Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас гаргасан нэгэн шийдвэр олны ундууцлыг төрүүлээд байна. Энэ нь импортын цементийн татварыг таван хувь болгон бууруулсан явдал юм. Сар хүрэхгүйн өмнө гурил, тэжээлийн импортын татварыг хугацаагүй чөлөөлсөн нь мөн л асуудал дагуулж зарим тариалан эрхлэгч энэ жил улаанбуудай тариалахгүй дээрээ хүртэл тулж байв. Ингэхдээ тэд салбараараа дампуурах эрсдэл бий болно гэдгийг ч хэлж байсан.
Тэгвэл энэ удаад дөнгөж өндийж байсан цементийн салбараа мөн л татан унагах бодлогыг Засгийн газар гаргав бололтой. Ердөө хэдхэн жилийн өмнө стратегийн бүтээгдэхүүн учраас дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих хэрэгтэй гэж үзээд 2015 онд импортын цементийн албан татварыг нэмж байлаа. Үүний дараахан цар тахал залгасан учраас энэ салбар олигтой өндийж чадахгүй байсаар одоо л нэг юм босч байсан гэдгийг энэ салбарынхан хэлж байгаа юм. Дээрээс нь зарим нэг үндэсний үйлдвэрлэгчээ улс төрийн зорилгоор намнаж, үйлдвэрлэлд нь доголдол хүртэл үүсгэж байлаа.
Манай улсын цемент үйлдвэрлэлийн салбарт одоогийн байдлаар “Эрэл” цементийн үйлдвэр /жилд 180 мянган тонн/, “Цемент шохой” ХХК /жилд нэг сая тонн/, “Монцемент Билдинг материалс” ХХК /жилд нэг сая тонн/, “Мөнхийн баян гал” ХХК /жилд нэг сая тонн/, “Мак Цемент” ХХК /жилд нэг сая тонн/, “Налгар түшиг” ХХК /жилд 50 мянган тонн/, “Ховд эко цемент” үйлдвэр ХХК /Жилд 280 мянган тонн/ гэсэн нийт долоон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин манайл улсын цементийн нийт хэрэглээ жилийн хоёр сая тонн байдаг бөгөөд дээр дурдсан долоон үйлдвэр нийлээд 4.5 сая тонн буюу жилийн хэрэглээнээс 2.5 сая тонноор давсан хэмжээний үйлдвэрлэл явуулах хүчин чадалтай байна. Үнийн хувьд ч дотоодын болон хятад цемент хоорондоо нэг их ялгаагүй байна. Зарын дагуу утсаар тодруулахад МАК-ийн цемент тонн нь 325 мянган төгрөг, Хөтөлийн цемент 380, Мон цемент 330 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа бол, хятад цемент 310 мянган төгрөгийн үнэтэй байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Улаан цементийн үйлдвэрийн задгай нь 295, шуудайтай нь нэг тонн нь 300 мянган төгрөг байгаа нь одоогийн байдлаар хамгийн хямд байгаа юм.
Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулахдаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дотоодын үйлдвэрүүд бэлэн бүтээгдэхүүний нөөц байхгүй тул үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулсан хэмээн мэдэгдсэн. Гэвч бодит байдалд нөөц хангалттай байгааг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монцемент компани 260 мянган тонн, Хөтөлийн Цемент шохой компани 110 мянган тонн, Мак Евро цемент ХХК 240 мянган тоннын тус тус нөөцтэй байна. Ердөө гуравхан үйлдвэрийнх нь одоогийн нөөц л гэхэд улсын жилийн хэрэгцээний 30 гаруй хувь болж байгаа юм. Нэмээд дээрх үйлдвэрүүдийн үйлдвэрлэл өдөр бүр тасралтгүйгээр явагдаж байгаа гэхээр манай улсад цементийн хомсдол нүүрлэж, нөөцгүй болчихсон зүйл огт алга.
Ийнхүү зах зээл, үйлдвэрлэлийн мэдээллээ нягтлан судлаагүй Засгийн газрын шийдвэрийн нөлөөгөөр дотоодын үйлдвэрлэгчид хаалгаа барих эрсдэл үүсч байна. Мөн дээрх үйлдвэрүүдэд ажиллаж байгаа 3000 гаруй ажилтан, ханган нийлүүлэгч компаниудын 10 мянга хол давсан ажилтны ажлын байр ч эрсдэлд орж байна. Дээрээс нь цементийн үнэ барилгын өртөгт тийм том нөлөө үзүүлдэггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Нэг ёсондоо цементийн үнэ 10 хувиар өсөхөд нийт материалын зардал нэг хүрэхгүй хувиар л өсдөг байна.
Энэ талаар эдийн засагч Ц.Отгочулуу:
“Цемент өөрөө стратегийн шинжтэй бүтээгдэхүүн. Барилгын чанараар дамжаад хүний, хотын аюулгүй байдалд нөлөөлдөг. Иймд чанарын асуудал зайлшгүй яригдана. Нөгөө талаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд зээл их өгсөн. Тэдгээр зээл чанаргүйдэх эрсдэлтэй. Мөн дотоодод нэмүү өртөг шингээдэг бизнес буурч, үндэсний ажлын байр цөөрч болзошгүй. Барилгын өртөг зардалд тийм ч их хувь хэмжээ эзэлдэггүй бол онцын нөлөө байхгүй. Гаднаас оруулах нь хил дамнасан өртөг ихтэй тээврийн сүлжээгээр дамждаг. Үнэ дээр тэр өртөг шингэж таарна. Дээр нь импортын нэвтрүүлэх хүчин чадал сул. Цементээс бусад төрлийн импортын бараанд саатал үүсвэл мөн л ерөнхий инфляцид сөрөг нөлөөтэй. Ер нь ард иргэдээ ажилтай орлоготой болговол заавал үнэ тогтоох гэж хүчээр оролдох, арайхийн босож буй үндэсний үйлдвэрлэлээ унагаах шаардлагагүй. Бүх салбарт үнэ чөлөөл, худалдааг чөлөөл. Тэгээд иргэд, ААН-д баяжих боломж өг. Улс төрийн өрсөлдөгч гэж харж байгаа хүнийхээ бизнесийг хорлох гэсэндээ нийт үндэсний үйлдвэрлэлээ унагах хэрэггүй” хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Үнэхээр ч сүүлийн үед улс төрийн оноо авах, өрсөлдөгчөө намнахын тулд гаргасан шийдвэрүүд нь эцсийн дүндээ дотоодын үйлдвэрлэгчид, үндэсний салбараа татан унагах эрсдэлийг бодитоор бий болгож байгаа.
Стратегийн бүтээгдэхүүн гэж үзсэн цементийн үнийг бууруулахын тулд Засгийн газраас энэ удаад хамгийн амар хялбар замыг сонголоо. Өмнө нь ч ийм л арга хэрэглэж байв. Өнгөрсөн 2022 онд Хөтөлийн цементийн үйлдвэр доголдож хомсдол үүсэхэд импортын татварыг нь шууд тэглэж байлаа. Үүний дүнд тухайн ондоо 4.92 сая ам.доллараар урд хөршөөс цемент авсан гэсэн тооцоолол байдаг. Тэгэхээр энэ удаагийн шийдвэрээрээ Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ боомилоод зогсохгүй энэ хэрийн валютыг гадагшаа урсгах боломжийг нээлээ. Зарим эх сурвалж Хятадын цемент үйлдвэрлэлийг дэмжсэн шийдвэр гаргалаа гэж хардаж буйгаа ч хэлж байгаа юм.
Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Баатараас энэ тухай тодруулахад “Одоо дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн цементээ борлуулахад асар хүндрэлтэй болно. Дээрээс нь гадагшаа гардаг валютын урсгал нэмэгдэнэ. Цементийн үнэ барилгын үнэд тийм их нөлөөлдөггүй. Гол нөлөөлдөг зүйл нь дэд бүтэц, газар худалдан авах л байдаг. Он гарснаас хойш цементийн үнэ гурван удаа буурсан. Гэтэл ингээд байхад бараг татваргүй болгочихлоо. Харамсалтай байна. Энэ шийдвэрийг би хувьдаа “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг л зүйл боллоо гэж харж байгаа. Одоо 10 мянган хүний ипотекийн зээл хэрэв бүтвэл барилгын салбар сэргэнэ. Гэхдээ орон сууцны үнэ улам л нэмэгдэнэ. Учир нь хэрэгцээ нь гараад ирсэн учраас нэмэгдэж л таарна хэмээн хэлсэн.
Импортын цемент ихээр орж ирэхэд дагаад чанарын асуудал яригдана. Учир нь цементийг чанараар нь ангилаад сайн, муу гэдгийг нь тогтоочих хүчин чадалтай лаборатори одоогоор манай улсын хил дээр алга. Нэг ёсондоо Хятадын барилгын салбар уналттай, бүтээн байгуулалт саармагжсан байгаа энэ үед гаалийн татварыг бууруулсан нь тус улсын цемент үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого гэхээс өөр яалтай. Учир нь хэдэн сараар агуулахад хадгалалтын горим баримтлалгүй чанараа алдсан хятад цемент их хэмжээгээр хилээр орж ирэх боломжтой болжээ. Уг нь цементийн хадгалалтын хугацаа 6 сар байдаг бөгөөд үүнээс илүү хугацаанд хадгалсан цементийн бэхжих хугацаа уртсаж, бат бэхийн үзүүлэлт буурдаг. Чанар муутай цементээр зуурмаг хийх нь барилгын бусад түүхий эдийн орц найрлагыг нэмэгдүүлж, бүтээлийг бууруулж, үйл ажиллагааны зардал нэмэгдэх шалтгаан болдог байна. Өөрөөр хэлбэл, хэмнэх гээд хямд цемент авах нь бодит байдал дээр өртгийн өсөлтийг бий болгодог. Үүний гол хохирогч нь иргэд, хэрэглэгчид болохоор байна.
Энэ асуудлыг эдийн засагч Н.Энхбаяр хөндсөн.
Түүний хэлж буйгаар бол дотоодын цементийн үйлдвэрүүд дур зоргоороо хясан боогоод үйл ажиллагаагаа тасалдуулж байна гэсэн тайлбарыг төр засгаас ярьж байна. Гэтэл дотоодын үйлдвэрүүдэд цахилгааны хомсдол гэсэн маш том хүчин зүйл байна. Дээрээс нь алслагдсан орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд тээврээ хийх гэхээр зуны улиралд хүнд даацын автомашиныг нь явуулдаггүй юм билээ. Эдгээр асуудлыг нь эхлээд шийдэж өгөх хэрэгтэй. Дээрээс нь манайхан гурил л бол гурил, цемент л бол цемент гэж ойлгоод татвар тогтоогоод байна. Энэ бол арай л бүдүүлэг явдал. Гэтэл энэ хоёр чинь дотроо ангилалтай. Цементийг дотор нь 5-7 ангилдаг юм билээ. Тэгэхээр барилгын салбарт хамгийн өргөн хэрэглэж байгаа ангиллыг нь манай дотоодын үйлдвэрүүд хангаж чадаж байгаа бол түүнийг нь татвараас чөлөөлөөд байх хэрэггүй.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” гээчийг хэрэгжүүлж, тэр дундаа Аж үйлдвэржилтийн сэргэлт гэж их ярьж байгаа. Гэтэл сонгууль дөхөөд энэ бүхнийхээ эсрэг яваад байна уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Учир нь сонгуулийн санал авч, ирэх дөрвөн жил саарал ордонд залрахын тулд газар тариалангийн салбараараа дэнчин тавьсан бол энэ удаад цементийн үйлдвэрлэлийг хаяж өглөө. Баялгийн санд цугласан мөнгөөр нийт 10 мянган хүнд ипотекийн зээл олгоно гэж мэдэгдсэнийхээ дараахан импортын цементийн татварыг таван хувь болгосон нь ердөө л санал цуглуулах, оноо авах гэсэн оролдлого. Гэхдээ энэ бүхний эцэст дотоодын үйлдвэрлэл хаалгаа барих, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх эрсдэл маш өндөр болж байгааг дахин дурдах нь зүйтэй. Мөн хамгийн чухал нь барилгын чанар. Үүнийгээ дагаад иргэдийн амь нас, эрүүл мэнд хүртэл хөндөгдөнө. Тиймээс амар хялбар арга замыг сонгож, ард түмнийхээ саналыг авахын тулд гаргасан бол энэ шийдвэрээ эргэж хараасай гэдгийг салбарын мэргэжилтнүүд захисныг үүгээр дамжуулан уламжилъя.