Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний 5 үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үргэлжлүүлэн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2024 оны барилга, хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа.

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор бүхий  7 барилгыг ашиглалтад оруулна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нийт 30 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажил зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан, барилгын төсөв нэмэгдсэн зэргээс үүдэн удааширч байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хэллээ.

Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар газар чөлөөлөлтийн явцын талаар мэдээлэл өгөв. Энэ онд нийт 66 төсөл, ажлын хүрээнд 2521 нэгж талбарыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 1084 талбарыг чөлөөлсөн байна. Тухайлбал, 7 байршилд нийт 5660 хүүхдийн суудалтай сургууль болон 900 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ. Уг ажлыг эхлүүлэхэд 210 нэгж  талбарын 10,59 га газар өртсөнөөс 128 нэгж талбарыг чөлөөлсөн байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрх, Чингэлтэй, Баянгол болон Сонгинохайрхан дүүрэгт тусгай зориулалт, том оврын автомашинууд нийтийн эзэмшлийн зам, талбайд явган хүний зам давуулан зогсож, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхлэгчид зориулалтын талбай гаргаж өгөх шаардлагатай. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээх, төвийн зургаан дүүрэгт зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

– Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэлийг хангах,

– Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах,

– Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавих,

– Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг шуурхай зохион байгуулах,

-“Улаанбаатар Марафон 2024” олон улсын гүйлтэд байгууллага хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах,

– Далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлэх зэрэг үүргийг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ DNN.mn

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 54 хувийг Сууц өмчлөгчдийн холбоо, 18 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компаниуд эзэмшиж, ашиглалтыг хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Гэвч эдгээр тоглоомын талбайн 29.9 хувь нь стандартад нийцээгүй, засах шаардлагатай, 12.1 хувь нь тодорхойгүй байна. Иймд стандартад заасны дагуу хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ” гэлээ.

Холбогдох байгууллагууд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

  1. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт хамаараx UCS 1405B:2022 “Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага” хотын стандартыг мөрдлөг болгох;
  2. Тоглоомыг угсрах, суурилуулах, тоглоомын талбайн аюулгүй байдал, бүрдэл, үндсэн төрлүүд, тэдгээрт тавигдах шаардлагуудыг хангасан тоглоомын талбайг бий болгох;
  3. Тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа үйлчилгээ, хяналтыг хариуцагч байгууллага тогтсон хугацаанд хийж хэвших;
  4. Тоглоомын талбайн хариуцагч, эзэмшигчийг тодорхой болгон, талбайн байршлын “Орон зайн мэдээллийн сан”-г үүсгэх;
  5. Хүүхдийн тоглоомын талбайн орчинд утаат болон электрон тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, хүүхэд тоглох орчин тоглоомын талбай болохыг илэрхийлэх тэмдэг тэмдэглэгээ байршуулах;
  6. Хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангаагүй, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй нөхцөлд хариуцлага тооцох талаар холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, дээд шатны байгууллагад хүргүүлэх;
  7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд Хүүхдийн эрхийн улсын байцаагч эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс оруулах саналыг боловсруулж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх.

 

Categories
мэдээ нийгэм

Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбуу томилогджээ DNN.mn

Монголын Бурхны Шашинтны Төвийн Тэргүүн Лам нарын зөвлөлийн 2024 оны хаврын ээлжит хурлаар МБШ Төвийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн Хурлын Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбуу томилогдлоо.

Д.Нямсамбуу Энэтхэгийн Брайбүн хийдэд 10 жил шавилж, Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурсан бөгөөд 29 насандаа бурхны шашны гавж цолыг хүртжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

UBS Pictures “ХАЙРЫН ДОМОГ”-оор үзэгчиддээ бэлэг барьж байна DNN.mn

UBS Pictures компани дэлгэцийн арав гаруй уран бүтээлийг олны хүртээл болгож, үзэгчдийн таашаалыг хүртсэн юм. Тус компанийн “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” бүтээлүүд нь үндэстний өвөрмөц онцлог бүхий соёл уламжлалын сэдвүүдээр цаг үеэ олсон, даацтай, урлаг гоо зүйн хэмжүүрт бүрэн нийцүүлсэн байдгаараа ялгардаг билээ.

Сэдэв, агуулга, илэрхийлэл, уран чадварыг бүтээхүйн зүй тогтол болгон эрэлхийлж, үндэстний хэлний баялаг өв санг уудлан, үзэгч сонсогчдын оюун санааны эрэлт хэрэгцээнд бүрэн үйлчлэх урлагийн дээд хэмжүүрийг UBS Pic­tures дархлаажуулдаг нь дэлгэцийн бүтээлүүдээр нь нотлогддог. Уран бүтээлч хамт олон энэ удаа ээлжит нэгэн бүтээлээ үзэгч түмэндээ толилуулахад бэлэн болоод байна. Энэ бол “ХАЙРЫН ДОМОГ” бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Хэнтий аймгийн Дадал суманд үндсэн зураг авалт хийгдэж, түүнчлэн Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгуудад буухиачлан зураг авч, дөрвөн улирлын өнгө илэрхийлэл бүхийгээрээ энэ кино онцлог юм. Монголын залуу идэр үеийн авьяаслаг жүжигчид болох Д.Мөнхтөмөр, Т.Сэлэнгэ, М. Тогтохжаргал, Т.Лхагвадулам, ОХУ-ын ардын жүжигчин, Буриадын ардын болон гавьяат жүжигчин нарын алдартай, туршлагатай жүжигчид тоглосон юм. “ХАЙРЫН ДОМОГ-т Буриадын ард түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлог, оюун санааг туульсын арга хэлбэрээр хайр дурлал, өшөө хорсол, өгөөмөр сэтгэл, уудам санаа, ухаант хайрт бүхнээр хослуулан өгүүлснээрээ эл кино үнэ цэнтэй бөгөөд үзэгчдийн сонирхол таашаалд нийцнэ гэж киног бүтээгчид итгэлтэй байгаа юм.Жуулчдын улирал ирж, зуны амралт наашилсан, сонгуулийн улс төр голлосон өнөөдрийн эл ахуй цаг үед энэ кино үзэгчдийн зүрх сэтгэлд гэгээ татуулж, урлаг гоо зүйн ханамж өгөх учиртай юм. Монголынхоо урлагт хайртай, урлагийн гоо сайхнаар амьсгалагч хүн бүрийг UBS Pictures “ХАЙРЫН ДОМОГ-тоо урьж байна.

Уг киноны зохиолыг МЗЭ-ийн шагналт Баастын Золбаяр бичжээ.

 

 

Н.САРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Монгол гэр” үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ DNN.mn

Монголын уламжлалт соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэх зорилготой “Монгол гэр” үзэсгэлэн Төв талбайд үргэлжилж байна.

No photo description available.

Үзэсгэлэнгийн хүрээнд Сүхбаатарын талбайд монгол гэрүүдийг байрлуулж, үндэсний соёлоо сурталчлан, иргэд, жуулчдад үзүүлж сонирхуулж буй.

May be an image of 1 person and turtle

Тус үзэсгэлэнд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Соёлын боловсролын оролцоот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Үзэсгэлэн Сүхбаатарын талбайд энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.

May be an image of 14 people, the Palace of the Parliament, Romania, the Brandenburg Gate and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Соёолжийн нүхэн гарцаас “Нарантуул”-ын уулзвар хүртэлх авто замыг хаана DNN.mn

Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25-р хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний 06:00 цаг хүртэл хаана.

Тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”

Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”

Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Олимпын гүүрээр Нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн тул иргэд зорчигчид та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврээр үйлчлүүлээрэй гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

21 аймгийн 54 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо /2024.04.29-05.05/ хоногт нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 54 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 23 иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 114 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас таван  хүн гэмтэж, бэртжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” л оролдоод байна даа DNN.mn

Олон нийтийн зүгээс ЦЕГ-ын даргад ингэтлээ анхаарч байсныг мэдэхгүй юм. Томилогдоод л ирдэг. Чөлөөлөгдөөд л явдаг. Харин Т.Сүхболд дээр хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүн арай өөр “ажиллагаа” хэрэгжүүлээд байгаа бололтой. Ер нь бол сүүлийн үед ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг хаа нэгтээгээс ингэж ихэд анхаараад байх шиг болсон. Сүүлийн үед ч гэж, ерөөсөө л түүнийг энэ албан тушаалд томилогдохоос эхлээд иймэрхүү хандлага үзэгдсэн.

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдын өргөдлийг Засгийн газар хүлээж авч чөлөөлснөөс хойш л дараагийн даргын нэр яригдсан юм. Ж.Болдыг 2023 оны есдүгээр сарын 1-нд чөлөөлсөн. Харин Т.Сүхболдыг 2023 оны есдүгээр сарын 6-нд томилсон. Ингээд л тэр өдрөөсөө мэрүүлээд эхэлсэн байдаг.

Томилгоо хийгдсэн Засгийн газрын хуралдааны дараа л “Т.Сүхболд яагаад ЦЕГ-ын дарга болчихов” гэж энд тэнд бичигдээд эхэлсэн. Тухайн үед “Ингэх нь аргагүй дээ” гэж үзэхээр байв. Учир нь энэ Ж.Болд чөлөөлөгдөөд, Т.Сүхболд томилогдох хүртэлх тав хоногт ЦЕГ-ын даргад одоогийн УИХ-д горилогчид шиг л олуулаа өрсөлдсөн.

Хашир туршлагатай, хэдийнэ танигдчихсан генерал, хурандаа нар зүтгэж байв. Тэгж тэгж тэр дунд нэр нь бараг яригдаагүй Т.Сүхболд гарч ирээд томилогдчихсон.

Ингэж томилогдоход нь нутаг ус гээд янз бүрээр яриад эхэлсэн, Хэнтийнх гэсэн. Тэгтэл Т.Сүхболд Улаанбаатарын унаган хүүхэд, үндсэн захиргаа нь Сонгинохайрхан дүүрэг юм байна. Тэрээр Цагдаагийн академийг эрх зүйч, СЭЗИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Анх 1998 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж эхэлсэн. 2001 оныг хүртэл цагдаагаар ажиллаад Цагдаагийн академид элсэж суралцсан. 2005 онд төгсөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт томилогдсон. Тэндээ хэсгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажилласан. 2013-2016 онд ЭЦГ-ын III хэлтэст ахлах төлөөлөгч, 2016-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2020 оны нэгдүгээр сард ЭЦА-ны Дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, 2020 оны долдугаар сараас ЭЦА-ны даргаар ажиллаж байгаад ЦЕГ-ын даргаар томилогдсон.

Тэгээд бас Цагдаагийн албаны тухай хуулийн 20.1-т “Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-иос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө” гээд заачихсан. Үүнд нь бас нийцдэг. Гэтэл хэдэн жилийн өмнө цагдаад огт ажиллаж байгаагүй генералыг ЦЕГ-ын даргаар томилж байсан түүх байдаг.

Ингэхээр Т.Сүхболд мэргэжил, туршлага сэлтээрээ мэрүүлээд байх хүн биш харагдаад байгаа юм.

Сая бас арваад хоногийн өмнө Генералуудын өдөр тохиолоо. Энэ цол анх Франц улсад XVI зуунд бий болсон. Монгол Улсад анх генерал цол олгосны 80 жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 28-нд 11 хүнд олгож байжээ. Ингэхдээ эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж байжээ. Тэр үедээ генерал цолыг Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны хүсэлтээр Засгийн газрын тогтоолоор цэргийн дээд тушаалын дарга нарт олгохоор журамласан байдаг байна. Монгол хэлний тайлбар тольд генерал цолыг “цэргийн даргын эрхэм дээд дэс” хэмээн тодорхойлсон. Ийм түүхтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээв. Тэгсэн бас мэрж л байна. “Шагнууллаа” гэж байх юм. Гэтэл ЦЕГ-ын дарга гэдэг бол Дотоодын цэргийн командлагч, генерал цолтой албан тушаал аж. Тэгж ч явж иржээ.

Энд цагдаагийн байгууллагын бүтэн түүх, бүх генералыг ярихад хэцүү. Дэндүү урт болно. Товчлоход, Монголын цагдаагийн хамгийн анхны генерал нь 1971 онд НАХЯ-*ны нэгдүгээр орлогч сайд, Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын даргаар ажилласан, хошууч генерал С.Бүдрагчаа аж. Араас нь А.Думбурай 1978 оны дөрөвдүгээр сард Улсын Цагдан сэргийлэх газрын орлогч даргаар томилогдоод хошууч генерал цол хүртэж байжээ. Улсыг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч, Улсын Цагдан сэргийлэх газрын нэгдүгээр орлогч, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажилласан С.Дамдинсүрэнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 166 дугаар тогтоолоор хошууч генерал цол олгож байв. Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 226 дугаар тогтоолоор Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газрын орлогч бөгөөд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын дарга О.Отгонжаргалд 1979 онд хошууч генерал цол хүртээж байв.

Түүнчлэн хошууч генерал Б.Пүрэв Монголын нийгмийн шилжилтийн үед энэ байгууллагыг удирдсанаараа тод яригддаг. Тэрээр 1990 оны дөрөвдүгээр сард ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилогдоод хошууч генерал цолоо хүртэж байжээ. Одоогийн ЦЕГ-ын тухайд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 95 дугаар зарлигаар НАХЯ-ыг татан буулгаж, Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газар, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар гэсэн хоёр тусдаа чиг үүрэгтэй, байгууллага бий болгосон. Улмаар Сайд нарын Зөвлөлийн 1990 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн “Цагдан сэргийлэх байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” 192 дугаар тогтоолыг гаргаж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шууд удирдлага дор, бие даасан Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрыг зохион байгуулсан. Энэ бүтцээрээ Засгийн газрын үндсэн бүтцийн төрийн захиргааны төв байгууллага болж 1996 оны долдугаар сарыг хүртэл явсан байгаа юм. Харин 1996 онд Цагдаагийн байгууллагын тухай хуульд орсон өөрчлөлтөөр “Цагдаагийн төв байгууллага” болж улмаар Хууль зүйн сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарч Засгийн газрын тохируулагч агентлагийн статустайгаар ажиллаж эхэлсэн байна.

Тэр цагаас хойш 1996-1998 онд хошууч генерал Ч.Амарболд, 1998-1999 онд цагдаагийн хурандаа Д.Мөрөн, 1999-2001 онд хошууч генерал Ч.Амарболд, 2001-2006 онд хошууч генерал Д.Сандаг-Очир, 2006-2007 онд хошууч генерал М.Ганболд, 2008 онд хошууч генерал Ч.Амарболд, 2008-2012 онд хошууч генерал Д.Сандаг-Очир, 2012-2014 онд бригадын генерал Б.Билэгт, 2014-2016 онд бригадын генерал Р.Чингис, 2016-2017 онд цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, 2017-2020 онд бригадын генерал С.Баатаржав, 2020-2023 онд хошууч генерал Ж.Болд, 2023 оноос хойш бригадын генерал Т.Сүхболд нарын ЦЕГ-ын дарга нар байгаа юм.

Түүнчлэн Т.Сүхболд сүүлийн арав гаруй жилд ЭЦА-нд эдийн засгийн гэмт хэрэг дээр ажиллаж ирсэн. Тэрээр Энэ хугацаанд, ялангуяа сүүлийн хэдэн жилд эдийн засгийн гэмт хэргүүд ээлж дараалан ил болсон. Олон жилийн туршид оршин тогтнож ирсэн авлига, албан тушаалын оролцоотой, татвар нуух, мөнгө угаах зэргээс үүдэлтэй хууль бус, хяналтгүй мөнгөний урсгалууд илэрсэн.

Томоохноос нь дурдахад, арваад жилийн өмнөх МИАТ-ийн хэрэг, “Эрдэнэт ба Жаст”-ын хэрэг, Халамжийн дарга Д.Баярсайханы хэрэг, “Ричфилд” зочид бууудлын хэрэг, түүнээс хойшх Цагаан эргийн хэрэг, 800 хятадын хэрэг, Салхитын мөнгөний ордын хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, Төмөр замын хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, Боловсролын зээлийн сангийн хэрэг, Нүүрсний хэрэг, одоо яригдаад байгаа С.Зоригийн хэрэгтэй холбоотой хэргүүдийг илрүүлэхэд Т.Сүхболд оролцож, удирдаж ирсэн байдаг.

Тухайлбал,

-МИАТ-ийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий хүмүүс зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэг бий. МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, дэд захирал асан Ч.Хоролсүрэн нар болон “Монголиан Эйрланс” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Суурьтогтох нар “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө угаасан нь шүүхээр нотлогдож ял шийтгүүлсэн. Энэ хүмүүс 2007-2009 оныг хүртэл 9.1 тэрбум төгрөгийг Дайны эрсдэлийн сан нэрээр зувчуулсан. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд Голомт банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон. Улсын дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгон бууруулсан байдаг.

-“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 104 сая ам.доллар залилж, дээрх үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэн болохыг ЭЦГ-ынхан тогтоосон.

Гэсэн ч удалгүй “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас уг хохирлыг төлж, дараа нь Засгийн газраас Ш.Батхүүгийн дээрх хохирлыг төлж болох 98 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийн жагсаалтыг ил болгож байв. Улмаар хоёр жилийн өмнө өнгөрсөн жилийн дундуур Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн.

-Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Цагаан эргийн гянтболдын орд газар нь 2000 оны үеэс иргэдийн хууль бус олборлолтын улмаас хөндөгдөж, байгалийн унаган төрх нь ихээхэн алдагдсан байсан. 2014-2015 онд нэр бүхий компанийн гүйцэтгэсэн экологи, эдийн засгийн судалгаагаар нийт хохирлын хэмжээ нь 1014876,323 мянган төгрөг, хууль бус олборлолтод өртсөн талбай 11.75 га гэж тогтоогдсон байдаг. Улмаар түүнийг цэгцлэх, байгаль орчинд учирсан хохирлыг арилгах нэрээр аймгийн ИТХ-аас 2014, 2015 онд “хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх” журам гаргасан /аймгийн ИТХ-ын 82, 60 дугаар тогтоолоор батлагдсан журмууд/. Уг журмууд нь хууль бус олон зөрчил агуулсан байсан бөгөөд түүн дээр дөрөөлөн нэр бүхий компаниуд, холбогдол бүхий этгээдүүд мөн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

-Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг халамжийн мөнгөнөөс завшсан байж болзошгүй хэрэгт холбогдсон. Д.Баярсайханыг албан тушаалаа урвуулан 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэргийн мөрдөн байцаалтыг төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагч оролцож явуулсан, тухайн үедээ дуулиан дагуулсан томоохон хэрэг ил болж байсан юм.

-БНСУ-д хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жи Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монгол Улсад оруулж ирэн мөнгө угааж байсныг ЭЦГ-ынхан тогтоож байв. Дээрх этгээд нь БНСУ-д мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн байдаг. Ингэж хууль бусаар олсон мөнгөө манай улс руу илгээж, Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн гэгч нь хүлээн авдаг байжээ. Тэр мөнгөөр Баянбүрдийн тойргийн ойролцоо “Ричфилд” хэмээх зочид буудал бариулж, түүнийгээ Монгол Улсын иргэнд худалдсан. “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн нь зочид буудал худалдсан мөнгө болох 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг Ан Жи Мань руу шилжүүлсэн. Тиймээс Ли Жэй Гүн нарыг Эрүүгийн хуулийн 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, “Ричфилд” зочид буудлыг битүүмжилж байв.

-Цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан үйл явдал 2019 онд болсон. Уг хэрэгтэй холбогдуулан Хятадын 14, Монголын гурван иргэнийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Улмаар Лью Тин Хуа нарын 15 хүнийг цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.

-Салхитын мөнгөний ордыг булаацалдсан Хятадын иргэд Монгол Улсын шүүх, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг авлигадах замаар гартаа оруулж, манай улсын баялгийг хэрхэн эзэмшихээр санаархсан ноцтой хэрэг бий. 2016 онд Хятад улсын иргэн Янь болон Ван нар их хэмжээний мөнгөний нөөц тогтоогдсон Салхитын мөнгөний ордыг булаацалдан их хэмжээний хахуулийн мөнгийг Монгол Улсын шүүгч нарт өгч байгаа тухай мэдээллийг ЭЦА-ныхан авч, хууль бус үйлдлийг баримтжуулан мөрдсөөр илрүүлжээ. Янь гэгч нь уг маргааныг өөрт ашигтай байдлаар шийдүүлэхээр төлөөний хүмүүсээрээ дамжуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргуулсан бол Ван нь Монгол Улсын иргэн М, Ж, Г нартай үгсэн тохиролцож, уг орд газрын эзэмшлийг бүхэлд нь өөрийн талд авахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан байна. Үүний цаана өндөр зохион байгуулагдсан баг нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байсан нь шалгах явцад илэрсэн. Монгол Улсын иргэн М, Ж, Г нар нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц гэгчтэй үеэлүүд, мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Х нартай хамаарал бүхий найзууд байсан учир шүүхээс ашигтай шийдвэр гаргуулна гэж тооцоолсон байсан зэрэг ноцтой асуудлууд энэ хэргийн ард яригддаг. Хэрэгт холбогдсон шүүгч нарт ял оноож, авлигын хэрэгт хураагдсан 1.4 сая ам.долларыг улсын орлого болгож байв.

Дээрх хэргүүд тухайн үедээ дуулиан шуугиан ихээхэн тарьсан. Гэвч өнөөдөр мартагдсан байна. Эдгээр хэргийн хувь заяаны тухайд шүүх дээр очоод янз бүрээр шийдэгдэж дууссан байдаг.

Өнөөдөр ид яригдаж байгаа, та бидний мартаагүй Хөгжлийн банкны хэрэг, Боловсролын зээлийн сангийн хэрэг, койны хэрэг, төмөр замын хэрэг зэргийг дурдаж болно.

Бас Т.Сүхболдыг “Эрдэнэт”-ийн 49 хувийн схемийг гаргасан гол хүн гэдэг юм билээ. Нэр бүхий компанийнхан төрөөс 400 сая гаруй ам.доллар босгоод, түүгээрээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан. Ингэхдээ дөрвөн эх үүсвэрийг ашигласан. Сангийн яамнаас 183.6 тэрбум төгрөгийн вексель бичих замаар “К” ХХК-д шилжүүлсэн. Монголбанкнаас 200 тэрбум төгрөгийг “К” компани руу шилжүүлж, өрийн бичиг гаргасан байна. Хөгжлийн банкнаас 122.6 сая ам.долларыг “К” компани болон Х үйлдвэр рүү шилжүүлсэн. Нэр бүхий арилжааны банкнаас 90.3 сая ам.долларын эх үүсвэрийг хамаарал бүхий дөрвөн компани руу шилжүүлсэн. Ингэж дээрх мөнгө бүтсэн байдаг.

С.Зоригийн хэргийн хамгийн сүүлд 2021 оны эхээр байгуулагдсан ажлын хэсгийг Т.Сүхболд ЭЦА-ны дарга байхдаа ахалж байв. Энэ ажлын хэсэг илрэлгүй 26 жил болж буй хэрэгтэй холбоотой олон “шинэ” баримт сэлтийг сөхөж гаргаж иржээ. Энэ бол нэг талаар түүний багийн мэргэжлийн ур чадвар гэх ч нөгөө талаараа эр зориг шаардсан хэрэг юм. Өнөөдөр нотлогдоод, гэрчлэгдээд гарч ирж байгаа зарим нэг баримт факт хэдэн жилийн турш албан бусаар яригдаж л байсан. Ямар ч л байсан, ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд уг хэргийн олон нийтэд мэдээлэгдэж буй байдал, шинж тэмдгийн чанараараа улам ээдрээтэй болж буй мэт харагдаж байж болох юм. “Гэхдээ агуулгын хувьд хэргийн мухар руу нэгэнт яваад эхэлсэн” гэдгийг хууль хяналтын байгууллагын хашир туршлагатай мэргэжилтнүүд хэлэх болоод байна.

Энэ хэдэн хэрэг асуудлыг харахад л ямар цар хүрээтэй, цаана нь ямархуу нөлөөтэй хүмүүс байгаа нь харагдана. Энэ утгаараа Т.Сүхболд тун олон дайсантай байх нь ойлгомжтой болж байна. Гэвч түүний оролцоод болон удирдаад илрүүлсэн эдгээр том хулгайн хэргүүдийн дийлэнх нь эцэслэн шийдэгдэх болоогүй байна. Эцэслэн шийдэгдэх итгэл найдвар өнөөдрийн байдлаар тун бага юм. Учир нь эдгээр нь асар их улс төрийн нөлөө, хамаатай хэргүүд гэсэн үг. Тэр утгаараа Т.Сүхболд нэлээд ээдрээтэй, эвгүй цаг үед ЦЕГ-ын даргаар томилогдсон. Өөрөө ч нэлээд өндөр эрсдэл дунд ажиллаж байгаа юм.

Ер нь тэгээд энэ мэтийн улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйлдсэн, холбогдсон хэргүүдийг углуургаар нь мэдэх хүн цагдааг удирдаж байхад “тэд” яаж дуртай байхав дээ. Дургүй нь хүрсэн учраас оролдоно, гоочилно. Мохоох гэж үзнэ. Хэрэв түүнд нь өртвөл өнөөдөр тэдний үйдлүүд илрэхгүй байсан ч болох шүү дээ. Гэхдээ илэрсэн, илэрсээр л байна. Тийм л учраас том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” оролдоод байгаа юм. Тэгэхээр ЦЕГ-ын дарга Т.Сүхболд иймэрхүү дайралтуудад сөхрөлгүй, харин сөрж л ажиллах хэрэгтэй юм. Тэр нь Монгол Улс, монголчуудын эрх ашгийг хөндөж, ирээдүйд халдсан том хулгайч нартай эвлэрэлгүй айлгүй, илчлээд л, шалгаад л байх ёстой гэсэн үг.

О.Пүрэв

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачдад халтай DNN.mn

АН-ын Нарийн бичгийн дарга, Төрийн удирдлагын доктор Н.Гансүхтэй ярилцлаа.


-Нийслэл хот үнэт цаас гаргах тогтоолыг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Үүнд сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаанбаатар хотын бонд гаргах санаачилга 2023 онд буюу Д.Сумъяабазарын үеэс эхлэлтэй. Тухайн үед нийслэлийн удирдлагууд СЗХ-нд бонд гаргах хүсэлтээ хүргүүлж байсныг санаж байна. Яагаад бонд босгох шаардлага үүсэв гэдгийг эхлээд харах ёстой л доо. Жилээс жилд Монгол Улсын төсөв данхайж байгаа. Энэ нь захиран зарцуулах дарга нарын эрх мэдэл нэмэгдэж байна гэсэн үг. Нийслэл хотын 2024 оны төсөв түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж, хоёр их наяд давлаа. Өөрөөр хэлбэл, урьд өмнөх хотын дарга нарын бүтэн жилд зарцуулдаг байсан төсвөөс хэд дахин их байна. Гэтэл энэ нь одоогийн хотын дарга нарт хангалтгүй санагджээ. Дахиад бонд босгох тухай асуудал ярьж байна. НИТХ-ын дөрөвдүгээр сарын 29-ний ээлжит бус 19 дүгээр хуралдаанаар дотоод, гадаадаас бонд босгох тухай асуудлыг баталлаа. Зээл босгох үндэслэл нь эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэх юм байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд 553 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж үзжээ. Нэг жил хүрэхгүй хугацаанд нийслэл хотын бүх удирдлагууд солигдох гэж байгаа энэ эгзэгтэй үед дараагийн дарга нартаа өр үлдээж байгаа нь харамсалтай. Ер нь сонгуультай жил маш олон төсөл эхэлдэг. Тэр нь төсөвтөө дарамт болдог. Урт хугацааны төлөвлөлт байхгүй явж байгаагийн жишээ юм. Д.Сумъяабазарын үед бонд гаргах гэж байхад нь иргэд эсэргүүцээд татаж байсан шүү дээ. Одоо дахиад л зүтгүүлж байна.

-Энэ удаад дотоодоос 500 тэрбум, гадаадаас 700 сая ам.доллларын бонд босгоно гэж байсан. Ер нь манай бондууд ихэвчлэн гадагшаа чиглэдэг. Харин дотоодоосоо босгох бондоос манай бизнесийнхэн хэрхэн үр өгөөж хүртэх боломжтой вэ?

-Бонд бол бага хүүтэй өрийн бичиг. Илүү баталгаатай гэсэн үг. Тэр баталгааг нь нийслэл өөр дээрээ гаргаж байгаа. Нийслэл маш их хэмжээний орлого олдог болсон. Урьд өмнөхөөсөө илүү захиран зарцуулж байгаа.

Өнөөдөр банкны хүү, инфляци өндөр байна. Харин бонд хадгаламжийн хүүнээс 3-7 хувь өндөр байдаг учраас иргэд маань бонд авах хандлага нь түлхүү. Бонд буюу үнэт цаасны зорилго нь аливаа нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд тэндээсээ ашиг олох. Тэндээсээ хүмүүст ногдол ашиг хүртээдэг. Бонд бол хувьцаа шиг өдөр болгон арилжиж болдог зүйл биш учраас 1-2 жил түгжээтэй байна гэсэн үг. Хүү нь ч тогтвортой байдаг. хадгаламжийн хүүнээс өндөр учраас инфляцид идэгдээд байгаа хүүнээсээ илүү өндөр ашиг хүртэхийн тулд бонд авч байгаа.

Монгол Улсын өр жилээс жилд нэмэгдэж байна. 2016 онд МАН засаглаж эхэлснээс хойш есөн удаа бонд гаргасан байгаа юм. “Мазаалай”, “Хуралдай”, “Гэрэгэ”, “Сэргэн мандал”, “Номад”, “Сенчури-1”, “Сенчури-2”, “Сенчури-3”, “Сенчури-4” зэрэг бондууд гаргасныг ард түмэн тэр бүр мэддэггүй. Ер нь нийслэл хот бонд гаргахдаа улаанбаатарчуудаасаа асуух ёстой. Гэтэл эрх баригчид нийслэлийнхээ 45 төлөөлөгчөөс ч асуухгүйгээр бие даан шийдээд байгаа нь өрөөсгөл юм. Өнөөдөр нийслэл хотод нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тэгэхээр Улаанбаатарын асуудал гэдэг бол Монгол Улсын 50 хувь нь гэсэн үг. Үүнийг зөвхөн намын бүлэг дээрээ юмуу хэн нэгэн эрх мэдэлтэй дарга шийддэг тогтолцоо руу очоод байгаа нь данхар төр, даргыг хамгаалдаг байсан хуучин хаалттай нийгэм рүү ухарч байгаа үзэгдэл юм.

-Эдийн засагч хүний хувьд татварын асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Эрх баригч намынхан нэг ч хувийн татвар нэмэхгүй, зээлийн хүүг нэг хувь болгоно гэж амлаж байсан. Гэтэл иргэд асар их татвар төлж байна. Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ, НӨАТ зэрэг. Жирийн иргэн нэг сая төгрөгийн цалингийнхаа 350 мянган төгрөгийг татварт шууд өгч байна. Дээрээс нь нийслэлийн татвар нэмэгдэнэ. Худалдан авалт, хоол хүнс, үйлчилгээ гээд бүх зүйлээс нэг хувийн татвар авдаг байсан бол одоо шууд хоёр хувь болж өссөн. Хогны төлбөр бас 50 хувь нэмэгдсэн. Татвар нэмэгдэхийн хэрээр ажил нь сайжрах ёстой. Гэтэл нийслэл хот өнөөдөр замаа ч олигтойхон засч чадахгүй, тоос шороондоо дарагдсан байна. Сонгуулийн жилд улстөрчид одоо хий хоосон амлалтууд их өгдөг. Ингэснээр улсын эдийн засагт хүндрэл учирна. Үүний дарамт Монголын ард түмний нуруун дээр ирдэг. Ямар ч дарга хариуцлага хүлээдэггүй. Тэд гоё зүйл яриад өнгөрдөг.

-Төрийн хэмнэлтийн тухай хуультай болсон. Энэ хуулиар татвараа нэмэхгүйгээр хэмнэх боломжтой юу?

-Ер нь сайн парламент яаж ажилладаг вэ гэхээр “Төрийн мөнгө гэж байхгүй шүү. Энэ бүгд ард түмний хөрөнгө. Бид ард түмний мөнгөнөөс нэг төгрөгийг ч хүртэл хяналттай зарцуулна” гэдэг байх ёстой. Манайд өнөөдөр хэмнэлт гэдэг үгийг хэлдэг нэг ширхэг ч дарга байхгүй. Төсвийн хэмнэлтийн тухай хууль гаргасан боловч жил бүр алдагдалтай төсөв баталж байгаа. Орлогоо хэт өндрөөр төсөөлдөг. Жил бүр манайх урсгал зардалдаа асар их хэмжээний мөнгө төлдөг орон. Ерөнхийлөгчийн төсөв хүртэл хэд дахин нэмэгдсэн. Ард түмэн улам ядуу, дарга нар цулайтлаа баяжиж байна. Өнөөдөр Монголд хиймэл оюун ухаан, сансрын технологи, аялал жуулчлал, инноваци, үйлдвэрлэл, авто зам, хурдны зам, хурдны галт тэрэг аль нь ч байхгүй. Зөвхөн хулгай бас дахин хулгай нүүрлэсэн.

-Ер нь татварын дарамтаас болж хувийн хэвшил томорч чаддаггүй. Бас цалингаа нэмж дийлдэггүй. Тэгэхээр төр хувийн хэвшлийг бодлогоор хэрхэн дэмжих шаардлагатай вэ?

-Олон улсад бизнес, төр хоёр тусдаа байдаг. Холилдож огт болохгүй. Гэтэл Монгол Улсад төрийн дэмжлэггүй бол ямар ч бизнес рүү орж чаддаггүй. Тэгш бус өрсөлдөөний зарчим руу орсон. Зээл авсан иргэдийн мэдээллийг харахад давхардсан тоогоор 4.5 сая зээл байна. 18-аас доош насны хүүхдүүдэд хуулиараа зээлийн эрх үүсэхгүй. Тэгэхээр нэг хүн нэгхэн газар зээлтэй биш, 2-3 зээлтэй байна гэсэн үг. Өнөөдөр Монголд бизнес эхлүүлээд хөл дээрээ босно гэдэг асар хүнд. Жижигхэн аж ахуйн нэгж, 1000 хүнтэй аж ахуйн нэгж яг адилхан татвар төлж байгаа юм. Дээрээс нь төрийн ажил хийдэг, тендер авдаг компаниуд л томордог. Зөвхөн мөнчгөрөөрөө гарч ирсэн компаниуд томрох ямар ч эрх зүйн орчин байхгүй. Өнөөдөр татвар, нийгмийн даатгалд өргүй нэг ширхэг ч компани алга. Шууд данс хаачихдаг. Тэгэхээр чинь ямар ч мөнгө олох боломжгүй. Ер нь ашиг олж, асуудлыг шийдэхийн тулд бизнес хийдэг. Тэгвэл Монголд өрөө дарахын тулд бизнес хийж байна. Бизнесийнхэнд дарамт асар ихтэй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсан боловч бүх байцаагч нь яаман дээрээ байгаа. Яг өмнөх шигээ шалгалтаа адилхан хийгээд, хяналтаа тавиад улаан хуудсаар компанийн үйл ажиллагааг зогсоогоод явж л байгаа. Олон улсад компани байгаль орчинд ноцтой хор хохирол учруулах юм уу иргэдийн амь насанд халдаагүй тохиолдолд санхүүгийн торгууль тавиад явдаг. Манайх шиг шууд хаадаг балмад ажиллагаа ака буу барьсан газарт л байгаа байх. Харин хууль засагладаг оронд байхгүй. МҮХАҮТ-аас гаргадаг судалгаагаар манай улсад жил ирэх тусам бизнесийн орчин хумигдаж байгаа. Шударга өрсөлдөөн байхгүй.

-АН-ын өмчит компаниудыг хувьчлахыг дэмждэг. Тэгэхээр төрийн өмчит компаниудыг яаж, ямар замаар хувьчилж, бизнесийн орчныг томруулах вэ?

-Төрийн өмчит компани ашигтай ажилладаг нь маш ховор. Төр өөрөө өмчтэй болоод ирэхээрээ тэгш бус бизнесийн зарчим руу ороод ирдэг. Төр гуравхан зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүрэгтэй. Хоёрдугаарт, хувийн өмч хөрөнгийг хамгаалах ёстой. Гуравдугаарт, хувийн хэвшил хийж чадахгүй батлан хамгаалахын болон дэд бүтцийн салбаруудаа хийх ёстой. Бусад бүх зүйлийг хувийн хэвшил хийх хэрэгтэй. Ингэснээр зардал багасна. Үйлчилгээ сайжирна. Өрсөлдөөн нэмэгдэнэ. Иргэд хожино. Төр оролцоод байна гэдэг бол халамжийн систем буюу хаалттай улсын тогтолцоо руу яваад байна гэсэн үг. АН бол баруун төвийн үзэл баримтлалтай, эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Мөрөөрөө хөдөлмөр хийгээд, бизнес явуулж байгаа хүмүүст төр бага саад болж, төрийн эрх мэдлийг хязгаарлах ёстой. Хувийн хэвшилд боломж олгох нь зөв.

-Монголд доллар олж ирэх ямар боломжууд байна вэ. Яавал ам.долларын ханшийг 2000 руу оруулах уу?

-Монголд хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирж байгаа бүх мөнгө төв банкинд гацдаг. “Эх үүсвэрээ тайлагна. Мөнгө угаах гэж байна” гэдэг. Сая Баялгийн сангийн тухай сүрхий хууль батлагдлаа. Гэтэл Монголд гадаадын хөрөнгө оруулагчдыг орд газрын 20-иос дээш хувийг эзэмшиж болохгүй. Гадаадын иргэд газар эзэмшиж болохгүй гээд хориглоод байдаг. Юунд итгэж хөрөнгө мөнгөө оруулах юм бэ. Мөнгө нь орж ирэхээр банкаараа авч чадахгүй. Энд яг ямар бизнесийн орчин байгаа юм бэ. Үүний оронд хоёр цаг 30- хан минут нисээд Хонгконг юм уу Сингапурт очиход бүх юм нээлттэй. Мөнгөтэй л хүн бол Дубайд очиход тухайн улсын иргэнтэй адилхан хууль эрх зүйн орчин нээлттэй. Гэтэл манайд хөрөнгө оруулж ирэх боломж асар хомс. Ам.долларын ханш бууруулъя гэвэл төгрөг чадамжтай болох хэрэгтэй. Бид юу ч үйлдвэрлэхгүй байна. Валютаа гадагшаа урсгаж байна. Монгол хүний оюун санаа орсон нэмүү өртөг шингэсэн ямар ч бүтээгдэхүүн алга. Бүгдийг гаднаас худалдан авч байгаа цагт ам.доллар урсаад л байна гэсэн үг.

-Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана. Судлаач хүний хувьд нам, эвслүүд ямар тактикаар өрсөлдвөл гарч ирэх боломжтой гэж харж байна вэ?

-Энэ удаагийн сонгууль маш ойлгомжгүй. Дээрээс нь залуучууд, эрдэмтэд, шийдвэр гаргах түвшинд ажиллах хүмүүст маш халгаатай сонгууль. Тэр дундаа залуу хүмүүс танигдах бүр ч боломжгүй. Жишээлбэл, Архангай аймагт насаараа амьдарсан хүн Баянхонгорт очоод “Намайг сонгоорой” гэхэд хэн ч дугуйлахгүй. Тэрэнтэй адилхан өөр нэг захын аймагт байгаа хүн зэргэлдээ аймагт очоод санал ав гэдэг бол зөвхөн мөнгөтэй хүмүүст зориулсан гарааны боломж. Мөнгөтэй хүмүүс нисдэг тэргээр дамжиж буугаад олон мянган ухуулагч ажиллуулаад бүх телевизийн цагийг худалдаж авбал танигдахад амар. Дуучид, бөхчүүд, олны танил попордог улсуудад аятайхан сонгууль. СЕХ-ноос гаргасан сонгуулийн зардлын доод хэмжээгээр 1.5 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа. Ийм мөнгөтэй залуу хүн байх юм бол аль нэг улсын арал дээр хаус худалдаж аваад тэндээ амьдарсан нь дээр байх. Сонгуульд оролцож сонгогдох магадлал нь байхгүй. Ийм шударга бус, ардчилсан бус сонгуулийн сонголт руу шахаад оруулчихлаа. Эрх баригчид сонгуулийг баасан гаригт зохион байгуулахаар товложээ. Залуучууд амралтын өдрүүдийг далимдуулаад хөдөө, гадаа салхинд гардаг шүү дээ. Энэ нь сонгуулийн ирцэд нөлөөлж л таарна. Тэгэхээр залуучууд хувь заяаныхаа эзэн болж хариуцлагатайгаар сонгуулиа өгөх ёстой. 3.5 сая хүний амьдралыг сонгуулийн насны 1.3 сая хүн шийдэж байна. Өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийх хэрэгтэй. Цагаан сонгууль хийж огт болохгүй. Тэгэх юм бол эрх баригч юмуу олон санал авч байгаа намдаа өгч буй шууд тогтолцоо. Тиймээс заавал хоёр, гуравдагч намыг сонгоорой. Тэгж чадвал тогтвортой Засгийн газартай, сайн сөрөг хүчинтэй болно. Монголын ард түмэн хэрсүү учраас сонгуулиа идэвхтэй өгөх хэрэгтэй

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ DNN.mn

Гадаадад ажил хийхээр явсан монголчуудаа манайхан нийтээрээ өрөвдөх юм. Төр засаг нь бүр тэднийг хүчээр эх оронд нь авчрах бодлого хүртэл сая ярьж баалууллаа. Иргэдийн дунд бол “Гадаадад ажиллаж байгаа хүн бүхэн боолын хөдөлмөр эрхэлдэг” гэдэг ойлголттой болчихсон. Саяхан УИХ-ын чуулган дээр яг ингэж хэлцгээж байлаа. Үнэндээ энэ бол явцуу хандлага, нэг талдаа шал худлаа суртал ухуулга юм. Тэгвэл боолын хөдөлмөр хаана байгааг хэдүүлээ нэг тогтож бодоод үзье.

Боолын хөдөлмөрийг гадаадад гарсан монголчууд биш дотоодод байгаа нь эрхлээд байгаа юм биш үү. Манай авч байгаа цалин хөлсийг хараад хэн ч ингэж хэлнэ. Монголд өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүний дундаж цалин 300 ам.доллар. Монгол мөнгөөр нэг сая орчим төгрөг. Үүнээс ч бага цалинтай иргэд олон бий. Харин гадаадад байгаа монголчуудын дундаж цалин 3000 ам.доллар. Ингээд харахад хэн боол юм шиг санагдаж байна. Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газраас гадаадад амьдарч буй монголчуудын дундаж орлогыг танилцуулахад АНУ-д монголчууд дунджаар 14 сая төгрөгийн орлоготой, Австралид 10 сая, Швейцарт найман сая, ХБГНУ-д найман сая, Шведэд долоон сая, БНСУ-д зургаан сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Монголд ажиллаж байгаагаас даруй 10 дахин өндөр үнэлэмжтэй. Тэгэхээр боолын хөдөлмөрийг хэн нь эрхлээд байгааг эрх биш энэ тоо харуулсан байх.

Өргөн хэрэглээний барааны үнэ нь тэнгэрт хадчихсан, төр засаг нь халамжийн бодлогыг хавтгайруулчихсан, хаана ч байхгүй өндөр хувьтай татвар, нийгмийн даатгалаар мөлждөг, улстөрч түшээд нь төсвийн мөнгийг халаасладаг, авлига албан тушаалын хэргүүд замхардаг ороо бусгаа нийгэмд аж ахуйн нэгжүүд нь өндийж чадахгүй. Ажилчид, албан хаагчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж, дэлхийн жишигт хүргэж хүчрэхгүй байгаа юм. Ийм нийгэмд сарын 300 доллараар цаг наргүй хөдөлмөрөө үнэлүүлж байгаа монголчууд л жинхэнэ боолын хөдөлмөр эрхэлж байна гэж хэлнэ. Чөлөөт зах зээл хөгжсөн, ардчилсан дэлхийн ихэнх улс оронд ийм үзэгдэл ерөөсөө байхгүй. Байх ч боломжгүй. Хатуу дэглэмтэй, эсвэл төр засаг нь босогчдын гарт орсон цөөн хэдэн улсад л яг манайх шиг хөдөлмөрийн мөлжлөг байдаг юм.

Ийм үнэлэмжээр амь амьдрал, ар гэрээ авч явах боломжгүй, эх орондоо боолын хөдөлмөр эрхэлж байгаагаа ухаарсан хүмүүс харийг зорьж байгаа хэрэг. Гадаадад байгаа монголчууд жил бүр 260 сая ам.долларыг Монгол руу шилжүүлдэг юм байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж, валютын нөөц бүрдүүлэх нэг эх үүсвэр болж байгаа тухай мэргэжлийн хүмүүс онцолдог юм билээ. Тэгэхээр гадаадад гарсан монголчууд боолын хөдөлмөр эрхэлдэг гэдэг дэмий яриаг одоо болих хэрэгтэй. Солонгост ажиллаж байгаа нь ингэж солиороод л энд байгаа эрх баригчид нь ч тэгж солиороод байдгаа одоо больё оо. Зургаан сая төгрөг сар бүр авчихаад ингэж хэлж байгаа тэдэнд мөнгөний заяа гомдох байлгүй. Харин эх орондоо бид хөдөлмөрийн мөлжлөгт хэдийнэ орсон шүү гэдгийг хүлээн зөвшөөрч үнэн мөнийг зоригтой хэлдэг болъё.

Гадагшаа гарах монголчуудын урсгал жил бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн 10 жил тэд бүр хурдтайдайжиж буйг судалгааны байгууллагууд үе үе танилцуулдаг. Үндэсний стастистикийн хорооны судалгаагаар 2022 оны байдлаар 90 хоногоос дээш хугацаагаар гадаад руу явж байгаа иргэдийн тоо ковидын өмнөх үеэс гураваас дөрөв дахин нэмэгдсэн. Тодруулбал, 2019 онд 47 мянган иргэн гадагшаа явсан бол 2022 онд 123 мянга болж нэмэгдсэн гэж байгаа юм. Амьдрал дээр ч энэ дүрвэлт ажиглагддаг. Багш нар зуны амралтаар БНСУ руу бөөн бөөнөөрөө виз мэдүүлдэг. Бүр нэг сумын бүх багш виз мэдүүлсэн тохиолдол хүртэл бий шүү. Дээр нь эмч нар, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэжилтнүүд, инженерүүд олноор явах болсон. Учир нь улс оронд хэрэгтэй чухал мэргэжлийн хүмүүсийн цалин хөлсний үнэлэмж гадаадынхаас 10 дахин доогуур байгаатай холбоотой юм.

2011 онд Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулагчдын цуваа үүсчихсэн өнөөдрийнхөөр бол гайхамшиг гэж хэлж болох цаг үе байв. Хэдхэн жилийн дараа Монгол бол Азийн бар болно гэж гадны шинжээчид ам уралдан зарлаж, дэлхийн том брэндүүд Улаанбаатарт оффис, байрны эрэлд гарцгааж байлаа.

Тэр үед дотоодод ажил хөдөлмөрийн үнэлэмж ч огцом өссөн. 2010 онд хөдөлмөрийн зах зээл дээрх эрэгтэйчүүд 370 мянган төгрөгийн цалинтай байсан бол хоёр жил гаруйн дараа 2013 онд 860 мянга болсон байлаа. Эмэгтэйчүүд ч ялгаагүй. 314 мянгаас 688 мянга руу буюу цалин хөлс 2-3 дахин өссөн үзүүлэлт байдаг. Тухайн үед ам.доллар 1200 төгрөгтэй тэнцэж байв. Үүгээр тооцвол 716 ам.долларын цалин авч байжээ. Тэгвэл одоо 300 ам.доллар хавьцаа л цалинтай байна. Тэр үед гадаадад ажиллаж амьдарч байсан монголчууд эх орноо олноор зорин ирсэн байдаг. Гэвч уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг төр засаг, ард нийтээрээ орилсоор хөгжлийн гэрэл цухуйж эхэлсэн тэр цаг үе дорхноо өөрчлөгдсөн. Эдийн засаг ч тэр дороо уруудсан. Гадаадынхан гарч, валютын нөөц ч хомсдсон. Дагаад төгрөгийн ханш суларч , төр засаг нь халамжийн бодлогоо хавтгайруулсан. Төгрөг цаас болсноор хөдөлмөрийн үнэлэмж шууд дордсон. Эх орондоо сайхан ажиллаж амьдрахаар ирсэн монголчууд буцаад л гарсан.

Төр засаг буруу бодлого явуулах, нийгмээ буруу оношлох, ард түмнээ үл тоож, эрх мэдлийн төлөө дайтах ийм л хор хөнөөлтэй. 13 жилийн өмнөх 17 хувийн эдийн засгийн өсөлт уруудсан тэр цаг үеэс өнөөдөр хүртэл гялтайх өөрчлөлт гарсангүй. Тодорхой нэг үр дагавар нь монголчууд гадаадыг зорих тоо жил бүр өссөөр байгаа нь юм шүү дээ. Тэд дотоодод боолын хөдөлмөр эрхлэхээс халширч, үнэлэмж сайтай гадаадын улс орнуудыг зорьж байгаа юм. Үүнийг төр засаг, эрх баригчид нь санаатай юм шиг буруугаар тайлбарлаж, гадагшаа гарчихсан хүмүүс нь араас ирээд ажил булаачихна гэж боддог ч юм уу гэлтэй “Боол болоод байна” гэж орилолдон ард түмнээ хуурсаар байдаг нэг муу явуургуй үнэгэн залиа хаана хаанаа татах хэрэгтэй байна.

Б.ЭНХЗАЯА