ЭМЯ, НЭМҮТ хамтран “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн өдөрлөгийг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл тэргүүтэй давхардсан тоогоор 30 гаруй албан байгууллага иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч байлаа.
Түүнчлэн дэлхий нийтэд жил бүр 41 сая хүн халдварт бус өвчний улмаас нас барж, нийт нас баралтын шалтгааны 74 хувийг эзэлж байгаа бөгөөд хяналт, урьдчилан сэргийлэлтийн үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд нас баралтын тоо 52 саяд хүрэх тооцооллыг ДЭМБ-аас гаргажээ. Халдварт бус өвчнийг үүсгэх анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэрэг аж. Эдгээр өдөр тутмын амьдралын буруу зан үйл нь цаашид илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тосны хэвийн бус агууламж, цусны сахарын хэмжээ ихсэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч, улмаар өвчлөл, нас баралтад хүргэдэг байна.
Энэ үеэр НЭМҮТ-ийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэхүү өдөрлөгийг зохион байгуулах гол зорилго юу вэ?
-Монгол Улсад 2024 оны нэгдүгээр сард “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай” анхдагч хуулийг баталсантай холбоотойгоор энэ жилийг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаад нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь Эрүүл мэндийн салбар хүнийг өвдсөн хойно нь оношлох бус, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ач холбогдлыг иргэдэд таниулахад оршиж байна.
-Нийгмийн эрүүл мэндэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Таван эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд үндэслэн 2003 оноос хойш хийсэн 20 гаруй жилийн судалгаанаас үзэхэд 16-59 насны нийт хүн амын дөрөвхөн хувь нь эрсдэлгүйд тооцогдож байна. Үлдсэн 96 хувь нь ямар нэгэн эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Энэ нь нийгмийг хамарсан, сэтгэл зовоосон асуудал болж байна.
Яагаад Нийгмийн эрүүл мэндийн асуудал чухал болов гэхээр Монгол Улс халдварт бус өвчлөлөөс сэргийлж чадвал 70-80 хувь хүртэл цаг зуурын нас баралтыг бууруулах боломжтой байгаад юм. Халдварт бус өвчинд артерийн даралт ихсэх, цус өтгөрөх, цусны даралт ихсэх, амьсгалын замын өвчлөл, чихрийн шижин өвчнүүд орж байна.
-Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн ач холбогдлыг тодорхойлбол?
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар хэн юу хийх, ямар хариуцлага хүлээх зэргийг тодорхой болгож өгсөн. Нийгмийн эрүүл мэнд гэдэг ганц Эрүүл мэндийн салбарын асуудал биш л дээ. Хүний зан чанарын 55 хувь нь тухайн хүний эерэг, сөрөг хандлагаас бий болдог. Тэр зан үйлийг засахын тулд бүхий л салбарын оролцоо чухал нөлөөтэй. Энэ хуулиар үүнийг мөн баталгаажуулж өглөө. Арван жилийн дараа ч юмуу хүн амынхаа тодорхой хувийг халдварт бус өвчний эрсдэлгүй болгох, нас баралтын тоог бууруулах, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад энэ хуулийн үйл ажиллагааны чиглэл оршиж байна. Өвдсөн хойноо бус урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн байгууллагад ханддаг болох эрүүл мэндийн боловсролыг ойрын жилүүдэд ард иргэдэд олгох нь чухал юм.
Гэхдээ өмнө нь хэрэгждэггүй л байсан болохоос биш Эрүүл мэндийн тухай хуульд Эрүүл мэндийн, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр ангилал байсан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэргүүлэх чиглэлтэй байна. Энэ үйл ажиллагаа нь тандах, судлах, дэмжлэгт орчин бий болгох, эрүүл мэндийн боловсрол олгох энэ асуудлууд руу чиглэнэ гэж заасан байдаг. Одоо бие даасан хуультай болсон нь энэ чиглэлийг хөгжүүлэх бүрэн боломж нээгдлээ гэж харж байна.
Эрүүл мэндийн боловсрол олгох нь Монголд төдийгүй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг болоод байна.
-Нийгмийн эрүүл мэнд гэж яг юуг хэлж байна вэ?
-1929 оноос хойш Нийгмийн эрүүл мэндийн тодорхойлолтод хамт олон, хувь хүн, иргэн, олон нийтийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүчин зүйлүүдийг нь тогтоох, эрсдлийг нь бууруулахад чиглэсэн найман төрлийн арга хэмжээг хэлдэг. Олон нийт, сайн дур, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын оролцоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдээд явах боломжтой.
-Иргэдэд Нийгмийн эрүүл мэндийн талаарх ойлголт хэр байна вэ?
-Ковидын дараа хүмүүс эрүүл мэнд маань миний гарт байна гэдэг ойлголттой болж эхэлсэн. Хүн гаднаас орж ирээд гараа угаадаг байх, олон нийтийн газар явахдаа амны хаалт хэрэглэх, өөрөө урьдчилан сэргийлж чадвал эрүүл байж болох юм гэдэг ойлголт бий болж буй. Харин үүнийг нь ахин дахин сануулж, хэлэхгүй бол манайхан мартаад байна.
Г.Болор: Тамхинаас шууд гарахад таны эрүүл мэндэд ямарч нөлөө үзүүлэхгүй
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч Г.Болортой ярилцлаа.
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд юуг хамруулан үзэж байна вэ?
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тухайн хүний бие махбодоос гадна нийгэм, сэтгэл зүйн асуудлыг хамруулж үзэж байгаа. Нийгмийн эрүүл мэнд дээрээ тулгуурлаад манайх “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн төвдөө шинэ тасаг нээн ажиллаж байна. Архи болон нойргүйдэл, мэдрэлийн ядаргаанд орсон сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүстээ эмийн болон эмийн бус эмчилгээнүүдийг хийгээд явж байна. Эмийн эмчилгээ гэдэг нь эм тариа, эмийн бус эмчилгээнд сэтгэл заслын ганцаарчилсан болон бүлгийн эмчилгээнүүд явагддаг. Эмчилгээ хийлгэсэн хүмүүстэйгээ эргэж байнгын холбоотой байж, архины хамаарал нь дахисан эсэхэд ч анхаарал тавин ажиллаж байна.
–Тамхинаас гарах нэрийдлээр электрон тамхийг хүмүүс их хэрэглэх боллоо. Энэ нь сэтгэл зүйн байдалтай холбоотой юу?
-Олон улсын эрдэмтдийн судалгаанаас харахад электрон тамхинд агуулагдах никотин нь арай өндөр, улам донтуулах, цаашлаад хүний эрүүл мэндэд илүү сөрөг нөлөө үзүүлж, уушги, зүрхний өвчлөлийг нэмэгдүүлэх нөхцөл бий болгохыг үгүйсгэхгүй. Мөн энэ хоёр тамхи хоёулаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд баталчихсан байна.
Янжуур тамхинаас гарахын тулд электрон тамхийг бүү татаарай. Тамхийг хаях сэтгэл зүйн асуудлаа шийдэхийн тулд сэтгэл зүйчид хандаарай гэж хэлмээр байна. Нийгэмд болон танд тулгамдаж буй сэтгэл зүйн ямар асуудал байна. Түүнээс болж өөрийгөө түр хугацаанд тайвшруулахын тулд тамхи татаад байгаа эсэхдээ дүгнэлт хийх хэрэгтэй. Тамхинаас шууд гарахад таны эрүүл мэндэд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй.
-Электрон тамхи татдаг хүмүүсийн хувьд үүнээс гарах магадлал хэр байна вэ?
-Хэр сэтгэл зүйн асуудалтайгаа нүүр тулж чаддаг хүн бэ, өөрөө тамхинаас гарах хэр хүсэл эрмэлзэлтэй байна гэдгээс хамаарна. Түүнээс биш та одоо тамхинаас гар гээд гарчихдаг ч асуудал биш л дээ.
-Сэтгэл зүйн асуудлууд гэлээ. Ямар, ямар сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд байна вэ?
-Нийгмийн стресс, айдас, түгшүүр, гэр бүлийн асуудлууд байна. Эдгээр асуудлуудаас болоод архи болон дэлгэцийн донтолт ихсээд байна. Гэр бүлийн уур амьсгал эерэг байлаа гэж бодоход гараад л хотын түгжрэлийн асуудалтай нүүр тулж байна.
-Нийгмийн сэтгэл зүйг яаж сайжруулах вэ?
-Нийгмээрээ сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч эерэг байх хэрэгтэй. Ямар нэгэн тохиолдлоор сэтгэл зүйч нь өөрөө ч стресстэх нөхцөлд амьдарч байна. Байнгын спорт, уран зураг, йогт явах зэргээр өөрийнхөө сонирхлоо бий болгож, сөрөг зүйлсээс хол байх хэрэгтэй.
-Олон сар жилээр зээл төлж явах нь хүмүүсийн сэтгэл зүйд хэр нөлөө үзүүлэх вэ?
-Энэ бол сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудын нэг. Байр авъя гэхээр үнэтэй. Байртай болох, эсвэл ямар нэг санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд хүмүүс ихэвчлэн банкнаас урт хугацааны зээл авч байна. Үүнээсээ болоод зарим нь их стресст орж байна. Нэг хэсэг нь зээлээ төлөхийн тулд гадагшаа явах асуудал ч бий. Байнгын зээлээ бодох, магадгүй ажлаас халшрах хам шинжид орчихоод, үргэлжлүүлэн ажлаа хийх зэрэг нь маш их стресстүүлдэг.
-Сэтггэл зүйчид хүмүүс хэр хандаж байна вэ?
-Түрүү жилээс бүр өөсрдийгөө судлаад, надад сэтгэл зүйч хэрэгтэй гэж үзээд хүмүүс их хандах болсон. Одоогоор дүүрэг бүрт нэг, нэг сэтгэл зүйч ажиллаж байна. Боловсон хүчний асуудал дутагдаж байна. Мэдрэлийн ядаргаа, сэтгэл түгшилт, нойргүйдэлд орсон хүмүүс ихэвчлэн үзүүлж байна.
Н.Наранцацрал: Бөөрний үрэвсэл нь судаснарийсч, даралтихсэх шалтгаанболж байна
Түүнчлэн П.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн их эмч Н.Наранцацралтай ярилцлаа.
-Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд зүрх судасны өвчин тэргүүлэх байр суурийг эзэлсээр байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Сүүлийн 20 жилд зүрх судасны өвчин тав дахин нэмэгдсэн гэж үздэг. Халдварын бус өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаант зүрх судасны өвчинд холестрин өндөр байх, цус өтгөн байх, артерийн даралт өндөр байх хүчин зүйлүүд нөлөөлж байна. Зүрх судасны өвчний суурийг нь даралт ихсэлт тэргүүлж байна. Даралт нь тархи болоод зүрхэнд хүндрэл учруулж байна.
-Зүрх судасны өвчний гол шалтгаан юу вэ?
-Амьдралын хэвшил, хооллолттой шууд холбоотой. Хүнсэндээ жимс, ногоо их хэрэглэж чадахгүй, мах гурилыг түлхүү хэрэглэж байгаа нь амьдралын боломж, цалин хангамжтай ч холбож үзэж болно. Мөн архи, тамхины хэтрүүлэн хэрэглээ, стресс бухимдал, хөдөлгөөний дутагдал гээд олон хүчин зүйлүүд нөлөөлж байна. Өнөөдөр /өчигдөр/ 100 гаруй хүнд үзлэг хийхэд 10 гаруй хүний л жин, даралт гээд бусад үзүүлэлтүүд нь хэвийн байна.
Монгол хүний судасны хатуурал есөн наснаас эхэлдэг гэж үздэг. Энэ нь даралт ихсэх өвчнийг бий болгоод байна. Бага насандаа хоолойны ангина, шүдний өвчлөлөөр өвдөж, доороосоо их даарснаасаа болоод хүмүүс бөөрний үрэвсэлтэй болсон байдаг. Энэхүү үрэвслээс болоод судас нарийсч, даралт ихэсдэг. Зүрх судасны өвчин тэр энэ гэх юм байхгүй, залуужих хандлагатай болсон.
-Даралтаа ихэсдгийг хүмүүс яаж мэдэх боломжтой вэ?
-Долоо хоногт хоёр удаа даралтаа үзэхийг хүмүүст зөвлөдөг. Тохиолдлоор даралтаа үзэхэд 130-аас дээш байвал өөрийгөө даралт ихтэйд тооцож болно. Урьдчилан сэргийлэх үзлэг Улс орон даяар явагдаж байна. Даралтаа тодорхойлуулаад юунаас болоод ихсэж байгаа шалтгааныг олох ёстой. Хүзүү хөших, толгой өвдөх зэргээс гадна ямар ч шинж тэмдэггүй даралт нь ихсээд явж буй хүн ч байдаг. Өөх тос, стресс, нойргүйдэл, эсвэл цус өтгөрснөөс болж, даралт ихэссэн эсэхийг тодруулан түүнд таарсан эмчилгээг хийлгэх нь зүйтэй юм. Ганц даралтны эм уугаад даралтаа эмчилчихлээ гэж ойлгож болохгүй.
-Зүрх судасны өвчлөлөөр нас барагсдын гол хүндрэл нь юу вэ?
-Зүрхэнд хүндрэл өгөхийг шигдээс, тархинд хүндрэл учруулахыг харвалт гэж нэрлэдэг. Дийлэнх шалтгаан нь судасны нарийсал, хатууралтай. Цус өтгөрүүлдэг тамхи, өөх тосны хэрэглээгээ хянадаггүй. Урьдчилан сэргийлэх үзлэгтээ ороод өөрийгөө эрсдэлээс хамгаалдаг баймаар байна. Гүзээтэй залуус гэнэт л тамираар хичээллэж, сагс тоглосноос зүрх нь тухайн үедээ хэт ачаалал авснаас болж зогсох тохиолдол байна. Энэ мэтчилэн зүрх судасны өвчлөлөө урьдчилан оношлуулж, эмчлүүлээгүйгээс үүдэлтэй гэнэтийн олон шалтгаант тохиолдлууд байна.
-Зүрх судасны өвчлөлийг хэрхэн багасгах вэ?
-Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж эхлээд явж байна. Монгол хүний гүндүүгүй монгол занг халж, өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, хүн бүр урьдчилан сэргийлэх үзлэгтээ орох хэрэгтэй.
Л.Минжмаа