Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барьсан зөрчлийг арилгуулжээ DNN.mn

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг байгуулсан.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 17 байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг Хятад ресторан нь тухайн байрны гадна талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр блокоор өргөтгөл барьж байсан зөрчлийг арилгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Прокурор 236 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны тавдугаар сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 294 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 975 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах 2, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 8 гомдлыг хүлээн авчээ.

Дээрх хугацаанд 236 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэж, одоо 739 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 12 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 25 иргэнд өгч ажиллажээ.

Categories
гадаад мэдээ

Словак улсын Ерөнхий сайдын амь насанд халджээ DNN.mn

Словак улсын Ерөнхий сайд Роберт Фикогийн амь насанд халджээ. Тэрээр хүнд шархадсан бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Эмч нар түүний амийг аврах гэж тэмцэж байгаа бөгөөд тус улсын хэвлэлүүд Фиког засгийн газрын ордноос гарч ирэхэд хэд хэдэн удаа буудаж гэдэс, гар нь шархадсаны дараа нисдэг тэргээр Банска Бистрица хотын эмнэлэгт хүргэсэн гэж мэдээлж байна. Роберт Фикогийн албан ёсны фэйсбүүк хуудсанд “Нэгэн зэрэг хэд хэдэн удаа буудуулсан учир амь насанд нь аюул заналхийлж байна” гэж бичсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Р.Базарааг сулласан ч прокурор эсэргүүцэв DNN.mn

“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарааг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллажээ. Түүнийг хууль бусаар алт олборлож байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр өнгөрсөн сарын 15-нд баривчилж байсан юм.

Р.Базарын өмгөөлөгчдийн зүгээс түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байв.Тэгвэл шүүгчийн захирамжийн эсрэг прокурор эсэргүүцэл бичжээ.

Прокуророос Р.Базарааг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, түүнийг сулласан шүүгчийн захирамжид гомдол гаргасан байна. Прокурорын гомдлыг өнөөдөр хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Ууганбаяр: Сэтгэл санааны хохирлыг 800 мянгаас500 сая хүртэлх төгрөгөөр үнэлдэг байсан DNN.mn

ХЭҮК-оос хохирол нөхөн төлүүлэх эрхийн хүрээнд төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэл, нөхцөл, шийдвэрлэлтийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “ХЭҮК нь байгуулагдсан цагаасаа хойш төрийн болон албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэнийг төлөөлж нийт 43 удаагийн нэхэмжлэлийг гаргаж, 4.8 тэрбум төгрөгийг төрөөс нэхэмжилж байжээ.

Үүний 33 удаагийнх нь буюу 3.3 тэрбум төгрөг нь сэтгэл санааны хохирлынх байсан байна. 43 удаагийн нэхэмжлэлд шүүхээс нийт 557,481,000 төгрөгийг нь хангаж шийдвэрлэсэн байна. Мөн 33 удаагийн сэтгэл санааны хохирол тооцож байсан нэхэмжлэлийн 19 нэхэмжлэлд нь 247 сая төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэжээ. Сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал байгаагүйгээс хохирогчид өөрсдөө сэтгэл санааны хохирлоо үнэлж ХЭҮК-т ирүүлдэг байсан.

Өнгөрсөн хугацаанд хамгийн ихдээ 500 сая төгрөгөөр сэтгэл санааны хохирлоо үнэлж байсан бол хамгийн бага нь 800 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулан баталсан. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны А261, 275 дугаар тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмыг баталсан. Албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан эдийн засгийн болон эрүүл мэндийн хохирлыг тооцож байсан бол дээрх хууль батлагдсанаар сэтгэл санааны хохирлыг тооцох үндэслэл журамтай болсон” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр (2024.05.16) үдээс хойш 14 цаг 29 минутад Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтаар үргэлжиллээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Харин дараа нь үдээс өмнөх хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй 32 санал тус бүрээр санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Хууль санаачлагч гишүүн төслийн үзэл баримтлалыг өөрөө танилцуулсан бол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг илтгэсэн юм.

Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зэрэг зохицуулалтыг оруулсан. Уг зохицуулалтын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгон хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргаж, банкны салбарын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч, банк санхүүгийн салбар 70 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй боллоо. Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банкны системд нөлөө бүхий банкууд 5.0-11.6 хувийн хувьцааг, Богд банк 20.0 хувийн хувьцааг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтаан олон нийтэд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Хэдийгээр банк хуульд заасан хугацаанд компанийн хэлбэрээ өөрчилсөн боловч банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн шаардлагын хэрэгжилтэд гадаад, дотоод нөхцөл байдлын улмаас хүндрэл үүссэн. Тухайлбал, банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх банкуудын тайланд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн төвлөрлийг бууруулах арга хэмжээ  нь олон улсын хөрөнгийн зах зээл, боломжит хөрөнгө оруулагчдаас хамааралтай байгаа ба хувь нийлүүлсэн хөрөнгийн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг нэгэн зэрэг богино хугацаанд бууруулах нь боломжит цөөн тооны хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсгэх, шийдвэр гаргалтад нөлөөлөх, улмаар эх үүсвэрээ хумих зэргээр банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Мөн дээрх Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шаардлага мөрдөгдөж эхэлсэн даруйд Ковид-19 цар тахлаас шалтгаалан тогтоосон тодорхой хязгаарлалт, ердийн үйл ажиллагааны идэвхжил суларснаас банкнуудаас шинэ хөрөнгө оруулалт эрэлхийлэх боломж харьцангуй хязгаарлагдмал байсан, Монголын хөрөнгийн захын өнөөгийн нөөц багтаамж  болон гадаад хөрөнгө оруулалтын татварын хэмжээ өндөр, Төв банкны бодлогын хүү өндөр зэрэг хөрөнгө оруулалтын орчин таатай бус байгааг харгалзан үзэхэд банкуудын хувьцаа эзэмшлийн төвлөрлийг дийлэнх банкнуудаас богино хугацаанд багтаан бууруулах боломж хязгаарлагдмал байна. Энэхүү хуулийн төсөлд банкны салбарт үзүүлсэн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал болон Монголын хөрөнгийн захын өнөөгийн нөөц багтаамж  болон гадаад хөрөнгө оруулалтын татварын хэмжээ өндөр, Төв банкны бодлогын хүү өндөр зэрэг хөрөнгө оруулалтын орчин таатай бус байгаа зэрэг нөлөөллийг судалж банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулахтай холбогдсон хуулийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаагаар сунгахаар тусгана. Хууль батлагдсанаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг аажмаар бууруулах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, засаглал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл бодитоор, үе шаттайгаар буурч, олон нийтийн хяналт, оролцоо бүхий банкны орчин бүрдэнэ гэж үзсэн хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төсөл өргөн баригдах үеэр ипотекийн зээлийн санхүүжилт шийдэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд зээл олгох явц хурдасаж эхэлсэн талаарх нааштай мэдээллийг холбогдох албаныхан өгсөнийг дурдаад, арилжааны банкууд харилцагчидтайгаа, ялангуяа малчдын зээлийн асуудлаар тулж харилцах нь чухал байна гэв. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 04 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

Хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд асуулт, хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 52,5 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ…” гэж заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулсан. Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэл 2025 онд хэрэгжүүлэхээр нийт 68 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл-20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын найман тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгасан.

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Засгийн газар төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурласан эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, импортын хамаарлыг багасгах замаар эдийн засгийн зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг ил тод, үр ашигтай болгож, засаглал, институцын чадавх, суурь дэд бүтцийг сайжруулан эдийн засгийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Д.Батлут, Г.Занданшатар нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд эрчим хүчний салбарт дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай тулгарсан, улирлын шинжтэй ачааллыг аргацаасан байдлаар авч явж ирснийг нэг мөр шийдэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Түүнчлэн Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуралдаан даргалагч Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй таван саналыг нэг бүрчлэн уншиж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Мөн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар илтгэсэн юм. Зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасны дагуу нэгдсэн хуралдааны цагийг сунгаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин уншиж танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцлээ. Ажлын хэсгээс Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 36 санал, найруулгын шинжтэй нэг санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 9 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй хэмээн илтгэв. Уг хуулийн төсөлтэй уялдуулан Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Гаалийн тухай, Зөвшөөрлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Байгалийн ургамлын тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй 51 санал тус бүрээр санал хураалт явуулж эхэлсэн юм.

Эм, хүнсний бүтээгдэхүүнийг нэгдсэн хяналт, бодлогоор зохицуулдаг дэлхийн стандартыг эх орондоо хэрхэн хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуухад, өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих зохицуулалт хоёр хуулинд байгаа гэсэн хариултыг Ажлын хэсгээс өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Энх-Амгалан нар дэмжихгүй гэсэн байр сууринаас санал хэлж, ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд Ажлын хэсэгт орсон, харилцан хамааралтай тул зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж, олгохоор болж байгааг эсэргүүцэв. Хуралдаан даргалагч Г.Занданшатар тэдний саналыг дэмжиж, Ажлын хэсэгт уг зарчмын зөрүүтэй саналаа татан авахыг санал болголоо. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үндэсний аюулгүй байдалтай холбоотой, стратегийн бүтээгдэхүүний талаарх шийдвэрийг хамаагүй эсэргүүцэж болохгүй гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Дамдинням, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар байр сууриа илэрхийлж, үг хэлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан 20 цаг 02 минут хүртэл үргэлжилж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан ч зарчмын зөрүүтэй зарим санал маргаантай, хууль зүйн техникийн хувьд Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн, бусад хуультай уялдаагүй гэсэн шалтгаанаар хуралдаан даргалагчийн зүгээс гүйцээн боловсруулах чиглэл өгч, санал хураалтыг баасан гарагийн (2024‌.05.17) нэгдсэн хуралдаан хүртэл хойшлууллаа.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссоноор энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Батболд: Сонгуульд санал өгүүлэх зохион байгуулалттай ажиллагаа явж байна. Аль хүчтэй ажиллаж чадсан нам ялна DNN.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтой ярилцлаа.


-Нэг намаас нэг тойрогт нэр дэвшигчид бүгд хамтдаа уулзалт хийх нь тухайн нэр дэвшигч, улс төрийн нам, олон нийтэд стратегийн ямар холбогдол болох талаар та ярьж өгөөч?

-Бүсчилсэн буюу хэд хэдэн аймгийг нэгтгэсэн нэг тойрогт дунджаар 10 хүн нэр дэвшихээр байна. Энэ нь сонгуулиар маш сайн зохион байгуулалттай баг ажиллана гэсэн үг. Хоёрдугаарт, ийм нөхцөлд илүү их хөрөнгө, хүч гаргаж сонгогчдод хүрч чадаж байгаа нэр дэвшигч давуу эрх бүрэн олж авах боломжтой. Үр дүнд нь үнэмлэхүй ялалт байгуулах боломжтой. Үнэмлэхүй гэдэг нь 75-аас дээш хувь гэсэн үг. Нөгөө талд сонгогчид эрх баригч намд дургүй, санал өгөхгүй байх сонирхолтой байж болно. Гэсэн хэдий ч харьцангуй олонхын санал гэдгээр ялах боломжтой.

Нэр дэвшигчид бүгд хамт яваа нь сонгогчдын хувьд хэрэгтэй, зөв мэдээлэл авах боломжтой болчихно.

Энд тэндгүй олон юм яриад байвал ойлгохгүй шүү дээ. Тиймээс эргэцүүлж харах боломж үүсэх нь мэдээж. Хэдий ийм боловч илүү зохион байгуулалттай, илүү хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн мэдээлэл түрж орж ирэх болов уу гэж таамаглаж бай на. Энэ нь сонголтод тодорхой хэмжээнд нөлөөлөх болов уу.

-Үнэмлэхүй ялалтад нөлөөлнө гэдгийн учир шалтгааныг тайлбарлаад өгөхгүй юу?

-Багаараа тоглож байгаа учраас харьцангуй эрх баригч нам арай илүү тоглох болов уу. АН гол сөрөг хүчин гэгдэж байгаа. Нам дотроо хоёр гурван фракцад хуваагдчихсан. Тиймээс багаараа ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Тухайн фракцуудын нэг нь нэг тойргийг авч байж болно. Тэгвэл өөр. Ер нь нэг ёсондоо сонгууль биш. Сонгуульд санал өгүүлэх зохион байгуулалттай ажиллагаа болж байна. Аль хүчтэй зохион байгуулалттай ажиллаж чадсан нь хожно гэж хэлж болохоор байна.

-Улс төр судлаач хүний хувьд та энэ удаагийн сонгуулийн онцлогийг юу гэж харж байна вэ. Бие даагч гарах боломжтой юу?

-Хувь судлаачийн хувьд байж болохгүй, мажоритар биш хаашаа ч янзын хачин сонгууль болж байгаа юм бэ дээ. Мажоритар гэдэг бол хэн нэгэн хүнийг иргэд сонгодог. Гэтэл энэ сонгуулиар багийн ажиллагаа маш хүчтэй орж ирнэ. Тиймээс мажоритар биш, пропорциональ буюу нам сонгодог чиглэл рүү чирж мэдэхээр. Өөрөөр хэлбэл, мөнгө төгрөг тараасан ч юм уу, эсвэл ямар нэгэн сонгогчдод хүчтэй нөлөөлж чадсан баг арай илүү санал авах боломж үүснэ.

Жижиг мажоритар буюу нэг хоёр хүн бие дааж өрсөлддөг өнөөх боломж хэцүү болно. Яаж ч бодсон жижиг намуудаас гарч ирж байгаа хүмүүс баг болох гэж оролдох л байх. Харин бие даагч ийм нөхцөлд бараг гарах боломжгүй дээ.

-Улс төрийн нам, төрд итгэх иргэдийн итгэл алдсан учраас энэ удаад намд санал өгөх нь багасна. Тиймээс эвслийн Засгийн газар байгуулагдах боломжтой гэх дүгнэлт тодорхой хүрээнд бий. Таны харж байгаагаар энэ бол бодит дүгнэлт биш байна, тийм үү?

-Тийм горьдлогууд бий. Гэхдээ энэ бүтэц, зохион байгуулалтыг эвдэж гарч чадах уу, үгүй юу. Сонгогчид зохион байгуулалтыг нураах маягаар хандаж чадах уу. Тодорхой хэмжээний боловсролтой хүмүүс тэгж хандаж магадгүй л юм. Гэхдээ ихэнх нь өнөө маргаашийн талхны мөнгөний төлөө гэх хандлагатай байдаг учраас хэцүү шүү дээ. Үүнээс гадна сонгогчдын 30-аад хувийн дэмжлэгийг авахад л үнэмлэхүй ялаад гараад байна шүү дээ. Бусад нь “энд тэнд гараа өргөчихдөг” аюул бий гэсэн үг.

-Дараагийн Ерөнхий сайдаар хэнийг нэр дэвшүүлэхээ зарласан нам бусдаасаа илүү санал авах боломжтой юу?

-Намууд бусдаасаа ямар нэгэн байдлаар илүү гарч сонгогчдод ил тод, нээлттэй, шударга гэдгээ харуулах зорилгоор Ерөнхий сайдаа зарлах нь байдаг л зүйл. Энэ нь ямар нэгэн хэмжээгээр сонгогчийн сонголтод нөлөөлнө гэж бодох нь бий. Намын дарга нь Ерөнхий сайд болдог гэсэн ойлголт манайд жишиг болчихсон. Намуудын дүрэмд ч иймэрхүү зохицуулалт бий. Гэхдээ намын даргаас өөр хүн Ерөнхий сайд болохыг үгүйсгэхгүй.

-Дээр ярьсанчлан зохион байгуулалт, мөн олон горилогч байгаа тохиолдолд иргэд сонголт хийхдээ юуг нэн түрүүнд харах хэрэгтэй вэ?

-Ер нь сонголт хийдэг онолын гурван үндсэн зүйл бий. Нэгдүгээрт, мөрийн хөтөлбөрийг харах ёстой байдаг. Энэ нам ирэх дөрвөн жилд юу хийх гээд байгаа, ямар амлалт өгч байна. Тэр нь бодитой юу. Ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг харах ёстой. Өөрөөр хэлбэл, аль популист, аль бодитой боломжтойг харах ёстой гэсэн үг.

Хоёрдугаарт, намыг хардаг. Өөрөөр хэлбэл, энэ нам дотоод ардчилалтай юу. Гишүүдээ шударгаар өрсөлдүүлж, нэр дэвшүүлж гаргаж ирж чадах уу, эсвэл янз бүрийн бүлэглэлээр гараад ирэх үү гэдэг намын бүтэц зохион байгуулалтыг хардаг.

Хамгийн сүүлд хувь хүнийг харж сонголтоо хийдэг. Өөрөөр хэлбэл, намайг төлөөлж гарах хүн хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ. Шударга байж чадах уу гэдгээ харна. Гэтэл манайхан эхлээд хувь хүнийг нь хардаг. Сүүлд намыг нь хардаг.

Ингэхдээ энэ жижиг нам юу чаддаг юм бэ гэх маягаар ханддаг. Хамгийн сүүлд нь мөрийн хөтөлбөрийг хардаг. Гэхдээ бодит байдал дээр бараг л хардаггүй дээ. Хальт хараад бараг ойлгох ч үгүй. Өмнөх сонгуулиудаас харахад ер нь иймэрхүү болчихоод байгаа юм.

Тиймээс сонголтын гурван зарчмыг сонгогчдод ойлгуулах нь чухал. Сонголтын энэ дарааллыг харж байгаад хандвал арай ирээдүйгээ харсан зөв сонголт хийх боломж бүрдэнэ.

-Нэг намд төрийн эрхийг удаан бариулах нь урхагтай гэгддэг. Онол, олон улсын практикийн хувьд энэ хэр бодитой дүгнэлт вэ?

-Хоёр талтай. Нэгдүгээрт, нэг нам удаан эрх барихаар түүнийг дагаад сөрөг хүчний байр суурь сул байгаа нөхцөлд дарангуйллын, монополь хандлага руу явж эхэлдэг. Энэ бол зайлшгүй зүйл. Энэ нь цаг хугацааны аясаар мэдэгдэхгүйгээр өөрөө аяндаа бий болдог.

Өмнө нь шударгаар ярьдаг бол тодорхой хугацааны дараа захиргааны чиглэл рүү орчихсон байдаг. Ийм хандлагууд үүсдэг.

Хоёрдугаарт, хүчтэй сөрөг хүчингүй үед эрх баригч нам фракцад хуваагдаж хоорондоо тэмцэлдэж эхэлдэг. Ингэснээр намууд өөрийгөө сөнөх замаа тавьж байгаа юм. Нэг ёсондоо бусад нь сөнөөж чадахгүй бол өөрөө өөрсдийгөө сөнөөдөг гэсэн үг.

Энгийнээр тайлбарлавал, XIII, XIV зуунд монголчууд дэлхийд ноёрхож байхдаа өөрсдөө хоорондоо иргэний дайн хийсээр байгаад үндсэндээ сөнөсөн. Аригбөх Хубилай хоёр ч юмуу, Бэрх хаан Хүлэгү хаан хоёр ч гэдэг юм уу бүлэг бүлгээрээ дайн хийж сөнөцгөөсөн. Ийм зам руу ордог. Ийн хэн нэгэн нурааж чадахгүй байгаа зүйлийг систем өөрөө нураадаг. Гэхдээ амархан нурахгүй. Цаг хугацаа л их ордог.

-Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг нэр дэвшүүлэх нь нийгэм, улс төрийн тогтолцоонд ямар урхагтай байдаг вэ?

-Ийм хүмүүсийг нэр дэвшүүлэхээр шударга бус байдал, шударга бус өрсөлдөөн бий болдог. Хоёрдугаарт, “Ингэдэг л юм. Гүтгэлэг. Нотол. Нотолж чадахгүй шүү дээ” гэсэн юм яриад хугацаа авдаг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд тухайн хэрэг хаагдаж байх жишээтэй. Ийм гажиг систем тогтчихоод байна л даа.

Энэ нөхцөлд нэг нь хууль шүүхийн байгууллагад өглөө л гэдэг. Нөгөөх нь түүнийгээ аргалж явсаар хугацаа аваад хэрэг хаагдчихаад байна. Энэ бол шударга бус тогтолцоо. Зөв шударга болгохын тулд өөр улс төрийн хүчин хэрэгтэй. Өөр улс төрийн хүчин гарч ирж үүнийг хийнэ үү гэхээс одоогоороо явбал боломжгүй.

Categories
мэдээ нийгэм

Everest Today: Монголын хоёр уулчны амьд байх магадлал буурч байна DNN.mn

Эверестийн оргилд авирхаар явсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Everest Today “Хүйтэн жавартай, цаг агаарын таагүй нөхцөлд хоол, ундгүй үхлийн бүсэд 100 гаруй цаг өнгөрлөө. Ийм нөхцөлд Монголын хоёр уулчин Цэдэндамбын Өсөхжаргал (53), Лхагважавын Пүрэвсүрэн (31) нарыг амьд эргэж ирнэ гэх магадлал буурч байна.

Тавдугаар сарын 13-нд оргилд гарсан уулчид монголын хоёр тамирчидтай тааралдаагүй. Мөн буцаж явсан зарим уулчин далайн түвшнээс дээш 8,749 метрийн өндөрт хоёр цогцос харсан. Одоогоор тус хоёр цогцсыг хэн болохыг нь тогтоож амжаагүй байна” гэж мэдээлжээ.

No description available.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын тэргүүн БНХАУ-д айлчлав DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар тавдугаар сарын 16-ны пүрэв гаригт Бээжингийн Ардын их хурлын ордонд “нарийн” хэлэлцээ хийжээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Си Жиньпин тав дахь удаагаа ОХУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, “Хятад, Оросын харилцаа тогтвортой байж хөгжих нь бидний улс, ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, хоёр орны төрийн тэргүүний албан тушаалд дахин томилогдсонд нь баяр хүргэв. Хятадад хийсэн айлчлал нь Путины тав дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж буй анхны гадаад айлчлал юм. Тэрээр хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард Хятадад очжээ. Си Жиньпин “Путин бид хоёр дор хаяж 40 удаа уулзсан” гэжээ. Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг “Ийм ойр дотно харилцаа нь Орос-Хятадын харилцааны тогтвортой, хурдацтай өсөлтийн эрчмийг хадгалах стратегийг тодорхойлох боломжийг бидэнд олгодог. Энэ үр дүн тийм ч амар байгаагүй, тиймээс эмзэг хандах ёстой” гэсэн байна.

Харин Путин “Хятад улс бол Оросын худалдаа, эдийн засгийн салбарын гол түнш бөгөөд өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт бараг дөрөвний нэгээр нэмэгдэж, 227 тэрбум ам.долларт хүрсэн. Барууны орнууд Оросын эргийн ажиллагаа Украинд нэвтэрч эхэлсний дараа Бээжин Москва барууны улсуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг тойрч гарахад тусалж байгаа” гэжээ.

Харин энэхүү санаа нь энэ сарын 17 хүртэл үргэлжлэх Путины айлчлал Хятадын эдийн засгийг “шороотой хутгаж” магадгүй болов. Учир нь Хятад улс Орост дрон болон бусад цэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах бараа нийлүүлж байгаа нь батлагдаж магадгүй болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Очирваань 14.000 километр замыг дугуйтай туулж, шүтэн биширдэг багийнхаа тоглолтыг үзэн мөрөөдлөө биелүүлжээ DNN.mn

Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийг шүтэн биширдэг Батболдын Очирваань 2023 оны тавдугаар сард Манчестер хотыг зорьж, ганцаархнаа дугуйгаа жийгээд Монголоос хөдөлсөн юм.

Олд Траффорд цэнгэлдэхэд хайртай багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрбээр 20 улсаар дамжиж, 14,000 километр замыг туулсны эцэст зорьсондоо хүрчээ.

Б.Очирваанийн аяллын тэмдэглэлийг Wazza Bikepacking /MGL to Manchester/ хуудаснаас унших боломжтой.