Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ DNN.mn

Төв аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч ажиллав.

Ослын голомтод аврагчдыг очиход 2 шалаанзны голд нэг иргэн хавчуулагдсан цус их алдсан байжээ.

Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, Э-гийн амь насыг аварч, Яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн байна.

Ослын голомтод эмнэлгийн байгууллагаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгууллагаас 5 алба хаагч ажиллажээ.

Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа DNN.mn

Мэргэжлийн бокст хүч үзэж буй Э.Цэндбаатар өнөөдөр PROBOX холбоонд 10 дахь тулаанаа хийсэн юм.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Канадын тулаанч Мохамед Соумаорог ялсан бол өнөөдөр Пуэрто Рикогийн боксчин Алберто Меркадог хожлоо.

Нийт найман үе тулалдах тулааны гуравдугаар үед өрсөлдөгчийг нь эмчийн үзлэгээр цааш тулалдах боломжгүй гэж үзсэнээр Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 10 дараалан ялж байна.

Э.Цэндбаатар олимпийн боксын сорилгод ялснаар Тайландад болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ. Уг тулааны дараа Тайландад буй шигшээ багийнхан дээр очиж, “Парис 2024” эрхийн төлөө хүч сорих юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Номингэрэл: Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоог МАН өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ил, далд хэлбэрээр нурааж байна DNN.mn

Үндсэн хуулийн эрх зүй судлаач Хуягийн Номингэрэлтэй ярилцлаа.


-МАН эрх барьж буй найман жилийн хугацаандаа Үндсэн хуульд гурван удаа нэмэлт оруулсан. Хамгийн сүүлд орсон нэмэлтээр тогтолцооны өөрчлөлт хийж чадлаа хэмээн тайлбарлацгаадаг шүү дээ. Үндсэн хууль судалдаг хүний хувьд та үүнтэй санал нийлэх үү?

-Ардчилсан Үндсэн хууль хэрэгжээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг харахад парламент ба засгийн газрын хоорондын хяналт тэнцлийн асуудал гол сэдэв болсоор иржээ. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалтай холбоотой зохицуулалтаар ахиц гарсан боловч хэрэгжилтийн түвшинд асуудал байсаар байна. Орон нутгийн өөрөө удирдах чиглэлд орсон өөрчлөлтийг хэрхэн ашиглах гэж байгаа нь одоо л тодорхой болох гэж байх шиг байна. Тухайн үед олон нийтийн анхаарлын гадуур байсан өөрчлөлтүүдийн нэг л дээ.

Ерөнхийдөө хэвтээ буюу УИХ, засгийн газар, Шүүх гурав хэрхэн харилцах, босоо буюу төв засгийн газар орон нутгийн удирдлага хэрхэн харилцах, ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэсэн хоёр түвшний эрх мэдлийн хуваарилалт Үндсэн хуулийн хувьд суурь шинжтэй үзэл баримтлал байдаг.

Хэвтээ эрх мэдлийн хуваарилалтын үүднээс эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг одоо цогцоор нь харахад газар руу эрх мэдлийг нэлээд төвлөрүүлсэн. Тэр дундаа 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр энэ хийгдсэн. Тэр үед газар тогтвортой, хараат бус ажиллаж чадахгүй байна гэхчлэн зүй ёсны шаардлагууд байсан. Бид газартаа эрх мэдэл төвлөрүүлж өгч байгаа, түүнийг хянах УИХ-ын чадавхаа бас анхаарах ёстой. Ер нь нэг нам, Ерөнхий сайд засгаа ч, УИХ-аа ч хянаж байгаа тохиолдолд хүчтэй сөрөг хүчин, олон ургалч парламент ач холбогдол өндөртэй. Үүний тулд сонгуулийн тогтолцоо чухал болдог.

Гэтэл хоорондоо холбоотой механизмуудыг цогцоор хийхгүй байгаагаас нэг нам Монголын засгийн газар, УИХ хоёрыг зэрэг удирдаж байна. Баялгийн сангийн хуулийг дэмжээгүй гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэж намын даргын байр сууринаас Ерөнхий сайд ярина гэдэг нь үүний нэг илрэл.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол асуудал байсаар ирсэн давхар дээлийн асуудал нэлээд хэл амтайгаар нэг талдаа гарсан, та энийг юу гэж үзэж байна?

-Өнөө давхар дээлийн асуудлаар гурван ч удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, сүүлд Үндсэн хуулийн Цэцийг оролцуулж, хүчээр шахуу Засгийн газар бүтэн бүрэлдэхүүнээрээ УИХ-ын гишүүний ажлыг хавсран хийх боломжтой болсон. Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол УИХ 76 гишүүнтэй байх үед гарсан гэдгийг бид мартаж болохгүй. Хэрэв Үндсэн хуулийн суурь бүтцийн онолын дагуу асуудлыг шийдвэрлэж байгаа бол Үндсэн хуулийг бусад зүйл заалттай нь холбож тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл, давхар дээл ба УИХ-Засгийн газрын хяналт тэнцлийн асуудлыг 76 гишүүн дотор нь авч үзэх ёстой байтал цаашид УИХ-аа томруулаарай гэсэн утгатай заалт дурдаж байгаад хэдэн ч гишүүн давхар дээлтэй байж болох хувилбарыг сэргээсэн нь Үндсэн хууль тайлбарлах аргын хувьд маш бүдүүлэг, алдаатай зүйл болсон.

Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэрийг би хувьдаа Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд гэхээсээ улс төрийн үүрэг даалгавартай шийдвэр болсон гэж үздэг. МАН-ынхан сайдын суудлаар бялуу хуваарилах, намын дотоодод өрсөлдөөн, асуудлуудаа шийдвэрлэхийн тулд цаашид Үндсэн хуульд гар хүрчээ гэж ойлгогдож байгаа.

-Та түрүүн сонгуулийн тогтолцоо чухал гэлээ. 2023 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 128 болгож, сонгуулийн тогтолцоог 78/48 хэмээн хуваарилсан. Ийн Үндсэн хуулиар зохицуулж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хувь тэнцүүлсэн тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн өмнөх дүгнэлтээ Үндсэн хуулийн Цэц 2022 онд хүчингүй болгосон. Ингэхдээ мөн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуулиар биш хуулиар байж болохыг дүгнэсэн гэсэн үг. 2023 оны нэмэлт өөрчлөлтийн гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоог баталгаажуулсныг бол дэмжиж байсан. Гэхдээ мажоритар, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгох гишүүдийн тоог хэт нарийвчлан заасан үндэслэл нь хангалтгүй бөгөөд цаашид дахин Үндсэн хуульд гар хүргэхэд хүргэх вий. Үндсэн хууль урт хугацаанд аль болох өөрчлөгдөхгүй байж тодорхой системийг хэвшүүлдэг.

Харин анхаарал татаж буй асуудал тойргийн хэмжээ, мандатын тоо эрх баригчдаас хэт хамааралтай байна. Ер нь цаашид эрх баригчид энэ байдлаар тойргийг сонгууль тулсан хойно УИХ-ын тогтоолоор хуваарилах юм бол өөрсдөдөө ашигтай байдлаар тойргоо томруулж, жижигрүүлээд мандатын тоогоо нэг олшруулж, багасгаад байна. Ядаж хуулиар үүнийг шийддэг болбол ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө өөрчлөлт оруулахгүй Үндсэн хуулийн хамгаалалтад орно. Сонгох, сонгогдох үндсэн эрхийг хэрэгжүүлэх, эрх баригч сөрөг хүчинд аль алинд нь шударга өрсөлдөх боломжийг бий болгохын тулд аль болох эртнээс тодорхой тоглоомын дүрэмтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан “сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтад энэ тойргийн хэмжээ, мандатын тоог шийдвэрлэх асуудлыг багтааж ойлгох талаар бодолцож, судлах хэрэгтэй.

-Энэ өөрчлөлтөөр бий болсон томсгосон тойрог нь манай өнөөгийн нөхцөлд хэр зохимжтой вэ?

-2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын тогтоолоор тойргийн хэмжээ, мандатын тоог баталсан. Ингэхдээ маш харьцангуй тойргуудыг тогтоож, үүгээрээ 6 сарын өмнө баталсан УИХ-ын сонгуулийн хуультайгаа уялдаагүй, ялангуяа сонгогчдын сонгох эрх, мөн нэр дэвшигчид ч сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд маш төвөгтэй байдлыг үүсгэсэн. Тойргийн хэмжээг ингэж огцом том болгосон нь зардлыг асар ихээр өсгөж, иргэд ч сонгох гээд байгаа нэр дэвшигчдээ таньж сонгох боломжгүй болгож байгаа юм.

Нөгөө талаар сонгох эрхийн хэт тэгш бус байдалтай болгосон. Налайхын нэг иргэн УИХ-ын 2 гишүүнийг сонгох сонголт байхад Төв аймгийн нэг иргэн 10 гишүүний сонголт хийх боломжтой. Мөн орон нутагт 54 мандат, хотод 24 гэж хуваарилсан. Гэтэл хүн амын тоо нь ойролцоо. Гол асуудал нь тойргийн хэмжээг ийнхүү сонгууль болгоныг угтан цаг тулсан хойно, тогтоолоор хүссэнээрээ өөрчлөөд байх юм бол эрх баригчдад ашигтай жерримандеринг үргэлжилсээр л байна.

Bloc voting буюу олон мандаттай том тойрог нь нэг тал руугаа хэт савладаг гэж үздэг. Улс төрийн намуудын барьж байгаа тактик ч гэсэн “зөвхөн нэг намаа тэр чигээр нь бөглөнө” гэсэн байдлаар хандаж байна. Нэг талаар хэт том тойргуудад хувь нэр дэвшигчийг сонгох гэхээсээ илүү намын эффект л гарах болов уу. Тэгэхээр парламент засгийн хяналт тэнцлийн үүднээсээ харвал хувь тэнцүүлсэн төлөөлөл бага, тойргийн хэмжээнээс хамаарч санал гээгдэл ихтэй байвал хүчтэй сөрөг хүчин, олон ургалч парламент бүрдэх амаргүй л болов уу.

-Хэвтээ түвшний эрх мэдэл хуваарилалтын тухай та хөндсөн. Засгийн газраас сая өргөн барьж байгаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл энэ асуудалтай холбоотой юу?

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжихийг Үндсэн хуульд заасан. Ер нь 2000-аад оноос хойш төрийн нийтлэг үйлчилгээнүүдийг орон нутгаас аль болох аваад төв засгийн газар руу авчирч ирсэн. Орон нутагт маш бага эрх мэдэлтэй болсон, улам л төв засгийн газарт эрх мэдэл төвлөрсөөр байна.

Одоо УИХ-аар хэлэлцэх гэж буй Хот тосгоны эрх зүйн байдлын шинэчилсэн найруулгын төслөөр аймгийн төвүүдийг хот болгоно, Улаанбаатар хотын дүүргүүдийг жижиг хотуудад задална хэмээж байна.

Үндсэн хуульд заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж маань нийслэл, аймаг, сум, дүүрэг хэвээрээ, үүгээр дамжсан төрийн, төсвийн эрх хэмжээ, чиг үүргийн хуваарилалт байгаа. Хэрвээ Ерөнхий сайд, Нийслэлийн даргын яриад байгаа шиг эдгээр хотууд нь төсөвтэй, өөрийн татвар хураамжтай, сонгуулиар гарах зөвлөл, захирагчтай байх бол Үндсэн хуультай зэрэгцсэн системийн асуудал үүсгэж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж доторх хот гэж ойлгоод аймгийн төвийн хотууд аймгийн Засаг дарга, ИХТ-аас эрх мэдлийг авч өөрсдийнхөө хөгжинө гэвэл цаашид сумдын асуудал яах вэ, одоо хийгддэг эдийн засгийн хуваарилалт өөрчлөгдөх, сумдаас аймагт улам төвлөрөх асуудал гарч мэднэ. Нийслэлийн хувьд эдийн засгийн гол суурь нь баруун 4 замаас, зүүн 4 зам, 32 тойргоос зайсан, яармаг хавийн хэсэг шүү дэ. Эдийн засгийн суурьгүй захын олон жижиг хот, ерөнхийдөө гэр хороолол ба нийгэм соёлын үйлчилгээ, ажлын байр төвлөрсөн байшин орон сууцтайгаар нь тусад нь эдийн засгийн бүтэц болговол цаашид баян хоосны ялгаа юу болох бол.

Хотын болон Нэгжийн хуулиа өөрчилсөн ч Үндсэн хуулийн зөрчил хэвээр үлдэнэ. Ер нь босоо эрх мэдлийн тогтолцооны түвшний асуудал хөндөх гэж байна. Энэ мэтээр нийгмийн өргөн хүрээний хэлэлцүүлэг, зөвшилцөл шаардсан Үндсэн хуулийн суурь бүтцийг магад хөндөх асуудал яригдаж байна гэж үзэж байна. Засгийн газраас “20 минутын хот” гэх эрх зүйн шинэчлэл гэж байгаа ч иргэд зөвхөн төрийн үйлчилгээний төлөө нийслэл хотод зорчдоггүй. Нийгэм, соёл, эдийн засгийн харилцаанд орохын тулд зорчиж байгаа. Төрийн үйлчилгээг хуваарилчихаар зорчихоо больчихно гэсэн зүйл байхгүй. Өмнө дурдсан шиг Нийслэлийн дүүргүүдийн эрх мэдлийг жижиг хотуудад хуваарилах нь эргээд Улаанбаатар хотын засаг даргад төсвийн эрх мэдлийг төвлөрүүлэх байх гэж харж байна.

Ийм хэмжээний өөрчлөлтийг Үндсэн хуулийг өөрчилж хийнэ. Бид ирэх сонгуулиар дахиад хэт олонхын гишүүд бүхий эрх баригчдыг үүсгэвэл Үндсэн хууль руу дахин халдах нь маш тодорхой харагдаж байна гэсэн үг. Учир нь Үндсэн хууль руу шууд халдсан зүйлийг Ерөнхий сайд санаачилж байна.

-Үндсэн хуулийг энэ мэтээр гажуудуулсан, дахин дахин өөрчилснөөс Монголын тогтолцоонд ямар урхаг үүссэн гэж та харж байна вэ?

-Дээрх ярьсан зүйлүүд ил тод процесс. Гэтэл дундуур нь Ковид цар тахлын үед Үндсэн хуулийн бус дэглэмтэйгээр хоёр жил болсон. Тухайн үед төсвийн нэгдсэн бодлого тэр чигтээ алдагдсан. Хүний эрхийг янз бүрээр зөрчсөн. Төрөөс өвдсөн хүмүүстэй ч, нийт иргэдтэй Үндсэн хуульд заасан хүний эрхийг нь үл тоож харилцсан. Онц байдал уу, гамшгийн байдал уу тодорхойгүй хууль зүйн орчинд энэ хугацаа өнгөрсөн.

Эрх мэдэл хэт төвлөрсөн, дур зоргоор аашилдаг засаг болон Ковид хоёр давхацсанаар Монгол Улс дарангуйлалд их дөхөж очсон. Ер нь төрийн эрх мэдэл Засгийн газар руу, мөн төв засаг руу төвлөрөх явцтай зэрэгцээд иргэний улс төрийн эрхүүд маш их хязгаарлагдсан байгааг хүн бүр анзаарч мэдэрч байгаа байх.

Мэдээлэл авах эрх нууцын тухай хуулиар маш их хязгаарлагдсан, ногоон автобус гэх мэтээр дүүргийн түвшний худалдан авалт хүртэл нууцад хамаарсан гэсэн мэдээ байна. Өнгөрөгч долоо хоногт зарлагдсан хэвлэлийн эрх чөлөөний индекс сүүлийн найман жилийн хугацаанд 49 байраар ухарчихсан байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд цагдаа зүгээр утасдаад л халдаж байна, жагсаж цуглах эрх зөвшөөрлийн системтэй хэвээр, эвлэлдэн нэгдэх эрхийг хянах оролдлогууд байсаар байна.

Бодлогын нөлөөлөл гээд миний заадаг хичээл байдаг. Энэ хичээлийг олон бүлгүүдэд заах явцад нийгмийн бүх асуудлын шийдлийг бид УИХ, төв Засгийн газраас хүлээж байгааг анзаарсан. Иргэд өөрсдөө, бүлгээрээ, орон нутагтаа, мэргэжлийн өөрийн удирдах ёс, зах зээл өөрөө асуудлуудыг шийдвэрлэж байх ёстой. Хэрвээ бид ардчилсан улс мөн бол иргэд өөрсдөө, СӨХ, иргэдийн нийтийн хурлаараа асуудлыг шийдэж чаддаг байх хэрэгтэй. Гэтэл сүүлдээ СӨХ-г хүртэл хорооны засаг томилох тухай ярих болж, Иргэдийн нийтийн хурлыг сүүлийн 4 жил хотод лав хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Засгийн газар гэсэн хэдхэн хүнийг бид хараад суудаг боллоо. Тэдний эрх ашигт нь нийцвэл урагшаа явдаг, үгүй бол явдаггүй систем рүү орж байна. Үүнээс болж орхигдсон бүлгүүд ч ихтэй болно.

Авлига гаарч, ардчилал ухарч байгаа нь олон улсын янз бүрийн судалгаагаар гарч байгаад гайхах юмгүй. Ардчиллын олон төрлийн үзүүлэлтүүдээр хүний эрхийг хангадаг ардчилал биш, сонгуультай автократ улс руу ороход бэлэн улсын тоонд орчихсон байна. Манайх шиг нийтийн, хувийн эрх ашгаа ялгаж чаддаггүй газар эрх мэдэл төвлөрөх тусам авлига ихэснэ. Авлига ихсэх тусам хүний эрх хумигдана, нийгэм соёл, эдийн засгийн боломжуудыг хулгайлна, авлигачдыг хянах улс төрийн дуу хоолой, хэвлэл мэдээлэл, иргэний орон зайг хааж бооно гэдэг нь тодорхой.

Дүгнээд хэлэхэд, МАН өөрсдийн эрх ашигт нийцүүлэн нэг бол нэмэлт өөрчлөлт сорчлон оруулж, эсвэл хууль тогтоомжоор эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлэн хүний эрхийг зөрчих замаар Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоог ил далд хэлбэрээр нурааж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Доржханд: Сонгуульд ялахын төлөөх хортой шийдвэрүүдээс болж Монголын залуус хохирч байна DNN.mn

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Энэ хаврын чуулганаар баталсан чухал хуулиудын нэг бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль. УИХ-аар батлагдахгүй олон жил гацсан энэ хуулийн ач холбогдлыг та хэрхэн харж байна?

-Баялгийн сангийн хуулийг ХҮН намын даргын хувьд, УИХ-ын гишүүний хувьд, эдийн засагч хүний хувьд дэмжсэн. Учир нь тусгаар, ардчилсан улс байя, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж явъя, парламентад олон намын системтэй байх нь зүйтэй гээд бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Ийнхүү тодорхой түвшинд суурь тогтолцооны өөрчлөлт хийсэн. Одоо хүлээгдэж буй зүйл бол эдийн засгийн өөрчлөлт. Манай улс газрын доор нэлээд их нөөцтэй. Газрын доорх баялгийг худалдаж авах зах зээл нь бидний урд байна. Гарч ирсэн нөөц баялгаас орж ирсэн орлогоороо монгол хүндээ хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай. Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийнхээ төслүүдийг явуулах, том бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлэх шаардлага бий. Тиймээс энэ ажил руу орохгүй бол болохгүй байна. Учир нь манай улсын төсөв бол халамжийн төсөв. Хөгжлийг санхүүжүүлдэг эх үүсвэр байхгүй болчихсон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт зогсчихсон. Гаднаас хөрөнгө босгоё гэхээр манай өрийн тааз тулчихсан. засгийн газар нь өндөр өртэй болохоор өндөр өртөгтэй эх үүсвэр олохоос өөр аргагүй. Хувийн секторууд түүнээс ч өндөр өртөгтэй эх үүсвэр олж байгаа. Үүнээс болж хөгжлийг санхүүжүүлдэг эх үүсвэргүй байгаа юм. Тиймээс Баялгийн сан байдлаар явах нь зүйтэй. Баялгийн сан гэх ойлголт 2000 оноос хойш нэлээд эрчимжсэн. Дэлхийн II дайн гадна, дотны хөрөнгө оруулалт дээр явсан. II дайнаас хойш дэлхийд энх тайван тогтож ялагч нь хөгжчихсөн. Тухайлбал, Европын орнууд, Япон, Солонгос, Сингапур зэрэг олон орон хожсон. Харин ялагдагч нь байрандаа үлдсэн. 2000 оноос хойш шууд хөрөнгө оруулалт буурсан, засгийн газрын оролцоотой сангаар дамжиж хөрөнгө оруулалт хийдэг механизм бий болсон.

Энэ нь Засгийн газар өөрөө баялгаас орж ирсэн орлогынхоо тодорхой хувийг нь хуримтлуулан, өсгөж үржүүлэх хэлбэр. Энэ агуулгаар Баялгийн санг дэмжсэн.

Баялаг гэдэг ухаж гаргаж ирээд зараад иргэддээ тэгш хуваарилах асуудал биш. Үндсэн концепци нь энэ эх үүсвэрээ гаргаж ирээд өсгөж үржүүлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй. Өнөөгийн болон ирээдүй үедээ зориулж хадгалах, хуримтлуулах зайлшгүй шаардлагатай.

2012 онд Сангийн яаманд ажиллаж байхдаа би Баялгийн сангийн техникийн ажлын хэсгийг ахалдаг байсан. Үр дүнд нь 2015 онд “Ирээдүй өв” сан батлагдсан. Гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт, хуримтлал гэдэг нь “Ирээдүй өв” сангаар явна. Тэгвэл дотооддоо яах вэ гэсэн асуудал үүснэ. Дотооддоо хийх хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг Баялгийн сангаас гаргаж, дийлэнх хэсгийг гадна дотны хөрөнгө оруулагчид оруулах байдлаар том төслүүдийг явуулах боломжийг Баялгийн сангийн хуулиар хийх ёстой.

-Эдгээр гурван сангийн захиран зарцуулах а суудлыг хуулиар тодорхой тогтоохгүй бол бусад сангууд шиг хулгай нүүрлэх вий гэсэн болгоомжлол нийгэмд бий. Сангийн үйл ажиллагааг ямар байдлаар хийвэл зохимжтой вэ?

-Баялгийн сангийн тухай хууль маш ерөнхий зохицуулалттай батлагдсан. Цааш Засгийн газрын түвшинд нарийвчилсан зохицуулалтууд гарах учиртай. Энд хэрэгжилт маш чухал. Сан гэхээр хулгай бий болчихдог гэсэн ойлголт нийгэмд байдаг. Олон улсад хараат бус хөндлөнгийн менежментийн удирдлагын баг гэрээний үндсэн дээр санг удирддаг. Гадны эсвэл дотроос баг орж ирж болно. Гол нь эрх баригч нам, Засгийн газар, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний томилгоо байж болохгүй.

-Зургадугаар сарын 1-нээс ТҮК-ийн ажилчид 3.5 сая төгрөгөөр цалинжихаар болсон. Үүнтэй холбоотойгоор танай намаас багш, эмч нарын цалинг мөн нэмэх хэрэгтэй, тэгж байж эдийн засгийн бодлого хэрэгжинэ гэж мэдээлсэн. Эдийн засгийн зөв бодлого гэж юуг хэлээд байна вэ?  

-ТҮК, нийтийн тээврийн автобус барьж байгаа жолооч нарын цалинг өсгөх хэрэгтэй байна. Өсгөнө гэж шийдвэр гаргалаа. Бололгүй яах вэ. Гэхдээ яагаад тэр хэсгийг өсгөх ёстой билээ. Нийтээр нь өсгөх боломжтой юу. Нийтээрээ сайхан амьдрахын тулд эдийн засгийн зөв бодлого хэрэгтэй. Гэтэл ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож байгаа нь зөв бодлого биш. Учир нь улс орны цалингийн систем тэнцвэр дээр тогтдог. Төрийн албан хаагч болон хувийн секторт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хоорондоо уялдаатай байдаг. Хувийн секторт ажиллаж байгаа хүмүүс татвараа төлж төрийн албан хаагчдын цалинг бүрдүүлж байна. Төрийн алба хаагчдын цалин өсөхөд хувийн сектор дагаад цалингаа өсгөж чадах уу. Хувийн сектор цалингаа өсгөж чадахгүй бол иргэд төрд ажиллахыг илүү хүсэж эхэлнэ. Энэ нь тэнцвэрийг алдагдуулж байгаа юм.

Нөгөө талаар төрд хамгийн бага цалинтай ажиллаж байгаа хүмүүс нь багш, эмч нар. Олон улстай харьцуулахад Монголын багш нар 2-3 дахин ачаалалтай ажилладаг. Сая гаруйхан төгрөгийн цалин авч байгаа. Тэд больё, ТҮК-ийн ажилтан болъё гэвэл яах билээ. Хэн бидний хүүхдэд хичээл заах вэ. Цаашид Монголын боловсрол яах билээ. 

Үүнээс гадна эмч нарын асуудал байна. 10 жил эмчээр сураад, 10 жил тэр мэргэжлээрээ ажилласан хүн өнөөдөр цалингаасаа болоод Солонгост нүцгэн гараараа завь угааж, загас цэвэрлээд сууж байна. Тийм үнэ цэнэтэй хүмүүсийг бид ямар их зардлаар бэлдлээ дээ. Гэтэл тэд цалингаас болоод Солонгост боолын ажил хийгээд байна шүү дээ. Эмч нар яршиг, цалин өндөртэй ТҮКийн ажилчин болъё гэвэл яах вэ. Бодлого нь буруу байгаа юм. 

Шөнийн дөрвөн цагаас хойш ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчдын цалиг нэмэхийг Т.Доржханд эсэргүүцээд байна гэж гуйвуулаад байх шиг байна. Би нэмэхийг дэмжиж байгаа. Гол нь нийтээрээ өндөр цалин авдаг эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс сонгууль дөхөөд популизм хийж хотын нийтийн аж ахуйд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг өсгөж хотоо л сайхан харагдуулж байгаад сонгуульд орох зорилготой бол энэ нь цалингийн системийн тогтолцоог эвдэнэ. Нийтийн тээвэр, түгжрэлийн асуудал хүнд байна. Тиймээс автобусны жолооч нараа дэмжье гэсэн байдлаар сонгуульд орох гэж байгаа бол уучлаарай, та болон танай нам ялж болно. Гэхдээ Монгол Улс ялагдах гээд байна.

-Цалинг гэнэт нэмэх нь ямар үр дагавар дагуулдаг вэ?

-Би ОУВС-д ажиллаж байхдаа Латин Америкийн улсуудын хариуцдаг байсан. Тэр дундаас хамгийн хэцүү байдалтай нь Аргентин улс. Аргентины эдийн засаг одоог хүртэл яагаад сэргэхгүй байна гэхээр 1980 оны буруу шийдвэрээс болсон. 1970аад онд Аргентины эдийн засаг өнөөгийн Японоос илүү байсан.  Европын өндөр хөгжилтэй олон орнуудын урд байсан. Тэр үед эдийн засаг нь сайжирмагц популист улстөрч Засгийн тэргүүнээр томилогдсон. Ингээд цалин, тэтгэврийг 2-3 дахин өсгөнө гэж амлаад дараагийнхаа сонгуульд ялчихсан. Ингээд ердөө аравхан жилийн дотор нөгөө хөгжиж  байсан орон хамгийн ядуу улс болсон. Цалин тэтгэвэр өссөн ч инфляци нь дагаад өсчихсөн. Ажлын байргүй болсон. Хөрөнгө оруулагчид зугтаасан. Ингээд ядууралд орж эхэлсэн. Гаднаас мөнгө зээлж эхэлсэн. Эхэн үедээ жилийн гурван хувийн хүүтэй зээлдэг байсан бол удалгүй 16, 18 хувьд хүрсэн. Сүүлдээ зээл өгөх газаргүй болсон. Ингээд дампуурсан. Тийм сайхан хөгжилтэй улс ганц хоёрхон популист улстөрчийн хортой шийдвэрээс болж системээ эвдсэн. Дэлхийн олон оронд ийм харамсалтай түүх бий. Манай улсын хувьд “Монгол ялна” гээд дэд бүтэц, төмөр замынхаа төслүүдийг явуулахгүй Монгол ялагдсан. Иргэддээ  1-1.5 сая төгрөг өгнө гэж популизм хийсээр байгаад 17 хувьтай эдийн засаг, гадна дотны хөрөнгө оруулалтаа “устгачихсан”. Сонгуульд ялахын төлөөх ийм хортой шийдвэрүүдээс болж Монголын залуус хохирч байна. Залуус эх орондоо сайхан амьдрах итгэл найдваргүй болоод гадагшаа их явж байна. Тиймээс шийдвэрээ эргэж хараач гээд байгаа юм. Улс төр хийлээ гээд улсаа хорломооргүй байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Дараагийн амьдралаа бодооч. Эдийн засгийн зөв бодлого, шийдвэр гаргахгүй бол миний эсрэг ТҮК-ийн ажилчид, автобусны жолооч нарыг босголоо гээд улс орон сайжрахгүй. Энэ сонгуулиар хэн ялах нь хамаагүй. Хамгийн гол нь Монгол Улс эдийн засгийн зөв реформыг хийх цаг нь. Тиймээс шийдвэр гаргаж буй улстөрчид, эрх баригчид зөв шийдвэрийн талд байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

-Нийтээр цалинг нь нэмэх эдийн засгийн нөөц боломж бидэнд өнөөдөр байгаа юу?

-Нийтээр нь нэмэх боломж одоо бол байхгүй. Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлбэл богино, дунд хугацаанд боломжтой. Бизнес, хувийн сектор, гадна дотны хөрөнгө оруулагчдаа дэмжих хэрэгтэй. Харамсалтай нь нийгэм рүү, халамж руу хандсан сүүлийн арван жилийн  буруу бодлого, хэтэрхий улстөржилт эрүүл эдийн засгийн бодлого явуулах боломжийг нь хаачихаад байна. Хоёрдугаарт, зөв бодлого явуулах мэргэжлийн хүмүүс  улс төрийн шийдвэр гаргах түвшинд орж ирэх боломжийг нь хязгаарлачихаад байна. Учир нь иргэд ядуу байна. Орлогогүй байна. Улстөрчид үүнд таарсан популизмыг хийгээд байна шүү дээ. Хүмүүс надад “Чи ямар тэнэг юм бэ, ТҮК-ийн ажилчид, автобусны жолооч нарын дэмжлэгээ алдчихлаа шүү дээ” гэсэн. Дэмжлэгээ алдаж болно. Гэхдээ зарчим гэж нэг юм бий. Популизмын эсрэг зогсдог нам, улстөрчид байх ёстой.

-ХҮН нам УИХ-ын сонгуульд анх удаа бие дааж оролцож байна. Сонгуулийн бэлтгэл ажлаа хэр базааж байна вэ?

-Бид сүүлийн 10 жил шат шатны бүх сонгуульд оролцсон. 2016 онд манай рейтинг маш өндөр байсан. Ингээд УИХ-ын сонгуульд орох гэтэл тухайн үеийн эрх барьж байсан нам Ерөнхийлөгчтэй нийлж шүүхийн байгууллагад захиалга өгөөд оруулаагүй. 2020 онд мөн л өмнөх Ерөнхийлөгчийн зүгээс оруулаагүй. Тиймээс арга буюу эвсэл байгуулж хамтарч орсон. Үр дүнд нь нийт иргэдээс 20 хувийн санал авч УИХ-д нэг суудалтай болсон. НИТХ-д бүлэгтэй болж, дүүрэгт 15 төлөөлөгчтэй болсон. 2024 оны сонгуульд анх удаа ХҮН намаар орж байна. Бидэнд зургаан сонгуульд оролцож байсан туршлага бий. Ерөнхийлөгчийн сонгуульд доктор, профессор, инженер Д.Энхбат гуайг дэвшүүлсэн. Иргэдийн 20 гаруй хувийн санал, гадаадад амьдардаг монголчуудын 80 хувийн саналыг авсан. Энэ бол сайн үзүүлэлт. Одоо үүнийгээ бататгаж олон суудал авч улсдаа зөв бодлого хэрэгжүүлнэ.

Манай нам Улаанбаатар хотод рейтингээрээ МАН, АН-аас өндөр дэмжлэгтэй байна. Орон нутагт ч дэмжлэг байна. Судалгаагаар манай гурван намын рейтинг ижил байна. Сонголт иргэдэд бий. Энэ удаад боловсролтой, туршлагатай идэр үеийн мэргэжилтнүүдийг сонгох сонголтыг иргэдэд санал болгоно. 126 хүн нэр дэвших ёстой. Одоогоор 200 гаруй хүн нэр дэвших хүсэлт өгсөн. Үүнээс бид хамгийн зөв, боловсролтой мэдлэгтэй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Энэ удаагийн сонгуульд олон намын олон төлөөлөл оролцож байна. Үүнийг би ихээхэн дэмжиж байгаа. Ингэх гэж л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэж байж парламент сөрөг хүчинтэй болно. Үр дүнд нь ардчилал бэхжиж, тусгаар тогтнол хамгаалагдана.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 9, Бархасбадь гариг. Билгийн тооллын 1, Чөлөөт эх одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 05:21 цагт мандаж 20:16 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8…+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 грудус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Иргэнээсээ ухаантай үнэмлэх” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Соёлын тухай хууль нь өв соёлоо дэлхийд таниулах, сурталчилахад түүхэн ач холбогдолтой” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан “Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нарт…

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Иргэнээсээ ухаантай үнэмлэх” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Монголын нийгмийг эмэгтэй хүний нүдээр харахад” ярилцлагыг I, V нүүрээс уншаарай.

Улс төрийн боловсрол олгох “UnFilter” подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч нийтлэлч Э.ЭНЭРЭЛ “Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж болохгүй” хэмээн ярилаа.

Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмааг баривчилсан асуудлаар “Глоб Интернэшнл ” төвийн хуульч Л Л.Галбаатартай ярилцлаа. Тэрбээр “Сэтгүүлчдийг яллагдагчаар татдаг жишиг тогтчихлоо” гэв. Энэ тухай “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Трампын байдал эвгүйтэж эхлэв

СОНИНЫ АРЫН НҮҮР: Бид кирилл үсэгтэй нь хэвээрээ юу


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Монгол банхар” дэлхийн аварга боллоо DNN.mn

Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “World dog show 2024” Хорватын нийслэл Загреб хотод болжээ. Уг тэмцээнээр монгол банхар анх удаа дэлхийн тавцанд өрсөлдөн тэргүүн байр эзэлсэн байна.

Тэмцээнд оролцох нохдын ажлын чиглэл, үүрэг зориулалтаар 10 группт ангилдаг бөгөөд дэлхийд бүртгэгдээгүй ч бүртгүүлэхээр төлөвлөж байгаа үүлдрийн нохдыг 11-р группт тооцон өрсөлдүүлдэг байна. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд 98 улсын 376 үүлдрийн 18350 нохой оролцсон бөгөөд Монголоос улсын аварга цолтой Хангарьд, Толигор, Гүен дуудлагатай гурван нохой өрсөлджээ. Үүнээс Шандын харуул Хангарьд дуудлагатай нохой 11 дүгээр группт өрсөлдөн 18 үүлдрийн нохдоос тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон байнаХарин Гүен, Толигор нар Хорватын аваргаар тодорчээ.

Монгол банхар “World Dog Show 2024” тэмцээнд оролцсоноор цаашдаа 2025 онд тус үүлдрийг Олон улсын нохой судлалын холбоонд бүртгүүлэх хүсэлт гаргахад том нөлөө үзүүлэх аж. Сонирхуулахад, Олон улсын нохой судлалын холбоонд нийт 367 үүлдэр албан ёсоор бүртгэлтэй байдаг.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байна DNN.mn

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан төрөлд нийт 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь таван км-ийн зайд гүйгчид байна. Таван км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж буй. Мөн гэр бүлийн гүйлтэд 80 гаруй иргэн гүйхээр бүртгүүлжээ.

“Улаанбаатар марафон 2024”-ийн гүйлтийн төрлүүд болон онцлогийн тухай мэдээллийг танилцуулъя.

1.5 км

Энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд хамтдаа гайхалтай дурсамжийг бий болгох, гэр бүлийн гишүүд, найз нөхөд нэгнээ хүлээж, дэмжиж, бие биедээ туслах зарчмаар бариандаа орж, тухайн өдрийг гайхалтай өнгөрүүлэх боломжийг олгодог.

Хураамж: 5,000 төгрөг

5 км – Эрүүл мэндийн гүйлт

Хэрвээ та анх удаа гүйх гэж байгаа бол энэ төрөлд бүртгүүлэх нь хамгийн тохиромжтой. Гүйлтийн спортоор хичээллээд удаагүй эсвэл тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг, фитнест явдаг хүмүүст энэ төрөлд бүртгүүлэхийг зөвлөж байна.

Хураамж: 5,000 төгрөг

10 км

Гүйлтийн спортоос таашаал авдаг, амьсгалаа зөв хуваарилж сурсан, зөв тактиктай гүйдэг хүмүүс энэ төрөлд гүйх нь төгс сонголт юм. Учир нь: 10км нь маш их тэвчээр шаарддаг атлаа нэг мэдэхэд л дуусчихдаг онцлогтой.

Хураамж: 30,000 төгрөг

21 км – Хагас марафон

Энэ төрөлд урьд нь марафонд гүйж байсан туршлагатай, дор хаяж 2-3 сар бэлтгэл хийсэн хүмүүс оролцвол зохистой. Та зориулалтын гутал, хувцас, тоноглол зэргийг шаардана.

Хураамж: 50,000 төгрөг

42 км – Марафон

Бэлтгэлийнхээ үеэр дор хаяж 21 км 95 м-т хэд хэдэн удаа гүйж үзсэн хүмүүс энэ төрөлд гүйхээр сонгодог. Хэрвээ өөрийнхөө хязгаарыг эвдэж энэ төрөлд амжилттай гүйж чадах юм бол таны амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө гэж үздэг билээ.

Хураамж: 60,000 төгрөг

Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.

Categories
гадаад мэдээ

В.Путины тангараг өргөх ёслолын дараа Оросын Засгийн газар огцров DNN.mn

Өчигдөр ОХУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслолын дараа ОХУ-ын Үндсэн хууль болон Оросын Холбооны улсын Үндсэн хуулийн дагуу Оросын Засгийн газар огцров.

Шинэ Засгийн газар байгуулах журмаар эхлээд ерөнхийлөгчийн зарилагаар Засгийн газрын тэргүүн томилогдож дараа Төрийн Дум нэр дэвшигчдийг батлан Засгийн газрын бүрэлдэхүүн бүрдэх ёстой юм.

Засгийн газрын нэр дэвшигчдийг баталсны дараа энэ тухай зарлигт ерөнхийлөгч гарын үсэг зурдаг. Засгийн газрын тэргүүн томилогдсоноосоо хойш долоо хоногийн дотор холбооны гүйцэтгэх байгууллагуудын бүтцийн талаарх саналаа ерөнхийлөгчид танилцуулах бөгөөд энэ хугацаанд сайд, дэд сайд асан нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна.