Categories
мэдээ цаг-үе

Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орно DNN.mn

 Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, нутгийн баруун өмнөд болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орж шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуургатай.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -4…+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр өнөөдөр нойтон цас, цас үргэлжлэн орж цасаар шуурна. Мөн нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай гэж Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчдэд анхуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ховд аймгийн Дарви суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Ховд аймгийн Дарви сумын нутагт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 01:48:39 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай Ховд аймгийн онцгой байдлын газраас “Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.79 93.48. Тухайн газар нь хоёр малчин айл нутагладаг бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээхээр төлөвлөжээ DNN.mn

Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийгдэж байгаа билээ.

Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн  нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.

Таван шарын гармын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар хоёр цаг хаадаг ба оргил үедээ таван цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг таван цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарсан юм.

Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбох юм.

Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлнэ. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Авто замын хашлагын баталгаат хугацааг гурван жилээр тогтоох нь учир дутагдалтай DNN.mn

Олон нийтийн шүүмж-лэл, асуудал дагуулдаг боржуур (бордюр) буюу авто замын хашлага солих ажлууд эхэлсэнтэй холбогдуулан авто замын инженер Б.Бат-Эрдэнэтэй авто замын хашлагын чанар, стандартын тухай ярилцлаа.


-Та авто замын инже-нерээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-2012 онд ШУТИС-ийг авто замын инженер мэргэжлээр сурч төгссөн. Түүнээс хойш тасралтгүй энэхүү салбарт ажиллаж байна. -Жил бүр хотын зарим хэсэгт боржуур солих ажил хийгдэх юм. Манай улсад мөрдөгдөж байгаа авто замын хашлагын стандарт ямар байна вэ?

-Стандартын дагуу авто замын хашлагын бетоны шахалтын бат бэхийн анги B30 буюу 350-400 марктай байдаг. Ийм марктай бетон барилга дээр ч ашиглагддаг тул авто замын хашлагад хангалттай чанартай байж чадна. Харин зарим хувийн авто замын хашлага хийдэг газрууд стандартаа дагаж мөрддөггүй болохоор авто замын хашлага эдэлгээ муутай байх нь гарцаагүй юм. -Боржуурын стандарт ямар байх ёстой вэ. Насжилт хэр урт байх боломжтой вэ?

-Хороолол доторх замын зорчих хэсгийг явган хүний зам болон таримал бут, зүлэгнээс тусгаарлах авто замын хашлагын марк нэг өөр. Гүүрэн дээрх болон нүхэн гарцны доторх зорчих хэсгийг явган хүний замаас тусгаарлах, мөн замын тусгаарлах зурвасуудыг өөр хооронд тусгаарлах авто замын хашлага нэг өөр юм. Тиймээс бүх боржуурын стандарт ижил байхгүй. Зориулалтаас шалтгаалаад өөр өөр байна. Хороолол доторх авто замын хашлага ойролцоогоор 0,05 тонн байхад гүүр, нүхэн гарцны авто замын хашлага ойролцоогоор 0.88 тонн жинтэй ч байна. Насжилтын хувьд авто замын нөхцөл, геотехникийн нөхцөл нөлөөлнө. Монгол Улсад миний мэдэхээр 2000-аад онд хийгдсэн ч дахин солигдоогүй авто замын хашлагууд бий.

-Ус зайлуулах систем боржуурын насжилттай холбоотой юу?

-Мэдээж хэрэг ус зайлуулах систем өөрөө боржуур гэлтгүй авто замын эдэлгээ чанарт чухал үүрэгтэй. Ус зайлуулах систем хийгдээгүй, аль эсвэл хангалттай сайн хийгдээгүйгээс авто зам дээр тогтоол ус бий болдог. Тогтоол ус яагаад авто замын насжилтад сөрөг нөлөөтэй вэ гэхээр замын хучилтын доод хэсэг ус нэвчдэг. Автомашин тогтоол усан дээгүүр явах бүрд замд эвдрэл үүсч байдаг.

-Нэг км замд хэдэн боржуур хэрэглэгдэж, хэр их зардал гарах вэ?

-Нэг эгнээтэй зам байлаа гэж бодоход хоёр талдаа нийт 2000 ширхэг боржуур хэрэглэх юм. Өнгөрсөн жил нэг ширхэг боржуур ойролцоогоор 30 мянган төгрөг байсан. Боржуур өөрөө 120 кг орчим жинтэй тул суурилуулах буюу ажиллах хүчин чухал үүрэгтэй. Мөн элс, хайрга суурилуулах үед шаардлагатай байдаг.Тэгэхээр шинээр нэг ширхэг боржуур суурилуулах өртөг ойролцоогоор 50 мянган төгрөг юм.

-Авто замын хашлагыг юу хамгийн их эвдэлж, сүйтгэж байна вэ?

-Энгийн жишээ хэлэхэд, өвлийн улиралд цементэн зуурмагийг хөлдөөхгүй гээд тодорхой хэмжээний давс зуурмагтаа хийдэг. Үүний үр дүнд зуурмаг үйлдвэрээс гараад очих цэг хүртлээ хөлдөхгүй. Харин давс хэт их хэмжээгээр хийвэл тухайн зуурмаг бетон болох үедээ чанар нь алдагдчихдаг. Цас орох үед бид авто зам дээрх цас, мөсийг хайлуулах гэж давс ашигладаг шүү дээ. Давс бол идэмтгий бодис. Давстай нойтон цасаа авто замын хажуу тал руу татаж цэвэрлэдэг. Тэр цасанд агуулагдаж байгаа давс авто замын хашлагад шингэж, наалдаж үлддэг байгаа юм. Өвлийн улирал дуусах хүртэл ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Харин хавар болоод дулаарч эхлэх үед тэр шингэсэн давс хашлагын чанарыг нь алдагдуулж эхэлдэг. Энгийн үгээр давс бетоны чанарыг идчихэж байгаа юм.

-Хэрхэн боржуурын эдэлгээ, насжилтыг уртасгах вэ?

-Боржуурын насжилтыг уртасгах бол зөвхөн боржуур-ны чанарыг сайжруулах тухай биш юм. Боржуурын насжилтад нөлөөлж байгаа олон хүчин зүйлсийг өөрчлөх, сайжруулах хэрэгтэй. Ус зайлуулах системийг сайжруулах, бат бэхийн ангиллыг сайн дагаж мөрдөх гэх мэт. Сүүлийн жилүүдэд ус зайлуулах шугам нэмэлтээр байрлуулж байгаа нь сайн үр дүн юм.

-Авто замын хашлагыг чанаргүй хийсэн гүйцэтгэгч талд хариуцлага тооцдог болмоор байна?

-Авто замын хашлагын насжилт богино байгаа нь зөвхөн гүйцэтгэгч талын алдаа биш л дээ. Тусгай комисс “Авто замын тухай” болон бусад хууль, тогтоомж, зураг төсөл, бусад техникийн баримтад заасан шаардлага хангасан авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах үүрэгтэй. Захиалагч, гүйцэтгэгч талуудын хүлээх хариуцлага маш тод байх хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, тус гүйцэтгэгч талын суурилуулсан авто замын хашлага хэдэн жилийн баталгаатай байхыг тодорхой болгох хэрэгтэй. Монголд ихэвчлэн гурван жил байдаг. Авто замын хашлагын баталгаат хугацааг гурван жилээр тогтоох нь учир дутагдалтай. Жил бүр боржуурыг солих шаардлага үүсч байгаа бол чанаргүй гүйцэтгэсэн компанитай хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна. Нэг жилийн насжилттай боржуур суулгасан компанитай эргээд хариуцлага тооцдог байх ёстой. Н.ВАНЧИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Б.Ихэрсувд чөлөөт цагийг завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог DNN.mn

Өдрийн сонины архиваас……………..

“Авьяаслаг монголчууд” шоуны 0050 дугаартай оролцогч Б.Ихэрсувдтай ярилцлаа.


-Та яагаад “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор шийдсэн бэ?

-Би өөрийгөө үг хэлээр бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй юм л даа. Тийм учраас дуу, хөгжмөөр хүмүүст өөрийгөө хэн гэдгийг харуулахыг хүссэн.

-Өөрийгөө харуулж чадсан уу. Шоунд оролцсоноос хойш таныг хүмүүс мэддэг болж байгаа байх. Таны хувьд ямар санагдаж байгаа вэ?

-Харуулсан гэж бодож байна. Ойр дотнын хүмүүс маань шоуны эхний шалгаруулалтыг үзсэнээс хойш намайг үнэлэх үнэлэмж нь нэмэгдсэнд би баяртай байгаа. Олон хүн намайг мэдлээ, танилаа гээд надад ямар нэг өөрчлөлт орохгүй. Амьдрал маань явдгаараа л явна.

-Дөрвөн шүүгч таныг их дэмжиж байсан. Урмын үг сонсох ямар санагдаж байв. Хэр бодит шүүж байна гэж харж байгаа вэ?

-Шүүгчдийн үгийг сонсоод их урам авсан. Шүүгчид тус тусдаа хувь хүн учраас дөрвөн өөр талаас нь маш сайн шүүлтүүрээр шүүдэг гэж хардаг.

-Эхний үзүүлбэртээ яагаад заавал гадаад дуу дуулсан юм бэ?

-Би юкилили буюу жижиг гитар хөгжмөө хоёр жилийн өмнө хамаатны эгчээсээ бэлгэнд авч байсан. Анх юкилилигээрээ тоглож сурсан дуу маань дуучин “Vance Joy”-ийн “Riptide” дуу байсан. Тиймээс л миний хувьд дуугаа дуулах хамгийн анхны том тайз гэдэг утгаараа энэ дуугаа сонгож дуулсан юм.

Зургаан утастай том гитар хөгжим тоглодог уу?

-Тоглодог. Анх таван жилийн өмнө гитар тоглож сурч байсан. Бие дааж сурч байсан болохоор эхэндээ хэцүү л байлаа. Гэхдээ өмнө нь шанз хөгжим тоглож сурсан байсан маань дөхөм болсон. Ер нь бусад хөгжмийг ч тоглох сонирхолтой. Нэмээд шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсч байгаа.

-Хамтлагт дуулдаг уу. Шүүгчид өөрөө дуу бичээрэй гэж захиж байсан?

-Би хамтлагт байсан. Гэхдээ одоо гарчихсан л даа. Ер нь өөрөө дуу бичих сонирхолтой. Өөрийн гэсэн нэлээд хэдэн дуутай шүү.

Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Намайг Баатарын Ихэрсувд гэдэг. Би 18 настай. Айлын том хүүхэд. Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Дунд дүү Тэнүүн долоон настай. Одоо “Олонлог” сургуульд суралцдаг. Бага дүүг маань Нэгүн гэдэг. Хоёр настай. Цэцэрлэгт явдаг. Аавыг Ш.Баатар, ээжийг Г.Хосбаяр гэдэг. Аав, ээж хоёр хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий.

-Та одоо хаана суралцаж байгаа вэ?

-Би арван жилийн Орос гуравдугаар сургуулийг төгссөн. Харин одоо МУИС-ийн сэтгэл судлалын ангид хоёрдугаар курст суралцдаг.

-Орос гуравдугаар сургууль гэхээр оросоор чөлөөтэй ярих нь ээ?

-Би орос, англи хэлтэй. Франц хэл бас гадарладаг.

-Багадаа хэр эрх хүүхэд байв. Аав, ээж тань их зөв хүмүүжүүлсэн юм шиг санагдсан?

-Би 12 жил айлын ганц хүүхэд байсан. Мэдээж аав, ээждээ эрхлэлгүй яахав. Гэхдээ аав, ээж хоёр маань намайг зөв эрхлүүлж өсгөсөн юм.

Надад бие дааж сурахыг зааж, хариуцлагатай, тууштай, өөрийнхөөрөө байхыг зөвлөдөг байсан. Одоо ч би аав, ээжээсээ суралцсаар л байна.

-“Аав, ээжээрээ 18 нас хүртлээ тэжээлгэсэн одоо болно шүү дээ” гэж хэлж байхыг чинь сонсоод хүмүүст хэрсүү санагдсан байх. Өөрийгөө болгоод сурчихсан гэж ойлгож болох уу?

-Би арван жилээ төгссөнөөс хойш аав, ээж хоёроосоо өдөр тутмын хэрэглээний мөнгө аваагүй. Багаасаа хүүхдийн хадгаламжаар хуримтлал үүсгэсэн байсан. Аав, ээж маань арван жилд байхад миний хуримтлалд сар бүр 150 мянган төгрөг хийдэг байсан юм. Түүнийгээ одоо бага багаар хэрэглэдэг. Мөн цагаан сар, шинэ жилээр хүмүүсийн өгсөн мөнгийг цуглуулж байгаад хэрэгтэй зүйлээ авдаг. Одоо ч тэгээд л болоод байгаа. Мөнгө үрээд байх шаардлага гардаггүй. Би санхүүгийн тал дээр их тооцоотой л доо. Хэрэггүй зүйлд мөнгө үрдэггүй.

Гэхдээ сургалтын төлбөр гэх мэт зайлшгүй их хэмжээний мөнгийг авдаг л даа. Тэрийгээ төрсөн өдөр гэх мэтийн тэмдэглэлт өдрүүдийн бэлэг болгож авдаг юм.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би долоо хоногийн ажлаа урьдчилаад төлөвлөчихдөг. Тиймээс өдөр бүр харилцан адилгүй байдаг.

-Тэгвэл чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагийг би завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог.

Тийм учраас аль болохоор мэдэхгүй зүйлээ сурч өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Завтай үедээ иог, фитнесс гээд өөрт хэрэгтэй зүйлээрээ хичээллэдэг.

-Найзуудтайгаа хийх зүйлгүй дэмий уулзахаар цаг хайран санагддаг гэж байсан?

-Найзуудтайгаа уулзаад юу хийхээ тохирсон байдаг учраас дэмий уулздаггүй. Хамтдаа хийх зүйлээ хийгээд, нэгнийдээ цагийг сайхан өнгөрүүлдэг. Түүнээс гэнэт л гараад ир гэж дуудахад нь хийх зүйлгүйгээр гарах дургүй.

-Та ирээдүйд хийх зүйлээ төлөвлөсөн байх. Нууц биш бол юу хийхээр зориод байгаа вэ?

-Одоо хэлэхээс илүү ирээдүйд бодож байгаа зүйлээ харуулахыг хүсч байна.

-“Авьяаслаг монголчууд” шоунд хожвол үүргэвчтэй аялал хийнэ гэж байсан. Хаагуур аялах уу. Өөр зүйл бодсон байгаа юу?

-Шоуны үр дүн гарах болоогүй учраас энэ талаар эрт яримааргүй байна.

-Дараа дараагийн шатандаа ямар үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байгаа вэ?

-Үүнийг нууцлаад үзэгчдэд гэнэтийн бэлэг болгоод үлдээе гэж бодож байна. Мэдээж өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ хийж байгаа.

-Та мөрөөдөлтэй юу?

-Мэдээж мөрөөдөлтэй. Гэхдээ зүгээр мөрөөдөөд суухийг хүсдэггүй. Тэмцэж л явна даа.

-Та хэзээний төлөвшсөн хүн шиг өөрийн гэсэн байр суурьтай юм аа. Өрөөндөө өөрийнхөө ертөнцийг байгуулчихсан байх. Цуглуулга бий юу?

-Тэгэлгүй яахав. Өрөөндөө би өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг. Бага байхдаа задгай мөнгө цуглуулдаг байсан. Харин одоо ширээний цаг цуглуулах дуртай болсон. Өрөөнд маань одоо зургаан ширээний цаг бий.

-Ямар өнгөнд дуртай вэ?

-Бүх өнгө өөрийгөө илэрхийлдэг учраас би бүгдэд нь дуртай. Хоёр өнгө уусаад өөр өнгө гаргадаг болохоор бүгд л надад үзэсгэлэнтэй санагддаг.

-Ном их уншдаг уу?

-Би багаасаа унших хичээлд илүү дуртай байсан. Нийгэм, уран зохиолын сэдэвтэй ном унших дуртай. Одоо Мүраками, Харукогийн “Эрэг дээрх Кафка” гэдэг ном уншиж байна.

Ямар ч зузаан ном байсан гурав хоногт уншаад дуусгачихдаг. Зарим номыг англиар утсан дээрээс уншдаг учраас арай илүү цагийг зарцуулдаг.

-Та цаашдаа дуугаа дуулаад явна гэж бодож байгаа юу?

-Тийм. Би дуу, хөгжмөө орхихгүй. Өөрийгөө илэрхийлж, тайвшруулж байгаа зүйл учраас хаяж чадахгүй. Хөгжим тоглож байхдаа би өөрийнхөөрөө байж чаддаг.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2024.04.28 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН
ЕСӨН УЛААН ХАР НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 05.39-20.01
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 4 сарын 28, Адьяа гараг. Билгийн тооллын давхарласан 19, Гар одтой, хар нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:39-20:01. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна DNN.mn

28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

УДЭТ-ын засвар дуусаж, үзэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Үүний нэгэн жишээ бол Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрын сэргээн засварлалт юм. Энэ хүрээнд театрын фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлаж, дууслаа.

1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар хийж байгаа бөгөөд цаашид барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Улсын драмын эрдмийн театрын нээлтийн үйл ажиллагаа 5-р сарын 1-нд Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгээр эргэн үүд хаалгаа нээнэ.

Categories
мэдээ цаг-үе

Тавдугаар сарын цаг агаарын төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард Монгол орны нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд төвийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу, говийн зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.

Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөв гарчээ.

Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажлуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам хүлээн авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим , хур тунадас Завханы зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн орчим байна.

Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн эхээр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэж, ихэнх нутгаар нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхээр дахин сэрүүсэж нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур аажмаар дулаарч олон жилийн дунджаас дулаан байна. Арав хоногуудын эхэн үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо, нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Архангайн ихэнх, Төвийн баруун хойд болон хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеэр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. .

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр дулаарах төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээн, гуравдугаар арав хоногийн сүүлээр бага зэрэг сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун болон баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн ихэнх, Өмнөговийн зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үед харьцангуй дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёр дугаар арав хоногийн сүүлээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орох магадлалтай ба энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын хүн ам өнгөрсөн онд 47.2 мянгаар нэмэгджээ DNN.mn

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая болж өмнөх оноос 47.2 мянга буюу 1.4 хувиар, өрхийн тоо 983.5 мянга болж өмнөх оноос 41.9 мянга буюу 4.5 хувиар тус тус өсжээ.

Нийт хүн амын 49 хувийг эрчүүд /1718.3/, эмэгтэйчүүд 51 хувийг /1786.4/ эзэлж байна.

Нас барсан хүмүүсийн 62.7 хувь эрчүүд /11930/, 37 хувь эмэгтэйчүүд /7111/ байна.

Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд болон гадаадад амьдарч байгаа харьяат иргэдийг хэлнэ.