Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпийн эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ DNN.mn

Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно.

Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм.

Монгол Улсыг төлөөлж  Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар тоглоно.

Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад тавдугаар сарын 15-17-нд болно.

Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газрын зөрчил арилгах аян үргэлжилж байна DNN.mn

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас зохион байгуулж буй “Хариуцлагатай газрын харилцаа” аян үргэлжилж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн “Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” А/367 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын колонкийн ард төв зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хашааг буулгах, шаардлага хүргүүлэх, газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

Азийн залуучуудын аваргаас Монголын хоккейн баг хүрэл медаль хүртжээ DNN.mn

Узбекистан Улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд болжээ.

Тэмцээнд арван орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ. Монголын баг хэсэгтээ Энхэтхэгийг 32:0-ээр, Макаог 25:0-ээр, Индонезыг 8:2-оор хожсон байна.

Харин Тайландын багт 6:3-аар хожигджээ. Улмаар хагас шигшээд АНЭУ-ын багийг 4:2-оор хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн тус тэмцээний амжилтаа бататгажээ.

Азийн аваргын тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл тодорсон байна. Монголын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Б.Зориг, И.Алтангэрэл, М.Отгонбаяр нар ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4217000 төгрөгийн хохирол барагдуулав DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч дөрөвдүгээр сард  нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, найман  иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, долоон иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан ес, банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол хоёр, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой дөрөв, контор 60, НӨАТ долоо,  өрсөлдөөн долоо, СӨХ  долоо,  тасалбартай холбоотой нэг, түрээсийн асуудлаар хоёр, шатахуун дөрөв, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12,  бусад асуудлаар  86 иргэн хандсан байна

Categories
мэдээ нийгэм

“Гацуурт”-ын Л.Чинбатын зорчих эрхийг хоёр сараар хязгаарлажээ DNN.mn

“Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайчид  хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фейсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барив DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулна.
Хууль батлагдсанаар
-Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ;
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;

-Улсын зэрэглэлтэй тав /Дархан, Эрдэнэт, Шинэ Хархорум, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 44 хотыг /нийслэлд 14, аймгуудад 30/, мөн дагуул гурван хотыг байгуулж, бие даан хөгжүүлнэ;
-Хот, тосгон нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ;
-Хот, тосгон өөрийн оршин суугчдадаа төрийн үйлчилгээ буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжих хэрэгжих үйлчилгээг хот, тосгоноор дамжуулан хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна;
-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилго бүхий Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зургаан бүлэг, 29 зүйлтэйгээр боловсруулжээ.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсанаар

–  Нийслэл хотын төвлөрлийг задалж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангана;
–  Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны журам, зохицуулалт тодорхой болно;
–  Дагуул хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ;
–  Нийслэл хотын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, орон сууцны хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлнэ;
–  Нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлж улс, нийслэл, цаашлаад бүс нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ;
–  Шинээр ажлын байр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;
–  Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж орон сууцны хангамж нэмэгдэж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ;
–  Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутгийн болон бүсийн цаашлаад олон улсын логистикийг сайжруулна;
–  Иргэдийн аятай таатай амьдрах орчин бий болж, амьдралын чанар сайжирна;
–  Шинэ Зуунмод хот дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчид, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ;
-Бусад улсуудын хотуудын жишгээр Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа сонгодог болох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 14147 эх амаржжээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14 147 эх  амаржиж, 14 244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2 202 буюу 13.5 хувиар, төрсөн хүүхэд 2 208 буюу 13.4 хувиар тус тус буурчээ.

1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас баралт өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Орхон, Ховд, Увс, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.2-1.1-ээр илүү бусад аймагт 0.2-2.3-аар бага байна. Тухайлбал, 1000 хүнд ногдох төрөлт Булган  аймагт 1.9  буюу  хамгийн  бага байна. Энэ нь улсын дунджаас 2.3-аар бага байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Душанбегийн “Их дуулга”-д Монголын 17 жүдоч зодоглоно DNN.mn

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Душанбегийн “Их дуулга”-аар үргэлжилнэ.

Олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн гурван тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд 67 орны 405 жүдоч оролцохоор мэдүүлэгч өгчээ. Манай улсаас энэхүү цувралд 17 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэрл нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдахаар Душанбег зорилоо.

Тэмцээний сугалаа өнөөдөр орой болно. Харин тэмцээн маргааш эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх юм. “Их дуулга”-ын медалийн төлөөх барилдааныг С1 телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

24 боомт хэвийн ажиллаж байна DNN.mn

Манай улс нийт 39 боомттойгоос 24 нь хэвийн ажиллаж байна. Тодруулбал, агаарын замын зургаа, хойд хөрштэй хиллэдэг автозам, төмөр замын 16, БНХАУ-тай хиллэдэг 17 боомт бий.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нийт 13 боомт ажиллуулахаар тусгасан бол 2020 онд Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-тай нот бичиг солилцон, нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үүнд Цагаандэл-Уул-Өлзий авто замын, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод гэсэн төмөр замын гурван боомтыг ажиллуулахаар тусгаснаар Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын дөрөв, нийт 17 боомттой болсноос одоогоор 13 нь хэвийн ажиллаж байна.

Харин Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын хоёр, нийт 16 боомттойгоос арав нь ажиллаж, дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгээгүйн улмаас зургаа нь хаалттай байгаа аж. Мөн, агаарын замын зургаан боомтоос “Чингис хаан” ОУНБ ажиллаж, Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын таван боомт ажиллахгүй байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

П.Галиндэв: Олон улсын байгууллагууд, хөндлөнгийн хяналтыг сонгуульд оруулж ирэх шаардлагатай DNN.mn

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаар Шударга сонгууль сонгуулийн луйвар, зөрчлөөс сэргийлэх ажлын хэсэг мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв “Парламентын 9 дэх удаагийн сонгууль тун удахгүй болох гэж байна. Гэтэл энэ сонгууль шударга болох эсэхэд хариулт өгөх хүн үгүй байна. Өнгөрсөн сонгуулиуд дээр илтэд булхайн шинжтэй, сонгуулийн үр дүнг өөрчилсөн хэргүүд гарсан. Тухай бүртээ нэр дэвшигч, улс төрийн намууд гомдол гаргасан боловч мөн л авч хэлцээгүй. Сонгуулийн ерөнхий хороо, тагнуулын ерөнхий газар, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд тус тус гомдол гаргаж байсан. Тэгэхээр өнгөрсөн сонгуулиудын дүнг харахаар дүн гарсан л бол асуудал дууссан. Тухай үед сонгуулийн санал хураалтын ямар булхай луйврууд явагдсан эсэх нь хамааралгүй болдог ийм нөхцөл байдал давтагдсаар байна.

Сонгуулийн дүн гарах үеийн тохиолдол эхний 18 хэсгийн хорооны дүн ирэхэд П.Галиндэв гэдэг нэр дэвшигч нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан. Дунд үед ирэхэд П.Галиндэв гэдэг нэр дэвшигч 35 нэр дэвшигчийн дунд байгаагүй мэтээр нэрсийн жагсаалтаас алга болсон. Ингээд 1 цаг орчмын дараа миний нэрийг буцааж гаргаж ирсэн тэгэхдээ 5 дугаарт эрэмбэлэгдсэн. Сонгууль бүрээр луйвар болж байна. Галиндэв ялагдахдаа биш, аль нэг нам, эвсэл ялах, ялагдах биш эцсийн дүндээ сонгогч, нийт ард түмэн сонгуулийн луйварт ялагдаж байна. Үр дүнд улс орон хөгжихгүй, бидний байр байдал өөрчлөгдөхгүй хэвээр байсаар байна. Бүхий л хандаж болох газруудад хандсан. Гэвч хууль эрх зүйн цоорхойг засаж сайжруулсан, нөхсөн зүйл огт байхгүй.
Сонгуулийн хууль шинээр батлагдсан хулгай, луйврын асуудал огт засагдсангүй. Олон улсын байгууллагууд, хөндлөнгийн хяналтыг сонгуульд оруулж ирэх шаардлагатай байна. Сонгуулийн үеэр болон, сонгуулийн үр дүнг аудит хийх эрх зүйн орчныг оруулах шаардлагатай.
Сонгуулийн хэсгийн хороо бүрд аудит оруулж шалгуулах ёстой. Сонгуулийн луйвар гэдэг бол төрийн эрх мэдлээр хийдэг ажил юм. Бүхэл бүтэн улсын сонгуулийг яагаад хянахгүй байгаа юм бэ. Тагнуул, цагдаагийн байгууллага төрийн эрх мэдлээ дагаад хөдөлдөггүй. Үүнийг заавал олон улсын байгууллага хянадаг тогтолцоотой байх ёстой. Нэг нам нь давамгайлан засагласан үед бүх зүйл ганц нам, цөөн улс төрчдийн шийдвэрээр явдаг юм байна. Тийм учраас бид парламентыг тэнцвэртэй байлгах ёстой. Хяналт тавих боломжийг нь олгох ёстой, тэгж байж тэнцвэртэй хууль батлагдаж гардаг. Тэгж байж ардчилал бий болдог. Бид сонгуулийн олон луйврыг засах ёстой. Үүнийг ард нийтээрээ хийдэг юм.
Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийх ёстой. Яагаад техник, технологи ашиглаж ард иргэд сонгуулиа хянадаг системийг одоо болтол хийж өгөхгүй байгаа юм бэ, заасан дүнгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаад сууж байдаг. Дахиад сонгууль луйвардвал юу болох вэ? Хар машин гэдэг зүйл сонгуулийн алдааг засаж чадах байна. Сонгууль гэдэг бол ард түмний 4 жил тутам нэг удаа төр засгаа сонгон байгуулдаг Үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм.

5, 10 цаасаар битгий саналаа худалдаач ээ. Ингэснээр Монгол Улсын хувь заяа, нийт ард түмний хувь заяаг, худалдаж байна. Монгол Улсын иргэд өөрийнхөө ирээдүйг өөрсдөө сонгох эрхтэй” хэмээн ярилаа.