-Саяхан манай сонин “Газар тариаланг гаргуунд нь гаргав уу” гэх нийтлэл бичсэн. Төр засаг өнөөдөр малчдын тухай ярьж байна. “Чинээлэг малчин хоршоо” л гэнэ, ерөөсөө л малчид руу хандсан бодлого яваад газар тариалан орхигдлоо. Явж явж стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг гурил маань юу болж хувирав аа. Та бол үр тарианы салбар, хүнсний эрүүл ахуйн тухай бичиж, ярьж, нийгэмд дуу хоолойгоо хүргэж ирсэн эрдэмтэн судлаач хүн?
-Монгол Улсын Үр тарианы салбарт байнгын 20 гаруй, түр болон улирлын 14 мянган хүн ажиллаж, ДНБ-ий 1.5 хувийг бүтээн, хүнсний гол бүтээгдэхүүний нэг гурилын хэрэгцээг ханган, малын тэжээлийн эх үүсвэрийг бүрдүүлж байна. УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байгаа энэ цагт эрх баригчид болон гурил үйлдвэрлэгчдийн оновчгүй, алсын хараагүй үйлдлээс үүдэн тариаланчдын идэвх буурч, стратегийн гэж нэрлэгдэх улаанбуудай, гурил үйлдвэрлэлийн хувь заяа бүдгэрч байна. Тиймээс үр тарианы үйлдвэрлэлд нүүрлээд байгаа бэрхшээлийг хэрхэн оновчтой шийдвэрлэж болох гарцын талаар та бүхэн асууж байна. Миний бие өөрийн саналаа хуваалцъя. Атрын анхны аянаас хойш 65 жилийн түүхэн хөгжлийн явцад үр тарианы аж ахуй, бие даасан салбар болтлоо өргөжин, тэр хэрээр мэргэшлийн туршлага хуримтлуулсан ажилчидтай болсон. Тус салбарын хөгжил хоорондоо нягт хамааралтай хүнхөрс-техник-үр, таваарын буудай гэх мэт хүчин дөрвөн зүйлүүд дээр тогтож ирсэн. Гэтэл үр тарианы салбарын тулгамдсан асуудал экологи, эдийн засаг, нийгмийн чанартай болж хөгжих үү, сүйрэх үү дээрээ яагаад тулав. Судлаачдын үзэж байгаагаар 1.2 сая га талбайд үр тарианы аж ахуй эрхлэх боломжтой, хөрс, цаг уурын орчин Монголд бий. Сүүлийн жилүүдийн дунджаар жилдээ 400 мянган га талбайд үр тариа тариалж байгаа. Харин талбайн 60-аас доошгүй хувь элэгдэлд орж, ялзмагийн үзүүлэлт 2.5-3.0 хооронд хэлбэлзэх болсон. Хөрсний бүтэц алдагдаж, ялзмагийн үзүүлэлт буурч, бордооны хэрэгцээ өндөр болж, үр тарианд шаардагдах наад захын эрдэс азотоор “өлсөх” болсон. Үүний гол шалтгаан уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэртэй бус байдал, усан хангамж зэрэг боловч нөгөө талаар төрийн оновчтой бус бодлого, гурилын үйлдвэрийн монопольчлолтой холбоотой.
-Төр засгийн оновчгүй бодлого, гурилын үйлдвэрийн монопольчлол гэдгээ та жаахан тодруулахгүй юу?
-Сүүлийн хоёр жилд татаас хэлбэрээр олгодог байсан түлшний сураг тасарч, үрийн буудайн хангамж ч яригдахаа больж байна. Аль ч оронд дизель түлш бусад төрлийн шатахуунаас хямд байж хот хоорондын тээвэр, ХАА-н салбараа дэмждэг. Гэтэл манай оронд эсрэгээрээ. Мөн улаанбуудай, гурилын гаалийн татварыг байхгүй болгосноор гурилын үнийг бууруулах горьдлого талаар болж, тариаланч, хэрэглэгчид эдийн засгийн дарамтад орж байдал сайжирсангүй. Япон мэтийн оронд тариалангаа дэмжихийн тулд хэд дахин хямд Хятадын цагаан будаанаас татгалзаж, тухайн салбараа унагахгүй байхад анхаардаг. Салбар дампуурвал олон тооны ажиллах хүч, техник үгүй болж, тариан талбай лууль болно. Тэр цагт Хятадын цагаан будааны үнэ өсч, хүнс бусдаас хараат болно гэж үздэг. Харин бид бусдын хараат болох гээд тэмүүлээд байдаг нь даанч харамсалтай. Тэгэхээр одоо үр тарианы аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэчлэх гол чиглэлд хаа хаанаа анхаарлаа хандуулах цаг нь болсон.
-Хөгжлийн бодлогыг шинэчлэхэд юунд анхаарах ёстой вэ?
-Тариалан эрхлэлтийн суурь капитал болох талбайн хөрсний бүтэц, ялзмагийг тордох, үржил шимийг тасралтгүй дээшлүүлэн ногоон бордуур, цомхотгосон болон тэг элдэншүүлгийг тухайн бүс нутаг, цаг уурын нөхцөлд тохируулан ашиглахад оршино. Мөн тариалалтын технологийг чанд мөрдөн, талбайн түүх болон, карт хөтлөх, талбайгаа зохистой ашиглах. Сэлгээний тарималд заавал буурцагт ургамал, төмс, хошуу будаа, арвай, ногоон бордуур зэргийг оруулж байх. Тариаланчдын хариуцлага хандлагыг дээшлүүлэхийн тулд тариалалт, хураалтад шаардагдах хугацааг ойролцоо, болж өгвөл ижил байхаар тооцон, үрлэх угсарааны техник, үр тарианы комбайны тоог зохистой байхаар паркаа зохион байгуулах. Үүний тулд шинэ техник, технологид суралцаж, тэргүүн туршлага судлах, нэгж га-гийн ургац нэмэгдүүлэх, ээлжлэн тариалах системд ач холбогдол өгч ажиллах ёстой. Дээрээс нь тариалан эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс үр тарианы аж ахуйд таримлын захиалга өгч, зохих санхүү, үр, материалын дэмжлэгтэй хослуулан тодорхой шалгуур тогтоож, шалгуур үзүүлэлт нь стандартын жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг гэрээний нөхцөлөөр төр шууд худалдан авах менежментийг санаачлах, төрөөс хүн амын эрүүл мэндийн байдалд зохицох, үл зохицох хүнсний бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээг гурван жил тутамд үнэгүй зохион байгуулж, ямар таримал тарих, тарихгүй талаар өгсөн удирдамжийг мөрдөн, хамтарсан гэрээг газар тариалангийн аж ахуй, хувь хүмүүстэй байгуулж, худалдан авах таваарын бүтээгдэхүүний үний саналаа хавар мэдээлж байх.
Мөн тодорхой шалгуур хангасан нөхцөлд төрийн татаас, урамшуулал, татварын хөнгөлөлт зэргийг үзүүлэх зарчимд шилжих зүйд нийцнэ. Үр тарианы сорт, шинэ техник, технологи нутагшуулахад анхаарч, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх боломжийг хайж, хүнсний болон гурилын үйлдвэрүүд, хэрэглэгч нартай харилцан ашигтай хамтын менежментийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулснаар хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлага, бүтэц, уугуул гарал, биологийн төрөл зүйлийн судалгааг хөгжүүлэх, судалгаанд тулгуурлан шинэ мэдлэг бий болгох замаар төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх боломжтой.
-Үр тарианы аж ахуйн тогтвортой байдлыг хангах, үнэлгээг нь тогтоож хэрэгжүүлэх талаар бас үгээ хэлдэг?
-Үр тарианы аж ахуйн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд агротехникийн шаардлагыг чанд баримталж, нэгж га талбайн ургацыг нэмэгдүүлэх, техникчдийг тогтмол сургалтад хамруулж, тасралтгүй залгамж халааг бэлтгэх зэрэг ажил чухал. Байнга үрийн болон техникийн шинэчлэл хийх, ургацыг улс худалдан авдаг тогтолцоог бий болгох, үүсгэл санаачилгын байгууллагыг дэмждэг механизм бүрдүүлэх, мөн удам дамжсан, хоёроос доошгүй жил тракторын жолоочоор ажилласан тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөх зэрэг тогтвортой байдлын цогц шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж болох юм. Үүнийг ХХААХҮЯ албан ёсоор санаачлан, зохих журмын дагуу хэрэгжүүлэх зүйтэй болов уу. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид, хуулийн этгээдийн тогтвортой байдлын шалгуурыг дөрвөн жил тутамд үнэлэн, цаашдын ажилд дүгнэлт өгч байх хэрэгтэй. Энэ хугацаа бол нэг цикль хийх ээлжлэн тариалалтын хугацаа юм. Үнэлгээний гол шалгуурт экологийн зохист байдлыг хадгалах, эдийн засгийн чадавхтай байдал мөн нийгмийн хариуцлагатай байх үзүүлэлтүүд орно. Мөн экологийн зохист байдлыг хадгалах гэж нарийн юм байна. Үүнд талбайн хөрсийг доройтуулахгүй байхад анхаарч, эрдэс, шим бордоог тогтмол хэрэглэх, хөрсний үржил шимийг хамгаалан сайжруулахад зохих хөрөнгө оруулсан, шинэ технологи нэвтрүүлсэн байх, салхины эвдрэл бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан, мод тарьсан, сүрлэн хучилга хийсэн байдал, мөн талбайд ажиллах техникийн явалтыг цөөлөн, ургамал хамгааллын ажилд авц өргөнтэй, бүтээмж өндөр Apache маягийн өөрөө явагч буюу Dron ашиглах зэрэг орно.
-Ер нь газар тариалангийн нөхцөл байдлын талаар асуух юмнууд байна. Үр бордоо, техник хэрэгсэл, татаас урамшуулал түүнийг хэрхэн зохицуулах гээд?
-Монгол орны нөхцөлд тохирсон ган, хүйтэнд тэсвэртэй, ургац өндөр, ургалтын хугацаа тохирсон сортын үртэй байх хамгийн чухал. Тарих, хураах, хураалтын дараахь боловсруулалт, хадгалалтын техник, тусгай зориулалтын ХАА-н машинтай байх. Үүнд: Үр хордуулах, ургамал хамгаалах бусад машин хамаатай. Таваарын будаа, бусад бүтээгдэхүүнүүд зайлшгүй пестицидын үлдэгдэл тодорхойлох лабораторийн шинжилгээнд хамрагдсан байх. Тавааржилтын түвшин болох натур жин, чийг, цавуулаг, цэвэршилт гэх мэт. Дээрээс нь үрийн чанар стандарт хангасан байх, ажиллагсдын цалин, техник ашиглалтын зардлыг бүрэн хариуцах чадвартай байх нь мэдээж. Шинэ техник, технологийн сургалт, зөвлөх үйлчилгээнд зайлшгүй хамрагдаж, техникийн шилэн сонголт хийхдээ үйлдвэрлэгчийн туршлага, түүхэн замнал, тухайн техниктэй ажиллах угсарааг бодолцох нь зүйтэй. Манай улсад 30 орчим төрөл, серийн трактор, мөн тийм орчим төрлийн үр тарианы комбайн байна. Тэдгээрийн засвар үйлчилгээг зохион байгуулах бэрх тул цөөхөн загварын трактор, комбайн, ХАА-н машин чухал. Монголд нэг техникийг нөгөөгөөр засдаг дэлхийд байхгүй арга технологи бий. Үр тарианы аж ахуйд төрөөс үзүүлэх дэм, урамшуулал нь уур амьсгалын эрс тэс нөхцөлд тогтвортой ургац авах, талбайн соёлжилт, техник ашиглалтыг сайжруулах, экологийн зохист харьцааг хадгалах, хүнсний түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүний үнийг тогтвор жуу лахад чиглэгддэг. Татаас, урамшуулал үзүүлэхдээ үүсгэл санаачлагчдын байгууллагын тодорхойлолд, ажлын байр олголт, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, маналайлал, орон нутгийн хүсэлт зэргийг үндэслэх нь зүйтэй болов уу. Татаас, урамшуулалд хязгаарлалт, алагчлал байхгүй байх. Тухайлбал, трактор, бусад техник худалдан авахад төрөөс үзүүлэх үнийн хөнгөлөлт тухайн техникийн чадлаас үл хамааран, хувь хүн, аж ахуйн нэгжид тэгш үйлчлэх нь чухал.
-Сүүлд нь асуухад, Хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулагдсан. Зөвхөн үр тариа гэлтгүй монголчуудын хүнсний аюулгүй байдалд сүүлийн үед анхаарал татах болсон?
-Шуудхан хэлэхэд, улсын байгууллагад ажиллагчдын намчирхах байдал хэрээс хэтэрч, төрд биш даргад үйлчлэх байдал улам газар авч үүний гороор салбар яамд, холбогдох хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн удирдлага бүгд босоо тогтолцоотой болсон. Эл байдал ХАА-н салбар, тэр дундаа үр тарианы үйлдвэрлэлийг тойрсонгүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хувьсгалыг санаачилж зарласан. Хүнстэй холбоотой төрийн болон хувийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, тэдний ажил хэрэгч чанарыг идэвхжүүлэх гэсэн оролдлого юм. Миний бие Хүнсний хувьсгалын хурал, уулзалтад удаа дараа сууж, ажигласан зүйл гэвэл дээр дурдсан байгууллагууд болон удирдлага нийгэмд ямар үүрэг, хариуцлага хүлээх ёстойгоо мэддэггүй, мэдсэн ч яаж хэрэгжүүлэх ухаанаа олохгүй байх шиг санагдсан. Эл байдалд цэг тавих боломж бүхий Засгийн газрын тогтоол тавдугаар сарын 15-ны өдөр гарсанаар Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулагдсан. Ингэснээр хүнсний салбарын хөгжил шинэ шатанд гарах, хүнсний үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, бие даасан салбар шинжлэх ухаан болон хөгжих боломж бүрдсэн. Хүнсний асуудал дан ганц ХХААҮЯамны мэт ойлголтоос салж, монгол хүний эрүүл ахуйн байдлын суурь судалгаан дээр үндэслэгдэн хийгдэх ажил гэдгийг бусад салбарынханд таниулсан үйл явдал боллоо. Хүнсний үл зохицлын лабораторийн судалгаанаас харахад шинжилгээнд хамрагдсан 10 хүн тутмын 9-д гурилын цавуулаг зөвшөөрөгдөх хэмжээнээс дээгүүр үзүүлэлттэй болно. Цавуулаг зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хүний биед хуримтлагдахад, тэнэгрэл (альцгеймер), сэтгэцийн өвчин, хоол боловсруулах эрхтэн систем хямраах, чихрийн шижин, харшил гээд олон өвчний эх сурвалж болдог. Эл байдал цавуулаг ихээр агуулдаг улаанбуудайн гурил үйлдвэрлэлд хязгаар тогтоохыг сануулж байна. Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн зөвлөмжийн дагуу хүний эрүүл мэндийн байдалд нийцсэн гурилыг янз бүрийн орц найрлагаар хийх болно. Хүсвэл үр тариа эрхлэгчид дундын хоршооны хэлбэрээр хамтарсан үйлдвэр орон нутагтаа зохион байгуулж, гурил хийх боломжтой. Орон нутгийн гурилын үйлдвэрийг дэмжиж чадвал тээврийн зардал хэмнэгдэнэ. Хотод буудайгаа зөөж авчраад, буцаагаад хөдөө гурил болгон тээвэрлэж хоёр удаа явалт хийхээ болино. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгийн үр тарианы компаниуд орон нутагтаа гурилын үйлдвэрүүд байгуулснаар, тэд дөрвөн улирлын турш ажиллах нөхцөл бүрдүүлсэн байдаг. Тухайлбал, “Дорнод гурил”, “Хурах гол” үйлдвэрүүдийг нэрлэж болох юм. Гурилыг цавуулгийн агууламж багатай, цавуулаггүй хошуу будаа, арвай, хөх тариа, эрдэнэшиш, шар будаа, буурцагт ургамал, арвай гээд манай орны нөхцөлд ургаж болох 10 гаруй төрлийн үр тариа, буурцагт ургамлаар хийж болно. Олон үрийн, бүхэл үрийн, хатуу, зөөлөн буудайн гээд 20 гаруй төрлийн гурил хөрш орнуудад байна. Мэдээж хүнсний хүрээлэн өөрсдийн стандарт, орц найрлага, хийх технологид сургана. Тариалангийн аж ахуйнуудад хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдийн захиалга хийж, урьдчилгаа санхүүжилт хийх, шууд худалдан авах хэлбэрээр энэ салбарыг аврах бодлоготой ажиллах ёстой. Энэ бүхнийг хийхэд нэгж тн улаанбуудай болон гурил үйлдвэрлэхэд шаардагдах зардал, хөдөлмөр нормчлол, бүтээгдэхүүний өөрийн өртгийг шинжлэх ухааны үүднээс тогтоох ёстой. Эцэст нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ашгийн хуулийг бий болгон, хэн дуртай нь аманд орсон үнээ хэлдэг байдлыг халах хэрэгтэй. Үүнийг хийж чадвал бид үр тарианы үйлдвэрлэлээ авч үлдэнэ. Бусад салбарт ч үлгэр болох ёстой. Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын яамд, салбарын их, дээд сургууль, хүрээлэн, холбогдох лабораториуд ажил, үүргээ ойлгон, юу хийхээ мэддэг болно.
Н.Гантулга