Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон DNN.mn

Хурдан дааганы цол дуудсан Т.Тэмүүлэн хүүгээс ярилцлага авах гэтэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойд дуу дуулж, ерөөл уншиж, морины цолоо дуудах ажлаар явсан тул түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.


-За юуны өмнө чамд баяр хүргэе.

– Баярлалаа.

-Наадамд хурдан дааганы цол дуудах болсон шалтгаан юу вэ, сонирхол байсан уу?

-Сонирхол байлгүй яах вэ. Улсын наадамд ядаж баян ходоодны цол дуудахсан гэж мөрөөдөж, тэр мөрөөдөл минь биелсэн.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Туулбаатарын Тэмүүлэн гэдэг.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, одоогоор Нийслэлийн 53 дугаар сургуульд сурдаг.

-Наадмаар хурдан дааганы цол дуудаад наадамчин олныг баясгасан шүү дээ, сэтгэгдэл ямар байсан бэ?

-Сайхан байсаан, эхэндээ айж байсан, гэтэл наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон, их омогшсон.

-Урьд нь олон шагнал авч байсан уу?

-Анх бол урлагийн үзлэгт ороод хоёр удаа алтан медаль авч байсан. Тэгээд “Билиг авьяас бидний бахархал” аймгийн уралдаанд товшуур хөгжим, магтаал хайлж дөрөвдүгээр байранд орж “Гийнгоо” их наадамын улсын уралдаанд оролцож алтан медаль авч байсан.

-Танай аав, өвөө юу хийдэг хүмүүс вэ, урлагийн удам бий юу?

-Удам байгаа, ерөнхийдөө удмаараа урлаг талдаа. Манай өвөө аймгийн Хөгжимт драмын театрын дуучин байсан, аав бас дуулдаг. Одоогоор манай Өлзийт нутгийн ой болж байгаа болохоор миний хувьд энэ баярт оролцох гэж байна.

-Ирэх 9 дүгээр сард хичээл нь эхэлж анги дэвшинэ, ангийн хамт олон, найз нар чинь мэдээд чамд баяр хүргэнэ дээ.

-Манай найзууд баяр хүргэсэн, өмнөх ангийн найзууд болон шинэ ангийн найзууддаа баярлалаа.

-Танайх хэдүүлээ вэ?

-Би айлын бага, дээрээ хоёр эгч, нэг ахтай.Одоо ах эгч нар бүгд тусдаа болоод өнөр өтгөн 12-уулаа болсон.

-Ээж аав нь хаана ямар ажил эрхэлдэг вэ?

-Ээж маань Баянхонгор аймгийн Соёл урлагийн хэлтсийн дарга, аав Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг.

-Чиний сонирхол хобби юу вэ?

-Урлаг талдаа, тэр дундаа Монголынхоо үндэсний урлагтаа илүү хоббитой.

Танай сониноор дамжуулж ээж аавдаа, ах эгчдээ хайртай шүү, мөн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

Ц.ОТГОНСҮРЭН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Ес дэх удаагийн сонгуулиар хамгийн олон санал авч энэ парламентад орж ирсэн улстөрч бол та. 80 мянган хүний саналаар УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна…?

-Юуны өмнө баруун бүсийн иргэддээ талархаж байгаагаа илэрхийлье. Ард түмнийхээ төлөөлөл болж, улс орныхоо хөгжил дэвшлийн талаар ярих биш, хийж бүтээх ёстой гэсэн зарчмаар өдий болтол ажиллаж ирсэн. Цаашид ч хийсэн ажил маань намайг тодорхойлж, миний өмнөөс ярих болно. Ер нь хийсэн бүтээсэн ажилтай, хэлэх үгтэй, нүүр бардам сонгогч, иргэдтэйгээ уулзах шиг сайхан зүйл үгүй.

Улстөрчдийн хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол нэр төр. Энэ нэр төрөө сэвтээхгүй, ард түмнийхээ төлөөлөл болж, төр, түмнийхээ төлөө шударга, бүтээмжтэй ажилласан хүнд л иргэд маань итгэж, сонголтоо хийсэн байж таараа. Миний хувьд иргэдийнхээ итгэлийг том үүрэг, хариуцлага гэж ойлгодог. Тиймээс эдгээр зарчимаа хадгалж цаашид ч улс орныхоо хөгжил, ард түмнийхээ аятай сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байх болно.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан. Саяхан бүрэлдсэн хамтарсан Засгийн газарт энэ салбараа хариуцаад явах болов уу гэсэн бодолтой олон хүн байсан байх. Харин танд өөр салбарын бодлогыг авч явах үүргийг хүлээлгэлээ шүү дээ…?

-Батлан хамгаалахын салбар бол Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой маш чухал салбар. Энэ салбарын бодлогыг зангидаж явна гэдэг бол том үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа. Салбар хариуцаж, сайдаар томилогдсон эхний өдрөө л шат шатны удирдлагуудад нэг зүйлийг онцгой анхааруулж хэлсэн. Тэр бол хариуцсан ажлаа хариуцлагатай хийх. Тэр дундаа Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүн бусдаас илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг үлгэр жишээ энэ салбараас тод харагдах ёстой гэсэн зарчмын асуудлыг анхааруулж хэлсэн. Цаашид бодлогын хувьд илүү сайжруулах олон ажил бий.

-Зам, тээврийн салбарт өнгөрсөн хугацаанд томоохон ажлууд хийгдсэн. Ер нь танд энэ салбарыг анх хариуцан ажиллахад ямар байв. Ямар салбар хүлээн аваад хүлээлгэж өгөв?

-Зам тээвэр бол улс орны хөгжлийн судас гэж би хэлэх дуртай. Олон улсад ч ингэж ойлгодог. Тэр утгаараа баг хамт олонтойгоо энэ салбарт хоёргүй сэтгэлээр хандан ажиллаж, олон том ажлуудын ард гарсан. Зарим ажлуудаа би тоогоор хэлье. Тоо худлаа хэлдэггүй. Анх ажил авахад манай улс 2022 оны эхний хагас жилд 21.9 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Тэгвэл 2023 оны эхний хагаст 47.5 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх онтойгоо харьцуулахад 2.2 дахин өссөн. 2024 оны эхний хагаст 62.9 сая тонн ачаа тээвэрлэж, гурав дахин өсөлт үзүүлээд байна.

-Энэ нь нийт ачаа тээвэрлэлт байх, тийм үү. Тус бүрд нь тоогоор хэлбэл?

-Авто тээврээр 2022 оны эхний хагас жилд 9.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Харин 2023 оны эхний хагас жилд 30.5 сая тонн болж 2022 оны үеэс 3.3 дахин, 2024 оны эхний хагаст 41.8 сая тонн болж 2023 оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин өссөн. Мөн Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 2022 оны эхний хагас жилд 12.7 сая тонн. 2023 оны эхний хагас жилд 17 сая тонн болж 34 хувиар, 2024 оны эхний хагас жилд 21 сая тонн болж 24 хувиар тус тус өсөөд байна.

-Өнгөрсөн хугацаанд агаарын тээвэр эрс өссөн гэдэг тооцоолол гарсан байна лээ. Мэдээж энэ олон ачаа, тээвэр өсөх тусам Монгол Улсын эдийн засаг нэмэгдэнэ гэсэн үг биз дээ…?

-Тэгэлгүй яах вэ. Миний хэлээд байгаа эдгээр тоон үзүүлэлт бол цаад утгаараа эдийн засгийн өсөлтийг хэлээд байгаа юм. Энэ тоон үзүүлэлтүүд ихсэх тусам л тэр чинээгээрээ Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Нөгөө талдаа тоо худлаа хэлдэггүй. Тоо баримт болж үлддэг. Тиймээс л энэ олон тоон үзүүлэлтийг би хэлээд байгаа юм. Таны асуусан агаарын тээвэрлэлт мөн өнгөрсөн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2022 оны эхний хагаст агаарын тээврээр 323.5 мянган зорчигч тээвэрлэж байсан. Харин агаарын тээврийн либералчлалын үр дүнд 2023 оны эхний хагас жилд 708.3 мянган зорчигч болж өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн. 2024 оны эхний хагаст 930 мянган зорчигч болж гурав дахин өсөөд байна. Үүнээс харвал жил ирэх тусам л хэд дахин илүү өсөж байгаа нь салбарын бодлого зөв явж байгаагийн бодит илрэл гэж хэлнэ. Бүх төрлийн тээврээр олон улсад зорчсон зорчигчдын тоо 2022 оны эхний хагас жилд 176.1 мянга байсан. Тэгвэл 2023 оны эхний хагас жилд 857.5 мянга болж өмнөх оноос 4.9 дахин өссөн. Гайхалтай үр дүн. 2024 оны эхний хагаст нэг сая болж өмнөх оны үеэс мөн л 18.3 хувиар өсөөд явж байна. Цаашид эрчимтэй өсөх хандлагатай. Нөгөөтэйгүүр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ 10 агаарын хөлөгтэй болж, төмөр замын компаниуд 21 зүтгүүрээр хүчээ сэлбэлээ.

-Таныг Зам, тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улс хэчнээн километр зам шинээр барив?

-Анх намайг энэ салбарыг хүлээж авч байхад буюу 2022 онд ердөө 292 км зам баригдаж байсан. Харин дараа жилээс нь буюу 2023 онд 381 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулж, 2024 онд долоон аймгийн 40 сум, хоёр боомтыг холбох нийт 1100 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд байна. Нөгөөтэйгүүр АНУ руу шууд нислэгтэй болох бэлтгэл бүрэн хангагдаж, Австрали, Сингапур луу шууд нисдэг болох боломжийг ойртуулж, дэлхийн 46 улсын 156 цэг рүү нислэг хийх боломж бүрдсэн. Одоо харин энэхүү тулхтай өсөлтийг тууштай хадгалах л хамгийн чухал байна. Энэ салбарыг одоо Б.Дэлгэрсайхан гишүүн хариуцан авч явна. Зам, тээврийн салбарт гаргасан өсөлтүүдийг улам дээшлүүлэн, төр, түмнийхээ итгэлийг даагаад явчих хүн гэж бодож байгаа.

-Наадмын дараа намар гэдэг. Хамтарсан Засгийн газрыг ажлаа шуурхайлах, тодорхой үр дүнг богино хугацаанд гаргаж ажиллахыг ард түмэн шаардаж, шахаж байх шиг байна, тийм үү?

-Мэдээж ес дэх удаагийн сонгуулиар МАН ард түмнийхээ итгэлийг дахин хүлээн авсан. Парламентад олонх болсон ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд төлөөллийг хангах зарчмыг нэн тэргүүнд барьж ажилласан. Тэр утгаараа УИХ-д суудалтай гурван нам хамтарч энэхүү Засгийн газрыг байгууллаа. Цаашид том зорилго, том төслүүдээ улс төрийн болон бодлогын түвшинд нэгдмэл нэг байр суурьтай байж бид хэрэгжүүлж чадна. Бид нэг л эх оронтой. Энэ сайхан эх орныхоо төлөө талцалгүй, улстөржилтгүй, хоёргүй сэтгэлээр л зүтгэх хэрэгтэй. Юутай ч Монгол Улсын хөгжлийн дараагийн шинэ 30 жил эхэлж байна. Өмнөх алдаанаасаа суралцаж, гаргасан амжилт, ололтоо улам баталгаажуулж, эх орон, ард түмнийхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 20, Санчир гариг. Билгийн тооллын 14, Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5:14 цагт мандаж, 20:43 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20…+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35…+40 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Categories
story-news

ТОЙМ: “Намар шатахуунтай, өвөл цахилгаантай байхын тулд Засгийн газар ажлаа шуурхайлах ёстой” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Намар шатахуунтай, өвөл цахилгаантай байхын тулд Засгийн газар ажлаа шуурхайлах ёстой” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

 


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой ярилцлаа. Тэрбээр ” Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой” хэмээн ярилаа.  V нүүрээс үргэлжлүүлэн ушнаарай.

МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Н.Оюунчимэгтэй ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Намар шатахуунтай, өвөл цахилгаантай байхын тулд Засгийн газар ажлаа шуурхайлах ёстой ” хэмээн өгүүллээ.

“Энэ бол бидний хувьд муу, Украины хувьд аймшигтай мэдээ”

Туулбаатарын Тэмүүлэн “Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ханх сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв DNN.mn

 Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 52 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 77 км зайд үүрийн 4:38 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Ханх сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан юм. Тус газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга дотор байгаа хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэргийн 809 дүгээр ангид “Байлдааны туг” гардууллаа DNN.mn

Дотоодын цэргийн 809 дүгээр ангид Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 165 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг “Анги” болгон өргөтгөсөн зохион байгуулсан нь Улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх үндэс суурийг тавьсан юм.

Ийнхүү Дотоодын цэргийн 809 дүгээр ангид “Байлдааны туг” гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2024.07.17/ Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу зохион байгууллаа.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тусгай чиг үүрэг бүхий командлал, анги, байгууллагын удирдлага, алба хаагчид оролцов.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “…Сүүлийн жилүүдэд явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, гамшиг осол, олон улсын терроризм болон гэмт хэргийн нөхцөл байдал, цаг үеийн хэрэгцээ шаардлагаас үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилга, Төр, засгийн шийдвэрээр улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчнийг байгуулж, бэхжүүлэх үүрэг чиглэлийг хэрэгжүүлж, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны … дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн анги” болгон өргөтгөн зохион байгууллаа.

Цаашид та бүхэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийг дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, өмнөө тавьсан зорилго, зорилтоо бүрэн хангаж ажиллана гэдэгт итгэл төгс байна…” хэмээв.

“Байлдааны туг” нь цэргийн анги, байгууллагын дайчин уламжлал, алдар гавьяаны илэрхийлэл бөгөөд бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл билээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ оны эхний хагас жилийн байдлаар виз олголт 57 хувиар өсчээ DNN.mn

2024 оны эхний хагас жилийн байдлаар гадаадын 26659 иргэнд визийн зөвшөөрөл, 5052 иргэнд виз, Evisa.mn системээр 63 улсын 38291 иргэнд цахим виз тус тус олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн хувийн хэргээр оршин сууж буй гадаадын 10234 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 17255 иргэний суух зөвшөөрлийн хугацааг сунгав.

Үүнийг өнгөрсөн 2023 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 21.8 хувь, виз олголт 57.0 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 102.9 хувь, цахим виз олголт 5.7 дахин тус тус өсөж, оршин суух зөвшөөрөл олголт 5.1 хувиар буурчээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 206, нийт 221 хяналт шалгалтыг зохион байгуулж, хууль тогтоомж зөрчсөн 21 улсын 234 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Түүнчлэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах зорилгоор 2024 онд виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 62 мянга гаруй гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

.

Categories
мэдээ цаг-үе

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 50 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ DNN.mn

2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төвийн дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажил арга хэмжээний асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзлаа.

Улаанбаатар хотод 200 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд эдгээр өрх жилд 500-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Тавантолгой түлш ХХК нийт 650 цэгээр дамжуулж нийслэлийн 7 дүүргийн 200 мянган өрхөд нүүрс борлуулж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зуны улиралд 120 мянган тонн шахмал түлш нөөцөлдгөөс өнөөдрийн байдлаар 50 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ. Ирэх 9 дүгээр сард 120 мянган тонн шахмал түлш нөөцөлж дуусна гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.

Тавантолгой түлш ХХК-ийн зүгээс сайжруулсан түлш бэлтгэхдээ дотоодын барьцалдуулагч (Доломит) нэвтрүүлээд байгаагаа хэлж байлаа. Ингэснээр шаталтаас ялгарах хүхэрлэг хийг 30-50 хувь бууруулж байгааг онцоллоо.