Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Н.Баярням: Би хүний итгэлийг алдахаас л их айдаг DNN.mn

Дуучин, дуу хөгжмийн багш МУСТА Н.Баярнямтай ярилцлаа. Тэрбээр удахгүй анхны бие даасан тоглолтоо төрсөн нутагтаа хийх гэж буй юм.


-Таны мэргэжил дуу хөгжмийн багш. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Би Төв аймгийн Баянцогт суманд төрж, өссөн. Өмнө нь багш болно гэж бодож байгаагүй. Дуучин л болно гэж багаасаа мөрөөдөж ирсэн. Дуу хөгжмийн багшийн мэргэжлийг эзэмшихэд ээжийн том эгч нөлөө үзүүлсэн. Миний дүү багш болоод түмний олон хүүхдийг дуу хөгжмөөр хөглөж явах нь илүү утга учиртай юм шүү гэж зөвлөснөөр ээжтэйгээ хамт очиж, СУИС-д шалгалт өгсөн. Тэгээд СУИС-ийг дуу хөгжмийн багш мэргэжлээр 2014 онд төгссөн. Тэр цагаас хойш би мэргэжлээрээ тасралтгүй ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ хийгээд явж байна.

-Та багаасаа л дуулдаг хүүхэд байв уу?

-Тийм. Урлагийн хүн болох хүсэл сонирхол ихтэй. Сургуулийнхаа урлагийн үзлэг гэлтгүй сумынхаа бүхий л арга хэмжээнд оролцож, дуулдаг хүүхэд байлаа.

-Таны удамд урлагийн хүн байв уу. Дуу хөгжимд сонирхолтой болоход юу нөлөөлсөн бэ?

-Миний аав урлагийн хүн биш ч бүх хөгжмийг тоглодог, урлагийн мэдрэмж өндөртэй, урлагт элэгтэй хүн байсан. Ялангуяа баянхуур хөгжмийг сайн тоглоно. Аав минь ХХАА-н тэргүүний ажилтан, насаараа газар тариалангийн салбарт ажилласан тариаланч хүн л дээ. Өвөлдөө сумынхаа ЗДТГ-т ажиллана. Ер нь сумынхаа урлаг соёлыг авч явдаг гол хүмүүсийн нэг нь миний аав байлаа. Намайг бага байхад орой бүр банзан гитар дээр аав, ээж минь дуулаад л суудаг байсныг санадаг. Энэ нь надад дуу хөгжимтэй ойрхон явж ирэхэд их нөлөөлсөн.

-Та дуу хөгжмийн багшаараа тасралтгүй ажиллаж иржээ. Энэ талаараа дурдвал?

-СУИС-ийнхаа төгсөлтийн баяраас хоёр хоногийн дараагаас шууд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт хоёр сар ажилласан. Дараа нь Хятадад аялан тоглолтод хэд хоног оролцоод ирсэн л дээ. Дараа нь намар ч болсон, Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульдаа түүхт 50 жилийн ойгоор нь багшаар орж байлаа. Улсын хэмжээнд ганцхан байдаг Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль л даа. Энэ жил би тус сургуульдаа 10 дахь жилдээ ажиллаж байна.

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад багшаас ихээхэн хичээл зүтгэл шаарддаг болов уу. Ялангуяа дуу хөгжмийн хичээл заана гэдэг амаргүй байх.

-Багшаас ур чадвар, маш их сэтгэл, тэвчээр шаарддаг. Хүүхдүүдтэйгээ эхлээд ойлголцоход хэцүү байсан ч аяндаа орчинд нь дохионы хэлийг сурсан. Мөн ажилдаа ороод удаагүй байхад манай сургуулийн ойн тоглолт болсон. Тэр тоглолт дээр хүүхдүүдээ дохионы хэлээр дуулахыг нь хараад нулимс урсчих гээд байсан. Би энд л энэ хүүхдүүдтэй ажиллах нь зөв юм байна гэдэг шийдвэрийг тухайн үедээ гаргаж байсандаа одоо ч баярладаг. Би дуу хөгжмийн багш мэргэжилдээ хайртай, дуртай. Энэ хүүхдүүдийнхээ буянаар МУСТА цол тэмдгийг 2021 онд авч байсан. Энэ цол тэмдгийг авснаар ажиллах урам зориг нэмэгдэж, уран бүтээлээ ч эрчимтэй хийхийг хүсэх болсон.

-Та багшийн ажлаа хийж байхдаа шантарч байв уу?

-Өөр, өөр ажлын саналууд ирж байсан ч би хүлээж аваагүй. Гэр жаахан хол, гэр бүлдээ бага цаг зарцуулах зэрэг асуудлууд байж л байдаг. Заримдаа ажил дээр элдэв асуудал үүснэ. Нулимс гармаар шантрах үе байна л даа. Энэ ажил, хүүхдүүддээ хайртай учраас тэгсхийгээд л өнгөрөөчихдөг. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ давхар хийе гэсэн бодолтой явна.

-Та лимбээс гадна ямар, ямар хөгжим тоглодог вэ?

-Дуу хөгжмийн багшаар төгсөхөд мэргэжлийн ардын хөгжим сонгон сурсан байх ёстой л доо. Би лимбийг сонгон суралцсан. Ятга, төгөлдөр хуур зэргийг тоглодог.

-Залуу хүний хувьд амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Би өөрийгөө цагийг маш сайн баримталдаг гэж боддог. Хариуцлагатай байхыг хичээдэг. Заримдаа алдаа гаргах ч үе байна л даа. Би хүний итгэлийг алдахаас л маш их айдаг. Нэг зүйл рүү чиглэсэн бол түүндээ тууштай байх ёстой л гэж боддог.

-Гэр бүлээ танилцуулж болох уу?

-Миний хувьд амьдралын эхлэл 29 дүгээр сургуультай салшгүй холбоотой. Ажилдаа ороод жил болоогүй байхдаа ажлын шугамаар эхнэртэйгээ танилцаж байлаа. Эхнэр маань Нийслэлийн ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан үе нь л дээ. Эхнэрийг маань Н.Батчимэг гэдэг. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумынх. Манайх ам бүл дөрвүүлээ. Бид охин, хүү хоёртой.

-Залуу хүн алдах эрхтэй гэдэг л дээ. Та ямар нэгэн зүйлд харамсаж явдаг уу?

-Би аавыгаа амьд байхад нь хайрлаж чадаагүйдээ маш их харамсдаг. Аав минь хүнийг их хайрладаг хүн байсан. Аавынхаа дайнд хүрэхгүй ч аав шигээ бусдыг хайрладаг хүн болох сон гэж хичээдэг. Найзынхаа буянаар аавдаа сайхан дуун суварга босгож, аавынхаа ачийг бага ч гэсэн хариулж, өөрийгөө тайтгаруулж чадсандаа баярлаж явдаг.

-Та анхныхаа уран бүтээлийг хэдэн онд гаргаж байсан бэ?

-Анх би СУИС-иа төгсдөг жилээ МУСТА, хөгжмийн зохиолч Э.Батцэнгэлийн аялгуу, яруу найрагч О.Баттүшигийн шүлэг “Оюутан нас” дууг бүх оюутан залуусдаа зориулан дуулж байсан. Анхны уран бүтээл гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан зүйл. Мөн “Хайруудаа” гэдэг дуунд анх ая зохиож байлаа. Энэ дуунд ая хийх саналыг хамт ажилладаг хөдөлмөрийн багш маань надад тавьсан. Багш ахын минь аав том яруу найрагч хүн байв.Тухайн үед “Аавын минь бие жаахан тааруу байна. Амьд сэрүүнд нь аавдаа зориулж, шүлгээр нь нэг сайхан дуу хиймээр байна“ гээд надад хэлснээр энэ дуу бүтсэн түүхтэй. 2016 оноос эхлэн ая зохиохын зэрэгцээ уран бүтээлээ түлхүү хийж эхэлсэн. Аяыг нь зохиосон, өөрөө дуулсан гээд одоогоор 10 гаруй уран бүтээлтэй болоод байна. Дүрсжүүлж амжаагүй хэд хэдэн дуу бий. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хийж байна. Тиймээс уран бүтээлүүд маань хүлээгдээд байгаа. Яг дуучин гэдэг мэргэжлээр төгсөөгүй ч дуунаасаа би ерөөсөө салаагүй л дээ. Өөрийн гэсэн уран бүтээлүүдтэй болох зорилгоо биелүүлээд явж байна.

– Аавдаа зориулсан “Амьдралын түшигтэй аав минь” дууныхаа бүтсэн түүхээс хуваалцаач?

-Энэ дуу маань 2021 онд гарсан. Аав минь хараахан сонсож чадаагүй л дээ. Тухайн үед хөгжмийн зохиолч найзын минь хүсэлтээр яруу найрагч О.Баттүшиг маань надтай холбогдож аавын маань намтар түүхийг сонсоод шүлгийг нь бичсэн. Хөгжмийн зохиолч МУСТА Э.Батцэнгэл найз минь “Аавд чинь зориулж дуу хийлээ” гээд надад бэлэглэж, би өөрөө дуулсан.Энэ сайхан дуугаа дүрсжүүлэхдээ аавынхаа тариа тарьж байсан газар нь зорьж очин, зургаа авсан. Мөн 2020 онд ковид гардаг жил Ж.Отгонбат, Б.Базаррагчаа хоёр найзтайгаа “Аав нутаг хоёр” нэртэй хамтарсан тоглолтоо нутагтаа хийсэн. Яг ковид гарахын урьд өдөр бидний тоглолт амжилттай болсон. Тэр үеэр Ж.Отгонбат найз маань Б.Цэвээн-Очирын үг, ая “Хатан буурал ээж” дууг надад бэлэглэсэн. Энэхүү дуугаа өөрийнхөө ээж болон бүх сайхан ээжүүддээ зориулан дуулсан.

-“My voice”-т орж байсан сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Би гэнэт л орсон. Манай нэг найз “UBS” телевизээс “My voice” гээд дууны тэмцээн зохион байгуулах гэж байна. Чи оролцооч гэхээр нь бодож үзээд маргааш нь бүртгүүлчихсэн. Эхний шатанд тэнцэж байсан. Өөрийн хариуцлагагүй байдлаас болж хоёрдугаар шатандаа хасагдаж байлаа. Тэр тэмцээн надад олон зүйлийг ойлгуулсан. Маш их зүйл сурсан. Би одоо ч суралцаад явж байна.

-Дууг дуулахдаа та ямар мэдрэмжийг авдаг вэ?

-Хүмүүст зориулж дууг дуулна гэдэг миний хувьд маш том аз жаргал. Дууг минь сонссон хүмүүсийн сэтгэгдэл эргээд надад ирэхэд итгэл найдвар, урам зоригийг авдаг. Би найзтайгаа хамтран Төв аймгийн Баянчандмань суманд тоглолт хийсэн. Үзэгчид нь Соёлын төвдөө багтахгүй, тасалбараа бариад гадаа зогсож байхыг нь хараад би яагаад төрсөн нутагтаа тоглож болохгүй хэмээн бодогдсон. Тэгээд л төрсөн нутагтаа анхны бие даасан тоглолтоо хийхээр шийдсэн.

-Анхны бие даасан тоглолтынхоо талаар тодруулахгүй юу?

-Би 2010 онд нутгаасаа гарсан. Нутгаа санаж байна. 2019 онд аав минь өнгөрч, ээж минь хотод ирснээс хойш нутагтаа очих минь бүр багассан л даа. Нутгийн ах Ч.Мөнхчулууны үг, аялгуу “Нутгаа дуурсгах аялгуу” дуугаа 2019 онд сумынхаа 90 жилийн ойдоо зориулан дуулсан. Нутгийнхаа олон сайхан хүмүүсийн дэмжлэгтэйгээр уг дуугаа дүрсжүүлж байсан. Тиймдээ ч анхны бие даасан тоглолтоо энэ дуугаараа нэрлэсэн. Нутгийнхантайгаа өөрийнхөө анхны бие даасан тоглолтоороо учран золгох гэж буйдаа туйлын их баяртай байна. Хүүхэд насны дурсамжаа сэдрээж, дахин нэг сайхан дурсамжийг бий болгох зорилготой. Малчид маань хүнд үеэ давсан, нуруу нь тэнийсэн энэ сайхан үед нь давхар дуу хуураараа сэтгэлийн дэм өгөхийг хүссэн.Тоглолт маань энэ сарын 24-ний 19 цагт Төв аймгийн Баянцогт сумын Соёлын төвд ганцхан удаа болно. Тоглолтод урилгаар хөтлөгч, дуучин МУСТА Ц.Зинамэдра, хөгжмийн зохиолч, МУСТА Э.Батцэнгэл тэргүүтэй бусад уран бүтээлчид оролцоно. Дараа нь Төв сайхан нутгийнхаа аймгийн төвдөө төдийгүй бусад сумдууддаа үргэлжлүүлэн аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна.

Миний уран бүтээлийг дэмждэг, сонсдог бүх сайхан хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хайртай гэр бүл, нутгийн зон олон, нэгэн үеийн уран бүтээлч найзууд, ажлын хамт олон, эрхэм шавь нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.

Categories
мэдээ нийгэм

Хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах зорилгоор төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэл, нөхцөл, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө DNN.mn

Хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах зорилгоор төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэл, нөхцөл, шийдвэрлэлтийн талаар Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар өнөөдөр /2024.05.16/ мэдээлэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл, уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад “иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийг арилгуулах Комиссын чиг үүргийг хуульчилсан.

Энэ чиг үүргийн хүрээнд Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг төлөөлж төрөөс хохирлыг нэхэмжилж ирсэн. Энэ хугацаанд нийт 43 удаагийн нэхэмжлэлийг харьяалах шүүхэд гаргасан байна. Үүний 33 нэхэмжлэлд иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож нэхэмжилсэн.

  • Нийт 4.877.811.048 төгрөг буруутай этгээдээс нэхэмжилсэн байна.
  • Үүний 3.304.192.914 төгрөгийг сэтгэл санааны хохиролд шаардсан байна.
  • Шүүхээс хангасан нийт үнийн дүн 557.481.821 төгрөг байна.
  • 19 нэхэмжлэлд сэтгэл санааны хохирол 247.245.600 төгрөг олгохоор шүүхээс шийдвэрлэсэн.

Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэл гаргахад сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал байхгүйгээс хохирогчдын өөрсдийн тогтоосон үнийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байсан

  • Хамгийн их 500 сая төгрөг
  • Хамгийн бага 800 мянган төгрөг

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн тухай шинжилгээний хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан. Өнгөрсөн хугацаанд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирлыг тооцож ирсэн бол сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн боломжтой болсон. Энэ нь Комиссоос олон жилийн турш сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалыг бий болгох нь зүйтэй талаар гаргаж байсан санал, зөвлөмж үр дүн гэж үзэж байна.

Шийдвэрлүүлж байсан кэйс:

  1. Комисс 2006 онд Хан-Уул дүүргийн шүүхэд “Фүүд лэнд” гэх тодотголтой хэрэгт холбогдож амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон /1 хүн нас барж, 1 хүн хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан/ 5 иргэний хохиролд нийт 258.276.000 төгрөг нэхэмжилж, тус шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай шийдвэрээр сэтгэл санааны хохиролд 48.6 сая төгрөг, нийт 74.876.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хамгийн өндөр дүнтэй хангагдсан нэхэмжлэл байна.
  2. 2004 онд хилсээр хүн амины хэрэгт холбогдон 3 удаа цаазаар авах, 1 удаа 24 жилийн хорих ял сонсож, 2 жил 6 сар 16 хоног урьдчилан хорих байранд, 4 жил, 2 сар, 7 хоног гянданд ганцаарчлан, нийт 6 жил, 8 сар, 23 хоног хоригдсон иргэн Ч.Э-г төлөөлөн түүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролд нэхэмжлэл гаргаж, Нэхэмжлэлээс сэтгэл санааны хохиролд 16 сая, гэм хорын хохиролд 2.010.625 төгрөг, нийт 18.010.625 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар Комисс нэг төлөөлөн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2 төлөөлөн нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд Комисс иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд цаашид хохирсон иргэдийн эрхийг сэргээн эдлүүлэхэд ямагт бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн юаньтай харьцах ханш өмнөх сараас 2.29 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны дөрөвдүгээр сард 3,376.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 119.89 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 0.30 төгрөгөөр суларсан байна.

Харин

  • төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш нь өнгөрсөн сард 3,623.52 болж, өмнөх оны мөн үеэс 209.98 төгрөгөөр, өмнөх сараас 44.88 төгрөгөөр чангарав.
  • төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 36.29 болж, өмнөх оны мөн үеэс 6.77 төгрөгөөр, өмнөх сараас 0.50 төгрөгөөр чангарсан байна.
  • төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 466.44 болж, өмнөх оны мөн үеэс 41.20 төгрөгөөр, өмнөх сараас 2.29 төгрөгөөр чангарсан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чингис хаан музей өдөр бүр 09:00-20:00 цаг хүртэл ажиллана DNN.mn

Чингис хаан Үндэсний музей нь 2024 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 14 хүртэл зуны цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ. Ингэснээр мягмар гарагт амардаг байсан бол ажилладаг болж байгаа аж. Тодруулбал, даваагаас ням гараг хүртэл өдөр бүр 09.00-20.00 цаг хүртэл ажиллана. Касс нь харин 19.00 цагт хаах аж.

Сануулахад, Чингис хаан Үндэсний музей Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрх Элчин сайдын яамтай хамтарч найруулагч Мишэль Пласидогийн “Караважжогийн сүүдэр” (түүхэн драм) киног 2024 оны 05 сарын 22-ны17:00 цагт олон нийтэд зориулан ганцхан удаа үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 79 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны тавдугаар сарын 15-ны өдөр нийт 1859 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1704, гэмт хэргийн шинжтэй 103 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 79, хүний биед халдсан 69, эрүүлжүүлэх байранд хоносон 92 тохиолдол гарчээ.

 

Categories
гадаад мэдээ

Хойд хөршийн тэргүүн урд хөршид айлчилна DNN.mn

ОХУ-ын тэргүүн Путин энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн яамны өөр нэгэн төлөөлөгч Ван Вэньбинь уг хэвлэлийн бага хурлын үеэр “В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа хийж буй анхны айлчлал нь энэ болох юм” гэж онцолжээ.

Энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Си Жиньпин, В.Путин нар айлчлалын үеэр хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо солилцоно гэдгийг Ван Вэньбинь дурджээ.

Мөн Хятад улс энэхүү айлчлалын талаарх мэдээллийг тухайн үед нь танилцуулна гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.

Categories
мэдээ спорт

Жүдочдын түрүүч Абу Дабиг зорилоо DNN.mn

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав хоногийн дараа АНЭУ-ын Абу Даби хотод эхэлнэ.

Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын түрүүч өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн тамирчид дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор явж байна. Багийн эмчээр Масатоши Нишикидо, терапистаар О.Сүүнцацал ажиллах юм.

ДАШТ-ийг “С1” телевиз бүрэн эхээр нь шууд дамжуулах юм. Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх бол финал 22:00 цаг эхэлнэ.

Эхний өдөр буюу 19-нд эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болно. Харин 20-нд эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 66, 73 кг, 21-нд эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 81 кг, 22-нд эмэгтэйчүүдийн 70, -78, эрэгтэйчүүдийн 90 кг, 23-нд эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн -100, +100 кг-ын жингийн барилдаан тус тус болно. Тэгвэл 24-нд буюу дэлхийн аваргын хамгийн сүүлийн өдөр холимог багийн тэмцээнийг зохион байгуулах хуваарь гарчээ.

Categories
гадаад мэдээ

Худалдааны дайн дахин уугьж эхлэв DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын Хятадтай эхлүүлсэн худалдааны дайныг дахин сэргээж буй нь тодорхой болов.

Энэ онд нийт 18 тэрбум ам.долларын татвар урд хөршөөс авахаар болж байгаа бөгөөд үүнд Хятадын цахилгаан автомашины татварыг дөрөв дахин нэмэгдүүлж буюу 102.5 хувь болгож, цахилгаан автомашины батерей болон түүхий эд, хагас дамжуулагч, ган, хөнгөн цагаан, боомтын кран, эмнэлгийн маск гэх мэт урд хөршийн импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт өндөр татвар ногдуулсан байна. Харин Хятад улс хариу үйлдэл үзүүлнэ гэж сүрдүүлсэн ч Цагаан ордон болон бусад эдийн засгийн шинжээчид аль аль тал энэ удаа худалдааны дайн даамжрахаас зайлсхийх болно гэж найдаж байна.

АНУ энэхүү шийдвэрээ Хятад улс өөрийн экспортын үйлдвэрлэгчиддээ улсаас татаас өгч давуу байдал бий болгож, Коммунист намын эдийн засагтаа хөндлөнгөөс оролцдогоос шалтгаалж үнэ доогуур байгаа Хятадын бараа бүтээгдэхүүний урсгалыг хязгаарлах явдал гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лаел Брайнард “Хятад улс хуучин хэв маягаараа ажиллаж үйлдвэрлэлдээ нөхөн төлбөр хийж, дэлхийн зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болгон хэт доогуур үнэ бий болгож байна. Хятадууд Америкийн оюуны өмч, ноу-хауг хулгайлсаар байна “ гэж шүүмжлэв.

Categories
мэдээ нийгэм

ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.05.15) хуралдаан гишүүдийн 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 05 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэн, батлав. Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан бөгөөд энэхүү төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 05 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа.

Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа хойшлуулсан. Өнөөдрийн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.3 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу холбогдох тогтоолын төслийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн гэлээ. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын 8 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгасан байна. Бодлогын 8 тэргүүлэх чиглэл, 224 төсөл арга хэмжээг нийтдээ 11.8 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 3.9 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.8 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.2 их наяд төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 2.6 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 1.4 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.7 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэх юм байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт, тодруулга мэдээлэл авав. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн зохицуулалттай холбоотой төлөвлөлт, төсөв ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг Х.Ганхуяг гишүүн тодруулахад “Төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд дагаж мөрдөх хугацааг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр, “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжих хугацааг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэмээн тусгасан байгаа учир 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд энэ чиглэлээр төлөвлөлт тусаагүй” хэмээн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариуллаа. М.Оюунчимэг гишүүн нийслэлийн хөрсний бохирдлын талаар ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилт болон одоо байгаа нөхцөл байдлын талаар тодотгоод, нийслэлийн хот төлөвлөлтийн асуудлыг хөндөв. Нийслэлийн хөрсний бохирдлын асуудлаар салбарын яамнаас холбогдох судалгаа хийсний үндсэн дээр дэд төвүүдийн хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, орон сууцжуулах замаар тодорхой газруудыг чөлөөлөх гэх зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар ажлын хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, ногоон зээлийн хүүгийн татаас, дэмжлэг үзүүлэх, энэ хүрээнд гурван банкаар дамжуулан иргэдэд 6 хувийн хүүтэй, аж ахуйн нэгж, байгууллагуудад 8 хувийн хүүтэй зээл олгох бололцоог бүрдүүлсэн байгаа гэв.

Б.Баттөмөр гишүүн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар асуухад “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарал хандуулан, шахаж ажиллаж байгаа. Биелэлт шаардлага хангахуйц гарна хэмээн төлөвлөж байна. Энэ оны тухайд экспорт болон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч, бодлого хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 24 сая тонн нүүрс экспортолчихсон байна. Өнгөрсөн оны мөн үед бол 19 сая тонн нүүрс экспортолсон байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Нүүрснийхээ үнийг биржээр тогтоодог болсноороо нэлээд ахиц дэвшил гарч байгаа. Зэсийн экспортын тухайд өнгөрсөн оны 4 дүгээр сарын байдлаар 400 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байсан бол энэ оны 4 дүгээр сарын байдлаар 500 мянган тонн даваад байна. Монгол Улсын хөгжлийн гол хөшүүрэг бол экспорт, хөрөнгө оруулалт гэдэгтэй санал нэг байна” гэдэг хариултыг Ч.Хүрэлбаатар сайд өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал “Шинэ хоршоо” арга хэмжээний төлөвлөлт, төсөвлөлтийн талаар тодруулж хариулт авсан бол Т.Энхтүвшин гишүүн байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төсөлт, хөтөлбөрүүдийн талаар тодруулж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт, тайлбар авав. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам “Сум, тосгон гээд орон нутгийн тулгамдсан асуудал нь дэд бүтэц байна. Нэн тэргүүнд зам, удаад нь эрчим хүч гэх зэрэг анхаарал хандуулах шаардлагатай асуудлууд байгаа бөгөөд энэхүү төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байгаад баяртай байна” гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь  “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн 86-д заасныг үндэслэн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталсан бөгөөд эдийн засаг, бизнес хурдацтай хөгжиж буй өнөөгийн орчин нөхцөлд  тус танхим зохицон ажиллах, аж ахуйн нэгж, байгууллагуудыг төлөөлөх чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа нь энэхүү хуулийг боловсронгуй болгох үндсэн шаардлага хэмээн танилцуулсан.

Энэхүү шаардлага болон олон улсын сайн туршлагыг харгалзан Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн дээрх хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, төрийн шийдвэр гаргах ажиллагаанд бизнес эрхлэгчдийн оролцоог хангахтай холбоотой зохицуулалтыг төсөлд тусгажээ. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуйн нэгж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах зорилгыг хэрэгжүүлэх бөгөөд Монголын Үндэсний танхим, аймаг, нийслэлийн болон салбарын танхим, гадаад улс дахь төлөөлөгчийн газраас бүрдэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Дээрх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад оролцох бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд төлөөлөн илэрхийлэх, хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр нөлөөг сайжруулахтай холбоотой санал, зөвлөмж хүргүүлэх болон зөвлөл, хороо, комисс, ажлын хэсэг зэрэг хамтын удирдлагын бүрэлдэхүүнд төлөөлөл оролцуулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалахаар тусгасан байна. Аймаг, нийслэлийн танхимын тухайд тухайн аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 50-иас доошгүй тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулж болох бол салбарын танхимыг эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мөн тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулах боломжтой байхаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Тэдгээр нь үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх боломжтой байх аж. Түүнчлэн аймаг, нийслэлийн болон салбарын танхимууд нь Монголын үндэсний танхимын гишүүн байх бол аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь Монголын Үндэсний танхимд гишүүнээр элсэхгүй. Өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарын танхим, эсхүл харьяа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах аймаг, нийслэлийн танхимд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэх замаар Монголын үндэсний танхимын үйл ажиллагаанд оролцох юм байна.

Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын санхүүгийн бие даасан байдлыг хангах хүрээнд Монголын үндэсний танхимын үзүүлэх үйлчилгээ болох гарал үүсэл тодорхойлох, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг гэрчлэх, бараа тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлэх баримт бичиг олгох, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ болон арбитр, эвлэрүүлэн зуучлал зэрэг үйлчилгээний хөлсний хэмжээг Монголын үндэсний танхимын Удирдах зөвлөл тогтоохоор тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бие даасан байдлыг хангах, аж ахуй эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төр хувийн хэвшлийг хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн болохыг Б.Энхбаяр гишүүн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ч.Ундрам, Т.Энхтүвшин, Х.Ганхуяг, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Худалдаа аж үйлдвэрийн танхим гишүүдийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах, хууль эрх зүйн орчны өөрчлөлтөд хянамгай байж, оролцоогоо хангах асуудлыг гишүүд хөндөхийн сацуу зах зээл дэх монополчлолыг задлах, чөлөөт зах зээлийг дэмжих, жижиг аж ахуйн нэгжүүд томрох, томоохон аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл рүү гарах үйл явцад Худалдаа аж үйлдвэрийн танхимын оролцоог тодорхойлсон эсэх, танхимын санхүүжилтийн механизмын өөрчлөлтийн талаар, хүний нөөцийн асуудал болон шинжлэх ухаан, бизнесийн салбарын уялдааг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл дэх зохицуулалтын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 53.8 хувь нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлажээ DNN.mn

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран дөрөв дэх жилдээ “Хайрын амлалт” хуримын ёслолыг зохион байгууллаа.

Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 46 хос хуримаа хийсэн бол энэ жил 70 хос хуримласан юм.

Хуримаа хийж буй Б.Үнэнбат, Ж.Бадамханд “Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад 25 жил болсон. Анх гэр бүл болохдоо л “Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийнэ гэж амлаж байсан минь биеллээ олж мөнгөн хуримаа хийж буйдаа баяртай байна” гэлээ.

Хуримаа хийж буй Ч.Батсайхан, Р.Ариунгэрэл “Бид ханилаад 25 жил болохдоо таван сайхан үрийн аав, ээж болсон байна. Гэнэтийн тохиолдлоор хүний амьдралд ганц тохиох баярт мөчийг маань мартагдахааргүй сайхан тэмдэглэж өгч байгаа нийслэлийн удирдлага болоод Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал илэрхийлье. Үлдсэн амьдралдаа мөнхөд хажууд нь өмөг түшиг болж амьдрахаа амлаж байна” гэсэн юм.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий “Залуу хосуудад дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан, албан хаагч залуу хосуудын судалгаа, мэдээллийг авснаар хосууд өнөөдөр хуримаа хийж байна. Үүний зэрэгцээ уг арга хэмжээнд оролцож байгаа хосуудыг хүүхдээ эерэг, зөв хүмүүжүүлэх, гэр бүл төлөвлөлт болон санхүүгийн боловсрол олгох зэрэг олон талт сургалтуудад хамруулж буй. Мөн гэр бүлд чиглэсэн бодлогын хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгохоор НИТХ-ын тогтоолыг батлуулсан” хэмээлээ.

Ташрамд, НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болсон. Манай улс 2003 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар уг өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.