Categories
мэдээ улс-төр цаг-үе

19 нам, хоёр эвслээс нийт 1,370 нэр дэвшигчийн баримт бичгийг СЕХ-д хүргүүлжээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа.

Ажлын хэсэгт 19 нам, хоёр эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1,370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 45 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Болж л өгвөл нэгнээ дэмжээрэй DNN.mn

Хүн бүрийн амьдралын туулсан зам мэдээж өөр байдаг. Гэвч бид бүгд яг адилхан баярлаж, гомдож, шаналдаг. Аав, ээжийн сайн хүү, охин, ах, эгчдээ сайн дүү нь, ханьдаа халамжтай, хүүхдүүддээ сайн эцэг, эх байхыг л хүсдэг.  Магадгүй хүн байхын хамгийн зөв  зам нь энэ байх.

Саяхан хорь гаруйхан настай жирэмсэн эмэгтэй амиа хорлохыг завдсан. Азаар ОБЕГ-ын алба хаагч аварсан. Амьдрал гэгч далайд дөнгөж  хөл тавьж буй тэр бүсгүйн толгойд юу эргэлдэж байсан бол…?

Бид хэн нэгний гутлыг өмсөөд амьдарсан замаар нь алхаагүй бол алдаа оноог нь шүүх хэрэг байна уу? Хүн бүрийн туулах зам дардан байдаггүй шүү дээ. Өгсөж, уруудах тэр замаа өөр өөрийн аргаар хүн өөрөө л туулдаг. Хийсээд өнгөрөх хоромхон зуурт бид нэгэндээ амиа хоролтол нь хатуурхаад юу хожих юм бол.

Зарим хүмүүс нэг л амьдрах насандаа юугаа хийх нь хэнд хамаатай юм гэдэг. Яг үнэндээ бид бүгд нэг л үхнэ. Харин өдөр бүр амьдарч байдаг. Өчигдөр гомдоосон хүнээсээ маргааш нь уучлалт гуйх боломж бидэнд байна. Ээж, аавтайгаа хүндэтгэлгүй харилцдаг, найз нөхдөө муулж явдаг, эмэгтэй хүнд уураа гаргадаг, хариуцлага хүлээх чадваргүй, хүндлэл гэж мэдэхгүй, ухамсар дорой хүмүүс юуны төлөө амьдарч байгаагаа эргээд нэг хараасай. Настай хүмүүс хэлдэг дээ. Аав, ээжийгээ амьд байхад нь анхаарч хайрлаарай гэж.  Хүн гэх ховорхон хувь заяаг олж төрсөн шүү хэдүүлээ. Болж л өгвөл нэгнээ дэмжээрэй. Хүндлээрэй. Хайрлаарай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Саруул: Гагнуур бол төмрийг оёж байгаа нарийн арга ухаан юм DNN.mn

Барилгын политехник коллежийн Гагнуурын багш Г.Саруултай гагнуурчин мэргэжил болон тус салбарын тухай ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ гагнуурчнаар ажиллаж байна вэ?

-Анхны ажлын гараа минь “ТЭЦ-III” байлаа. Тэнд нийт найман жил ажилласан. Түүний дараа ШУТИС-ийг сантехникийн инженерээр төгсөөд зургаан жил ажилласан. Барилгын политехник коллежид 15 дахь жилдээ гагнуурын багшаар ажиллаж байна даа.

-Эмэгтэй хүний хувьд гагнуурчин хүнд ажил биш үү?

-Залуугаасаа гагнуур хийж эхэлсэн. ТЭЦ III-т даралтын шугам гагнадаг байлаа. Эрэгтэй хүний ажил болохоор эмэгтэй хүнд бэрх талдаа. Гэхдээ ажлаа нэг гартаа оруулчихвал түүртэх зүйл байхгүй.

-Зарим хүмүүс бие даагаад гагнуур хийгээд сурчихдаг. Гагнуурчин мэргэжлээр сураагүй хүн, сурчихсан хүний ялгаа юу вэ?

-Мэргэжлийн бус хүнээр заалгачихсан, өөрөө бие дааж сурсан хүмүүс мэргэжлийн үндэс суурийг мэдэхгүй. Нарийн бүтэцтэй ажлыг хийж чадахгүй. Жишээлбэл, өндөр даралттай том шугам хоолойн ажил бол их ур чадвар шаарддаг. Нэг үгээр бол гагнуурчин хүн төмрийг уян болгож, хайлуулж байдаг. Гагнуур бол төмрийг оёж байгаа нарийн ухаан, арга юм. Гагнуурчин гэдэг чинь оёдолчин л гэсэн үг. Уран шаглаа хийгээд гагнаад бөглөж байгааг энгийн хүн хийж чадахгүй. Захын хүнээр энэ хотын дулаан шугам сүлжээний гагнуурын ажлыг даалгах юм бол юу болох билээ. Бид өвлийн хүйтэнд халаалт, халуун усгүй баларна шүү дээ. Хурц уурын шугам хоолойг аргоноор гагнадаг. Хурц уурын өндөр даралттай шугам хооолойг гагнах нь ур чадвар их шаардана. Энэ мэт нарийн төвөгтэй, чадвар шаардсан ажлыг хийгээд байвал салбартаа танигдах юм. Чадварлаг гагнуурчин бол ажилгүй байна гэж байхгүй.

-Гагнуурчин аливаа бүтээн байгуулалтад ямар үүрэг хүлээдэг вэ?

-Барилгын сууриас эхлээд орой хүртэл төмөр ороогүй хэсэг байхгүй. Зүйрлэж хэлбэл, барилгын яс бол төмөр гэсэн үг. Барилгын суурь бол төмөр.

-Гагнуурыг төгс хийдэг болъё гэвэл хэр их хугацаа шаардах вэ?

-Гагнуур хийх сонирхолтой хүүхэд бол өөрийгөө хөгжүүлээд, ур чадвараа сайжруулдаг. Мэргэжилдээ сонирхолгүй хүн бол бахь байрандаа л байж байдаг. Ур чадвараа нэмэгдүүлэхгүй болохоор цалин нь ч нэмэгдэхгүй. Зах зээлд сайн гагнуурчин хүний эрэлт хэрэгцээ их байна. Өөрөө өөрийнхөө төлөө ур чадвараа сайжруулж байгаа гагнуурчин хүний амьдрал өсөөд, дэвшээд л яваад байдаг. Зам нь өөд.

-Санхүүгийн хувьд хэр таатай мэргэжил вэ?

-Цалингийн хувьд тухайн гагнуурчин ямар ур чадвар, ажлын туршлагатай байхаас шалтгаална. Шууд төгсөөд л том бүтээн байгуулалтын нарийн мэргэжлийн гагнуурчны ажлыг хийж чадахгүй шүү дээ. Бага багаар туршлагажих хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Одооны залуус гэнэт хурдан баяжих гэсэн хоосон хүсэл эрмэлзэлтэй байна. Хүн урдах ажлаа сайн хийгээд, хариуцлагатай байхад мөнгө бол хөдөлмөрч хүнийг дагаж байдаг эд. Саяхан манай сургуулийг төгссөн миний шавь нарын нэг С.Ганхуяг ирж уулзсан. Япон улсад гагнуурын жижигхэн бригад байгуулчихсан. Ажлын санал хүлээж аваад ажилладаг болсон гэсэн. Өөрөө их сэргэлэн хүүхэд төгсөөд шууд Япон явсан. Мэргэжилтэй байх ямар сайхан бэ гэдэг эндээс харагдаж байгаа юм. Мэргэжилгүй байсан бол очоод барилга дээр, эсвэл хар ажил л хийнэ. Харин гагнуурчин хүн мэргэжлийнхээ ажлыг хийгээд хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж байгаа юм. Тэр шавь маань Монголд байгаа ангийнхаа хүүхдүүдээ татаад авчихаж байна.

-Ижил чадвартай гагнуурчин Монголд, гадны оронд үнэлэгдэх нь ялгаатай байна уу?

-Мэдээж хөдөлмөрийн дундаж хөлс ялгаатай хоёр орон. Гэхдээ Монголдоо гагнуурчин хийгээд сарын таван сая төгрөг авч байгаа хүмүүс байна. Сурагчид маань төгсөөд Оюу толгойд ажиллах хандлагатай байдаг. Яг мэргэжлээрээ дагнаад ажилласан хүүхдүүд хөдөлмөрийн зах зээлдээ үнэлэгдчихсэн, танигдчихсан. Монголд авьяастай хүмүүсийг үнэлдэг шүү дээ.

-Багш хүний хамгийн сайхан мэдрэмж юу вэ?

-Сурагчид амьдралд хөл тавиад, хэдэн жилийн дараа ирж уулзахдаа сайн сайхан явж байгааг нь харах бахархам шүү дээ. Манай коллежийг төгсөж байгаа хүүхэд бүр дөрвөн сая гаруй төгрөг бэлэн авдаг. Зарим нөхдүүд шууд тансаглаад үнэтэй гар утас авчихдаг. Би сургуулиа төгсөж байгаа хүүхдүүддээ заавал хэлдэг. “Та нар наад мөнгөөрөө нэг гагнуурын аппарат, төмөр тасдагч, гагнуурын баг бас ажлын бусад нарийн багаж хэрэгслүүдээ авчих аа. Амьдралын чинь турш хүнээс багаж гуйхгүй ажлаа олоод хийх боломж чинь шүү” гэж захидаг.

-Та ойролцоогоор хэдэн шавьтай вэ?

-Шавь нарынхаа тоог алджээ. Одоо бүр анхны шавь нарын маань нэг одоо надтай мөр зэрэгцээд багшлаад байж байна шүү дээ. Тэр хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан юм. Намайг их уурлуулна. Одоо өөрөө багш болчихсон “таны уурладаг байсан аргагүй юм байна аа, багш аа” гэдэг юм. Цаг хугацаа их хурдан өнгөрчээ.

-Гагнуурчин болох гэж байгаа хүүхдүүд өөрсдөө сонирхож байна уу, эцэг эхийн шахалт байна уу?

-Шинэ элсэгчид янз бүрийн л шалтгаантай манай сургуульд орж ирдэг. Үнэ төлбөргүй болохоор бас сонгох шалтгаан болох үе ч байна. Нийт 30 хүүхэд шинээр элсэн суралцаж байвал тэдний арав нь л яг өөрийн хүсэл сонирхлоор орж ирдэг. Эцэг эхийн шахалтаар орж ирсэн хүүхдүүд байна. Мөнгө их олдог гээд орж ирсэн хүүхдүүд ч байдаг. Энэ нь үнэн ч хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Мөнгө их олдог гэдэг сохор хүсэл хүнийг хол хөтлөхгүй. Тэгээд сургуулиа замаас нь орхих болдог. Зөвхөн мөнгө бодох биш хүн хүч хөдөлмөр, цаг хугацаа, зүрх сэтгэлээ ажилдаа шингээж байдаг юм шүү.

-Монголчууд хүүхдээ цагаан захтан болгох гэсэн хандлагатай байдаг. Энэ тухай та юу гэж боддог вэ?

-Манай сургууль үнэгүй болохоор хүний хандлага ямар байгаа нь илт харагддаг. Цагаа хэр барьж байна, үүрэг даалгавар биелүүлж байгаа байдал, ажлын байраа хэр цэвэр цэмцгэр байлгаж байгаа байдлаас илт харагддаг.

-Өнөөгийн залууст биеэ нөөсөн, хойшоо суусан байдал танд ажиглагдаж байна уу?

-Хүн өөрийнхөө сурсан зүйлдээ ханах бус зогсохгүйгээр өөрийгөө хөгжүүлсээр байх хэрэгтэй. Гагнуурчин хүн англи хэл сурч яагаад болохгүй гэж. Шавь нар маань Америк, Франц, Японоос ярих юм. Хэн ч тэдний аманд хоолыг нь хийж өгөөгүй. Өөрсдөө тэнд очиж ажиллаж, хөдөлмөрлөж байгаа юм. Хүн зогсохгүй суралцаад байвал тэр хүнийг үнэлэх нийгмийн үнэлэмж нэмэгдэнэ шүү дээ. Мөн зогсолтгүй эдийн засаг, физик, химийн шинжлэх ухааны мэдлэгээс суралцсаар байх хэрэгтэй. Гагнуурынхаа зургийг гаргаж чаддаг, хийх ажлаа өөрөө үнэлчихдэг байх. Залуучууд маань урдаа зорилго тавих хэрэгтэй байна. Зорилгогүй болохоор унтаад л, гар утсаараа тоглоод байна шүү дээ. Гагнуур хийж чаддаг ч ямар нэгэн зорилго тавахгүй болохоор чадвар нь ашиглагдахгүй байна.

-Залгамж халаа үе тань ямар залуус гарч ирж байна вэ?

-Гагнуурын дадлагын байранд 380 вольтын тог гүйж байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд баримтлах хэрэгтэй. Гэтэл хөдөлгөөнтэй хүүхдүүд хэцүү шүү дээ. Үдийн цайныхаа цагаар дадлагын байрны гадаа гар бөмбөг тоглоод сургуулийн цонх зүгээр байлгахгүй шүү дээ. Гэхдээ ирээдүй хойч үе маань бэлтгэгдэж байгааг харах сайхан. Энэхүү хөдөлмөрт гар бие оролцож байгаадаа багш хүний хувьд баяртай байдаг даа.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

БИЛГИЙН ТООЛЛЫН 18

2024.05.26 / НЯМ ГАРИГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
НАЙМАН ЦАГААН ЦАГААН БАР ӨДӨР

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 05.02-20.37
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 5 сарын 26, Адьяа гараг. Билгийн тооллын 18, Суулга одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:02-20:37. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

 

Categories
мэдээ нийгэм

”Алтан цом”-ын төлөөх медалийг Өвөрхангай аймгийн баг хүртжээ DNN.mn

Үндэсний Алтан цомын төлөөх медалийн барилдаан эхэлж, Өвөрхангай-Говьсүмбэр аймгууд барилдсанаас Өвөрхангай аймгийн баг 21-4-өөр илт давуу ялж, хүрэл медалийн эзэн болж, Говьсүмбэр аймгийн баг дөрөвдүгээр байрын эзэн болов.

Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /5/, улсын харцага Х.Гантулга /2/ улсын начин Б.Лхагвадорж /5/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /5/ цэргийн арслан Б.Өлзийсайхан /4/ нийт 21 даваа авсан бол Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/ аймгийн арслан Б.Үүрцайх /1/, аймгийн арслан Г.Дармаажанцан /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ нийт 4 даваа авсан юм.

Шагналыг маргааш орой финалын барилдааны дараа гардуулна.

Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай нар ажиллав.

Маргааш орой буюу 18:00 цагаас Архангай-Ховд аймгууд Алтан медалийн төлөө өрсөлдөж, ялсан баг Алтан цомын эзнээр тодрох юм.

Categories
мэдээ спорт

МУГТ Э.Цэндбаатар маргааш олимпийн эрх авах тулаанаа хийнэ DNN.mn

Тайландын Бангкок хотноо “Парис 2024” Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн өчигдөр /2024.05.24/ эхэлсэн.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.

Өчигдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул, 66 кг-д Г.Бадмаараг нар тулалдах хуваарьтай байсан. Харин өнөөдөр Г.Ган-Эрдэнэ тулалдах бол маргааш МУГТ Э.Цэнбаатар болон О.Бямба-Эрдэнэ нар тулалдах юм байна.

Эрэгтэй:

  1. 51 кг – Г.Ган-Эрдэнэ vs Саудийн Араб (2024.05.25)
  2. 57кг – Х.Энх-амар vs Боливиа (2024.05.24)
  3. 63.5 кг – Э.Цэндбаатар vs Вьетнам (2024.05.26)
  4. 71 кг – О.Бямба-Эрдэнэ vs Туркменистан (2024.05.26)
  5. 80 кг – Г.Далай гоц мөргөсөн.
  6. 92 кг – Н.Отгонболд vs Афганистан (2024.05.27)
  7. +92 кг – Х.Бекнур vs Доминикан (2024.05.29)

Эмэгтэй:

  1. 54 кг – М.Энхжаргал vs Япон (2024.05.28)
  2. 57 кг – Т.Болортуул vs USA (2024.05.24)
  3. 60 кг – М.Намуун vs Энэтхэг (2024.05.27)
  4. 66 кг – Г.Бадмаараг vs Колумбиа (2024.05.24)
  5. 75 кг – Э.Эрдэнэтуяа vs Барбадос (2024.05.27)
Categories
мэдээ нийгэм

Цахим “Өдрийн сонин”-ы аппликейшн DNN.mn

Цахим “Өдрийн сонин” аппликэйшн шинэчлэгдэж уншигчид сониноо илүү хялбараар унших боломжтой болсон билээ. Цахим “Өдрийн сонин”-ы архивт “Өдрийн сонин”-ы 2009 оны нэгдүгээр сараас хойших бүх дугаарууд хадгалагдаж байна.

Уншигчдын хувьд манай сонины архиваас тендер, зар, мэдээ шүүх, аав, ээж, өвөө эмээ, удам судар, нутаг устайгаа холбоотой гарсан нийтлэл, сурвалжилгыг хувилж авах, тухайн үед өрнөж байсан үйл явдалтай холбоотой мэдээ сэлтийг эрдэм шинжилгээний ажилд ашиглах, түүхийн материал бэлдэхийн тулд “Өдрийн сонин”-ы тухайлсан өдрийн дугаарыг олж унших хүсэлт ихээр тавьдаг. Энэ бүх хүсэлтийг тань Цахим “Өдрийн сонин” биелүүлэх болно. “Өдрийн сонин”-ыг эх орныхоо өнцөг булан бүрээс болон дэлхийн ямар ч улсаас цахимаар захиалан уншаарай. Цахим сониныг уншихын тулд дараахь алхмуудыг хийнэ.

Андройд утсан дээр Play store-оос, IOS буюу iphone дээр App store-оос “Өдрийн сонин” гэж хайгаад аппликэйшнээ татаж авна. Татаж авсны дараа заавал бүртгүүлж, нэвтрэх шаардлагатай. Аппликэйшний НЭВТРЭХ гэсэн товчин дээр дарж хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.


Төлбөрөө Төлөх хялбар боломжоос доор санал болгож байна

1. Дээрх тайлбарласан зааврын дагуу нэвтэрч орон баруун дээд буланд дарахаар “Сонин захиалах” гэсэн хэсэг бий. Ингэснээр сонины захиалгын үнэ тус бүрээр гарч ирнэ.

Тэдгээрээс сонголтоо хийн “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан”, “Хас банк”-аар төлбөрөө төлнө. Хэрэв та илүү хялбараар төлбөрөө төлөх бол “Qpay” сонгон QR код уншуулж шууд захиалан авч болно.

Цахим “өдрийн сонин”-ы үнэ:

Нэг өдрөөр захиалах бол 2000 төгрөг,

Нэг сараар 9000 төгрөг

Улирлаар 27000 төгрөг

6 сараар 54000 төгрөг

9 сараар 81000 төгрөг

Жилээр 108000 төгрөг байна.

2. “Өдрийн сонин”-ы 1102028377 (Хүлээн авагчийн нэр: ӨДРИЙН МЭДЭЭ ХХК гэж бичих) гэсэн Голомт банкны данс руу төлбөрөө шилжүүлээд захиалан авч болно. (Ингэхдээ төлбөр төлсөн баримт дээрээ хэрэглэгчийн и-мэйл хаяг, утасны дугаараа заавал бичих бөгөөд udriinsonin@admin.dnn.mn и-мэйл рүү баримтаа илгээнэ. Эсвэл 70134164 дугаар руу факсдаж болно)

3. Сонины редакци дээр өөрийн биеэр ирж төлбөрөө тушаан шууд захиалан авч болно.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт.

www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN

Facebook:DNN.MN

Instagram:dnn_mn

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Цахим сонины лавлах утас: 99130850

Categories
мэдээ нийгэм

Жороо морины уяачдад цол, чимэг олгодог болно DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ш.Адьшаа гишүүний санаачлан өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хууль санаачлагч Ш.Адьшаа гишүүн “1996 оноос хойш жороо морийг долоодугаар сарын 13-нд уралдуулж эхэлсэн. Монгол Улсын өнцөг булан бүрд жороо морь бий. Энэ өв соёлоо бодлогоор хамгаалах ёстой.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2022 оны зургаадугаар сарын 28-нд баталсан бөгөөд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.19-т “Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно” гэж заасан. Дээрх хуулийн заалттай холбогдуулан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, жороо морины уралдааны эрх зүйн зохицуулалтыг хуульд нэмж тусгах шаардлагатай болсон. Уяачдын наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулсаар ирсэн бөгөөд жороо морины уралдааныг зохион байгуулах, уяачид цол, чимэг олгох зохицуулалт нь тодорхойгүй байсан.Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах жороо морины уралдааны уяачид улс, аймаг, сумын цол, чимгийг олгох нь эрт үеэс уламжлагдан ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, наадамчин олны жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Адуу болгонд байдаггүй жороолох өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон Монголчуудын ажигч гярхай нүдэнд өртөж улмаар жороо морийг аянд унах нь бараг үгүй дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй өв соёл юм. Адууны сайварлах, жороолох явдлыг нүүдэлчин ахуй амьдралын ухаан туршлагаараа ялган ангилан, байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо зэргээр нэрлэж хэрэглэгдсээр ирсэн өв соёл, түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлсон” гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төмрийн хүдэр, баяжмал 39 сая ам.доллароор нэмэгджээ DNN.mn

Экспорт энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеийнхээс 148.6 сая ам.доллароор багасахад нүүрс 89.1 сая, цайрын хүдэр, баяжмал 72.3 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 41.8 сая, адууны  мах 34.5 сая ам.доллароор тус тус буурсан нөлөөлжээ.

Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 85.3 сая, төмрийн хүдэр, баяжмал 39 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Түүнчлэн, импорт өмнөх оны мөн үеийнхээс 766.1 сая ам.доллароор нэмэгдэхэд суудлын автомашин 139.8 сая, дизелийн түлш 113.4 сая, ачааны автомашин 65.5 сая, автобензин 59.4 сая, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв.

Харин экспорт энэ оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 181.6 (12.4 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 192.5 (23.5 хувь) сая ам.доллароор нэмэгджээ.

Categories
мэдээ улс-төр

35 бие даан нэр дэвшигч материалаа ирүүлжээ DNN.mn

Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл болон бие даагчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгадаг байна.

Энэ дагуу тавдугаар сарын 14-20-ны хооронд нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулж дууссан бол 25-ны 00:00 цагаас өмнөс СЕХ-нд нэр дэвшигчтэй холбоотой материал, баримт бичиг бүрдүүлэн өгөх үүрэгтэй.

Одоогийн байдлаар  Үнэн ба зөв , Эх орончдын нэгдсэн нам , Иргэдийн оролцооны нэгдэл  гэсэн гурван нам,  35 бие даагч  нэр дэвшигчдийн материалаа өгчээ. СЕХ долоо хоногийн хугацаанд буюу зургадугаар сарын 1-ний дотор  нэр дэвшигчдийн бичиг баримт зөрчилтэй эсэхэд хяналт тавих юм байна.