Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол дагуу завьт эргүүлүүд гарна DNN.mn

Иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл 2024 оны зургадугаар сарын 10-наас ажиллахаар болжээ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 1336 нэр дэвшигчийг бүртгэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр хүсэлт гаргасан 102 хүнийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв. Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 2-ны дотор 104 хүн баримт бичгээ дахин иk бүртгэх шийдвэр гарсан ч нэмэлт баримт бичиг ирүүлсэн 2 иргэний асуудлыг хэлэлцээгүй.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар нийт 1399 хүний баримт материалыг нягтлан шалгаж, нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу зэрэг үндэслэлээр 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу 16 нам, 2 эвслээс 99 нэр дэвшигч, 3 бие даан нэр дэвшүүлэгч, нийт 102 хүн зөрчлөө арилгасан талаарх холбогдох баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу дээр дурдсан 102 хүний баримт бичгийг нягтлан шалгаад хуульд заасан шаардлага хангасан 92 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлөө арилгаж, холбогдох баримтаа ирүүлсэн тул нэр дэвшигчийг бүртгэж шийдвэрлэв.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу 10 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Тодруулбал,

-Баримт бичиг дутуу-3

-Татварын өртэй-3

-Өөр намын гишүүнчлэлтэй-3

-Төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалаас чөлөөлөгдөөгүй-1 тул тус тус татгалзав.

Түүнчлэн иргэний гомдлын дагуу нягтлан шалгахад нэг нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлтэй нь тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгов.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-т зааснаар 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт 1336 хүнийг нийтэд мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил нийслэлийн зургаан дүүргийн 17 байршилд зам засвар хийнэ DNN.mn

Энэ жил нийслэлийн зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замыг засах бөгөөд арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 7, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг, Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт хоёр байршлын замыг засах юм байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Будням: Хувийн сайн ажиллаж буй компани ямар технологи ашиглаж байгаад анализ хийх хэрэгтэй DNN.mn

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа.


-Монголчууд үнэхээр ядуу байна. Эрдэмтэн хүний хувьд та ядуурлын гол шалтгааныг юутай холбож хардаг вэ?

-Бид нэг системээс нөгөө рүү шилжээд үндсэндээ 30 гаруй жил болчихлоо. Ардчилал, нээлттэй зах зээлийг ард түмэн хүлээн зөвшөөрч, энэ замыг сонгосон. Тухайн үед нийгмийн шилжилт энхтайвны замаар явагдсаныг бүгд мэднэ. Гагцхүү тэрхүү шилжилтийг анх санаачилсан хүмүүс нь ямар үе шаттайгаар зах зээлд орох тал дээр өөрийн гэсэн туршлагагүй, хөтөлбөргүй байсан. Үүнээс болж өнгөрсөн 30 жилийн хугацаанд засаглал жижиг асуудлуудыг шийдэх замаар асар их боломжуудыг алдсан. Нэг ёсондоо төр засаг шинжлэх ухаан, боловсролын салбартайгаа нягт ажиллаж байсан бол өнөөдрийн хүн амын дундах ялгарал бий болохгүй

Харамсалтай нь боловсролын систем уначихлаа. Шинжлэх ухааны байгууллагын судалгаа нь ямар ч ашиггүй байна. Уг нь шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар хуулиуд гаргасан ч бидний байгуулах гэж байгаа нийгэм эдийн засгийн бодлоготой холбож чадаагүй. Тэр хууль нь ерөөсөө ажилладаггүй гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд манай улс янз янзын боловсролын системийг туршсан. Ялангуяа ерөнхий боловсролын систем алдагдаж, төгсөгчдийн түвшин муудсан. Энэ нь дээд боловсролдоо халтай. Тэр хэрээр сул боловсролтой, биеэ даах чадваргүй, нийгмийн шаардлагыг хангахгүй боловсон хүчнээр дүүрчихлээ. Үр дүн нь ийм хүмүүс төр, засагт гарсан. Чадамжгүй удирдлагууд, боловсон хүчний гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд ч биеэ даасан сэтгэлгээтэй байхаа больсон. Үндсэндээ 30 жил тархигүй засаглалтай явж ирлээ. Уураг тархитай төртэй байна гэдэг бол боловсрол шинжлэх ухаанаа хамгийн түрүүнд барьж авч, дэмжих ёстой. Улмаар нягт нарийн бодлоготой, хөгжлийн хөтөлбөрүүдтэй байсан бол шийдэх асуудлууд нь оновчтой байх байсан. Нэгдсэн бодлого, стратеги байхгүйгээс болж дэмжих салбар хоорондын хамаарал нь алдагдсан. Үүнээс улбаалж мега төслүүд гацдаг, удааширч улсын хөгжилд том тушаа болдог.

-Ард түмнийг боловсролгүй, мэдлэггүй ядуу байлгах нь хэнд ашигтай вэ?

-“Ард түмнийг боловсролтой болгох асуудал төрд ашиггүй. Яагаад гэвэл төр өөрийнхөө санаснаа хийхийн тулд боловсролгүй хүмүүсийн толгойг угааж ашиглахад аятайхан нөхцөл бүрэлддэг юм” гэж Л.Толостой хэлсэн байдаг. Энэ үгийг өнөөдөр монголчууд яг амсаж байгаа юм. Бас Африкийн жишээн дээр ХХ зууны том эрдэмтэн Ф.Жолио-Кюри “Аливаа орон боловсрол, шинжлэх ухаанаа анхаарлынхаа төвд байлгахгүй бол бусдын колони болно шүү” гэж хэлсэн. Олон улсын зүтгэлтэн, радио академийн элементийг нээсэн том эрдэмтэн хүн ингэж хэлж байсан. Тэгвэл өнөөдөр Африкийн олон орнуудын боловсролын систем сайжирч, судалгааны ажлууд нь эрчимжиж байгаа. Байгалийн баялгаа ухаж амьдардаг бйсан бол тэндээс орж ирсэн мөнгөөрөө ард түмнээ гэгээрүүлж, боловсруулах тал руу Африкт маш их дэвшил гарч байна. Манай улс боловсролын чадамжаа алдсан ч фундамент байгаа учраас бид зөв бодлого хэрэглэж чадвал ард түмнийхээ амьдралыг сайжруулж чадна. Ер нь боловсролтой, мэдлэгтэй байж л ард түмэн сайхан амьдарна.

-Ер нь төр ард түмнээ “ул”-ны байлгах сонирхолтой юм биш үү. Дахин, дахин сонгогдож, эрх мэдлээ удаан хадгалахын тулд ядуу иргэдээ халамжаар угждаг бодлого баримталж ирсэн гэж харж болох уу?

-Манай улс халамжийн бодлогыг хална гээд 30 жил ярьж байгаа шүү дээ. Эдний нэг ойлгосон зүйл бол ард түмэндээ хэдэн төгрөг өгөөд хуурч, дахин, дахин сонгогдоод байх нь ашигтай байсан. Уул уурхайн том том ордуудыг дээгүүрээ яаж ашиглаж, мөнгө угаасан тухай яриад байна. Тэгсэн мөртлөө гаргаж байгаа шийдвэр нь ерөөсөө бидэнд унах юм алга. Улсууд нь иддэгээ идээд, уудгаа уугаад л гарч ирж байна. Тэгэхээр хариуцлагатай иргэний нийгэм хэрэгтэй. Ард түмэн ядуурлаас гарч, хувь заяа, амьдралаа авч явахын төлөө дор бүрнээ чадлынхаа хэрээр өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Ядахдаа ард түмнийг төлөөлж төрд гарч ирсэн улсуудад хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй. “Та ингэж хэлээд төрд гарсан шүү. Бидний амьдрал улам муудаад байна. Гэтэл та бидний дээр гарчихаад зүгээр суугаад байна” гээд амлалт нэхдэг байх ёстой.

-Одоо сонгуулиар дахиад л мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдаж авах байх даа. Ард түмэн өөрсдөө хөдөлмөр хийхийг хүсэхгүй, “ул”-наас гарах сонирхолгүй байна уу?

-Үүнийг бид нэг өдөр арилгачихаж чадахгүй. Ард түмэн улстөрчийн хэн нь хэн бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нөхөр хэр потенциалтай юм, хэлж байгаа үгэндээ хүрч чадаж байна уу гэдгийг дүгнэж сонголт хийх нь зөв. Дэндүү хуучинсаг хүмүүсийг сонгочихвол их харамсалтай юм болно. Залуучуудыг сонговол бас их инээдэмтэй юм болно. Тиймээс алтан дунджийг баримталсан сонголтыг ард түмэн хийж чадна байх.

Ард түмэн боловсролгүй, гэгээрээгүй цагт “ул”-наас гарахад хэцүү л дээ. Манайд шинжлэх ухаан технологийн бодлого, явуулж буй шинжлэх ухаан технологийн суурь бодлого ч алга. Шинжлэх ухааныг хөгжүүлэх стратеги ч байхгүй. Зүгээр л хууль гаргачихсан. Тэр хуулийнхаа дагуу шинжлэх ухаанаа хөгжүүлэх стратегийн бодлого гаргах ёстой. Хоёр янзын технологи хэрэгтэй. Аж үйлдвэрийн IV хувьсгалтай уялдаад улс орнууд зайлшгүй нутагшуулах технологиуд нэвтрүүлж байна. Мэдээллийн технологи, биотехнологи, квантын технологи гээд. Энэ бол зах зээл, ирээдүйн эдийн засгийн бүтцийг тодорхойлох технологи учраас бид тодорхой хэмжээгээр үүнээс хоцорч болохгүй. Өөр нэг асуудал нь хувийн секторууд ямар компаниуд аятайхан ажиллаж байна вэ, тэд ямар технологи ашиглаж байна вэ гэдэгт анализ хийх хэрэгтэй. Уламжлалт сэргэж байгаа технологиудыг улам сайжруулах талаар төрөөс санхүүгийн талаас юм уу, хөрөнгө оруулалт, татварын хөнгөлөлтөөр дэмжих ёстой. Жишээлбэл, газар тариаланд технологийн шийдлийг ямар компаниуд яаж ашиглаж байгааг судалж, нэвтрүүлмээр байгаа юм.

-Аливаа улс орныг дундаж давхаргынхан авч явдаг. Тэднийг яаж дэмжиж гаргаж ирэх вэ?

-Хуучин нийгэмд багш, эмч нар манай дундаж давхаргыг төлөөлж байсан. Тэд цалин мөнгө сайтай. Дажгүй амьдралтай улсууд байв. Харин одоо эсрэгээрээ. Эд нарын цалин, үнэлэмж унаад ирэнгүүт багш нар наймаа хийх нь дээр гэж үздэг болж. Эсвэл Солонгос явж ажиллах нь амьдралд нэмэртэй гэдэг болсон. Монголын ирээдүйг бүтээж байгаа багш, эмч нар ажлаа хаях юм уу. Амьдрал нь баталгаагүй болж байна. Энэ салбарынхаа хүмүүсийн цалин мөнгийг нэмж байгаа гэдэг ч ТҮК-ийн ажилтнуудаас дорд үнэлэгдэж болохгүй. Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж байгаа нь дундаж давхаргыг үүсгэх бас нэг хэлбэр юм. Уг нь жижиг дунд үйлдвэрүүдийг том компаниудын дагавар болгож, тэдэнтэй үйл ажиллагааг нь холбож байх юм бол шинэ санаачилга гарч, шинэ технологи орж ирнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо эсгий таавчиг, гар урлал руу чиглүүлэхийн оронд микро элементийн чип угсардаг ч юм уу тэргүүний технологитой жижиг дундыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Манай улс дэлхийн хоёр том хөршийн дунд оршиж байна. Хоёулаа шинжлэх ухааны том баазтай. Эдэнтэй бид шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой. Тэгж байж шинжлэх ухаанаа хөгжүүлж чадна. Шинжлэх ухаан боловсрол бол олон улсын чанартай хөтөлбөр учраас аль болох тэнд сурсан хүмүүсээрээ дамжуулаад мэргэжилтэн бэлтгэж Монголдоо нутагшуулах нь зөв. Боловсон хүчний бодлого, хүн амаа гэгээрүүлэх бодлогоо ойрын үед сайн хийх юм бол ядуурлаас гарч чадна. Дунд давхаргаа ч нэмнэ. Тэгвэл хөгжилтэй хөл нийлүүлэх бололцоо гарна.

-Эдийн засгаа тэлэх ямар бодлого бидэнд байна вэ?

-Уул уурхай байгалийн баялаг л биднийг аварч байна. Тэрийгээ экспортод гаргаж олж ирсэн валютаараа ард түмнийг импортын бараа бүтээгдэхүүнээр хангаж байна шүү дээ. Ковид гарлаа, хойд хөршид дайн боллоо, олон улсын геополитикийн асуудал хүндэрч ирлээ. Энэ үед манай эдийн засаг маш эмзэг гэдэг нь харагдсан. Иймд эхнээсээ баялгийг бүтээгч нь хүнсний аюулгүй байдал байна гээд “Цагаан алт” хөтөлбөр ярьж байна. Үүнийг 30 жилийн өмнө ярих ёстой байсан. Тэгсэн бол бид өнөөдөр өөрийн гэсэн боловсруулах үйлдвэртэй болсон байх байлаа.

Бид сүүлийн дөрөв, таван жил дэх Монголын эдийн засгийн махир түвшин, завсрын түвшний бүх анализыг хийсэн. Тэндээс хамгийн сүүлд салбар хоорондын балансын материал ашиглаад яаж эдийн засгаа солонгоруулах вэ гэсэн тооцоолол хийсэн л дээ. Төрөөс долоо, найман боловсруулах салбарыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл одоо манайд ашигт малтмал, олдворлох үйлдвэрийн салбар ерөнхий дүнгээр 40 орчим хувийг эзлээд байгаа юм. Тэрийг 20 хувь болгоод олдворлох үйлдвэрлэлийг долоо, наймхан хувь болгох юм бол хойшдоо үндэсний аж үйлдвэр хөгжиж, өөрийн гэсэн хоолоо хийж иддэг, хувцсаа оёж өмсдөг болно. Ингэвэл импортын хэрэглээ багасна. Харин импортоор тэргүүний технологи тэнд хөрөнгө оруулах боломжтой гэсэн тооцооллууд бий л дээ.

-Сонгуулийн дараа шинээр байгуулагдах, парламент, Засгийн газарт аль нам ялбал улс эх орны хөгжилд хувь нэмрээ үзүүлж чадах юм бол?

-Энэ сонгуульд аль ч нам ялах нь хамаагүй, шинээр байгуулагдсан парламент, Засгийн газар дээрх алдаануудыг засах хэрэгтэй. Юуны түрүүнд өөрийн уураг тархитай, ухаанаар хөгжүүлэхийн тулд боловсрол шинжлэх ухаанд гарсан бүх хуулиудыг эргэж хараасай. Яг өөрийнхөө хөгжил, нийгэм эдийн засгийн өмнө ямар асуудал шийдэх хэрэгтэй байна тэрэнтэй нь шинжлэх ухаан, боловсролоо уяж, холбож байх хэрэгтэй. Шинжлэх ухаанаа ч холбох ёстой. Өнөөдөр шинжлэх ухааны байгууллага нь төрийн мөнгөөр тэтгэмж авдаг байгууллага болчихлоо. Манай улсын ойрын 20, 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд шинжлэх ухааны ямар технологи гаднаас авах вэ, хувийн хэвшлийг яаж туслах вэ гэдэг талаар ажиллах ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад төр нь өөрийнхөө хөгжилтэй холбож хэрэглээний суурь судалгааг хийлгэдэг. Ихэвчлэн хувийн хэвшилдээ захиалдаг. Тэд өөрийнхөө ашгийг бодоод ямар технологи байна вэ гэдэгт үргэлж хяналт тавьдаг. Хаана ямар эрдэмтний толгойд идеа байна гэдэг тал дээр тусгай менежменттэй. Ийм байдлаар тэд хөгжиж байдаг. Харин манайд ийм бодлого алга. Яагаад бид ядуу амьдарч байгаагийн хариулт нь энэ. Ард түмэн сонголтоо хийх байх, ямар ч нам гарсан бай мэргэжлийн хүмүүсээр салбарын сайдуудыг томилох хэрэгтэй. Боловсролын системийг сүүлийн 30 жилд мэргэжлийн бус хүмүүс удирдаж ирсэн болохоор дампуу байна. Хичээл зааж, лекц уншиж үзээгүй, судалгааны ажил хийж мэдэхгүй ийм сайд нартай байхад энэ өвөрмөц салбар яаж хөгжих юм бэ. Дор нь ажиллаж байгаа хүмүүс сайдынхаа улс төрийн карьерын төлөө хууль баталж байхад бид хөгжлийн тухай ярихад үнэхээр хол байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ууганбаяр: Сонгуулийн үеэр хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байна DNN.mn

Хүний эрхийн Үндэсний комисс УИХын 2020 оны ээлжит сонгуулиар гарсан болон УИХын 2024 оны сонгуулиар гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн талаар өчигдөр мэдээллээ. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгох эрхийг хангах хүрээнд сонгуулийн санал авах байр тэдгээр иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн эсэхэд ХЭҮК мониторинг хийж ажилласан.

Мониторинг хийх явцад нийтлэг гарсан зөрчлийн тухай ХҮЭК-ын дарга Д.Сүнжид: -Иргэд санал өгөхөөр санал авах байранд очих үед нэр нь байхгүй байх асуудал гардаг. Үүнийг хэсгийн хороо, улсын бүртгэл болон холбогдох байгууллагууд сонгуулиас өмнө нэг мөр шийдвэрлэсэн байх шаардлагатай. Түр шилжив гэдэг тэмдэглэл хийсэн бүртгэлийг нэг мөр болгож, өөрт нь урьдчилан танилцуулсан байх шаардлагатай. Хүртээмжийн асуудлыг хүний эрхийн үндэсний комиссын зүгээс үргэлж дурддаг. Санал авах байр нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах бүрэн боломжтой байх ёстой. Аль болох нэгдүгээр давхарт байх шаардлагатай. Орц гарц, налуу замыг бодолцох хэрэгтэй юм. Мөн санал өгөхөд тохиромжтой байрыг сонгох, эсвэл тохижуулах хэрэгтэй.

2020 оны сонгуулийн санал авах байрны нийтлэг асуудал нь орц, гарц, довжооны асуудал байсан. Мөн харааны бэрхшээлтэй иргэд саналаа өгөх үед товгор үсэгтэй тэмдэглэгээ болон томруулах шилний хэрэгтэй байдаг.Санал авах байранд ажиллаж байгаа хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зааварчлах, туслах үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Тиймээс, хүртээмжийн асуудалд анхаарах гол зүйл нь санал авах байрыг сонгох, тохижуулах ажил. Саналын хуудасны тооцоо дээр ажиглагчдын тооцоо нийлэх асуудал нээлттэй байх шаардлагатай. Өмнө нь саналын хуудасны тооцоог танилцуулах дээр асуудал гарч байсан учир ажиглагчдад саналын хуудасны тооцоог нээлттэйгээр танилцуулах нь зүйтэй. Харин саналын нууцлалын асуудал дээр харьцангуй асуудалгүй. Зарим тохиолдолд дотоод багтаамжийн асуудлаас саналын нууцлалын асуудал үүсч байсан. Мөн орой болж санал авах хугацаа дуусах дөхөхтэй холбоотой бие биенийхээ саналыг харах, тэмдэглэх ийм асуудал үүсч байсан учир үүнд анхаарах хэрэгтэй. “Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын эцсийн тайланг бүрэн эхээр нь авах хүсэлтийг Үндэсний Аудитын газарт гаргасан боловч нийтэд нээлттэй байлгах мэдээллийг гаргаж өгөхөөс удаа дараа татгалзаж, олон нийтийн мэдэх эрхийг зөрчсөн…” гэх гомдол ТББ-аас ирсэн. Комисс гомдлын дагуу ажиллагаа явуулахад хүний мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон тул Комиссын гишүүний Шаардлагыг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажилласан.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын эцсийн тайланг нээлттэй байлгахад холбогдох байгууллага анхаарч ажиллах нь зүйтэй. Үндэсний Аудитын газар хуулийн дагуу энэхүү зардлын тооцоо, тайланг шууд байршуулах үүрэгтэй. Хамгийн гол гардаг зөрчил нь хүний нэр төрд халдах, цахим орчинд болон бусад төрлийн сурталчилгааг хууль бусаар явуулахгүй байхад анхаарах ёстой юм. Нэр дэвшигчид, намууд энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Хэрвээ эрх нь зөрчигдсөн гэж үзвэл яаралтай, цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Тэгж байж цагдаагийн байгууллага нь уламжилж Харилцаа холбооны зохицуулах хорооноос арга хэмжээ авах юм. Зохион байгуулалтын асуудал дээр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудал нь. Өмнө нь гарч байсан. Нэр дэвшигчдийг бүртгээгүй үндэслэл нь хуульд нийцэж байна уу, үгүй юү.

СЕХ-оос 154 иргэнийг тодорхой шалтгааны улмаас хууль зөрчсөн хэмээн одоогоор бүртгээгүй байгаа. Үүнийг залруулж зургадугаар сарын 11-нээс өмнө бүртгүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. Цаашид нэр дэвшигчид зургадугаар сарын 10-17-ны хооронд заагдсан газар, хугацаа, бүртгүүлсэн цахим хуудас, хуульд заасан арга хэрэгслийн хүрээнд сурталчилгааны ажлыг явуулна. Энэхүү сурталчилгааны ажлыг явуулахдаа Сонгуулийн тухай хуулийг зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм гэв.

Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.


-2020 оны сонгуулийн үеэр хэдэн гомдол хүлээн авсан бэ?

-2020 онд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой дөрвөн гомдол ирж байсан. Нэгдүгээрт, сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авсны дараа эрүүгийн хэрэгт татаж цагдан хорьсон гэх гомдол гарсан. Зарим нэр дэвшигчид цагдан хоригдож байх хугацаандаа сонгуульд оролцсон. Энэ асуудлын дагуу тухайн үед холбогдох шүүх, прокурорын байгууллагуудад зөвлөмж хүргүүлж байсан. Иргэний сонгогдох эрхийг хязгаарлах үйл ажиллагаа болж болзошгүй байгаа учир үүнд дээр анхаарна уу гэдэг зөвлөмжийг хүргүүлж байсан. Энэ жилийн хувьд нэр дэвшигчид эцсийн байдлаар үнэмлэхээ аваагүй байна. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол одоогоор гараагүй. Хүний эрхийн зөрчил гарах юм бол бид холбогдох шаардлага зөвлөмжийг хүргүүлэхэд бэлэн ажиллаж байгаа юм.

-Зөвлөмжийн хэрэгжилт энэ жил ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?

-2020 оны сонгуулийн үеэр гарсан зөрчлийг залруулах зөвлөмжийн биелэлт энэ сонгуулиар харагдах юм. Тиймээс 2020 оны сонгуулийн үеэр хүртээмжийн асуудлыг бид онцгойлон анхаарах талаар зөвлөмж хүргүүлсэн. Энэ удаагийн сонгуулиар энэхүү тал дээр тодорхой хэмжээний ахиц дэвшил гарна гэж харж байгаа.

-Одоогоор ямар нэгэн гомдол танай дээр ирсэн үү?

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр сонгогдох эрхтэй холбоотой цөөн тооны гомдол ирж байсан. Тухайн үед ХЭҮК-ын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Сонгуулийн хуульд заасны дагуу нэр дэвшигчийн эрхийг хамгаалах талаар болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор шаардлага зөвлөмж болоод албан бичиг хүргүүлж ажиллаж байсан. Өнөөгийн байдлаар сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна.

-Нэр дэвших магадлалтай хүн саяхан цэцэрлэгт хүүхдүүдтэй тоглож буй дүрс бичлэг цахим орчинд гарсан. Энэ нь хүүхдийн эрхийн зөрчил мөн үү?

-Сонгуулийн үйл ажиллагаанд хүүхдийг ашиглаж байна уу, хүүхдийн дээд эрх ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөж байна уу гэдэгт манай байгууллагын зүгээс хяналт тавьж байгаа. Сонгуулийн тухай хуулиар бол сонгуулийн үйл ажиллагаанд хүүхэд ашиглах нь хориотой байдаг. Хүүхдийн эцэг эх гомдол санал гаргасан тохиолдолд энэ асуудлыг шалгах нь нээлттэй.

-Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үед эцэг эх нь зөвшөөрсөн байсан ч хориотой шүү дээ?

-Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үед зөрчилд тооцогдоно. Сонгуулийн албан ёсны сурталчилгааны хугацаа эхлээгүй байгаа болохоор тус үйлдлийг зөрчил эсэхэд СЕХ хяналт тавина. Бидний зүгээс сонгуулийн үеэр хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байна.

Categories
story-news

Г.Ууганбаяр: Сонгуулийн үеэр хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байна

Categories
story-news

С.Будням: Хувийн сайн ажиллаж буй компани ямар технологи ашиглаж байгаад анализ хийх хэрэгтэй

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 7, Сугар гариг. Билгийн тооллын 1, Гөрөөсөн толгой одтой, хар бар өдөр. Өдрийн наран 04:54 цагт мандаж, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 06-р сарын 06-ны 20 цагаас 06-р сарын 07-ны 20 цаг хүртэлх Уцаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Дархадын хотгор, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3…+2 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Цаг уурын мэдээний сүржигнэл арай хэтэрхий юм” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-06-07-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа. Тэрбээр “Хувийн сайн ажиллаж буй компани ямар технологи ашиглаж байгаад анализ хийх хэрэгтэй” хэмээснийг II нүүрээс уншаарай.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн тэргүүлэх зэрэгтэй, бага ангийн багш Б.Оюунжаргал “Эцэг, эхчүүд дэмжихгүй байвал ямар ч багш ажиллах хүсэлгүй болдог” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт  “Цаг уурын мэдээний сүржигнэл арай хэтэрхий юм” хэмээн өгүүллээ.

ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяр “Сонгуулийн үеэр хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байна” гэлээ.

Дэлхийн мэдээ: Жо.Байден: Украинд амар амгалан тогтоно гэдэг нь Украин НАТО-д элсэнэ гэсэн үг биш


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ