Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга, “Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад 139.000 ухуулагч ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нийт 307 иргэн нас барсан. Эдгээр иргэдийн дунд ухуулагчаар ажиллаж байсан хүмүүс бий. Ухуулагчаар ажиллаж байгаад нас барсан гэх 9 иргэний 2 нь тогтоол усанд живж, бусад нь өвчний улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан” гэлээ.
Month: June 2024
Улсын баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдан авна. Мөн баяр наадамтай холбоотой бүх мэдээллийг энэ сайтаас авах юм. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Тасалбарын үнэ нэмэгдээгүй.
Энэ наадмаар Бутан улсын хаан манай улсад зочилно.
УИХ-ын 126 гишүүнийг сонгох сонгуулийн санал хураалт 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр буюу баасан гаригт явагдана.
Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс /2024.06.10/ эхэлсэн сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн /2024.06.27/ 00:00 цагаас өмнө зогсооно.
16 хоног үргэлжилсэн сонгуулийн хугацаа өнөөдөр ийнхүү дуусах юм.
Сурталчилгааны хугацаа дууссанаас хойш дараах заалтууд үйлчилнэ.
Сонгуулийн тухай хуульд:
- 47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.
- 47.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах журамд:
- 5.2.3.нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах,
- 5.2.4.сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн сурталчилгааг захиалсан этгээд болон сонгуулийн сурталчилгааны төлбөрийн талаарх мэдээлэл агуулсан тайланг сонгуулийн санал хураах өдрийн дараа өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Сонгуулийн сурталчилгаа явуулсан тайлангийн загварын дагуу бэлтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;
Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн /2028.06.28/ 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн “Морин хуур” найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа.
Хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан, “Морин хуур” найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байгааг онцолж, энэ хамтарсан тоглолт хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уламжлал, соёл, амьдралын хэв маяг нь хоорондоо ижил төстэй хоёр орон түүх, урлаг, соёлын өвөө харилцан судалж, хамгаалж байх нь зүйтэйг Шадар сайд Ж.Ходжаев хэлж, Узбекистанд зохион байгуулдаг урлаг, соёлын олон арга хэмжээнд Монголын уран бүтээлчид тогтмол оролцдогт талархав.
Монгол, Узбекийн шилдэг 21 бүтээлийг хоршиж толилуулсан тоглолтыг Узбекистаны төр, засаг, нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, монгол, узбек иргэд зэрэг 1,800 гаруй хүн үзэж сонирхлоо.
Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн, энэ онд өргөтгөж, “Морин хуур” найрал хөгжим болгосон юм.
Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт “Монголын сайхан орон” бүтээлээ толилуулж байсан түүхтэй.
Ихэнх гол, мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрээд байна.
Тиймээс иргэд та бүхэн гол, нуурын эрэг орчимд амарч зугаалахгүй байх, баталгаат гүүрээр зорчих, зориулалтын бус хийлдэг гудас, завь, тоглоом ашиглахгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хараа хяналт тавьж сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Согинохайрхан дүүрэг, Баруун салааны авто замын нүхэн эвдрэлийг засварлаж байна.
Энэ сарын 27-ноос төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орно. Үүнтэй холбоотойгоор төв, зүүн аймгуудын голуудын түвшин нэмэгдэж, үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.
- Зургадугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр
- Зургадугаар сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар
- Зургадугаар сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо орно.
Бороо зөөлөн шивэрсэн өглөө эртлэн дархан цаазат Богд хан уулын Шажин хурахын амыг зорилоо. Уг аманд уламжлалын дагуу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлагч, байлдагч нар төрийн Есөн хөлт цагаан тугийг наадмаар цэнгүүлэх бэлтгэл хийж байгааг сурвалжилахаар болсон нь энэ. Налайхын замаар явсаар Хонхор руу салдаг уулзвар дээр биднийг тус ангийн захирагч, хурандаа М.Болдбаатарын жолооч угтсан юм. Ийн газарчлуулан явсаар зорьсон газраа ирэхэд ангийн захирагч өөрийн биеэр угтан авч, гэрт орууллаа. Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэх ёслолын ажиллагааны бэлтгэлдээ тэд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн гарчээ. Цэргүүд өглөө бүр 06.00 цагт босч, гимнастикаа хийж, гар нүүрээ угаагаад цайлна. Түүний дараагаас эхлэн дундаа 15-20 минутын завсарлагаатайгаар 21.00 цаг хүртэл бэлтгэлээ тасралтгүй хийдэг гэнэ. Биднийг ирэх сургаар энэ өдрийн бэлтгэл эхлэх цагийг жаахан хойшлуулсан юм байна. Түүнээс биш шиврээ бороо, нар, салхийг үл харгалзан тэд бэлдсээр байдаг аж. Арга ч үгүй биз. Монгол хэмээн омогших, эх орныхоо эзэн нь болж төрснөөрөө бахархдаг уламжлалт баяр бол наадам. Энэ л өдрүүдэд монголчууд үгийн сайныг ярилцаж, үйлсийн сайхныг хийж, төрийнхөө сүлдэнд залбирч, Есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэх ёслолыг амьсгаа даран үздэг. Тиймээс тэд бол зөвхөн үүрэг хүлээсэн ажлаас гадна үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж бэлтгэлийг ийн шаргуу хийдэг байна.
Шинэ шөл аягалж, хонины гэдсээр дайлуулсан биднийг гэрээс гарахад битүү нөмөрсөн үүлээ сөхөөд тэнгэр цэлмэж, Богд уулын оройгоор манан суусан нь нэн үзэсгэлэнтэй. Хажуу дэргэд гөрөөс боохирч, алсад хөхөө донгодох нь сонсголонтой. Хурандаа М.Болдбаатар “Богд уулын 30 гаруй ам байдгаас барилга байшингүй барилгүй үлдсэн цорын ганц нь энэ. Үнэхээр сайхан хангай шүү дээ” хэмээн хэлнэ. Ингэж хэлэхэд нь аргагүй л тангараг өргөсөн эр цэрэг эх орноороо бахархан, зарчмаасаа хазайлгүй явж ирсэн эр хүний бахархал мэдрэгдэнэ. Шажин хурахын амыг хааж Зэвсэгт хүчний 032 дугаар анги ийн жил бүр баяр наадмын бэлтгэл хийдгээс үүдэн тэр бүр хүн очоод газар авч, барилга бариад байж чаддаггүй бололтой юм.
Бэлтгэлийн хашаан дотор хоёр гэр, цэргүүдийн амрах болон гал тогооны майхан байна. Тэдгээрийн чанх урд нэлээд зайтай морины уяагаа босгожээ. Уяаны эхэнд хоёр загал морь, түүний араас найман шарга морь, тэдний дор торгон цэргүүдийн унах бараан зүсмийн морьд гэсэн дарааллаар уясан байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнг төлөөлүүлэн зууван хэлбэрээр туг хатгаж бэлджээ. Энэ нь морь, цэрэггүй багцаа авах, алхаа гишгээгээ тааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнээс гадна Цэнгэлдэхэд 20 гаруй жил есөн хөлт цагаан тугийг байрлуулсан тугны суурийг голд нь байрлуулжээ. Ноднин жил шинэ суурьтай болсон учраас энэ жилээс хуучин суурийг нь бэлтгэлдээ ашиглаж байгаа нь энэ юм. Энэ бүгдийг ярихын завсар хурандаа цэргүүддээ морио эмээллэхийг санууллаа. Тугчид болон торгон цэргүүдийн унадаг нэг морины эмээл, хазаар, ташуур, хөмөлдрөг, хударга гэхэд л нийлээд тав гаруй сая төгрөгийн үнэтэй эд байдаг аж. Энд бүх зүйл тушаалын дагуу явах учраас цэргүүд гялсхийтэл морьдоо эмээллээд сургуулилт эхлэхэд бэлэн болов.
Есөн хөлт цагаан тугийг наадам болон Их эзэн Чингис хааны төрсөн өдрөөр цэнгүүлдэг. Ингэхдээ ангийн захирагч өөрөө Төрийн хонжины үүрэг гүйцэтгэн загал морь унаж, бүхний тэргүүнд явна. Төрийн хонжин гэдэг нь тугийг цэнгүүлэх ёслолыг удирдан зохион байгуулдаг хүнийг хэлдэг аж. Түүнээс гадна Их тугч, тугчид, торгон цэргүүд гээд нийтдээ 32 морьтон энэхүү ёслолд оролцоно. Нэг ёсондоо тэд бол монгол түмнийхээ их бахархал, оройн шүтээн болсон их сүлдийг мандуулан цэнгүүлдэг морьтон баатрууд юм. Төрийн хонжингийн араас есөн хөлт цагаан тугийг гурав, гурваар нь эгнүүлэн залж явна. Ингэхдээ их цагаан тугийг голд нь Их тугч авч явдаг байна. Харин тэдний араас бараан зүсмийн морь унасан торгон цэргүүдийн ахлагч болон торгон цэргүүд жагсаалаар явна. Энэхүү бэлтгэлийг хийхдээ есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос авах болон Цэнгэлдэхэд байрлуулах хүртэлх бүхий л зүйлийг нэгд нэгэнгүй хийнэ. Төрийн хонжин тушаал өгч, хөл тавин алхсаар тугны суурийг тойрон зогсов. Бүгд төрийн туганд ёсолж хүндэтгэл үзүүлсний дараагаар тугчид жижиг тугуудыг авна. Улмаар их туганд бусдыг нь гурвантаа бөхийлгөн хүндэтгэл үзүүлээд их тугчин тугаа авдаг байна. Ингээд жагсаалаар алхаж явсаар морьд дээрээ ирэхэд морьдыг нь барьж байсан торгон цэргүүд тугийг шилжүүлэн авч тугчдыг мордсоны дараагаар эргүүлэн өгнө. Торгон цэргүүд өөрсдийн морин дээрээ очсоны дараагаар төрийн хонжин мориндоо гэсэн тушаал өгч, ташуураа өргөн жагсаалын эхэнд сүр бараатайгаар явах аж. Хашааныхаа гадуур бүтэн тойрч ирээд өнөөх сууриндаа тугуудыг байрлуулав. Тугчид, торгон цэргүүдийн энэ бүх үйлдэл бүгд тушаалын дагуу явдаг гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ. Мөн цэргүүдийнхээ жагсаал, морьдынх нь сургуулилтыг ажиглах, алдаа дутагдлаа засахын тулд үе, үе дрон нисгэж бичлэг хийдэг байна. Энэ нь яг наадмын нээлтийн үеэр морьдыг дроноос үргэхгүй байхад ч нөлөөлдөг болохыг хурандаа М.Болдбаатар хэлж байлаа. Тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор анхны төрийн хонжин хийсэн бөгөөд энэ удаад гурав дахь жилдээ энэ хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа нь энэ юм. Харин Их тугчаар 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын сургагч ахлагч Н.Энхтайван явж байгаа юм. Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул бөгөөд 032 дугаар ангидаа 2005-2006 онд цэргийн алба хаажээ. Улмаар ахлагч болсноор 2007 оноос нийтдээ 17 дахь жилдээ ёслолын ажиллагаанд оролцож байна. Эхлээд торгон цэргийн салаан даргаар явж байсан бол хөл тугч хийж байгаад Их тугчаар хоёр дахь жилдээ явах гэж байгаа аж. Анх торгон цэргийн салаан даргын хувиар Төв цэнгэлдэх рүү орж байхад төрсөн мэдрэмжээ тэр хэзээ ч мартаагүй. Харин Их тугчаар ороход маш их үүрэг хариуцлага ирдэг хэмээн өгүүлж байна. Их туг ойролцоогоор 35, хөл тугууд 25 орчим кг жинтэй байдаг гэнэ. Гэтэл үүнийг Төрийн ордноос гаргаад Цэнгэлдэх хүртэл огт хазайлгахгүй, тэнцвэрийг нь олж авч явна гэдэг маш их тэсвэр, тэвчээр шаардана. Тийм болохоор тусгайлан бэлдсэн төмрийг өргөж бэлддэг байна. Энэ жилийн хувьд таван ахлагч шинээр тугч болсон бол хугацаат цэргийн алба хаагчдаасаа сонгон торгон цэргээр авдаг. Хамгийн гол шалгуур нь морь сайн унадаг байх ёстой. Тэгэхгүй бол яг чухал үйл ажиллагаан дээр асуудал үүсэх эрсдэлтэй хэмээн Н.Энхтайван нэмж хэлэв.
А.Бадраа: Хүндтэй үүрэг хүлээсэн гэж бодохоор бүхзүйл амархан санагддаг
Бид энэ жил шинээр торгон цэрэгт явж буй А.Бадраатай ярилцсан юм.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Намайг Авъяабаатар овогтой Бадраа гэдэг. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат. 2023 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид татагдсан.
-Хөдөө өссөн юм байна. Багаасаа морь унасан уу?
-Тийм, хүүхэд байхаасаа хурдан морь унасан.
-Хугацаат цэргийн алба хааж байх үедээ есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолд торгон цэргийн үүрэг гүйцэтгэж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Энэ үнэхээр бахархалтай зүйл. Хүүхэд байхдаа баяр наадмын нээлт, есөн хөлт цагаан туг цэнгүүлэхийг зурагтаар л харж байсан. Гэтэл өөрийн биеэр энэ ёслолд оролцож байгаадаа үнэхээр их баяртай байгаа.
-Бэлтгэл хийхэд хэцүү зүйл гарч байна уу?
-Тийм зүйл байхгүй ээ. Дээрээс нь энэ хүндтэй үүргийг хүлээсэн гэж бодохоор өөрийгөө улам дайчилж, хичээдэг. Тэгэхээр бүх зүйл амархан юм шиг санагддаг.
-Хэзээ халагдах вэ. Нэмж юу хэлмээр байна?
-Одоо энэ 10 дугаар сард халагдана. Өмнөговь аймгийн Хүрмэн сумандаа ажиллаж, амьдарч байгаа аав Адъяабаатар, ээж Үүрийнцолмон нартаа танай сониноор дамжуулан мэнд хүргэе. Хүү нь сайн. Эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа шүү. Тун удахгүй халагдаад та хоёр дээрээ очно оо гэж хэлье.
Хурандаа М.Болдбаатарын хувьд эх орондоо тангараг өргөснөөс хойш Туркийн цэргийн сургуульд суралцахас эхлээд Ховдын цэнхэр хязгаар, холын Африк тивд ч үүрэг гүйцэтгэжээ. Харин сүүлийн жилүүдэд 032 дугаар ангийн захирагчийн албыг хашиж байгаа аж. Тус анги ноднин жил л гэхэд том, жижиг 300 ёслол хийсэн байна. Энэ жил ч гэсэн төрийн өндөр хэмжээний айлчлал их наадмын дараагаас уул хайрхадын тахилга тайлгад оролцох учраас энэ хэмжээний ёслолд мөн л оролцох аж. Төрийн торгон сүргийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хариулах бөгөөд тэндээс шарга морьдыг болон торгон цэргүүдийн бараан зүсмийн морьдыг сонгодог байна. Энэ жилийн хувьд нэг загал, дөрвөн шарга морийг шинээр сургаж, бэлдэж байгаа. Ер нь өмнө оролцож байсан нь уяа морьд шиг болчихсон байдаг гэнэ. Гэвч амьтан л учраас бэлтгэл сургуулилтыг улам чамбайруулж, элдэв зүйлсээс үргэж, төрийн ёслолыг тасалдуулахаас сэргийлнэ. Мөн ирэх сарын 1-нээс эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлаж, Цэнгэлдэхэд орох, гарах зэргээ бодитоор бэлддэг байна. Түүний хэлж буйгаар хамгийн бэрхшээлтэй зүйл нь цэрэг, морьдоо сургах бус Цэнгэлдэх рүү ороход байдаг гэнэ. Учир нь зай завсаргүй олон барилга байшин барьчихсан нь их төвөг учруулдаг аж. Гэхдээ л тангараг өргөсөн морьт баатрууд учраас элдэв бэрхшээлийг тоочиж суулгүй даваад гарна. Тэгж байж монголчуудын их цэнгэл баяр наадам өргөн дэлгэр, сайн сайхан болно. Төрийн тугийг огтхон ч ганхуулалгүй авч явж байж төр, түмний минь ажил үйлс өөдөө дэвжинэ гэсэн итгэл, бишрэлээр ажилдаа ханддаг хэмээв.
Төрийн торгон сүрэг Зэвсэгт хүчний 032 дугаар ангид харьяалагддаг. Тиймээс наадмын бэлтгэл хийхийн хажуугаар гүүгээ барьж, айраг исгэдэг юм байна. Ойр хавийн айлууд нь ч унагаа номхруулаад өгөөч хэмээн гуйна. Тиймээс энэ жил нийт гурван азарга адууны 20 гаруй гүү сааж байна. Ер нь хурандаа М.Болдбаатар бол аж ахуйч, ажилч нэгэн аж. Ямар сайндаа л Ховдод цэргийн ангийн захирагч байхдаа цэргүүдийнхээ хүнсэнд нэмэрлэх зорилгоор дөрвөн тоорой авч тэжээсэн нь сүүлдээ 60 гаруй болтлоо өссөн байх вэ дээ. Гүү сааж, айраг исгэх гэдэг бол ажилтай, анхиатай хүмүүсийн хийдэг ажил. Хоёр цаг тутам гүүгээ саана. Олон гүү бол бүр чанга. Харин энэ үүргийг Булган аймгийн Могод сумын харьяат, хугацаат цэргийн албан хаагч Чинзоригийн Очирбат үеийн нөхөдтэйгөө хамтран гүйцэтгэж байна. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
Ч.Очирбат: 20 гаруй гүүг 30 минутад саадаг
-Өөрөө булган аймгийн Могод сумынх юм байна. Тийм учраас л гүү саах үүрэгт ажилд томилогдсон уу?
-Тийм, ангийнхаа гүүг бариад он жавууд болон бие бүрэлдэхүүнд айраг уулгаж байгаа. Энэ ажлаа ямар ч байсан чадах чинээгээр л хийж байна.
-Айрагны хөрөнгөө хаанаас авсан бэ?
-Айрагны хөрөнгийг Булган аймгаас авч ирсэн гэсэн.
-Нийт хэдэн гүү саадаг вэ?
-Гурван азарга адууны 20 гаруй гүү сааж байна. Хоёр цаг тутамд саана. Нэг удаадаа гурвуулаа гараад 30 гаруй минут зарцуулдаг.
-Нэг удаадаа хэдэн литр саам авдаг вэ?
-Одоо унаганууд нялх байгаа учраас 10 гаруй литр сүү л авч байгаа. Манайх адуутай, гүүгээ барьдаг. Тийм болохоор би бага байхаасаа л гүү сааж байсан гэв.
Биднийг очиход Зэвсэгт хүчний 032 дугаар анги өчигдөр “Дээлтэй Монгол” өдөрлөгөө хийж таарав. Ангийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхэн гээд хүүхэд томчуудгүй монгол хувцсаа өмсөж иржээ. Өдөрлөгийг нээж ангийн захирагч үг хэлэхдээ баяр ёслолуудаар амардаггүй учраас нэг өдрийг ч гэсэн анги хамт олноороо хөгжилтэй өнгөрөөг хэмээн бодож энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа тодотгосон юм. Мөн ахлагчийн албанд шилжиж, дэд ахлагч болсон Ш.Гэрэлт-Од, Г.Гантулга нарт цолыг нь гардуулж өгөв. Хурандаа М.Болдбаатар “Дээлтэй Монгол” өдөрлөгийг хийхдээ бас давхар нэг зүйл боджээ. Тэр нь олон хүний өмнө бэлтгэл хийлгэж морьдынхоо цочироог гаргаж, цэргүүдийнхээ нүүрийг хагалах байжээ. Тэр ингэж л анги, хамт олноо удирдаж, төрт ёсныхоо уламжлалт баяр наадмын нээлт, хаалтыг алдаа мадаггүй хийхийн тулд олуулаа хичээж байна.
Монгол түмнийхээ их шүтээн, есөн хөлт цагаан тугийг эгц шулуун, элчилгүй өндөрт өргөж яваа морьтон баатрууд Төрийн хонжингийн “Мориндоо” гэх тушаалаар сэвхийтэл мордож, бахархал дүүрэн салхи сөргүүлэн алхуулж явна.
…Хөл тугийг түш.
Их цагаан тугийг түш… Төрийн хонжингийн энэхүү команд зөвхөн цэргүүддээ бус бүх монголчууддаа өгч буй сануулга, тушаал гэлтэй сонсогдож байв.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.
Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхдээ 2024 оны 02 сард хийсэн халиа тошины үнэлгээ болон урьд өмнө хийгдэж байсан судалгааны ажлууд мөн бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг тодорхойлжээ.
Тус үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерийн аюулын үнэлгээ, үерт өртөх байдлын үнэлсэн байна. Улмаар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлийг үнэлэхдээ Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламж, нийслэлийн нутгийн захиргааны чадавхид суурилж үнэлсэн бөгөөд эрсдэлийн индекс 10.6 буюу “маш их” байна.
Үнэлгээнд нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурах хандлага багатай байна. Огцом өсөлт бий болох аюул харагдаж байна. Нийслэл хот 2012-2023 онд тохиолдсон гамшгийн мэдээллээс харахад нийт 41 үерийн аюул тохиолдсоноос жилд дунджаар 3 удаа тохиолдож байна. Цаашид энэ эрчимшил нь буурахгүй хандлагатай байгааг дурджээ.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2174 айл өрх суурьшиж байна. Үүний 21.5 хувь буюу 407 айл өрх зөвшөөрөлгүй суурьшдаг.
Тэдгээр нэгж талбарын олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас эрсдэлээс сэргийлж суурьших шаардлагыг үл тоон амьдарсаар олон жил болж байгааг онцолжээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр (2024.06.25) цахим хурал хийлээ.
Цахим хурлаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, санал авах үйл ажиллагаатай холбоотой заавар, чиглэл өгч, мэдээлэл солилцов.
Санал авах ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой “Санал авах ажиллагааны заавар” гарын авлагыг 2198 хэсгийн хороонд хүргүүлж, цахимаар удаа дараа чиглэл хүргүүлснийг хурлын эхэнд онцлов.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо доод шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын дараах заавар, чиглэл өглөө.
Бэлтгэл ажиллагааны хүрээнд:
- Сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа 23 мянган төрийн албан хаагч санал тэмдэглэх зааврыг боломжит бүхий л хэлбэрээр түгээх, сонгогчдыг мэдээллээр хангах;
- Санал авах байр, өдөр, цагийг нийтэд сайтар мэдээлэх;
- Өөрсдийн нутаг дэвсгэр дэх хэсгийн хорооны сонгогчдын тоо, хэсгийн хорооны байршил, холбоо барих утасны жагсаалт, болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг сонгогч иргэд болон ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхөд бэлэн болгон бэлтгэх;
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улсын 21 байгууллагын 259 ажиглагч ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Ажиглагчдыг ажиллах нөхцөл, боломжоор хангах;
- Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж үер, усанд автах эрсдэлтэй хэсгийн хороодын байршлын судалгааг гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллах;
- Цахилгааны саатал гарч болзошгүй тул цахилгааны эх үүсвэр моторыг бэлдэх;
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг батлагдсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд оршин байгаа газарт нь очиж авах тул харьяалагдах нутаг дэвсгэрээс өөр газарт очиж санал авахгүй байхыг анхаарах;
- Тухайн хэсгийн хороонд ажиглагчаар ажиллахаар бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагч нарын хуульд заасан эрх үүрэг, сонгуулийн санал авах өдөр хэрхэн ажиллах талаар заавар өгөх талаар хэсгийн хороодын дарга нарт чиглэл хүргүүлэх.
Санал авах байранд санал анхаарах асуудлын хүрээнд:
- Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид мэдээлэл бэлтгэх боломжоор хангах (мандат шаардахгүй, ажлын үнэмлэхээр нэвтрүүлэх);
- Сонгогчдыг мэдээллээр хангах, нээлттэй ажиллах;
- Хэсгийн хорооны ажилтнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг угтах, туслах ажилтан бэлдэх;
- Санал авах байранд сонгогчдод зориулсан санал тэмдэглэл заавар, сонгогчийн үүргийн талаарх мэдээллийг байршуулах;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал тэмдэглэх бүхээгт брайль хавтас, томруулсан шил, саналын хуудас гулсуулахгүй байх зорилготой ширээний хулдаасыг байршуулах;
- Санал авах ажиллагаатай холбоотой гарч буй асуудлыг шийдвэрлэж буй тэмдэглэлийг тухай бүрд нь үйлдэж баталгаажуулах;
- Хяналтын тооллого хийж байх явцад санал авах байранд ажиглалт хийх иргэдийг дарааллын дагуу оруулах.