Categories
мэдээ нийгэм

Мексикийн засгийн газрын “Merit scholarships for foreigners 2024” тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ DNN.mn

Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад харилцааны яам нь Мексикийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Mexican Agency for International Cooperation for Development (AMEXCID)-аараа дамжуулан Мексикийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг бөгөөд 2024 оны ээлжит хөтөлбөр зарлагдаад байна.

Энэхүү тэтгэлэг  Мексикийн Нэгдсэн Улстай дипломат харилцаа тогтоосон, холбогдох гэрээ, хэлэлцээг хийсэн 180 гаруй улсын иргэдэд нээлттэй бөгөөд тэдэнд энэ онд Мексикийн 90 гаруй дээд боловсролын байгууллагууд (Higher Education Institutions)-д суралцах, мэргэшил дээшлүүлэх боломжийг олгож байна.

            Тэтгэлгийн төрөл Тэтгэлгийн хугацаа  
Бакалаврын түвшинд шилжин суралцах /Undergraduate-level academic mobility/ 24 сар хүртэл
Магистрын түвшинд шилжин суралцах /Master’s mobility program/ 12 сар хүртэл
Магистр /Master´s program/ 24 сар хүртэл
Доктор /Doctoral Program/ 36 сар хүртэл
Магистр, доктор, докторын дараах түвшинд судалгаа хийх /Postgraduate research stays/ 12 сар хүртэл

2024 оны тэтгэлгийн материал хүлээн авах, сонгон шалгаруулах хугацаа

Дараалал Хугацаа  
Хөтөлбөрийг зарласан хугацаа 2024.05.16-ны өдөр
Материал хүлээн авах хугацаа Материалыг https://sigca.sre.gob.mx цахим хаягаар илгээнэ 2024.05.16 – 2024.06.28
Материалтай танилцах, сонгон шалгаруулах хугацаа 2024.09 сар – 2024.12.08

Мексикийн Нэгдсэн Улсад суралцах сонирхолтой хүмүүс энэхүү тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой нарийн мэдээллийг https://www.gob.mx/cms/uploads/attachment/file/915998/2024_Convocatoria_Beca_de_Excelencia_2024_ING_.pdf холбоосоор орж авах боломжтой.

Хөтөлбөрийн үндсэн мэдээлэл англи, испани хэлээр байгаа боловч хавсралтууд испани хэлээр байна. Хавсралтуудад дараах багтаж байна.
Үүнд:

1.Холбогдох дээд боловсролын байгууллагуудын жагсаалт  (Хавсралт 1)

2. Эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээлэл (Хавсралт 2)

3.    Олон улсын нислэгийн тийзтэй холбоотой мэдээлэл (Хавсралт 3)

4.    Дотоод дахь тээвэрлэлттэй холбоотой мэдээлэл (Хавсралт 4)

5.    Хамрагдах боломжтой улсуудын жагсаалт (Хавсралт 5)

6.    Суралцах боломжтой мэргэжлүүдийн талаарх мэдээлэл (Хавсралт 6)

7.    Цахимаар хүсэлт гаргах, материал илгээх заавар (Хавсралт 7)

9.    Мэдүүлэг үнэн зөв болохыг баталсан баримтын загвар

10. Анкет

Анхаарах зүйлс:

  • Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүн хөтөлбөрт хамаарах 90 гаруй дээд боловсролын байгууллага (их сургууль, хүрээлэн)-аас сонгож, элсэн суралцахыг зөвшөөрсөн захидлыг урьдчилан авсан байх шаардлагатай.

Уг захидал нь албан бланк дээр үйлдэгдсэн байх, эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй байх гэх зэрэг шаардлага тавигддагийг анхаарах.

  • Тэтгэлэгт яг одоо Мексикт суралцаж буй хүн ч хамрагдах боломжтой.
  • Нэр дэвшигчийн илгээх бүх материал испани хэлээр байх, эсхүл испани хэл рүү орчуулагдсан байх шаардлагатай.

Тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

  1. Магистр, бакалавр, эсхүл магистрын түвшинд шилжин суралцах, магистрын түвшний судалгаа хийх хүн сар бүр 13,202.12 песогийн мөнгөн тэтгэмж авна. (ойролцоогоор 700 орчим ам.доллар)
  2. Докторт суралцах болон докторын түвшинд, эсхүл докторын дараах түвшинд судалгаа хийх хүн сар бүр 16,502,65 песогийн мөнгөн тэтгэмж авна. (870 орчим ам.доллар)
  3. Элсэлтийн хураамж, сургалтын төлбөрийн зардал нь дээд боловсролын байгууллага тус бүрийн хөтөлбөрөөс хамаарна.
  4. Эрүүл мэндийн даатгалыг 7 дахь сараас эхлэн төгсөх хүртэл мексикийн тал хариуцна.
  5. Мексикийн визийн хураамжаас чөлөөлөгдөнө.
  6. Сургууль, эсхүл хөтөлбөрөө амжилттай төгссөн зарим улсын иргэдийн замын зардлыг мексикийн тал хариуцна. Замын зардлыг хариуцах улсуудын жагсаалтыг Хавсралт 3-аас харна уу.
  7. Хэрэв суралцах сургууль нь Мехико хотоос өөр хотод байрлаж буй тохиолдолд тэтгэлэгт хамрагдагч Мексикт анх хүрэлцэн ирэхэд Мехико хотоос тухайн хот хүртэл, мөн төгссөний дараа тухайн хотоос Мехико хот хүртэлх замын зардлыг мексикийн тал хариуцна.
  8. AMEXCID нислэгийн тийзийг хариуцан бичүүлнэ. Хувь хүн өөрөө худалдаж авсан тийзийн төлбөрийг нөхөн олгохгүй. AMEXCID худалдан авсан тийзийн нөхцөлийг өөрчлөх тохиолдолд тухайн хүн зардлыг өөрөө хариуцна.

Хүсэлт гаргах тухай:

1.    Тэтгэлгийн анкет/өргөдлийн маягт болон бусад материалыг  https://sigca.sre.gob.mx/ цахим порталаар илгээнэ.

2.    Бүртгэлийн цахим портал испани хэлээр байх бөгөөд бүртгэл испани хэлээр                   хийгдэнэ.

3.    Бүртгэлийн цахим портал төв Мехикогийн цагаар 2023.05.16-ны өдрийн 18:00                  цагаас 2023.06.28-ний өдрийн 15:00 цаг хүртэл нээлттэй байна.

4.   Нэг хүн нэг бүртгэл хийж илгээнэ.

5.   Давхар иргэншилтэй иргэн зөвхөн нэг улсын иргэншлийг ашиглаж нэг хүсэлт                        илгээнэ. (Хавсралт 5)

6.   Зөвхөн Хавсралт 6-д заасан хөтөлбөрт хамаарах хүсэлтийг хүлээн авч                                 шалгаруулалтад оруулна.

Бакалавр, магистрын түвшин шилжин суралцах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал:

  1. Acceptance Letter буюу суралцах гэж буй Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан, түүнийг элсэн суралцахыг зөвшөөрсөн захидал (Үүнд дүнгийн голч оноо (GPA) нь Мексикийн сургалтын системд 85-аас дээш гэж тооцогдохыг баталсан, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцахыг дурдсан байх) /Энэ нь зөвхөн Мексикээс бусад улсад суралцаж буй хүнд хамаарна/;
  2. Letter of Introduction буюу Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан захидал ( Үүнд хүсэлт гаргагчийн дүнгийн голч оноо (GPA) нь 85-аас дээш гэдгийг баталсан, мөн тэрээр яг одоо тухайн сургуульд суралцаж байгаа тухай, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцах зэргийг тусгасан байна); /Энэ нь Мексикт суралцаж буй хүнд хамаарна/
  3. Өмнөх сургуульд суралцаж кредит оноогоо авсан хичээлүүдийн мэдээллийг уг сургуулиас баталгаажуулан авсан байх. /Мексикт суралцах ёстой хичээлүүдтэй дүйцүүлэх зорилготой/;
  4. Хэрэв шилжин суралцахад испани хэлээс өөр, эсхүл эх хэлээсээ өөр хэлээр суралцах бол хүлээн авагч байгууллага нь уг хэлээр хичээл заах тухай, мөн уг хэл нь ямар хэл байх, удирдагч багшийн нэр зэргийг тусгасан бичгийн хуулбар;
  5. Хэрэв нэр дэвшигч Мексикт суралцаж байгаа бол түүний дүнгийн голч оноо 85-аас дээш гэдгийг баталгаажуулсан дүнгийн хуулбар /холбогдох албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан байх/
  6. Магистрын түвшинд шилжин суралцахад өмнөх боловсролын зэргийн гэрчилгээний хуулбарыг заавал илгээнэ.

Магистр, докторын түвшинд суралцах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал:

  1. Acceptance Letter буюу суралцах гэж буй Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан, түүнийг элсэн суралцахыг зөвшөөрсөн захидал, (Захидалд түүний дүнгийн голч оноо (GPA) нь Мексикийн сургалтын системд 85-аас дээш гэж тооцогдохыг баталсан, мөн хэзээнээс хэзээ хүртэл суралцахыг дурдсан байх ёстой) /Энэ нь зөвхөн Мексикээс бусад улсад суралцаж буй хүнд хамаарна/;
  2. Letter of Introduction буюу Мексикийн их сургуулиас сүүлийн 60 хоногийн дотор авсан захидал (Захидалд хүсэлт гаргагчийн дүнгийн голч оноо (GPA) нь 85-аас дээш гэдгийг баталсан байх, мөн тэрээр яг одоо тухайн сургуульд суралцаж байгаа тухай, хэзээнээс хэзээ хүртэл суралцах хугацаа зэргийг тусгасан байна) /Энэ нь Мексикт суралцаж буй хүнд хамаарна/;
  3. Өмнөх боловсролын зэргийг батлах гэрчилгээний хуулбар;
  4. Суралцаж байсан сургуулийн дүн 85-аас дээш оноотой гэдгийг нотлох гэрчилгээний хуулбар. Докторын зэрэгтэй хүнд уг шаардлага тавигдахгүй;
  5. Хэрэв нэр дэвшигч Мексикт суралцаж байгаа бол түүний дүнгийн голч оноо 85-аас дээш гэдгийг баталгаажуулсан дүнгийн хуулбар /холбогдох албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан байх/
  6. Хэрэв шилжин суралцахад испани хэлээс өөр, эсхүл эх хэлээсээ өөр хэлээр суралцах бол хүлээн авагч байгууллага нь уг хэлээр хичээл заах тухай, мөн уг хэл нь ямар хэл байх, удирдагч багшийн нэр зэргийг тусгасан бичгийн хуулбар;

Магистр, доктор, докторын дараах түвшинд судалгаа хийх хүсэлт гаргахад бүрдүүлэх материал:

  1. Өмнөх боловсролын зэргийг батлах гэрчилгээний хуулбар;
  2. Суралцаж байсан сургуулийн дүн 85-аас дээш оноотой гэдгийг нотлох гэрчилгээний хуулбар. Докторын зэрэгтэй хүнд уг шаардлага тавигдахгүй;
  3. Суралцахыг зөвшөөрсөн захидалд судалгаанд дэмжлэг үзүүлэх удирдагчтай байх, судалгааны сэдэв, удирдагч багшийн нэр зэргийг тусгасан байх ёстой.
  4. Хэрэв шилжин суралцахад испани хэлээс өөр, эсхүл эх хэлээсээ өөр хэлээр суралцах бол хүлээн авагч байгууллага нь уг хэлээр хичээл заах тухай, мөн уг хэл нь ямар хэл байх, удирдагч багшийн нэр зэргийг тусгасан бичгийн хуулбар.     
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орбитын авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2024 онд нийт 17 байршлын замыг шинэчилнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар найман байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байна.

СХД-ийн Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх 2,4 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Эдийн засгийн байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их засаг”
3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
4 Эдийн засгийн байнгын хороо Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
5 Эдийн засгийн байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 “Их засаг”
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Цолмон: Гадны жишгийг харахад морин тойруулгын бооцооны орлого нь тухайн бүс нутгийн хөгжлийн тодорхой хувийг эзэлдэг DNN.mn

“HiPay Cup 2024”морин тойруулгын уралдаан хэд хоногийн өмнө Төв аймгийн Сэргэлэн суманд боллоо. Тэмцээнтэй холбогдуулан “Монголын Морин тойруулгын клуб”-ын морин уралдааныг зохион байгуулах багийн гишүүн Э.Цолмонтой ярилцлаа.


-Морин уралдаан болсон газар хотоос хэдэн километр зайтай вэ?

-Хотоос ойролцоогоор 60 километрийн зайд байрладаг.

-Уралдаанд хэдэн насны, хичнээн морь давхив?

-Тэмцээнд сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол шүдлэн, монгол их нас, монгол соёолон гэсэн ангиллаар нэг уралдаандаа 12 хүртэлх газар газрын улс, бүсэд айрагдсан хурдан ажнай уралдлаа.

-Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс ямар хүндрэл бэрхшээл тулгарав. Монголд анх удаа ийм төрлийн морин уралдаан зохион байгуулах ямар байна вэ?

-Монголд анх удаа холын зайн морин тойруулгын уралдаан зохион байгуулахад хэд хэдэн хүндрэл бэрхшээл тулгарсан. Гэхдээ бид бэрхшээлийг боломж болгон харсан. Орчин үеийн стандартад нийцсэн зорилгодоо чиглэсэн шийдлээр зохион байгуулж, олон нийтийн талархлыг хүлээж чадсандаа баяртай байна.

-Иргэд, уяачид ямар сэтгэгдэл үлдээж байв?

-Тэд тэмцээнд маш их сэтгэл хангалуун байлаа. Үзэгчдийн хувьд уралдааны өмнөх морины танилцуулга, уралдааны үеийн гараа, барианы хажуунаас нь шууд үзэх, тайзны дүрс, тайлбарлалттай үзсэн нь шинэлэг сайхан байсан талаараа дурьдаж байв. Үүнээс гадна Монголын морин уралдааныг олон улсад таниулах боломжийг ихээр үнэлсэн. Түүнчлэн, уралдааны явцад морин спорт, төр нийгмийн зүгтгэлтнүүд оролцсон нь уралдааны цар хүрээг тодорхойлж байна.

-Тэмцээнд оролцох хураамж хэдэн төгрөг вэ?

-Уралдааны бүртгэлийн хураамж нь нэг сая төгрөг. Бүх хураамжийг 100 хувь шагналын санд зарцуулсан. Нэмээд түрүү магнайг спонсорын шагнал буюу суудлын болон ачааны автомашинаар мялаасанд нь уяачид маань тун баяртай байна.

-Морин тойруулгын уралдаан унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын хувьд уламжлалт уралдаанаас дээр байна уу?

-Нэгдүгээрт, бид өөрсдөө уралдааны талаар бодолцож үзэх хэрэгтэй. Монгол адууны хэмжээ, туулах зам, унаачийн жин гээд олон хүчин зүйлс байна.

Бид цаашдаа тогтвортой уралдаан зохион байгуулахын тулд мэргэжлийн унаач, унаачийн үнэмлэх шаарддаг тогтолцоонд орох нь чухал. Энэ удаагийн уралдаанд бид унаачид 12 наснаас дээш, эмчийн үзлэгт болон даатгалд хамрагдсан, каск, хамгааллалтын хэрэгсэл өмссөн байх шаардлага тавьсан.

-Морин тойруулгын цогцолбор тогтмол ажилладаг болвол тэнд олон хүн ажлын байртай болох давуу талтай юу?

Монголын морин тойруулга тогтмол ажилладаг бол олон ажлын байр бий болж, орон нутгийн иргэдэд ажил олгох боломжтой. Тэмцээн зохион байгуулалт, морь уналга, аялал жуулчлал, бооцоо таавар, дуудлага худалдаа, хоол хүнс, мал эмнэлэг зэрэг олон салбарт ажлын байр олноор бий болно.

-Морин тойруулгын уралдаан тогтмол зохион байгуулбал гадны иргэд их сонирхох байх. Эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нь та хэрхэн харж байна вэ?

-Морин тойруулгын уралдааныг тогтмол зохион байгуулснаар гадаадын жуулчдыг ихээр татаж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Цаашлаад гадаад зах зээлд өөрийн уралдааныг экспорт хийж Монголын өв соёлыг дэлхийд таниулах боломжтой.

-Хэдий хэмжээний тойрогт морьд уралдаж байна вэ. Иргэд суудлаасаа бүхий л уралдааны явцыг харах боломжтой юу. Заавал машин, мотоцикльтой араас нь давхилдаад байх шаардлагагүй юу?

-Морин тойруулга нь 4.8 км урттай. Яагаад гэвэл монгол адууны онцлогт нийцүүлэн хурц өнцгөөр хийх эргэлтийг багасгасан байгаа юм. Үзэгчид суудлаасаа уралдааны бүх явцыг тодорхой харах боломжтой. Зориуралтын дрон байхад морьдын уралдааныг бүхэлд нь харахын тулд машин, мотоцикльтой араас нь дагах шаардлагагүй болсон.

-Дараагийн тэмцээнд оролцох хүсэлтэй уяачид хэзээ бүртгүүлэх ёстой вэ?

-Ер нь тэмцээн болохоос өмнө бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгэлийн хугацаа, зааварчилгааг зохион байгуулагчид тодорхой зарладаг. Шинэ уралдааны талаар Facebook Mongo­lian Turf Club хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой.

-Ямар үүлдрийн морь уралдаж байна вэ. Эрлийз адуу уралдаж болох уу?

-Монголчууд бид сэрвээний өндрөөс хамаарч адууг монгол, сонгомол гэж ялгадаг. Бидний зүгээс монгол төрлийн уралдаанаа сэрвээ хэмжигч автомат төхөөрөмжөөр хэмжиж оролцуулсан бол сонгомол төрөлдөө сэрвээг хэмжээгүй уралдуулсан.

Тэгэхээр тойруулгын бооцоот тэмцээнд холимог цусны морьд болон цэвэр монгол адуу аль аль нь уралдах боломжтой. Бид барианд орсон морь болгоны хурдыг хэмжиж байгаа нь цаашдаа ялгарах шаардлагагүйг харуулах, уралдааныг сонирхолтой болгох зорилготой.

-Гадаадын жуулчид болон жирийн иргэд бооцоо тавьж болох уу. Хууль эрх зүйн хувьд ямар боломж байдаг вэ?

-Гадны жишгийг харахад морин тойруурлгын бооцооны орлого нь тухайн бүс нутгийн хөгжлийн тодорхой хувийг эзлэдэг. Сонирхогч, уяач, унаач, эздийг үнэлэх гол үзүүлэлт болох юм. Монгол Улсын хэмжээнд бооцоот таавар зохион байгуулах эрхтэй гурван компани байдаг боловч татварын хэмжээ, нөхцлөөс хамаарч өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа гэж харж байна. Гэсэн хэдий ч шинэ хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь иргэд болон гадны жуулчдад илүү сонирхолтой байх болно гэж найдаж байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Богд уулын орой дээр хүн нас барсан байна” гэх дуудлага бүртгэгджээ DNN.mn

Энэ сарын 26-ны өдөр нэр бүхий иргэний цахим хуудсанд “Гахай дархан эрхгүй” гэх тайлбартай цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн бичлэг нийтлэгджээ. Уг асуудалд Цагдаагийн байгууллагаас тайлбар өгөв.

Уг тайлбарт:

“3406 УБА” улсын дугаартай “Nissan Patrol” загварын албаны тээврийн хэрэгсэл нь 2024 оны тавдугаар сарын 26-ны 08:00 цагт 102 тусгай дугаарт иргэнээс ирүүлсэн “Богд уулын орой дээр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын тээврийн хэрэгсэл болно.

Иймд иргэд та бүхэн аливаа мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээхийг зөвлөж байна” гэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа ялалт байгууллаа DNN.mn

Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ.

Өдгөө 42 настай У.Мөнх-Эрдэнийн өрсөлдөгч түүнээс 23 насаар дүү “Хүннү” клубын тамирчин Ц.Очирхуяг байв.

Тэд 63.5 кг-ын жинд дөрвөн үед тулалдах ёстой байсан бөгөөд өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч татгалзсанаар У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны ялалтаа авсан нь энэ юм.

У.Мөнх-Эрдэнэ боксын рингэнд хамгийн сүүлд 2022 оны УАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдсөн гэв.

Уг тулаанаас гадна 53.7 кг-ын жинд Болдбаярын Билгүүн, 63.3 кг-ын жинд Батсайханы Билгүүн нар ялалт байгууллаа.

Тэмцээнийг Х.Хайнар, Б.Одсүрэн, Р.Чинбат, Д.Лхагвадорж нар дэнсэллээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-нд эхэлнэ DNN.mn

Их, дээд сургуульд элсэгчдийн шалгалт 2024 оны долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхлэх товтой байна.

Элсэлтийн шалгалт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдана.

Шалгалт өгөх иргэд анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх бөгөөд хожигдсон бол оруулахгүйг анхааруулжээ.

Монгол хэл бичгийн шалгалтад 33,361 нь хамрагдаж, 57 шалгуулагч 800 оноо авсан бол 5,389 шалгуулагч 400 оноондоо хүрч чадаагүй байна.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна DNN.mn

Улс төр судлаач Б.Анхзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нам, эвслүүд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа. Таны хувьд нэр дэвшигчид болон намын жагсаалтын тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт зарласан нам, эвслүүдийг жагсаалтыг олон нийт анхааралтай ажиглаж, товч дүгнэж хэлбэл улс төрийн сайн маркетинг байлаа гэж хэлмээр байна. Энэ бүхэн хэлбэр тал руугаа хэтэрхий хэлбийх юм бол парламентын чадамжид сөргөөр нөлөөлөх учир болгоомжтой хандах нь чухал. Ер нь намын жагсаалтыг энгийн сонгогч хараад үнэлэлт дүгнэлт өгөхөд нэлээн хүндрэлтэй байна. МАН-ын жагсаалтыг өнгөц харж дүгнэвэл маш гоё харагдах ч нарийн харвал өнгөлөн далдлалт ч гэж хэлж болохоор. АН-ын жагсаалтын хувьд ямар зарчмаар намын жагсаалтаа зурсан нь тодорхойгүй фракцуудын өрсөлдөөний үр дүн байсан. Намын дүрэм, нэр дэвшүүлэх журам тодорхойгүй байсан нь нэлээд зөрчил маргаан дагуулж эв нэгдэлгүй харагдсан нь нууц биш. Энэ мэт олон асуудлыг ярьж болох ч намууд олон нийтийн хүлээлтэд нийцүүлэх гэж хамаг сайнаараа хичээлээ гэж харж байна.

Ер нь намууд нэр цэвэр, мэргэжлийн хүн гээд улс төрийн туршлагагүй, сонирхдоггүй хүнийг жагсаалтын эхэндээ бичиж улмаар УИХ-ын гишүүн болгох нь хууль тогтоох байгууллагын нэр хүнд, чадамжид шууд нөлөөлнө. Энэ байдал удаан үргэлжилбэл аюултай. Мөн намын листээр сонгогдсон гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагааны бие даасан байдал маш чухал. Намын даргын нөлөөнөөс ангид хууль тогтоох үйл ажиллагаа явуулах боломжийг хуулиар олгох ёстой. Ингэж байж бид энэ сонгуулийн тогтолцооны намын листийн үнэ цэнийг хадгалж үлдэнэ.

Үгүй бол намын даргын даалгавраар кноп дардаг хүмүүсийн улс төрд орох үүд хаалга болох талтай.

-Намууд олон нийтийн дэмжлэгийг авах бүхий л боломжийг ашиглаж байна гэж та хэллээ. Тэгвэл үүнийг дагаад төрд тэр тусмаа намд итгэх олон нийтийн итгэл сэргэх болов уу?

-2012 онд бид сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж намын жагсаалт гэх зүйлтэй анх танилцсан. Тэр үед жагсаалтаар ихэнхдээ намыг санхүүжүүлэгч хуучин ах нар орж ирсэн учраас олон нийт намын жагсаалтын талаар сөрөг төсөөлөлтэй үлдчихсэн. Тэр үеийг бодвол одоо олон нийтийн мэдлэг ойлголт харьцангуй дээшилж, оролцоо нэмэгдсэн учир намууд олон нийтийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг ихэд хичээсэн нь харагдаж байна. Гэхдээ улс төрийн намд итгэх итгэл нэг удаагийн сонгуулиар бүрэн сэргэх боломжгүй. Сонгуулийн бус үед ч явуулж буй улс төрийн тогтвортой үйл ажиллагаа, улс төрийн боловсрол олгох үр дүнтэй процессын дараа аажмаар сэргэх байх.

-Намын жагсаалт хүйсээр сөөлжлөх нь парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх бодит боломж болж чадах уу?

-Өнгөрсөн 2023 оны УИХ-ын Хаврын чуулганаар гарсан өөрчлөлтүүдийн нэг амжилт бол энэ юм. Намын жагсаалтыг хүйсээр сөөлжлөхийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгсөн. Хэрэв энэ зохицуулалт байгаагүй бол сонгууль дахиад л эрэгтэйчүүдийн өрсөлдөөн болж өнгөрөхөөр байлаа. Улс төрийн тавцанд эмэгтэйчүүд орж ирж, тоглох боломжийг хүйсээр сөөлжилсөн намын жагсаалт, квот олгож байгаа нь мэдээж давуу талтай. ХҮН намын тухайд 50:50 бодлого дэвшүүлж энэ чиглэлд манлайлж ажиллахыг хичээсэн. Үүний үр дүнд ч бусад намуудыг бодвол эмэгтэйчүүдийг олноор нь нэр дэвшүүлж байна.

МАН, АН-ын тухайд 13 тойрогт 14 эмэгтэйг нэр дэвшүүлж, намын жагсаалтынхаа 24-ийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн харагдана. Ерөнхийдөө Сонгуулийн тухай хуульд тусгасан аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь байна гэх заалтад шүргэх төдий нэр дэвшүүлж байна гэсэн үг. 30 хувийг нэр дэвшүүллээ гээд тэр чигээрээ сонгогдоно гэсэн үг биш. Одоо сонгогчдын мэдрэмжид л найдах үлдлээ.

Гэхдээ манай сонгогчдын хувьд харьцангуй мэдрэмжтэй гэж хэлж болохоор. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн тухайд нийт нэр дэвшигчдийн 25 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан бол сонгуулийн дүнгээр 17 хувь нь сонгогдоод парламентад төлөөлөл болж ажилласан. Өөрөөр хэлбэл, манай сонгогчид намаас нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүдийг хангалттай хэмжээнд сонгочихсон гэсэн үг. Ингэхээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо муу гэж дүгнэх нь өрөөсгөл. Харин намууд тэдэнд шийдвэр гаргах түвшинд орж ажиллах боломжийг олгодоггүй буюу хангалттай нэр дэвшүүлдэггүй гэж дүгнэж болно. Жишээ нь одоо 10 мандаттай тойрогт нэг л эмэгтэйг нэр дэвшүүлж байна шүү дээ.

-Өнгөрсөн саруудад бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилтот контентууд цацагдаж, олон нийт ч энэ тал дээр нэлээн бухимдалтай байгаа нь харагдсан. Энэ бүхэн сонгуулийн үр дүнд хэр нөлөөлөх бол?

-Үндэсний хэмжээний бүх телевизээр нэгэн ижил контент цацагдаж, үүнийгээ хамгийн олон дагагчтай нөлөөлөгчдөөр олон нийтэд хүргэх гээд маш өндөр зохион байгуулалттай сонгуулийн өмнөх хар пиар хөвөрлөө. Заримдаа ардчилсан улсын иргэн гэдэгтээ эргэлзэхэд ч хүргэсэн. Гэхдээ улс төрийн коммуникаци талаасаа энэ бол хуучирсан, үр нөлөө нь багатай арга л даа. Төдийлөн сонгуулийн үр дүнд нөлөөлдөггүй ч хамгийн хортой нь нийгмийг талцуулж, итгэлцлийг эвдэж байдаг.

Манай намууд нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөхгүй байгаад л гол асуудал байна. Нийгэм олон нийт нь улс төрийн өөр өрсөлдөөн, соёл хүсэж хүлээж байхад намууд хэн нэгэн дайсанг санаатай болон санамсаргүйгээр гаргаж ирээд хоорондоо “байлдаж” байгаа нь утгагүй. Бид олон жил энэ драмыг үзээд уйдаад залхчихсан шүү дээ.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламен-тын бүтцийг та хэрхэн харж байна вэ?

-Урьд өмнөх сонгуулиудаас ялгаатай нь энэ удаагийн сонгуульд хамгийн олон нам эвсэл оролцохоор байна. Өрсөлдөөн арай өргөн хүрээнд өрнөнө гэсэн үг. Битүүхэн дүгнэхэд олон нам парламентад суудалтай болохоор байна. Сонгуулийн тогтолцоо мэдээж санал гээгдэхгүй, олон намын тогтолцоог дэмжсэн учраас ийм үр дүн гарах байх. Ернь том тойрогт эвтэй хамтарч ажилласан нам л амжилтад хүрнэ. Сонгуулийн үр дүнд эвслийн засгийн газар байгуулагдах төсөөлөл байна.

Эцсийн дүндээ манай парламентад үгүйлэгдэж байгаа зүйл бол хяналт. Нэг улс төрийн хүчин хэт олонх болохоор заавал үүсдэг эффект л дээ. Сонгогчид энэ талыг харгалзаж сонголтоо хийгээсэй л гэж хүсэж байна.

-Улс төрийн нам, эвсэл, бие даагчид тус бүрдээ аль нам нь хэдэн суудал авах шинжтэй болоо. Энэ талаар нийгмийн өнөөгийн хандлагыг харж ойролцоо тооцоолол хийж болох уу. Тэр нам тэдэн суудал авна гэх мэтээр…?

-Сонгуулийн үр дүнг урьдчилж харсан судалгаанууд мэр сэр байгаа. Гэхдээ үүнийг сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэх нь хуулиар хориотой. Олон нийтийн улс төрийн боловсрол тааруу учраас нууцалдаг байх. Угтаа бид сонголтоо хийхдээ аль улс төрийн хүчин давамгай байхаар байна, алийг нь дэмжих шаардлага байна гэж хараад сонголтоороо хүчний тэнцвэрийг хангахад энэ судалгааны үр дүнгүүд туслах учиртай. Ер нь одоогийн нөхцөл байдлыг хараад дүгнэхэд улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, түүнийгээ олон нийтэд танилцуулж хүлээн зөвшөөрүүлж чадсан улс төрийн хүчинд их боломж байна. Ер нь сонгогчид намыг дэмжихгүй, итгэхгүй гэх хандлагатай байна. Энэ орон зайд зөв тоглолт хийж чадвал сонгуулийн үр дүн төсөөлснөөс өөр ч байж магадгүй.

-Сонгуулийн зардал ч өндөр гарахаар байна. Бууруулах боломж бий юу?

-Сонгуулийн холимог тогтолцоо, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн гол концепц сонгуулийн зардлыг бууруулах байсан. Гэтэл сонгуулийн тойргийн бүтэц нь үүнийхээ эсрэг болж хувирсан. Одоо тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс үр дүнтэй хамтарч ажиллаж чадвал зардлаа бага зэрэг хэмнэж чадах байх. Дараа дараагийн сонгуульдаа бид сонгуулийн зардлыг бууруулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Харин сонгогчдын хувьд хийх ажил их байна. Нийгмийн сүлжээг ажиглахад сонгогчид буюу олон нэр дэвшигчдийн үйлдлийг харж шоолж, даапаалж байгаа дүр зураг их ажиглагдаж байна. Нэг үгээр хэлбэл тэд зөвхөн нэр дэвшигчдийн уралдааныг сонирхохоор ирсэн үзэгчдийн байр суурь дээрээ л үлдэж. Гэтэл сонгууль бол сонгогчдын хувьд сонгох эрхээ эдлэх нөгөө талд нэр дэвшигчдийн хувьд сонгогдох эрхээ эдлэх олон талт үйл ажиллагаа байдаг. Гэтэл манай сонгогчид сонгуулийг зөвхөн улс төрийн намд хамааралтай хэсэг бүлэг хүмүүсийн л “ажил” гэж үзээд, хэн надад хамгийн ойр ирж, танигдахыг харъя гэх хандлагаасаа салахгүй л байсаар байна. Энэ нь манай сонгуулийн улмаар улс төрийн гажуудлын нэг суурь болдог. Сонгуулийн өндөр зардал ч үүнтэй холбоотой. Ингээд харахаар сонгуулийн зардлыг бууруулах нь олон талт үйл ажиллагаанаас хамаарах зүйл болчихоод байна.

-Бие даагчдын хувьд яг ямар боломж байгаа гэж үзээд энэ сонгууль нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа юм бол. Олон бие даагчид хүсэлтээ өгсөн гэж байгаа шүү дээ. Бие даагчдад ер нь боломж хэдэн хувь байгаа вэ?

-Бие даагчдын хувьд том тойрогт, сонгуулийн зардал өндөр энэ үед боломж нэлээд хязгаарлагдмал болов уу даа. Манай улс төрийн намууд олон нийтийн улс төрийн эрхийг хангах, хүсэл сонирхлыг илэрхийлэх платформын үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас хувь хүн бие даан нэр дэвших сонголтыг хийдэг шүү дээ. Намын дотоод соёл хандлага нь хуучинсаг, тоглоомын дүрэм нь тодорхойгүй байдал манай намуудын нийтлэг дүр төрх л дөө. Энэ байдлаа засаж сайжруулахгүй л бол цаашид хүлээн зөвшөөрөгдөх байдлаа алдаж, улс төрийн тавцнаас арчигдах нь гарцаагүй.

-Энэ сонгуулиар иргэдийн оролцоо ямар байх бол. Сонгуулийн ирц хүрдэг болов уу?

-Олон хүний санаа зовоож байгаа асуудал бол энэ. Олон нийт сонгуулийн тогтолцоо яаж өөрчлөгдсөн сонгууль ямар дүрмээр явагдах талаар мэдээлэл тааруу байна. Энэ удаагийн сонгогчийн саналын хуудас гэдэг асар нүсэр бүтэцтэй зүйл учир мэдээлэлгүй, судалгаагүй хүнд хэцүү даалгавар байх болно. Тийм учраас сонгогч түмэн минь саналын хуудсын загвартай урьдчилж танилцаж, санал өгөх байрт очихдоо сонголтоо хийчихээд очоорой л гэж хэлмээр байна.

Мөн энэ сонгуулийн санал өгөх өдөр нь баасан гараг. Урт амралтын өдрүүд тохиох учир хүмүүс хөдөө явахыг илүүд үзэж магадгүй. Хэрэв ийм шийдвэр гаргаж байгаа бол та сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байх, миний амьдрал болохгүй байна гэж гоншигнох ч эрх байхгүй.

-Улс төр, нийгмийн анхаарлыг татсан өөр нэг асуудал байна. Тэр нь ШХАБ. Энэ хавар билүү, зунаас ШХАБ-т Монгол Улс элсэнэ гэж Лавров хэлж байсан. Энэ ямар учиртай юм бол. Үнэхээр Лавровын хэлснээр манай улс ШХАБ-д элсэнэ гэж үү?

-Манай улсын хувьд ажиглагчийн байр суурь дээр олон жил явсан. Олон ч жил шахалтад байсан. Энэ удаагийн хурлаар ажиглагч орон гэх статусыг байхгүй болгох ч эрсдэл байна. Гэхдээ нөхцөл байдал яаж ч эргэсэн бид тусгаар улсын бодлогоор шийдвэр гаргах нь гарцаагүй. Хоёр том гүрний дунд орших “жижиг” улсын зовлон их. Гадаад харилцааны тухайд бол манай улс хамгийн боломжит зөв бодлогыг барьж ирсэн гэдэгт би эргэлздэггүй.

Олон нийт дотроо ШХАБ-т элсэх, элсэхгүй талаар олон байр суурь илэрхийлж болно. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ. Гэхдээ элсэх элсэхгүйн тухайд Монгол Улс нэг цонхны гадаад бодлогоороо шийдээд явах болов уу л гэж харж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Б.Пүрэвсүрэн: Ямар ч гэгээлэг, гял цал соёл иргэншлийн цаана соёлын табу буюу хаалттай амьдрал байдаг DNN.mn

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэнтэй нүүдлийн болон суурин соёл иргэншлийн талаар ярилцлаа.


-Нүүдлийн соёл иргэншлийг өнөөдрийн монголчууд бид, залуу үеийнхэн юу гэж харж, тодорхойлох ёстой юм бэ. Нүүдэлчид гэхээр малаа дагаад нүүдэллэдэг хүмүүс ээ гэж л хүлээж авдаг. Тэгвэл нүүдэлчдийн философи гэж юу байдаг юм бол оо?

-Монгол орон бол нүүдэлчдийн өлгий нутгийн нэг. Нүүдэлчин олон ард түмний нэг гэж хэлэх нь зүйтэй. Учир нь Евро Азийн өргөн уудам нутагт их тал газарт голлож амьдарч ирсэн малч, тариаланч, анч гээд олон янзын хүмүүсийг бид нэлэнхүйд нь нүүдэлчин гэж хэлээд байгаа. Дээр нь нүүдэлчид гэж хэн бэ гэдгийг дэлхий дахинаа эргэж харах хэрэгцээтэй болсон юм шиг байгаа юм. Ялангуяа номадик гэж яриад байгаа энэ хүмүүс бидний ярьж байгаа нүүдэлчид, өрнө дахиныхны нүүдэлчид хоёр өөр байж болзошгүй.

Монголчууд бид таван хошуу малаа эргүүлж тойруулдаг малч удмын яг сонгодог нүүдлийн өвийг тээж яваа ард түмэн. Үүнээс гадна циганууд, Арабын сахарын цөлд амьдарч байгаа зэрэг нүүдлийн амьдралын хэв маягтай хүмүүс олон. Энэ дундаа бидний ярьж байгаа монгол нүүдэл гэж тусдаа ойлголт. Монгол нүүдэл дотор олон янзын хэлбэрүүд байна.

Өнөөдөр ийм сонгодог нүүдлийн хэв маяг харьцангуй буурч байна гэж судлаачид үздэг. Тэгэхээр бүрэн арилж устаж алга болоогүй ч ялангуяа манай баруун Монголд Алтайн уулс, бараг зарим нь өндрийн нүүдэл ч гэж нэрлээд байгаа өндөр уулын бүсэд нүүдэг нүүдэлчид гэж өвөрмөц амьдралын хэв маяг өнөөдрийн байдлаар оршиж байна. Мөн Хөвсгөлийн Дархадын бүс нутагт сарлаг хайнагаар голлож нүүдэг, нэлээд урт бартаат замын нүүдлийн амьдрал байгаа. Эдгээр нүүдлээс гадна ердийн, тал хээрийн, тэмээ мал морь хөсөг, машин унаагаар ч нүүж байгаа хэлбэрүүд бас бий. Тэгэхээр энэ нүүдлийн амьдралын хэв маяг цаашдаа хэр их зүй ёсоор хадгалагдах ёстой вэ, үгүй юу гэдэг асуудал ярьж байна.

Миний харж байгаагаар маш товчхоноор хэлэхэд энэ амьдралын хэв маягийг цаг үе, орчин үетэй нь хөл нийлүүлээд уугуул, суурь шинж чанаруудыг нь алдагдуулахгүйгээр цаашид тодорхой хувь хэмжээгээр хадгалж явах нь хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

-Чухал болохыг судлаач хүний хувьд тодорхойлж хэлбэл илүү итгэл үнэмшил, барьцтай юм болов уу?

-Олон талаас нь тайлбарлаж болно. Жишээ нь, энэ монгол нүүдэл гэдэг монгол соёлыг цогцлоож амьдруулж яваа гэдгээрээ онцгой чухал зүйл. Монгол соёл гэдэг өөрөө монгол соёл иргэншлийг бүрдүүлж байгаа хүчин зүйл, тогтолцоо. Монгол соёл нэн тэргүүнд хүн нь хүнтэйгээ харилцдаг хүмүүн харилцааны тогтолцоо. Хоёрдугаарт, хүн байгальтайгаа харилцдаг, дэлхийд бараг хамгийн чухал өвөрмөц үзэгдлийг тээж яваа хэлбэр. Тийм ч учраас монгол хүн бол өөрсдийгөө яагаад ч юм байгалийн үр сад гэдэг концепцийг цаанаа тээж явдаг.

Бүр энгийнээр бол би уул усны үр сад гэж ойлгож явдаг маш өвөрмөц харилцаа байгаа юм. Өнөөдөр ч гэсэн хүмүүс өөрийн төрсөн нутаг, аав ээжийн төрсөн нутгаараа овоглож, нэрлэж, засаг захиргааны нэгжүүдээ хүртэл өөрчилж чадахгүйгээр хадгалж яваа нь хүн байгальтайгаа харилцаж ирсэн унаган шинж чанар. Монгол соёлд хүн хүний бүтээлтэй харьцаж ирсэн гурван шинж монгол соёлын цаана агуулагдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бид нүүдлийнхээ амьдралыг цааш нь авч явахдаа өөрсдийнхөө бүтээсэн эмээл хазаар, ногт чөдрөөс эхлээд өөрийн амьдарч суурьшиж ирсэн монгол гэрийн бүх зүйлийг нийтийн үйлдвэрлэлээр биш өөрсдийн гар үйлдвэрлэл маягаар, уламжлалт монгол урлахуйн арга барил, урлахуйн өвөрмөц орчин нөхцөлд хийж бүтээж ирсэн явдал монгол соёлыг бүрдүүлж ирсэн. Үүний цаана олон зуун жил бидний амь амьдралыг авч тээж ирсэн нүүдлийн сонгодог мал аж ахуй, амь бөхтэй маш чанартайгаар оршиж өдийг хүрч ирсэн учиртай.

-Цаг үеэ дагаад бид өнөөдөр суурин соёл руу нүүж байна. Ард түмэн ч үүнийг хүсдэг. Суурин соёл иргэншилтэй улс гүрнүүдийн соёл, хөгжлийг дагах ёстой гэж үздэг. Үүний талаар ямар ойлголтыг бид онцлох ёстой юм бэ?

-Соёл иргэншлийн судалгааны ном зохиолуудад ангилахдаа хэлбэржилтээр нь нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил гээд маш ерөнхий ангилдаг. Гэхдээ энэ хоёр өөрөө яг хөдөлгөөний үүднээс аваад үзэхэд туйлын шинжтэй үзэгдлүүд биш. Нүүдэл гэхээр үргэлж нүүгээд байдаг юм биш. Суурьшмал гэхээр байнга гэртээ суугаад байдаг юм биш шүү дээ. Энгийнээр тайлбарлабал, бидний суурьшмал гэж ойлгоод байгаа хотжилт улам том болоод ирэхийн хэрээр нэг хотын захаас нөгөө захад гарч ажил амьдралаа зохицуулдаг, нэг хотоос нөгөө хот руу нүүдэллэж ажлаа хийдэг хүмүүсийн хувьд бараг нүүдэлчдээс илүү амьдралынх нь хоногийн ритм нь зам дээр өнгөрч байгаа.

Харин нүүдэлчдийн цаана мал нь хөдөлгөөнт шинжтэй байгаагаас биш ахуй амьдрал нь харьцангуй тогтвортой, суурьшмал өнгө аястай байдаг. Тиймээс үг хэллэгийн хувьд нүүдэл суудал гэдэг үг бол хосмолжин байдлаар хэрэглэгдэх нь илүү зохимжтой. Яахав, социал утгаар нь авч үзвэл нийгмийн хөгжлийн, хотжилтын, хүн ам зүйн төвлөрөл, 1000 м.кв-т орших хүн амын өсөлтөө дагаад улам л нэмэгдэж байгаа. Энэ утгаар нь авч үзвэл ирээдүй судлалын үүднээс цаашдаа дэлхийн хүн ам улам бүр л суурин байран, байшин сууцанд амьдардаг хэв маяг руу бүхэлдээ явж байна. Буурна гэсэн таамаглал байхгүй. Түүний нэг илрэл болж манай улсын хүн амын тал нь Улаанбаатар хотдоо суурьшчихаад байна. Ер нь хот гэдэг үг ч хүнийг татдаг байж болзошгүй. Тиймээс Монгол орны хөгжлийн хувьд цаашдаа хотуудыг бүсчлэн хөгжүүлэх, аймгуудыг бүсийн төв болгох ажлууд улам өрнөх ёстой. Ийм ч агуулгаар энэ удаагийн УИХ-ын сонгууль бүсчилсэн хэлбэрээр хойд урд бүсүүдэд хуваагдаж анх удаа хийгдэж байгаа нь нэг талаар сайшаалтай. Гэхдээ эндээс гарах сөрөг үр дагавар удахгүй тодорхой болно. Сонгуулийн утгаараа ч тэр, хүн амын парламентад төлөөлөх байдлаараа ч тэр.

-Та юуг хэлэх гээд байна вэ?

-Одоогийн бидний сонгууль дандаа хүн, газар нутаг төлөөлөх зарчим дээр суурилж яваад байгаа юм. Сонгогдож байгаа процесс нь тийм ч гэсэн сонгогдсоныхоо дараа монгол төрийн түшээ болж байгаа гэдгээ огт ойлгодоггүй. Өнгөрсөн сонгуулиас хойш бүгд л манай аймгийн гишүүн, манайхаас гарсан хүн гэдэг явцуу үзлийн хүрээнд хандаж ирсэн. Тиймээс алс баруун аймагт сонгогдож байсан хүн Дорнодод, зүүн бүсэд нэр дэвшинэ гээд очвол бараг тэр хүнийг солиорсон байна гэж үзэх түвшинд манай улс хүрч, хуваагдсан байна. Ийм оюун санааны үнэт зүйлсийн хуваагдал алс ирээдүйд улс орны нэгдмэл байдалд маш хортой. Монгол соёл, Монголоо гэх сэтгэлийг иймэрхүү үйл явц, эрх зүйн зохицуулалтууд хуваагдмал байдал руу улам гүнзгийрүүлэх аюултай гэж таамаглаж байна.

-Нүүдлийн соёл иргэншлийг бид авч үлдэх ёстой, монгол соёл бол өвөрмөц нүүдлийн соёл гэж та онцоллоо. Даяаршлын үр нөлөө нүүдлийн соёлд гарч байна уу. Та бид өмнө нь ярилцаж байхад монгол хүн нэгнээ бодох, хайрлах сэтгэл үгүй болж байна. Амин хувиа хичээх үзэгдэл ихээр бий болжээ гэж тодотгож байсан?

-Хөдөөний иргэд амьдралын эрхээр суурьшмал газар орж ирээд амьдарч байна. Хотын түгжрэл, утаа униар, гэмт хэрэг, болохгүй бүтэхгүй бүх юм хөдөөнийхнөөс болж байна гэдэг хандлага түгээмэл болчихсон. Хамаг болохгүй бүхний үүр уурхай юм шиг ярьж сурталчилдаг явдал нэг талаар өрөөсгөл юм. Яагаад гэвэл тэдний амьдралын хэв маяг хотын соёл, нийтийн соёлд шууд орж ирэнгүүтээ дасна гэж байхгүй. Тэднийг дасгах, заах сургах зүйлүүд хэрэгцээтэй байхыг үгүйсгэхгүй. Хоёрт, Монгол орны хөгжилд яах аргагүй мал аж ахуй, уул уурхай, газар тариалан, аж үйлдвэр гэдэг дөрвөн салбарын хослол найрслыг зөв зохистойгоор авч явах ёстой. Цаашдаа бие биенээ үгүйсгэсэн дайсгаснасан байдлаар улам бүр өрнөөд байвал Монголын хөгжилд, Монголын соёл иргэншил, эцсийн эцэст бидний амьдралд хамгийн сөргөөр тусах нь дамжиггүй. Үүнийг гадна дотны оролцоотойгоор улам бүр дэвэргэх вий гэж болгоомжилж байна.

-Та суурин соёл иргэншлийн зүгээс нүүдлийн монгол соёлыг дүгнэж ярилаа. Эрсэг байр сууринаас харъя л даа. Нүүдлийн соёл иргэншлийн гол төлөөлөл болсон малчид, хөдөөний иргэд цаг үеэ, нөхцөл байдлаа дагаад өөрчлөгдөн хувьссан. Монголын хөдөөд өрөвч нинжин сэтгэлтэй, цайлган гэнэн иргэд байдаг гэдэг ойлголт байдаг. Гадныхан ч үүнд элэгтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ хандлагаар явсан гадны жуулчид, аялагчид Монголын хөдөөд эрсдэлд ордог аюул бий болсон. Бид зүгээр бусад улс орны иргэдтэй л адилхан. Өрөвч нинжин сэтгэлтэй, цайлган гэнэн гэдэг бол домог яриа төдий гэж харах ёстой юм биш үү?

-Манай хүрээлэнгээс хөдөөгийн амьдралын хэв маягийн суурь судалгааг олон жилийн өмнөөс хийж ирсэн. Малчид, орон нутгийн иргэдийн амьдралд нэлэнхүйд нь маш их өөрчлөлт гарч байгаа гэдэг нь судалгаанаас тодорхой харагддаг. Тэдний үздэг байсан үзвэр үйлчилгээ өөр болсон. Дээр үед соёлын үйлчилгээг явуулаар үзүүлдэг байсан бол бүгд өөрсдийн ахуйн хүрээнд мэдээллийг зайнаас авчихдаг боллоо. Гэсэн хэдий ч нөгөө талаас зарим иргэдийн хувьд хүн хүний хүрэлцээ муутай, хот руу шилжих, хөдөлгөөн их болсон. Өөрсдөө малдаа дарагдсан, түүндээ их ядарсан, түүртсэн. Түүнийгээ дагаад инээд баясал биш уур уцаар бухимдал, сэтгэл санааны дарамт газар авсан байна гэж харагддаг.

Таны асууж байгаачлан ийм зүйлүүд байгаа. Хэвлэл мэдээллээр харж байхад ч ажиглагддаг. Гэхдээ бас нэг сөрөг зүйл бол гадны жуулчин ч бай, судлаачид ч бай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй орон нутгаар маш их тэнүүчилж, төр засгийн холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр судалгаа авдаг. Учир нь үл ойлгогдох, орчуулгын шинжтэй анкетаар хүнийг залхтал нь юм асуудаг. Хэт нарийн, хүний амьдралын дотоод нууц бүхий, хувийн нууцын шинжтэй асуулт асуудаг. Түүнээс болоод залхсан үзэн ядсан эсвэл урдаас нь мөнгө төгрөг нэхдэг, худлаа хариулдаг, зөвхөн шинжлэх ухааны судалгаа талаас нь харуулахад зохимжгүй зүйлүүд их байгаа юм.

Ямар ч хөгжингүй орон байлаа гэхэд өөрсдийнх нь уламжлалт зан үйлээс үлдсэн үзэгдэл хэв маягийг гадны хүнтэй нийлээд муулаад хамтраад судлаад, энэ нь ийм шүү, үүнийг дэлхий дахинд гаргаж тавья гээд явдаг хүн байдаггүй юм. Ямар ч гэгээлэг гял цал соёл иргэншлийн цаана соёлын табу буюу хаалттай амьдрал байдаг. Түүнийгээ монголчууд болохоор юм л бол гадны камер барьсан хүн бүрт харуулдаг, үзүүлдэг. Түүгээр нь дэлхий дахинд Монголыг төсөөлдөг явдал байгаа юм. Хөдөө орон нутгийн тэр олон хэрмэл тэнэмэл зарим бүлэг үүргэвчтэй аялагчдаас болгоомжлох ёстой, заримыг нь хязгаарлах ч ёстой. Зөвшөөрөлтэйгээр судалгаа авахуулах ёстой. Харин албан ёсны агентуудаар дамжуулаад аялал жуулчлал хийж, Монголд 1000-аас доошгүй доллар үлдээж байгаа тэр хүмүүстэй бид өндөр хүндэтгэлтэй, соёлтой, хоол хүнсний болон зочлох үйлчилгээний хамгийн өндөр технологийг харуулах ёстой. Түүндээ монголчууд суралцах хэрэгтэй, суралцаж ч байгаа. Нөгөө талаас жуулчны компаниудын үүрэг оролцоо ч энд бий.

Мэдээж ямар ч монгол оронд хууль ёсоор нэвтрээд ороод ирсэн хүнтэй хууль бусаар харьцаж болохгүй. Дээрэмддэг, тонодог, үзэн яддаг байж болохгүй. Өнөөгийн олон соёлт дэлхий ертөнцөд монгол соёл бусдын нэгэн адил мөр зэрэгцэж оршиж байх ёстой. Бид өөрсдөө “ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэж ярьдаг мөртлөө ялгаатай арьсны өнгө, хэл яриа бүхий хүмүүсийг гайхаж харах хэрэггүй. Бид ч өөрсдөө бусад соёлд очоод гайхагдаж, сайн муугаараа хэлэгдэж байгаа жишээ баримтууд дэлхийгээр нэг байгаа. Тийм болохоор бүх нийтийн соёлын болосврол чухал байгаа юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 27, Сумъяа гариг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 05:01 цагт мандаж 20:38 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.