Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

ЦУОШГ-аас 2024 оны зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна, хур тунадас Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СХД-ийн 1 дүгээр хороолол таван метрийн өргөн, 1.5 км дугуйн замтай болов DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10710 мкв 1.5-8 метр  явган хүний зам, 6150 мкв ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 ширхэг автомашины зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авлаа.

Уг хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ болон зарим объектыг 2023 онд  нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн, ийнхүү нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах ажил эхлэх боломж бүрдсэн юм.

Тус хэсгийг байнгын ашиглалтад хүлээж авснаар зөвхөн нэгдүгээр хорооллын оршин суугчид гэлтгүй дайран өнгөрөх иргэдэд ногоон байгууламж бүхий хотын хамгийн таатай орчныг бүрдүүллээ. Мөн унадаг дугуй, скүүтер унадаг хэрэглэгчид явган замаар бус зориулалтын 5 метрийн өргөнтэй дугуйн замаар  аюулгүй зорчих боломжтой боллоо. Цаашид уг ажлыг үргэлжлүүлж, 1 дүгээр хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган хүний зам тавих юм.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хуан Рамон Хименес “Платеро бид хоёр буюу Андалузын гунигт дуулал” DNN.mn

“Платеро бид хоёр буюу Андалузын гунигт дуулал” хэмээх зохиолын тухай өгүүлье. Энэ бол Испанийн нэрт яруу найрагч Нобелийн шагналт зохиолчийн үргэлжилсэн үгийн яруу найраг гэгддэг зохиол юм. Платеро бол илжиг. Тухайн илжигтэй цуг амьдарсан амьдралаа зураглан жижиг жижгээр өгүүлсэн тууж л даа. Хавар, зун, намар, өвлийн улиралд байгаль, дэлхий хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай тэнд амьдардаг хүмүүс модод, шувууд, хүүхдүүд, бүүр эрвээхэй цэцгийн талаар уран тансаг бичжээ. Мөн цэл залуу Платеро бүдүүрэн том болж сүүлдээ ертөнцийн мөнх бусыг үзүүлж түүнийг эзэн нь дурсан санаж байгаагаар уг тууж дуусна. Платерог цутгамал юм шиг гэж хүмүүс хэлдэг.Эзэн нь нээрэн л цутгамал ган шиг бас мөнгөн сар шиг гэж магтжээ. Намхан бүрх малгайтай гашуудлынх мэт бараан хувцастай,назарей маягийн сахалтай намайг Платерогоо унаад шогшиж явахыг улс амьтан хачирхан хардаг байх даа. …Цүдгэр гэдсээ гялалзуулсан бужгархан цыган жаалууд гүйлдэж ирээд “солиот” “солиот” гэж баахан орилно гэсэн нь тэр нөхрийн дүр төрх юм. Хаврын тухай өгүүлэхдээ Алтан хараацай худгийн байшин дотор бамин шулганаж амтат жүржийн унасан модон дээр хөөндий исгэрч, гал цогтой гургалдай дуу үл таслан царс тойрон нисэж,болжморууд өтгөн нарсан дунд ухаан зүггүй маргалдаж байх бүлгээ гэжээ. Галт тэргээр зурсхийн үзэгдээд өнгөрсөн үзэсгэлэнт бүсгүйг хар торны дороос алтан шаргал гэзэг үс нь түр зуурхан л харагдсаан. Тэр “энэ эмгэнэлтэй хүн, илжиг хоёр юу юм бол оо” гэж бодсон болов уу. Бид чинь өөр юу байх ёстой юм бэ. Бид чинь бид л байх ёстой биз дээ хэмээн илжигтэйгээ хүүрнэнэ.Зуны тухайд уулын намхан бутны дэлбээ бүр дээр дөрвөн улаан толботой том цэцгүүд үзэгдэж түүний цаана амьсгал давхцуулсан зэрэглээнд эгц шулуухан нарснууд цайлалзана.Цэцэг анхилсан хуурай сэвшээ сэрэл сэтгэлийг минь хөгжөөнө. Болжморуудын тухай өгүүлэхдээ Эцэс төгсгөлгүй баяр тэмдэглэдэг жаргалтай шувууд гэсэн нь нүдэнд шууд тусна. Жаргалтай байя л гэвэл ердөө далавчаа дэвэхэд л болдог ажгуу. Намрын талаар хэлэхдээ нар өдөн хэвтрээсээ сугарахаас залхуурч тариачид ч нар мандахаас өмнө босдог болжээ.Анхны навч шаргалтахад амралт нь дуусч, хүүхдүүд сургуульдаа явлаа.Ганцаардангуй эл хуль оргино. Навчис мөн л адил хорчийсон нарлаг өрөөнүүд эзгүй ч юм шиг санагдана. Сүүлчийн цацрагт сүүлчийн цэцэг гэрэлтэж, цэцэрлэг жаргах тэнгэрийн хаяа өөд анхилуун түүдэг болон дүрэлзэж халсан сарнай үнэртэнэ.Бид ногоон навчин дунд суусан шувуудыг харж байсан шиг одоо алтан навчис дунд бидний байхыг нүцгэн мөчир дээрээс шувууд харж байна шүү Платеро минь. Өвлийн талаар нар ус хүйтэн хоршсон байнам. Христосын баяр тэмдэглэхээр битүүний шөнө түүдэг асаажээ. Битүүний үдэш үл ялиг үүл нарыг халхалсан болохоор цэлмэг авч таа муутайхан бүүдийсэн саарал хаяатай, үл ажиглагдам тэнгэрийг шар туяа дөнгөж нэвтэлнэ. Платеро маань үд дунд үхлээ хэмээн харуусан бичжээ. Миний хайртай Платеро минь одоо чи тэнгэрийн нугад гарч сахлаг нуруун дээрээ лхаа тэнгэрийн залуухан элчийг тээж намайгаа мартсан ч байж магадгүй, дурссаар ч байж магадгүй хэмээн өгүүлнэ.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нисдэг радар ACS-890 DNN.mn

Швед улс Украинд 1.16 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх 16 дахь буюу хамгийн том багцаа зарлав. Үүнд ASC 890 гэх радарын хоёр онгоц багтсан байна. Шведийн Батлан хамгаалахын сайд Пол Жонсон “ASC 890 нь Америкийн F-16 сөнөөгч онгоцуудыг үр ашигтай ашиглахад Украинд хамгийн их нөлөө үзүүлэх болно. Тэд далавчит пуужин, дрон болон газар, далай дахь байг тодорхойлж чадна” гэжээ. Үүнээс гадна Швед улс газар дээр суурилсан зенитийн пуужингийн системд ашиглахад тохируулсан AMRAAM дунд тусгалын пуужингуудыг бэлэглэнэ гэжээ. Ийм пуужингуудыг F-16 сөнөөгч онгоцууд ч ашигладаг юм байна. Шведийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн мэдээнд мөн Стокгольм өөрийн бүх “PBV 302” хуягт тээврийн хэрэгслийг бүгдийг нь Киевт өгнө гэж мэдэгджээ. Шведийн Батлан хамгаалах яам нисдэг радаруудыг Украин руу шилжүүлснээр тус улсын батлан хамгаалах чадавхийг бууруулж байгааг хүлээн зөвшөөрч, энэхүү хомсдолыг “S106 GlobalEye” онгоц худалдаж авах замаар нөхөх болно гэжээ.

Нисдэг радар нь тэнгэрт байх тул газар дээрх

радаруудаас илүү хол зайд агаарын орон зайг хянах чадвартай. Одоо Украины зэвсэгт хүчинд ийм онгоц байхгүй. Орос улс алсын тусгалын радарын хуучирсан А-50, илүү орчин үеийн А-50У онгоц ашигладаг. Цэргийн мэдээгээр Орост гурван А-50, зургаан А-50У байсан гэж бичжээ. Оросын хоёр А-50У онгоцыг 2024 оны эхээр Украинчууд сөнөөсөн. Хэдийгээр Оросын Агаарын сансрын хүчний хүчин чадал багассан ч ийм систем байгаа нь Украины нисэх онгоцонд ихээхэн хүндрэл учруулсаар байгаа аж. Тэд Украины агаарын орон зайг хянаж, Оросын сөнөөгч онгоцны үйл ажиллагааг зохицуулж байдаг.

Шведийн ACS-890 онгоцуудыг 1990-ээд оны эхээр боловсруулж, түүнээс хойш шинэчлэгдсэн, өөрөөр хэлбэл эдгээр нь орчин үеийн системүүд юм. Гадаад төрхөөрөө ACS-890 нь Орос, Америкийн нисдэг радаруудаас эрс ялгаатай. Оросын А50 нь хүнд тээврийн Ил-76 онгоц, Америкийн E-3 Sentry нь Боинг 727 дээр суурилдаг. “ACS-890” нь Оросын онгоцноос илүү 5 цаг, харин Америкийн онгоцноос бага хугацаагаар агаарт байж чаддаг. Өөр нэг ялгаа нь нисдэг таваг шиг бус их биений дээгүүр хатуу бэхлэгдсэн тэгш өнцөгт хэлбэртэй радартай байдаг. Энэ нь радарын хамрах чадварыг бага зэрэг багасгаж байгаа боловч илүү багтаамжтай антен ашиглах боломжийг олгодог бөгөөд энэ нь хүлээн авсан мэдээллийн хүрээ, чанарт эерэг нөлөө үзүүлдэг байна. Үйлдвэрлэгчийн хэлснээр, Erieye нь 450 км хүртэлх зайд агаарын байг илрүүлэх чадвартай. Гэсэн хэдий ч E-3 Sentry радарын дунд өндөрт ердийн сөнөөгч онгоцыг илрүүлэх хүрээ нь ойролцоогоор 400 км ажээ. Далайн гадаргуу дээрх объектуудыг илрүүлэх хүрээ нь 350 км бөгөөд жижиг завь шиг хэмжээтэй байг ч илрүүлэх чадвартай. Шведийн нисэх онгоцны бас нэг давуу тал нь барууны агаарын болон газрын системд ашиглагддаг Link 16 мэдээлэл солилцох системд нэгдэх чадвар юм. Украины энэ он дуусахаас өмнө хүлээж авах магадлалтай F-16 онгоцууд ч ийм системд холбогдож, радараас мэдээлэл хүлээн авах боломжтой бөгөөд ингэснээр тэдний байлдааны чадвар ихээхэн сайжрах юм байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд гурван ихэр 402 хүүхэд байна DNN.mn

Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд нийт 21,277 ихэр хүүхэд байгаагаас

  • хоёр ихэр 20,852
  • гурван ихэр 402
  • дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

3-5 дугаар ангийн сурагчид ирэх долоо хоногт амарна DNN.mn

3-5 дугаар ангийн сурагчид ирэх долоо хоногт хичээллээд зургадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн амрах юм.

Харин дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Д.Цэрэнням Цэргийн арслан боллоо DNN.mn

Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” амжилттай сайхан болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн “Бүх цэргийн наадам”-д хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Шинэ Анагаах Ухааны их сургууль”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж ЦЭРГИЙН АРСЛАН цол хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.

May be an image of 6 people, crowd and text

Дөрөвт үлдсэн Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант Интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнхжаргал “цогт” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэншувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д.Төрбаяр ЦЭРГИЙН ХАРЦАГА цолд хүрлээ.
Наймд аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр, сумын заан Ө.Даваацэрэн, сумын заан Г.Мөнх-Ёндон нар үлдэв.
Тав даван шөвгөрсөн аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр нар“өсөх” чимэг нэмсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Өлзийбаярын Даваацэрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Гансүхийн Мөнх-Ёндон нар ЦЭРГИЙН НАЧИН цол хүртсэн юм.

Маргааш буюу зургаадугаар сарын 01-ний 09:00 цагаас Монгол Улсад Биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан, 02-нд 13:00 цагаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн болно DNN.mn

НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6-7 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно. Мөн 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртсэн түүхэн бахархалт мөч хэдхэн сарын өмнө тохиосон билээ.

Харин зургаадугаар сарын 8-9 өдрүүдэд Монгол Улсад түүхэндээ анх удаа 3×3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Дэлхийн их дуулга тэмцээн нь “Улаанбаатар дэлхийн их дуулга” нэртэйгээр зохион байгуулагдах гэж буй. Уг тэмцээнд дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Швейцар улсын “Лозанн” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө.

Ташрамд, Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр Урбан спортын арван төрлийг танилцуулах өдөрлөг болохын зэрэгцээ хоолны өдөрлөг болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэл, төр захиргааны байгууллагууд 07:00-16:00 цаг хүртэл ажиллана DNN.mn

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт дараах өөрчлөлтийг оруулжээ.

  • Жил бүрийн зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал 07:00-16:00 цаг хүртэл,
  • Есдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 1 хүртэл 08:00-17:00 цаг хүртэл ажиллаж байхаар тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд дараах замыг түр хязгаарлана DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/613 дугаар захирамжийн дагуу Жанжин Д.Сүхбаатарын талбай орчмын замын хөдөлгөөнийг өнөөдрийн 08:00 цагаас 20:00 цагийн хооронд түр хязгаарлана.