Month: June 2024
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 520 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 180 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 340 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Эхлэл
Эрдэнэт хүмүүн гэгч энэ цэнхэр замбуулинд ирээд буцахдаа гишгэсэн газрынхаа мөр бүхэнд бахархалт үйлсээ үлдээж, зуун зуунаар дуурсагдах их алдрын эзэн болно гэдэг чухамхүү алтан хувь заяа. Нэр алдраа өргөж явах нэг хэрэг. Харин эрдэнэт биеэ хайрлалгүй ажил хөдөлмөрт шамдаж, оногдсон үүрэг үйлсийнхээ төлөө өдрийг өдөр, шөнийг шөнө гэлтгүй махран тэмцэнэ гэдэг хэр баргийн аавын хүүд заяах чадал биш ээ. Тийм ээ, ийн өгүүлж буйн учир Ховдын домогт дарга Доржийн Адуучийн алтан он жилүүдийг нэхэн дурслаа. Монгол ардын хувьсгалт цэргийн алдарт 6 дугаар морин дивизэд Дандар баатартай дайны талбарт мөр зэрэгцэн дарийн утаа үнэрлэж, домогт 6 дугаар морин бригадад Хэнтийн Өндөрхаанаас Алтайн цаад Үенчийн Улаан үзүүр хүртэл 2000 гаруй км газрыг мориор туулж, Монгол Хятадын хилийн комиссын Монголын талыг ахалж, эцэг дээдсийнхээ шүншиглэн ирсэн уул овоог авч үлдэж, Алтайн нурууны цуут Улаан даваанд зам засаж, Ховдын төвд цэнгэлдэх хүрээлэн байгуулан нутгийн олон “Адуучийн стадион” хэмээн нэрийдэж, аймгийн музейн хоёр давхар барилгыг 10-хан хоногт бариулан түмний гайхширлыг төрүүлж, ажил нь унаад байсан Ховдын Булгансум “Жаргалын зам” нэгдлийн даргаар очин Улсын тэргүүний сум болгож, Алтан гадас одонгоор шагнуулж, алдарт Ендэртийн замыг торгууд түмнээр зүтгүүлэн тавиулж, сумынхаа төв цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий цэнгэлдэх хүрээлэнг байгуулж, сургууль, эмнэлэг зэрэг барилгыг бариулж, Булган сумыг бараг л хотын статустай болгож сүр сүлдийг өргөж өгсөн. Энэ бүхэн түүний л гавьяа.
Тийм ээ, Ховдын цэнхэр хязгаарынхан Домогт “А” дарга хэмээн өнөө хэр нь бахархан дурсдагийн учир энэ. Хорьдугаар зууны Ховдыг бүтээлцэж, сэтгэл зүтгэл байхад юуг ч бүтээж болдгийг түүхэн он жилүүдээрээ бататган харуулсан түүхт их хүмүүний замналыг нэхэн дурсахад агуу бахархалтай ч алдар гавьяагаа үнэлүүлж чадаагүйд нь сэтгэл шимшрэн байлаа. Гэхдээ ардынхаа дунд, баатарлаг үйлст Ховдынхоо олонд, тэр тусмаа хөлс хүч, нэгэн цагийн амьдралынхаа гал цогийг бүрнээр нь өгсөн торгууд түмнийхээ дунд баатраараа мөнхөрсөн юм. Адууч хэмээх энэ их хүмүүн Алтайн нурууныхаа ноёлог өндөрлөгт Алтан сүлд шиг мөнхөрсөн Алтан соёмбот баатар билээ.
Сайн хүмүүний үр удам сайн сайхан явж, энэ цэнхэр замбуулинд эцгийнхээ алдар сууг мандуулдаг жамтай. Хайрт хүүхдүүдээс нь Ардын багш хэмээх өндөр цолтон тодорч, Гантогтох, Басхүү, Баатархүү гурван хүүхэд нь гавьяат болж буурал эцгийнхээ нэрийг Монголын төрийн ордонд дуурсгасан юм. Тэгээд ч зогсохгүй Адуучийн Басхүү хэмээх Ардын багш Монголын чөлөөт бөхийн амьд домог болсон эрхэм хүү нь ачит эцгийгээ сэрүүн тунгалагт нь хүн төрөлхтний олимпийн их наадмаас “Алтан шүгэл”-ийн эзэн болж, мөнхүү дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдрын танхим”-д өргөмжлөн залагдсан анхны монгол хүн болж ачит эцгийнхээ нэрийг Монголынхоо нэртэй хамт дэлхийд тамгалж өгсөн юм. Тийм ээ, ийм л хувь заяа ажлын төлөө, улс орныхоо ирээдүйн төлөө алд бие хайрлалгүй зүтгэсэн Адууч гуайд л оногдсон. Бурхнаас заяагдсан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эцсийн мөч хүртлээ эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэсэн түүнийг бурхан гайхамшигт үр хүүхдээр бэлэг барьсан юм. Үр хүүхэд бурхны бэлэг гэдгийн мөн чанарыг тэр их хүмүүн монголчууд бидэнд харуулсан.
Тиймээс аавынхаа аваагүй Ардын цолыг хүү нь авч, аавынхаа аваагүй гавьяат цолыг гурван хүүхэд нь авч, нэг гэр бүлээс гурван гавьяат, мөн Баасанхүү нь “Олон улсын шилэгдмэл шүүгч” болж дэлхийн нэрт тамирчин, дасгалжуулагч, шүүгчид төрсөн. Ингэж өндөр Алтайн хүү Адуучийн нэр дэлхий дахинд мандсан юм. Хоёр жилийн өмнө миний эрхэм хүндэтгэлт ах Адуучийн Басхүү хайрт эцгийнхээ туулсан замнал түүхийг он жилүүдийнх нь алтан шастираар бүтээсэн “Ховдын домогт Адууч дарга” хэмээх ном бүтээж аавыгаа чухамхүү ямархан гавьяа байгуулсныг Монголын ард түмэнд зарласан.
Уг номыг уншаад надад нэг л бодол төрсөн. “Хүү нь эцгийнхээ тухай бичиж болно. Гэхдээ ачит эцгээ ингэж гайхамшигтайгаар дахин бүтээж, хүмүүний орчлонд дахин “төрүүлнэ” гэж байх уу” хэмээн дуу алдаж, уг номыг уншиж дууссаны дараа эрхэм ах руугаа холбогдон “Ачит эцгийнхээ хөшөөг та алдар замналынх нь алтан шастиртай Алтайн нурууны өндөрлөгт сүндэрлүүлэн босголоо. Үүн шиг том гавьяа байхгүй. Хорьдугаар зуунд эцгийнхээ дуслуулсан хөлсийг хориннэгдүгээр зуунд та халуунаар нь монголчуудын алган дээр тавилаа. Аавын тань хөлснөөс 20 дугаар зууны их түүхийн гашуун бүхэн амтагдаж байна” хэмээн хэлсэн.Ингээд Домогт Адууч даргын хайрт хүүгийнх нь хөшөө болгон сүндэрлүүлсэн эл номыг түшиж энэхүү хөрөг нийтлэлийг бичлээ. Амьдралын төлөө тэмцэж боссон бүхэнд Адууч даргын алтан он жилүүд нэгийг хэлнэ буй за.
I
Доржийн Адууч 1915 онд хуучнаар Ховдын хязгаарын Захчин Сэцэн гүний хошуу одоогийн Ховд аймгийн Алтай сумын Бор цонжийн Ёлхоны нуурын зоо гэдэг газар туулай жилийн намар айлын ууган хүү болон мэндэлжээ. Эх нь хүүгээ төрүүлэх гэж нэлээд зовжээ. Энэ үед элэнц өвөг Тамжаан “Миний морийг эмээллээд өг” гээд явжээ. Хоёр, гурав хоног гэрийн гаднаас “Бэр хөнгөрсөн үү” гэж хүүгээсээ асуужээ. Хөнгөрсөөн гэхүйд “Уурга барих нь гарав уу, уур нүдүүр барих нь гарав уу” гэж асуухад нь “Уурга барих нь гарлаа” гэж хүү нь хэлэхэд өвөө нь морин дэл дээрээс ач хүүдээ “Адууч” нэрийг хайрлажээ. Юмны учир гэдэг сонин. Адууч гуайд өвөө нь морин дээрээс нэр өгч адууны тэнгэртэй явахын хийморь сүлдийг өргөсөн байна.
Хүмүүн заяаг олсон Монгол Алтайн нурууны эхийн хэвлий шиг зөөлхөн Ёлхоны нуурын зоо бол онцгой содон газар. Алтайн нурууны мөнх цаст өндөрлөгүүдийн нэг Мөнххайрхан уулсын зүүн сугаас эх авч Алтайн уулс, алдарт Бодончийн хавцал дундуур шуугин баруун урагш 170 шахам км урсдаг Бодонч гол нь Бор цонжийн говь, Ёлхон, Хонин усны говьд очоод эх нутгийнхаа хөрс шороонд шингэн баян бүрдүүд үүсгэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын “Алтан тээл” хошуунд тамгын газар байгуулагдаж, түүний дэргэдэх танхим бол Ховдын анхны сургууль юм. Уг сургуульд сурч бичиг үсэгтэй болоод улмаар Алтай сумынхаа Бодонч хамтралын данс баригчаар ажилласан байна. Хамтрал тарсны дараа сумын захиргаанд бичээчээр ажиллажээ. Ингээд 1936 онд Алтай сумын Тэмээн замын ар гэдэг газраас цэрэгт морджээ. Дараа жил нь армийн хэмжээнд бичиг үсгийн шалгалт авахад тэнцэж Цэргийн ерөнхий сургуульд хурдавчилсан тусгай программаар суралцжээ. 1939 оны долдугаар сард төгсөлтийн шалгалтаа өгөөд гараад ирэхэд нь дайчилгааны машин хүлээж байсан гэнэ. Ийнхүү “ЗИС-5” машинаар өдөр шөнөгүй давхисаар Халх голын фронтын Хамар давааны байлдааны штабт иржээ. Маргааш нь жанжин Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар 6 дугаар морьт дивизийн улс төрийн хэлтэст “Ахлах улс төрийн удирдагч”-аар томилж, ахлах дэслэгч цол олгов. Ингээд алдарт 6 дугаар дивизийн дайчин нөхдийн хамтаар харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан Халх голын дайныг ялалтаар дуусгасан байдаг юм.
1942 онд байгуулагдсан МАХЦ-ийн 6 дугаар морин бригад 1944 оны дөрөвдүгээр сарын 8-нд Хэнтийн Өндөрхаанаас 2000 цэрэг, 200 шахам офицер байлдааны түгшүүрийн дохигоор хөдөлсөн байдаг. Энэхүү алс холын морин маршаар хөдлөх үед ууган охин Тунгалаг дөнгөж 2 настай, хань Ш.Дунхүү нь эр нөхрөө хаашаа ямар учиртайг явааг нь мэдэхгүй нулимстай үлдсэн байна. Маршийн 12 дахь хоногт тус бригад Баянзүрхийн гүүрнээс зүүн урагш “Хөлийн модчин” гэдэг газар ирэхэд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан тэргүүтэй төр засаг, армийн удирдлагууд маршийн үйл ажиллагаатай танилцахаар иржээ. Маршал Х.Чойбалсан “Хятадын олон үндэстэн ястан оршин суудаг Шинжааны мужид Оспанаар толгойлуулсан хасгийн хөдөлгөөн гарч тэд тусгай улс байгуулна гэж зэвсэгт тэмцэл явуулж байна. Хасгуудын тэмцлийг дарахаар Гоминданыхан хилийн цаана цэргийн ангиудыг татан авчирч байрлуулан, Булган гол зэрэг газраар дээрэм тонуул зэвсэгт халдлага үйлдэж, цэрэглэн довтлох аюул бий болсон. Иймд баруун хил хязгаарт цэргийн томоохон ангийг шилжүүлэн байрлуулах шийдвэр гарсан” гэдгийг хэлээд “Та бүхэн хаврын тарчиг хүнд цагт мориор 2000-аад км газар маршлах болж байна. Энэ марш Монголын армийн анхны том хол аялал болох тул цэргийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэнэ” гэж хэлсэн байдаг.
Морин марш явсаар Говь-Алтайн төвийг дамжин Хантайширын нуруу, Хасагт хайрхан руу орж ирэхэд зөөлөн хөрстэй зүүн зүгийн морьд хайрга чулуун дунд арга байхгүй улдаж эхэлсэн байдаг. Цэргүүд өглөөний хүнсэндээ хэрэглэх шар тосноосоо галд буцалган морины улдсан хөлд дусаан эмнэх төдийгүй доройтсон мориндоо шар тостой цайгаа өгч морио аминаасаа илүү хайрлаж байжээ. Замд эцэж сульдан явах чадалгүй болсон морио нутгийн ардуудад орхихдоо цэргүүд толгойг нь илэн уйлж байсан гэдэг.
Аагим халуун шатсан цагаар алдарт Шаргын говийг туулах үнэндээ тун амаргүй байсныг домогт морин бригадынхан шүд зуун ярьсан байдаг юм. Баруун хилийн тулгаралтыг дайн байлдааны байдалд хүргэлгүй дээд командлалын үүрэг даалгаврыг гарамгай биелүүлсэн 6 дугаар морин бригадын түүхэн гавьяаг Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны 77 дугаар зарлигт онцлон тэмдэглэсэн байдаг. Тонхил сумаас хөдөлж Монгол Алтайн нурууг Ноёны даваагаар даван Барлагийн хавцал уруудан нутгийнхаа барааг, уул усаа харан цэргийн албанд мордсоноос хойш олон жилийн дараа нутагтаа ирж буй Адууч гуай ижий ааваа санан өөрийн эрхгүй нулимс унагасан байдаг. Ингээд 1944 оны алдарт мичин жилийн их зуднаар Цонжид өвөлжиж буй аав ээждээ очжээ. 1936 онд цэргийн албанд мордохоор гэрээсээ гарсан тэрээр ийнхүү 8 жилийн дараа аав ээждээ очиж байгаа нь энэ. “Гэрийн гадаа очиж тэмээнээс буунгуут аав минь “За миний хөвүүн сайн явж ирэв үү” гээд тэврэн авч үнслээ. Би ээж рүүгээ дөхтөл ээж маань над руу нэг алхсанаа гайхан алмайраад таг дуугүй зогсчихов. Гэтэл аав “Чи чинь яадаг хөгшин бэ. Хүүгээ танихгүй байгаа юм уу, хүү минь ирчихээд байна” гэхэд энэ чинь юу билээ гэсэн шиг нэг айхтар харснаа сая л “Энэ чинь миний хөвүүн Адууч байна шүү дээ” гээд мэлмэрүүлэн урсгаж байж билээ” гэж ярьсан байдаг.
Үүнийг Басхүү ах надад бас нулимстай ярьдаг юм. “Арга ч үгүй юм даа. Найман жилийн өмнө нэг муу хөх алчуураар толгойгоо боочихсон малчин хүү гэрээсээ явсан бол одоо ахмад цолтой цэргийн дарга өмнө нь зогсож байхад тэр ээж ингэж балмагдан цочирдолгүй яахав дээ. Олон жилийн дараа хүүгээ гэнэт харж байгаа ээж, ялангуяа цэрэгт, дараа нь дайнд явсан хүү нь ирж байна шүү дээ” хэмээн хоолой цахиртуулан хэлдэг.
Батлан хамгаалахын сайд Санжийн Батаа Адууч гуайг Улаанбаатар авч явъя гээд баралгүй Ховдод цэргийн хэлтсийн даргаар үлдээсэн байдаг. Очсон газар бүртээ түүхэн мөр үлдээдэг, өнөө цагийн хэллэгээр бол түүхэн бүтээн байгуулалт босгодог тэр л зарчмаараа цэргийн хэлтсийн даргын ажлыг аваад 1953 оны зун Монгол Алтайн нурууны алдарт Улаан давааны замыг анх засуулах ажлыг удирдан хийжээ. 1954 оны наймдугаар сард Ховд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилогдож 18 жил алба хаасан армиасаа чөлөөлөгдөв.
1962 оны 12 дугаар сарын 26-нд Бээжин хотноо БНМАУ, БНХАУ-ын хилийн Гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын хамтарсан комисс болон БНХАУ-тай хил залгадаг аймаг тус бүрт салбар комисс байгуулагдан Ховд аймгийн салбар комиссын даргаар Доржийн Адуучийг томилжээ. Салбар комиссын хамтарсан хуралдаанаар шинэ овоо босгож, хуучин овоог нураах тухай яригджээ. Үүнд Адууч дарга “Манайд нэг санал байна. Энэ нь Суварган овоо, Дүмбийн овоо, Алтан овоо гурав нь түүхийн дурсгалт овоо юм. Ийм учраас хилийн овоо босгохдоо эдгээр овоог нураахгүй байх нь зүйтэй байна” гэж удаа дараа учирлан хэлсний хувьд нураана гэсэн хатуу байр суурьтай байснаа сүүлдээ бууж өгч, Монголын талын санал, үндсэндээ Адууч даргын саналыг хүлээж авсан байна. Ийнхүү торгууд түмнийхээ дээдлэн сүсэглэн шүтэж ирсэн уул овоо, сүсэг бишрэлийг хүндэтгэн Хятадын талд асуудлыг тулган тавьж чармайн ажилласны ачаар өнөөдөр уг овоо тэр үед ямар байсан тэр л хэвээрээ үлджээ. Адууч даргын минь зүтгэл тэмцэл бодит үр дүнд хүрсэн нь бахтай гэж нутгийн хөгшид залбиран санадаг нь ийм учиртай.
Тэртээ 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтан аймгийн музейн 2 давхар барилгыг 10-хан хоногт бариулсан гарамгай бүтээн байгуулалтыг нь өнөөдөр хэн хүнгүй дурсдаг. Идэр 40 насны залуучуудыг дайчилж өргөн субботникоор энэхүү ажлыг явуулсан байдаг. Хөдөө сууринд 2 давхар барилгыг 10-хан хоногт барьж дуусгасан нь урьд хожид байгаагүй гарамгай хөдөлмөр байсан. 2014 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан МУСГЗ Ж.Отгонцагаан уг музейн байшинг харчихаад “Хоёр давхар, бас ч үгүй нэлээд том энэ байшинг 10-хан хоногт барьсан гэж үү” гэснээ барилгын зүүн булангийн нүүрэн дээр товойлгон бичсэн “МАХН-ын 14 дүгээр их хурлыг угтаж субботникоор 10 хоногт барив, 1961 он” гэснийг уншчихаад “Аргагүй л гайхамшиг юм даа” хэмээн уулга алдан өгүүлсэн нь бий.
Ховд хотын 200 жилийн ой бол Адууч даргын хөлс хүчээ урсган, хүн ардтайгаа зүтгэсэн агуу бүтээн байгуулалтын ой байлаа. Ховдын хязгаарт цэнгэлдэх хүрээлэн босч, хиймэл нуур, гүйлтийн ба дугуйн уралдааны тойруу зам, 3000 шахам хүний суудалтай шаталсан гурван эгнээ сандал, асрын барилгуудыг өргөтгөж цэнгэлдэхийн ногоон байгууламжийг услах 530 гаруй метр тойруу шуудууг Буянт голоос татан шинээр мод суулгасан гээд ёстой Ховдчууд тэр аяараа хөдөлсөн гэдэг. Мөн хотынхоо төв замаа анх удаа асфальтан болгож зассан нь тухайн үедээ үнэхээр хөгжлийн эргэлт болжээ. “Адууч дарга тэр үед биднийг ёстой гал цогтой удирдаж мөн ч хатуу шаардлага тавьж ажиллуулдаг байсан. Ажилдаа ханддаг зан байдлаас нь болоод ч тэр үү, бүгд л Адууч даргаас эмээдэг байж билээ. Хааяа түр амарч байгаад Адууч даргынхаа барааг хараад л бид ч ухасхийгээд босно шүү дээ. Чухам яаж амжуулдаг байсан юм, тэр олон ажлуудын хойноос байнга л шогшиж явдаг сан. Нэг л мэдэхэд ирчихсэн бидний ажлыг шалгаад зогсож байна. Тэгээд “За нөхдүүд минь хуудуугүй л юм хийнэ шүү” гэж хэлнэ. Харин ажил сайн бол “во” гэж хэлээд эрхийгээ өргөчихөөд яваад өгнө. Хэлэх үг нь товчхон түс тас. За даа, ажлыг дутуу дулимаг хийвэл үнэн дургүй. Харин ч ёстой чангарна. Ажлын төлөө бол хэнийг ч,дарга, ажилтан дээд доод албан тушаалын гэж ялгадаггүй шулуухан л нүүрэн дээр нь хэлнэ. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ дунд л явна шүү дээ” гэж бахархан дурссан байдаг.
Ховдыг баатарлаг хот гэж ярьдаг, түүхэн талаасаа аргагүй үнэн. Баатарлаг гэдгийн бахдам үйлсийг бататгаж өгсөн баатар нь яах аргагүй Адууч гуай юм байна гэж эрхгүй бодогдном. Тэр жил Мянгадын хүү Ч.Өлзийбат ахтай хоёул Өндөр Хөхийг нь зорьж явахдаа “Адуучийн стадион” буюу аймгийн цэнгэлдэхээр орж, эрхэм түүхт хүмүүнийг дурсаж, Буянт голын ариун тунгалаг уснаас аршаалан хүртэхдээ Басхүү ахтайгаа холбогдон, ачит эцгийнх нь бахдам үйлсийг хэлж байлаа. Ер нь Ховдчууд цэнгэлдэхийнхээ талаар дурссаар л байдаг юм билээ. Худгаас ус уусан хүн тухайн худгийг анх гаргасан хүний гавьяаг хэзээд ч мартах учиргүй гэдэг шиг цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмаа жил бүр тэмдэглэн, сүрлэг сайхан моднуудынх нь дор цээж тэнүүн, амьдралын сайхныг амсдаг Ховдчууд домогт “А” даргын гавьяаг мартах учиргүй ээ. Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор Б.Морх “Нэгэн үе Ховдынхон наадмын талбайгаа “Адуучийн стадион” гэж нэрлээд заншчихсан байсан нь одоо мартагдахад хүрч байна” гэж бичсэн байдаг.
II
1963 оны 12 дугаар сард Д.Адуучийг Булган сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, “Жаргалын зам” нэгдлийн даргаар томилсон байна. Ингэж торгууд түмний өлгий эх орны минь хамгийн баруун хязгаар Булган сумтай хувь заяагаа холбох ажил амьдралынх нь алтан харгуй эхэлжээ. Адуучийг аймгийн захиргаа ажил үйлс нь сайн байсан газар томилоогүй. Харин ажил нь тасалдаж, сахилга хариуцлага унаж байсан үе. Ямар сайндаа 1964 оны “Үнэн” сонинд “Ховд аймгийн Булган сум сүүлийн хэдэн жилийн төлөвлөгөөт даалгаврыг тасалдуулсан бөгөөд ажилчин албан хаагчийн ажлын хариуцлага суларч, өгсөн үүргийг заасан хугацаанд биелүүлдэггүй…” гэх мэдээлэл гарсан байдаг. Ийм л хүнд цаг үед ажил сайжруулахаар Булган сумын нэгдлийн даргаар томилогджээ. “Төл болгоныг мал болго. Чулуу болгоныг хашаа болго” хэмээх алдарт үг нь тэр цаг мөчөөс хайрт хүүгийнх нь хэлснээр ажил хөдөлмөрийнх нь түүхэн замналын эхлэл болсон. Булган суманд хийсэн түүхэн ажлынх нь нэг яах аргагүй Ендэртийн зам.Цахиртын хясаанаас Ендэртийн рашаан хүртэлх 100 шахам км замыг хадан хясаа хажуугаар нь Булган гол урсаж буй тун бэрх газар орчинд тавихаар торгууд түмэн хүрз жоотуугаа бариад ханцуй шамлан орж, элгэн улаан хадыг өрөмдөн нүхэлж тэсэлгээ хийн, хад чулууг нураан энэ хүнд хүчир ажилд зүтгэв.
Ингэж Ендэртийн замыг тавьснаар Булган гол, Дээд Доод нарийны голоор айл нүүдэллэх, нэгдлийн үйлдвэрлэл явуулах, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх ажил их голд, хадан хясаанд боогддог байдал арилж, малчид уул тойрон нүүдэл хийхийг товчлон зусландаа буухаас аваад мөн ч олон тээг саад арилсан гэдэг. Энэ замыг тавьсан талаар аав минь “Сум нэгдлийн ажил үйлсэд олон талын үр өгөөж, буян хишгээ хайрласан Ендэртийн замыг засаж тавихад бие хайргүй махран зүтгэж нөр их хөлс хөдөлмөр гарган ажиллаж, хэлсэн үг чанга хатуу шаардлагыг минь биелүүлж байсан Булганчууд, торгууд түмнээ, тэр цаг үе, нутаг орноо аав нь мартдаггүй юм даа. Тэднийхээ гарамгай хөдөлмөрт нь үргэлж баярлан бахархаж байдаг, одоо ч миний зүрх сэтгэлд ямагт байдаг” гэж насан буурал болсон хойноо ч ярьж байсныг хүү болсон миний бие энэ олон жилийн дараа дурсан бичихэд өөрийн эрхгүй нулимс цийлгэнэх юм даа” гэж ах минь бичсэнийг номноос уншаад уйлж билээ. Булган сумын уугуул, тус сумын нутгийн зөвлөлийн даргын албыг олон жил хашсан доктор Б.Занданшарав гуайтай Басхүү ах 2005 онд уулзсан байдаг. Ярианых нь гол сэдэв мэдээж Адууч гуай байж таараа. Занданшарав гуай “Танай аав бол Булган суманд ажил хөдөлмөрийн бүтээмжийн арилшгүй ул мөрөө үлдээсэн хүн. Тэр хүний хийсэн бүтээсэн бий болгосон нь одоо ч байсаар байна. Цаашид ч байх болно. Булган сум торгууд түмнийхээ төлөө бүхий л юмаа зориулсан хүн гэдгийг би баттай хэлж чадна.
Булган сумын төвийг тохижуулах, нийгэм соёл, сургууль эмнэлэг, аж ахуйн олон байшин барилга бариулж, мод тарьж зүлэгжүүлэн ногоон цэцэрлэг, цэнгэлдэх стадион байгуулсан. Басхүү минь мод тарина гэдэг бол их буянлиг ажил үйлс юм шүү. Иймд аавын чинь энэ буянтай ажил үйлс Булган суманд мөнхрөн үлдсэн дээ, хөөрхий. Сум нэгдлийн мал сүрэг олон жил таван төл дээрээ өсөж, төлөвлөгөөг давуулан биелүүлж, 1967 онд улсдаа тэргүүлэн төр засгийн шагнал үүрд хадгалагдах туг авч, Булган сум Алтан гадас одонгоор шагнуулсан. Бас нэг гайхамшигт ажил бол Ендэртийн замын бүтээн байгуулалт. Энэ бүхэн танай аавын гавьяа юм. Адууч дарга бол баатар л хүн” гэж бахархал дүүрэн хэлсэн байдаг.
2008 онд хилийн цэргийн хурандаа Моломын Баатарсүрэнгээр ахлуулсан зохиолчид тухайлбал, Дамдинсүрэнгийн Урианхай, Арлааны Эрдэнэ-Очир найрагч бид домогт Байтагийн застав орж эх орныхоо баруун хилээр явахдаа Булган сумын төвд Баясгалангийн Бадам баатрын хөшөөнд очиж билээ. Булган сумын төв цэцэрлэг тэнгэр баганадсан ногоон ой ёстой нэг сүрлэг сайхан угтсан юм. Энэ бол Адууч даргын байгуулсан байгууламж. Хүүгийнх нь хэлснээр “Булган сумын ирээдүй, хойч үеийнхний төлөө үлдээсэн мөнхийн ногоон өв” юм. Үнэхээр Булган сумын хөгжил дэвшлийн их түүх Адууч гуайн гавьяагаар хэмжигдэнэ. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойг угтан орон даяар зарласан социалист уралдаанд шалгарч “Тэргүүний сум” болж Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн “Үүрд хадгалагдах туг”, мөнгөн шагналыг гардсан юм. Ингэж Булган сумын нийт хөдөлмөрчид баатарлаг торгууд түмэн өөрсдийн цуцашгүй хөдөлмөр зүтгэл, ажлынхаа гялалзсан амжилтаар улс орон даяар алдаршсан.
Сум нэгдлийн үндсэн гол үйлдвэрлэл болсон мал өсгөх төлөвлөгөөг олон жил биелүүлж байсан бол 1970-1974 онуудад таван жил дараалан таван төрөл дээр нь давуулан биелүүлсэн түүхэн амжилт нь Булганчуудын бахархалтай гарамгай үйлс болсон. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн өмнө МАХН-ын XVI их хурал хуралдаж, энэхүү хуралд Адууч гуай аймгаасаа төлөөлөгчөөр сонгогдон оролцсон байдаг. Хурлын төлөөлөгчид Улаанбаатар руу мордохоор аймгийн төвдөө цугларсан үед Хөдөлмөрийн баатар алдарт хоньчин С.Цогтгэрэл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ш.Хавдалд “Та нар энэ хүний юмыг нь өгүүлч дээ, одоо болоо юм биш үү” гэхэд нь Ш.Хавдал дарга Адууч гуайн цээжин дээр гараа тавиад “Манай Адуучийн энэ удахгүй томорно, та нар хэдхэн хоног хүлээ” гэж хэлэхэд нөхөд нь алга ташиж, Цогтгэрэл баатар “За ашгүй дээ, тэгмээр юм даа” гэж хэлсэн байдаг. Ингээд намын их хурлын өмнө түүхэн яруу алдарт 50 жилийн ойг тохиолдуулан улс ардын аж ахуй, соёлын салбарт хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнажээ.
Энэ тухай Басхүү ах өгүүлсэн нь: “1971 оны 6 сарын 6-ны өдөр шагнал гардуулах боллоо. Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгийн өмнө эгч А.Тунгалаг, А.Ганболд, дүү А.Бархүү, миний бие бид хэд хүлээгээд зогсож байлаа. Төрийн дээд шагнал авсан хүмүүс түрүүчээсээ гараад ирэв. Аав маань ч гараад ирэв. Бид хамгийн түрүүнд аавынхаа энгэрийг л харна шүү дээ. Гэтэл ердөө ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль байв. Аав биднийг хараад хүрээд ирлээ. Бид ааваас юм асууж зүрхэлсэн ч үгүй, аав ч таг дуугүй.Бид алхсаар гэртээ ирэх хооронд юу ч ярьсангүй. Ааваас асуух зүйл байсан ч үнэндээ чадсангүй. Аав ч юм ярьсангүй, тамхи л татаад байв. Тэр үед манайх Герман элчингийн өмнөх 60 айлын орон сууцанд байсан юм. За даа харамсмаар ч гэх үү, хачирхалтай ч гэх үү, ийм л нэг юм болсон доо, өөр юу ч хэлэх вэ дээ, үнэндээ.
Энэ цаг мөчөөс л ард олны дунд “Баатар болох ёстой хүн шүү” гэх харамслын үг яригдаж эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрсөн ч аавын минь тухай өнөөдөр ч хүртэл дурсаж байгаа нь үнэнийг мартдаггүй, сэтгэлийн сайхных юм даа гэж өөрсдийн сэтгэл зүрхээ зөөллөн, бас тэр хүмүүст баярлаж байх юм даа. Аавын минь улс эх орон, ард түмнийхээ төлөө бие хайргүй зүтгэж хийсэн, бүтээсэн үйлсийн бодит түүхэн үнэнийг нь бичсэн хүмүүсийн дурсамжийг уншин суухад өөрийн эрхгүй бурхны оронд байгаа ааваараа бахархах бас харамсах сэтгэл зэрэгцэн төрөх нь хэцүүхэн байдаг даа. Аливаа юмны мөн чанарыг үнэнээр нь хэлж чаддаг, нутаг орны төдийгүй ялангуяа хөдөө аж ахуйн салбарт тэр үед ажиллаж байсан хүмүүс “Танай аав ёстой Хөдөлмөрийн баатар болох хүн дээ. Адууч дарга баатар л хүн, одоо ч тэгж бодож явдаг” гэж чин сэтгэлээсээ харамсан хэлэхэд нь сэтгэл сэмрэх шиг болдгийг нуух юун” хэмээн сэтгэлийн хөндүүрээр бичсэн байдаг.
Төгсгөл
1983 онд Украины Киев хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд хүү А.Баатархүү нь барилдаж, хүү А.Басхүү нь Олон улсын шилэгдмэл шүүгч болж анхны дэлхийн аваргын дэвжээнээ дэлхийн алдар цуут тамирчдыг шүүж байгааг дэргэдээс нь харж хоёр сайхан хүүгээрээ бахархах алтан хувь заяа гагцхүү Адууч гуайд л олдсон юм. Түүний 10 сайхан хүүхдийнх их спортыг түшсэн гурван хүүгийнх нь амжилт дэлхийд бичигдсэн юм. Адуучийн Баатархүү ид барилдах насандаа хүнд бэртэл авч, хүний гарт орон сэтгэл санааны гүн цохилт авсан ч өөрийгөө ялж дийлэн босч, босоод зогсохгүй барилдаж улсын аваргыг 4 жил дараалан авч, улмаар 1989 оны Ази тивийн аваргын, 1990 оны Азийн наадмын мөнгөн медалийг эх орондоо авчирч ачит эцгээ амьдад нь баярлуулсан. Баатархүү гавьяатын нэгэн бахархам онцлог амжилтыг хэлэхэд, ЗХУ-ын аваргаар бүх жингийн 30 медалиас 29-ийг нь эзэн орны буюу Оросын тамирчид авахад бусад 22 орны бөхчүүдээс цорын ганц мөнгөн медалийг нь Монголын Баатархүү авч байсан түүхэн давтагдашгүй амжилтын эзэн. Тэртээ далан есөн онд Улсын начин цол хүртэж,мөн ондоо дэлхийн залуучуудын аваргад Монголын тамирчдаас анхны алтан медалийг хүртжээ. Монгол Алтайн нурууны өврөөс төрсөн анхны улсын цолтон хүчит бөхийнхөө хөшөөг 2014 оны Алтай сумын 90 жилийн ойгоор босгож алдар сууг нь мөнхөлсөн билээ. Адуучийн Басхүү 1988 оны Сөүлийн олимпоос “Алтан шүгэл”-ийн эзэн болж дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсан аавыгаа баярлуулсан бол 1993 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртэж мөн л буурал болсон аавыгаа баярлуулсан юм.
2009 оны намар Монгол Улсын гавьяат багш Адуучийн Гантогтох, гавьяат дасгалжуулагч Адуучийн Басхүү, гавьяат тамирчин Адуучийн Баатархүү нар, үндсэндээ ах дүү гурван гавьяат аавынхаа бариулсан цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд Ховдын ард түмэн нүдэндээ нулимстай баярлаж байсан гэдэг. Жараад оны эхээр аав нь энэхүү цэнгэлдэх хүрээлэнг нутгийнхаа хөдөлмөрч түмнийг удирдан хөлсөө урсган барихдаа хэзээ нэг өдөр үр хүүхдүүд нь эзэгнэнэ, эцгийнхээ алдрыг дуурсгана гэдгийг яахин мэдэх билээ дээ. Хөвгүүдийнх нь отгон нь болох Адуучийн Баасанхүү 1996 онд Олон улсын шилэгдмэл шүүгч болж мөн л аавыгаа сэрүүн тунгалагт нь баярлуулсан юм. Басхүү ах минь 2014 оны наадмаар Ардын багш цол хүртэж, мөн тэр жилээ дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдрын танхим”-д өргөмжлөгдөн залагдсан анхны монгол хүн болсон. Үр хүүхдийнх нь энэ бүх гавьяа буурал эцгийнх нь гавьяа юм. 1999 оны 12 сарын 17-ны өдөр. Адууч гуай хүргэн Мэндсайхан, отгон охин Туяагийндаа байжээ.Үр хүүхдээ “Бүгд ирсэн үү” гэж асуулаа. Хүүхдүүд нь аавынхаа орыг тойроод бүгд зогслоо. Ачит эцэг нь сүүлчийн тамир заан орон дээрээ өндийн суугаад энэрэлт харцаараа хайрт хүүхдүүдээ нар зөв тойруулан “Та нарыгаа сүүлчийн удаа харж байна” гэж хэлж байгаа юм шиг удаан гэгч нь тогтоон хараад “за” гэж сулхан хэлээд өөр юу ч хэлэлгүй түшүүлэн гэдрэг хэвтжээ. Хайрт хүүхдүүдээ эцсийн удаа сэтгэл зүрхэндээ үүрд харж аваад, сэтгэл ханасан байдалтай тэднийхээ дэргэд дэрээ дэрлэн хэвтсэн чигтээ мөнхөд нойрссон гэдэг.
Ийнхүү Алтайн уулсын өндөрлөгт омогт бүргэд шиг дүүлж явсан их хүмүүн хорвоогоос үүрд буцсан байдаг. Хайрт үрсээ алтан нарны цацрагаар ивээж байгаа юм шиг сүүлчийн удаа хараад сэтгэл дүүрэн буцсан байдаг. Тийм ээ, хүмүүний амьдралд ёстой л домог шиг амьдраад буцна гэдэг энэ биз ээ. Өвгөн аав нь морин дэлэн дээрээс хайрласан Адууч гэдэг нэр өнө мөнхөд дуурсагдаж алдар гавьяа нь цагийн цагт тодорсоор байх болно. Агуу Таны бүтээсэн түүхэн он жилүүдээр тань Монголын минь гэрэлт ирээдүй бахархсаар байх болно. Алтай нурууны өндөрлөгт Алтан сүлд шиг, Алтан соёмбо шиг мөнхөд гэрэлтэх гавьяа Таны гавьяа шүү.
НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.
Энэ сарын өдөрлөг зургадугаар сарын 19-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож мөн нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудаас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургадугаар сарын 17-ны өдөр нийт 2118 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1653, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.
Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 73, хүний биед халдсан 78, эрүүлжүүлэх байранд хоносон 94 тохиолдол гарчээ.
Энэ сарын 18-ны байдлаар Хэрлэн голын эхээр, Хангай нурууны Буянт, Заг, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.
Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 30 см орчим давсан байна. Иймээс голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөлөө.
Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.
Долдугаар сарын 01-нээс 10-ныг хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлах байршлын мэдээллийг хүргэж байна.
Зүтгүүрийн депо, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, ГХЯ орчим,Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, ШУТИС орчмын хэрэглэгчид, Баянгол зочид буудал, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ-ын орчмын хэрэглэгчид, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.
“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан- 2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа.
Энэхүү тайланг 1989 оноос хойш тогтмол гаргаж байгаа ба Монгол Улс 2015 оноос хойш багтан, эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсын хувьд энэ жил 67 улсаас 61 дүгээрт 46,3 оноотой эрэмбэлэгджээ.
Хамгийн өндөр өрсөлдөх чадвартай нь 100 оноотой Сингапур улс багтжээ. Түүний дараа Швейцар, Хонконг, Ирланд, Дани зэрэг улсууд оржээ. Мөн Нигер, Гана, Венесуэл, Аргентин зэрэг улсууд сүүл мушгижээ. Монгол Улсын араас Перу, Бразил зэрэг улсууд жагсжээ.
Эхлээд АНУ, дараа өдөр нь Их Британи эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авснаар Оросын хөрөнгийн бирж дээр доллар, еврогийн арилжаа зогсон 24 цагийн дотор рублийн доллар, евротай харьцах ханш хоёр дахин унаж шуугиан дэгдээв.
Хэдийгээр ОХУ-ын Төв банкнаас энэ сарын 14-ний байдлаар ам.долларын албан ханш 88.2 рубль, евро 94.8 рубль байна гэж зарласан ч бодит амьдрал дээр нэг ам.доллар 200 рубль хүрч, мөнгө солих цэгүүдэд уртын урт дараалал үүсэв.
Оросын Төв банк “Өнөөдрөөс эхлэн рублийн ханшийг ам.доллар, евротой бус юанийн ханштай уяж зарлаж байх болно” гэж мэдэгдэв. Гэтэл юань нь мөн л ам.доллартай уягдан ханш нь тогтоогдож байдаг бөгөөд Хятадад дефляци гэх инфляциас дутахгүй аюул нүүрлээд байгаа билээ.
ОХУ бол цэвэр импортлогч улс. Энэ нь Оросууд үр тариа экспортлогч мөн ч техник, сэлбэг, шавьжны эсрэг хор, зарим бордооноос эхлээд тариа тарихад хэрэгтэй бүхнээ гаднаас авдаг гэсэн үг. Иймээс ам.доллар, евро гэх дэлхийн голлох валютын хомсдолд орсон Оросын бүх бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж инфляцийг хөөрөгдөх нь гарцаагүй зүйл болов.
Ядаж байхад “Их долоо” хуралдаж “Орос болон Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах болно” гэдгээ ил тод зарлав. Энэ бүхэн рубль цаас болох замдаа шулуудсаныг батлан харуулж байна. Гэхдээ Оросын рублийн ханш унаснаар Путины дэглэмд учрах хамгийн том аюул нь фронтод очсон гэрээт цэргийн цалин цаас болох явдал юм.
Дэлхийн I дайнд яг ийм үйл явдал болж хөлсний цэргүүд цаас болсон мөнгөө нөхөж авахаар фронтын шугамаа орхин нийслэлд ирцгээж, улмаар хувьсгал дэгдэж, хаантан суудлаасаа бууж, улс нь задарсан. Одоо Орост яг энэ явдал давтагдах гэж байна.
Мэдээжийн хэрэг үнэн мөн чанарыг нь гуйвуулсан ч, цалин нь цаас болсон гэрээт цэргийг оросууд өөрийн уран зохиолдоо “Буутай хүн” гэж бичиж үлдээсэн байдаг.
Манай улсын эксортын орлого өнгөрсөн сард 131.4 сая ам.доллараар нэмэгджээ. Энэ нь өмнөх сараас өмнөх сараас 10.2 хувиар өссөн дүн юм. Орлого нэмэгдэхэд нүүрс, зэс, алтны экспортын орлого голлон нөлөөлсөн байна. Тэр дундаа нийт экспортын 60 хувийг нүүрс эзэлж байгаа бөгөөд 172.9 сая ам.долларын орлого төвлөрчээ. Гэвч нүүрсний үнэ тонн тутамд 34.0 ам.доллараар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооны энэ оны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн тайланд дурджээ. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ дэлхийн зах зээлд тонн тутамд 109 ам.доллар байгаа юм.
Түүхий эдийн экспортын хэмжээ, орлогыг харвал,
- Чулуун нүүрсний экспорт 60 хувь буюу 172.9 сая ам.доллар
- Зэсийн хүдэр, баяжмалын экспорт 18.1 хувь буюу 54.9 сая ам.доллар
- Төмрийн хүдэр, баяжмалын экспорт 3.7 хувь буюу 41.9 сая ам.доллар
- Алтны экспорт 5,2 хувь буюу 39.5 сая ам.доллар
- Цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.долларын орлогыг тус тус бүрдүүлж байна.