Завханы Сонгино сум өнгөрөөд л Хяргас нуурын зах алсаас мэлтэлзэн угтана. Зах хязгаар үгүй мэт, хараа үл барах. Тэртээ алсад, тэнгэрийн зах хязгаар гэмээр булангаас Хархираан сүрлэг уулс хөхөрч, нуураа даран сүндэрлэнэ. Өтгөн үүлс уулсын оройгоор суунаглаад, ёстой л байгалийн тансаг зураглал нүд баясгах аж. Их хотын нүргээн, амьсгаа авах завдалгүй амьдрал дундаас сугарч гарсан надад Хархираан уулс, Хяргас нуурын энэ сайхан өнгө, үзэмжийн зохицлыг харах сэтгэлд үгээр илэрхийлэхээргүй тийм нэг амттай бахдал төрөв. Яг л тэр Хархираан уулсын дунд ижий, аав шиг хослон сүндэрлэх Мянган, Хөхөө уулсын хормойд төрөлх сум маань оршдог доо гэж өмнөх бодлоо улам баясгана.
Сонгино Улаангомыг холбосон хар зам торго шиг дардан. Хоёр цаг гаруй давхиад л аймгийн төв дээр ирчихлээ. Увс аймгийн төв Улаангом хотоосоо Тариалан сум маань 30 гаруй км алслагдсан билээ.
Тариаланд хүний хөл хөдөлгөөн нэлээд сийрэг үе таарлаа. Увсын Арвайн гурилын өлгий нутаг учраас айл бүр газар тариалантай холбоотой гэхэд хилсдэхгүй. Эрчүүд тариалангийн газраа усалж, манана. Давхар тэд Увс нуурын хөвөө, Тээлийн боомд хаваржсан айлууд зусландаа гарах их нүүдлийн цаг таарч байгаа учраас шинэ соёолсон тариан түрүү, өвсний үндсээ малаас хамгаалах ид ажилтай байцгаана.
Харин тариаланчуудын ээж, аав хоёр шигээ сүслэн залбирдаг Мянган, Хөхий уулсын хормойд, сүрлэг Хархираа голын хөвөөнд “Мөнх Хархираа” бөхийн галынхан баяр наадмын бэлтгэлдээ гарчээ. Мөдхөн улсын аатай аварга, арслангууд Төв цэнгэлдэхэд, аймаг сумдын хүчтэнгүүд наадмын талбайдаа уран мэхээ уралдуулж үзэгч олноо баясгана. Тэр дундаас сумын наадам гэдэг үзүүштэй. Хэний хүү түрүүлж, хэний морь айрагдахыг сумаараа харж, хөгжинө. Хүчтэний өлгий Увс нутгийн хувьд Тариалан суманд улсын цолтой бөх одоохондоо төрж амжаагүй яваа. Тийм ч учраас жил жилийн баяр наадам, бөхийн бэлтгэл дундаас хэний хүү өсч бойжин, эр бяраа гайхуулж аймаг, улс руу мацахыг бараг сумаараа харуулддаг түмэн билээ. Ийм нэгэн хүсэл эрмэлзэл, хүлээлт дунд бэлтгэлд гарсан “Мөнх Хархираа” өсвөрийн бөхийн гал дээр энэ удаа өнжлөө.
Өнгөрсөн өвөл Тариалангийн нийт нутгаар цас их унажээ. Дэлгэр цаг ирж өвлийн их цас хөрсөнд чийг сайн өгч, зуншлага сайхан болж байна. “Мөнх Хархираа” бөхийн галынхан сумаасаа баруун хойд зүгт Мянган, Хөхий уулын хормой Хархираа голын хөвөөнд тухалжээ. Голдоо том шар асар татаж, хоёр талд нь гэр барьжээ. Голын эрэг дээр Монгол Улсынхаа далбааг намируулчихаж. Тугаа тойроод зодог шуудаг бүхий 30 гаруй бөхчүүд бэлтгэл хийж харагдана. Өсвөрийн бөхчүүд гэх ч хэдийнэ бөхийн шинжиндээ орсон залуус гэмээр сүрдэм харагдах аж. Галын ахлагч аймгийн начин Г.Алтангэрэл мэнд мэдэн тосон авлаа. Түүний дэргэд зодог шуудаг өмссөн хоёр настай болов уу гэмээр булцгар хүү дагалдан явна. Бяцхан хүү ухасхийж босоод нөхдийнхөө бэлтгэлийг харж зогссон 13, 14-тэй болов уу гэмээр хүүгийн хөлийг тун эвлэгхэн авч, томчуудыг баясгалаа. Г.Алтангэрэл багш Түргэн сумын харьяат. Энэ тухай галын ахлагч “Би үндэсний бөх, жүдо, чөлөөтийн дасгалжуулагч хийдэг. Үндэсний бөхөөр 18 жил бэлтгэл хийж байна. Намайг үндэсний бөхөд Түргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Сумын заан Пүрэвсангиа хөтөлж оруулсан. Манай Дэглий Цагаан уул, Дэлгэрмөрөний голын хөвөөнөөс олон сайхан хүчтэнүүд төрсөн нутаг. Манайх ах дүүсээрээ бөхөд хорхойтой, их бага барилддаг хүмүүс” гэв. Тэрээр Гурван жилийн өмнө Тариаланд хүргэн болж иржээ. Бөхийн спортод хорхойтой тэрээр ирээд удалгүй энэ бөхийн дэвжээгээ байгуулсан гэнэ.
Анхны шавь нар нь Хадбаатар, Ариунзаяа нарын хүүхдүүд гэв. Гурван жилийн хугацаанд шавь нар нь арвин амжилт гаргажээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд баруун бүсийн чанартай тэмцээнээс 27 медаль авсан. А зэрэглэлийн нэг тэмцээнээс 13 медаль, МУ-ын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээнээс нэг медаль хүртсэн хэмээн бахархан ярив. “Мөнх Хархираа” галынх хүүхдүүд дунд үндэсний бөхөөс гадна жүдо, чөлөөт бөхөөр хичээллэдэг юм байна.
Галын ахлагч Г.Алтангэрэл “Хүүхдүүд маань таван насны ангиллаар барилддаг. Энэ жил манай аймгийн таван том сум ойтой. Тэнд хүүхдүүдээ бүгдийг нь оролцуулна гэсэн зорилготой байгаа. Гурван сайхан залуу бий. Сумын хурц арслан Түмэн-Өлзийгийн Хадбаатар, Шинэхүүгийн Батзул, Дорждагвын Хулансамбуу нарыгаа энэ жил сум, аймгийн цолонд хүрчих байх гэсэн өндөр хүлээлттэй байна. Миний хувьд ойрын 10 жилийн дотор Монгол Улсын цолтой бөх гаргах зорилготой” хэмээн хэтийн том амбицаа задаллаа. Үнэхээр ч ийм сэтгэл зүтгэл, байнгын бэлтгэл дундаас ээж аав шиг энэ хоёр сайхан уулынхаа бэл, Хархираа голынхоо хөвөөнөөс улсын цолтон төрөх нь дамжиггүй биз ээ.
Хүүхдүүдийн хувьд хамгийн гол зүйл нь хүсэл зорилго. Тухайн спортод сонирхолтой, маш үнэнч, хүсэл мөрөөдөлтэй байвал том хүч болдог. Мэдээж ар гэрийн дэмжлэг маш хэрэгтэй. Эцэг эх, багш, шавь гэсэн гурван зүйл уялдах ёстой байдаг тухай ч багш онцоллоо.
Галын нэг өдөр өглөө 5:30 цагт эхэлж бөхчүүд Хархираа голоо дагаад 10 гаруй км гүйдэг. 08:00 цагийн алдад хоолондоо орж, залгаад хүчний бэлтгэлд орно. Үүний дараа тамирчид амардаг. 12:00 цагт үдийн хоолондоо ороод барилдааны бэлтгэлдээ гарна. Ингээд 15:00 цагийн үед бэлтгал дуусч, оройн 19:00 цагийн үед булраа гаргах сэргэлтийн бэлтгэл хийгээд амардаг аж. Оройн тоон дээр нутгийнхаа сүлд дуу “Увс нуур”, “Халуун элгэн нутаг”, Тариалан сумынхаа сүлд дууг дуулж жаргаадаг байна.
Тариалан сум алдартай бөхтэй байсан тухай хууч яриа бий. Гэвч насан эцэслэсний дараа шарилыг нь алдсан. Үүнээс үүдэж улсын цолтой бөх төрөөгүй гэдэг. Харин сүүлд аймгийн хурц арслан Нямаа хэмээх сайхан бөх саяхныг хүртэл байсан. “Увсын ихэнх сумууд улсын цолтонтой. Цолгүй цөөхөн сум байгаагийн нэг нь манай сум. Сум орон нутгийн удирдлагууд үүнийг ойлгож дэмжих, хамтарч ажиллах хэрэгтэй. Ямар ч спортод дэмжлэг л чухал байдаг” хэмээн аймгийн начин А.Болдбаяр онцолж байв. Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсад хоёр давж, гурвын даваанд Улсын харцага Арслангийн Бямбажавт өвдөг шороодож байв.
Тэгвэл энэ жилийн баяр наадмын хувьд “Мөнх хархираа” галаас Жаргалсайхан, Бямбацогт, Хадбаатар, Хулансамбуу, Батзул нарын хурц барилдаантай бөхчүүддээ нэлээд итгэл найдвар тавьж буй ажээ. Тэд бол Увс аймагтаа хүлээн зөвшөөрөгдсөн сумын харцагууд гэдгийг галын ахлагч бардам хэлнэ лээ.
Бөхчүүдийнх нь онцлог, мэхний талаар аймгийн начин Г. Алтангэрэл багш “Мэхний хувьд унаган мэх гэж ярьдаг. Хүүхдэд бага наснаас нь тэр мэх нь мэдрэмж болж суудаг. Мушгидаг байсан бол тэр мушгиаг мушгина гэж бодохгүйгээр хүний үйлдэл дээр мэдэрч хийдэг. Тэр нь хүнд бага наснаас нь сууж эхэлдэг. Манай залуучууд хутгадаг, мушгидаг, гаргачихдаг, дунгуйлддаг, шуудган дээрээс морддог, голлодог, шуудган дээрээс бяралхаж барилддаг гээд тус бүрдээ дархан мэхтэй” гэж байна. Хоёр жилийн өмнө Увсын Өндөрхангайн Ханхөхийн тахилгад сумын харцага Т.Хадбаатар түрүүлжээ. Тэр наадамд улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүүхдүүд ирж барилдаж гэнэ. Улсын хэмжээний гэж нэрлэж болох наадамд шавь нь түрүүлж “Тариалан сумын харьяат” хэмээн цоллуулахад наадамчин шуугилдаж байсан нь багшийн хувьд аархал бахархал зэрэг төрсөн сайхан дурсамж байсныг галын ахлагч ярьсан юм.
Т.Хадбаатарын хувьд унаган мэх нь дунгуйлдах гэнэ. Энэ цаг үеэс шавь нар нь амжилтаараа аархаж эхэлжээ. Гэхдээ спорт гэдэг дэмжлэгээр амжилт гаргадгийг дээр онцолсон. Галын ахлагч ч үүнийг тэмдэглэн хэлсэн билээ. Тэрээр “Монгол Улсын хэмжээнд олимп, дэлхийн аваргад оролцоод амжилт гаргаж байгаа хүмүүс бүгд клуб, академитай болсон. Нэг клуб гэхэд л дөрвөн багштай байна шүү дээ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд сайн л бэлтгэл хийхгүй бол улсын чанартай тэмцээн маш хатуу. Олимп, дэлхийн аваргад амжилт гаргаж байсан хүмүүс Цагаанбаатар, Уранцэцэг нарын том алдартнууд бүгд багш дасгалжуулагчийн эгнээ рүү шилжсэн. Тэд тус бүрдээ нэг клуб, академитай, хоорондоо өрсөлдөж байна. Манай аймгийн хувьд политехник коллежийн дэргэд аймгийн арслан Батмагнай дасгалжуулагчтай “Улаан гуталт” бөхийн клуб байдаг. Манай “Мөнх хархираа”-тай нийлээд хоёр л өсвөрийн хүүхдийн бөхийн клуб аймгийн хэмжээнд бэлтгэл сургуулилт хийж байна” гэсэн билээ. Анхны амжилтын эзэн Т.Хадбаатар “Би 2020 оноос хойш барилдах хүсэл тэмүүлэлтэй болж, Алтангэрэл багш дээрээ ирж бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. 2022 онд Тариалан сумынхаа наадамд үзүүрлэж начин болоод, Хяргас сумын 100 жилийн наадам, Өндөрхангайн наадамд түрүүлээд ирсэн. 2023 онд бага зэрэг бэртэл аваад барилдаанаа алгасаж байгаад одоо бэлтгэлдээ гарчихсан явж байна. Аав маань залуудаа Өмнөговь сумын наадамд үзүүрлэж начин цол авч байсан. Аавынхаа хүрээгүйд хүрч баярлуулахыг хүсдэг. Улсын гарьд Бадарчийг харж, үлгэр дуурайл авдаг. Сугадаа аваад илүүрхэж байгаа нь гоё санагддаг. Миний дархан мэхүүд гэвэл дунгуйлдаа, хавираа, гар ачаа гэх мэт. Бүх мэхээ сайжруулаад уран барилдааны ховор чадваруудыг эзэмшинэ гэж бодож байгаа” гэж байна. “Мөнх хархираа” галд сумын харцага Ш.Баттуул бэлтгэл хийдэг. Тэрээр МУБИС-ийн биеийн тамирын багшийн хоёрдугаар курсийн оюутан. “Сумын харцага Г.Алтангэрэл ахтай 2019 оноос хойш бэлтгэл хийж эхэлсэн. 2022 оноос гал дээр бэлтгэл хийж эхэлсэн. Наадамд барилдахаар бэлтгэлээ чамбайруулж байна. Манай ээжийн талд хурц бадрангуй арслан Э.Буянтогтох гэж Багануур дүүргийн наадамд гурван жил дараалан түрүүлсэн хүн бий. Аавын талд Баруунтуруун сумын харьяат Улсын арслан Ганбат бий. Хүн хичээвэл амжилтад хүрдэг. Нас залуу байгаа учраас дүү нараас сайхан ирээдүй харагдаж байна” гэж байв.
Хамгийн сүүлд галынхан дундаас хэдхэн хоногийн өмнө жүдо бөхийн улсын аваргын тэмцээнээс Увс аймаг хоёр хүрэл медаль хүртсэний нэг нь өсвөрийн бөх Д.Гүррагчаа байв. Тэрээр “Золгоон дээрээс барилддаг. Шахаж татаал мордоно. Золгоо дээрээс хонгодно. Тохой татаж, хонгодохыг дархан мэхээ болгохыг боддог. Содномдорж, Орхонбаяр арслан шиг болохыг мөрөөддөг” гэлээ.
“Мөнх хархираа” галын анхны шавь сургуулиа дүүргэж ирэх намраас Улаанбаатарыг зорьж эхлэх гэнэ. Г.Алтангэрэл багш шавь нараа Увс нуур гал, Аварга дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль бусад клубүүд руу холбож чаджээ. Сумын харцага Т.Хадбаатар Увс нуур дэвжээ рүү, Хулансамбуу улсын Харцага Чулуунбаатарын “Нэгдэл” бөхийн клубт бэлтгэл хийхээр болсон баярт мэдээг багш нь дуулгаж “Улсын цолтой, нутаг орныхоо нэрийг гаргасан бөх болоорой” гэдэг өндөр үүрэг хариуцлагыг өвөрлүүлж явуулна даа хэмээсэн юм.
Увсын цэнхэр хязгаараас хэзээ нэгэн өдөр улсад цойлох бөх болохоор бэлтгэгдэж байгаа залууст багш нь монгол бөхийн жудагийн тухай ихэд зааж зөвлөдөг ажээ. Энэ тухай галын ахлагч “Би хүүхдүүддээ ёс зүйтэй байхыг эхэлж заадаг. Биеэ авч явах байдал, нутаг ус ах дүүсээ хүндлэх, ахмад цолтой бөхчүүдээ хүндлэх тухай л хамгийн түрүүнд сургахыг хичээдэг. Тэр бүхнийг жудаг гэж ойлгодог. Жудаг гэдэг ямар нэг санаа өвөрлөхгүй нутаг ус, аав ээж, ахан дүүсээ дээдлэхээс эхэлнэ. Нэг нь барилдаж байгаад унагаахад хүртэл бөх хүний жудаг оршдог юм болов уу. Нэгнийгээ бэртээхгүй байх, унахад нь түшээд босгодог үйлдлээс эхэлдэг гэж хардаг аа” гэсэн билээ. Залуухан багшийн энэ сэтгэл зүтгэл, зорилго, бас жудагийг хүүхдүүд бөхчүүд ихэд хүндэтгэдэг нь илт. Багшаасаа биерхүү залуус багшийн ганц үгэнд огло үсрэн босч ёсчлон гүйцэлдүүлж харагдана. Монгол бөхийн ёсон ийм л байдаг даа.
Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай.
Б.