Categories
мэдээ улс-төр

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Хууль зүйн байнгын хороо Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00    “Үндсэн хууль”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
4 Хууль зүйн байнгын хороо Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
5 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00    “Үндсэн хууль”
6 Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
7 Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 334 тоот

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Нарантуяа: Энэ удаагийн сонгуулийн хуулиар нэр дэвшигчид маш тэнцвэргүй байдлаар өрсөлдөнө DNN.mn

Намууд өчигдөр СЕХ-нд хүсэлтээ өгсөн. Энэ үеэр АН-ын зүгээс мөнгөний сонгууль болно, иргэдийг нүүлгээд эхэлсэн гэдэг мэдээллийг хийсэн.

Энэ асуудлаар АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяагаас тодрууллаа.


-Ардчилсан нам өчигдөр СЕХ-нд хүсэлтээ өгсөн. Энэ үеэр танай намын дарга бохир сонгууль болох нь гэж хэллээ. Яагаад?

-Монголд сонгуулийн кампанит ажлын технологийг боловсронгуй бус болгох асуудал ноцтой хэмжээнд хүрснийг Л.Гантөмөр дарга өнөөдөр /өчигдөр/ анхааруулсан.

Сүүлийн гурван удаагийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд намууд сонгуулийн маш бохир арга технологиудыг ихээр ашиглаж байгаа.

Бохир технологи гэж улс төрийн намууд болон улстөрчид бие биенийхээ эсрэг шалгагдаж нотлогдоогүй худал мэдээллийг хэвлэл мэдээллээр тарааж байна. Тролл хаягаар түгээдэг. Хууль хяналтын байгууллага дээр хянагдаж шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн нотлогдоогүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад нийтэд сенсаци болгон тарааж, нийгмээр шүүлгэж хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргадаг. Хэн нэг хувь хүний үйлдлийг сөрөг хүчинтэйгээ холбож, наалдуулж, үйл ажиллагааг нь харлуулах, иргэдийн итгэлийг нь холдуулах санаатай ажиллагаа явагдаж буйг ажиглаж байгаа учраас энэ мэдэгдлийг хийсэн гэж бодож байна.

-Энэ бүхэнтэй хэрхэн яаж тэмцэх вэ?

-Эрх барьж байгаа нам манлайллаа үзүүлж, үйл ажиллагаагаараа үлгэрлэж,  бусад намдаа жишиг болох хэрэгтэй. Хэвлэлийнхнийг чөлөөлчих.

Эрхээ эдлээд нийгэмдээ үйлчлэхэд нь хаалтын гэрээ, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээгээрээ аливаа цензур тавихгүй болж чадвал нэг алхам урагшилна. Сонгогчдын мэдээллийг маш чанд хамгаалж, эзэнжүүлж, хайрцаглаж хариулахаа зогсооход л үр дүн гараад эхэлнэ.

-СХД-ээс их хэмжээний нэрсийг бусад дүүрэг рүү шилжүүлсэн гэдэг нь үнэн үү?

-Маш олон мэдээлэл ирж байна. Улаанбаатар хотод дүүргээс дүүрэг рүү, хотоос аймгууд руу хэдэн мянган сонгогчид шилжсэн хөдөлгөөний дүн мэдээ иргэний бүртгэл дээр байна.

Тиймээс УИХ-ын Иргэний бүртгэлийн асуудал хариуцсан дэд хороон дээр УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг байгуулан хяналт шалтгалт хийлгэхээр ажиллаж эхэлсэн байгаа тул бодит байдлыг тогтоох байх.

-УИХ-ын ирц нь хүрэхгүйгээс чуулган хуралдаж чадахаа байлаа. Чуулгандаа суухгүй байгаа нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэс болохгүй юу. Ер нь ажлаа хийдэггүй гишүүдэд шат дараалсан арга хэмжээнүүд авдаг болох боломж бий юу?

-Хаврын чуулганы завсарлагаар гишүүд орон нутагтаа ажиллаж, сонгогчидтойгоо уулзалтаа хийгээд ирсэн. Одоо чуулганы ажиллагаандаа и дэвхтэй оролцож хуулиа баталж байх цаг л даа. Гэвч томсгосон тойргийн улмаас гишүүд сурталчилгааны цагаас өмнө амжиж, тойргийн олон сумаараа орохоор явцгаасан байгаа нь ирцэд нөлөөлж байна. Ер нь энэ удаагийн сонгуулийн хуулиар УИХ-ын гишүүн, гишүүн бус хүмүүс маш тэнцвэргүй байдлаар өрсөлдөх болж байна.

-Их хэмжээний мөнгөний сонгууль болно гээд байгаа нь тойрог томссон учраас ингэж хараад байна уу?

-Зөвхөн тойрог томорсноос бус эрх баригч намаас тойрогт нэр дэвших хүмүүс нь мөнгө санхүү, сүлжээ ихтэй, олон жил тойргоо усалсан, нөлөө бүхий  хүмүүс горилогч болоод явж байгаа нь ийм хардлагыг төрүүлж байгаа.

-Ойрын улс төрийн амьдрал өрнүүн байна. Элдэв сенсациуд ар араасаа гарч байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-МАН-ын удирдлага үе, үе улс төрийн дуулиантай хэргүүдийг гаргаж тавьж, нийтэд зарлаж сенсаци дэгдээдэг. Яагаад эдгээр хэргүүдийг хууль хяналтын байгууллага шалгаад тогтоож чадахгүй байгаа юм бэ. Хэргийг хянаж шалгах үүргийг хуулиар хүлээсэн байгууллагуудыг хараат бусаар ажиллах баталгааг хангаж өгөх хэрэгтэй. УИХ, Ерөнхийлөгчийн институци шүүгчдийг томилж, шүүгчдийн ёс зүй,  сахилга хариуцлагыг хянаж, томилох, огцруулах асуудлыг бүрэн хариуцаж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед  томилогдсон шүүгчдийг нийтээр албан тушаалтандаа үйлчилдэг гэж нэр төрд нь халдсан. Энэ нь шүүх засаглалын нэр хүндэд ноцтой хохирол учруулж байгаа  үйлдэл гэдгийг хуульчийн хувьд хэлэх байна.

Categories
мэдээ цаг-үе

Он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 47 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны долоо, гал түймрийн 37 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 165 иргэний эрүүл мэнд, амь нас, 11 тэрбум 665 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ. Он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 47 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Иргэд хашааны шар өвсөө шатааж байгаа нь эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирох эрсдэл, ой хээрийн түймрийн болзошгүй аюулыг дагуулж байна.

Иймд хуурайшилт ихтэй байгаа энэ үед ногоон бүсэд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэх нь гал түймрээс эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгө, ногоон бүсийг хамгаална.

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ DNN.mn

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /56 настай, эмэгтэй/ нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн.

Categories
мэдээ цаг-үе

Сонсголонгийн гүүрний засвар дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо, Сонсголонгийн 289.4м урт гүүрний зорчих хэсгийн хойш чиглэлийн эгнээний засвар, арчлалтын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ.

Тус ажлын хүрээнд гүүрний орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж, асфальтбетон хучилт хийлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Английн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон: Би Монголд ирээд үүнийг яриад зогсож байна DNN.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон энэ сарын 25-26-ны өдрүүдэд манай улсад айлчиллаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Монгол, Британи хоёр улс харилцааны түвшингээ ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар мөн ярилцсан. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон англи хэл, боловсролын салбарт Британитай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон. Мөн Боловсролын сайд Б.Энх-Амгалангийн хамт 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан. Улмаар тус хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин гурван жилийн 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээр болсныг дуулгав.

“Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурсан. Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, Иж бүрэн түншлэлд хүргэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болох юм. Замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Үүнээс гадна ховор металл, геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтрах тухай баримт бичигт холбогдох албаныхан гарын үсэг зурав.

Энэ үеэрээ “Дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход их чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж өгнө” гэдгийг Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг хамтарсан мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм.

Дэвид Камерон бол Их Британи улсын Ерөнхий сайдын албыг 2010-2015 оны хооронд хашиж байсан дэлхийн хэмжээний улстөрч. Тийм ч учраас түүний үг үйлдэл, айлчлалууд олны анхаарлын төвд байдаг юм. Үүний дагуу Монгол Улсад хийсэн энэ удаагийн айлчлалыг ч дэлхий нийт чих тавин чагнасан. Тэрбээр энэ удаагийн айлчлалынхаа үеэр олон улс, бүс нутгийн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн өрсөлдөөн хийгээд Монгол Улсын талаар сонирхол татсан үг хэлсэн. Ингээд түүний эл үгэнд шигтгэсэн ямар, ямар гол мессэж байсныг хүргэж байна.

Тэрээр “Хамтрах улсаа сонгох гэдгийг яг юу гэж ойлгох вэ? Тухайлбал, Хятад, Орос улсууд “Та нар манайхыг л сонгож харьц. Хаалттай байгаа та бүхэн зүгээр л бидэнтэй худалдаа хий. Нээлттэй илүү ардчилсан нийгэм, хууль дээдлэх ёсыг битгий сонго. Манайхантай адил улсаа удирдах дарангуйллын авторитар арга замыг сонго. Украиныг дэмжих хэрэггүй. Түүнийг ОХУ-ын мэдэлд үлдээ. Энэ бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын тухай бус зөвхөн Оросын өөрийнх нь асуудал. Мөн чухал ашигт малтмалын тухайд ч тэд үүнтэй адил зүйлийг ярьж байна. Дэлхийн бусад оронтой бүү харилц, зүгээр л хэрэгцээт ашигт малтмалаа бидэнтэй хуваалц. Улс оронд чинь бодит ашиг тус өгөх Оросын банк, Оросын компанитай харилцаатай байж, хэрэгтэй гэвэл Оросын ажиллах хүчийг л ав гэдэг.

Харин би Орос зэрэг орнуудын асар их шахалт байсан ч англи хэлийг хоёр дахь хэлээ болгохоор шийдсэн, Монголд ирээд үүнийг яриад зогсож байна. Учир нь бид улс орнуудын алинтай нь хамтран ажиллахаа сонгох сонголтын тухай ярьж байна. Үүнд зөв хариулт өгөх нь амин чухал зүйл гэж би бодож байна. Энгийнээр хэлбэл, Их Британи бусад улсуудад “Хэрэв та бүхэн сонголтоо хийхийг хүсч байвал хэрүүл маргааны замыг бус, бид танай улсыг сонголт хийхэд тань туслахад бэлэн байна” гэж өрсөлдөх ёстой гэдгийг санал болгож байна. Бид тэдэнд илүү нээлттэй эдийн засагтай болоорой, алсдаа эдийн засгаа өсгөж, ард түмэндээ хөгжил цэцэглэлтийг авчрах хамгийн зөв гарц болох ардчилсан замыг сонгохыг зөвлөж байна. Энэ нь зөвхөн та бүхний нэр төрд сайнаар нөлөөлөөд зогсохгүй ардчилал, хууль дээдлэх ёс нь хүний хөгжилд тусалж, хүн таны нэр төрийг өргөж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгийг түүх өөрөө батлан харуулж байна.

Тийм ээ, Украин бол хил хязгаараа хүлээн зөвшөөрүүлж, хүндэтгэхийг хүсэж буй тусгаар тогтносон бүрэн эрхт улс бөгөөд эцсийн дүндээ дэлхийн бүх улс орон, эрх чөлөөт улс бүр үүнийг хүсэхгүй гэж үү? Тиймээс бидний хийх ёстой зүйл бол бид дэлхийн том гүрэн биш байж болох Монголын ч, мөн Төв Азийн бусад хүмүүст сонголт хийх боломжийг санал болгож байгаа явдал юм. Бид тэдэнд хандаж “Бидэнтэй хамтран ажиллаж, бидний эрхэмлэдэг үнэт зүйлс болох нээлттэй байдал, ардчилал, чөлөөт худалдаа, хөгжил цэцэглэлтийг хүртэж, чухал ач холбогдолтой ашигт малтмалын эрхээ хуваалцах боломжтой улс болон компанийг сонгохдоо чөлөөтэй, нээлттэй, ил тод бай, авлигатай тэмц, тэгсэн цагт бид танай улсыг хожиход чинь тусалж чадна” гэж хэлж байна. Бидний ойлголтоор өрсөлдөөнтэй энэ ертөнц дэх өрсөлдөөн гэж үүнийг хэлж байгаа билээ” гэсэн үг нь нийгмийн сүлжээнд олны анхаарлыг ихэд татаад байна..

Орчуулсан

Г.АМАРСАНАА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Гудамж цэвэрлэгч гурван сая төгрөгийн цалинтай боллоо. Багш, эмч нар хэдэн төгрөгийн цалинтай болох вэ, Х.Нямбаатар дарга аа! DNN.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын байдлыг сайжруулахаар олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр зүтгэж байх шиг байна. Үүний нэг нь хотын гудамж талбайг цэвэрлэж буй ажилчдын цалинг зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болгохоор болсон. Мөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцна, бас гадаадад сургана өөрөөр хэлбэл Герман улсад сургана гэж зарласан. Үүнд ТҮК-ийн ажилчид бөөн хөөр болсон. Тэднийг хараад бид ч баярласан. Нэгнийгээ хоолтой байхыг хараад баярлахгүй хэн байх вэ. Сайхан байсан.

Гэхдээ Х.Нямбаатар дарга аа, эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны академийн судлаачид, багш, эмч нарын цалин хэзээ нэмэгдэх вэ. Сонсох нь ээ, сая гаруйхан төгрөгийн цалин авдаг гэж дуулдах юм. Суух автобусны, алхах гудамжны цэвэрлэгчийн цалин өндөр байгаад баяртай байна. Гэхдээ миний, таны, бусдын хүүхдийн харах нүд, хандах хандлага, сэтгэх сэтгэлгээнд чухал нөлөөтэй багш нарын цалинг нэммээр байна.

Ааг амьсгаагүй гүйгээд очиход тосч аваад чадах бүхнээ хийдэг эмч нарын цалинг ч мөн нэммээр байна. Нийгмийн, улс орны, дэлхий нийтийн хөгжлийг чимээгүйхэн чирч яваа бидний ирээдүйн баталгаа болсон эрдэмтдийн цалинг бас л нэммээр байна.

Учир нь аль ч нийгэмд үе давхарга гэж бий. Тэр үе давхаргын боловсролын зэрэглэлээсээ хамаарч цалингийн үечлэл нь тогтдог. Энэ бол дэлхий нийтэд жам ёсны зүйл. Тиймээс нийгмийг нийгэм шиг байлгахын тулд эмч, багш нарын цалинг дор хаяж 10 сая төгрөг болгон нэмэх хэрэгтэй байна. Тэгж байж тэдний цалин, саяны цэвэрлэгч нарын цалингийн нэмэлт мөн дэлхийн жишигт дүйцнэ. Ингэсэн тохиолдолд нийгмийн хөл нь хөлдөө, толгой нь толгойдоо байна. Хэрвээ эрдэмтэн мэргэд, багш, эмч нарын цалинг нэмэхгүй бол нийгэм хөл дээрээ биш толгой дээрээ зогсох нь. Аргагүй шүү дээ. Өчнөөн мөнгө төгрөг, цаг зарцуулж нийгмийн сэхээтэнлэг давхаргад хүрдэг, тэр нь гудамжны цэвэрлэгчийн цалинг бараадахааргүй бага байвал хэн тэгж их мөнгө төгрөг, цаг зав, энергиэ зарах вэ дээ. Багшаар ажиллаж байсан хүний хувьд та үүнийг маш сайн мэдэж байгаа байх гэж найдаж байна. Аль ч нийгэмд нийгмээ түүчээлэгчид илүү хөлс, илүү цалин авах ёстой. Нийгмийг түүчээлэгч нь гудамжны цэвэрлэгч биш эрдэмтэд, багш, эмч нар болон Монголын сэхээтнүүд билээ.

Тиймээс тэдний цалин дор хаяж 10 сая төгрөг байх ёстой. Тэр мөнгө хаана байна вэ. Та эсвэл нийгмээр тохуурхаж байна уу. Тохуурхаагүй л бол тэдний цалинг нэмэх хэрэгтэй. Хамгийн гол нь нэмлээ гээд төгрөгийн ханш унах ёсгүй. Цалинг 10 сая болгох гэж байна гээд Венесуэль шиг мөнгө хэвлээд унавал “Моносуэль” гэгч нь болно шүү. “Моносуэль” бол таны энэ цалин нэмэлтийг хараад ард түмний зүгээс танд зориулж гаргасан нэршил юм.

Венесуэль гэж баян улс байлаа. Яагаав ерээд онд Монголыг шуугиулж байсан “Халтар царайт”-ын өлгий нутаг шүү дээ. Тэр улсын удирдагч Уго Чавес төр барьж байхдаа автобусны жолооч айхтар хүнд хүчир ажил гэсээр тэдний цалинг гурав дахин нэмчихсэн. Тэд иргэдээ яг л өнөөгийн Монголынх шиг нийгмээ халамжаар угжсан. Тэгэхдээ мөнгө ихээр хэвлэсэн. Үүний дараа баяны туйл болсон тэр улс ядуугийн туйл болчихоод сууж байна.

Өөр нэг жишээ. Сири улс л гэхэд 2013 онд эдийн засгаараа дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг байлаа. Тэгвэл өнөөдөр сүүлийн 10-т эрэмбэлэгдэж байна. Мэдээж тэдний энэ уналтад нийгмийн сэхээтэнлэг анги давхаргаа мартсан нь нөлөөлсөн. Ийн тэдний дотоодод гарсан бослого дээр гадны улс орнууд тоглолт хийсэн. Өнөөдөр Сири босохооргүй болтлоо бусдын хөлд гишгэгдчихээд байна шүү дээ. Тиймээс дэлхийн улс орнуудын гашуун туршлагыг туулахгүйн тулд мөнгөний ханшийг унагаж болохгүй. Бас нийгмийг түүчээлж яваа анги давхаргыг гишгэлж, тохуурхаж, дооглож та нарын хийж байгаа ажил гудамж цэвэрлэгчээс доор гэж үзэж болохгүй. Уг нь эхлээд сэхээтнүүдийн цалинг нэмэх ёстой байсан юм. Тэдний цалинг дагаад нийгмийн үйлчилгээ рүү мөнгө орно. Худалдан авалт, үйлдвэрлэлд мөнгө очно. Тэр хэрээр үйлчилгээ сайжрах байлаа.

Ер нь социалистууд юм бүтээдэггүй. Танай нам бол зүүний үзэл баримтлалтай социал демократ нам гэж өөрсдийгөө зарладаг. Хэрвээ социалист зангаар ийн хандаж байгаа бол одоо даруйхан боль. Монголыг дараагийн “Моносуэль” болгох энэ хорлонт бодлогоо зогсоо.

Нийгмийн үйлчилгээний ажлыг өөр маягаар зохицуулж болдог. Тухайлбал, БНСУ гэхэд хотыг цэвэрлэх талбай, хугацаа, үнэ өртгийг нь заагаад өгчихдөг. Тэр ажлыг хэн дуртай нь хийх боломжтой. Жишээлж хэлбэл, Энхтайваны өргөн чөлөөний 200 метр гудамжийг 06-08 цагийн хооронд цэвэрлүүлнэ, тэдэн төгрөг болно гэж зарладаг. Энэхүү ажлыг ажлын бус цагаараа нэмэлт орлого олох зорилгоор хүмүүс өглөө эрт очоод хийхээр гэрээлчихдэг юм билээ. Энэ мэтчилэн чөлөөт зах зээлийн зарчмаар зөв механизм хэрэгжүүлж болоод байна.

Ямартаа ч Х.Нямбаатар даргыг мөнгөний ханш унагахгүйгээр ТҮК, жолооч нарын цалинг нэмсэн шигээ сэхээтний давхаргын цалинг нэмэх аргаа мэдэж байж л энэ ажлыг хийсэн гэж найдаж байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 29, Сумъяа гариг. Билгийн тооллын 21, Суулга одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 05:37 цагт мандаж 20:02 цагт жаргана Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -13…-18 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +1…+6 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ !” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч, доктор М.Очирбаттай ярилцлаа.  Тэрбээр “Овоот хурал сав газрыг судалснаар Монгол Улс маш сайн чанарын коксжих нүүрс боловсруулах боломжтой боллоо” хэмээн ярилаа. Энэ тухай VII нүүрээс уншаарай.

Английн ГАДААД ХЭРГИЙН САЙД ДЭВИД КЭМЕРОН: Би Монголд ирээд үүнийг яриад зогсож байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ !

ҮБХ- ны гишүүн З.Нарантуяа “Энэ удаагийн сонгуулийн хуулиар нэр дэвшигчид маш тэнцвэргүй байдлаар өрсөлдөнө” гэлээ.

Өмгөөлөгч Д.Содномдорж “Хууль сахиулах байгууллага нь өөрөө хууль зөрчсөн харагдаж байна” гэлээ.

Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. Тэрбээр “Хүний эрхийн тухай мэдлэг боловсрол холдоод байвал сэтгэлтэй баймаар байна” гэлээ.

Томилолт: Газрын чийг ихтэй ч шөнөдөө дулаарахгүй болохоор ногоо гарахгүй байна гэв

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболд “Ойрад судлалд ач холбогдол өгөхгүй байхын аргагүй арвин түүхтэй угсаатнууд юм” гэлээ.

Арын нүүр: Уурлах, бухимдах, өөрийгөө голох сөрөг мэдрэмжиндээ битгий хөтлөгд

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ