагналт байр хүртсэнийг энд дурдмаар байна. Бусад орнуудтай харьцуулахад бага хугацаанд бэлтгэл хийж багаараа медаль хүртсэндээ маш их баяртай байна.

-Ер нь физикт дурлах, физикийн сайхныг та юу гэж харж байна?

-Миний хувьд физик бол бүх шинжлэх ухааны хаан гэж үздэг. Яагаад гэвэл бидний ахуй, амьдралд болж буй бүх процесс физикийн хуульд захирагдаж явагддаг.

Ялангуяа техник технологи хөгжиж буй энэ эрин зуун, хүн төрөлхтний өмнө тулгарч буй аливаа саад бэрхшээлийг даван гарахад физикийн шинжлэх ухаан маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэр ч утгаараа физикийн шинжлэх ухаан амьдралд илүү ойр учир физикийг судлах нь хүүхдүүдэд илүү сонирхолтой гэж хэлмээр байна.

Юмс үзэгдлийн талаар бодож, тооцоолж, туршилтаар шалгаж олох, түүнийхээ учрыг тайлж мэдэх, шинэ нээлтүүдийн талаар уншиж судлах гэх мэт физикийн сайн сайхан зүйл маш их бий дээ. Дээрээс нь физикийг судалснаар бусад бүх шинжлэх ухааны салбар руу хөрвөж чаддагаараа давуу талтай.

-Физикийг хүүхдүүдэд яаж дурлуулах вэ?

-Дунд сургуулиас нь физикийн туршилтуудыг хийлгэх, хүүхдүүдэд зориулсан техник технологи, физикийн шинжлэх ухааны нээлтүүдийн талаар болон бусад сонирхолтой сэдвээр телевизийн, видео контент хийж багаас нь физикт дурлуулах нь их чухал гэж боддог. Сүүлийн үед ийм контентууд гарч байгаа нь сайшаалтай. Энэ ч утгаараа физик сонирхож буй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Жишээлбэл, олимпиад, уралдаанд хот, орон нутгийн 1000 гаруй сурагчид оролцож байгаа харагддаг. Мөн миний бие олимпиадын бэлтгэл, давтлага хичээл ордог. Хичээлд маш олон сурагчид суух сонирхолтой байгаа нь эцэг эхчүүдийн энэ салбарын талаарх ойлголт нэлээн нэмэгдсэн нь ажиглагдсан.

-Манай улсад физикийн багш, боловсон хүчин хэр хангалттай байдаг вэ?

-Манай улсад нийт 1200 гаруй физикийн багш байдаг. Өнгөрсөн жил физикийн багш нар их хурлаа хийж асуудлаа ярилцсан. Боловсон хүчний талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ физикийн багш ажилд авна гэсэн зарууд их харагддаг.

-Жил ирэх тусам Олон улсын хэмжээний олимпиадад оролцох хүсэлтэй хүүхдүүд нэмэгдэх болсон. Тэдэнд хандаж юу гэж зөвлөх вэ?

-Манай улсын хувьд Азийн болон Олон улсын физикийн олимпиадад жил бүр оролцдог. Сүүлийн жилүүдэд 10 дугаар ангийн сурагчид олон улсын олимпиадаас медаль хүртэж байгаа нь өрсөлдөөнийг маш ширүүн болгож байгаа.

Тиймээс 10 дугаар ангиас нь эхлээд бэлтгэлээ маш сайн тогтвортой, үр дүнтэй, цэгцтэй хийж чадвал Монголоосоо шалгаран Азийн болон Олон улсын олимпиадаас медаль хүртэх бүрэн боломжтой.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

II улирлын НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ DNN.mn

Татварын ерөнхий газраас 2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наймдугаар сарын 01, 02-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

2024 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Наймдугаар сарын 01, 02-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахуйн гал түймрийн зургаан дуудлага мэдээлэл бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад ахуйн гал түймрийн 6 дуудлага мэдээлэл бүртгэгдэв.

Дээрх 6 тохиолдлын хоёр нь хогийн цэг шатсан, ил задгай хаясан хог шатсан дуудлага байв.
Ахуйн гал түймэр гарах шалтгааны 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг.

Иймд

– Татсан тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах,

– Шатамхай зүйлийн ойр гал асаахгүй байх,

– Цахилгаан хэрэгслийг залгаатай орхихгүй байж ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье.

Categories
мэдээ нийгэм

Жаргалантын аманд 1 км үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд 2022 оноос эхлэн 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 800 метр даланг бариад байна. Харин өнөөдөр үлдсэн 1 км үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Уг ажлыг сарын хугацаанд хийж дуусахаар төлөвлөж буй.

“Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “Улаанбаатар хотод нийт 450 км орчим үерийн далан шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан. Харин манай байгууллага 163 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн эзэмшил, ашиглалтыг хариуцаж ажилладаг. Өнгөрсөн онуудад эл байршилд буюу Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар орчимд үер буудаг байсан. Иймээс манай байгууллагаас зураг төслийг нь боловсруулж, өнөөдөр угсралтын ажлыг эхлүүлээд байна” гэв.

Энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар шинэчлэлтийн хүрээнд Энхтайваны гүүрэн доор далавч хана, Хайлаастын үерийн хамгаалалтын далан, 25 дугаар эмийн сангийн хойно, “Сүнжин гранд” зочид буудал болон “Бөмбөгөр” худалдааны төв орчмын босоо ханыг засварлаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 60 хувьтай үргэлжилж байгаа юм.

 

Эх сурвалж: ikon.mn

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” соёлын фестиваль ирэх сарын 16-нд эхэлнэ DNN.mn

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрхны бэлд 2024 оны наймдугаар сарын 16-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус фестивалиар Монгол түмний соёлын биет бус өвтэй танилцах боломжтой юм.