Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хүсэлт гаргасан 16.352 иргэний саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өнөөдөр очиж авна DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 16,352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Эдгээр сонгогчдын 5,247 нь нийслэлд, 11,105 нь орон нутагт байна.

Хэсгийн хорооны гишүүд өнөөдөр/2024.06.27/ 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна.

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч
  • Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч
  • Албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч
  • Баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэж авах хуультай.
Categories
мэдээ нийгэм

Орон нутагт багш 1.8 сая, Улаанбаатарт 1.1 сая төгрөгийн цалин авч байна DNN.mn

Нийслэл болон орон нутгийн багш нарын цалин харилцан адилгүй талаар яригддаг. Багш нарын цалин нийгмийн хөгжил, цаг үеэ дагаад тохирох хэмжээнд хүрч чадаагүй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Улаанбаатар болон орон нутгийн багш нарын цалин хангамжийн талаар ярилцлаа.


Говь-Алтай аймгийн багш Б.Өлзийсайхан:

-Орон нутгийн багш нарт тулгамддаг асуудал юу байна вэ?

-Би боловсролын байгууллагад 28 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллахдаа орон нутагт, тэр дундаа нийслэлээс 1000 км алслагдсан Говь-Алтай аймагт ажиллаж ирсэн. Орон нутагт үнийн өсөлт өндөр. Улаанбаатараас нэг оймс 1000 км тээвэрлэх, эсвэл хотдоо юм уу хотын ойролцоо газрууд руу тээвэрлэх зардал хэд гарах вэ, ойлгомжтой. Ингээд харахаар орон нутаг, нийслэлийн багш нарын амьдралын түвшинд огт өөр байдаг. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, орон байрны нөхцөл гээд яривал олон асуудал бий дээ, орон нутагт.

-Цалин хөлс харин сүүлийн жилүүдэд орон нутагт нэмэгдэх хандлагатай байна уу даа?

-Монголын багш нарын холбоо 2017 оноос багш нарын цалин хангамжийн талаар анх удаа дуу хоолой болж энэ сэдвийг гаргаж ирсэн. Олон удаагийн тэмцэл, албан тушаалтны тамганы өмнө энэ байгууллагын удирдлагууд золиос болж явсны үр дүнд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.

-Жишээ нь, таны хувьд сард дунджаар хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Ямар ямар нэмэгдэл авч байна?

-Үндсэн цалин 1.5 сая. Олон жил ажилласан багш нарт орон нутагт ажилласны нэмэгдэл сумд 40 хувь, аймгийн төвд 20 хувь олгогддог. Ур чадварын нэмэгдэл гэж туршлага өндөртэй, улсын олимпиадад оролцсон эсэх шалгуур болж байж авдаг. Гэхдээ нийт багш нар авч чаддаггүй, 50 хүрэхгүй хувь нь авдаг. Дээр нь анги удирдсан багшид 10 хувь, заах арга зүйч бол 10 хувь, тэргүүлэх зэрэгтэй бол 20 хувь, зөвлөх бол үүнээс нэмэгдээд явна. Кабинет хариуцвал таван хувь. Илүү цаг ажиллавал нэмэгдэнэ. Миний хувьд илүү цагийн хөлс авдаггүй, зөвлөх багш биш. Тиймээс нийгмийн даатгал, татвар хураамжаа төлөөд гар дээр 1.8 сая төгрөг ирдэг. Зарим үед хоёр сая төгрөг хүрэх үе бий. Гол нь татвар хураамж манайд маш өндөр.

-Орон нутагт ажилладаг багш нар гурван жил тутамд тэтгэлэг авдаг болсон байх аа?

-Ерөнхий боловсролын сургуулийн багш цалингийн зургаан сартай тэнцэх, МСҮТ-ийнх 10 сартай тэнцэх тэтгэлэг авдаг.

Нийслэлийн 47 дугаар сургуулийн багш Ш.Баатармаа:

-Нийслэлд багш нарын ачаалал ямар байдаг вэ?

-Нийслэлийн анги дүүргэлт стандартаас давчихсан. Хоёр болон гурван ээлжээр хичээллэдэг. Манай сургууль хоёр ээлжтэй. Анги дүүргэлт багадаа 40-өөс дээш. 60 хүүхэдтэй анги ч бий. Стандартаа нугалаад давчихсан учраас үр дүнтэй хичээл заах боломжгүй. Айлын хүүхдүүдийг аюулгүй харж байгаа болж таардаг шүү.

-Цалин хөлс ямар байна вэ?

-Үндсэн цалин 1.2 сая төгрөг. Сая дөрөвдүгээр сарын 1-нээс 1.4 сая болсон. Залуу багш нар нэмэгдэл байхгүй шүү дээ. Миний хувьд анги даалтын 10 хувь, арга зүйч багшийн 10 хувь, олон жил ажилласны есөн хувь гээд даатгал, татвараа төлөөд гар дээрээ 1.1 сая төгрөг авдаг. Өмнө нь 900 мянган төгрөг авдаг байсныг бодоход нэмэгдчихлээ гэж баярлаад байгаа шүү дээ.

Гэтэл зээлгүй багш гэж байхгүй. Зээлээ нэг удаа тэглэж байгаагүй, амьдралын шаардлагаар нэмээд л авч таардаг. Гэтэл орон нутгийн багш сумын төвд ажиллавал 40 хувь, аймагт 20 хувийн нэмэгдэлтэй. Анги дүүргэлт 20 хүрэхгүй хүүхэдтэй. Багш стрессгүй. Цалин өндөр учраас амралтын мөнгө нь ч өндөр бодогдоно. Ингээд харьцуулаад харахаар хот хөдөөгийн ялгааг байхгүй болгомоор санагддаг. Хотын багш нар гурван жил тутам битгий хэл таван жил тутамд ажилласны тэтгэлэг гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ Улаанбаатарт ажиллаж байгаа багш нарын ачааллыг харгалзаж, тэтгэмжийг өгдөг баймаар юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Даваасүрэн: Инженер, техникчдийн бус улстөрчдийн ухаанаар явахаар Монгол Улсын хөгжил 30 жилээр хоцорч байна DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, “Ганхийц” ХХК-ийн захирал М.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын хөгжилд юу саад болж байна вэ. Тулгамдсан асуудлыг дурдвал?

-“Өдрийн сонин”-ыг уншиж буй нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын хөгжилд юу саад болж байна вэ гэдгийг бүгд л дор бүрнээ бодох ёстой. Монголын оюунлаг, шинийг бүтээн байгуулсан хүмүүсийг урамшуулах Монгол ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоол гарч байв. Энэ тогтоол гарснаас хойш эдүгээ 80 жил болж байна. Социализмын үед салбар салбарууддаа эрдэм шинжилгээ, туршилтын төвтэй гээд бүх юм бидэнд байсан. Сүүлийн 30 жилд оюунлаг санаа гаргасан, шинэлэг бүтээл хийсэн, инженер бүх хүмүүсээ Монголын төр орхисон юм. Тухайн үед Шинжлэх ухааны академид ажиллаж байсан эрдэмтдэдээ ажлаа хийх боломж олголгүй орхисон учраас тэд гадаад руу гарсан байдаг. Гадаад руу гарч амьдарч буй эрдэмтэд тухайн улсынхаа шинжлэх ухааныг нь хөгжүүлээд, шинэ бүтээл гаргаад, инноваци хийгээд явж байна.

Өнөөдөр барилгын салбарын хөгжлийг харахад газар хөдлөлтөд хэзээ нурчих бол гэсэн айдастай байна. Зоосны нүхээр харж, мөнгөтэй л байвал бүх зүйлийг хийж болно гэж бодсон чадах, чадахгүй нь хамаагүй, мэргэжлийн бус хүмүүс бүтээн байгуулалтын ажлыг хийж явахаар алдаа гараад байна. Үүний нэг жишээ нь Улаабаатар хотын шинэ Яармагийн гүүр. Шинжлэх ухааны талаас бодлогын түвшинд ажиллаагүй, Монголын төрд улс төр хөөж, төрийн дунд шатанд орсон хүмүүсийн ажлаа мэдэхгүй байгаатай холбоотой асуудал.

-Монгол Улсын хөгжил удаашралтай байгаа нь юутай холбоотой вэ?

-Монголын төр 20/50 гээд шинэчлэлийн бодлогын хөтөлбөрийг баталсан байдаг. Энэ хөтөлбөрийг өнөөдөр сонгуульд оролцож буй нэг ч нам ярихгүй байгаа. Нам бүр өөр, өөр шинэ төлөвлөгөө ярьж яваа нь Монголын хөгжлийг дахиад 30 жил хойш нь татахаар байна.

Төр нь тогтворгүй хүмүүс нь солигдох тусам Монголын эдийн засаг унаж, хөгжлийн бодлого удааширч байна. Төрийн үйл ажиллагааны дунд шатны хүмүүсийн буруугаас бүх юм болдог. Эрдэмтдээ төр нь дэмжихгүй байгаагаас бид хөгжихгүй байна. Инженер, техникчдийн ухаанаар бус улстөрчдийн ухаанаар явахаар Монгол Улсын хөгжил 30 жилээр хоцорч байна.

-монгол улсыг инженер техникчид бус энэ талын мэдлэггүй улс удирдаж ирснээр энэ их хөгжлийн хоцрогдолд орсон гэсэн үг үү?

-Монгол Улсын ирээдүйг бодвол инженер, техникийн оюунлаг улсуудаа дэмжмээр байна. Яам бүр иннавацийн төвтэй, эрдэмтэн, профессоруудаа суулган тэдний гаргасан дүгнэлтээр улс орны хөгжлийг тодорхойлж, хотоо төлөвлөж, замаа тавьж, олон улсын стандартаар зураг төслөө гаргадаг болмоор байна. Улаанбаатар төдийгүй Монголоо хөгжүүлэхэд инженерийн толгойгоор бүгдийг шийдэх хэрэгтэй. Монгол Улсыг хөгжүүлье гэвэл шинжлэх ухаандаа түшиглэх нь зүй юм. Төрийн дунд шатныхандаа чадварлаг, оюунлаг хүмүүсээ төвлөрүүлээд газар доорх баялгаа зөв ашиглан, үйлдвэрүүддээ гадаадын шинэ технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдээ дэмжихэд л Монгол Улс 20-хон жилийн дотор хөгжчихнө.

Бид хөгжилтэй, ардчилсан нийгэм байгуулъя гэж бодож байвал хуулиа дээдлэх ёстой. Хуулиа дээдэлдэггүй оронд ардчилсан нийгэм бий болно гэж хэзээ ч байхгүй. Хөгжилтэй оронд бол хууль дээдэлдэг, хуулиас гадуур явбал хариуцлага хүлээдэг. Манайхан хариуцлага хүлээх гэх ойлголтгүй байгаад байна.

-Сүүлийн 30 жилд монгол улсаа хөгжүүлэх боломжоо алдсан нь үйлдвэрүүдээ хаасны хор уршиг уу?

-Хятад, Орос гэсэн том улсууд руу эцсийн бүтээгдэхүүнээ гаргаад явсан бол монголчууд 20-хон жилийн дотор Азийн бар болчих боломж нь байлаа. Сүүлийн 30 жил алдсан. Хийсэн болгоноо устгаад, дээд зэрэглэлийн гутал, ноосон хөнжилөө бид өөрсдөө хийдэг байлаа. Бүх үйлдвэрүүдээ устгаад гадаадаас хог зөөдөг болгосон. Гадаад орнуудаас монголчуудыг унагах арга нь үйлдвэрлэгч биш, гадаадаас юм худалдаж авч хэрэглэдэг орон болгох зорилго байв. Монголчуудыг ухаантай байлгаж болохгүй. Тэнэг байлга. Ухаантай хүмүүсийг нь гадаад руу явуулж, тэнэгүүд нь эх орондоо газар нутгаа худалдаад, газрын баялгаа үнэгүй зарна гэж тооцож байсан юм шиг байгаа юм.

-Үргэлжилсэн хур бороо ихтэй гэдгийг мэдсээр байж, усанд автуулахгүйгээр шинэ гүүрийн ажлыг явуулах боломж байсан болов уу?

-Усанд автуулахгүйгээр гүүр барихыг л тооцоо хийж төлөвлөх ёстой юм. Түүнийг төлөвлөөгүй л байна гэсэн үг. Төрийн албан хаагч, хотын захиргаа үүнийг шийддэггүй. Тухайн орон нутагт хэдий хугацаанд ашиглах уу, нэгдүгээрт ерөнхий төлөвлөгөөтэй байх ёстой. Ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу газрын байршлыг нь тогтоож, үер болоход ямар нөхцөлөөр хамгаалалт хийх вэ гэсэн зураг төслийг хийсэн байх юм. Ерөнхий төлөвлөгөөндөө маш нарийн тусгаж өгөөд, инженер техникийн ажилтан бүх зүйлийг тооцож өгсөн байх ёстой. Гэтэл нарийн тооцсон уу, төсөв норм нь бүрэн батлагдсан уу гэдэг эргэлзээтэй. Мөнгө баталж болно, зураг төслийн ерөнхий төлөвлөгөөгөөр гүүр, замын байгууламжийн өртөг нь тэд байх юм гэдгийг тодорхой батлаад өгвөл ус зайлуулах үерийн далан, их хэмжээний үер орж ирвэл яаж задлах вэ гэдгийг тооцоход хялбар байдаг. Одоогоос арван жилийн дараа Туул гол үерлэвэл яах вэ, 1966 оны үер шиг Энхтайвны гүүрний доогуур гүйгээд ороод ирвэл Төмөр зам битүү усанд автсантай адил зүйл болоход энэ гүүрний шийдэл зөв эсэхийг шинжлэх ухааны үүднээс тооцох ёстой.

Ерөнхий төлөвлөгөөгөө баталж хийдэггүй, инженер хүний толгойг ашиглахгүйгээр улстөрчид ийм юм хийж буй юм. Энэ барилгыг улсын комисс хүлээж авахдаа яг мэргэжлийн хүмүүсээр хүлээлгэж авах шаардлагатай. Зураг төсөлдөө тааруулж зөв төсөвлөсөн эсэхийг хянах нь зүй юм. Мөнгөнд нь тааруулаад хулхи юм хийдэг. Үүнээс болж алдаа гарч байна.

Ашиглалтад ороогүй гүүрийн хувьд зарга үүсгэх боломжгүй. Улсын комисс хүлээж авсны дараа асуудал үүсвэл хариуцлагын асуудал яригдана.

-Үе, үеийн хотын удирдлагууд их хэмжээ-ний газрыг ямар ч төлөвлөлтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд олгож ирсэн нь үер усны аюулын гол зангилаа болж байна уу?

-1980-аад оны үед Оросууд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хийсэн юм. Улаанбаатар хотод 500 мянган хүн ам оршин суух ерөнхий төлөвлөгөө гэсэн үг. Энэ төлөвлөгөөг 1990 оны ардчилал гарч ирснээр мөрдөөгүй өдий хүрсэн. Улаанбаатар хотын орон сууцанд цэцэрлэг, сургууль, үйлчилгээ гэх зэргийг нь хүний хэрэгцээнд зориулж төлөвлөсөн байсан. Төрд гарч ирсэн Улаанбаатар хотын захирагч, ерөнхий менежерээр ажиллаж ирсэн хүмүүс их хотын хөгжлийн асуудал болох ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй. Агаарын урсгал утаагаа хөөж гаргадаг байсныг хааж барилга барьсан. Хүүхдийн цэцэрлэг, спорт заал барих байсан газруудын оронд барилга барьж, газрын наймаачид эрүүл ахуйн орчингүй болгох ажлыг зохион байгуулсан юм. Одоо битүү нүүрсний утаандаа хордож байна.

Орчноо тохижуулан, шинжлэх ухааны судалгаа хийж, хот байгуулдаг болохоос биш мөнгөтэй хүнд газраа өгч, байшин бариулсны хар гай нь энэ. Хээл хахууль, албан тушаалтай холбогдсон учраас хотын төлөвлөлт үгүй болсон.

-Гадаадын орнуудад үерийн усны асуудлаа хэрхэн шийддэг бол?

-Хөгжилтэй оронд зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөг төр нь батлаад өгчихсөн бол яг тэрнийхээ дагуу байх ёстой. Монголд ерөнхий төлөвлөгөөг барьдаг юм нэг ч байхгүй. Манайхаас өөр улс оронд хуулиа дээдэлдэг, шаардлага өндөртэй тул ерөнхий төлөвлөгөөгүй барилгын ажлыг бүр эхлүүлдэггүй. Тухайн үед хотын захиргаа энэ чинь ийм голдиролд байгаа, үүнийг барьж болохгүй гээд тухайн барилгад зөвшөөрөл өгөөгүй байсан бол тэр хүний хөрөнгө оруулсан компани, хувь хүн хохирох ёсгүй байхгүй юу. Хамгийн гол нь мөнгөтэй хүмүүс гээд өөрсдийн дураараа хаа хамаагүй барилга барьж болохгүй. Байгаль дэлхийн зүй тогтлыг сөрөх боломжгүйг санаж явах хэрэгтэй.

-Улаанбаатар хотын авто замууд ус зайлуулах шугамгүй. Энэ асуудлыг яаж шийдвэл зүгээр вэ?

-Улаанбаатар хотод ерөнхий төлөвлөгөөгүй байшин барьчихлаа. Өмч хувьчлалаа буруу хийсэн. Төр шинжлэх ухааны үүднээс тухайн үедээ судалгаа хийгээд Монголын ард түмэнд газраа хувьчилж өгөхдөө Улаанбаатар хотод ерөөсөө хувьчлах хэрэггүй байсан юм. Улаанбаатараас гадуур хувьчилж өгөөд хүмүүс тэр газраа байшин бариад хотоос гараад явах байлаа. Тэрийг хэн ч оролдож болохгүй хууль гаргах байсан л даа. Харин тэгээгүй. Нөгөө ерөнхий төлөвлөгөө гэдэг зүйлийг устгасан.

Нэгдүгээрт, үүнээс болж байгаа. Хоёрдугаарт, хөгжилтэй оронд зам төлөвлөсний хажуугаар, ус зайлуулах шугамыг заавал хийдэг. Орон сууц барьсан бол тухайн орчинд ус зайлуулах системийг цогцоор нь шийдэж өгөх хэрэгтэй. Хөрсний ус, байгалийн усыг зайлуулах системийг хийхгүй тохиолдолд барилгыг хүлээж авахгүй гэдэг. Тэгэхээр зураг төсөл хийж байгаа хүмүүс нь яаж хямд аргаар зардал гаргахгүйгээр юм хийх вэ гэдэг зүйл яриад байж болохгүй. Сүүлийн жилүүдэд бороо хур их орох тул ус зайлуулах шугам, даланг одоо л хийж авахгүй бол бидний барьсан байшин болгон сууна, хазайна, барилгын подваль болгон руу ус орох эрсдэл бий.

л.миНЖмаа

Г.БАЛГАРМАА

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 27, Бархасбадь гариг. Билгийн тооллын 21, Шувуун хошуут одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 04:55 цагт мандаж 20:55 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн зарим газраар, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сонгуулийн ерөнхий
хорооны Нарийн бичгийн
дарга Д.Даваа-Очир “Сонгогч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд “И Монголиа” дахь мэдээллээрээ саналаа өгөх боломжтой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн хурандааБ.Батхуяг “Хар тамхи худалдан борлуулсан этгээдэд оноох ялын бодлогыг чангатгах шаардлагатай” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ.

  • Тяньжинаас Эрээн хүртэл
    автомашинаар чингэлэг тээвэрлэхэд илүү хурдан ирнэ гэв

МИНИЙ ҮЗСЭН НААДАМ: Түрүүлэх бөх тэнгэр харж,
цасаар тоглосон наадам

АРЫН НҮҮР: Цастай бороо аюул биш баяр шахуу байж билээ

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 27, 28, 29-ний өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль энэ баасан гараг буюу 28-ны өдөр болно.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 27, 28, 29-ний өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх захирамжийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд үерийн аюултай бүсэд 2174 айл өрх суурьшиж байна DNN.mn

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.

Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхдээ энэ оны хоёрдугаар сард хийсэн халиа тошины үнэлгээ болон урьд өмнө хийгдэж байсан судалгааны ажлууд мөн бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг тодорхойлжээ. Тус үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерийн аюулын үнэлгээ, үерт өртөх байдлыг үнэлсэн байна. Улмаар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлийг үнэлэхдээ Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламж, нийслэлийн нутгийн захиргааны чадавхд суурилж үнэлсэн бөгөөд эрсдэлийн индекс 10.6 буюу “маш их” байна.

Мөн нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөлт бий болох аюул харагдаж байна. Нийслэл хотод 2012-2023 онд тохиолдсон гамшгийн мэдээллээс харахад нийт 41 үерийн аюул тохиолдсноос жилд дунджаар гурван удаа тохиолдож байна. Цаашид ч энэ эрчимшил нь буурахгүй гэдгийг дурджээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2174 айл өрх суурьшиж байна. Үүний 21.5 хувь буюу 407 айл өрх зөвшөөрөлгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхлүүллээ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын “Дова инженеринг” компани тэргүүлж буй түншлэлд тус улсын “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж байгаа юм.

Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон Сү Дун хоёр тал  Улаанбаатар хотын метро төслийн гэрээг амжилттай байгуулж гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах гэрээг төлөвлөгөөт хугацаанд байгуулж чадсан тохиолдолд инженерүүдээс бүрдсэн төслийн багийг боломжит хугацаанд авчран ажил эхлүүлэхэд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

 

Энэ үеэр БНСУ-ын түншлэлийн зүгээс “Метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулсан. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой гэдгээ онцлон дурдсан. Түншлэлийн зүгээс мөн Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 хөтөлбөрөөр 4 жил суралцуулан, 1 жил дадлагажуулах хөтөлбөр танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ирээдүйд Монголын метроны системийг авч явах хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүнд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хэсгийг нийслэлийн 2025 оны төсвөөс гаргах боломжтой. Энэ ажлыг дотоодын их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулна гэдгээ хэллээ.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэлхийн хэмжээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай түншлэлтэй хамтран ажиллах гэрээний хэлэлцээ эхлүүлж буйдаа талархал илэрхийлсэн юм. Ийнхүү “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулах хэлэлцээ эхэлж байгаа бөгөөд Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Цолмон ахлан ажиллаж байна.

Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн ‘’LEGACY’’ DNN.mn

МЗЭ, МСНЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн хошой шагналт, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын ЦОГНЭМЭХ


Дэлхийн ямарваа улс орны төрийн тэргүүн, дээд удирдагч, ерөнхийлөгч нарын Legacy буюу үлдээсэн өв нь тухайн улсынхаа маргаашийг тодорхойлж, сүр сүлд, хүч чадлын бэлгэ тэмдэг, үндэстний оюун санааны дархлаа болж байдаг. Ийм хүчирхэг идеалаа дээдэлж байж энэ бөмбөрцөгт урт наслах жамыг тэвэрнэ. Энэ өв нь оюун санааны, сэтгэлгээний өөрчлөлтийг тээж, тэлэх хэмжээг цутгах ёстой л доо.

Тийм учраас сайн муу нэр зүүсэн ч бай аливаа улс орны төрийн тэргүүн Ерөнхийлөгч нар нь өөрийн санаачлан хэрэгжүүлсэн өвөө үлдээх нь тухайн үндэстнийхээ маш чухал нэр төр болдог билээ.

Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаад гурав дахь жилийнхээ ойтой золгож байна. Түүнд нэг онцлог бий. Анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдов. Гэхдээ зөвхөн нэг удаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өмнөх Ерөнхийлөгч нараасаа ялгарах онцлог нь сонгуульт хугацааныхаа талд хүрээгүй байхдаа өөрийн гэсэн “Legacy”г хэд хэдээр нь үлдээчихлээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг “Алт” хөтөлбөрийг л хэрэгжүүлсэн төдий гэх нь бий. Түүний үзэл санаа нь Монголд уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх суурь болсон. Харин үйлдвэрлэл хөгжүүлсэн үү. Үлдээсэн өв мөн үү. Эргэлзээтэй. Гэхдээ л нийгмийг нэг тогтолцооноос огт гар барьж үзээгүй “харь” тогтолцоо руу чирсэн нь түүхэн үнэн. Дараагийн найман жилд төрийн тэргүүний тамга барьсан Н.Багабандийг бодлого боловсруулахдаа “хийгүй” байв хэмээдэг. Лавтайяа 2004 онд морин хуураа айл, өрх бүр, байгууллага бүр хоймортоо залах зарлиг гаргасан нь түүний хожим тэрлэж эхэлсэн “Титэм үг”-нээс нь хавьгүй чухал өв, үлдээсэн соёлын мөр байв. Гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр Соёлын сайдаар ажиллаж байсан эрхэм. Сэхээтний давхарга түүнээс том өв үлдээхийг хүлээж байлаа. Төрийн тахилгатай уул овоог нэмэгдүүлж, хөөмэй сэргээх, дэлхийн сонгодог утга зохиолын 50 ботийг хэвлүүлэх зарлиг гаргасан. Уул овооны тахилгыг эс тооцвол бусад нь соёлын салбарт хийх л ажлын нэг байв. Нийгэм даяар түүнийг авлигын эцэг хэмээн цоллож, барагтайхан өв л үлдээсэн гэж бухимддаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд цөмийн хаягдлыг Монголд булахгүй байх тухай зарлиг гаргасан нь бий. Жил бүрийн хавар мод тарих үндэсний өдөртэй болгоодохов. Энэ үеэс манай Ерөнхийлөгч нарын үлдээж, бүтээж буй өв нь зарлиг гаргасан төдийгөөр хязгаарлагдахгүй, үндэсний хөдөлгөөн болон өрнөж эхэлсэн. Ялангуяа У.Хүрэлсүхийн энэ цаг үед үндэсний хэмжээний хөдөлгөөнүүд ид өрнөж байна. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга шиг зөвхөн Оюу толгойн гэрээний эзэдтэй нанчилдсангүй. Үүнийг дэлгэрүүлэн өгүүлэхээс өмнө дэлхийн тэргүүлэх гүрэн АНУын Ерөнхийлөгч нарын үлдээсэн өв юу байв гэдгийг цухас сөхье.

Америкийн ерөнхийлөгч нарын Монголтой холбогдон уялдаж үлдээсэн өв бий. Дорно дахиныг судлаач, Францын XIV Луй хааны итгэлт түшмэл Пети де Круагийн “Аугаа их Чингис хааны түүх” ном 1710 онд Парист, 1722 онд Лондонд хэвлэгдэв. Чингис хааны намтар судлалын анхны энэ бүтээл нь АНУ-ыг үндэслэгчдийн ширээний ном болж байлаа. Тухайлбал, Америкийг үндэслэгч Бенжамин Франклин, гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон нар улсаа байгуулахдаа дээрх номоос Чингис хааны үйл хэргийн тухай сайтар уншиж, үлгэр дуурайл болгон, амьдрал, үйл хэрэгтээ их хааны төр улсаа жолоодох зарчмыг нь баримталж байсан ажээ. Чингис хаан дэлхийн нийслэл Хархорумдаа манай гаригийн бүх шашин зэрэгцэн оршихыг зөвшөөрч, шашны эрх чөлөөг тэргүүнд тавин анх тунхагласнаас нь Томас Жефферсон санаа аваадахав. Америкт анх удаа шашны эрх чөлөөний тухай хуулийг санаачлан батлуулсан нь хамгийн том өв болон үлджээ. Харин өнөөгийн Монгол орон төдийгүй өнөөгийн дэлхий ертөнц нь Чингис хааны үлдээсэн өв гэдгийг хэлэх юун.

Америкийн анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обамаг Америкууд сонгохдоо энх тайван тогтоно, эдийн засаг, эрүүлийг хамгаалах салбар “оцойж овойно” гэж найдсан юм.Тэр цагаачлалын асуудал, эрүүлийг хамгаалах салбартаа ахицыг авчирсан ч гадаад бодлогоосоо болоод “аварга” өв үлдээж чадсангүй. “Худалдааны дайн”ыг өрнүүлсэн Трамп болоод эдүгээгийн Жо ерөнхийлөгчийн өв юу болохыг одоо шинжин байгаа. Их маргаантай. Харин урд хөршийн их удирдагч Си Жиньпиний өв бол хятадын өнөөгийн хөгжлийг хэрхэн өлгийдөж буй бодит байдал нь юм. “Нэг бүс, нэг зам” хэмээх түүний санаачилсан аварга төсөл нь манай Хүннүгийн Модун шаньюй, Их Монгол Улсын хаан, их эзэн Чингис хааны гол зорилгоо болгон эрхшээж байсан “Торгоны зам”ын дагуу өрнөн салаалж байгаа нь анхаарал татна. Энэ томоохон төслийн цаана үндэсний үзлээ түгээн дэлгэрүүлж буй нь ёстой л улс төрийн алсын хараа, аварга өв юм.

Харин хойд хөршийн ерөнхийлөгч В.Путины дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн төсөл бүхэн нь Орос орны хувьд, Оросуудын хувьд өв болон үлдэж байна. Шинжлэх ухаан, соёл урлаг, театрын өлгий орны удирдагчийн хувьд Евроазийн их гүрнийг жолоодож буйн тул түүх соёлын их өвийг үлдээхийн төлөөнөө аливааг хажуугаараа санамсаргүй өнгөрөөдөггүй. Тэр энэ бүхнийг Орос орны оюуны дархлаа, үндэсний идеал гэж хардаг. Нэгээхэн жишээ авахад ерөнхийлөгч В.Путин алдарт “Дөлгөөн Дон” романы гар бичмэл эхийг эх орондоо авч үлдсэн түүхээрээ олны анхаарлыг татдаг. 1990ээд оны сүүлээр баруун руу гарах гэж байсан М.Шолоховын “Дөлгөөн Дон”ы гар бичмэлийг тэр шинжлэх ухааны хувьд хосгүй үнэт зүйл гэж зарлаад эх оронч үйлсийг өрнүүлэн Оростоо авч үлдсэний цаана өөрийн үлдээх өв юу болохыг, Орос орон юуг эрхэмлэдэг вэ гэдгээ дэлхийд тодотгов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд олны анхаарлыг татсан цөөнгүй Legacy-г үлдээсээр буй нь бүхний нүдэнд ил байна. Монголчуудын хувьд бие даан анх удаа газрын тос боловсруулах үйлдвэр барихаар зориглосон их үйлсийг тэр гардан жолоодлоо. Хоёр жилийн дараа газрын тос Дорнодын Матадаас Дорноговийн Алтан ширээ сум дахь боловсруулах үйлдвэр рүү хоолойгоор урсаж эхэлнэ. Энэ бол өв юм. Түүний НҮБын индэр дээрээс тунхаглан санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний үр дүнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулснаар ойн сан нэмэгдэж, цөлжилтийг хумьж, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, “Ногоон сэргэн мандал”-ыг дэлхийд туяаруулах дүр зураг харагдаж байна. Ямар ч улс оронтой гар барилцах том өв мөн үү. Мөн. Хамгийн үнэ цэнтэй нь монголчуудынхаа оюун тархинд сэтгэлгээний өөрчлөлтийг, хөгжлийн сэтгэл зүйг “тарьж ургуулсан” нь дэлхийтэй хөл нийлүүлэх сэргэн мандлын өв юм.

У.Хүрэлсүхийн уржнан жилийн өдийд эхлүүлсэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Товчхондоо бол хүнс эрүүл бол хүн эрүүл. Монгол хүн эрүүл бол Монгол үндэстэн хүчирхэгжинэ. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг энэ хөдөлгөөнөөр шийдэхийг зорьж эхэлсэн. Энэ өв хаяа тэлсээр байна.

Мөн У.Хүрэлсүхийн үлдээж буй чухал “Legacy”гийн нэг нь яах аргагүй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн шүү дээ. Энэ хөдөлгөөн нь нийтийн эрүүл мэндийг нийтийн биеийн тамир спортоор дамжуулан сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох зэргээр эрүүл ирээдүй, саруул ухааны хүрээлэнг бий болгохоор өрнөж буйг ёстой л Монгол хүн бүр толгой дохин дэмжиж байгаа. Эрүүл зан үйл, дадалтай байх хичнээн сайхан билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үлдээж буй өвүүдээс түүх, соёлын талаар явуулж буй бодлого, зарлиг шийдвэртэй нь ёстой л ташаа нийлнэ. Уржнан жилийн намар нээлтээ хийсэн “Чингис хаан” музейг цохон хэлж байна. Үүнээс яг нэг жилийн өмнө их хааны 860 жилийн ойд зориулан миний “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжиг УДЭТын алтан тайзнаа тавигдсан байсан болохоор загатнасан газар маажих шиг болсон. Буган сүлдтэний төр болон Хүн гүрний үеэс ХХ зууны эхэн хүртэлх дөрвөн мянган жилийн хугацаан дахь хаад язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан энэ музейг нээсэн нь дэлхийд тусгаар тогтнолоо дахин бардмаар тунхаглах шиг санагдсан шүү. Өөрөөр хэлбэл, үндэсний оюун санааны томоохон дархлааг бий болгосон эргэлт юм. Ёстой л том өв. Үүний өмнөхөн буюу 2022 оны Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр их эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан нь Монгол Улсын хэмжээнд төдийгүй Монгол туургатан даяар, Монголд элэгтэй гадныхныг хүртэл цөсийг нь хөөргөж, өнөөгийн ертөнцийг үндэслэгчийн өмнө мэхийн баясацгаахад хүргэв. Үүгээрээ дэлхий дахинд Монголын амар амгаланг тогтоосон Чингис хаан бол монголчуудын дундаас төрөн гарсан дэлхийн их хүн болохыг зарлан, Монгол Улсынхаа иргэн бүрийн нүүрэнд гал бадарч, нүдэнд цог гэрэлтэх үйл болгов. Өндөр их өв гэдэг энэ. Дашрамд өгүүлэхэд, Чингис хааны эш хөрөг нь түүний ач хүү Хубилай хааны зарлигаар монгол зураач Хорихасуны зурсан хөрөг юм. Ерөөс он гарсаар түүх соёлтой холбоотой гурван өвийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч бүтээлээ. Хоорондоо уялдаа холбоотой нь монголчуудын оюун санааны сац суварга болсон том дархлаа бий болгох зорилготой нь эндээс харагдана.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1нд гаргасан “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг нь уламжлал шинэчлэлийг агуулж байна. Н.Багабанди байгууллага, монгол өрх, айл бүр морин хуураа гэртээ залах зарлиг гаргасныг улам төгөлдөржүүлэн үлдээж буй өв болгов. Өмнөхөө үгүйсгэлгүй, үндэстнээ дээдэлж буй нь ард түмний бэлгэ тэмдэг гэдгээ илтгэн харуулсны илрэл. Түүний ивээл дор болох “Морин хуурын олон улсын наадам”ыг л тэсч ядан хүлээх л үлдэв. Гурван жил тутамд нэг удаа болох юм гэсэн. Энэ нь морин хуурыг өмчлөх гэсэн зарим санаархлын эсрэг хийж буй нүүдэл юм. Энэ мэт соёлын биет бус өв, монголчуудын түүхэн ой санамжийг түгээн дэлгэрүүлж буй нь Монгол Улс өөрөө дэлхийн үнэт өв болохын эхлэл болох ч юм бил үү, тэнгэр мэднэ.

Дараагийнх нь “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” хэмээх их эзэн Чингис хааны суу алдар, үйл хэргийн алтан бичээс, төр ёсны үнэт зүйл юүгээн үр хойчдоо өвлүүлэн үлдээх, олон түмний хүртээл болгох үүднээс нэг бүрчлэн тайлан тайлбарлаж, ойлгомжтой тодорхой болгохыг төрийн тэргүүн санаачилсан. Хаврын яргуйстай цуг уралдан 25 эрдэмтэн, судлаачийн нягтлан тайлсан өвөг дээдсийн алтан дэвтэр маань түгэн дэлгэрч эхэллээ. Бахтай сайхан өв. Энэ бүтээлийг цахимд ч байршуулав. Ийнхүү миний өгүүлэл яв явсаар Үндэсний төв номын сангийн шинэ ордны нээлтээр өндөрлөх гэж байна. Аль 2008 онд л номын шинэ ордонтой болох Ерөнхийлөгчийн зарлиг гарсан авч гацчихаад байсныг У.Хүрэлсүх дэмжин эрчимжүүлсээр шашдир ном тэнгэр мөрлөх боллоо. Номын шинэ ордон маань олон улсын номын сангийн стандартад нийцсэн гэдгийг онцлууштай. Д.Урианхай гүрү багшаас маань олон жилийн өмнө “Та Ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд юу хийх вэ” гэж сэтгүүлчид хошигнон асуухад “Дэлхийд байхгүй хамгийн том номын ордныг л юуны түрүүнд байгуулна даа” гэсний тусгал энэ боллоо.

Дээрх үлдээж буй өвүүдээ эдүгээгийн Ерөнхийлөгч маань гадаад бодлогоороо эмжин зангидаж байна гэж хэлж болно. Хятад, өмнөд Солонгос, Япон, Франц, ОХУ, Беларусь, Арабын улсуудын төрийн тэргүүн, ерөнхий сайд нар шил дараалан хоёрхон жилийн дотор Монгол оронд минь айлчлав. 1.4 тэрбум хүн шүтдэг католик шашны тэргүүн Ромын пап У.Хүрэлсүхийн урилгаар эх оронд минь айлчилж монгол Улсыг дэлхийн зүрх юм байна, Монгол гэрийг дэлхий мөн, Монгол орон энэ бөмбөрцгийн амар амгалангийн дээд орон, Монгол бол эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээсэн алдарт үгүүдээ дэлхий даяар цацлаа. Энэ бол эдүгээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад харилцаанд эргэлт гаргасан хамгийн том өв байсныг түүх харуулна. Бидний өнө эртний түүх, өв соёлыг Ромын папаар дамжуулан дэлхийтэй хуваалцана гэдэг XIII зууны PAX MONGOLICA эргэн ирсэнтэй ялгаа нь үгүй билээ.