Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жирэмсний болон амаржсаны, чадвараа түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ өгсөн иргэдийн анхааралд DNN.mn

Нйгмийн даатгалын сангаас олгогддог зарим тэтгэмж авахаар хүсэлтээ илгээгээд 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч мөнгөө авч чадаагүй бол Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-т хандах хэрэгтэй юм байна.

Тодруулбал

  • жирэмсний болон амаржсаны тэтгэмж
  • хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14 ба түүнээс дээш хоносон бол 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд дээрх газарт хандаж мэдээллээ шалгуулах шаардлагатай аж.

Түүнчлэн биечлэн очих боломжгүй бол 9109 0437, 9192 4292, 9478 2846, 9917 8895 дугаарын утсанд холбогдож мэдээллээ шалгуулах боломжтойг НДЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2022 оноос гурил 72, мах 15 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7 хувь, өмнөх оны эцсээс 2.5 хувь, өмнөх сараас 0.9 хувиар өсчээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2023 оны 3 дугаар сард 12.1 хувьтай гарч байв. Харин үүнээс жилийн дараа 2024 оны 3 дугаар сард 7 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.1 нэгж хувиар буурсан байдаг.

  • Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2024 оны 3 дугаар сард 19,673 төгрөг болж, 2022 оны 3 дугаар сараас 20.3 хувиар, 2023 оны 3 дугаар сараас 15.7 хувиар өсөж, өмнөх сараас 467 (2.4%) төгрөгөөр өссөн байна.
  • 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны 3 дугаар сард 2426 төгрөг болж, 2022 оны 3 дугаар сараас 72.7 хувиар, 2023 оны 3 дугаар сараас 8.4 хувиар өсөж, өмнөх сараас өөрчлөлтгүй байна.
  • Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны 3 дугаар сард 2390 төгрөг болж, 2022 оны 3 дугаар сараас 0.4 хувиар өссөн бол 2023 оны 3 дугаар сар болон өмнөх сараас өөрчлөлтгүй байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна DNN.mn

Дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи дөрөвдүгээр сарын 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, дөрөвдүгээр сарын 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, дөрөвдүгээр сарын 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд DNN.mn

Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-аас хаврын шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байгаа.

Энэ хүрээнд хэрэглэгчдийн эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлана. Өнөөдөр хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Засвар хийх хугацаанд цахилгааны хэрэглээгээ түр хязгаарлана уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Одсэр: Аварга малчин гэж байхаар малаа сайжруулж, орлогоо нэмэгдүүлсэнд нь мөнгөн шагнал өгдөг тогтолцоотой болох хэрэгтэй DNN.mn

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, “Чинээлэг малчин” төслийн санаачлагч Л.Одсэртэй мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.


-Манай улс 70 орчим сая малтай. Гэтэл тус салбар тэр бүр хөгжихгүй, орхигдоод байна гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Орхигдох гэхээсээ илүүтэй энэ талын бодлого буруу байна. Түүнээс биш үеийн үед л бодлогын яам нь байж ирсэн. Жил бүр чамгүй мөнгө тавигддаг. Гэтэл олигтой үр дүн гарахгүй байгаа нь бодлого нь үндсээрээ буруу байгааг харуулж байгаа хэрэг. Бид 1990 онд ардчилсан нийгмийг байгуулаад малыг хувьчилснаас хойш өнөөдөр 70 орчим сая толгой малтай болсон. Харин үүнээс өмнө манайх чинь 25 сая малтай болох гэж өчнөөн жил оролдоод бараагүй. Тэгэхээр зорилго нь тодорхой байвал боломж байдаг гэдгийг энэ тооноос харж болно. Даанч төрийн маш буруу бодлоготой явсаар ирлээ. Эрх баригчид үүнийг засаж, залруулахыг хүсэхгүй байна уу. Эсвэл үнэхээр мулгуу учраас энэ чигээрээ яваад байна уу гэдэгт л гол учир байна.

-Яг ямар бодлого нь буруу яваад байгааг хэлэхгүй юу?

-Монголчууд түүхэндээ мал аж ахуйдаа тохирсон менежментийг хэрэгжүүлж ирсэн. Бэлчээрээ дөрөв хувааж ангилаад малыг амьдаар нь хадгалдаг байсан. Нэг үгээр амьжиргааныхаа эх үүсвэр болгож ашигладаг. Худалдан авагч байхгүй. Харин өнөө цагт мал, махаа худалдан борлуулж байгаа учраас үйлдвэрлэл явуулж байгаа хэрэг. Тиймээс энэ бизнесийнхээ менежментийг өөрчилж байж ашигтай ажиллана. Харамсалтай нь улсын, аймгийн, сумын аварга малчин шалгаруулсаар өдийг хүрлээ. Үүний үндсэн шалгуур нь тоо толгой. Малчид маань ч төрийн бодлого буруу яваад байгааг сайн ойлгохгүй байна. Тиймээс тоог нь өсгөх гээд уралдаад байдаг болчихсон

ярилаа. Сонгууль дөхөхөөр улстөрчид бөөн бөөнөөр нь аваачиж шагнаад байдаг нь энэ салбарын бодлого буруу яваад байгааг өөгшүүлж байгаа хэлбэр биш үү?

-Улстөрчид гэдэг чинь ард түмэнд таалагдаж, оноо л авч байвал улсаа хорлож байна уу гэдэг нь огт хамаагүй улс. Өнгөрсөн 2021 онд 3.2 сая мал хорогдсон бол ноднин жил 3.9 сая хорогдсон. Тэгэхээр энгийн үед малын зүй бус хорогдол гарах нь хэвийн зүйл гээд бараг ойлгочихсон байна. Гэтэл 3.1 сая малыг мөнгөн дүнгээр тооцоход дунджаар нэг их наяд төгрөг болж байгаа юм. Ингээд бодохоор улстөрчид төрийн буруу бодлогыг өөгшүүлж байгаа нь үнэн. Ганцхан сонгуультай жил ч биш. Жил бүрийн цагаан сарын өмнө очоод, өөрөө малыг нь өсгөөд өгчихсөн юм шиг хойморт нь сууж байгаад л өнөөх шагналуудаа гардуулдаг. Дараа нь хавар болж мал хорогдохоор хэдэн боодол өвс аваачиж өгч, бараг л уйлж байгаад ирдэг. Ерөнхийдөө манай өнөөгийн дүр төрх, эмгэнэлт драм ийм л байна.

-Энэ жил ихэнх нутгаар зудтай байсан учраас малын хорогдол өмнөх жилүүдээсээ нэлээд өндөр гарч байна. Гэтэл УОК-оос гаргаж байгаа тоог худлаа гэх хүмүүс байна. Учир нь айл бүрээс тоог нь аваагүй байж таамгаар гаргаад байна гэдэг яриа гарсан. Энэ тал дээр танд хийсэн судалгаа, тооцоолол байна уу?

-Эд нар бол ер нь багцаа тоо тавьчихаад байгаа шүү дээ. Харин мэргэжилтнүүд 20-иод сая мал хорогдоно гэж үзээд байгаа. Угаасаа одоо чинь цаг болоогүй байна. Хавар дуустал л муудсан малууд хорогдоно. Тиймээс ард нь нэгмөсөн тооцож байж нэгдсэн дүн гарах байх. Энэ 20 сая малыг зах зээлийн ханшаар тооцож үзвэл хэдий хэр хэмжээний мөнгө алдах гээд байгаа вэ гэдэг нь гараад ирнэ. Гэхдээ энэ жил бол яалт ч үгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн боловч бэлтгэлээ сайтар хангаад эрсдэл багатай даван туулах арга замууд маш олон бий.

-Таны хувьд “Чинээлэг малчин” төслийг санаачилсан хүн. Энэ хөтөлбөр таны яриад байгаа төрийн буруу бодлогыг засаж сайжруулж чадах уу?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид нэгдүгээрт төрийн бодлогоо зөв болгож чадна. Хоёрдугаарт, манай 300 мянган малчин өрх бүгдээрээ үйлдвэрлэл явуулж байгаа юм. Ер нь манайх чинь хөдөө аж ахуйн маш том үйлдвэрлэг орон шүү дээ. Энэ үйлдвэрээс гарсан бүх бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортод гардаг. Тиймээс энэ үйлдвэрүүдийг ашигтай ажиллуулахын тулд л би тооцоолол гаргасан. Нийт 70 сая малыг мөнгөн дүнгээр дундажлахаар 30 их наяд төгрөг. Тэгэхээр энэ хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй, өөрсдийн эзэмшлийн газартай гэсэн үг. Нэг малчин өрх жилдээ 500 сая төгрөг олдог болох боломжтой. Манай улс жилдээ 15.3 тэрбум ам.долларын орлого олдог. Гэтэл үүнийх нь 90 хувийг зөвхөн уул уурхайн салбар бүрдүүлдэг. Харин малчин өрх бүрээ үйлдвэрлэгч гэж үзээд, тэдний орлогыг нэмэгдүүлж чадах юм бол энэ хувийн зөрүү арилна. Дээрээс нь манай улс жилдээ дотооддоо 15 орчим сая мал хэрэглэдэг. Манай хөтөлбөрийн дагуу явах юм бол жилдээ 30-40 сая мал зарж эхэлнэ. Тэгэхээр илүү гарсан махаа гадагшаа зарж таарна. Ингэхийн тулд төрөөс бодлогоор аймгуудад махны үйлдвэрүүд барихыг дэмжих хэрэгтэй. Стандартаар нь ажиллаж байж гадаадад махаа санал болгоно.

-Гадагшаа мал, махаа их хэмжээгээр гаргах гэхээр малын гоц халдварт өвчлөлөөс болоод чаддаггүй гэдэг хүмүүс бий. Энэ хэр үнэний ортой вэ?

-Вакцин дээр асар их мөнгө тавигдаад тэр нь хийгдэж л байна. Малын гоц халдварт өвчин гадагшаа мах гардаггүйн нэг шалтгаан мөн. Үүнийг төрөөс олигтой шийдэхгүй л байна. Харин үүний шийдлийг “Чинээлэг малчин” төсөлд маш энгийнээр шийдэж байгаа. Жишээлбэл, хургыг 7-8 сартайд нь эр хониноос том болгоод зарах тухай яриад байгаа юм. Хэрэв ингэвэл ихэнх асуудал шийдэгдэнэ. Нэгдүгээрт, 7-8 сартай үедээ эрдэс уургийнхаа хамгийн дээд түвшинд байдаг. Олон жил болоогүй болохоор хур өөх, тослоггүй. Элдэв шивтэр, үнэргүй. Дээрээс нь амьдаар нь авч ирээд үйлдвэрийн аргаар нядалгаанд оруулахаар элдэв шимэгч хорхойгүй болно. Энэ мэтчилэн дэлхийн стандартын шаардлагыг хангах асуудлын 80 орчим хувь нь шийдэгдэнэ гэсэн үг. Би төслийнхөө хүрээнд Говьсүмбэр аймагт 500 хуцан хурга тарааж, сургалтаа хийсэн. Одоо тэндхийн малчид бүгд хургаа эргэлтэд оруулдаг болчихсон. Говьсүмбэр аймгийн хурганы дундаж жин 20 кг-аасс дээш байдаг. Гэтэл баруун аймгуудын төлөг, эм хонины гулууз 15-18 кг татдаг юм шүү дээ.

-Ингэж хургыг тэжээх нь малчдад зардлын хувьд хэр тусах вэ?

-Тэжээл бол нэг л хүчин зүйл. Харин бид бэлчээрийн аргаар маллаад л ийм хэмжээний том болгоод зарах тухай яриад байгаа юм. Тэгэхээр малчдад илүү зардал огт гарахгүй. Одоо чинь бид тоо толгойн хойноос хөөцөлдөхийн оронд Дэлхийн ногоон хөгжлийн сангаас мөнгө олж ирэх хэрэгтэй. Малынхаа тоо толгойг бууруулснаар хүлэмжийн хийн ялгарал тэр чинээгээр буурна. Хоёрдугаарт, био масс, ногоон ургамал нэмэгдэнэ. Тэр нь хүчилтөрөгч үйлдвэрлэнэ гээд шалгуур үзүүлэлтийг нь хангана. Тэгэхээр аварга малчин гэж байхаар малаа сайжруулж, тоог нь бууруулсан ч орлогоо нэмэгдүүлсэнд нь бэлэн мөнгөний шагнал өгдөг тогтолцоотой болчихвол бүгд дагаад хошуурна. Түүнээс биш нэг тууз, өргөмжлөл авахын тулд малынхаа тоог нэмэгдүүлэхгүй. Дээрээс нь мал аж ахуйн чиглэлээр суралцах оюутнуудыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Мэдлэг боловсролтой малчин гэдэг чинь аль ашигтайг нь л сонгоно.

Р.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас “Зариг.мн” сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт сэтгүүлчээр ажиллахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Уг шийдвэрийг шүүх хүлээн авч хэлэлцээд Н.Өнөрцэцэгт холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл сэтгүүлчийн ажлаа эрхлэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаснаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн мэдэгдсэн.

Тэгвэл Монгол Улсын ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй. Шүүхээс гаргасан уг шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн гол хоёр заалтыг зөрчиж байгаа юм. Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй” гэж заасан байдаг. Мөн шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэж заасан. Монголын төр хуулиа дагах ёстой. Монгол Улсын шүүх хуулиа дагаж мөрдөх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн хоёр гол заалтыг зөрчсөн ийм шийдвэрийг шүүхээс гаргасан нь сэтгүүлчдийг, Монголын сэтгүүл зүйг тохуурхсан явдал боллоо.

Шүүхийн энэхүү байж боломгүй, хууль бус шийдвэртэй холбогдуулж сэтгүүлчид, улстөрчид, хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Ц.Оюундарь “Монгол Улсын ямар ч хуульд ийм заалт байхгүй. Хуулийг орондоо засдаг хүмүүс сэмээрхэн шургуулчихсан байдаг биш юм бол Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид уг заалтыг яаралтай олж, ил гарган хуулийг хэрхэн яаж завхруулдгийг илчлэх хэрэгтэй. Өнөөдөр Н.Өнөрцэцэгт тохиолдож буй явдал маргааш танд тохиолдох магадлалтай учраас ажил үүргээ гүйцэтгэж байгаа бүх сэтгүүлчид нэгдэж, шаардлага тавих хэрэгтэй” гэсэн бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд тэргүүн Б.Ууганбаяр “Ардчиллын амин чухал хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хазаарлаж, хязгаарлаж одоо бүр сэтгүүлчийн ажлыг шүүхээр хориглодог боллоо. Бид асуудлаа шийдэхийн тулд нэг зүгт нэг зорилготой зүтгэх цаг ирсэн байна. Хэвлэлийн эрх чөлөө хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм” хэмээн эсэргүүцсэн.

Н.Өнөрцэцэгт тулгасан энэ шийдвэр нь Монголын сэтгүүл зүйг даажигнаад зогсохгүй Ерөнхий сайдаа хорлосон шийдвэр шиг харагдаад байгаа. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль шүүхийн үнэн мөнийг илчилнэ. Нийгэмд шударга ёсыг тогтооно. Авлигачидтай тэмцэнэ. Хүний өөрийн нам хамаагүй хууль бус үйлдэл гаргасан хэний ч өмнө хууль тэгш үйлчлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тэгвэл Монголын шүүх ямар ч хуульд байхгүй ийм заалтаар сэтгүүлчийг шүүсэн нь Ерөнхий сайдаа элэг барьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байна. Хэвлэл мэдээллийн амыг барих гэж дайрсан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх  үндсэн эрхээ эдэлснийхээ төлөө буруутан болж нийгмийн шаар шавхруу доог тохуурхал болдог явдал тухайн Засгийн газрыг өрөвдөлтэй харагдуулдаг.

Олны дунд нэг ийм үг байдаг даа. “Ц.Элбэгдорж сайн муугаар олон хэлэгдсэн. Зарим нэгний хэлдгээр муу хүн байж болно. Хичнээн гүтгэн доромжлуулж байсан ч тэр улс төрд явсан 30 шахам жилд нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч байгаагүй. Үүгээрээ том улстөрч гэдгээ харуулдаг” гэж яригддаг. Энэ утгаараа уг шийдвэр Засгийн газрыг үхээнц дорой өрөвдмөөр харагдуулж байна. Тухайн иргэнийг эзэмшсэн мэргэжлээр нь шүүхээс хорьж байгаа юм бол шат шатны шүүхээр шалгагдаж байгаа улстөрчид бүгд мэргэжлийн ажлаа хийхгүй түдгэлзэх ёстойг хэлэх хүмүүс байна. Тухайлбал, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, ЖДҮ, Нийгмийн даатгалын сан, нүүрсний хэрэг, ногоон автобусны хэрэг, Зайсангийн ам, Туулын бургасыг хядсан гээд эдгээр асуудалтай холбоотой бүх хүмүүс мэргэжлийн ажлаа хийхгүй түдгэлзэх ёстой, тэгж байж шударга шүүх тогтоно хэмээн эсэргүүцэж байна.

Нарийн мэргэшил шаардсан ажлыг онцгой тохиолдолд шүүхээр хориглож болох юм. Жишээ нь, анагаах ухааны анхан шатны мэдлэггүй хүн нарийн мэргэжлийн мэс заслын эмчээр ажиллана гэж үзвэл хүний амь настай холбоотой хэмээн үзэж тухайн иргэний мэс заслын эмчээр ажиллахыг нь хуулиар хориглож болох юм. Түүнээс хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг нь хуулиар хааж боож болохгүй ээ. Тухайн иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ямар ч цаг дор бүрэн дүүрэн эдлэх эрхтэй. Тэр ч бүү хэл шоронд хоригдож эрх чөлөөгөө хасуулсан ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй байдаг.

“Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо. Шүүхийн энэхүү шийдвэрт ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх хуулиар нээлттэй. Хүний амьдрах эрхэд халдана гэдэг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн зарчим, тунхаглалаас ухарч буй үйлдэл юм” гэж хуульч Р.Булгамаа хэлж байна. Тэгэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг Монгол Улсын Ерөнхий шүүгчид гомдол гаргаж ямар ч хуульд байхгүй ийм заалтаар ял тулгаж буйг эрс эсэргүүцэх хэрэгтэй байна. Мөн Хүний эрхий үндэсний комисс хүний үндсэн дархан эрх ноцтой зөрчигдсөн энэ асуудлыг ул суурьтайгаар авч үзэж, нийгэм олон нийтэд хуулийн дагуу шуурхай мэдэгдэх хэрэгтэй байна.

Яг үнэндээ бол ямар ч хуульд байхгүй шүүхийн шийдвэрт Монгол Улсын нэг иргэн хохирч байгаа гэдгийг өнөөдөр тоож байгаа эрх баригч, холбогдох байгууллагынхан алга. Нэр бүхий хэдэн сэтгүүлч, хуульчид л өөрсдийн байр сууриа илэрхийлснээс өөрөөр эсэргүүцэн тэмцэж байгаа хүн ч алга. Хэрвээ ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг гадны улс оронд яг ийм хууль бус шийдвэрээр хэн нэгэнд ял тулгасан бол нийгмээрээ босоод тэмцэж байгаа. Бид шүүхийн шийдвэр гарсан даруйд нийгмээрээ босч Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа эсэргүүцэл зарлан жагсах байлаа. Гэвч Монголын нийгэм тэр чигтээ нам гүм байгаа, дор бүрнээ амиа хичээн чимээгүй байгаа нь харамсалтай.

Жагсаж тэмцэх нь бүү хэл “Энэ муу сэтгүүлч ажлаа хийхгүй бол турж үхэх гээд байна уу” гэж доромжлон басамжилж байгааг юу гэж ойлгох вэ. Монголчууд аа, нэг иргэн маань Үндсэн хуулиар олгогдсон дархан эрхээ эдэлж чадахгүй, хаана ч байхгүй хуулийн заалтаар шүүхээс эрхээ хасуулчихлаа. Энэ бол ганцхан Н.Өнөрцэцэгт хүлээлгэж буй шүүхийн шийдвэр биш. Монгол хүний үндсэн эрх ямар ч дархлаагүй, Монголын хууль шүүх иргэндээ ямар ч үндэслэлгүй хэрэг тулган шаардах аюул нүүрлэснийг харуулж байна. Тиймээс энэ асуудал дээр хүн бүхэн сэрэмжтэй хандах ёстой. Ямар ч хуульд байхгүй заалтаар сэтгүүлчийг, хувь иргэнийг шүүж байгаагаа шүүхийнхэн тайлбарлах хэрэгтэй байна. Хуулийн яг ямар заалтаар ийм шийдвэр гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхээс нийгмээрээ асуух хэрэгтэй байна. Хүн бүхэн үндсэн эрхийнхээ төлөө тэмцэх цаг иржээ. Аль юм болгон хулчгар дорой, боол шиг амьдрах юм бэ?

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 9, Ангараг гариг. Билгийн тооллын 1, Шийдэм одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 06:14 цагт мандаж, 19:33 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Дашнямтай өдөр.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 04 сарын 09-нөөс 2024 оны 04 сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Цэнхэр дугаар хэмээх “гөлөг төөрүүлэх” ажиллагаа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-09-ны  мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын ҮБХны гишүүн, “Чинээлэг малчин” төслийн санаачлагч Л.Одсэр “Аварга малчин гэж байхаар малаа сайжруулж, орлогоо нэмэгдүүлсэнд нь мөнгөн шагнал өгдөг тогтолцоотой болох хэрэгтэй” хэмээн ярилаа. Энэ тухай “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Яармагаас Хархорин хүртэлх шинэ гүүрийг зургадугаар сард хүлээлгэж өгнө гэв

Өмгөөлөгч О.Батсүх “Өнөөдөр Н.Өнөрцэцэгт хамаарч буй ч цаашдаа хэвлэл мэдээлэл, хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Цэнхэр дугаар хэмээх “гөлөг төөрүүлэх” ажиллагаа” хэмээн өгүүллээ.

Эрдэнэс Таван толгой компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Онцгой дэглэм тогтоосноос хойш ам нөхцөлтэй нэг ч гэрээ байгуулаагүй” хэмээн ярилаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: “Европол” тайлангаа нийтлэв


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Шүүхэд шилжүүлэх саналтай 546 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд 35.346 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 546 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 184, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 253, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 57, бусад 9 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 82.492 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 82.417зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 81.623 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 794 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3208, Танхайрах 192, Хүний биед халдах 399, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 237, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 74.146, бусад 4235 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 65 иргэнд 19.500.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 222 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 20, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 47, сураггүй алга болсон хүн 36, шүүхээс даалгасан хүн 60, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 05-аас 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө иргэн А бусдад зодуулж амь нас хохирсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тус хэргийг “Б” гэгч үйлдсэн болохыг тогтоон Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M.Z мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Х нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр “Алтай Таван Богд” байгалийн цогцолборт газраас хууль бусаар 31 ширхэг Монгол хадран загас агнаж, 1.860.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн З, Ц нар нь орон сууцны хорооллын дунд, гудамж талбайн явган хүний зам дээр тээврийн хэрэгслийг тус бүр байрлуулж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсгийн 35.2-д зааснаар зөрчилд холбогдогч нарт тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.