ХАМАС-ын төлөөлөгчид Каир хотод хүрэлцэн ирж, Газад гал зогсоох, Израилийн барьцаалагдсан хүмүүсийг суллах тухай хэлэлцээг дахин эхлүүлэв. Уг хэлэлцээ хэдэн сарын завсарлагатай үргэлжилж байгаа ч энэ удаа талууд гал зогсооход үнэхээр ойрхон болжээ. Тухайлбал, “Reuters” Египетийн хэлэлцээнд оролцож буй эх сурвалж “Энэ удаа үр дүн өөр байх болно. Бид олон зүйл дээр тохиролцоонд хүрсэн. ХАМАС-ын төлөөлөгчид Египет, Катарын зуучилсан уг хэлэлцээрийн үр дүнд “эерэг” сэтгэлтэй байна. Бид Палестинчуудын шаардлагад нийцсэн тохиролцоонд хүрсэн” гэж мэдэгдсэн болохыг мэдээлжээ. Уг хэлэлцээний талаар Палестины албаны хүн “Reuters” агентлагт өгсөн тайлбартаа өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийлж, нэрээ нууцлахыг хүссэн уг албан тушаалтан “Энэ удаад бүх зүйл илүү дээр байна.Гэхдээ тохиролцоонд хүрэх эсэх нь Израилийн амлалтаа хэрэгжүүлэх хангалттай санал тавих эсэхээс хамаарна” гэж хэлжээ.
Израиль ХАМАС-тай эвлэрэх шинэ нөхцөл санал болгосон нь тодорхой болоод байгаа бөгөөд үүнийг АНУ “маш өгөөмөр” санал гэж нэрлэсэн байна. Одоо Палестины бүлэг тэдэнд хариугаа өгөх л үлдээд байгаа ажээ.Каир хотод хүрэлцэн ирсэн АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс зэрэг зуучлагчид Израилийн тал ХАМАС бүлэглэлийн гарт байгаа нийт 133 (дор хаяж 30 нь нас барсан гэж таамаглаж байгаа) барьцаалагдсан иргэдийг сулласан тохиолдолд Газын зурвас дахь байлдааны ажиллагааг түр зогсоох тохиролцоонд хүрэхийг хичээж байна гээд гал зогсоох хэлэлцээр байнгынх уу, түр зуурынх уу гэдэг нь гол асуулт хэвээр байна гэжээ.Одоо 40 хоногийн гал зогсоох завсарлага авахаар тохиролцож байгаа бөгөөд энэ хугацаанд Израилийн барьцааны хүмүүс болон шоронд хоригдож буй палестин хоригдлуудыг суллах юм байна. ХАМАС-ын тал энэ хэлэлцээрт дайныг бүрэн зогсоох Израилийн амлалтыг багтаасан байх ёстой гэж үзэж байгаа ч Израилийн албаныхан Газын зурвас дахь террорист бүлэглэлийн эсрэг тэмцсээр байх болно гэж мэдэгджээ. Израилийн нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан өнгөрсөн бямба гаригт “Haaretz” сонинд өөрийн засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг тодорхой илэрхийлсэн бөгөөд “Ямар ч тохиолдолд Израиль манай барьцаалагдсан хүмүүсийг суллах явдал дээр дөрөөлөн дайныг зогсоох гэж оролдохыг бид зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Харин Израилийн хамгийн том дипломат албаны хүн болон цэргийн гол холбоотон АНУ энгийн иргэдийг илүү ихээр хохироож болзошгүй Израилийн шинэ давшилтыг дэмжихгүй байгаа юм. Энэ талаар Израилийн шинэ төлөвлөгөө нь өмнөх төлөвлөгөөнөөсөө эрс ялгаатай гэж хэлэлцээрт ойр байгаа “ВВС”-ийн эх сурвалж мэдэгджээ. Харин ХАМАС-ын зүгээс барьцаалагдсан хүмүүсийг суллаж, хойд Газын оршин суугчдыг гэртээ буцаж ирэх боломжийг олгохын тулд 40 хоногийн хугацаатай гал зогсоох нөхцөл энэ хэлэлцээрт багтсан гэж мэдээлсэн байна. Энэ тухай “Axios” агентлаг “Израилийн албаны хүмүүс Газын зурвасын зүүн болон баруун хэсгийг тусгаарлаж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулж буй коридороос цэргээ гаргахыг зөвшөөрөхөд бэлэн байна” гэж мэдээлжээ. Ийнхүү Израиль Газад энх тайван сэргээх гэрээ хийхэд бэлэн байгаа бөгөөд энэ нь ХАМАС-ын гэрээ байгуулах шаардлагыг хангаж байгаа юм байна. Ялангуяа “Axios” “Израилийн эрх баригчид хэлэлцээрийн хоёр дахь үе шат байж болох байнгын эвлэрлийн асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрсөн байна” гэж онцлон мэдээлжээ. Мөн нэрээ нууцалсан Израилийн албаны хүмүүс болон дипломат төлөөлөгчид “New York Times” болон “Financial Times” сонинд “Эхний шатанд 40 бус харин 33 манай барьцаалагчийг суллана гэсэн ХАМАС-ын саналыг бид хүлээн авсан” гэж мэдээлсэн. Гэтэл Каир хотноо эхэлсэн Израил болон ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдийн хооронд хийсэн шууд бус хэлэлцээ зогсоод байна. Энэ тухай Америкийн телевизийн “CBS News” суваг исламист ХАМАС бүлэглэлийн эх сурвалжаас эш татан мэдээлэв. Уг телевизийн мэдээлснээр, Израиль 40 израиль иргэнийг суллахын тулд Газын зурваст зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох саналд ХАМАС саналаа ирүүлэхээс нааш хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэж Израилийн тал мэдэгджээ. Мөн Египетийн телевизийн “AlQahera News” компани ХАМАС бүлэглэл Израилийн Батлан хамгаалах хүчний (IDF) Газын зурвас дахь цэргийн ажиллагааг бүрэн зогсоож, Израилийн цэргийг бүс нутгаасаа гаргах тухай тохиролцоонд хүрэхийг шаардсан байна гэж мэдээлэв. Харин Америкийн “The Wall Street Journal” сонин“ Хэрвээ лалын ХАМАС бүлэглэлтэй долоо хоногийн дотор гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол Израилийн цэрэг Рафахад цэргийн ажиллагаагаа эхлүүлнэ гэж Израиль ХАМАС бүлэглэлд ультиматум тавьсан” гэж мэдээлсэн байна. Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хот нь ХАМАС бүлэглэлийн сүүлчийн түшиц газар болоод байгаа юм. Гэвч Израиль олон улсын шахалтаас үүдэн хоёрдугаар сараас Рафахад цэргээ оруулахаа хойшлуулсаар байгаа билээ. Израилийн цэргийн хүчний ажиллагааны улмаас Газын зурвасын хойд хэсгээс аргагүйн эрхэнд нүүж ирсэн 1.3 сая орчим палестинчууд тус хотод хоргодож байгаа юм. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг болон Израилийн хэд хэдэн гол холбоотон Рафах руу цэргээ илгээх Израилийн санааг шүүмжилж байгаа бөгөөд энэ нь Палестины энгийн иргэдийн байдлыг улам дордуулна гэж үзэж байгаа юм. Харин хэлэлцээрт ахиц гарахгүй байгаа энэ үед Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху гал зогсоох тохиролцоонд хүрэх эсэхээс үл хамааран Израиль Рафахад цэргийн ажиллагаа явуулж, ХАМАС-тай хийх дайныг үргэлжлүүлэх ёстой гэж шаардаж байгаа бөгөөд гол нь террорист бүлэглэлийг бүрэн устгаж “зорилгодоо хүрэх” явдал гэж мэдэгдэж байгаа билээ.
ХАМАС 10 дугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт халдан, Израилийн тоо баримтаар 1200 хүний аминд хүрч, 253 хүнийг нь барьцаалан авч явсны дараа Израиль Газын зурваст довтолж эхэлсэн. Түүнээс хойш Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 34 мянга гаруй палестин хүн амиа алдаж, тус зурвас газрын ихэнх хүн ам орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрээд байгаа билээ. ХАМАС бүлэглэл “Израилийг газрын хөрснөөс арчина” гэсэн уриатай сонгуульд орж, засгийн эрхэнд гарсан бөгөөд үүнийгээ биелүүлэх гэж оролдсон. Харин Израилийн төр, засаг хариу арга хэмжээ авч байна. Хэний зөв болохыг өнөөдрийн бид бус хожмын түүхчид тогтоох болно.
Бэлтгэсэн Г.ЗОЛБОО