АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Удахгүй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчлах гэж байна. Та хоёр орны харилцааны онцлог, өнөөгийн хүрсэн түвшинг хэрхэн үнэлж байна вэ?
-Геополитикийн үүднээс авч үзвэл Монгол Улс, АНУ-ын харилцаа нь далайн хүчний ба эх газрын хүчний хооронд амжилттай хөгжиж буй хэт их гүрэн, бага жижиг орны, цаашилбал хоёр их гүрний дунд хашигдсан, далайд гарцгүй ч холболтын байршилтай, цөмийн зэвсгээр хүрээлэгдсэн ч нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан, монгол угсаатнаар хүрээлэгдсэн онцлогтой, Евразийн төвд орших стратегийн ач холбогдол бүхий газарзүйн давтагдашгүй онцлог байршилтай ардчилсан улс болон дэлхийд тэргүүлэх хөгжингүй, ардчилсан их гүрэн хоёрын харилцааны жишээ юм.
Шинэ Мянганы эхний хоёр арван жилд хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байна. Монгол Улс 2004, 2005 онд АНУ-тай “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, Иж бүрэн түншлэл”, 2018 онд “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, Өргөтгөсөн Иж бүрэн түншлэл”, 2019 онд
“Стратегийн түншлэл”-ийн харилцааны эрх зүйн суурь үндсийг тус тус тавьсан. 2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцааны хүрсэн түвшинг шинээр тодорхойлсон “Монгол Улс, АНУ-ын хоорондын Стратегийн гуравдагч хөршийн Түншлэл”-ийн Хамтарсан Мэдэгдэлд Вашингтон хотноо гарын үсэг зурсан.
АНУ Монгол Улсыг ардчилал, хүний эрх харьцангуй хязгаарлагдмал, чөлөөт хэвлэл хяналттай, авторитар дэглэмтэй хоёр хөршийн дунд “ардчиллын баянбүрд”хэмээн онцолдог.
-Хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа ямар түвшинд хөгжиж байна вэ?
-Дээр дурдсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны дипломат албаны тэргүүн Б.Батцэцэг, Энтони Блинкен нар “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д гарын үсэг зурсан. Түүнчлэн энэ үеэр олон жил яригдаж байсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т эцэслэн гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, “Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар энэ нь хүн хоорондын улам олон солилцоог хөнгөвчлөх, илүү олон зочинтой болох, илүү олон жуулчин, илүү олон оюутан, илүү олон бизнесийн удирдагчид нааш цааш явах болно
Түүнчлэн бидний гарын үсэг зурж буй Эдийн засгийн Замын зураглал нь цэвэр эрчим хүчний шилжилтийн тухай, тэр дундаа чухал ашигт малтмалын талаарх худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг улам бэхжүүлнэ гэж бодож байна” гэсэн байдаг. Мөн энэ оны хоёрдугаар хагаст хоёр орны хооронд шууд нислэгийг эхлүүлэхтэй холбоотой техникийн хийгээд менежментийн асуудал үлдэж байгаа болов уу. Дурдсан Замын Зураглалд Монголын дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн нь цаашид ялангуяа уул уурхай, ХАА-н салбарт дижитал технологи нэвтрүүлэхэд чухал түлхэц болох учиртай.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 оны есдүгээр сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Мянганы сорилтын корпораци”-тай 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гурван том төсөл хэрэгжиж байна. Үүнд Нэгдүгээрт, Улаанбаатар хотын ус хангамжийг газрын доорх ус ашиглан нэмэгдүүлэх; Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усыг гүн боловсруулалт хийж, цэвэршүүлэн дулааны цахилгаан станцын хөргөлтөд ашиглах, Гуравдугаарт, Усны засаглалыг бэхжүүлэх зэрэг болно. Гэрээ 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын шав тавих ёслол мөн оны наймдугаар сард болсон байдаг.Үйлдвэр 2026 оны гуравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах хүлээлттэй байна. Энэхүүэко гэж хэлж болох төслийн хүрээнд ус гүн цэвэршүүлэх болон хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барьж, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулан, үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори байгуулна. Тухайлбал, Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ДЦС-д нийлүүлэх юм. Чингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх бөгөөд цаашид саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Тухайн үед АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ: “Өнөөдөр бид ус ярьж, Улаанбаатар хотын цэвэр усны асуудлыг шийдэхээр хөндөж буй ч энэ гэрээ нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилготой гэдгийг мартах учиргүй” хэмээн онцолж байсан. Төслийн хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газар 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.
2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо Монгол Улс, АНУ, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагааны шинэ форматын үндэс суурь тавигдаж, Хамтарсан Мэдэгдэл гаргасан. Дээрх Хамтарсан Мэдэгдлийн дагуу АНУ, Монгол Улс, БНСУ гурван талын чухал ач холбогдолтой ашигт малтмалын асуудлаарх анхны яриа хэлэлцээ 2023 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо болж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес оролцож байв.
Мөн 2023 оны наймдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотноо хуралдсан Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан Зөвлөлөөс дээрх баримт бичгийн чухлыг дахин онцолж, Монголын эдийн засгийг ил тод байдал, эрх зүйн зохицуулалтын сайн туршлага, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрхийг хамгаалал ба хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн санаачилга, худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн юм.
2018 оноос хойш гурав дахь удаагаа АНУ-ын Конгресст өргөн баригдаад буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль” ойрын ирээдүйд батлагдвал хоёр талын худалдааны харилцаанд шинэ хуудас нээгдэж, Монголд үйлдвэрлэсэн ноос, ноолууран оёмол, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн Америкийн зах зээлд татваргүйгээр гаргах эрх зүйн орчин бүрдэх юм. Ийм төрлийн хуулиуд батлагдах хүртлээ Конгресст наад зах нь 10 жил хүлээгддэг байна.
2017 онд Монгол Улс нийт 9400 тонн түүхий ноолуур буюу дэлхийн зах зээлийн 50 орчим хувийг бэлтгэсний ердөө 1100 орчим тонныг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж, үлдсэн 8300 тонн ноолуурын дийлэнхийг нэмүү өртөг шингээлгүйгээр түүхийгээр нь БНХАУ руу экспортолж байжээ. АНУ ноолууран бүтээгдэхүүнийхээ ихэнхийг БНХАУ-аас худалдан авдаг байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломжийг олгосноор хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортын нэг улс, нэг салбарын бүтээгдэхүүний хамаарлыг багасгах, эдийн засагт уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож тогтвортой өсөлтийг хангах боломжтой. Энэ хуулийн төсөл батлагдвал Монгол Улсад 30-50 мянган ажлын байр шууд утгаараа бий болохоос гадна 200 гаруй мянган малчин өрхийн орлого дээшлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.
-Саяхан Вашингтон хотноо Монгол Улс, АНУ-ын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн яриа хэлэлцээгээр ямар асуудлууд хөндөгдсөн бэ?
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй 2024 оны долдугаар сарын 23-нд албан ёсны уулзалт хийж, уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгааг харилцан тэмдэглэж, Монгол Улсын эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадавх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, англи хэлний монгол багш нарыг бэлтгэхээр тохиролцсон байна. Мөн өдөр Mонгол Улс, АНУ-ын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ Вашингтон хотноо эхэлж, яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар тэргүүлж, хоёр талаас нийт зургаан байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцжээ. Энэхүү яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлд хүрснээс хойш Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаагаар онцлогтой бөгөөд хоёр талын харилцан сонирхсон асуудлаар сэдэвчилсэн долоон хуралдааныг зохион байгуулжээ. Хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, худалдаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэх, цаашид нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, агаарын тээвэр, сансар судлал, цахим хөгжил зэрэг салбарт эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн энхийг сахиулах чиглэлээрх олон талт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө буйгаа харилцан нотолж, дэлгэрэнгүй санал солилцжээ.
-Энтони Блинкен энэ удаа Монголоос гадна Зүүн Азийн таван улсад айлчилж байгаа юм байна. Эдгээр айлчлалын үеэр ямар асуудлууд хөндөгдөж буй талаар тодруулна уу?
-АНУ-ын Төрийн департментын мэдээлснээр ноён Энтони Блинкен долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ны хооронд Монгол Улсаас өмнө Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапурт айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр одоогийн эрхэлж буй албыг хашиж эхэлснээсээ хойш Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 18 дахь удаагаа айлчлал хийж байгаа ажээ. Энтони Блинкен энэ удаагийн айлчлалаараа энх тайван, хөгжил цэцэглэлт, чөлөөт, нээлттэй бүс нутгийг цогцлоохын төлөөх хамтын зорилтыг дэмжихийн тулд АНУ-ын үүрэг амлалтыг чухалчилж байгаа юм байна.
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийн айлчлал Монгол Улсын гадаад харилцаанд ямар ач холбогдолтой вэ?
-2010 онд шинэчлэн батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ, харин 2011 онд шинэчлэн батлагдсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д “АНУ, Япон, Европын Холбоо… зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх”-ээр анх удаа бодлогын хэмжээнд тус тус заасан.Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого бол хоёр хөршийн эсрэг чиглэсэн бодлого биш, харин хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах бодлогын логик үргэлжлэл юм. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон бөгөөд урт хугацаанд найрсаг харилцаатай байх агуулгатай. Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангахаас гадна эдийн засгийн аргаар хангах чиглэлд хөгжингүй орнуудын нэгд, мөнгө санхүү, хоёрт, технологи, гуравт, хүний нөөц, дөрөвт, менежмент, тавд, маркетинг нэн чухал болно. Хамтран ажиллаж, хоршин хөгжих, хамтаар хожих, хамтдаа ашиг хүртэх зарчим нь үйл ажиллагааны үндэс юм. Үүнийг “зөөлөн тэнцвэржүүлэхүй” хэмээн тэмдэглэж байгаа юм. Монгол Улс өөрийн хүрээлэн буй геополитикийн глобал орчинд “гуравдагч хөрш”-тэй болж, түүний эрхзүйн үндсийг тавьсан. Одоо тэдгээрийг эдийн засгийн агуулгаар баяжуулах явдал чухал байгаа билээ. Түүнчлэн Монгол Улсын ардчиллын хөгжилд чухал дэмжлэг болж байна.
–Энтони Блинкений улс төрийн карьерын тухайд…
-Энтони Блинкен Харвардын их сургуулийг дүүргэж, Колумбын их сургуульд олон улсын эрх зүйгээр докторын зэрэг хамгаалсан мэргэжлийн дипломатч, франц хэлийг чөлөөтэй эзэмшсэн, хобби нь рок хөгжим юм билээ.Түүний эцэг Дональд М.Блинкен Унгарт суугаа АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан бол авга ах Алан Блинкен Бельгид суугаа АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байжээ. Энтони Блинкен АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сенатын Гадаад харилцааны хороо, Стратеги болон олон улс судлалын тинк танк Төв, АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч, Төрийн нарийн бичгийн даргын орлогч зэрэг алба хашиж байжээ.
Хувийн сайн харилцаа улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлдэг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын хооронд тогтсон сайн харилцаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу.
Ч.Отгонсүрэн