Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Эцэг эхчүүд хүүхдийнхээ утасны хэрэглээг багасгахаас илүү үр дүнтэй контент үзүүлэх хэрэгтэй DNN.mn

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн youtube хэрэглээ өсөх болсон. Эцэг эхчүүд нь хүүхдэдээ утсаа өгөхөд шууд л youtube-ээс дуртай зүйлээ гаргаад үзчихдэг. Тэд ихэвчлэн аймшгийн, хэрцгий үйлдэл харуулсан богино хэмжээний бичлэг үзэх нь цөөнгүй байгаа юм.

Тиймээс энэ талаар Сэтгэл зүйч Б.Алтанзаяатай ярилцлаа.


Эцэг эхчүүд сэтгэл зүйн зөвлөгөө авахдаа хүүхдийн утасны хэрэглээний талаар хэр их ханддаг вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар арван хүүхэд ирэхэд бүгд дэлгэцийн хамааралтай байдаг. Гэхдээ дэлгэцийн хамааралтай гэж тодотгож ирсэн тохиолдол 10 хүүхдийн 2-3 нь байгаа. Яагаад гэвэл бид өөрсдөө гар утасны хамааралтай байгаа учраас яг донтож байгаа гэдгээ өөрсдөө ч мэддэггүй. Хүүхдийн нүд анивчих, нойргүй болох гэх мэт сөрөг өөрчлөлтүүд илрэх тохиолдолд л сэтгэл зүйчид ханддаг. Тэр хүртэл нь анзаарахгүй авдаг гэсэн үг юм.  Зан харилцааны асуудал, сэтгэл зүйн гутралд орсныг сэтгэл зүйн оношилгоо хийгээд үзэхэд энэ асуудал нь илэрдэг.

Сүүлийн үед хүүхдүүд youtube-с гадаадын богино хэмжээний аймшгийн бичлэг үзэх нь ихэссэн. Энэ нь сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлөх вэ?

-Хоёроос доош насны хүүхэд энэ төрлийн богино хэмжээний бичлэг үзэх нь тархины хөгжлийн хоцрогдлыг удаашруулдаг. Харин 5 болон түүнээс дээш насны хүүхдүүд ухаалаг утасны хэрэглээ их байгаагаас шалтгаалж нийгмийн харилцаа мөн хөгжлийн хоцрогдлыг үүсгэдэг. Хүүхдийн анхаарал төвлөрөх чадамж нь дээд талдаа 15 минут байдаг бол богино хэмжээний бичлэг нь 30-60 секунд үргэлжилдэг. Богино хэмжээний бичлэг их үзсэнээр хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар багасаж үүнээс үүдэн ADHD-тэй хүүхдүүд маш олон болж байна.

– Иймэрхүү богино хэмжээний бичлэг үзсэнээр сэтгэцэд нь гаж нөлөө үзүүлсэн кейс ирж байсан уу?

-Тийм тохиолдол ирсэн. Өсвөр насны хүүхдийн үзэх ёстой бичлэгийг бага насны хүүхдүүд үзээд эхлэхээр бэлгийн боловсролын үйл явцад сөргөөр нөлөөлдөг. Мөн хүүхдийн дотоод энергийг сэргээх, сэдэлжүүлэх, буруу тал руу чиглүүлэх хандлага маш их илэрдэг.

-Ер нь утасны хамаарлын талаар зөвлөгөө авах тохиолдол хэр их байгаа вэ?

-Ковидын үед утасны хэрэглээ маш их дэлгэрсэн. Дан ганц хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүн хүртэл дэлгэцийн хамааралтай болсон. Ковидын үед бид ажлаа оройгоор хийж, утсаар тоглож, кино үзэх зэрэг утасны хамаарал ихэссэн нь одоо биднийг нойрны асуудалд оруулж байна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад утасны хэрэглээний талаар зөвлөгөө авсан хүмүүс харьцангуй бага болсон.

Монголд багачуудад зориулсан контент хэр их байдаг бэ?

-Монгол хүүхдүүдэд зориулсан кино контент байдаг. Гэхдээ үлгэр дуурайлал авах нь олон салаа болчихдог. Жишээлбэл, “Зу зугийн найзууд”-аас танин мэдэхүй, “Мөнх Тунх”-аас өөрийгөө илэрхийлэх мөн нийгмийн харилцааг олж авдаг. Бага насны хүүхдүүд  “Cocomelon” зэрэг гадаадын бичлэг их үздэг. Гадаадын кино контентыг орлуулах монгол контент гарч ирээсэй гэж сэтгэл зүйч хүний хувьд хүсдэг.

-Утасны хэрэглээг багасгахын тулд эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Хамгийн түрүүнд гэр бүлийн зарчимтай болоосой гэж боддог. Эцэг эх нь  хүүхдийнхээ хамгийн том толь байдаг учраас өөрсдөө эхлээд зөв хэрэглээг бий болгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ утасны хэрэглээг багасахаас илүү үр дүнтэй контент үзүүлээсэй гэж зөвлөж байна.

 

 

О.ЮМЧИНБАДАМ

Categories
мэдээ нийгэм

Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ DNN.mn

Гадаадад оршин суугаа монгол иргэд УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгөхийн тулд энэ сарын 15-ныг хүртэл тухайн орондоо байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх учиртай.

Тодруулбал,

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
  • https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.

Хилийн чанадад оршин суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр 07:00-22:00 цаг /орон нутгийн цагаар/ хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт авна.

зураг

Categories
мэдээ улс-төр

Баруун бүсэд физикч, эрдэмтэн ганцхан хүн дэвшиж байгаа нь Норовын Тэгшбаяр

УИХ-ын хоёрдугаар тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт АН-аас нэр дэвшигчид өчигдөр Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумуудад иргэдтэй уулзлаа. Тус тойрогт АН-аас нэр дэвшигчид нь хамгийн чамбай нэр дэвшигчдэд тооцогдоод байгаа юм. Тиймээс ч тэдний уулзалтууд иргэдийн анхаарлыг татаж, халуун дотно, өргөн бүрэлдэхүүнтэй өрнөж байна. Завхан аймгийнхны хувьд ардчиллыг дэмжигчид олон. Үргэлжлүүлэх бус, өөрчлөх сонголт хийж, Ардчиллын 10-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа. Тэдгээрээс энэ удаа физикийн ухааны доктор Норовын Тэгшбаярыг онцлон танилцуулж байна. Тэрбээр судалгаа, шинжилгээ, цөмийн энергийн зэрэг салбарт дагнан 20 гаруй жил ажиллаж байгаа судлаач. МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч. Мөн Цөмийн энергийн газрын дарга, улсын ерөнхий байцаагч, Геологийн төв лабораторийн даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай нэгэн. Норовын Тэгшбаяр нь 1978 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг, УИХ-д анх удаа нэр дэвшиж байгаа эрдэмтэн залуу бөгөөд саналын хуудаст АН-ын нэр дэвшигчдийн 10-т бичигдсэн байна. Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяр нь сонгуульд оролцохдоо гурван зүйлд анхаарч ажиллахаа амлан, сонгогчидтойгоо уулзаж байна. Тухайлбал, хавдаргүй Монгол болъё, шинжлэх ухаанч, боловсролтой Монголыг бүтээе, эрчим хүчний хараат бус, эрчим хүчээр хангадаг улс болъё хэмээх гурван зүйлийг онцлон хэлж байгаа юм. Тэрбээр энэ талаараа танилцуулахдаа сонгогчдодоо хандан, төрөө төвхнүүлэх сонголтоо хийхдээ нэр дэвшигчдээ сайн судалж, мэргэн сонголт хийхийг уриалж байлаа.

 

П.УРАНТОГОС

Categories
мэдээ нийгэм спорт

СОНИНЫ АРЫН НҮҮР: Монгол тамирчид ялаад уйлах биш, инээж сурмаар юм DNN.mn

Манай монгол тамирчид энд тэнд тэмцээн уралдаанд орж ялаад алтан медаль юм хум авч, аварга энэ тэр болж байгаа нь харагддаг. Бид ч ялж байгааг нь хараад сэтгэл хөдлөөд өөрийн үндэстнээрээ бахархаад омогшоод явчихдаг. Сайхан байдаг нуух юу байхав.

Харин ялалт байгуулсан тамирчид маань ялалт аваад баярлаж хөөрөхийн оронд гэнэт нугасхийгээд л нугалраад уйлаад унадаг. Нөгөө омогшиж хөөрч зориг орж байсан сэтгэл палхийгээд л хулчийгаад л явчих юм. Та нар тэгдэггүй ч байж магадгүй. Би лав үндэстнээ ийм дорой нялцгар байхыг харж чадахгүй нүд халтирдаг. Ялсан баатар омогтой хөөрүү, инээд ханиад нүүрэндээ тодруулсан тэвхгэр бардам байгууштай санагддаг. Дараагийн удаа ч би ялна, та нар надтай тэмцэлдээд үзээрэй. Үнс нурамд чинь хутгаад өнгөрнө гэж мэд гэсэн хэлэмж бүх биед нь тодорч байдаг байлгүй дээ. Тэгвэл манай тамирчид ийм байж чаддаггүй. Уйлаад л, азаар ялчихлаа гэдэг ч юм уу, дахиад би барахгүй, ёстой шонгүй юм байна гээд ч байгаа юм уу. Яагаад бүх ялалт байгуулсан тамирчид уйлж орилолдоод байна вэ. Эр нь ч тэр, эмэгтэйчүүд нь бол бүүр ч ярих юм байхгүй. Хагацал үзсэн амьтад, зовлонд уначихсан хүмүүс мэт орилолдоод унадаг. Энэ сонин, юм үзээгүй нялуун зангаа одоо боль оо, тамирчид аа. Та нар хатуу хөтүүг давж ялалт байгуулсан хүмүүс биш юм уу. Та нар хаттай, шулуун, гүдэсхэн, баатарлаг зан авиртай бол оо. Ийм нялцгай хүмүүс яаж тэмцэлддэг юм. Яаж бид хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхсэн ертөнцөд ноён нуруу гудайхгүй амьдрах юм бэ. Ялалт байгуулсан хүн уйлах биш, инээдэг юм шүү дээ. Ялаад уйлах бол ялалтын баяр гэж юм байхгүй гэсэн үг үү.

Ж.Сандагдорж

 

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг маргааш нээнэ DNN.mn

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ – Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.

Тэрээр “Тендерт шалгарсан компани голын урсцыг нэмэгдүүлэх болон 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ. Мөн маргааш гурван багц тендерийг нээнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4, 5, 6 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг болон Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүр орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн угсралтын ажлын тендерийг нээхээр төлөвлөж байна” гэв.

Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй байршилд үерийн далан сувгийн засвар, нөхөн сэргээлт, барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварын ажил хийж дуусаад байна. Мөн Сэлбэ голын 10 км орчим газарт түвшин буюу лагийг доошлуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаар тэрбээр онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Ихтамир: Хөдөө амарч байгаа хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж болзошгүй учраас аюулгүй орчинг бүрдүүлэх ёстой DNN.mn

Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамиртай ярилцлаа.


-Сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлж байна. Хүүхдүүд энэ үед эрсдэлд орох нь элбэг байдаг. Энэ тал дээр танай байгууллагаас хэр анхаарч байна вэ?

-Аймаг нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга нарт яг энэ талаар чиглэл хүргүүлээд байна. Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл урлагийн газрын даргын хамтарсан 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан тушаалаар соёл спорт олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын хэрэгжилтийг ханган ажиллах, хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг даалгаад байна.

Мөн эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч нар бага насны хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь орхихгүй байх, үл хайхрах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгоод байгаа.

-Уртын амралтаар хүүхэд янз бүрийн осол гэмтлэл, цаашлаад хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгддэг үү?

-Тэгэлгүй яахав. Энэ үүднээс орон нутагт зорчихдоо авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хүүхдийг зориулалтын суудалд суулгах, хурд хэтрүүлэхгүй байх, гол уснаас хол байлгах, хүүхдийг гол мөрөн цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх талаар анхааруулга урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх талаар орон нутагт даалгаад байна.

Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тоглоомын талбайд хараа хяналтгүй тоглуулахтай холбоотой гарч болзошгүй эрсдэл, мөн мотоцикл, унадаг дугуй, моторт дугуй, скүтер, ролик зэргээс унаж бэртэхээс сэргийлэх зөвлөгөөг ч давхар хүргэж байна. Дээр нь “Эйбл” цахим системийн эрсдэлийн программд бүртгэлтэй хүүхдүүдэд анхаарал хандуулж эргэн хяналт тавих, шаардлагатай тохиололд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг төлөвлөн хүргэх боломжтой.

-Урт амралтын үед хүүхдийн эрх зөрчигддөг нөхцөл байдал ямар болдог вэ?

-Хүүхдийн 108 төвийн утсанд өнгөрсөн тавдугаар сарын 31ний байдлаар 46 мянган дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс зорилтот дуудлага, мэдээлэл 27 мянга гаруй байна. Ихэнх дуудлага, мэдээллийн агуулга нь зөвлөгөө, мэдээлэл хүссэн. Үе тэнгийн болон гэр бүлийн харилцаа, хууль эрх зүйн зөвлөгөө авах зэрэг дуудлага, мэдээлэл эзэлж байна. Сэтгэл зүйн зөвлөгөө дуудлагын таван хувийг эзэлж байна. Өнгөрсөн жил сурагчдын амралттай үед ахуйн хүрээнд гэмтэж бэртэх, тоглоомын талбайд унаж бэртэх дуудлага, мэдээлэл ихэнх хувийг эзэлдэг бол баяр ёслолын үеэр хүүхэд алга болсон дуудлага их байдаг.

-Зуны амралтаар хүүхдүүдээ хөдөө явуулах тохиолдол их байдаг. Гэвч хөдөө орон нутагт нь хариуцаж байгаа хүмүүс анхаарал халамж муу байхаас шалтгаалж хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог. Бүр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүнд кейсүүд байдаг байх аа?

-Тийм. Хүүхдүүд олноор орон нутаг руу зорчих, зусланд амрах, найз нөхөдтэйгөө гадаа удаан хугацаагаар тоглох үе эхэлж байна. Мэдээж эцэг эхчүүд үр хүүхдээ агаарт амраах зорилгоор хөдөө эмээ өвөө рүү нь ихэнхдээ явуулдаг. Гэтэл хүүхэд орон нутаг руу зорчихоос эхлээд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тухайн айлдаа очоод асран халамжлах чадамжтай хүн байхаас эхлээд асуудал үүсдэг. Дээр нь хараа хяналтгүйгээс болж үл хайхрах хүчирхийлэл буюу хоол хүнсээр дутагдах, эрсдэлт нөхцөлд орох, гэмт хэргийн, зөрчлийн хохирогч болдог. Магадгүй хүчирхийллийн хохирогч болох эрсдэл ч байна. Тэр нь тухайн хүүхдийн байгаа айл өрх, ураг төрлийн холбоотой хүмүүс холбогддог судалгаа байдаг. Энэ төрлийн кейсүүд бий. Ийм аюултай эрсдэлд орж болзошгүй учраас тухайн айлд насанд хүрсэн, анхаарал хадамж тавих хүнтэй байх, аюулгүй орчинд байх ёстой. Нөгөө талаар бид хүүхдийн амралт эхэлж байгаатай холбоотой “Гэртээ эрт харья” аяныг Хүүхдийн баярыг угтаж зохион байгуулсан. Энэ бол их чухал аян. Эцэг эхчүүд гэртээ эрт харьснаар хүүхдэдээ чанартай цаг гаргах боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид ажилтныхаа хүүхдэд ээлтэй уян хатан бодлогыг дотоод журамдаа оруулах үүрэгтэй.

-Хүүхдүүд амралтаар очсон айл өрхүүдээс гадна зусланд амрахаар очоод хохирогч болсон тохиолдол гардаг. Зуслангуудад хяналт хэрхэн тавих вэ?

-Улсын хэмжээнд одоогоор 53 зуслан бий. Энэ жилээс Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт Хөдөлмөр зуслан шинээр нэмэгдэж, 55 зуслан үйл ажиллагаа явуулахаар байна. Төрөөс баримталж байгаа бодлого бол хувийн болон төрийн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дэмжлэг үзүүлэх чиглэлийг барьж байна. Зусланд хүүхдэд тавих анхаарал халамж суларч болохгүй. Учир нь хүүхэд тэнд олноороо цуглана. Ар гэр, амьдрал ахуй, өссөн орчин өөр өөр хүүхдүүд ирж байгаа. Нэг нэгнээсээ үлгэр дуурайл авах учраас маш сайн анхаарах учиртай.

Зуслангийн үйл ажиллагааны стандарт гэж бий. Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон цагдаа, онцгой байдал, тамгын газрууд гээд холбогдох бүхий л эрх бүхий байгууллагуудын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдаж, тухайн зуслан стандартад нийцэж буй эсэх дээр хяналт шалгалт хийж, зөвшөөрлийг нь олгож байгаа.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
гадаад мэдээ

Европын парламентын сонгууль өндөрлөв DNN.mn

Судлаачдын урьдчилан хэлж байснаар баруун төвийн намуудын холбоо буюу Европын комиссын одоогийн тэргүүн Урсула фон дер Лейены Европын Ардын Нам (EPP) Европын парламентын сонгуульд олон суудал авсан байна. Европын парламентын 720 суудлаас 189-ийг нь энэ нам авах дүн гарчээ. Хэт баруун жигүүрийн популист намууд, тэр дундаа Германы альтернатив нам 2019 онтой харьцуулахад амжилт нь сайжирсан ч Брюсселийн хүчтэй бодлогыг дэмжигчдийн эвсэл хамгийн олон суудал авах нь ойлгомжтой болов. Учир нь DPA агентлагийн тооцоолсноор, Европын парламентад орж ирсэн бүх баруун жигүүрийн намууд нэгдсэн ч тэдний төлөөлөгчид нийт 200-гаас илүүгүй л мандат авах боломжтой аж. Европын парламентад олонх болохын тулд 361 суудал авах шаардлагатай. Сонгуулийн урьдчилсан дүнгээр хоёрдугаарт социал ардчилсан хүчнийхэн оржээ. Тэд дөрвөн суудлаа алдаж 135 мандат авахаар болжээ. Гурав дахь байранд 19 суудал алдсан “Европыг шинэчлэх” либерал фракц 83 суудал авахаар болжээ. Харин Ногоонууд болон Европын чөлөөт холбоо томоохон ялагдал хүлээв. Тэд өнөөг хүртэл Европын парламентад 72 суудалтай байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн албан ёсны урьдчилсан дүнгээр тэд ердөө 53 мандатыг авч үлдэхээр болжээ. Мөн “Европын консерваторууд ба шинэчлэлтүүд” (EKR) 72 суудал, баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтэй “Идентификатор ба ардчилал” фракц-58, Европын нэгдсэн зүүн/хойд зүүн-Ногоон (EOL/LZS) -35 суудал авах болов. Харин 95 суудлыг бие даан нэр дэвшсэн депутатууд эзлэхээр болжээ.

Урьдчилсан мэдээллээс харахад Европын Холбооны нийт сонгуулийн ирц 51 хувьтай байна. Таван жилийн өмнө энэ үзүүлэлт 50.66 хувьтай байсан бол Германы Христийн ардчилсан холбооноос (CDU) нэр дэвшсэн Европын комиссын одоогийн тэргүүн Урсула фон дер Лейен өөрийн байр сууриа хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Тэрээр “Тийм ээ, би итгэлтэй байна, гэхдээ мэдээжийн хэрэг, намайг маш их шаргуу ажил хүлээж байгааг би мэдэж байна. Гэхдээ би хоёр дахь удаа өөрийн суудалд үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлээд фон дер Лейен Украиныг дэмжиж буй хүчинтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа онцолжээ.

Энэ долоо хоногийн турш Европын парламентын сонгууль гишүүн улсуудад өөр өөр өдрүүдэд болж өнгөрсөн. Сонгогчдын санал хураалтын эхний үр дүн Франц, Герман зэрэг олон улсад хэт барууны намууд амжилт олсныг харуулав.

Францын санал хураалтаар Марин Ле Пенийн Үндэсний ралли нам 30 хувь, харин Эммануэль Макроны баруун төвийн сэргэн мандалтын нам 15,2 хувийн санал авч эхний байруудад оржээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын парламентын сонгуульд Марин Ле Пенийн хэт барууны нам илт ялалт байгуулсны дараахан тус улсын парламент болох Үндэсний ассамблейг тарааж, энэ сарын 30, ирэх сарын 7-нд шинэ сонгууль явуулах шийдвэр гаргав. Тэгвэл ХБНГУ-д баруун төвийн консерватив АОХН болон түүний ах дүү Христийн нийгмийн холбоо (CSU) намуудын нэгдэл 30.5 хувийн санал авсан бол Олаф Шольцын эрх баригч социал демократууд хэт бага буюу 14 хувь, Ногоонтнууд 12 хувь, Чөлөөт ардчилагчид ердөө 5 хувийн санал авчээ. Мөн Австри, Испани, Итали улсуудад хэт барууны намууд сонгуульд ялалт байгуулсан байна.

Барууны улсуудын төрөлт асуудал болоод байгаа бол харин цагаачид олон хүүхэд төрүүлж нийгмийн халамжаас янз бүрийн шалтгаанаар мөнгө авч байгаа билээ. Мөн барууны цэвэр цэмцгэр байсан гудамж үндсэн иргэдийг нь устгах ёстой гэдэг исламын шашинт цагаач иргэдийн хог хаягдлаар бохирдож энд үндсэн иргэд нь амар амгалан, айдасгүй явдаг байсан цаг өнгөрсөн. Ядаж л барууны эмийн сангуудад бөөсний эсрэг эмийн гүйлгээ эрс нэмэгдсэн. Ийм байхад цагаачдын эсрэг барууны намуудын суудал олшроход буруудах зүйл юу байх билээ. Мөн Украиныг дэмжигчид Европын парламентад хэт олонх хэвээр үлдэж байхад Орос давардаг гэж бас юу байх билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
story-news

Т.Ихтамир: Хөдөө амарч байгаа хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж болзошгүй учраас аюулгүй орчинг бүрдүүлэх ёстой

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

  • Зургаадугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар
  • Зургаадугаар сарын 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
  • Зургаадугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
  • Зургаадугаар сарын17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

  • Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
  • Баталгаат зам, гүүрээр зорчих
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна уу.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн төв номын сангийн зуны цагийн хуваарь DNN.mn

Хүүхдийн төв номын сан 2024 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зуны цагийн хуваарийн дагуу ажиллана.

Даваа-Баасан 10:00-18:00

Бямба, Ням гарагт амарна.