Categories
мэдээ нийгэм

М.Анхцэцэг гурав дахь олимпдоо оролцоно DNN.mn

Гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024” олимпын 81 кг-ын жинд оролцохоор боллоо.

Олон улсын хүндийг өргөлтийн холбоо 2022-2024 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчныг жагсааж олимпод оролцох эрх олгохг журамтай. Уг журмын дагуу Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос олимпод оролцох жин тус бүрийн шилдэг 10 танирчныг зарлахад манай тамирчин М.Анхцэцэг уг жагсаалтад багтлаа. Тус холбооноос Парисыг зорих тамирчдын нэрийг эцсийн байдлаар энэ сарын 24-нд зарлана. Улмаар Үндэсний олимпын хороо баталгаажуулснаар М.Анхцэцэг олиимпод оролцох эрхээ албан ёсоор авах юм.

“Парис-2024” олимп нь М.Анхцэцэг гавьяатын хувьд гурав дахь олимп нь юм. Тэрээр “Рио-2016” олимпод наймдугаар байрт шалгарсан бол “Токио-2020” олимпод дөрөвдүгээр байр эзэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар нийт 481 монгол гэр гаднын зах дээлд борлуулагджээ DNN.mn

Монгол гэрийн экспорт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 2088 ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 1607 ширхгээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн үйлдвэрлэгчид энэ төрлийн бүтээгдэхүүнийг ХБНГУ, Португал, Их Британи, Бельги, Канад болон бусад улс руу экспортолж байна.

Он гарсаар нийт 481 монгол гэр гаднын зах дээлд борлуулагджээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Цолмонгэрэл: Хүүхдийн бичлэгийг сошиалд түгээхийг хориглосон ч хариуцлага хүлээлгэх санкци байхгүй DNN.mn

Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч Г.Цолмонгэрэлтэй Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцлаа.


-Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярихаас өмнө хүүхэд хамгааллын орчин нөхцөл ямар байгааг тодруулах ёстой. Хууль зүйн талаас та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд гэр бүлдээ, боловсролын салбарт, эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээнд, соёл спортын үйл ажиллагааны үед хүүхдийг хамгаалах ёстойг хуульчилсан.

Харин Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, эрхээ хамгаалуулах, нийгмийн амьдралын оролцоог хангах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх шаардлагын үүднээс эцэг эхчүүдэд онцгойлон үүрэг ногдуулсан байдаг. Эцэг эх хүүхдээ аз жаргалтай хайр халамжтай орчныг бүрдүүлэх, хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй нөхцөлөөс сэргийлэх, сургах, авьяас чадварыг хөгжүүлэх, боловсрол эзэмшүүлэх, хүндэтгэн сонсох, наад захын хэрэгцээт зүйлсээр хангах, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэгтэй. Төр засаг хамгаалах механизм, хөгжүүлэх, төлөвшүүлэх орчин нөхцөлөөр хангаж ажилладаг.

Гэтэл бодит байдал дээр эцэг эхчүүд хүүхдийг хамгаалах үүргээ, төр засаг хамгаалах тогтолцоогоор бүрэн хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлдэггүй болохыг наад зах нь хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа байдлыг хараад мэдэж болно. Эмнэлэг маш их ачаалалтай, оргүй, коридорт хэвтэж байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн хүрэлцээ муу, чанаргүй байдал нь Эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо хангалтгүйг илтгэнэ. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүддээ маш их цагаар гар утас үзүүлж, мөн өөрсдөө тасралтгүй утсаа үзэх, чихэр, давс, нөөшлөгч ихээр агуулсан амттанаар хооллож, эрхлүүлж байгаа эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, эрүүл мэндэд нь анхаарахгүй байгааг илтгэнэ.

-Түүнээс гадна гэр бүл цуцлалт манай улсад өндөр хувьтай байдаг. Үүнд хүүхэд хохирч үлддэг

-Гэр бүл цуцлахад хүүхдийн эрх зайлшгүй хөндөгддөг бөгөөд хүүхдийн гэр бүлтэй байх хайр халамж анхаарал авах эрхүүд хэдийнэ сэргэхгүй зөрчигдөж эхэлнэ. Гэр бүл цуцлах гэдэг бол цаасан дээр байгаа улсын бүртгэлийг цуцлах асуудал бөгөөд насанд хүрээгүй хүүхэдтэй, өмчийн маргаантай тохиолдолд л шүүхийн журмаар цуцалдаг. Шүүхээр орсон ч бай ороогүй ч бай, ер нь гэрлэлт бүртгүүлээгүй ч тохиолдол олон. Гол нь цаана байгаа гэр бүлийн харилцаанд сэв суугаад, эцэг эх тусдаа амьдрах болсон. Эсвэл хоорондоо таарч тохирохгүй хөндий болсныг гэр бүл цуцалсантай адилтган үзэж болно.

Гэр бүлийн тухай хуулиар долоон нас хүрсэн бол эцэг эхийн хэнтэй нь амьдрах хүсэлтэйг шүүх асуудаг. Энэ нь хүүхдүүдэд их эмзэг тусдаг зүйлсийн нэг. Энэ ярилцлагад орохдоо хүүхдүүдэд сэтгэл зүйн гэмтэл, бэрхшээл, таагүй байдал үүсдэг. Хэнтэй нь амьдрахыг сонгох асуудлаар эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдэд дарамт учруулж, шахах, ятгах, айлгах нь элбэг. Нөгөө талаар хүчирхийлэлд өртсөн гэр бүлүүд олон байна. Мөн гэр бүл цуцлуулахаар хандаж байгаа иргэд бараг бүгд сэтгэл зүйн дарамт, гутралд орсон байдаг. Энэ хортой орчин гэр бүлийг бүхэлд нь, тэр дундаа бяцхан хүүхдүүдийн сэтгэл зүйд хар толбо үлдээдэг нь харамсалтай. Гэрлэлт цуцлагдсан ч хүүхэд эцэг эхтэйгээ дуртай цагтаа уулзах эрхтэй. Энэ эрхийг ямар нэг зохисгүй байдлаар хязгаарлахыг хориглодог. Иймд анх гэр бүл болохдоо хариуцлагаа ухамсарлах, амьдралд тулгарах асуудлыг эергээр сэтгэлийн тэнхээтэй давж туулах, хүчирхийллээс ангид байх нь өнөөгийн бидний тулгамдсан асуудал болоод байна. Өөрөө төлөвшөөгүй, зан байдлаа удирдан жолоодох чадваргүй, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чадваргүй байгаа бол гэр бүл зохиохгүй байх нь зүйтэй.

-Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Шинэчилсэн найруулгад хүүхэд хамгааллын тогтолцоог нэлээд чамбайруулахыг зорьсон гэж хуулийн төсөл санаачлагчдын зүгээс тайлбарлаж байгаа. Та сая хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг дурдлаа. Хуулийн шинэчилсэн найруулгаар энэ асуудлыг хэрхэн тусгаж чадсан гэж та үзэж байна вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Хүү хэд хамгааллын шинэчил сэн найруулга ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байна. Шинэчилсэн хуулиар хэд хэдэн сайжруулалт орсныг онцолъё. Тодруулбал, ажил олгогч хуулийн этгээдийг хүүхэд хамгааллын тогтолцооны нэг хэсэг болгох алхам хийж өөрийн ажилтнуудын болон үйлчлүүлэгчийн хүүхдүүдэд зориулсан хүүхэд хамгааллын бодлого баталж хэрэгжүүлэхийг үүрэгжүүлсэн. Хүүхэд гэр бүлийн асуудлыг хариуцсан төв, орон нутгийн, чиг үүргийн байгууллагуудын уялдааг сайжруулах, Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээ, төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээ авах, хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтны мэргэшил ур чадварт тодорхой шалгуур тавьдаг болсон ба эрх үүргийг тодорхой зааж өгсөн.

Мөн хүүхдийн эрхийн хорооны чиг үүргийг тодорхой болгосон, тодруулбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдтэй хэрхэн харьцах, хорих ял эдэлж байгаа хүүхдүүдийн эрхийн талаар анхаарах, өсвөр насны сэжигтэн яллагдагчаас тайлбар мэдүүлэг авах ажиллагааг цагдаагийн хэлтэс дээр биш байгаа газар нь зохион байгуулах, батлан даах, гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд зөвлөн тусалж ажиллах, хүүхэд хамгааллын мэдээллийн санг сайжруулах, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж авах эрхийг хүүхдийн эрхийн тухай сургалттай холбосон. Хүүхдийн дэргэд архидах, архидан согтуурсан үедээ хүүхдийн амьдарч сурч байгаа газар нэвтрэхийг эрсдэлт нөхцөл байдалд хамааруулах, эцэг эх өөрийн хүүхдийн нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу дүрсний бичвэрийг дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглох, асралт гэр бүл буюу гэр бүлийн бус гишүүд хүүхэд асрамжлахтай холбоотой ойлголтыг нэмсэн.

-Сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн асуудал нэлээд хурцаар тавигдаж байгаа. Энэ асуудалд эцэг эхийн оролцоог хангах тал дээр шинэчилсэн агуулгууд орж ирсэн гэв үү?

-Тийм. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилд багш, эцэг эх асран хамгаалагчдыг сургахыг тусгасан. Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс хамгаалах, тохиолдлыг бүртгэн хүлээн авах, хохирогч хүүхдүүдтэй ажиллах хамгаалах, сургалтын байгууллагын хүрээнд шашны байгууллагын с ургалтын нэгжийг хамруулах, хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар олон тооны зохицуулалтууд орсон. Түүнээс гадна гамшиг, онцгой нөхцөл байдалд хүүхэд хамгааллыг хэрхэн явуулах талаар орхигдуулсан байсныг шинээр хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцож байгаа тодруулбал, гэрлэлт цулалт, эрүү, зөрчлийн ажиллагаанд оролцож байгаа хүүхэдтэй хэрхэн зүй зохистой харилцах зэрэг тус тус тодорхой тусгаж өгсөн нь хүүхэд хамгааллын тогтолцоонд дорвитой эерэг нөлөөлөл авчрах байх гэсэн хүлээлттэй байна.

-Эцэг эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, гэрэл зургийг зөвшөөрөлгүй бусдад дамжуулахыг энэ хуулиар хориглож байгаа юм байна. Энэ төрлийн зөрчилтэй холбоотой нөхцөл байдлыг хуульч хүний хувьд та хамгийн сайн мэднэ. Жишээ нь, сүүлд бага насны гурван хүү автобусаны суудлын бүрээсийг урсны төлөө сошиалд зургийг нь тавьж байгаад маш их шүүмжилсэн. Энд хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал гарсныг хуульчид онцолж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төрлийн зөрчил хүүхдэд ямар хүндрэл бэрхшээлийг бий болгодог талаар дурдаач?

-Эцэг эхчүүд муудалцаад хүүхдүүдийнхээ эсрэг хэн нэгнийхээ хийсэн хүчирхийллийн талаарх видеог олон нийтэд ил болгосон жишээг бид мэднэ. Гараж дээрх хүүхдүүдийн бичлэг, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн нэр, зургийг санаатай, эсвэл болгоомжгүй байдлаар ил нийтлэх гэх мэт зөрчлүүд гардаг. Энэ нь тухайн хүүхдүүдийн дүрсний эрхийг зөрчихөөс гадна дээрэлхэлт, гадуурхалтыг дагуулдаг.

Хүүхдийн хувийн орон зайд ийм байдлаар халдсанаас болж бусдаас ичих, санаа зовох зэрэг сэтгэл зүйн хямралд хүргэдэг. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай шинэ хуульд тухайн төрлийн бичлэгийг тараах түгээхийг хориглохдоо зөвхөн эцэг эхийг үүрэгжүүлсэн. Гэтэл энэ заалтыг зөрчвөл хариуцлага хүлээлгэх заалт Зөрчлийн тухай хуульд байхгүй байгаа нь учир дутагдалтай. Хүүхдийн зохисгүй байдалтай байгаа, эсвэл гэмтсэн, хүчирхийлэлд өртсөн талаар мэдээ, дүрс бичлэгийг хөндлөнгийн этгээд түгээх, нийтлэх боломжтой. Энэ тохиолдолд хэрхэх талаар төдийлөн тодорхой зохицуулалтгүй, санкцигүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.22-ийн 3 дахь хэсэг “эзнийх нь зөвшөөрөлгүй бичлэг задруулах”-т зааснаар шийдвэрлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй, “сурталчилгааны зориулалтаар эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдийн бичлэг дүрс ашиглах” тохиолдолд 6.20ийн 3.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй юм.

-Хэрэг хянан шийдвэрлэх явцад хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авах, биед нь үзлэг нэгжлэг хийх ажиллагааг нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай өрөөнд гүйцэтгэнэ. Мөн заавал хууль ёсны төлөөлөгчийг хамт байлцуулна гэж заажээ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Насанд хүрээгүй гэрч, хохирогч, зарим тохиолдолд сэжигтэн хүүхдээс мэдүүлэг авахдаа стандарт өрөөнд, стандарт асуулт асуугаад, цагдаагийн жирийн алба хаагч мэдүүлэг тайлбар авахад хүүхдүүд ихэвчлэн сүрдэж айдаг. Айж сандарснаасаа болж үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх магадлал өндөр. Хүүхэд бие даан эрх зүйн харилцаанд оролцох нас 16,18 наснаас эхэлдэг бөгөөд 18 насанд хүрээгүй иргэнээс мэдүүлэг авахад эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийг байлцуулдаг нь тэднийг мэдүүлэг өгөхийг зөвшөөрөх эсэх, мөн ямар асуудалд холбогдуулан мэдээлэл авч байгаа эсэхийг эцэг эх, багш, ажилтнаар хянуулах зорилготой.

-Хүүхдийг үл хайхрах хүчирхийллийг зогсоох талаар хуульд тусгаж өгсөн. Жишээ нь, хүүхдийн дэргэд архидан согтуурах, архи уусан үедээ хүүхдийн байгаа газарт орохыг хориглосон гэж байгаа. Энэ төрлийн зөрчил бол манайд маш элбэг байдаг шүү дээ. Энэ талаар дэлгэрүүлж өгнө үү?

-Хүүхдийн хажууд архидан согтуурахыг 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 6.20-ын 7 дахь хэсэгт хориглосон. Түүнд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байсан. Шинэ Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн дэргэд согтуурахаас гадна, согтуурсан үедээ хүүхдийн байгаа газар нэвтрэхийг түүнд эрсдэл учруулж байна гэж үзэхээр хуульчилсан. Гэхдээ шууд хариуцлага ногдуулах талаар Зөрчлийн хуульд нэмэлт оруулсан зүйлгүй байна. Үл хайхрах хүчирхийлэл нь завгүй эцэг эхчүүдэд болон хүчирхийлэл бүхий гэр бүл, мөн хүүхэд асаргааны талаар боловсрол дутмаг эцэг эхчүүдэд ажиглагддаг түгээмэл хэлбэр. Согтуурахаас гадна хүүхдийн хажууд тамхидах, хэрүүл зодоон үүсгэх гэх мэт зөрчлүүд мөн л хүчирхийлэлд тооцогдно. Тамхины хяналтын хууль гарахаас өмнө хүүхэд гэлтгүй бүх нийтийн дунд тамхидах нь энгийн үзэгдэл байсантай харьцуулбал одоо ч сайхан болж дээ. Цаашдаа хууль ёс зүй, соёл дээшлэхийн хэрээр энэ байдал засрах байх.

Цаашдаа Хүүхэд хамгааллын хуульд хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин тоглоомын талбайн стандарт, тоглох орон зайн боломж, хүүхдийн өмчлөх эрхийн талаар зэрэг асуудлуудыг сайжруулах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1765 иргэн, албан тушаалтныг хамруулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Архангай аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл аймгийн сумдын Засаг даргын Тамгын газар, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргад болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар, Боловсролын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилтийн үр дүнг тооцож, мэдэгдлийн мөрөөр авах арга хэмжээний талаар зөвлөв.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ТӨХК, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Стандарчилал хэмжил зүйн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, ХААИС, ШУТИС, Дорноговь аймгийн Гаалийн газар зэрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдэлтэй төрийн үйлчилгээний талаарх гомдол, мэдээллийг хянан шалгалаа.

Авлигын эсрэг сургалтад 1765 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Mөнгөний нийлүүлэлт 38.1 их наяд төгрөг болжээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх мөнгөний нийлүүлэлтийн дүн мэдээг танилцууллаа.

Тодруулбал, Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 38.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.9 (26.3%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.1 (37.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.3 (35.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Мандахнаран: Дундаж давхаргын орон зай улам хумигдаж, нийгмийн хөдөлгөгч хүч болсон энэ давхарга сул дорой, хүчгүй болж байна DNN.mn

Санхүү, эдийн засагч А.Мандахнарантай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ. Том зургаар нь авч үзвэл эдийн засагт юу болоод байгааг талбарлахгүй юу?

-Эдийн засаг зогсонги төлөвт шилжээд удаж байна. Зогсонги байдлын шалтгааныг дотоод хүчин зүйлтэй холбохоос гадна гадаад орчны нөхцөл байдлыг хамт задлан шинжилж үзэх нь чухал. Ерөнхийдөө дэлхийн нийт эрэлт буурч, эдийн засаг бүхэлдээ удаашрахад хүрч байгаа нь манай эдийн засагт хүртэл нөлөөлж, зогсонги байдлын нэг эх сурвалж, хүчин зүйл нь болж байна. Хэд хэдэн шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд эдийн засгийн нийт эрэлт буурч байгаа. Юуны өмнө, манай урд хөрш болох хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна. Хятад улс өмнө нь нийлүүлэлт рүү голлон анхаарч, зөвхөн үйлдвэрийн тоо ширхэг буюу олон тоогоор үйлдвэрлэх чиг хандлагыг түлхүү баримталж байсан. Тэгвэл одоо нийлүүлэлтэд суурилсан эдийн засгаас чанарт суурилсан эдийн засаг руу аажмаар шилжиж, энэ нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөлөх болсон. Мөн Европын холбоо ч гэсэн олон асуудалтай тулгарч байна. Валютын нэгдсэн бодлого евро бүсийн эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж буй. түүнээс гадна цар тахлын дарамтыг ч энд дурдахгүй байх аргагүй.

Цар тахлын үеийн эдийн засгийн шок өнөөдрийг хүртэл зарим газар нөлөөлсөн хэвээр. Дээрх нөхцөл байдал Монголын эдийн засагт нөлөөлөхийн зэрэгцээ бидний дотоодын сангийн болон мөнгөний бодлого, институтийн хямрал, тэгш бус байдал зэрэг нь  манай эдийн засагт давхар, давхар сөрөг нөлөө үзүүлж байна.

-ДНБ-ий үзүүлэлтээр эдийн засаг өсөж байна гэх боловч иргэдийн амьдралд тэр өсөлт мэдрэгдэхгүй, хувийн хэвшилд ч өсөлтийн үр нөлөө бодитой харагдахгүй байна гэж хэлэх хүмүүс олон байна. Өсөлт яагаад хүртээмжгүй байна вэ. Тэгш бус байдлын шууд уршиг энэ мөн үү?

-Тийм ээ, тэгж хэлж болно. Тэгш бус байдал нийгмийн маш том эмзэг сэдэв бөгөөд чухалчлан анхаарах ёстой улс орны нэн тулгамдсан асуудал болж хувирсан. Үүнийг тоохгүй орхиж болохгүй. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч, улс орны хөгжилд ч тэгш бус байдлын сөрөг нөлөө нь их. Дундаж давхаргын орон зай өдгөө улам хумигдаж, нийгмийн хөдөлгөгч хүч болсон энэ давхарга сул дорой, хүчгүй болж байна. Тэгш бус байдал гаарсны илрэл гэж үүнийг хувьдаа харж байгаа. Дундаж давхарга аль ч улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэржүүлэгч нь байдаг. Манайд энэ байдал сүүлийн жилүүдэд ихээхэн алдагдаж байна. Нэг ёсондоо дундаж давхарга хамгийн их хэлмэгдэж буй хэсэг. Тэгш бус байдал нэмэгдсээр байдлаар дундаж давхарга тэр хэрээр аюулд орно гэсэн үг.

Бага орлоготой давхарга руу цалин орлого, жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт болж очих мөнгө баян чинээлэг давхарга руугаа илүү их шилжих болсон. Үүний нэг жишээ нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг улс төрд нөлөө бүхий эрх мэдэлтнүүд цөлмөн авч, эдийн засгийн нийт эрэлт хумигдахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, энэ зүй бус үйлдлээрээ тэд бусдын боломжийг булаасан. Зах зээлд нийлүүлэгдэх ёстой хөрөнгө оруулалт энэ мэтээр саарч, зөвхөн өндөр орлоготой, улс төрийн хамаарал бүхий давхаргын шууд бус байдлаар хадгаламж болон хувирсан нь эдийн засгийг бүхэлд нь царцаахад хүргэлээ. Үүнээс гадна Монгол Улсын Хөгжлийн банкны луйврыг энд дурдах ёстой байх. Хөгжлийн банкны зээлдэгчид хэн, хэн болохыг бид бүгдээрээ харсан. Ялангуяа “чанаргүй” ангилалд багтсан зээлдэгчид эдийн засагт бүр ч их хорлонтой байлаа. Ийм тэгш бус байдал улам дэлгэрсэн нь Монгол Улсын эдийн засаг, эдийн засгийн тогтвортой хөгжилд гажуудал үүсгэж байна.

-Ямар гажуудал билээ?

-Та анзаарсан байх, үйлдвэрлэлийн салбар ихээхэн уналттай, үндэсний үйлдвэрлэгчид амаргүй сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулж байна. Манай эдийн засгийн бүтэц үйлдвэрлэлийн салбараас үйлчилгээний салбар руу хэвийж, шилжихэд нөлөөлсөн. Нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэх, өөрсдөө хийж бүтээх, бий болгохоо хойш тавьж, зөвхөн худалдаа үйлчилгээ эрхлэх, эсвэл ченж хийх зэргээр амиа аргацаах төдий болж хувирсан байна. Өнгөрсөн хугацааны бүтэл муутай нөхцөл байдал нь зах зээлийн ололт, үр нөлөөг бүхэлд нь ийн сулруулсан ба бодитой үр дүнд хөтөлж чадсангүй.

-Төрийн эдийн засаг болоод байна уу, Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Маш олон эдийн засагч ийм байр суурийг илэрхийлж байгаа. Өнөөдөр төр эдийн засагт дангаар монополь болж, чөлөөт зах зээлийн орчин маш хүнд нөхцөлд хүрлээ. Эдийн засаг бүхэлдээ улс төрөөс шууд хамааралтай явж байна. Энэ бол хөгжлийн маш буруу бодлого, буруу нүүдэл. Тэр тусмаа хөгжиж буй орны хувьд энэ байдал ихээхэн сорилт, хүндрэл болохоор байна. Тогтвортой бодлого, төлөвлөлт шат шатанд алдагдаж байна. Засгийн газар төсвөөр дамжуулан хэрэгцээ шаардлага нь нэн тодорхойгүй, үр ашиг нь харагдахгүй, судалгаа тооцоо дорвитой хийгээгүй, үндэслэл муутай төсөл хөтөлбөрийг хүчээр шахам санхүүжүүлж, үр ашиггүй зардал бий болгож байгаа нь нийт эрэлтэд ч сөргөөр нөлөөлж буй юм.

-Таны харж байгаагаар цаашид юуг бид анхаарах шаардлагатай байна вэ?

-Жижиг, дунд бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, татвар, хөрөнгө оруулалтын урт хугацааны таатай орчныг бий болгох замаар эдийн засаг тэлэх, иргэдийн орлого өсөх, ажлын байр нэмэгдэх, нийт эрэлт сэргэх, улмаар эдийн засгийн урт хугацааны өсөлтийг бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Үүнийг эдийн засаг болон улс төрийн зохимжтой, тэнцвэртэй бодлогын хүрээнд хийх нь илүү ач холбогдолтой. Хувийн хэвшлийн эрх ашигт нийцэх, тэнд хүнд суртал үүсгэх бус, харин хөгжил, тэлэлт авчрах хэмжээний өөрчлөлт байх учиртай юм.

-Засгийн газрын оролцоо эдийн засагт төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй байна гэж Та хэлэх гээд байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Засгийн газрын бодлогын эргэлт нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлнө. Тухайлбал, манай улс шиг уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улсад Засгийн газрын зөв бодлого ус, агаар мэт хэрэгтэй. Зөв бодлого гэдэг нь төрийн оролцоо, түүний хэм хэмжээг ч тодорхойлж өгнө. Технологи, дэд бүтэц, шинжлэх ухаан, боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, тэгш бус байдлыг залруулсан тийм бодлогыг нэн тэргүүнд явуулах хэрэгтэй байна. Дэлхийн түвшинд, томоохон гэлтгүй бүх улс оронд том хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Сүүлийн жилүүдэд ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох талаар ихээхэн ярьж, хэлж байна. Шинэ эрчим хүч рүү шилжих, хот сууринаа дэд бүтэц, архитектураар нь өөрчлөх зэрэг маш том, том хөрөнгө оруулалтын асуудал эрчимтэй яригдаж байгаа ийм цаг үед бид хоцорч, хойш сууж яавч  болохгүй. Харамсалтай нь манайд хөрөнгө нь байгаа мөртлөө түүнийгээ хангалттай ашиглаж чадахгүй байна. Улстөрчдийн дотоодын хадгаламжийн хэмжээ хэд болчхоод байгаа билээ. Тэгээд л бодоход бүх зүйл ойлгомжтой болно. Дахиад хэлэхэд, энэ олон сан, төсөв, тендер тойрсон “хулгай” эдийн засгийн нийт эрэлтийг хумихад хүргэж байгаа. Эдийн засгийн эргэлт ч суларч байна. Зах зээл дангаараа дээрх олон асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг сүүлийн 30 гаруй жилийн нөхцөл байдал бүрэн харууллаа шүү дээ.

-Угтаа зах зээлийн эдийн засагт найдах. Гэвч асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж үү?

-Монголын эдийн засгийг өнөөгийн зогсонги байдлаас гаргахын тулд баячууд л улам их баяжаад байх бус, бүх нийтэд хүрэлцээтэй болох буюу тэгш бус байдлыг арилгах нийгэм бүтээн бий болгохын тулд эдийн засгийн эрс өөр бодлого шаардлагатай гэдгийг л би баттай хэлж чадна. Эдийн засгийн зөв онол баримтлал, түүнд тулгуурласан зөв бодлого хэрэгтэй болж байна. Ийм бодлого үгүйлэгдэж байна.

Манайханд нэг нийтлэг зүйл байна. Ардчиллыг эдийн засгийн ухагдахуун, зөвхөн зах зээлийн эдийн засагт тулгуурлахдаа сонгодог болон шинэ сонгодог онолынхны хүрээнд л ойлгодог. Би бол ардчиллын үнэт зүйл болох бүх нийтийн шударга сонгуулиар төрийг бий болгох, аливаа нэгэн байдлаар бие биенээ гадуурхахгүй байх, зөвхөн хуульд захирагдах гэх мэт иргэний эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, парламент олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийг хүндэтгэх үзэл санааг үргэлж дэмжсээр ирсэн. Түүнээс бус ардчилал гэдэг нь хэн нэгэн хөрөнгөтэй хүний хөрөнгийг зах зээлийн эдийн засаг нэрийн дор хамгаалах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, түүний ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус үйлдийг хаацайлахыг хэлэхгүй байх.

Нэг үгээр хэлбэл, Монголд бизнесмэн, инновацлагч, сэхээтэн гэж байхгүй, харин зэрлэг капиталистууд бий боллоо гэж би хувьдаа харах болсон. Ардчилсан сонгуульд сүүлийн хэдэн жилд дандаа зэрлэг капиталистууд ялж байна. Энэ капиталын эзэд өөрсдийн үр өгөөж, үр хойчоо бодно уу гэхээс улс орноо бодно гэсэн ухамсар, ойлголтгүй болсон. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслийн эхний нүүрийг үзэхэд л тэдгээрийн хууль бус үйлдлүүдээр дүүрэн болсон шүү дээ.

-Ерөөсөө эдийн засаг заавал өсөж байх ёстой юу? Эдийн засгийн өсөлт гэдэг зүйлд ямар давуу, сул тал байна вэ?

-Эдийн засаг заавал өсөж байхаас өөр арга байхгүй. Эдийн засгийн өсөлтийн талаар ярихдаа өсөлт гэж юу вэ, өсөлтийг хэрхэн хэмжих вэ, тоолуур нь юу байдаг вэ гэдгийг хөндөх хэрэгтэй болно. Сүүлийн жилүүдэд эдийн засагчдын үзэж байгаагаар ДНБ эдийн засгийн хүчин чадлыг бүрэн хэмжиж үнэлэхэд учир дутагдалтай үзүүлэлт болсон. ДНБ нь байгаль орчны сүйрэл, ашигт малтмалын нөөцийн шавхагдалт, баялгийн хуваарилалт, хүртээмжтэй өсөлт, түүний тогтвортой байдал зэргийг тусгадаггүй гэх мэт асуудлыг дагуулж буй. Үүнийг засах талаар онолын хувьд сайжруулалт хийгдсээр байгаа. Түүнээс бид хоцорч болохгүй. Мөн үүнтэй холбогдуулан өсөлтийн бүтцийнх нь хувьд өөрчлөх шаардлагатай гэж ихэнх эрдэмтэд үзэж байгаа. Түүнээс бус байгалийн баялгийг улс төрийн эрх мэдлийн хүрээнд баруун солгойгүй үрэлгэн зарцуулж, байгалийг үндсээр нь сүйтгэж буй материалист эдийн засаг цаашид оршин тогтнох ямар ч бололцоогүй нь дэлхийн эдийн засгийн томоохон форумуудаас илэрхий харагдаж байна. Материалист эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжиж, дэлхий дахинтай хөл нийлүүлэхээс өөр арга бидэнд байхгүй. Тиймээс таны асууж буй “өсөлт” нь материалист өсөлтийг хэлж байгаа бол эдийн засгийн өсөлт гэдэг нэр томьёог энд дурдах ч хэрэггүй юм.

Өөрөөр хэлбэл, таны асуусан эдийн засгийн өсөлт нь материалист өсөлт бол тэр нь эдийн засгийн өсөлтийг авчрахгүй ээ!!! Та үүнийг ойлгохын тулд сүүлийн 15 жилийн ДНБ-ий өсөлт болон өөрийн амьжиргааны түвшнээ харахад л хангалттай. Энд тоо тавибал их сайн болно доо.

-Түрүүн ярианы дундуур зах зээлийн эдийн засагт тулгуурласан сонгодог онол гэлээ. Тэр тухай илүү тодруулж хэлж өгөөч?

-Зах зээлийн эдийн засаг гэнэт хаа нэгэн газраас гарч ирээгүй. Бусад шинжлэх ухааны адилаар хувьсан өөрчлөгдөж ирсэн, цаашид ч хувьссаар байх болно. Анх үүсэхдээ тун энгийн цомхон, гар урлал, газар тариаланд тулгуурласан зах зээлийн эдийн засаг байсан. XVIII зууны сүүлээс XIX зууны эхээр өрнөсөн Аж үйлдвэрийн хувьсгал зах зээлийн эдийн засгийг үүсэхэд томоохон хөшүүрэг болсон. Улмаар шинжлэх ухаан ба технологи гэсэн хоёр хос гартай болсноор пүүс компани, корпорац, нэгдэл болж томрох тусмаа эдийн засаг бүхэлдээ бүтцийн хувьд хувьсан өөрчлөгдсөн.

Эдийн засгийн ухааны загалмайлсан эцэг гэгддэг Адам Смитийн талаар энд дурдахгүй байхын аргагүй. Орчин үеийн олон эдийн засагч Адам Смитийн онолыг үргэлжлүүлсээр байгаа. Адам Смитийн үндсэн номлол нь аливаа нэгэн хувь хүн болон байгууллага зөвхөн хувийн ашгийн төлөө явах нь нийгмийн үр ашгийг бий болгоно, үүнийг “үл үзэгдэгч гар” зохицуулна гэдэг. Адам Смит “Үндэсний баялаг” аугаа бүтээлээ одоогоос 250 гаруй жилийн өмнө туурвисан байдаг. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал өнөөгийн эдийн засгийн бүтэц төдийгүй шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаас тэс өөр шүү дээ. Тиймээс өнөөгийн капитализмыг Адам Смит бүрэн ойлгож байсан нь эргэлзээтэй. Олон эдийн засагч Адам Смит болон Карл Марксын онолыг зөвхөн материалист үзэл дээр тулгуурласан гэж үздэг. Гэтэл өнөөдрийн мэдээллийн технологийн салбарын хөгжлийг та бид бүгд мэдэж байгаа шүү дээ… Материалист гэхээс илүүтэй идеалист хийсвэр зүйлд тулгуурласан гэхэд хилсдэхгүй байх аа. Байгалийн баялгийн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжинэ гэдгийг Адам Смит бараг төсөөлж байгаагүй шинжлэх ухаан технологи инновацын шинэ эрин үе ирчхээд байна. Өнөөдөр дэлхийд нэртэй эдийн засагчид, судлаачид Адам Смитийн үл үзэгдэгч гарын тухай ид маргалдаж, мэтгэлцэх нь элбэг боллоо.

Ер нь хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээнд хуваарилах гэсэн эдийн засгийн явцуу, хоцрогдсон тодорхойлтоосоо бид салах хэрэгтэй. Орчин цагийн мэдээллийн технологийн эрин үед мэдлэгийн болон оюуны нөөц хязгааргүйд тэмүүлж байна. Бидний 30 жилийн өмнө хязгааргүй амьсгалж чадаж байсан агаар маань өнөөдөр хязгаартай болтлоо бохирдож, түүнээс хамаарсан үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзэл хэтэртлээ өсөх боллоо. Бид бүгдийн өмнө нь баталж байсан зүйлс одоо худал болж, худал байсан нь үнэн болж, үүнийг дагаад шинжлэх ухаан хувьсан өөрчлөгдөж байна. Монголчууд бид энэ удаагийн сонголтоо эдийн засгийн цоо шинэ онол баримтлал, шинэ бодлого явуулж чадах шинэ залуу боловсролтой үеэ сонгох цаг нэгэнт болсон. Тэр цаг үе ч ирсэн гэж харж, итгэж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Монголын эрдэмтэд физикч Норовын Тэгшбаяр докторыг намын жагсаалтад оруулахыг АН-ын дарга Лу.Гантөмөрт уриаллаа DNN.mn

АРДЧИЛСАН НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ, ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРОО, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЛУВСАННЯМЫН ГАНТӨМӨР ТАНАА

Уриалга хүргүүлэх тухай

2024 оны 05 сарын 06 өдөр

Монгол Улсын “Үндсэн хууль”-д Улсын их хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна гэж өөрчлөлт оруулсан. ингэхдээ Улсын хурлын сонгуулийг “сонгуулийн холимог тогтолцоо”-гоор явуулна. Улсын “далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан

Бага орлоготой орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.5 орчим хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг бол өндөр хөгжилтэй орнууд 3 орчим хувийг зарцуулдаг нь улс орнуудын хувьд хөгжлийн ялгаа бий болгох голлох шалтгаануудын нэг юм. Өнөөдөр манай улс бага орлоготой орнуудын зарцуулдгаас ч бага төсөв шинжлэх ухаанд зарцуулж байгаа нь нууц биш билээ. Шийдвэр гаргах түвшинд эрдэмтэн судлаач, технократуудыг олноор оруулж судалгаа шинжилгээнд зарцуулж буй хөрөнгө оруулалтад тодорхой татварын хөнгөлөлт үзүүлэх болон татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлэх аваас хөгжлийн шинэ эринг авч ирнэ гэж бид үзэж байна.

Улс орнуудын хөгжлийг тодорхойлох нэг гол хүчин зүйл нь эрчим хүч байдаг. Монгол Улс эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө импортын хамаарлаас ангижирч, экспортлогч орон болгохын тулд атомын цахилгаан станц (АЦС), усан цахилгаан станц (УЦС), нарны цахилгаан станц (НЦС), салхины цахилгаан станц (СЦС) зэрэг цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг өргөтгөх, түүнчлэн уул уурхайн олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шинжлэх ухаанч, өндөр технологийн гүрэн болоход физикч Норовын ТЭГШБАЯР доктор хувь зохих нэмэр оруулна гэдэгт бид бүрнээ итгэж байна.

Тиймээс дээрх дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэдэг заалтын дагуу танай намаас гаргах жагсаалтын сонгогдох магадлалтай дараалалд физикч Норовын ТЭГШБАЯР докторыг багтааж, Монгол Улсын Их Хуралд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэхийг уриалж байна.

Бидний энэхүү уриалгыг хэлэлцүүлж, дэмжинэ гэдэгт найдаж байна.

Улаанбаатар хот

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль ирэх сарын 28-нд болно. Үүнтэй холбогдуулан оюутнуудаас сонгуульд хэр идэвхтэй оролцох, сонгуулийн тухай ямар ойлголттой байгааг нь сонирхлоо. МУИС, ЭМШУИС, ШУТИС, МУБИС-ийн оюутнуудын төлөөллийн мэдээллүүдийг хүргэе.


Н.Энхбилгүүн: Саналаа өгөх эсэхээ тухайн үедээ шийднэ

МУИС-ийн Бизнесийн удирдлагын дөрөвдүгээр курсын оюутан Н.Энхбилгүүн:

-Та энэ удаагийн сонгуульд оролцох уу. саналаа өгөх тал дээр ямар бодолтой байна вэ?

-Сонгууль боллоо гээд өөрчлөгдсөн зүйлгүй нөхцөл байдалд байх юм шиг санагдаж байна. Нэг инээдтэй зүйл нь сар болгон сонгууль болвол дээр байгаа хүмүүс маань хийх ёстой ажлаа хийгээд байх юм болов уу гэж бодогдож байна. Түүнээс биш ингээд дөрвөн жил сонгогдлоо гэхэд ард түмнийхээ төлөө олигтой юм ч хийхгүй.

Өөрсдөдөө л ашигтай байдлаар ажиллаад байгаа болохоор сонгууль өглөө гээд Монгол Улсын иргэдэд үлдэц муу байна.

-Та тэгэхээр саналаа өгөх бодолгүй гэсэн үг үү?

-Сонгуулийн үеэр ирцэн дээр нь хүртэл дөрөөлөөд тоглолт хийдэг. Тийм болохоор сонгууль итгэлтэй, найдвартай зүйл биш. Эх орны хөгжилд нэг их нөлөө ч үзүүлэхгүй болчихсон. Миний хувьд санал өгөх тал дээр яг л идэвхгүй байдалд шилжээд байна. Сонгууль өгөх эсэхийг тухайн үедээ шийднэ. Учир нь хэнийг сонгож, саналаа өгөх вэ гэдэг маань эргэлзээтэй юм. Энэ эргэлзээ яаж арилах вэ гэхээр дээр байгаа улстөрчид өөрчлөгдөж, илүү их залуучуудыгаа бодсон зүйл хийх хэрэгтэй байна.

-Шинэ залуу хүмүүс илүү их сонгогдоосой гэж хүсч байна гэж ойлгож болох уу?

-УИХ-д яагаад заавал хөгшин хүмүүс гарах ёстой гэж. Ажлаа мэддэг, шинэ залуу хүмүүс яагаад гарч болохгүй гэж. Залуу хүмүүсийг нэр дэвшээд гаръя гэхээр ахмад үе нь чи юугаа мэддэг юм гээд доош нь дараад байдаг. Тэгээд залуучуудын зүрх нь үхээд, тэмцэх чадвар нь мохоод байгаа асуудлыг цэгцэлмээр байна.

МУБИС-ийн оюутан Ж.Мөнгөнтуяа:

-Та энэ жил сонгуульд оролцож, саналаа өгөх үү?

-Сонгуульдаа оролцож, саналаа өгнө дөө. Би төгсөх курсийн оюутан. Бага ангийн багш мэргэжлээр төгсөх гэж байна. Мөрийн хөтөлбөрүүд гарахаар нь сайн харж байгаад сонголтоо хийнэ.  Ажлаа хийчих сэтгэлтэй хүн сонгогдоосой гэж хүсч байна.

-Олон намаас хүмүүс нэр дэвшихээр байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Олон нам байж гэмээнэ нэгэнтэйгээ өрсөлдөж, бие биенийхээ шийдвэрт нь харилцан нөлөөлж, зөв шийдвэрүүд гаргахад түлхэц үзүүлж болох юм.

МУИС-ийн орчуулагчийн ангийн нэгдүгээр курсийн оюутан Г.Бямбадулам:

УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болно. Та саналаа өгөх үү?

-Энэ жилийн сонгуульд оролцоно. Миний хувьд анх удаагаа сонгуульд саналаа өгөх гэж байна. Одоогоор яг ямар нам, хэнд саналаа өгөхөө шийдээгүй байна. Нэр нь зарлагдаад, мөрийн хөтөлбөрүүд нь гараад эхлэхээр тэр бүгдтэй нь танилцаж байгаад шийднэ.

МУИС-ийн олон улсын харилцааны дөрөвдүгээр курсийн оюутан Б.Мөнхзол:

-Та энэ удаагийн УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү. Өмнө нь сонгуульд оролцож байв уу?

– Би энэ удаагийн сонгуульд оролцоно. Би өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байсан. Энэ удаагийн сонгуулиар ард иргэддээ хэрэгтэй юм хийдэг, боловсролтой хүмүүс сонгогдоосой гэж хүсч байна.

-Төгсөх курс юм байна. Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу?

-Ажлын байр яг бэлэн биш ч гэсэн мэдээж мэргэжлээрээ ажиллана. Гэхдээ  шинэ төгсөгч болохоор ажлын туршлага муутай гэсэн үг. Тиймдээ ч шинэ төгсөгчдийг авч ажиллуулах газар ховор, гар дээрээ авах цалин хөлс нь ч бага байдаг. Тиймээс төр засгаас залуучуудын цалин, нийгмийн хангамж тал дээр нь илүү анхаарч үзээсэй гэж хүсдэг.

-Залуучуудыг та сонгуульд хэр ханддаг гэж боддог вэ?

-Залуу хүмүүсийн идэвх, оролцоо муу байдаг учраас бидний хүсээгүй хүмүүс гарчихдаг. Дунджаас дээш насны хүмүүс голдуу саналаа идэвхтэй өгөөд байдаг. Тэгэхээр бидний дуу хоолойг илэрхийлэх хүмүүс нь сонгогдож чадахгүй байгаад учир байна. Тиймээс залуучуудаа сонгуульдаа идэвхтэй оролцоод, саналаа өгөөсэй гэж хүсч байна.

ЭМШУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Б.Рэнцэнханд:

-Та энэ удаагийн сонгуульд хэр ач холбогдол өгч оролцох гэж байна вэ?

-Анх удаа сонгуульд саналаа өгөх гэж буй тул ач холбогдол өгч оролцолгүй яахав. Тиймээс сонгуульдаа оролцож саналаа өгнө. Олон удаа сонгогдсон улстөрч гэхээс илүү зөв бодолтой залуу хүмүүс нэр дэвшээсэй гэж бодож байна. Өөрийн байр суурь дээрээ бат зогсоод иргэдийн үзэл бодлыг дэмждэг, боловсрол мэдлэгтэй, хэлсэндээ хүрдэг, жинхэнэ ард түмнийнхээ төлөө гэсэн хүнд л саналаа өгөхийг хүсч байна.

-Залуучууд энэ удаа сонгуульд хэр идэвхтэй оролцох бол. Таны бодлоор?

-Сонгуульд 18-23 насныхан бага санал өгдөг юм билээ. Намд ач холбогдол өгч байгаагүй болохоор одооноос намуудыг судалж эхэлнэ. Ер нь нам гэхээс илүү хувь хүнийг нь харсан сонголт хиймээр байна. Мөн залуучууд илүү хариуцлагатай, сонгуульдаа ач холбогдол өгч оролцмоор санагддаг. Манай улс чинь залуучуудын орон гэдэг атлаа бидний эрх, хүсэл зорилгод нийцсэн бодлого хөтөлбөрүүд тэр бүр хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Яахав, энэ бүхнийг өөрчлөх нэг гарц нь залуучууд бид сонгуульдаа идэвхтэй оролцох юм болов уу даа.

ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Т.Аззаяа:

-Та энэ удаагийн сонгуульд саналаа өгч оролцох уу?

-Яг ч сонгууль өгч, сонголтоо хийхдээ бэлэн биш байна. Нэр дэвшигчдийг сайтар судалж үзнэ. Тухайн үедээ хэнд өгөхөө шийднэ дээ. Мэдээж саналаа өгнө.

-Энэ жилийн хувьд ямар хүмүүс нэр дэвшээсэй гэж хүсч байна вэ?

-Улиг болсон хүмүүс нь гардаг биш Z үеийг ч юмуу, залуучуудыг ойлгож мэдэрдэг арай өөр сэтгэлгээтэй, юм хийж бүтээе гэсэн хүмүүс л гараасай гэж хүсч байна даа. Сонголт хийхэд үнэндээ амаргүй байна байх. Өөрийнхөө хувьд хамгийн зөв гэж үзсэн хүндээ л саналаа өгнө.

МУБИС-ийн оюутан Э.Оюунгэрэл:

– Та энэ удаагйин сонгуульд саналаа өгөх үү?

-Энэ удаа саналаа өгнө. Сонгуулиар эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс гараасай.

Мөн сүүлийн жилүүдэд МАН дангаараа шахуу Их хуралд суудал эзэллээ. Одоо нам харж сонгох хандлага буурсан байх аа гэж бодож байна. Хүмүүсийг ухаантай байгаасай гэж хүсч байна.

-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо хэр байх бол. Та юу гэж бодож байна?

-Улаанбаатар хотод гэхэд 1 сая 500 мянган хүн амьдарч байна. Энэ хүмүүсийн хэчнээн хувь нь залуучууд билээ гээд бодохоор сонгуульд идэвхтэй оролцохыг уриалахаас илүү залуучуудаасаа шаардмаар байна.

-Энэ удаа олон намаас хүмүүс нэр дэвшихээр байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Өмнөх сонгуулиудад намын сонголт бага байсан. Бараг МАН, АН гэсэн хоёрхон намтай. Энэ жил нэг нам давамгайлахгүйгээр намын сонголт арвин байх болов уу гэж харж байна. Мөн нам харсан сонголт гэхээс илүү энэ хүн юу хийж чадах вэ гэсэн чадамжийг нь хардаг баймаар байна. Хэт залуу хүмүүс гарахаар залуу байна гэж дарамтлаад, олон жил төр барьсан настай хүмүүсийн хувьд бид ухааныг нь гүйцэхгүй мөнгө идсэн асуудлууд гараад байх юм.

-Залуучууд идэвхтэй сонгуульдаа оролцохын ач холбогдол нь юу вэ?

-Өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар шийдэгдсэн ямар нэгэн асуудал алга. Утаа байна уу байна, нүхэн жорлон байж л байна, хүүхдийн хүчирхийлэл г ээд олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй байсаар л байна. Эдгээр олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой хүмүүсийг сонгохыг хүсч байна. Тиймдээ ч залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолойг төрд хүргэмээр байна.

МУИС-ийн сэтгүүлзүйн ангийн нэгдүгээр курсийн оюутан Б.Анхбаяр:

– Та энэ удаагийн сонгуульд саналаа өгөх үү?

-Иргэнийхээ үүргийг биелүүлээд сонгуульд оролцоно. Манай үеийн залуус сонгуульдаа оролцох хэрэгтэй л гэж бодож байна.

-Ямар насны хүмүүс сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсч байна вэ?

-40-өөс дээш насны хүмүүс нэр дэвшсэн нь дээр болов уу. Хэт залуу хүмүүс учраа мэдэхгүй байж магадгүй л гэж бодож байна. Харж, судалж байгаад хамгийн мэдлэг боловсрол өндөр гэсэн хүнд л саналаа өгнө.

Оюутан Б.Гантогтох:

-Энэ жилийн УИХ-ын сонгуульд та саналаа өгөх үү?

-Би саналаа өгнө. Энэ жил анх удаа сонгуульд оролцох гэж байгаа болохоор илүү ач холбогдол өгч саналаа өгнө гэж бодож байна.

-Сонгуульд ямар байр суурь баримталж оролцох вэ?

-Хүмүүс чинь эхлээд нам гээд байдаг. Би бол тэрний эсрэг байр суурьтай байдаг. Аль болох шинэ үеийн төлөөлөл болсон мэдлэгтэй залуучуудыг сонгохыг хүсч байна. Мэдээж нэр дэвшигчдийг сайн судалж байгаад сонголтоо хийхгүй бол болохгүй. Энэ жилийн хувьд өргөн хүрээнд сонгууль болно. Залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонголтоо зөв хийгээрэй гэж уриалмаар байна.

-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо ямар байх бол?

-Одоо залуучууд бид илүү хариуцлагатай  байж, сонгууль бидэнд ямар ч хамаагүй юм гэдэг ойлголтоосоо нэгэнт салах цаг болж. Бодит амьдрал дээр бидэнд сонгууль хамгийн их хамаатай байгаа учир ач холбогдол өгч сонголтоо хийх нь зүй юм. Хэн нэг хүн мөнгө, эсвэл элдэв зүйл тараасны төлөө сонголт битгий хийгээсэй гэж хүсмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 16, Бархасбадь гариг. Билгийн тооллын 8, Их морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 05:12 цагт мандаж 20:25 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -3…+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1…-3 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +19…+21 градус дулаан байна.