Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 06-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

2024 оны зургаадугаар сарын 03-наас 2024 оны зургаадугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

03-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03-нд Алтайн салбар уулсаар, 04, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 04-нөөс баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн баяраар 650 гаруй хүүхэд парад алхлаа DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээний үеэр 650 гаруй хүүхэд парад алхлаа.

Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгаран “Шангри-ла” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл алхсан юм.

Ийн Сүхбаатарын талбайд Монголын хүүхдийн ордны 500 сурагч үндэсний бүжиг бүжиглэж, Төрийн дуулал дуулснаар талбайн үйл ажиллагаа үргэлжлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

ДАВАА ГАРАГ /2024.06.03/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төрийн байгуулалтын байнгын хороо Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их засаг”
2 Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
ГУРАВ. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ ·Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт 14.00 “Их засаг”
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

15.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Хянан шалгах түр хороо /Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх/ · Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт /хаалттай/

·“Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголт, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/

15.30 “Үндсэн хууль”

МЯГМАР ГАРАГ /2024.06.04/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Төрийн байгуулалтын байнгын хороо ·Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүн 2024.05.17-ны өдөр өдөр мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ·Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

·Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

10.30 “Их засаг”
3 Төсвийн байнгын хороо · Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

11.00 “Үндсэн хууль”
4 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 14.00 “Их засаг”
5 Хууль зүйн байнгын хороо ·Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

14.30 “Жанжин Д.Сүхбаатар”
6 Эдийн засгийн байнгын хороо · “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 15.00 “Үндсэн хууль”

ЛХАГВА ГАРАГ /2024.06.05/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Төрийн байгуулалтын байнгын хороо ·“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 13.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо · “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 13.00 “Их засаг”

ЛХАГВА ГАРАГ /2024.06.05/

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дүгнэлт

· “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүн 2024.05.17-ны өдөр өдөр мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

· Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт

· Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их тэнгэрийн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг хааж, засварлана DNN.mn

Иргэд, жолооч нарын анхааралд: Дараах авто замыг хэсэгчлэн хааж зам засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн байгууллага мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Монголын нийгэмд гэрэл асаасан дугуйчин залууд баярлалаа DNN.mn

Мөрөөдөл гэдэг хил хязгаар үгүй, биелэшгүй мөрөөдөл гэж байдаггүйг монголчууд бидний дундаас эгэл даруу нэгэн залуу харуулж чадлаа. Хөлбөмбөгийн хорхойтон Б.Очирваань Английн Pre­mier league-Manchester Unit­ed багийн тоглолтыг өөрийн биеэр үзэх мөрөөдлөө биелүүлэхээр яг жилийн өмнө эх орноосоо дугуйтай мордож байжээ. Тэр үед тийм ч олон хүн түүнийг дэмжээгүй гэдэгт итгэлтэй байна. Магад зарим нь “солиорсон байх” гэсэн ч байж мэдэх шүү. Гэтэл тэр мөрөөдлөө биелүүллээ.

Тэрээр замдаа дэлхийн 20 орноор дайран өнгөрч 14 мянган км замыг дугуйгаар туулжээ. Түүнтэй Английн нутагт хөл тавихаас өмнө Manchester United багаас холбогдож, өөрийн дэмжигч багийн тоглолтыг үзэх урилгыг өгснөөр өнөөдөр Б.Очирваань Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

Монголын тал нутгаас дугуйтай мордсон залуу өнөөдөр, яг энэ цаг мөчид мөрөөдлөөрөө жигүүрлэн нисч байна. Б.Очирваань фанат багийнхаа тоглолтыг үзээд зогсохгүй Премьер лигийн жинхэнэ цомыг өөрийн гараар өргөж “Хүүхэд байхдаа мэргэжлийн хөлбөмбөгчин болоод Манчестер Юнайтедын улаан өмсгөлтэй Премьер лигт тоглож түрүүлээд энэ гайхалтай цомыг өргөнө гэж үргэлж төсөөлж, мөрөөддөг байсан” хэмээн бахархан ярьжээ. Гайхамшиг үргэлжилсээр. Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох урилга хүлээн авчээ. Мөрөөдлөө биелүүлэхээр 365 хоногийн өмнө өөрийн гэрээс хөдөлсөн тэр мөч, тэр зүтгэлийн хариу нь өнөөдөр ч үргэлжилсээр байгааг монголчууд харж, бахархаж байна.

Хамгийн гоё нь Б.Очирваань Монголын нийгэмд, хүүхэд залуусын зүрхэнд гэрэл асаалаа. Болохгүй, бүтэхгүй, хөгжихгүй байгаа тухай хүн бүр халаглаж, хүүхэд залуус ирээдүйдээ итгэл буурч буй энэ цаг үед “Мөрөөд, бүр том мөрөөд, түүнийхээ төлөө яг одоо хөдөл. Үүнд юу ч нөлөөлөхгүй” гэж Б.Очирваань өөрийн биеэр хэлж, харууллаа.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Цоодолын Мягмарсүрэн: Эр хүн айл гэрийн алтан багана, эх хүн гэр бүлийн мөнгөн багана DNN.mn

Монгол Улсын заан Рэгжийбуугийн Давааням агсны гэргий, Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Ама Бямбадоржийн ээж Цоодолын Мягмарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.


-Таны аав, ээж аль нутгийн хүмүүс билээ?

-Миний аав Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул Даваагийн Цоодол гэж хүн.Айлын таван хүүхдийн отгон нь. Аав, ээж нь ойрхон өнгөрөөд таван өнчин хүүхэд үлдэж, эгч нь байсан юм билээ. Аав маань тээврийн жолооч байсан. Бокс тоглодог, нэгдүгээр зэрэгтэй тамирчин байсан юм билээ. Өвчний улмаас спортоо орхисон байдаг. Эрүүлийг хамгаалах яамны сайд Тувааны үед аж ахуйг эрхэлж байж. Намайг гурван настай байхад миний төрсөн өдрийг Туваан сайд тэмдэглэх болж. Би их хөлсдөг хүүхэд байсан учраас төрсөн өдрийн баярыг тэмдэглэж чадаагүй гэж аав ээж хоёр минь ярьдаг байсан. Миний ээж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан эм зүйч, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Чулууны Анхүү гэж хүн байлаа. Нутаг усандаа сайхан хүүхэн хэмээн шагшигддаг хүн байсан юм билээ. Улаанбаатар хотын депутатаар олонтаа сонгогдож байсан. Сүүлд Хотын Аптекуудыг удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Ээж маань дээд удамдаа язгууртан гаралтай улс юм байж.

-Ээж нь мөн сайхан хүн байж дээ. Та эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Би айлын ууган охин. Олон насны зөрүүтэй хоёр дүүтэй. Есөн нас хүртлээ ээж, аав хоёртоо эрхэлчихсэн хүн дээ. Аав, ээж хоёр маань бидэнд олон сайхан чанар өвлүүлж үлдээсэн. Бидний оюун бодол, үгийн санд “Атаархал” гэдэг үг огт байдаггүй. “Хүнд ерөөсөө атаархаж болохгүй. Өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй хүн хүнд атаархдаг юм. Тийм учраас хүнд талархаж явж бай” гэж сургаал хэлдэг байлаа, аав ээж минь. Тиймээс бидэнд атаархал гэдэг ойлголт сууж өгөөгүй. Миний хүүхдүүд ч энэ хүмүүжлээр өсөж торнисон.

-Шижир алт шиг мөн ч сайхан чанар юм даа. Хүнд бас авьяасын атаархал гэж нэг юм байх уу, үгүй юу?

-Чихэн дэх ээмэг, гар дахь бөгжийг нь харна гэдэг чинь атаархуу хүний л шинж юм шиг байна лээ ш дээ. Бидэнд ийм чанарыг манай ээж. аав хүүхэд байхаас суулгаж өгсөн. Тийм юм ёстой байх ёсгүй. Атаархал гэдэг юм ерөөс байж болохгүй. Авьяастай хүнд атаархах биш талархах хэрэгтэй.

-Таны ханийг монгол түмэн улсын заан Рэгжийбуугийн Давааням гэж сайн танина. Ханийнхаа тухай сайхан дурсамжаас хуваалцаач!

-Миний хань Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан, цагдаагийн хурандаа Рэгжийбуугийн Давааням гэж хүн байлаа. Бид анх 1976 онд оюутан ахуй насандаа танилцаж байсан. Хань маань Говь-Алтайн Анагаахын дунд сургууль төгссөн эх барих эмч хүн. Анагаахын дундаа онц төгсөөд Анагаахын дээд сургуульд урилгаар ирсэн юм билээ. Анагаахын дээддээ орох гээд явж байхад нь Монгол Бөхийн холбооны дэд тэргүүн байсан, Соёлын яамны сайд асан н.Даваасамбуу тааралдаад “Би чамайг бөх сонирхдог, бөхөд хайртай хүнтэй танилцуулъя” гээд МУИС-ийн Эдийн засгийн факультетийн н.Намжаа декантай уулзуултал сургуульдаа элсүүлж авсан юм билээ. Давааням тухайн үед аймгийн арслан цолтой бөх. Бид хоёр нэг факультетэд суралцаж байхдаа танилцаж байж дээ. Сургууль төгсөөд ууган хүүгээ төрүүлж, гэр барьж тусдаа гарсан даа, бид.

-Хаана гэр барьж туурга тусгаарлав?

-Дэнжийн мянгад манай аавын хашаанд тусдаа гарч байсан. Одоогийнхоор бол хурим юм, бидний үеийнхээр бол гэрийн цайллага хийж байж дээ. Манай өвгөн чинь аав ээжээсээ арвуулаа. Дээрээ нэг эгч, хоёр ахтай, айлын гурав дахь хүү. Ууган ах нь Чойдорж гэж Эх нялхсын эрүүл мэндийн эмнэлэгт рентгений мундаг эмч байсан. Р.Нямдорж ах маань МУИС-ийн физикийн факультетийг онц төгсөөд, сүүлд кринималстикийн чиглэлээр суралцаж төгссөн хуулийн чиглэлийн хүн шүү дээ. Дүү нар нь Р.Дашдорж, Р.Даваацэрэн, бурхан болооч эмэгтэй дүү нь, Р.Баярмаа нар байна. Бага дүү нь Р.Бурмаа гээд ёстой нэг толгойтой, арван жилийн сургуулийг алтан медальтай онц төгссөн охин байлаа. Ростовт Улс төр, эдийн засгийн сургуулийг улаан дипломтой төгсөж ирсэн. Отгон дүү нь Р.Отгонжаргал гээд ЦЕГ-ын бригадын генерал цолтой хүн байна. Манай өвгөний талынхан бүгд оюуны өндөр чадвартай хүмүүс байдаг. Аав Рэгжийбуу нь их мундаг хүн байсан юм билээ. Манай хадам ээж Янжмаа олон хүүхэд өсгөсөн, амьдралыг зөв чиглүүлдэг, хоол унд сайтай хатуу ч гэмээр чанга зарчимтай хүн байв. Нутгийн зон олон нь хадмынхаар их ирнэ. Манайх нэг хашаанд хэдэн жил айл байхдаа ээжээсээ маш их зүйл сурсан. Тухайн үедээ ажил сурч байгаагаа мэдээгүй ч өөрөө үр хүүхдүүд, ач зээтэй болоод ирэхээрээ “Хөөх, ээж нээрээ ингэдэг байсан ш дээ” гэж толгойд буудаг юм билээ. Амьдралын алсын ухаан гэж аугаа хүн байж дээ. Эр хүн бол айл гэрийг аваад явчих алсын ухаантай байдаг бол амьдралыг авч явах нарийн ухаан эмэгтэй хүнд л байдаг гэж би боддог. Ер нь би хоёр ээжээрээ маш их бахархаж, буянтай хоёроосоо одоо хүртэл суралцсаар л явна даа.

-Хайртай ханиа цаг бусаар алдахын хагацал гунигийг юутай ч зүйрлэхэд хэцүү еэ?

-Сайхан ханиа дурсах бүр сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ нь тунарч үзэгддэг юм. 2006 оны арванхоёрдугаар сарын 28-ны тэр нэг бараан өдөр үр хүүхэд бидэнд гунигтай дурсамж үлдэж, хань минь тэнгэрт дэвшсэн дээ. Миний хань улсын заан цолтой бөхөөс гадна шүлэг бичдэг найрагч хүн байсан. Өвгөн минь шүлэгтээ “Итгэл алдахыг үхсэнд тооц” гэж бичсэн байдаг. Энэ үг бол манай гэр бүлийн философи болсон. Тиймээс сайн ханийнхаа үгээр жигүүр хийж, амьдралын гуниг гутрал бүхнийг даван туулж явна даа.

-Та бол Монголдоо төдийгүй дэлхий дахинаа танигдсан сайхан үрсийн ээж. Эх үрсийн баяр болохоор хүүхдүүдийнхээ сайн сайхныг бахдан бодох нь эх хүний жаргал байж таараа даа?

-Монгол гэрээр зүйрлэн бодоход эр хүн айл гэрийн алтан багана, эх хүн өрх бүлийн мөнгөн багана гэж би боддог.

-Та ч бараг яруу найраг шиг янзтай сайхан зүйрлэн хэлж байх шив?

-Ерөнхийдөө л ийм юм. Миний өөрийн л бодол. Тиймээс би тэр мөнгөн баганыг гулзайлгах ёсгүй. Монголын маань бүх эмэгтэйчүүд ийм бодолтой яваад итгэж байна. Миний нэг жаахан харамсаад байгаа нэг зүйл бий.

-Юунд харамсаж байна, та?

-Сүүлийн үед монгол сайхан ахуй маань устаад байгаад. Айлд ороход “Цай уух уу, ус уух уу” гэж асууна. Ам нь цангасан хүн бол “Ус уучихъя” гэдэг. Монгол ёсонд хэзээ ч хүнд хар ус өгдөггүй шүү дээ. Манай ээжийн тал ч, аавын тал ч хар өнгийг цээрлэдэг. Бүр нэрийг нь хүртэл цээрлэж “бүгээн” гэдэг шүү дээ. Хар цай байлаа гэхэд “бор цай, жимбүүр” гэж ерөөсөө хар гэдэг үг оруулахгүй ярина.

-Мөн ч сайхан амны бэлгэшээл шүү?

-Энэ бол гайхамшигт монгол ухаан яваад байгаа юм. Өнөө цагт хүний, өөрийнгүй л сэнжтэй аяганд ус хийгээд өгч байна. Цай аягалахдаа нар зөв эргүүлэгтэй цайгаа аягалаад өгөхөд ирсэн зочдын үйлс бүтэж явах нь байна шүү дээ. Өнөө цагт суурин соёлд орсон ч сүүтэй цайгаа чанаж айлчин гийчнээ зочилно гэдэг нүүдлийн ахуй байхгүй ч гэсэн монгол эмэгтэй хүний мартаж болохгүй ардын соёл уламжлал гэж би боддог. Энэ сайхан ёсыг ээжээсээ би өвлөсөн. Үр хүүхдүүд минь ч үүнийг өвлөөсэй гэж боддог. Ээж аав маань биднийг зүйр цэцэн үгээр сургаж хүмүүжүүлсэн. Би хүүхдүүдээ бага байхад “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал”, “Эвтэй байгаарай. Эвт шаазгай буга барина” гэх жишээний хэлдэг байлаа. Энэ үгс маань хүүхдүүдийн маань чихэнд хоногшиж үлдсэн байх аа.

-Тэгнэ дээ…

-Орчин цагт ач нартаа хэлэх гэхээр ойлгохгүй юм.

-Амьдрал ахуй өөрчлөгдчихөөр арга ч үгүй юм байх аа даа?

-Орчин яах аргагүй өөрчлөгдчихөж. Ач нартаа уг нь ярьж л байгаа юм. Өнөө үед тэгш эрх гэж их ярих юм.Хог хаяхад тэгш эрх хэрэггүй шүү дээ. Монголчууд эр хүнээр хэзээ ч хог хаяулдаггүй. Заримдаа би орцонд хог хаяад явж байгаа эр хүнийг хараад жаахан эмзэглэдэг. Би хөвүүдээрээ, ач нараараа хог хаяулдаггүй.

-Таны орчин чинь монгол бөхийн ертөнц шүү дээ?

-Бөхийн орчин, миний өссөн орчин ч эр хүнийг хүндэлдэг байсан. Би тийм л халуун хайр халгисан гэр бүлд өссөн болохоор эр хүнийг хэзээд хүндэлнэ.Инээмсэглэхийн ид шид хэчнээн сайхан гэж бодно оо. Монгол ахуй соёл дутагдаж буй өнөө үед монгол хүн, монгол айл монголоороо л байгаасай гэж хүсдэг. Гэр бүл сайхан хүмүүжилтэй байхад нийгэм бухимдахгүй. Аливаа нэг бухимдал байлаа гэхэд хүн гэртээ орохдоо гүнзгий гурав сайхан амьсгалаад инээгээд орох ёстой. Би үүнийг өвгөндөө ч хэлдэг байсан. Айл бүхэн ийм сайхан уур амьсгалтай байвал нийгэм сайхан болно. Нийгэм гэдэг чинь бид өөрсдөө шүү дээ.

-Танай хөвгүүд бүгд удам дамжсан бөх болсон доо?

-Хүүхдүүдийн тухай асууж байна. Би ярилцлага өгөх энэ тэр дээр их хол байдаг. Өөрөө нэгэнт зориод ирсэн болохоор ярья. Давааням бид хоёр хүүхдүүдээ хүний зэрэгтэй зөв хүн болгоод өсгөчих юмсан гэж бодож явсан. Манай хүүхдүүд зөв явж л байна даа. Гэхдээ замын хүзүү урт, хийх юм маш их шүү дээ. Бөхчүүдийн гэрийн уур амьсгал дандаа бөхөөр амьсгалж, бөхийн мэх барилдаан ярьдаг нь хүүхдүүдэд нөлөөлж, ихэнх нь л бөх барилддаг, цолтой бөхчүүд ч олон төрөн гарсан. Бөхийн орчинд бөхийн барилдаан, мэх л ярина. Тэд маань багаасаа л аавыгаа дуурайж бөх болцгоосон. Гэрт хэн орж ирнэв бөхчүүд орж ирнэ. Орж ирээд дандаа бөхийн мэх ярина. Барилдаж ирээд бөхөө л ярина. Эрэгтэй хүүхдүүдийн өсвөр насанд энэ их нөлөөлсөн байх. Ийм л орчинд өссөн учраас манай хүүхдүүд өөрсдийн сонирхол авьяасаар барилдсан. Ууган хүү Д.Баасандорж маань Булган аймгийн начин цолтой, чөлөөт, жүдогоор ДИФ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медаль хүртсэн. Удаахь хүү Д.Лхагвадорж улсын начин цолтон. Отгон хүү Бямбадорж Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга болсон. Бөхийн удам яривал аавынхаа талаас мэдээж удамшсан байж таарна. Анх жүдогийн сургуульд шалгуулах гээд Японоос ирсэн багш нар дээр очтол сумогийнхон байсан юм гэсэн. Би анхандаа хүүгээ сумод явуулах дургүй байсан шүү. (Инээв. Л.Б) Монголчууд бөхийн удмыг ээж талаасаа, нагац талаасаа түлхүү гаралтай байдаг гэж ярилцдаг.

-Таны талд тэгэхээр бөхийн удам байна гэсэн үг үү?

-Хөвгүүдийн маань аав бөх хүн болохоор би юу ярихав. Миний хувьд ээжийн талаасаа ч бөх удамтай. Миний хөгшин аав Ү.Чулуун бол сумын заан цолтой хүн. Миний нагац ах Ч.Нямдорж гэж Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд байсан хүн сумын заан цолтой хүн байсан.Үеэл ах Ламжавын Мягмарсүрэн найрагчийн дүү Жаргалсайхан чөлөөт бөхөөр барилддаг, спортын мастер хүн ЦЕГ-т ажиллаж байгаад одоо АНУ-д амьдарч байна.

-Таны энэ сайхан нуруу биеийг харж байхад одоогийнх шиг самбо, жүдо, чөлөөт гээд бөхийн эмэгтэй төрөл байсан бол барилдах л байж дээ?

-Барилдах байсан байх аа. (Элгээ хөштөл инээв. Бодвол их гэнэн асуулт байв бололтой. Л.Б) Ер нь бол дээр үед тийм юм байгаагүй. Одоо тэгээд яахав. Манайх ээжийн талаасаа ийм бол аавын талаас ч бас бөхийн удамтай.Аав, ээж хоёр талаасаа удамтай. Тэгэхээр хөвгүүд маань бөх болдог юм болов уу даа.

-Та одоо юу хийж байна даа?

-Хүүхдүүдийнхээ ерөнхий зөвлөх.

-Ямар мэргэжилтэй хүн билээ, та?

-Эдийн засагч мэргэжилтэй хүн дээ.

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.БАТЦЭНГЭЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Г.Дамдинням: Би тууштай байж, амласан ажлынхаа эцсийг үздэг зарчмаасаа ухрахгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Олон жил сунжирч, гацаад байсан Дарханы замын ажлыг урагшлуулахад та Байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж, барьж авч гүйсээр ард нь гарч байх шиг байна. Гэхдээ зарим шүүмжлэгч нарын зүгээс Дамдинням очиж зам индүүдэж, шороо зөөсөн юм уу гэж сөргүүлдэг. Таныг Дарханы замыг дуусгуулна гэж хэлэх үед нөхцөл байдал яг ямар байсан юм бэ?

-Дарханчуудтай уулзаад явахад хамгийн эхэнд энэ замыг л ярьсан. Ер нь Дархан гэлтгүй улс орон даяар ярианы сэдэв болсон байсан. 2017 онд эхэлчихсэн. Гурван жил юу хийсэн нь мэдэгдэхгүй, таг гацчихсан. Замаа бүр хуулаад хаячихсан. Яаж төлөвлөөд тэгсэн юм, мэдэхгүй. Хариуцах эзэн байхгүй. Бүгд зугтаачихсан. Азийн хөгжлийн банкны 15 багц ажлаас ердөө гурвынх нь ажил 60-70 хувь хүрсэн. Бусад нь замаа хуулаад хаяснаас өөр юу ч байхгүй. Ийм л байдалтай байсан. Улстөрч хүний ажил бол болж бүтэхгүй байгаа зүйлийг нийтийн анхааралд авчрах. Түүнээс биш хүрз, жоотуу бариад гүйх биш. Ажил авсан, хариуцсан хүмүүсийг шахаж, шаардах ёстой.

Төр засгийн зүгээс шаардлагатай зохицуулалтуудыг шийдэж өгөх хэрэгтэй. Энэ болгоныг хийгээд л явсан. Тухайн үе цар тахлын жил байлаа. Гадаадаас инженер, техникийн ажилчид нь орж ирж чадахаа байчихсан. Долларын ханшийн зөрүүнээс болоод компаниуд нь алдагдал хүлээж байна гээд таг зогсчихсон. Гүйцэтгэлээ хянуулж чаддаггүй. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт өгдөггүй. Гацчихсан. Шахаж, шаардаж, анхаарч байгаа хүн нэг ширхэг ч байхгүй байсан шүү дээ.

Тэгээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулаад сонгогдсон гишүүдээс төлөөлөл оруулаад ажиллаж, нийтийн анхааралд авчирсан. Эцэстээ энэ зам дээр Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр очсон. Энэ ажлыг шуурхайлахгүй бол хууль хяналтын байгууллага руу явуулна шүү гэдэг асуудлыг хүртэл тавьсан. Ингэж байж энэ ажил гацаанаас гарч явж эхэлсэн. Даатгалын компаниудаас мэдээлэл авч статистик харсан. Дарханы замд машинаа эвдсэн, онхолдуулсан, өөрөө болон өрөөлийг бэртээсэн, амь насаараа хохирсон гээд нөхөн төлбөр авсан нэг жилийн статистик гэхэд 440 гаруй ослын бүртгэл байдаг. Бүртгүүлээгүй осол аваар хэд ч байсан юм мэдэхгүй. Дарханы зам үнэхээр ард түмний зовлон болоод байсан юм шүү.

-Дарханы зам бол олон нийтийн дунд, улс төрийн хүрээнд ч тэр нэлээн хэл ам дагуулсан. Та энэ ажлыг барьж авснаар намынхаа зарим нөхөдтэй ам мурийх, цаашлаад “би, чи”-дээ тулж зөрчил үүсэхийг ч үгүйсгэхээргүй нөхцөл байдал үүссэн. Ийм галтай зүйл рүү өөрөө ам гарч орох хүн тухайн үед ховор байлаа?

-Дарханы сонгогчдоос энэ замыг дуусгаад өгөөч ээ гэдэг хүсэлт маш их ирдэг байсан. Гишүүн болсноос хойш миний фэйж дээр хамгийн ирдэг асуудал нь Дарханы зам. Бичгээр ч гэсэн хэдэн мянган өргөдөл ирсэн. Ний нуугүй хэлэхэд, бид бие биедээ шаардлага тавьж чадахаа байчихсан цаг байсан. их тойрч өнгөрч байсан даа. Тэртэй тэргүй манай нам 2016-2020 онд засаг барьчихсан. Энэ маягаар найр тавиад, бие биеээ харзнаад, намын дотоод эв нэгдэл, журмын нөхөр яриад дуугүй суух хэмжээнээс хэтэрчихсэн байна гэж бодогдсон. Тийм учраас дайраад орсон. Шахалт дарамт ирж байсан нь үнэн. Тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан, бас бус хүмүүсээс “За энэ арай хэтэрч байна шүү, улс төр чинь ихдээд байна шүү, болиорой. Намд харш зүйл болж байна шүү” гэдэг сануулга зөндөө л ирсэн. Гэхдээ энэ бол олон нийт надад захиж даалгасан ажил шүү дээ. Уучлаарай, нэгэнт би араас нь явсан. Буцах зам байхгүй гэж зүтгэсэн. Сүүлдээ намын удирдлагууд ч тэр бүгдээрээ “За чамд арга байхгүй юм байна” гээд орхисон.

-Ер нь тууштай байх, эхэлсэн зүйлийнхээ ард нь гаръя гэсэн бат суурьтай бодлыг өөртөө төлөвшүүлэхэд танд юу нөлөөлсөн бэ?

-Би “за” гээд хэлчихвэл биелүүлэх гээд нойр хүрдэггүй. Тууштай зүтгэнэ. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Аав, ээжийн маань өгсөн хүмүүжил юм болов уу. Манай аав Увс аймгийн хүн. 2010 онд өөд болсон. Гүдэсхэн, шулуухан үгтэй. Зоримог эр хүн байсан. Аймгийн заан Гонгор гээд андахгүй дээ. Ээж маань Ховд аймгийн Булган сумын хүн. Асар хөдөлмөрч. Одоо 80 дөхөж явна. Гэрээ цэвэрлээд пижигнүүлээд л үзэж тарна.

Хүн ямар нэг ажил хөдөлмөр, албан тушаал хашиж байх үедээ байгаа цагтаа байсан шиг байчих хэрэгтэй гэж боддог. Би 2010-2012 онд ШУТИС-ийн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проекторын алба хашиж байсан. Энэ бол миний төрийн анхны гүйцэтгэх ажил. Тэр үед багш нарын нийгмийн асуудал шийдэгдээгүй, орон сууцгүй, аргацааж өнгөрөөсөн байдалтай байсан. Тухайн үед 27, 28 настай залуу ШУТИС-ийн 1500 гаруй багш, эрдэмтэн профессоруудад “Би та нарт байр барьж өгнө. Хамгийн хямдаар орон сууцтай болгоно” гэж хэлсэн. Надаас “Хэрхэн шийдэх вэ” гэж асуусан. Би ганц л зарчим хэлсэн. Энэ сургууль Монголын бүх инженерийг бэлтгэдэг. Гарын үсэг зурах, зөвшөөрөл өгөх бүх хүн энэ сургуулиас гаралтай. Багш нар нь орон сууцгүй, оюутны дотуур байранд чихцэлдээд сууж байхыг тэд хүсэхгүй байх. Судалгаа хийж үзэхэд сургууль хоосон газартай. Мөн багагүй өмч хөрөнгөтэй сургууль байсан. Зүгээр менежментийн асуудал үлдчихсэн. Тухайн үед 550 орчим хүнд орон сууц авах хэрэгцээ байна гэсэн судалгааг надад өглөө. Би 350 гаруй багш, ажилтныг байртай болгоод гарч байлаа. Үлдсэн багш нарыг газартай болгосон. Би нэг юмны араас зорьчихвол буцдаггүй. Дарханы зам, Боловсролын багц хууль, англи хэл, авлига хороолол гээд бүх зүйл дээр тууштай явсаар дуусна. Эр хүн зорьсондоо байх ёстой. За бол ёогүй байх хэрэгтэй. Тэгж байж олны итгэлийг хураана. Үр дүнд хүрнэ.

-Нэгэнт “авлига хороолол” гэж хэлснийх ам асуучихъя. Дийлэхээсээ өнгөрч байгаа юм биш үү?

-Би дургүй юмаа шууд хэлдэг. Тасхийтэл хэлнэ. Байр сууриндаа тас зогсдог. Улаанбаатар хотын ард иргэд бүгд үзэн ядаж “авлига хороолол” гэж нэр өгчихөөд байхад авлига ийм бяртай байдаг юм гэдгийг харуулж, та нар юу юм бэ гэж доромжилж, авлигаас сүндэрлэсэн хөшөө босгож байгаа энэ асуудалтай би дуустал тэмцэнэ. Ард түмнийг доромжилсон авлигын гэрэлт хөшөө болж сүндэрлэж байгаа энэ хороолол нурах ёстой. Зөвшөөрлийг нь өгсөн, зориулалтыг нь өөрчилсөн, техникийн нөхцөлүүдийг нь баталсан бүх хүн хуулийн хариуцлага хүлээх болно. Дарханы зам ч ялгаагүй. Ард нь авлига байгаа. Албан тушаалтнууд хариуцлагаа хүлээнэ.

-Юм мартагдаагүй. Асуудал тэндээ үлдчихсэн гэж тайвширч болохгүй нь байна шүү?

-Уучлаарай, би салахгүй. Үүнийг буулгаж, хариуцлага тооцож чадахгүй юм бол бид шударга ёс, тэгш байдал, авлигын эсрэг тэмцэл гэж олон юм яриад яах вэ.

-Одоо бол Дархан, Сэлэнгэ, Төв аймаг гэсэн илүү өргөн хүрээг хамарсан бодлогын асуудал яригдана. Таны хувьд ер нь бүс нутгийн онцлогийг хэр судалсан бэ?

-Би сая тойргийнхоо 54 сум суурин, нэгжээр явлаа. Ний нуугүй хэлэхэд, бид маш азтай болж таарсан. Төв аймаг бол нийслэлийн 1.6 сая хүнийг тэжээдэг. Баянчандмань сум Монголын өндөгний 50, Батсүмбэр сүүний 30 хувийг хангаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум мөн сүүний 30 хувь. Хүнсний ногооны нэлээн том хэсгийг хангана. Цаашаагаа Жаргалант, Сүмбэр. Монголын төмс тэр аяараа байна. Дархан бол Сэлэнгэ аймгийн яг голд байна. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг нь харахад Сэлэнгэ нэг их наяд, Дархан 700 орчим тэрбум төгрөг. Сэлэнгэчүүд Дарханд ирж худалдан авалт хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ гурван аймаг аль эрт өөрсдөө учраа олоод зах зээлийнхээ зарчмаар холбогдоод кластер болоод хөгжөөд эхэлчихсэн юм билээ. Сурчихсан. Маш ажилтай хүмүүсийн амьдардаг бүс нутаг болчихсон. Одоо бол бид өөрсдөдөө байгаа давуу болон сул талаа хоорондоо хуваалцаж нөхөх, бие биедээ байгаа туршлагаа шингээх, хооронд нь холбож өгөх бодлогын зангилаануудыг хийх л ажил үлдсэн юм билээ.

-Мөн малчид руу нэлээн анхаарсан жилүүд байх бололтой. Хоршооны малчид нэн хөнгөлөлттэй зээл авна. Гэхдээ малчдын хувьд өр болчих вий гэсэн айдас байна?

-“Шинэ хоршоо” хөдөлгөөн бол миний ажлын хэсэгт нь орж батлуулсан хуулийн үр дүн. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Энэ хуулийн үр өгөөж манай төвийн бүсэд хамгийн их хамаатай. Өнөөдөр захын малчин банкнаас зээл авахад 20 шахам хувийн хүү төлж байна. Нэмээд малаа барьцаална. Айдас гэдэг дээр хэлье. 20 хувийн хүүтэй зээлээс айгаагүй хүн 6 хувийн хүүтэй зээлээс айгаад хэрэггүй. Одоо зөвхөн сургалтдаа сайн суух хэрэгтэй. Сум болгонд хоёр хүн очиж сургагч багш хийгээд зохион байгуулалтад оруулж байна. Хэн түрүүлж хөдөлнө, хэн арчаатай байна энэ бодлогын үр өгөөжийг хүртэнэ. Зээл авдаггүй бизнес, зээл авдаггүй зах зээлийн харилцаа гэж байдаггүй. Гол нь энэ хэр үнэтэй байна гэдэг л асуудал. 2020 онд малчид зээлийн хүүг сарын ядаж нэг хувь руу оруулаад өгөөч гэж хүсэж байсан. Одоо бол жилийн 6 хувь руу оруулаад өглөө шүү дээ. Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь батлан дааж байна. Төвийн бүс харьцангуй аж ахуйжсан. Фермүүд хажууд нь байна. Тэндээс очоод суралц. Төр боломжийг бий болгож өгнө. Энэ боломжийг хэрхэн зөв ашиглах уу гэдэг хувь хүний чадвар, хичээл зүтгэлтэй холбоотой. Бүгд гар утастай. Интернэттэй. Түүгээрээ судал. Хоорондоо ярилц. Нэг хоршоонд есөөс дээш өрх нэгдэнэ гэсэн ийм учиртай. Хот хүрээнд байгаа хүүхдүүдээсээ асуу, зөвлө.

-Дарханы арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Малчдыг дэмжих нэг чухал хөшүүрэг энэ. Бүтэхгүй гэж хэлэх эрхгүй ачаа үүрэх нь дээ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн ажлууддаа сэтгэл хангалуун байна. Гэхдээ нэг юманд гонсойдог. Энэ бол Дархан арьс ширний цогцолбор. Өнгөрсөн өвөл онцгой хүнд зуд боллоо. Тэрний өмнө их үер буулаа. Энэ юуг хэлж байна гэвэл байгаль цаг уурын өөрчлөлт яриа биш, бодит болчихлоо. Байгаль цаг уурын өөрчлөлтийг даван гарахын тулд хүн амын 50 хувь нь ахуй амьжиргаагаа залгуулж байгаа мал аж ахуйн салбараа шинэчлэх ёстой. Үүний тулд бизнес моделийг нь төрийн бодлогоор хийж өгөх хэрэгтэй. Хэрхэн хийхээ судлах шаардлагатай. Тийм учраас бид Австрали, Франц, Шинэ Зеланд, Канад зэрэг орныг харлаа. Өнөөдөр манай малчид малынхаа 90 гаруй хувийг гэрийнхээ гадаа төхөөрч байна. Энэ арьс ширийг цуглуулж авна гэдэг асар өндөр зардал. Цуглуулж авлаа ч гар аргаар бэлтгэсэн түүхий эдийг боловсруулалтад оруулж чадахгүй байна. Ингээд энэ бизнес ашиггүй болдог. Тиймээс бид дараагийн дөрвөн жилд улсын хэмжээнд томоохон махны үйлдвэрүүдийг бий болгох ёстой. Малчин малаа мах боловсруулах үйлдвэрүүдэд аваачиж өгөх нь ашигтай байх зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Махны үйлдвэрийн давуу тал нь төвлөрүүлнэ. Эрүүл ахуй талаасаа найдвартай хяналттай. Хоёрдугаарт, малаа бөөгнөрүүлж байгаад гаргах учир дайвар бүтээгдэхүүн нэг дор төвлөрнө. Үүний хажууд боловсруулах үйлдвэр зэрэгцээд явна. Үр дүнд нь эдийн засгийн хувьд ашигтай. Малынхаа түүхий эдийг бүрэн ашиглах зохион байгуулалтад орно. Дарханы арьс ширний цогцолборын хажууд махны үйлдвэр зайлшгүй байх ёстой.

-Яриагаа боловсролын салбар руу чиглүүлье. Та Дарханы гэр хорооллын сургуульд анх элсэн орж суралцах гараагаа эхэлж, Канадад дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулийг дүүргэх хүртлээ боловсролын үр жимсийг хүртэж яваа. Энэ шат бүрд хүний нүд нээгдэж, ухаан задардаг. Боловсрол таны нүдийг хэрхэн нээж өгсөн бэ?

-Би 2012 он хүртэл Монголдоо эзэмшсэн боловсролоороо амьдарч, ажиллаж байсан. Нам солигдоод ажилгүй болох үед өөртөө зоригтой шийдвэр гаргасан. Хүүхэд байхын мөрөөдөл минь дэлхийн шилдэг их сургууль төгсөх. Аав маань ч захидаг байлаа. Хэрэв би Канадад очиж Бритиш Колумбын их сургуулийг төгсөж ирээгүй байсан бол өнөөдрийн Дамдинням байхгүй. Өнөөдөр би УИХ-д суухгүй. Боловсролын багц хуулийн шинэчлэл байхгүй, Дарханы зам байхгүй, өнөөгийн би байхгүй, ийм л байх байсан. Боловсрол бол миний амьдралд хамгийн их тус нэмэр болсон хэрэгсэл. Тийм учраас энэ салбарт онцгой анхаарал хандуулдаг. Бусдад хүртээлтэй байлгахыг хүсдэг.
Би сумын сургууль төгссөн хүн. Наймдугаар ангиа Увс аймгийн Өндөрхангай суманд очиж төгсөж байлаа. Ер нь орон нутгийн боловсролын чанар ямар байдгийг сайн мэднэ. Хүн өөрөө хичээж зүтгэхгүй л бол тэнд боловсролын үйлчилгээ сул. Үүнийг арилгаж байж хөгжил дэвшил, тэгш боломж, тэгш гарааг ярина.
УИХ-ын гишүүн болоод Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв болон олон улсын байгууллагуудын хийсэн судалгааг харахад Монголын боловсролын эрх зүйн орчин монгол хүүхдүүдийг тэгш бус гараанаас эхлүүлдэг болгочихсон байсан. Улаанбаатарын төвд сайн сургуульд сурч байгаа хүүхдийн тэтгэлэг авах, сайн ажилд орох магадлал хөдөөгөөс, тэр бүү хэл нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийнхээс хэд дахин өндөр байгаа юм. Хүүхдэдээ давуу боломж олгох гэж хичээж байгаа аав, ээжийг буруутгах ямар ч боломжгүй. Хүүхдээ сайн сургуульд явуулж чадахгүй байгаа эцэг, эхийн ч буруу биш. Төрийн бодлого буруу байна. Яагаад гэвэл зах хязгаар газруудын боловсролын чанарыг унагаачихсан. Учир нь тэнд сайн багш, мэргэжилтэй боловсон хүчин тогтохгүй. Боловсролыг өөд нь татъя гэвэл багшаа л өөд нь татах ёстой. Сургуулийн орчинд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгаа, цалин урамшууллыг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж бид хөгжил дэвшлийн тэгш боломжийг олгоно. Тийм ч учраас Боловсролын багц хуулийн үндсэн үзэл санаа нь хөдөө орон нутагт очиж ажиллах юм бол дэмжинэ. Орон сууцыг нь төр зохицуулж өгнө. Нийгмийн баталгааг нь сайжруулна. Сая хөдөө орон нутагт уулзалт хийгээд явж байхад аймгийн төвийн багш нар “Аль суманд очиж багшлах вэ” гэж ярьж байна лээ.

-Нийгмийн өмнө тулгамдсан, хөгжлийг боомилсон олон бэрхшээлийг боловсролоор дамжуулж шийдэх ёстой гэсэн Таны итгэл үнэмшил чухал санагдсан. Бэлэн зүйл өгөөд нийгмийг өөрчлөхгүй шүү дээ?

-Загас барьж өгөхөөс илүү загас барих аргыг зааж, уургатай нь өгөх хэрэгтэй гэдэг энэ. Боловсрол дээр нэг зүйлийг нэмж хэлье. Англи хэл. Англи гэдэг нэрийг нь авч хаяад олон улсын хэл гээд бодчих. Энэ олон улсын хэл манай ихэнх залуучуудад байхгүй. Төвийн, хувийн сургуульд сурч байгаа хүүхдүүд бага ангиасаа англи хэл үзнэ. Харин улсын сургуульд 5 дугаар ангиасаа л үздэг. Нэг нь долоон жилийн турш долоо хоногт хоёр цаг. Нөгөөх нь 12 жилийн турш долоо хоногийн дөрвөн цагаар англи хэл үзнэ. Тэгвэл 12 дугаар ангиа төгсөхөд хэн нь тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөөд ялах вэ?

-Олон жил англи хэл үзсэн нь.

-Ойлгомжтой шүү дээ. Энэ чинь дахиад л боловсролын тэгш бус байдлыг олгож байна. Боловсролын зээлийн сангийн маргаан яагаад гарсан юм. Учир нь төв суурин газрын хүүхдүүдэд илүү боломж нөхцөл байсан. Тэднийг дарга нарын хүүхдүүд гэж хочлоод байх шиг байна. Яг бодит байдал дээр аав, ээж нь боловсрол эзэмших нөхцөл боломжийг арай илүү бүрдүүлснээр энэ хүүхдүүд тэтгэлэг авдаг. Үүнд хүмүүс гомдоод байгаа мэт боловч төр засаг тэгш боломж олгоогүйд асуудал байсан. Тийм учраас англи хэл маш том улс төр болсон. Одоо есдүгээр сараас бүх сургуульд англи хэлийг 3 дугаар ангиас ижил чанар, ижил тоогоор үзэж эхэлнэ. Намайг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орондоо юу үлдээсэн бэ гэвэл би англи хэлийг эхэнд хэлнэ. Боловсролын багц хуулийг хэлнэ. Энэ Монголын ирээдүйд эргэлт авчирсан бодлого. Үүний төлөө арван жилийн дараа намайг дурсаж баяр хүргэнэ гэж боддог.

-Арван жил хүлээх шаардлагагүйгээр одоо ч олон нийт талархан хүлээн авч байна. Өнөөдөр хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс гуравдагч хөршийн буюу англи хэлийг манай үндсэн гадаад хэл хэмээн хуульчилж зарлана гэдэг амаргүй даваа шүү дээ?

-Ярьж болох, ярьж болохгүй олон бэрхшээл байсан. Тэрний нэгийг та дурдлаа.

-Нийгэм хоёр тийш хуваагдаж, дайсагналцсан өнгө аяс хүчтэй биш ч илэрч байсан. Энэ даамжирвал маш хортой. Цаад шалтгааныг нь ухаад үзэхээр англи хэл сурсан, сураагүйн ялгаа байгаа юм. Миний хүүхдийг англи хэлгүй гээд дээдсийн хүүхдүүд тэтгэлгийг нь аваад явчихлаа гэж гомдсон, дайсагнасан. Та анзаарсан болов уу?

-Анзааралгүй яах вэ. Нэг улсад нэг хилээр ярьж байж дайсагналцах түвшинд хүрч, хуваагдал руу явж байвал маш аюултай. Хүүхдийнхээ боловсролд анхаарч чадаж байгаа аав, ээж нарыг баячууд, дарга нар гэх зэргээр ад үзэж болохгүй. Төр засаг нь тэгш боломж олгоогүйгээс шалтгаалаад хүүхэд нь англи хэл сурч чадаагүй аав, ээжийг бас буруутгах аргагүй. Энэ бол цэвэр төрийн алдаа. Төр алсаа хараагүй бодлого явуулсан учраас нийгэм хоёр салж эхэлж байгаа нь аймшигтай асуудал шүү дээ. Чинээлэг боломжтой хүн болгон хулгайч биш. Би үүнийг хатуу хэлье. Хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө бүхнээ барьсан аав, ээж хулгайч биш. Энэ хүмүүсийг үзэн ядаж болохгүй. Зүгээр л хүүхэд болгонд англи хэлийг нээлттэй заачих. Хүүхэд бүрд олон улсын чанартай хичээлийг нь орчих. Энэ төрийн үүрэг.

-“Маргаашийг төсөөлж болно. Маргаашийг ямар байлгахыг бэлдэж болно”. Энэ бол таны хэлсэн үг. Маргааш юу болох, ирээдүйд юу тохиолдохыг бид барим тавим мэдэх боломжгүй. Гэхдээ бид маргаашийн сайн сайхны төлөө өнөөдөр юу хийх ёстой, тэрийгээ хэцүү байсан ч хийх л ёстой. Тийм үү?

-Их энгийн логик. Зөв хариулт авъя гэвэл зөв асуулт асуух ёстой. Тэрэнтэй ижилхэн маргааш сайн байгаасай гэж бодож байвал өнөөдөр маргаашийнхаа төлөө сайн бэлдэх ёстой. Ерөөсөө л миний бодол бол энэ. Миний хамгийн том барьж авсан ажил бол Боловсролын багц хуулийн шинэчлэл. Энэ бол маргаашийн бэлтгэл. Монголын ирээдүй 10 жилийн дараа эрс өөр байна. Монгол залуус дэлхийн хэлээр хол ойргүй бүгд ярьдаг болно. Дэлхийн хэлээр бүх мэдээллийг уншиж судалдаг болно. Хаалга үүдийг цэлийтэл нээгээд өглөө. Дэлхийтэй өрсөлд. Энэ бол маргаашийн төлөө миний хийж чадах, ирээдүйдээ өгч чадах зүйл. Сая бол бодлогоо гаргасан. Одоо ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхэд зүтгэж ажиллана. Дараагийн асуудал бол би уул уурхайн мэргэжилтэй хүн. Баялгийн тэгш хуваарилалт дээр ажиллана. Сая Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн араас хэрэгжүүлэх их олон ажил бий. Маргаашийн Монголын амжилтыг өнөөдрийн бидний хийх бодлого суурийг нь тавьж байх ёстой.

-Та зургаан хүүхдийн эцэг. Үрс үлдэх хорвоод зөв явах ёстой. Таны эцэг, эх нутаг орондоо нэр нүүртэй, олны хүндлэл хүлээсэн хүмүүс. Эцгийн нэрийг сэвтүүлж болохгүй. Мөн иргэдийнхээ итгэлийг хүлээж тууштай зүтгэх хэрэгтэй?

-Миний амьдралд хоёр удаа том эргэлт гарсан. Энэ нь миний бодож санах, юмыг хүлээж авах, шийдвэр гаргах зэрэгт том нөлөө үзүүлсэн. Нэг нь аав маань бурхан болоход бүтэн шөнө нойргүй хонож амьдралаа эргэцүүлж хоносон. Нөгөөх нь том охин маань мэндэлж, би аав болоход маш гүнзгий бодолд орсон. Энэ том хоёр эргэлтийн цэгийн дараа хүн нэрээ их боддог болдог юм билээ. Аавын маань захиасууд одоо ч орой руу орж ирдэг. Зорилготой, зоригтой, хийморьтой амьдраарай миний хүү. Золтойхон шиг явна шүү. Эр хүн за бол ёогүй байх ёстой. Бариад авсан бол дуусгаж санаа амраарай. Нэрээ хичээж яваарай гэж захидаг байсан.
Манайх зургаан хүүхэдтэй айл. Миний үр хүүхэд ажил хөдөлмөр хийгээд явах үед аавынхаа нэрээс ичдэггүй, аавынхаа нэрээр бахархдаг. Аавынхаа гаргасан мөрнөөс илүү мөр гаргах юмсан гэж хичээдэг байгаасай гэж боддог. Жишээ нь Канад улсын Бритиш Колубмын их сургуулийн докторын зэрэг миний амьдралд нэг их хэрэгтэй биш. Гэхдээ би хамгаалах гээд зүтгэж байна. Би энийг үр хүүхдэдээ үлдээж байгаа юм. Миний аав, миний удам чаддаг, миний цусан дотор ийм ген байгаа. Би чадна, бид чадна. Хичээх ёстой гэсэн шалгуур үлдээж орхих юмсан гэж боддог. Яг энэ хандлагаар би улс төр, ажил хэрэгтээ ханддаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн DNN.mn

Аргын тооллын 6 сарын 2, Адьяа гараг. Билгийн тооллын 26, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:56-20:44. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эмээлт”-д бүдүүн эр тэмээ 1.000.000-1.800.000 төгрөг байна DNN.mn

“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2024.05.31/ мэдээллийг хүргэж байна.

Бүдүүн эр ямаа 100.000-120.000 төгрөг

Шөлний хонь 350.000-400.000 төгрөг

Бүдүүн эр тэмээ 1.000.000-1.800.000 төгрөг байна.

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төв