Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ E-Mongolia порталаас мэдэх боломжтой DNN.mn

Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хулгайд алдагдсан гар утасыг түргэн, шуурхай олж тогтоохын тулд үүрэн телефоны оператор компаниудтай цахим сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцох ажлыг эхлүүлсэн.

Уг ажлын хүрээнд алдагдсан болон гээгдүүлсэн гар утасны IMEI дугаараар хайлт хийж, мэдээлэл авах боломжийг “Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia” системд нэвтрүүллээ. Тухайлбал,

Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа болон гээгдүүлсэн гар утасны мэдээллийг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР” системээр дамжуулан тухайн иргэн өөрөө IMEI дугаараар шалгах үйлчилгээг энэ оны зургадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.

Ингэснээр хулгайлагдсан гар утсыг бусдад зарж, борлуулдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, тухайн гар утасыг худалдан авч байгаа иргэд хулгайлагдсан гар утас мөн эсэхийг өөрөө шалгадаг нөхцөл, боломжууд бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана DNN.mn

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотой богино хугацаагаар зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байна.

Иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархан цаазат Булган ууланд 16 янгир нэмж нутагшуулжээ DNN.mn

Богдхан уулын дархан цаазат газраас янгир сэлгэн нутагшуулах ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулжээ.

Өнгөрсөн онд Ховд-Улиастай, Алтай-Улаангом чиглэлд, Хөвсгөл аймгийн Жаргалант сум Жаргалант хайрхан уул, Архангай аймгийн Булган ууланд тус тус нийт 28 тооны янгирыг сэргээн нутагшуулсан байна.

Янгир сэргээн нутагшуулах ажлын үргэлжлэл болж энэ онд дахин 15 янгирыг Архангай аймгийн Булган ууланд шилжүүлж, сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагууд хийж гүйцэтгэжээ. Булган ууланд нутагласан янгирын сүрэг үр төлөө өгч эхэлсэн байна. Мөн 2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Архангай аймгийн Булган уулыг Монгол Улсын дархан цаазат газар болгон хамгаалалтад авсан.

Янгир сэргээн нутагшуулах ажлыг шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа бөгөөд Богдхан уулын дархан цаазат газраас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант хайрхан ууланд 10 янгир сэргээн нутагшуулах, шилжүүлэх ажлын дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгааг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баталгаат гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна DNN.mn

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см давжээ

Зургаадугаар сарын 11-ний байдлаар Алтайн нуруунаас эхтэй Ховд, Чигэртэй, Согоог, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Аялал, зугаалгаар хол, ойрын замд гарахдаа автомашиныхаа техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат гүүр, гармаар зорчихыг зөвлөж байн

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар угтаж авлаа.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Монгол Улс, Лаос Улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Лаос Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1980 оноос хойш хийж байгаа дөрөв дэх удаагийн айлчлал юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: “what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглахыг зөвлөж байна DNN.mn

Аялал, зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан ард, иргэд хөдөө, орон нутгийг зорих нь ихэсдэг.

Тухайн газар, орныхоо онцлогийг судалж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Мөн болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглахыг зөвлөж байна.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

ХЭҮК: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан зөвлөмж гаргалаа DNN.mn

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан Зөвлөмж гаргалаа. Тодруулбал, дэлхийн 70 гаруй улс 2024 онд ардчилсан тогтолцооны ирээдүйд тодорхойлоход онцгой ач холбогдолтой сонгуулийг зохион явуулж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байна. Энэ удаагийн сонгууль Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоо, тойргийн шинэ хувиарлалтаар зохион байгуулагдахаас гадна олон нийтийн сүлжээ, цахим технологи, хиймэл оюун ухааныг сонгуулийн сурталчилгаа, зохион байгуулалтад түгээмэл ашиглаж байгаагаараа онцлогтой. Сонгуулийн тогтолцооны шинэ тутам байдал, олон улсын болон дотоодын улс төрийн сорилт бүхий өнөөгийн нөхцөлд 2024 оны УИХ-ын сонгуулийг шударга, чөлөөтэй, ил тод, хариуцлагатай явуулах нь хүний эрх, эрх чөлөө, ардчилаллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэнд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлуудыг сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахыг хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллага болон үйл явцад идэвхтэй оролцох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийтэд анхааруулан ЗӨВЛӨЖ байна.

Нэг. Сонгуулийн ил тод байдлыг хангах

Санал гаргахаас бусад сонгуулийн үйл явц ил тод байх нь олон нийтийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх, үл ойлголцол, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл тул:

1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал авах өдрөөс өмнө нягтлан шалгаж, давхардал, зөрчлийг арилгах, “түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн сонгох эрхийг эдлүүлэх;

2. Сонгуулийн ажиглагчид чиг үүргээ ялгаварлалгүй, зохих ёсоор хэрэгжүүлэх нөхцлийг хангах, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалт, зохион байгуулалтын талаарх мэдээллийг урьдчилан өгч, зөөврийн хайрцгаар санал хураахад ажиглалт хийх боломжийг бүрдүүлэх;

3. Санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын үнэн зөв байдлыг хянах механизмийн талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн хүрээтэй явуулах;

4. Саналын хуудсыг гар аргаар тоолох хяналтын тооллогын үйл явцыг ил тод, хараат бус, ажиглагчид хянах боломжоор хангаж, үйл явцыг шууд дамжуулалтаар олон нийтэд мэдээлэх;

5. Сонгуулийн хэсгийн хороод санал авах цаг дуусах хүртэл хууль тогтоомжид заасан зарчим, зохион байгуулалтыг ягштал баримтлан ажиллах;

Хоёр. Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах гадуурхахгүй байх

Саад бэрхшээлгүй, чөлөөтэй саналаа өгөх боломжийг сонгогч бүрт бүрдүүлэх нь төрийн үүрэг, иргэний үндсэн эрх, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим тул:

1. Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд тохиромжтой байдлаар бэлтгэх, энэ талаарх стандартыг чанд мөрдөх, санал авах байрыг барилгын хоёр болон түүнээс дээш давхарт, эсхүл подваль байршуулах, өндөр довжоотой, орц гарц хүртээмжгүй, санал авах байрны мэдээлэл, тэмдэглэгээ ойлгомжгүй байх зөрчлийг давтахгүй байх;

2. Харааны бэрхшээлтэй иргэдэд санал авах байранд чөлөөтэй зорчих, саналаа нууцаар гаргах нөхцлийг хангах, санал гаргах талаарх зааварчилгааг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст ойлгомжтой хүргэх;

3. Саналын хуудсыг бөглөх, санал тоолох машинд уншуулах туршилт, мэдээлэл, сурталчилгааг хүртээмжтэй явуулж, саажилттай, харааны бэрхшээлтэй, өндөр настай зэрэг саналын хуудаст бүтэн тэмдэглэгээ хийх боломж хязгаарлагдмал иргэдийн санал гээгдэхгүй байх төхөөрөмжийн тохиргоог бүрдүүлэх;

Гурав. Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах

Сонгууль бүхэлдээ төрийн эрх барих байгууллагын төлөөллийг сонгох ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, сонгуулийн үеэр улс төрч, намууд, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, тайван жагсаал, цуглаан зохион явуулах нь ардчилсан улсад ердийн үйл явц гэдгийг хүлээн зөвшөөрч:

1. Үндэсний эв нэгдлийг бусинуулах, хүчирхийлэлд уриалаагүй, бусдын нэр төрийг гутаах зорилгоор худал мэдээлэл түгээхээс бусад хэлбэрээр улс төрч, улс төрийн нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих, ил, далд хэлбэрээр сануулах, биеэр болон харилцаа холбооны хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах, хүсэл зоригийг мохоох аливаа үйлдэл гаргахгүй байх;

2. Иргэн хууль ёсны үзэл бодол, итгэл үнэмшилээ илэрхийлснийхээ улмаас бусдын дарамт, халдлагад өртөхөөс хамгаалах арга хэрэгслийг идэвхижүүлэх;

3. Тайван жагсаал, цуглаанд оролцогчдыг Цагдаагийн байгууллага хамгаалах, эсрэг шаардлага бүхий цуглааныг зохицуулах туршилт, дадлага явуулж, зохицуулах хэмжээний бэлтгэл хангах;

Дөрөв. Үзэн ядалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх

Хоруу болон ташаа мэдээлэл нь сонгуулийн үед хүний нэр төр, аюулгүй байдалд заналхийлж, нийгмийг талцуулж, хүчирхийллийг өдөөж болзошгүй, энэ эрдслийг цахим технологи, хиймэл оюуны ухааны хөгжил, олон нийтийн сүлжээ хурдасгаж, хурцатгах боломжтой тул:

1. Улс төрч, улс төрийн хүчнүүд үзэл ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй, эмэгтэй улс төрчийг хүйсийн хувьд гутаан доромжлохгүйгээр шударга, хүнлэг байх, улс төрийн ардчилсан өрсөлдөөнд бусдад хүндэтгэлтэй оролцох;

2. Хиймэл оюун ухаан, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа, технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх, ийм мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт цахим болон биет орчинд түгээхгүй байх;

3. Мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээллийг санаатай тараасан гэмт үйлдлийг таслан зогсоох, мөрдөн шалгах, мэдээллийн тархалтыг хязгаарлах чиг үүрэгтэй албан үйл ажиллагааг идэвхижүүлэх, албан бус хяналтын тогтолцоог дэмжих, албан болон албан бус хяналтын тогтолцооны хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Тав. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах

Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах нь цахим эрин үеийн сонгуулийг шударга явуулах үндэс тул:

1. Хүний хувийн мэдээллийг хамгаалж, иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, боловсруулах, сонгогчдыг эд мөнгө, бусад амлалтаар татах зэрэг хууль бус үйлдэлд ашиглахгүй байх баталгааг бүрдүүлэх, зөрчлийг нэн даруй таслан зогсоох механизмыг идэвхижүүлэх, олон нийтэд сурталчлах;

2. Сонгуулийн дэд бүтцийг хамгаалах кибер аюулгүй байдлын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах;

Зургаа. Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэх

Сонгуулийн үед зөрчил, маргаан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллагууд шуурхай, баримтад үндэслэн шийдвэр гаргах, шийдвэрийнхээ үндэслэлийг маргалдагч талууд, олон нийтэд ил тод, ойлгомжтой тайлбарлаж ажиллах нь сонгуулиас улбаатай сөргөлдөөн, хүчирхийлэл, хурцадмал байдлаас сэргийлэх үндсэн арга тул:

1. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, харьяаллын шатны шүүх, Цагдаагийн байгууллага шуурхай шийдвэрлэх, шийдвэрийн үндэслэлээ маргаанд оролцогч талууд, олон нийтэд ойлгомжтой тайлбарлах;

2. Жагсаал, цуглааныг хязгаарлах аливаа арга хэмжээ нь зөвхөн зайлшгүй шаардлагатай, тохирсон байх бөгөөд нийтийн дэг журмыг сахих болон үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой байна. Жагсаалд оролцох эрхийг бүхэлд нь хориглох нь олон улсын хүний эрхийн хуульд нийцэхгүй бөгөөд арга хэмжээнүүд нь зайлшгүй шаардлагатай зорилгод хүрэх хамгийн бага нөлөөтэй байх зарчмыг баримтлах;

3. Төрийн байгууллагууд тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хүндэтгэж, оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зохих хамгаалалтыг үзүүлэх үүрэгтэй бөгөөд эсрэг жагсаалуудыг хүчирхийлэлд хүргэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь сонгуулийн үйл явцад хяналт тавьж, хүний эрхийн зөрчлийг баримтжуулан дүн шинжилгээ хийж, иргэдийн гомдол, мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахын сацуу хүний эрх, эрх чөлөөг хөндөх аливаа үл ойлголцол, маргааныг яриа хэлэлцээр, зөвшилцлийн аргаар шийдвэрлэхэд идэвхтэй оролцох бэлэн буйгаа үүгээр илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар нийт 550 гаруй шалгуулагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ DNN.mn

“Элсэлтийн шалгалт”-ын шалгуулагчдадаа зориулан 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.

Өнөөдрийн байдлаар нийт 550 гаруй шалгуулагчдад чатбокс, утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө өгсөн байна.

Шалгуулагч та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах бол

May be an image of 1 person and text

– Боловсролын үнэлгээний төвийн чатбокс

– 8808 1549, 8955 1549 дугаарт ажлын өдрүүдэд 08:30 – 17:30 цагийн хооронд холбогдох, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой

Categories
мэдээ нийгэм

Метро барих зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Dohwa Engineering” компани үзүүлнэ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Dohwa Engineering”, “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.

Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан. Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд, дөрвөн компани өрсөлдсөн. Тодруулбал, ОХУ-ын “NPS Engineering”, БНХАУ-ын “China Railway Design Coorporation”, “Guangzhou Metro Group” БНСУ-ын “Dohwa Engineering” сүүлийн шатанд өрсөлдсөн юм. Үнэлгээний хорооноос БНСУ-ын “Dohwa Engineering” болон “Korea national railway”, “Soosung Engineering”, “Korea railroad corporation” компаниудын хамтарсан консорциум хамгийн сайн үнэлгээ авч, метроны зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг “Dohwa Engineering” компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлнэ” гэв.

Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.

“Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хамтарсан түншлэлийн товч мэдээллийг хүргэж байна.

  • БНСУ-ын “Dohwa Engineering” компани нь Филиппин, Алжир, Панама улсуудад төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай аж. Бүх төрлийн инженерингийн төслийг дотооддоо болон олон улсад хэрэгжүүлдэг байна.
  • “Korea National Railway” компани төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, засвар арчилгаа, менежментийг хийдэг бөгөөд өндөр хурдны галт тэрэгний гурван төсөл хэрэгжүүлжээ. Азийн 15 улс, Европын гурван улс, Африкт , Өмнөд Америкт төмөр замтай холбоотой төсөл хэрэгжүүлжээ.
  • “Korea Railroad Corp” компани нь Манила хотын Метроны долоодугаар шугам дээр барилгын явцын зөвлөх үйлчилгээ болон оперешны зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж. БНСУ-д их багтаамжийн нийтийн тээврийн томоохон 15 төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна.
  • “Soosung Engineering” компани нь метро, төмөр зам болон бусад дэд бүтцийн төслүүдэд ТЭЗҮ, суурь судалгаа, дизайн хийдэг бөгөөд БНСУ-д 500 гаруй судалгаа хийсэн байна. Мөн Ази, Өмнөд Америк, Африк тивүүдэд сүүлийн 20 орчим үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

The Hu хамтлагийн тоглолтын тасалбар 95 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ DNN.mn

Архангай аймаг зохион байгуулах “Ара” фестивалийн үеэр алдарт “The Hu” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах юм.

Тоглолтын тасалбар өчигдрөөс худалдаанд гарчээ.

Тус хамтлагийн тоглолт ирэх сарын 20-нд болох ба тасалбарын үнэ 95 мянган төгрөг аж.